Author Archives: baaska baaska

Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй зочид төлөөлөгчид 2025 оны зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх болсонтой холбогдуулан тус өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.

Иргэд та бүхнийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, гадаад улс орнуудын Засгийн газрын  тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерийн захидалд,

“Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Ерөнхий сайдын албанд томилогдсон Танд халуун баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Британи, Монгол Улс нь ардчиллын үнэт зүйлс, олон улсын хууль дүрэм болон тусгаар тогтнолыг харилцан хүндэтгэхийг эрхэмлэн дээдэлдэг бөгөөд  энэ нь манай хоёр улсын 60 гаруй жилийн бат бөх харилцааны үндэс суурь билээ.

Таны манлайлал дэлхий нийтийн болон нийгмийн өөрчлөлтийн цаг үед ирж буй бөгөөд таны удирдлага дор Монгол Улс өөрийн ардчилсан институтээ үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт хүрэх зорилтын хүрээнд жил бүр зохион байгуулагдаж буй Британи, Монголын улс төрийн яриа хэлэлцээгээр дамжуулан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бид эдийн засгийн тогтвортой өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, жендерийн тэгш байдал, боловсрол болон соёлын солилцоо зэрэг нийтлэг тэргүүлэх чиглэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Таны шинэ үүрэгт ажилд өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ тантай уулзах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Беларусийн Ерөнхий сайд Александр Турчинийн захидалд,

“Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсонд Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

 Беларусь Улс нь Монгол Улсыг өөрийн чухал түнш гэж үздэг билээ. Манай хоёр улсын хооронд нээлттэй, бүтээлч харилцан яриа өрнөж буйд бид сэтгэл хангалуун байна.

bellБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр байгуулсан хоёр талын үндсэн суурь баримт бичгүүд Беларусь, Монголын харилцаа өндөр түвшинд байгааг баталж, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэх шинэ боломжуудыг нээсэн.

 Хоёр улсын Засгийн газар хоорондын идэвхтэй хамтын ажиллагааны хүчинд ойрын хугацаанд харилцан тохиролцсон ажлууд болон харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн төслүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

 Эрхэм хүндэт Ерөнхий сайд Таны хариуцлагатай шинэ албанд амжилт хүсэж, Монголын ард түмний сайн сайхны төлөө үр ашигтай ажиллахыг ерөөж байна” гэжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа

/2025.06.23/ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живчихлээ гэсэн дуудлага 15:01 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны 2 хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан гэсэн мэдээлэлтэй байсан.
Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүрэг 6, 7, 8, 10-р хороо, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 25-ны 22:00 цаг
Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 28-ны 06:00 цаг
Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
ulzii tuv

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гал түймрийг бүрэн унтраажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Оргил” худалдааны төвийн III давхарт гал гарч байсан гэсэн дуудлага өнөөдөр /2025.06.24/ 07:41 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж, 08:00 цагт галын тархалтыг зогсоож, 08:25 цагт бүрэн унтраасан.

Алба хаагчдыг очиход 3 давхарт байрлах 30х40 метр хэмжээтэй тавилгын дэлгүүрийн дотор талд 5х7 метр хэмжээтэй тавилга, эд хогшил шатсан байсан бөгөөд галыг богино хугацаанд унтрааж, аюулгүй болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.06.24/ Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр өндөр настай ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн өөрийн анхааран ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснийг онцлоод, энэхүү хуулиар ахмад настнуудад асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлж эхэлснийг тодотгосон бөгөөд ахмад настанд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Ц.Раднаа 2025 оны тавдугаар сард Тайваньд болсон ахмадын олимп буюу “World Masters Games”-д оролцож хөнгөн атлетикийн төрлөөс гүйлтийн төрөлд таван алтан медалийн эзэн болжээ. Тодруулбал богино зайн 100, 200, 400 метр болон дунд зайн 800, 1500 метрийн зайд түрүүлжээ.

Өдгөө 91 настай тэрбээр олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцоход зардлын хувьд хүндрэл учирдаг хэмээсэн. Түүний хувьд 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж,  уралдаан, тэмцээнд оролцож байжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгджээ

Энэ оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Тэнгэр плаза” худалдааны төвийн Хаан банкны салбарт хуурамч 45,000 тэнгэ, 200 Евро солиулахыг завдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай, эмэгтэй “Н”нь тус банкны салбарт хуурамч 45000 тэнгэ, 200 евро солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашигласан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.
Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НЕБ-ын сургууль, цэцэрлэгүүдэд индексийн урамшуулал, багш, ажилтанд түрээслээд өмчлөх орон сууцны эрх олголоо

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд индексийн урамшуулал олгох хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн “Нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд үйл ажиллагаараа тэргүүлсэн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэгийг шалгаруулан шагнаж урамшуулах, тэдний тэргүүн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх” А/879 дүгээр захирамжаар үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга  Б.Амартүвшин, нийслэл, дүүргүүдийн Боловсролын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сургууль цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцов.

Энэ үеэр “Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан дараах цэцэрлэгүүд шалгарч, тус бүр батламж,

  • Сүхбаатар дүүргийн Н.Цэрэнханд эрхлэгчтэй 166 дугаар цэцэрлэг
  • Сүхбаатар дүүргийн Л.Цогзолмаа эрхлэгчтэй 281 дүгээр цэцэрлэг
  • Чингэлтэй дүүргийн З.Дэлгэрмөрөн эрхлэгчтэй 31 дүгээр цэцэрлэг

“Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”-иар шалгарсан зургаан сургууль тус бүр батламж,

  • Хан-Уул дүүргийн Ц.Зул захиралтай 59 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүргийн Д.Тунгалаг захиралтай 75 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн Ц.Мөнхтөр захиралтай 118 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн Ө.Дашбалжир захиралтай 126 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн Д.Нэргүй захиралтай 156 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн С.Чулуунбилэг захиралтай 162 дугаар сургууль шагнал гардан авлаа.

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас боловсролын салбарын багш, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийг дэмжих уриалга гарган, ажлын амжилт, ёс зүй, ур чадварын хувьд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, боловсролын салбарт 10 буюу түүнээс дээш жил тасралтгүй ажилласан багш, ажилтнуудад түрээслээд өмчлөх орон сууцны эрхийг гурав дахь жилдээ олгож байна.

Энэхүү түрээслээд өмчлөх орон сууцны эрхийг:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Математикийн багш Мижиддоржийн Ганбаатар,
  • Нийслэлийн Боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтэн Эрдэнэбулганы Буянжаргал,
  • Нийслэлийн 135 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш н.Оюунцэцэг нарт гардууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх хулгана өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 24. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын 29, хөх хулгана, мэнгэ 1 цагаан, суудал ус, гөрөөсөн толгой-4 од, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, хүүхэд үрчлэн авах, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, тангараг үүсгэх, их гол гатлах, загас барих, гуу, суваг татах, төлөг тавих, хутга мэс ирлэх, архи уух, морь уралдаж эхлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, малын үс, ноос хяргах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, нохой тэжээх, дайсан номхтгох, улаан идээ авах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 32 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

06-р сарын 24, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 24-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +29…+34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +31…+33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +31…+33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +30…+32 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.16-06.22/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргалаа.
Нийт дуудлагын 126 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 2 газар хөдлөлт, 3 нь үер, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна

Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, гадаад улс орнуудын Засгийн газрын  тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна.

Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Люк Фриденийн захидалд,

“Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе. Энэхүү завшааныг ашиглан итгэл хүлээж, өндөр хариуцлагатай албыг хаших болсон Танд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Харилцан хүндлэл, хамтын ажиллагаанд суурилсан урт хугацааны харилцаа бүхий Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой ирэх онд тохиож байгаад баяртай байна. Бидний нөхөрлөл цаашид улам бэхжиж, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Манай хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхлын тусын тулд харилцаагаа хоёр талаар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагаа болон Европын Холбоо-Монгол Улсын түншлэлийн хүрээнд улам бүр бэхжүүлэхэд Тантай хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлье гэжээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Боловсролын сайд И Жү Ху-гийн захидалд,

“Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

            Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Танд чин сэтгэлээс баяр хүргэе.

Монгол, Солонгос хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг зэрэг бүхий л салбарт нягт харилцаж, ардчилал болон эдийн засгийг хөгжүүлэх явцад харилцан туршлагаа хуваалцан хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг тэмдэглэхэд таатай байна. Солонгос Улсын талаар сайн мэддэг төдийгүй элэгсэг дотноор ханддаг Ерөнхий сайд Та бүрэн эрхийн хугацаандаа Монгол, Солонгосын харилцааг улам бэхжүүлэх, хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг баяжуулан хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

 Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улаанбаатар болон Сөүл хотноо зохион байгуулагдах олон төрлийн арга хэмжээгээр дамжуулан иргэдийн харилцаа, соёлын солилцоо болон бодит хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хоёр улсын иргэд хоорондын нөхөрлөл, харилцан ойлголцол гүнзгийрнэ гэж итгэж байна.

 Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд дахин баяр хүргэж, Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, аз жаргалыг, Таны манлайлал дор Монгол Улс улам хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөе” гэжээ.

Кувейт Улсын Ерөнхий сайд Ахмад Абдулла Аль-Ахмад Аль-Сабах-ын захидалд,

“Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар танаа

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Тан чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Энэхүү завшааныг тохиолдуулан манай хоёр найрсаг орон, ард түмнийг холбож буй дотно, нөхөрсөг харилцааг сайшаахын зэрэгцээ нийтлэг ашиг сонирхлын төлөө харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа үүгээр илэрхийлж байна. Ард түмнийхээ төлөө үйлчилж, хөгжил цэцэглэлтэд тэмүүлэх өнө их ажилд нь амжилт хүсье.

Танд эрүүл энх сайн сайхныг хүсэх ялдамд Танай сайхан орон улам хөгжин цэцэглэхийн ерөөлийг дэвшүүлье” гэжээ.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Баасансүрэн: Үйлчлүүлэгчийнхээ нүдэнд оч гэрэлтэх торгон агшныг үгээр илэрхийлэхийн аргагүй

Харилцаа хандлага, хүн ёсны чанар нь  цаанаасаа өгөгдөлтэй, хүсэл мөрөөдөл, урам зоригоор өмгөөлөгч мэргэжлээ  өрдөн бадрааж өсч хөгжиж яваа өмгөөлөгчийн нэг  Д.Баасансүрэнгийн энгүүн яриаг энэ дугаартаа онцоллоо. Итгэлийн гэрэлтэй, сэтгэлийн дулаантай өмгөөллийн ажлаа улам төгөлдөржүүлэн, өөрийгөө гэсээр ирэх үйлчлүүлэгчдийнхээ асуудлын эцсийн үр дүнг үзэхийн төлөө тууштай явдаг нь түүний мөн чанар зүтгэл гэлтэй. Ингээд  Баасансүрэн өмгөөлөгчийн өмгөөллийн зам мөр, онцлог, арга барил, ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа мэдрэмжийнх нь талаар хамтдаа аялъя.

– Өмгөөлөгч болоод нэг л мэдэхэд 15 жил өнгөрсөн байна. Энэхүү цаг хугацаан дор эерэг гэхээсээ сөрөг зүйлтэй ихэнхдээ тулгарч  байсан даа?

-Миний бие эрүү, иргэн, захиргааны чиглэлээр 15 дахь жилдээ ажиллахдаа эрүүгийн эрх зүйгээр дагнаж байгаа. 2018 оноос шинэ төрлийн гэмт хэрэг болох хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хүрээндээ төлбөрийн чадваргүй насанд хүрээгүй хүүхдийн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Тодруулбал, энэ төрлийн  хэрэг маргаанд олонтаа  оролцож мэргэшиж байгаа гэсэн үг.  15 жилийн хугацаанд багагүй туршлагаж,өмгөөллийн ажлаа улам эрчимжүүлсээр яваадаа бахархдаг.

-Өмгөөлөгч болсноор танд зорилго, мөрөөдөл, хувь хүний хувьд ямар  хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлт гарч байгаа гэж боддог вэ?

-Ажлын онцлогоосоо хамааран бид хүний зовлонг сонсдог хамгийн дотны хүн нь болдог. Хэнд ч хэлээгүй үгээ өмгөөлөгчдөө л хэлдэг. Тэрхүү зовлон жаргалыг нь өөртөө тулгарсан мэт мэдэрч явдаг  учраас үйлчлүүлэгчид маань одоо ч надтай эргэх холбоотой байдаг. Нөгөө талаас тухайн хүний ажил амьдралын болон сэтгэл зүйн онцлогтой  холбоотой мэдээллийг нь зайлшгүй танин мэдэх шаардлагатай болдог юм билээ. Энэ хэмжээгээр салбар бүрийн, олон мэргэжлийн хүмүүстэй холбогдож, мэдлэг туршлага сууж, мэдлэгийн цар хүрээ тэлж байна.

-Хуулийн мэргэжлийг  багаасаа сонгосон уу, магадгүй зарим мэргэжил тухайн хүний зан характертэй ижил төстэй, ойр дөхөм байх нь ч бий. Таны хувьд?

-10 дугаар ангиа төгсөөд сэтгүүлч болохоор мөрөөдөж МУИС-д сэтгүүл зүйн чиглэлээр шалгалт өгсөн юм. Маш амархан даалгавар ирэхээр нь цагаасаа өмнө хийж дуусаад байж байтал шалгагч багш орж ирээд даалгаврыг гүйцэтгэх талаар зөвлөмж өгөхөд нь өөрийн хийсэн зөв зүйлээ буруу болгож өөрчлөөд хоёрхон оноо дутаад ёстой азгүйтэл гэгч болсон доо. Гэвч шантарсангүй МУИС-ийн харъяа Утга зохиолын дээд сургуульд элсэлт авна гэхээр нь шалгуулаад тэнцлээ. Гэтэл тус сургууль засвартай, хичээл  нь 9 дүгээр сарын 10-нд орно гэхэд хүлээж байх завсраа дөнгөж байгуулагдсан хуулийн  сургуульд мөн л шалгалт өгөөд тэнцсэн. Ингээд сэтгүүлч болох уу, хуульч болох уу гэсэн сонголттой тулгарч  хувь заяагаараа хуулийн сургуулийг сонгосон түүхтэй. Одоо бодоход мэргэжил маань миний зан чанарт ян цав тохирсон юм шиг байгаа юм. Яагаад гэвэл, би худлаа хэлдэг хүнд маш дургүй, нэг барьж авсан зүйлийнхээ ард гарч, эцсийн үр дүнг нь үздэг хичээнгүй тууштай зан маань ч их нөлөөлдөг байх. Надад итгээд ирсэн хүний асуудлыг тухайн хүндээ ашигтай байдлаар шийдүүлэх арга замаа олохын төлөөх хүчин зүтгэлээсээ хэзээ ч ухарч, шантарч байсангүй. Үүнийхээ ачаар 90 гаруй хувьтай үйлчлүүлэгчдийнхээ маргааныг эерэг талаас нь  шийдүүлдэг  мэргэжилдээ хайртай, дуртай.

 -Юунаас илүү урам зориг, сэтгэл ханамж авдаг вэ?

-Үйлчлүүлэгчдийн маань ”Баярлалаа” гэдэг үг бүхий л тулгарч байсан бэрхшээлээ мартах өөдрөг үзэл,  өрнүүн хүсэл тэмүүллийг бий болгодог. Тэдний маань сэтгэлийн шарх арилаад ирэхэд өөрийн эрхгүй нүдэнд нь оч гэрэлтэх торгон агшныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тиймээс хүний төлөө явсан буян маань ажил үйлсийг маань бүтээж, сэтгэл ханамж дүүрэн өнгөлөг өөдрөг явуулдаг даа.

-Өмгөөлөл гэдэг нэг талаар урлаг. Янз бүрийн ньюансаар үйлдэгдсэн хэрэг маргааныг шийдүүлэхэд оюун ухаан, гарц гаргалгааг нь олно гэдэг үнэхээр авьяас мэт санагддаг юм?

– Мэргэжлээ үнэ цэнэтэй авч явахын тулд тухайн хүний мэдлэг боловсрол, ёс зүй, зан байдал, хүн чанараас гадна бичгийн хэлний чадвар маш чухал санагддаг. Учир нь, нэг удаа амьдралын боломжгүй нэгэн эмэгтэйн давах гомдлыг нь бичиж өгсөн ч надад өөр хурал давхцаад тухайн  хүнийхээ хуралд нь очиж чадаагүй юм. Гэсэн ч өмгөөлөгч нь гомдлын үндэслэлээ сайн гаргаж бичсэн учраас нэхэмжлэгчийн талд шийдсэн талаар шүүгчийн туслах ярьж байсан. Бид шүүгчтэй нүүр тулж шүүх хуралдаанд орохоос гадна бичгээр харилцах асуудал бишгүй  байдаг. Эндээс өмгөөлөгч хүн бичиг баримтаа ойлгомжтой сайн боловсруулах нь хуралд их нөлөөлдөг юм байна гэдгийг эндээс олж харсан. Тийм учраас шүүх дээр асуудлаа товч бөгөөд тодорхой ярих нь чухал.  Энэ талын чадварыг  өөртөө бий болгосны үр дүнд бусдыг баярлуулж явна даа.

-Мэргэжлээсээ авсан үнэт бэлэг тань юу вэ?

-ТББ-ын шугамаар бага наснаасаа олон жилийн хугацаанд /8-17 нас/ өөрийн хамаарал бүхий хүний хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болж амиа хорлох дээрээ тулаад явж байсан насанд хүрээгүй охины өмгөөлөгчөөр ажиллах болсон.Тухайн охиныг надтай уулзах хугацааны турш завсар зайгүй утас руу нь хүчирхийлэгч этгээд залгаж, мессэж бичиж, уулзъя гээд байхад нь охиныг явуулаад араас нь 2 цагдаатай очоод газар дээр нь барьж авч цэцэг шиг охиныг гунигт амьдралаас нь аварч билээ. Гэтэл удалгүй эгчээ, хуульч хүн ямар  гоё юм бэ, би Их засаг сургуулийн оюутан болж байгаа шүү дээ гээд нүдэндээ баярын нулимстайгаар  хэлж байсан нь үнэхээр хайрлам санагдсан. Ингэж түүнд амьдрал бэлэглээд зогсохгүй мэргэжлээ сонгоход нь ч давхар тусалсан. Энэ мэтээр бидний мэргэжил бусдад буян,үлгэр дууриал болж явдаг даа.

.-Таныхаар аз жаргал гэж юу вэ?

-Аз жаргалыг хүн өөрөөсөө л олно. Тухайн хүний үг бодол,төсөөллөөсөө улбаатай бусдад атаархах, өөртөө байхгүйг бусдаас хайх бус өрөөл бусдад сайн, сайхан сэтгэгдэл төрүүлж байх нь аз жаргал, амар амгалан. Өөрөөр хэлбэл, өөртөө оногдсон зүйлдээ сэтгэл ханамжтай явах нь өөрөө аз жаргал юм.

– Таныхаар амьдралын үнэ цэнэ гэж юу вэ?

– Аливаа хүн хийж бүтээсэн зүйлээрээ хэр бусдад тустай явах вэ гэдэг л амьдралын үнэ цэнэ. Монголчуудын ярьдаг “бүтэн нэртэй явахад бүх ажил бүтнэ” гэдэг шиг бусдад дэм тустай явбал аяндаа л ажил үйлс бүтэмжтэй дардан байна гэсэн үг.  Ер нь завтай хүмүүс өөртөө зовлон хурааж, ачаа нэмдэг юм шиг санагддаг юм.

-Та Монголын Өмгөөлөгчдийн холбооны нэгэн эд эс. Иймд холбооны зүгээс өмгөөлөгчдөө чадавхжуулсан, сургасан ямар ажлууд зохион байгуулаасай гэж хүсдэг вэ?

-Нарийвчилсан оновчтой сургалт явуулмаар санагддаг. Жишээ нь, хуулийн нэмэлт өөрчлөлт эсвэл тодорхойлсон гэмт хэрэг гэх мэт сонирхолтой, өгөөжтэй, товч тодорхой сургалтуудыг зохион байгуулбал бидэнд  оюуны том хөрөнгө оруулалт болох болов уу. Яагаад гэвэл нэмэлт өөрчлөлт орсон,шинэ тутам хэрэг дээр алдах тохиолдол гарч байгаа. Энэ талын мэдээллийг танхимын сургалтаар ихэвчлэн онлайнаар өгвөл бид цаг заваа хэмнэж ялангуяа миний хувьд тогтмол суух хүсэлтэй байна.

-Ажил амьдралдаа баримталж явдаг зарчмынхаа тухайд?

-Зөвхөн өмгөөлөгч гэлтгүй ямар ч хүн шударга л байх ёстой. Хэлсэн ярьсандаа эзэн болж явбал амьдралдаа алдаад байх нь ховор. Багаасаа энэ зарчмаар тууштай явж ирсэн учраас алдсан зүйл алга. Энэ байдал маань эргэн тойрондоо мэдрэгддэг юм болов уу өнөөдөр өөрийн гэсэн тогтмол үйлчлүүлэгчтэй, хамт олонтой явж байна. Дотоод хэргийн их сургуульд залилангийн гэмт хэргээр докторын зэрэг  хамгаалах гээд сурч байгаа. Яагаад гэвэл өнөөдөр залилангийн гэмт хэргийн арга улам нарийссан. Тус хэрэг ямар аргуудаар үйлдэгдэж байна, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд  иргэд ямар мэдээлэлтэй байх ёстой гэдэг талаар судалгаа хийж, энэ чиглэлээр өгүүлэл бичиж байна.

 -Хэлэх дуртай үг тань?

-Мэргэжилтэйгээ холбож ярихад бусдад тусалж эс чадвал гай битгий болоосой гэж хэлмээр үе их гардаг даа.

-Сүүлчийн асуултыг танд нээлттэйгээр үлдээе?

-Нэгэнт л бид хүний эрхийн төлөө ажиллаж байгаа учраас ажилдаа бүхий л сэтгэлээ зориулж, асуудлыг нь өөрийнх нь хүссэнээр, харагдаж буй өнцгөөр нь шийдэх зориг, хүсэл эрмэлзлэл байна уу, ингэснээр ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг хуульч хүний нүдээр урьдчилан харж, ул суурьтай тооцох нь хамгийн чухал. Хэрэв өөрт нь итгэл төрж байвал тухайн хүнийхээ хүсэлтээр үйлчилгээ үзүүлж байх нь  аль аль талдаа хэрэгтэй байдаг юм. Тухайн үйлчлүүлэгч амьдралдаа өөрчлөлт оруулж, нааштай шийдвэр гаргуулах гэж бидэнд хандаж байгаа шүү дээ гэдгийг сайтар ухаарч баймаар. Эдгээр асуудлыг нь шийдэх боломжтой гэдэг үүднээс үйлчлүүлэгчдээ сонгодог. Иргэдийн зүгээс ч өмгөөлөгчдөө итгэж байвал тэдний хүссэнээр  гэрэл гэгээтэй, талархалтай, үр дүнд хүрэх болов уу гэх тэнүүн бодлоор өмгөөллийн ажлаа явуулдаг  даа.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

Вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Зөвхөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар гэлтгүй холбогдох бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо.

Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцууллаа.  Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж байгаа нь сэтгэл өвтгөж байна. Энэ бол хариуцлага алдсан хэрэг.  Хүүхдүүдийг эрсдэлд  оруулж, вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа.

Монгол Улс улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 онд нэвтрүүлж, 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулж эхэлсэн. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг 2009 оноос эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр насанд хийх товлолтой. Дэгдэлт, өвчлөлийн нөхцөл байдлаас хамааран нэмэлт дархлаажуулалтыг 11 удаа зохион байгуулжээ. 2015-2016 оны дэгдэлтээр 132 хүн нас барсны 90.7 хувь нь 0-1 насны хүүхэд  байжээ. Тухайн үед нэмэлт дархлаажуулалтаар халдварын тархалтыг таслан зогсоож байжээ.

Энэ оны хоёрдугаар сараас хойш 8862 тохиолдол бүртгэгдэж, долоон  хүүхэд нас бараад байна. Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давалгаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт  нөхөн дархлаажуулалтыг наадмын өмнөх 14 хоногт багтаан эрчимжүүлж 95 хувьд хүргэхийг үүрэг өгч, УОК, ЭМЯ-ыг дэмжин ажиллахыг даалгалаа.

Улаанбурхан өвчний нууц үе 10-14 хоног. Одоо бүртгэгдээд байгаа 8862 тохиолдлын цаана 80 мянган хүүхэд халдвартай байх магадлалтай. Тиймээс дархлаажуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд эрүүл мэндийн  бүх шатны байгууллагуудад зөвлөмж өгч, цахим сургалт зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа.

Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахыг холбогдох албаныханд мөн анхааруулав.

Үер усны аюулаас сэргийлэх, мөн үр тариа, төмс, хүнсний ногооны хангалтад анхаарч, дутагдал үүсэх тооцоололтой бол нийлүүлэлтийг одооноос төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд наадмаас өмнөх 14 хоногт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа