Author Archives: baaska baaska

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл өдөр бүр ажиллаж байна. Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэндчилгээ ирүүллээ.

 МЭНДЧИЛГЭЭНД:

“Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Монголын ард түмэнд баяр наадмын халуун мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.

Язгуур түүх, бат бөх найрамдлын хэлхээ холбоонд суурилсан харилцаагаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн айлчлалын үеэр тогтоосон Стратегийн түншлэлийн үндсэн дээр улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Энэ завшааныг ашиглан ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, Монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Карин Келлер-Суттер Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

 МЭНДЧИЛГЭЭНД:

“Швейцарын Холбооны Зөвлөл болон Швейцарын ард түмний нэрийн өмнөөс Танд болон танай ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд сайн сайхан, ард түмэнд тань аз жаргал, амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Манай хоёр улс харилцан сонирхсон олон асуудлаар үр дүнтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Газар зүйн хувьд алс оршиж, олон ондоошилтой хэдий ч хоёр орны ард түмэн байгалийн өнгө төрх, эртний уламжлал бүхий нийтлэг үнэт зүйлстэй билээ.

Өнгөрсөн жил Швейцарын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр толилуулсны адил Монголын найрсаг ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Куба Улсын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

“Кубын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.

Манай хоёр орны уламжлалт нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлийн төлөө гэдгээ баталж байгаагаа илэрхийлье.

Танд болон танай ард түмэнд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүлжээ.

 МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,

Үндэсний их баяр Наадам – Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Орос, Монголын харилцаа найрсаг шинж чанартай гэдгийг Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх үеэр Москва хотноо Та бидний хийсэн уулзалт бүрэн нотолж байна.

Та бид хамтдаа хоёр орны ард түмний сайн сайхан болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах нь дамжиггүй.

Танд эрүүл энх, ажлын амжилт, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Дэлгэр Монгол орны минь түмэн үзэсгэлэн бүрдэж, усны тунгалаг, ургамлын сор жигдэрсэн энэ сайхан өдрүүдэд монголчууд бид төрт ёсны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, тэгш сайхан тэмдэглэлээ.

Тал нутгаа хотолзуулсан хурдан хүлгийн төвөргөөн, хүй мандлаа өндөлзүүлсэн хүчит бөхийн дэвээ, хөх тэнгэртээ исгэрсэн эрчит сумын уухайн дор монголчууд бид сүлд хийморио сэргээж, сэтгэл оюунаа баясган хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.

“Наадмын маргааш намар” хэмээн манай ард түмэн хэлдэг.

Байгалийн ёс, цагийн эрхээр хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахыг санаж, хатуу өвлийг өнтэй, хахир хаврыг хавтай давах бэлтгэлээ эртнээс базааж, аж амьдрал, ажил үйлсээ цэгцэлж, төр, засаг, түмэн олноороо цаг алдалгүй хичээнгүйлэн зүтгэх учиртай.

Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ.

Тиймээс монгол хүн бүр халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж, уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, улс эх орноо хөгжүүлж, ард түмнээрээ амар амгалан амьдрах учиртай.

Аргамаг хүлгүүд нь хурдан, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ийнхүү энэ жилийн өнгө жавхааг нэмж, итгэл зоригийг дүүргэж, цог хийморийг бадраан ёслол төгөлдөр өндөрлөж байна.

Монгол наадам өнө мөнхөд оршиж, монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс байж, монгол түмний сүлд хийморь өнө мөнхөд бадрахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Энхтүвшингийн Батмагнай түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес давж түрүүлсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, Улсын начин Энхтүвшингийн Батмагнайд “Улсын арслан” цол олголоо.

Мөн найм давж үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, Аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаярт “Улсын гарьд” цол олголоо.

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улсын цолны батламж, шагнал гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж үндэсний сурын харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ үеэр наадамчин олонтой мэндчилж, шагай харвалаа.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 180 гаруй хүн ажиллаж байна

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж байна. Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд долоон байгууллагын зам, талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нарын 180 гаруй хүний бүрэлдэхүүн 23 техник хэрэгсэлтэйгээр 05:00-00:00 цагийн хооронд ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна

Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр Төв цэнгэлдэх орчимд 800 гаруй, Хүй 7 худаг орчимд 900 гаруй, замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлээр 2000 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна. Түүнчлэн төөрсөн хүүхдийг хүүхэд хамгаалах түр байранд байршуулан эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч байгааг ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Оюундарь хэллээ. Хүүхэд төөрөхөөс сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчийнх нь холбогдох мэдээллийг бичсэн хэвлэмэл бугуйвчийг 3300 гаруй хүүхдэд тараажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ.

Үндэсний их баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүндэт зочноор оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан болон хүндэт зочид, гийчид ээ,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Мөнх тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр эртний түүхт, эвийн хүчит монгол түмний их баяр цэнгэл–Үндэсний их баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Хүннү гүрнээс эхтэй монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа, манай ард түмний их баяр цэнгэл, монгол төрийн сүр жавхлант баяр ёслол юм.

Дэлхийд хосгүй монгол наадмаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон түмэн, эрхэм хүндэт зочдодоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад зочлон ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, монгол наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2,000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, түүх, соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурьсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ.

Эртний түүхт Хүннү гүрний баатарлаг түүхийг Их эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг оруулсан юм.

Тиймээс өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулан ард түмнийхээ хүртээл болгосон билээ.

Тэгвэл энэ жил Их эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо.

Мөн Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон Орхоны хөндийд монгол төрийн алтан соёмбот Төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантай мандуулж, Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ.

“Монгол хүн, монгол морь амь нэгтэй” гэж манай ард түмэн ярьдаг.

Монголчууд бид төрт улсынхаа сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой билээ.

Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцээд, жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар “Дэлхийн адууны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг баяр наадмын энэ өдөр наадамчин олон түмэндээ сонордуулан хэлэхэд нэн таатай байна.

Монголчууд бид аугаа их хааны үр сад, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Их эзэн Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ сахин бататгаж, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай.

Миний монголын ард иргэд ээ,

Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгадаг дэлхийд хосгүй монгол наадам төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, өнгө төгөлдөр, цог жавхлан төгс ийнхүү эхэлж байна.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Дамбадаржаа дахь “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т зочлон, гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэт зочдыг Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, орлогч Т.Баярчимэг нар угтан авч, цогцолбор болон менежментийн талаар танилцууллаа.

Цогцолборыг 2001 оны 10 дугаар сард Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, нийслэл хот, МУЗН, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран байгуулсан юм.

Дэлхийн II дайны дараа японы 14,000 гаруй олзлогдсон иргэнийг Сибирээс авчирч, Засгийн газрын ордны суурь, Дуурийн театр, Гадаад явдлын яамны барилга болон 23 айлын орон сууц, “Элдэв-Очир” кино театр, Улсын төв номын сан, Намын Төв Хорооны 12 айлын орон сууц, Намын сургуулийн хичээлийн байр, Нэгдүгээр амаржих газар, МУИС-ийн байрны өргөтгөл, Их тэнгэр, Сонгино, Нүхт зэрэг газар дахь барилгын бүтээн байгуулалтад ажиллуулсан түүхтэй.

Цогцолборын хадгалалт, хамгаалалтыг гэрээний дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэг, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако  нар албан ёсны уулзалт хийлээ.

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад Эзэн Хааны түвшинд анх удаа хийж буй Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байгааг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, ард иргэд хоорондын ган бат найрамдал, нөхөрлөлийг батжуулан бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэхжүүлэхэд Япон Улс, Японы ард иргэд халуун дотно, сэтгэл шингэсэн тууштай дэмжлэг үзүүлж ирсэнийг Монголын төр, Засгийн газар, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг онцлов.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлалынхаа хүрээнд хүн төрөлхтний соёлын өв, Монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцож буйг ард иргэд талархалтай хүлээн авч буйг тэмдэглэв.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар элгэмсгээр хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард иргэдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Угсаа залгамжлагч Хунтайж байхдаа буюу 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр мөн халуун дотно хүлээн авч байсныг талархан дурслаа. Энэ удаа Эрхэм дээд Хатан Масако-гийн хамт төрийн айлчлал хийж, Монголын үзэсгэлэнт байгаль, түүх, соёл, зан заншилтай илүү ойр танилцаж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ.

Талууд Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн замын зураглал болсон “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын  “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын андлал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотно түнш Япон Улстай хамт дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хүн төрөлхтний амар амгалан, бүс нутаг, даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын төлөө буйгаа нотоллоо.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон Улс, Японы ард иргэд тууштай дэмжин, хүүхэд, залуучуудыг Японд сургах зэргээр хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар дэлхий ертөнц,    байгаль орчин, ялангуяа чандмань эрдэнэ болох усыг хайрлан хамгаалж, үр шимийг нь зүй зохистой хүртэх нь чухал гэдэгт санал нийллээ. Энэ чиглэлээрх аливаа үйл ажиллагаа, түүний дотор Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй цэнгэг усаа хамгаалах “Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөний ач холбогдол, гарах үр дүнг онцоллоо.

2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Япон Улсаас дээд, өндөр түвшний төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

“Осака-Кансай Экспо-2025” үзэсгэлэнд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, уг үзэсгэлэн болон 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Осака хотноо болох Монгол Улсын “Үндэсний өдөрлөг”-өөр дамжуулан япон, монгол иргэд харилцан ойлголцлоо улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2019 онд “Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”, 2022 онд тохиосон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уулзан, халуун дотно яриа өрнүүлж байсан дурсамжаа хуваалцлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж байгаад автомашинтай мөргөлдөж гэмтжээ

Суррон, скүүтэр, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, явган зорчигчийг мөргөж гэмтээх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.

2025 оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн буюу суррон унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 94, скүүтэртэй хөдөлгөөнд оролцож гэмтсэн 24, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож гэмтсэн 68 осол, гэмтэл тус тус бүртгэгдсэн.
Өчигдөр буюу /2025.07.07/ өдөр Хан-Уул дүүрэгт суррон унаж явсан өсвөр насны хүүхэд Toyota Camry загварын автомашинтай мөргөлдөж гэмтсэн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
“Суррон” төрлийн хэрэгслээр 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн байдаг. Иймд эцэг эхчүүд 18 нас хүрээгүй хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарч, хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг болгон зөвлөж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа