Author Archives: baaska baaska

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарелла наадмын мэндчилгээ ирүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.

Үнэнч нөхөрлөлийн бат хэлхээгээр холбогдсон манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Бидний бат бэх хамтын ажиллагаа хоёр улсын хөгжлийг дэмжиж, олон салбарт үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байгааг онцлохыг хүсэж байна.

Хэдийгээр газар зүйн хувьд алс оршдог хэдий ч хүний эрх, олон ургалч үзэл, хууль дээдлэх зарчим болон олон улсын эрх зүйг хүндэтгэн дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан бидний хамтын ажиллагаа Монгол Улс, Европын Холбоо хоорондын идэвхтэй өрнөж буй яриа хэлэлцээгээр улам бүр өргөжиж байгаад баяртай байна.

Бүгд Найрамдах Итали Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2025 оны 07 дугаар сарын 10-наас 17-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 2514, 0-18 насны хүүхэд 1579 байна.
Түүнчлэн төв болон салбар эмнэлэгт нийт 123 үйлчлүүлэгчид яаралтай мэс засал, 119 үйлчлүүлэгчид төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Дээрх өдрүүдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт ажилласан бөгөөд орон нутагт осолдож, гэмтсэн иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлжээ.
Мөн энэ сарын 16-ны өдөр “Торгоны зам” (SILK WAY RALLY-SWR) авто ралли олон улсын уралдаанд оролцох үеэр гэмтсэн нэг тамирчныг Төв аймгаас нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, ГССҮТ-д тусламж үйлчилгээ үзүүлсэн аж.
Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 668 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 364, 0-18 насны хүүхэд 304 байна.
Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 111 байгаагаас 0-9 насны хүүхэд 12, 10-18 насны хүүхэд 48 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн найман хүүхэд байгаа аж.
Наадмын өдрүүдэд ахуйн орчинд гэмтэж бэртсэн нийт 1307 хүн яаралтай тусламж үйлчилгээ авснаас 530 нь 0-18 насны хүүхэд байна.
Ташрамд дуулгахад, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Eejii.org” сангийн хамтын ажиллагааны хүрээнд сайн дурын 52 ажилтан Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт тодорхой хуваарийн ажиллаж буй билээ.
Энэ дагуу наадмын өдрүүдэд сайн дурын долоон ажилтан өдөр оройн ээлжинд дагуу хөтөч, зөвлөн туслагчаар ажилласан байна гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аадар бороо, үерийн аюулын улмаас 4 хүний амь үрэгдэж, 772 байгууламж усанд автаад байна

Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн БНСУ-ын нийт нутгаар их хэмжээний аадар бороо орсны улмаас 4 хүний амь үрэгдэж, нийтийн өмчийн 496, хувийн өмчийн 276 байгууламж усанд автаж, их хэмжээний хохирол амсаад байна.
Нийт 13 муж, хотуудад 3413 өрх буюу 5192 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд 4000 орчим иргэнд төрөөс түр байраар хангаад буй тухай мэдээллийг Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас мэдээллэв.
Сөүл-Пусаны хурдны гал тэрэгний 7 шугам, орон нутгийн хурдны зам олноор усанд автаж, замын хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.
БНСУ-ын Засгийн газар өчигдөр буюу 17-ны өдөр “Онц байдал”-ын хамгийн дээд зэрэг буюу 3-р түвшинд хүргэж, байнгын Ажиллагааны шуурхай штабыг байгуулав. Тус штаб-д Ерөнхийлөгч И Жэ Мён үерийн аюулын эрсдэл өндөртэй газруудад далан суваг босгож, иргэдийг аюулгүй газарт шилжүүлэх, муж, хотуудын дэргэдэх мэргэжлийн байгууллагын хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах үүргийг тус тус өгчээ.
Цаг уурын байгууллагын мэдээлж буйгаар Өмнөд Чүннам, Жолла мужуудад нэг өдөрт орсон хур тунадаснаас хэмжээ 386 мм-т хүрсэн нь манай улсын нэг жилийн нийлбэр хур тунадасаас илүү хэмжээ юм.
Иймд БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг хүсье.
Яаралтай асуудлаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн шуурхай дугаар (010-9595-3464) болон фэйсбүүк https://www.facebook.com/embassyofmongolia/ цахим хуудсаар холбоо барина уу.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улс  Бүгд Найрамдах Тажикистан Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Тажикистаны анхны бизнес форум болон соёлын тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2009 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баяр, амралтын өдрүүдэд 106 удаагийн гамшиг, ослын дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Баяр наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн гамшиг, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болоод гол, усны осол, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн мэдээлэл хийлээ.

Баяр, амралтын өдрүүдэд эрэн хайх аврах ажиллагааны 21, объектын гал түймрийн 45, ой, хээрийн гал түймрийн 11, усны ослын 16, голд болон шаварт суусан 9, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн 3, мал амьтны гоц халдварт өвчний 1 буюу нийт 106 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, тусламж, үйлчилгээг  үзүүллээ.

Энэ хугацаанд аюулт үзэгдэл ослын улмаас буюу усны ослоор 17, уруйн үерт 2, объектын гал түймэрт 1 буюу нийт 20 хүн амь насаа алдсаны 6 нь хүүхэд байна.

Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд нийслэлийн 1 дүүрэг, 8 аймгийн 10 суманд усны ослын 16 тохиолдлоор 17 хүн (том хүн 13, хүүхэд 4) амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдлээ.

Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нууранд давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагын 1720 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 664 алба хаагч, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын 160 ажилтан, сайн дурын бүлгийн 368 хүн буюу нийт 2912 хүн, 656 техниктэйгээр хөдөлгөөнт эргүүлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлыг нээж Ерөнхий сайд Г.Занданшатар нээж үг хэллээ.

Тэрбээр, монголчууд бид ардын хувьсгалаас өмнө ердийн хөсгөөр жин тээж, морин өртөөгөөр алба залгуулан өргөн уудам нутгийнхаа өнцөг булан бүрд хүрч үйлчилдэг байсан нүсэр ажлаа түргэн шуурхай, өндөр бүтээл, үр ашигтай автотээврийн хэрэгслээр солиод 100 жилийн босгон дээр ирлээ. Бахдам амжилтын түүхийг бүтээсэн ахмад үедээ талархаж, баялаг түүхийг түүчээлж яваа энэ цагийн залуустаа баярлаж байна. Салбарын үүслээр 100 жил хэмээн тоологдож буй боловч, монголчууд 1900 оны эхээр “Хаалган хүрээ тээврийн пүүс” хэмээх өнөөдрийн бидний нэршсэн улс хоорондын тээвэр хийж байсан  түүхэн баримтыг дурдлаа.

1925 оны сүүлчээр 25 автомашинтай авто баазыг байгуулснаар өнөө цагийн үндэсний тээврийн байгууллагын суурь  тавигдсан. Энэ 100 жилийн хугацаанд тус салбар улс орныг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын өргөн уудам нутгийг холбож, хөгжлийн үрийг түгээж явсан автотээвэрчдийн нөр их хөдөлмөрийг үеийн үед бахархан дуурсах учиртай хэмээгээд  монгол хүний тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэлийн тод томруун илэрхийлэл бол үе үеийн автотээвэрчид гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар, автотээврийн салбар улс орны хөгжилд гүйцэтгэсэн үүргийг онцгойлон дурдаад Монгол Улсын хөгжлийн түүх бол энэ салбарын түүх юм. 1960-аад оны манай улсын аж үйлдвэрлэл, газар тариалан бүтээн байгуулалтын хөгжлийн үеийг автотээвэрчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тухайлбал 1950-иад оны сүүлчээр тус салбарт “зуу мянгат”, “бумтан” жолооч, 1960 оны эхээр “саятан” жолооч зэрэг хөдөлгөөн өрнөн энэхүү алдрын эзэн болохын тулд саад бэрхшээлийг давж, хөдөлмөрлөж ирсэн ахмад тээвэрчдээрээ бахархаж байна гэлээ.

Автотээврийн салбарын 100 жилийн амжилтыг тоон баримтаар илэрхийллээ. Тухайлбал, 1925 онд автотээврээр 400 мянган тонн ачаа тээвэрлэж байсан бол 2024 онд 85.2 сая тонн болж 213 дахин нэмэгджээ. 1935 онд 800 мянган зорчигч тээвэрлэж байсан бол 2024 онд 145.1 сая зорчигч тээвэрлэсэн нь 181.3 дахин өссөн байна. 2015 онд монголчууд олон улсын тээвэрлэлтэд нэг хувийг эзэлж байсан бол 2025 онд 46 хувь болж, долоон улсад тээвэр хийж байсан бол 2025 онд 23 улсад тээвэрлэлт хийж байна.  Автотээврийн салбарын өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн хэрэгцээг хангахын тулд хууль, эрх зүйн орчныг нь улам боловсронгуй болгох, орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид Та бүхэн амжилттай хэрэгжүүлж байгаад талархаж байна гэлээ.

Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг “Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт байгууллага”-аар шагнажээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ

Энэ өдрүүдэд Автотээврийн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын хуралд оролцож буй төлөөлөгчдөд болон тэднээр дамжуулан салбарын нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр уншиж сонордууллаа.

Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

 Эрхэм хүндэт автотээвэрчид ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Та бүхэнд Тулгар төр байгуулагдсаны  түүхт  2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жил, Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг өргөн  дэвшүүлье.

Ардын хувьсгалын ялалтын үр дүнд монголчууд бид нийгмийн хөгжлийн шинэ хэлбэрийг сонгож, дэлхийн улс төр, эдийн засгийн харилцааны өөрчлөлттэй хөл нийлүүлэн, орчин үеийн улс орнуудын хөгжлийн жишгээр нийгэм, эдийн засгийн бүхий л салбараа шинэчлэн зохион байгуулж хөгжүүлсэн билээ.

1924 онд Улсын Анхдугаар Их Хурлаас “аливаа тээх нэвтрүүлэх хэргийг бүрнээ улсаас эрхлэн явуулахаар тогтож…” Аж ахуйн явдлын яамнаас тусгай хороог салбарлуулан байгуулсан түүхтэй.

Тийнхүү мянга мянган жил ердийн хөсөг тээврээр хэрэгцээгээ залгуулж ирсэн монголчууд 1925 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Монгол Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг байгуулсан нь автотээврийн салбар үүсэж хөгжих эхлэл болсон юм.

Автотээврийн салбар нь үүссэн цагаасаа батлан хамгаалах, эрчим хүч, барилга, аж үйлдвэр, харилцаа холбоо, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбартай хоршиж, төрийн үйлчилгээг ард иргэддээ шуурхай хүргэдэг, хүнс, бараа таваараар хангадаг, зорчигч тээвэр, шуудан холбоог залгуулдаг гол суваг байсаар ирсэн билээ.

Анх 7 авто машинтай эхэлж байсан автотээврийн салбар нь өнгөрсөн оны байдлаар 85.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь нийт ачаа тээврийн 65 орчим хувийг, экспортын тээврийн 88, олон улс болон хот хоорондын зорчигч тээврийн 36 хувийг  эзэлж байна.

Тэрчлэн автотээврийн салбарыг дагасан дэд бүтэц авто зам, гүүрийн барилгын бүтээн байгуулалт тус салбартай зэрэгцэн хөгжсөөр манай улсын авто замын сүлжээний нийт урт 112 мянган километр, олон улс болон улсын чанартай авто замын урт 15 мянга орчим километрт хүрчээ.

Хүндэт автотээвэрчид ээ,

Эрхэм нөхөд өө,

Улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, ард иргэддээ автотээврийн үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай, найдвартай үзүүлэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн үе үеийн автотээвэрчид, автотээврийн салбарын нийт хамт олонд төрийн тэргүүн чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Автотээврийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй зохион байгуулах, тээврийн хэрэгслийг бүртгэх, мэдээллийн санг өргөтгөн хөгжүүлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд автотээврийн салбарын үзүүлэх нөлөө, тээвэрлэлт болон техник ашиглалтад хяналт тавих замаар автотээврийн салбарт төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаснаа баярын энэ өдөр дуулгахад таатай байна.

Энэ бол нэгэн зууны түүхтэй Автотээврийн салбарын үе үеийн хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн үр шим юм.

Та бүхэнд Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол хүн бүрийн ажил, амьдралын алтан шар зам өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны 04 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч 2023 онд манай улсад төрийн айлчлал хийсэн.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал” гаргасан.

Мөн айлчлалын хүрээнд талууд байгаль орчин, хөдөө аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон нийслэл хотууд хоооронд ах дүүгийн харилцаа тогтоохтой холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар мэндчилгээ ирүүлсээр байна.

Ерөнхийлөгчид болон Монголын ард түмэнд Бельгийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Филипп,  Бүгд Найрамдах Португал Улсын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуса, Бүгд Найрамдах Малави Улсын Ерөнхийлөгч Лазарус Мкарти Чаквера нар баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, сайхан сайхан, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар хулгана өдөр

-Аргын тооллын 7 дугаар сарын 18. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 23, шар хулгана, мэнгэ 4 ногоон, суудал ус, шийдэм-0 од, үл тохирох барилдлагат өдөр. Сарын цээр, овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:12-20:44.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтний харш гараг.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан

Аялагчид, амрагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

18-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 07-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +29…+34 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20…+22 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Баяр наадмын амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд, амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос эд хөрөнгөө хулгайд алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
Энэ оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт “Хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “М” нь Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, хуучин цагийн мөнгөн тоногтой хормойн боолт, 50.000 төгрөг хулгайлсныг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ хийж, хөршийн холбоогоо сайжруулж хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван хүүхэд усанд эрсдэж, амь насаа алджээ

Баяр, амралтын өдрүүдэд буюу энэ оны 07 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд гол, нуурын усанд нийт 14 хүн амь насаа алдсан ба үүнээс 3 нь хүүхэд эрсэдсэн харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Иймд иргэд Та бүхэн гол, мөрний ойр орчим амарч зугаалах, зорчихдоо өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарна уу.

  • Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцаар орхихгүй, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр хэлж ойлгуулах,
  • Хийлдэг гудас, дугуйны хамер, хөвөгч зэргээр хүүхдийг тоглуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байх,
  • Гол, усны эрэг дагуу газар амарч, зугаалахгүй байх,
  • Цаг агаарын мэдээтэй тогтмол танилцаж, аяллын цаг хугацааг зөв сонгон, салхи шуургатай үед болон түргэн урсгалт голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Малчид, тээврийн хэрэгслийн жолооч Та бүхэн гол мөрний усны түвшин нэмэгдсэн, бороотой үед баталгаат гүүр, тэмдэглэгээ бүхий гарц, гармаар зорчих
  • Мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг сайтар мөрдөхийг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Испанийн Хаант Улсын хаан Зургаадугаар Фелипе баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

 МЭНДЧИЛГЭЭНД:

“Үндэсний баярыг тохолдуулан Испанийн Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, Монголын найрсаг ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа