Author Archives: baaska baaska

Өнөөдөр улаагчин туулай өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 27. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 2, улаагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал хий, найралт эх-7 од, түлэх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:55.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, даллага авах, хурим хийх, төрөл садан болох, андгай тавих, чуулах, сайн үйлийг эхлэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, замд гарах, нүүдэл хийх, тээрэм босгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, үзмэр үзэх, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, ан гөрөө хийх, улайны үйл, хиншүү хярвас гаргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

06-р сарын 26-28-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо, ялангуяа 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +29…+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27…+29 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар Их тэнгэр цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.

Төрийн тэргүүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Узбекистаны “Ногоон орон зай” төслийг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадамчин олондоо зориулж Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулна.

Тодруулбал, дээрх чиглэлд нийт 3 вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай. Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой. Давааны зөрлөгөөс /Хүй 7 худаг/ нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх юм. Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:00 цагт хөдлөөд, Давааны зөрлөгт /Хүй 7 худаг/ 08:50 зогсоно. Харин Давааны зөрлөгөөс 10:06 цагт хөдлөөд, Улаанбаатар өртөөнд 10:55 цагт зогсоно.

Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг хүртэл аялах галт тэрэгний цагийн хуваарь

  • УБ 08:00 – ДЗ 08:50
  • УБ 14:00 – ДЗ 14:50
  • УБ 19:30 – ДЗ 20:20

Давааны зөрлөгөөс Улаанбаатар өртөө хүртэл аялах галт тэрэгний цагийн хуваарь

  • ДЗ 10:06- УБ 10:55
  • ДЗ 16:16 –  УБ 17:05
  • ДЗ 21:26 – УБ 22:15

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, тус яамны Төрийн нарийн бичиг дарга Л.Мөнхзул нар өнөөдөр /2025.06.24/ “Холч хараа өрнүүн дэлгэрэх” ТББ-ын гишүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байна.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөний зарцуулалтад тавих хяналтыг илүү сайжруулах хэрэгтэй.2025 оны 03 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ашиглалтад орсон ч үйл ажиллагаа нь удаашралтай байна.Үүнтэй холбоотойгоор зарим удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэлсэн. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэдний хүсэлтийг хүлээн авч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт очиж ажиллах бөгөөд ажил сайжруулах тухай Сайдын албан даалгавар гаргаж ажиллахаа илэрхийлэв. Цаашид бусад агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагаатай ч очиж танилцах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь маш хүчтэй гантай байна

Цаг уурын байгууллагаас хийсэн 10 хоногийн гангийн зураглалаар улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 0.2% нь маш хүчтэй гантай, 0.9% нь хүчтэй гантай, 4.2% нь гантай, 11.3% нь гандуу, 83.3% нь гангүй байна.

Тус зураглалыг Aqua хиймэл дагуулын MODIS-ийн мэдээ ашиглан ойт хээрийн бүсэд NDDI (Normalised Difference Drought Index), хээрийн бүсэд TCI (Temperature Condition Index), цөлийн бүcэд VHI (Vegetation Health Index) зэрэг гангийн индексүүдийг ашиглан 10 хоногийн давтамжтайгаар боловсруулдаг.

Индексүүдийн зааглах утгаас хамааран гангүй, гандуу, гантай, хүчтэй гантай, маш хүчтэй гантай гэж эрчимшлээр нь 5 ангилдаг байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Хоёр улсын төрийн тэргүүний хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Узбекистан Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Шавкат Мирзиёев Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны зургаадугаар сард Евроазийн төвд орших түүх, соёлын өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт танай сайхан оронд эрхэм Ерөнхийлөгч Таны урилгаар анхны төрийн айлчлал хийснээ эргэн дурсахад таатай байна.

Хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл юм.

Энэхүү айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 33 жилийн хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.

Айлчлалын хүрээнд эрхэм Ерөнхийлөгч та бид, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа.

Узбекистан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай орон болж буйг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэхүү төрийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийн биелэлт, үр дүнг дүгнэн хэлэлцэж, харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Айлчлалын үр дүнгээр “Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал” гаргаж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Агаарын болон олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болсон баримт бичгүүд байгуулсан билээ.

Тэгвэл Эрхэм Ерөнхийлөгч таны төрийн айлчлалаар  харилцааг хууль, эрх зүй, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулан Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Тухайлбал, “Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх салбарт хамтран ажиллах тухай протокол”, “Ургамлыг хамгаалах, хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр” болон “Соёлын салбарт 2025-2028 онд хамтран ажиллах хөтөлбөр” зэргийг онцлон тэмдэглэе.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  өө,

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндөр үнэлж байна.

Та бид 2024 онд Ташкент хотноо хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон нь богино хугацаанд биеллээ олж, эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

“Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын комисс” болон “Автотээврийн хамтарсан хороо”-г шинээр байгуулж, анхдугаар хуралдаануудыг 2025 оны хоёрдугаар сард   амжилттай зохион байгуулсан.

Хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохирч, “Узбекистаны худалдааны төв”-ийг Улаанбаатар хотноо нээлээ.

Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 100 мянган толгой хонь, ямааг Узбекистан Улсад нийлүүлж байна.

Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, бэлчээрийн мал аж ахуйн нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуйн салбарт хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Бид өнгөрсөн онд “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлсэн нь үр өгөөжөө өглөө.

Монголын агаарын тээврийн компани энэ оны хоёрдугаар хагасаас Улаанбаатар-Ташкент чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр боллоо.

“Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т үндэслэн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор тээвэр, логистикийн шинэ чиглэл бий болгохоор тохирсны дагуу Ташкент-Бишкек-Урумчи-Улаанбаатар чиглэлийн авто коридор нээж, авто цувааг амжилттай эхлүүллээ.

Мөн айлчлалын хүрээнд “Монгол-Узбекистаны бизнес форум”, “Узбекистанд үйлдвэрлэв” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоо улам бүр бэхжиж, Узбекистаны бараа, бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд таниулах чухал үйл явдал боллоо.

Энэ ялдамд Узбекистан Улсад үйл ажиллагаа эрхэлж буй манай аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин, хамтран ажиллаж буй Узбекистаны талд талархал илэрхийлье.

Монгол-Узбекистаны аялал жуулчлалын форум, фото үзэсгэлэн, узбек үндэсний хоолны өдөрлөгийг анх удаа хамтран зохион байгуулсан нь улс орноо харилцан таниулах, нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Улаанбаатар хотноо узбекийн авьяаслаг уран бүтээлчид анх удаа өөрийн орны соёл, урлагийн дээж болсон бүтээлүүдээр манай ард түмний сонорыг мялааж, сэтгэлд хоногших сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэнд сэтгэл өндөр байна.

Уул уурхай, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндэс суурийг тавьж,  “Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгууллаа.

Узбекистанд дээд боловсрол эзэмшсэн олон монгол залуус найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болж ирсэн сайхан уламжлалтай.

Бид “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулсан нь энэ түүхэн уламжлалыг сэргээж, оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлгээр харилцан сургахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх арвин их нөөц бололцоо бидэнд байна. Өсвөрийн боксын болон хүндийн өргөлтийн шигшээ баг, тамирчдын хамтарсан нөхөрсөг бэлтгэл, сургуулилт хийж буй нь харилцан туршлага солилцох, баг, тамирчдын тэмцээн  зохион байгуулах үндэс суурь боллоо.

Уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад хувь нэмэр оруулахаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Ногоон ирээдүй” төслийг уялдуулан хэрэгжүүлэх чиглэлд хамтрахаар  санал нэгдлээ.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ харилцан нотоллоо.

Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Узбекистан Улс нэгдэн орж буйд талархал илэрхийлье.

Энэ байгууллагын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, эдгээр улс орнуудын байр суурийг нэгтгэх, харилцан туршлага солилцох хамтын үйлсэд Узбекистан Улстай хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Тантай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна.

Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, ахан дүүсийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ:

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн төлөөгчид өө,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Биднийг урьж, Улаанбаатар хотод ирсэн эхний мөчөөс халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, миний анд, Эрхэм хүндэт ноён У.Хүрэлсүх танд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлье.

Энэ бол Узбекистаны Ерөнхийлөгчийн танай улсад, мөнх хөх тэнгэрийн сайхан оронд хийж буй анхны төрийн айлчлал гэдгийг онцгойлон тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энэ нь найрамдал, хүндэтгэл, итгэлцэл, харилцан ашигтай байдалд суурилсан, олон талт харилцааг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөөх хамтын хүсэл эрмэлзэл бэхжиж байгааг гэрчилж байна.

Юуны түрүүнд ноён Ерөнхийлөгч болон найрсаг Монголын ард түмэнд удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол анд нөхдийнхөө нийгэм, эдийн засгийн шинэчлэл хийх чиглэлээр гайхалтай амжилт олж байгаад нь чин сэтгэлээсээ баярлаж, та бүгдийн энхийг эрхэмлэгч гадаад бодлогыг бүрэн дэмжиж байна.

Улаанбаатар хот руу ойртох тусам, хот руу орж ирэхдээ улс орны хөгжлийг хараад үнэхээр их гайхсанаа хэлэлцээний үеэр би тэмдэглэсэн. Танай улсаа хөгжүүлэх “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого бодит үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна.

Монгол Улсын эдийн засаг тогтмол өсөж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц хөгжиж байгааг харж байна. Хархорум хотыг сэргээн босгох ажил эхэлсэн. Тууштай, прагматик, идэвхтэй бодлогын ачаар танай улсын олон улс дахь нэр хүнд өсөж байна.

Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Монгол Улс бол бидний уламжлалт, найдвартай түнш. Узбек, Монголын харилцаа хэзээ ч нөхцөл байдлаас шалтгаалж байгаагүй. Өнөөдөр бид “Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, харилцаа, хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүллээ.

Албан ёсны хэлэлцээ нээлттэй, ажил хэрэгч уур амьсгалд болж, хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг нарийвчлан хэлэлцлээ. Бид нөхцөл байдлын талаар сайтар дүн шинжилгээ хийж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө тодорхойллоо.

Өнгөрсөн жил Ташкентад болсон уулзалтын дараа бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжсэн. Хоёрдугаар сард Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан амжилттай болсныг би хэлэлцээний үеэр дурдлаа.

Өнөөдөр Эрхэм Ерөнхийлөгчтэй НҮБ, ШХАБ болон бусад олон талт бүтцийн хүрээнд нягт хамтарч, харилцан бие биеэ дэмжихээр тохиролцлоо. Хэлэлцээний үеэр эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарлаа. Ирэх жилүүдэд эрэлт хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар худалдааны эргэлтийг хэд дахин өсгөх зорилт тавилаа.

Улаанбаатар хотноо “Узбекистаны худалдааны төв” нээсэн нь энэ ажлын суурь боллоо. Айлчлал өмнөхөн аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, гэрээ, хэлэлцээр байгууллаа. Аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхол улам нэмэгдэж байна. Тэдний санал, санаачилгыг бүх талаар дэмжих болно.

Хөнгөлөлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалахтай холбоотой хэлэлцээрийг аль болох богино хугацаанд байгуулахаар тохиролцлоо. Бид бие биеэ үр дүнтэй нөхөж чадах салбарууд дахь хамтын ажиллагааны  чиглэлүүдээ тодорхойллоо.

Тухайлбал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос, арьс, шир боловсруулах төслүүдийг хэлж болно. Далайд гарцгүй орнуудын хувьд бид үр ашгтай тээврийн чиглэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ирэх намраас хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөсөн.

Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Бид соёл, боловсролын салбарт идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо. Хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсныг та бүхэн харсан.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо “Узбекистаны соёлын өдрүүд”, аялал жуулчлалын үзэсгэлэн, концерт, байгууллага хоорондын уулзалтууд болж байна. Бид тодорхой квотын хүрээнд авьяаслаг монгол залуусыг Узбекистаны тэргүүлэх их, дээд сургуульд сургаж байсан сайхан уламжлалыг сэргээхэд бэлэн байна.

Албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсонд сэтгэл хангалуун байна. Гарын үсэг зурсан баримт бичиг, гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ, төслүүд бүхий Замын зураг батлахаар тохиролцлоо. Үүнд Засгийн газар, гадаад хэргийн яам хяналт тавих болно.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад хийсэн төрийн айлчлал түүхэн айлчлал болж, бидний олон талт хамтын ажиллагааг эрчимтэй, халуун дулаан, тодорхой агуулгаар дүүрэн боллоо.

Мартагдашгүй зочломтгой, ажил хэрэгч арга барилтай, санал санаачилгыг бүрэн дэмжиж ирсэн Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, найз У.Хүрэлсүх танд дахин дахин талархал илэрхийлье.

Энэ завшааныг ашиглан эрхэм найзаа Узбекистан Улсад айлчлахыг урьж байгаагаа дахин хэлье. Хэвлэл мэдээллийн төлөөлөгч та бүхэнтэй Узбекистанд уулзахдаа баяртай байх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“ТЭЦ-III”-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна

ХУД-ийн 3 дугаар хороо, “ТЭЦ-III”-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд тус уулзварыг хаана.

  • Зам хаах: 6 дугаар сарын 25-ны 23:00 цаг
  • Зам нээх: 6 дугаар сарын 26-ны 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.

  1. “МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурлаа.

Уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмын дагуу тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш бөгөөд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээний үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангах ашиг сонирхолд нийцнэ гэдэгт санал нэгдэж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирлоо.

  1. “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ням-Осорын Учрал, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал хариуцсан Шадар сайд Жамшид Ходжаев,

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, худалдааг өргөжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах, шууд хөрөнгө оруулалтыг татах зэргээр  хамтран ажиллана.

  1. “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2026-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар зөвлөлдөх уулзалт тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцоно. 

  1. “ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Эрх бүхий байгууллагууд тодорхой нэр төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр мэдээлэл, туршлага солилцож, хамтын ажиллагааны хүрээнд уулзалт, семинар, зөвлөгөөн зэрэг арга хэмжээ зохион байгуулна.

  1. “МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ХАРЬЯА “УЗАРХИВ” АГЕНТЛАГ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Баримт бичгийг хамтран судлах, цахим архивын шийдэл нэвтрүүлэх, сэргээн засварлалт болон мэргэжилтэн солилцооны чиглэлээр туршлага хуваалцах, хамтарсан үзэсгэлэн ба эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулна.

  1. “ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай олон чиглэлд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Тухайлбал, их, дээд сургуулиудын удирдлага, багш, судлаач, оюутнуудын харилцан солилцоог дэмжих, сургалт, судалгаа зохион байгуулах, боловсролын тогтолцоо, хөтөлбөр, сургалтын нөөц, сурах бичиг, программ хангамжийн талаар мэдээлэл солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулах, инновац, технологи, гарааны бизнесийн чиглэлээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллана.

  1. “ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН УУЛ УУРХАЙ, ГЕОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Уул уурхай, геологийн сайд Бобир Исламов,

Уул уурхайн хамтын ажиллагааны үндсийг тавьж, эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх бөгөөд хамтын ажиллагаа нь технологийн хөгжил болон уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлнэ.  

  1. “МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН УРГАМЛЫГ ХАМГААЛАХ, ХОРИО ЦЭЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Ибрахим Абдурахманов,

Ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн импортолж, экспортлох таатай нөхцөл бүрдүүлж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангана. Ургамлын эрүүл ахуйн шаардлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, ургамлын цахим гэрчилгээний (e-Phyto) систем нэвтрүүлэхэд хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдлээ. Хоёр улсын нутаг дэвсгэрээр бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрөх, импорт, экспортын үйл ажиллагааг хөнгөвчиллөө.

  1. “МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Ибрахим Абдурахманов,

Хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн усалгааны технологи нэвтрүүлэх, мал аж ахуй, бэлчээрийн менежментийн чиглэлд хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ. Монгол Улсад Узбекистаны  тэргүүн туршлагыг ашиглан ургамлын сортуудыг сонгож 5,000 суулгацыг шилжүүлэн суулгаж, загасны аж ахуй болон зөгий үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллана. 

  1. “ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Мэргэжилтэн бэлтгэх болон эрүүл мэндийн судалгааны чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн цахим мэдээллийн системийн талаар харилцан туршлага солилцоно. Нийгмийн эрүүл мэндийн даатгал, орчин үеийн технологид суурилсан оношилгоо зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл солилцоно.

  1. “БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ БОЛОН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Цөлжилт, газрын доройтол, усны нөөц,  уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөлт зүйлс, еко-системийг хамгаалах, байгаль хамгааллын боловсрол зэрэг салбарт  харилцан туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

  1. “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагааг харилцан ашигтай байдлаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тэмцээн, олон улсын спортын арга хэмжээнд тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, спортын зүтгэлтэнүүдийг харилцан оролцуулна.

  1. “МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ БОЛОН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ ХООРОНДЫН ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Соёлын сайд Озодбек Назарбеков,

Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хамтран  хэрэгжүүлэх, шилдэг туршлагаа солилцох, эко аялал жуулчлал болон байгаль хамгааллын мэргэжилтнүүдийг сургах, чадавхыг бэхжүүлэх, хамтарсан бага хурал, семинар, үзэсгэлэн зохион байгуулах, эко аялал жуулчлалын газруудыг харилцан сурталчлах, мэдээлэл, статистикийн өгөгдөл солилцох зэргээр хамтарна.

  1. “МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН СОЁЛЫН ЯАМ ХООРОНДЫН 2025-2028 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурлаа.

Хоёр орны ард түмний соёлын онцлог, урлагийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, уламжлалт дуу хөгжим, бүжиг, зан үйл, ардын аман зохиол зэрэг соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, сурталчилах, олон улсын наадам, тэмцээнд төлөөлөгчдөө оролцуулах, олон улсын түвшинд соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 25. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 30, хөхөгчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал уул, хэрцгий охин-5 од, рашаан барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, лам болох, буян номын үйл, ном сонсох, ном унших, эрдэм ухаанд суралцах, бэрийн үйл, өндөр суудалд суух, их хэрэг үүсгэх, туг дарцаг хийсгэх, эд, мал гадагш өгөх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, урлан бүтээх, дархлах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, малын хашаа, хороо барих, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, хатуу үйл ажил хийх, хөрөнгө исгэх, үр цацах, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 31 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул,

болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +30…+32 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +31…+33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +29…+31 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүрэлцэн ирлээ.

Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Арзиев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хийж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.

Айлчлалын хүрээнд Монгол – Узбекистаны бизнес форум, “Узбекистанд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, аялал жуулчлалын форум, Узбекистаны уран бүтээлчдийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн болон узбек хоолны өдөрлөгийг зохион байгуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Хан-Уул дүүрэг 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.

  • Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 27-ны 23:00 цаг
  • Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 29-ний 12:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа