Author Archives: baaska baaska

Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв

Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ.

Захидалд,

“Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон тухай сонсоход таатай байна. Миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Хятад, Монгол хоёр улс нь харилцан биенээ чухал хөрш хэмээн үздэг билээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын стратегийн манлайлал дор Хятад, Монголын харилцаа тогтвортой хөгжиж, хоёр улсын ард иргэдэд бодит үр өгөөжөө өгч байгаа төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулж байна.

Миний бие Тантай ажлын болон хувийн найрсаг сайхан харилцаа тогтоож, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийг цогцлоох зорилтыг удирдлага болгон талуудын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр талын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж, бүхий л салбарын хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байна.

Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргал, амар амгалан, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ,

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байна. Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж, шинэ хөгжлийн гарцыг нээх хариуцлагатай цаг үе юм.

Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шударга ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулахад оршдог. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд нь үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байна. Шинээр томилогдсон салбарын сайдуудад амжилт хүсэхийн ялдамд анхааруулах зүйлсийг товч танилцуулья.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН САЙДАД

Гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, яамд хоорондын ажлын уялдаа холбоог нягт зохицуулж, урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтворжуулах шат дараатай бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Өнөөдрийн үүсээд байгаа асуудлуудыг шийдэхийн хажуугаар нүүрсэн дээр тогтож байгаа өнөөгийн бүтцийг халж, илүү төрөлжсөн, олон тулгуурт эдийн засагтай болох ажилд ач холбогдол өгч, илүү хурдавчлуулах шаардлага байгааг өнөөдрийн нөхцөл байдал бидэнд сануулж байна.

Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг үр дүнд чиглэсэн, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, болохгүй байгаа зүйлсийг цаг алдалгүй сайжруулж, өөрчлөх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх нь үүссэн байгаа энэ орчинд хамгийн чухал болоод байна.

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийг төвлөрүүлж, нэг дээвэр дор, хоорондын уялдаа холбоог хангасан нэгдсэн бодлого явуулах боломжийг судалж үзэхийг Ерөнхий сайдаас хүсэж байна.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГАД

Төрийн албаны дунд, урт хугацааны хөгжлийн зураглалыг бүрэн тодорхойлж, процессын дахин инженерчлэл хийж, үр ашиггүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Тэр дундаа, төрийн байгууллагын давхардсан чиг үүргийг цэгцлэх, чадахуйн зарчимд суурилж төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад холбогдох талууд, Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй.

Ялангуяа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар салбар дундын уялдааг хангах, хүний нөөцийн бодлогоо зангидах, ойрын ирээдүйд үүсэх ажиллах хүчний хомсдол, технологиос хамааралтай ажлын байрны шилжилт зэрэгт хүний нөөцөө бодлогоор бэлтгэхэд анхаарах ёстой.

Төрөөс үзүүлэх үйлчилгээг төр, хувийн хэвшил болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг илүү нэмэгдүүлэх, мөн төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулж, үйл ажиллагааны үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, зардал бууруулах, компаниудыг хувьчлах ажлаа эрчимжүүлэх шаардлагатай.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-САНГИЙН САЙДАД

Үүссэн байгаа нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч, хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харсан, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх шийдэл гаргасан төсвийн тодотгол оруулж ирэх шаардлагатай.

Төсвийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх, шаардлагагүй, тэвчиж болох зардлыг танахаас гадна юуны түрүүнд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай хөрөнгө, мөнгийг цаг алдалгүй хурдан, шуурхай шийдвэрлэх хэрэгтэй.

Эрүүл мэнд, боловсролын салбарыг хөндөхгүйгээр, дунд, урт хугацаанд улс орны өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг хөндөхгүйгээр төрийн албыг илүү чадварлаг, бүтээмжтэй болгох явцад эдийн засгийн идэвхжил, эрэлтийг анхаарч, эдийн засгийн өсөлтийг агшаахгүй байх тийм тэнцвэрийг олсон шийдвэр гаргах ёстой.

Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын цогц реформ хэрэгжүүлэхийг ард иргэд хүсэж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа хүндрэл, гарч байгаа асуудлуудыг хандлагаа өөрчилж, жижиг, том гэж ялгалгүй шийдвэрлэх нь эргээд эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх юм.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН – ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДАД

Хууль ба журмын зохист харьцааг хангах, хуулиас давсан журмуудыг цэгцлэх хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент энэ өдрүүдэд хэлэлцэж байна.

Хууль батлагдсаны дараа энэ хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлууд өрнөх учиртай. Мөн хуулийн хэрэгжилтийг хангаж, одоо хүчин төгөлдөр байгаа хуулиуд дахь журам батлахтай холбоотой заалтуудыг хуульд нийцүүлж өөрчлөх шаардлага бий. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам тухайлан анхаарч ажиллах ёстой.

Манай улс 1998 онд Улсын Их Хурлаас тогтоол гарган “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр” баталж эрх зүйн шинэтгэлийг 7 чиглэлээр системтэй, цогц, иж бүрэн байдлаар хийж байсан удаатай. Энэ хөтөлбөр хэрэгжиж дууссан. Одоо эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь шатыг эхлүүлэх шаардлага бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрх зүйн шинэтгэл-II хөтөлбөр”-ийг батлуулж хэрэгжүүлэхээр заасан боловч жил тойрч байхад энэ хөтөлбөр Улсын Их Хуралд орж ирээгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам үүн дээр даруй анхаарч, намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлуулах хэрэгтэй. Ингэхдээ төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, хувийн салбарын бизнес, үйлдвэрлэл, худалдаа, арилжаа, шударга өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн цогц бөгөөд системтэй, логик уялдаатай шинэтгэлийн бодлогыг боловсруулах шаардлагатай байна. Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг тийм эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж шуурхай оруулж ирэх хэрэгтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДАД

Уул уурхайн салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг өндөр байлгахад нэн чухал ач холбогдолтой Ашигт малтмалын тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай зэрэг хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтийн уялдаа холбоог сайжруулах зэрэг нэн тэргүүнд анхаарах асуудлууд бий.

Ялангуяа энэ салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж, хуулийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Нөгөө талаараа байгалийн баялаг бол шавхагддаг баялаг. Иймд тогтвортой, хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болгох, хайгуул, олборлолтод ногоон технологи нэвтрүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргаж ажиллаарай.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДАД

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын талуудын бага хурал буюу COP-17 хурлыг зохион байгуулах ач холбогдол, түүнээс Монгол Улсын байгаль хамгаалалд гадаад улсуудаас оруулах хөрөнгө оруулалтыг өндөр хэмжээнд хүргэн ажиллахад онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг яриад л байдаг өнөөдрийг хүртэл оновчтой боловсруулсан, цаг үедээ нийцсэн хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй байгааг анхаарч ажиллаарай.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-БОЛОВСРОЛЫН САЙДАД

Боловсролын гол хөдөлгөгч хүчин бол багш. Гэвч манайд багш мэргэжлээр төгсөгчдийн зөвхөн 33 хувь нь багшилж, тэдний 60 орчим хувь эхний 5-8 жилдээ ажлаа орхиж байна. Учир нь залуу багш нарын цалин бага, нийгмийн баталгаа хангалтгүй, орон сууц, эрүүл мэнд, гэр бүлийн дэмжлэг хомс байна.Тиймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, орон сууц, эрүүл мэнд зэрэгт чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Хоёрдугаарт, сургалтын хөтөлбөр нь 2012–2014 онд боловсруулсан тул өнөөдрийн технологи, цаг үетэй нийцэхгүй байна. Ирэх хичээлийн жилээс шинэчилсэн, ирээдүйн ур чадварт чиглэсэн хөтөлбөрүүдийг боловсруулах ёстой.

Гуравдугаарт, хот хөдөөгийн, эдийн засгийн ялгаанаас үүдэлтэй боловсролын тэгш бус байдал улам гаарсаар байна. Алслагдсан орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс 7 жилийн хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарчээ. Иймд боловсролын хүртээмжийг тэгшитгэх, цахим сургалтын дэд бүтцийг сайжруулах, “Үдийн цай” хөтөлбөрт дунд, ахлах ангийн бүх сурагчдыг хамруулах, багшийн хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ гурван чиглэлээр шуурхай ажиллах нь Монголын боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн тогтвортой хөгжлийн үндэс болно гэдэгт итгэлтэй байна.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДАД

Монгол Улсад 2024 оны байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд жилдээ 2.3 их наяд төгрөг зарцуулж байна. Цаашид нийгмийн халамжийн зорилтот бүлгийг сонгохдоо өрхийн амьжиргааны түвшинд суурилах тогтолцоог бүрдүүлэх бодлогыг баримтлах шаардлагатай.

Бид халамжаас хөдөлмөрт гэж олон жил ярьж байгаа. Монгол Улсын ажиллах хүч буюу хөдөлмөрийн насны 100 хүн тутмын 62 хүн л хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг авах ёстой.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний хүний орлогын албан татварын тухай хуулиудыг өөрчилж хөдөлмөрийн зах зээлийг либералчилж, хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүн болгоныг дэмжих бодлого баримтлах ёстой.

Мөн хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвар хураамж маш хүнд дарамт болж байна. Татвар төлөөгүй, нийгмийн даатгалын өглөгтэй гэсэн шалтгаанаар аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадаг явдал их гарч байна. Тиймээс тухайн аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа хэвийн явуулах, орлого олж төлбөр хураамжаа төлөх, ашиг олох боломжийг олгодог болгох хэрэгтэй.

Нөгөө талаар Нийгмийн даатгалын сан жилдээ хэдэн зуун тэрбум, цаашдаа их наяд төгрөгийг улсын төсвөөс татаас хэлбэрээр авах тооцоолол бий. Иймд энэ сангийн тогтолцоог сайжруулж, улс төрөөс хараат бус болгох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дарамт болж байгаа шимтгэлийг цэгцлэх асуудалд анхаарах хэрэгтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДАД

Төмөр замын бүтээн байгуулалтыг хугацаандаа ашиглалтад ороход онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төв төмөр замыг шинэчлэх, тээврийн уялдаа холбоог сайжруулж, логистикийн төвүүдийг хөгжүүлэх, төрийн өмчит төмөр замын компаниудын бүтцийн давхцалыг арилгаж менежментийг сайжруулах, мөн тээврийн аюулгүй байдал, стандарт, хяналтын тогтолцоог шинэчлэх нь бидний өмнө тулгамдаж буй чухал зорилтууд тул эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын сайдын манлайлал, олон улсын хамтын ажиллагаа болон хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо нэн шаардлагатай.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙДАД

Сүүлийн жилүүдэд соёл, аялал жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч, үндэсний, бүс нутгийн, олон улсын хэмжээнд тодорхой ахиц гаргаж ажиллаж чадсан. Цаашид энэ салбарыг өөрөө өөрийгөө тэтгэдэг, эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаг салбар болгон хөгжүүлэх шинэ сайд анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлд чадавхаа бэхжүүлэхэд илүү анхаарах, үндэсний өв уламжлал, соёл, өв тээгчдийг бодлогоор дэмжих, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн талаарх залуус, хүүхдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, дадал хэвшлийг тогтооход анхаарах хэрэгтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДАД

Хот суурин газрын төлөвлөлтийг тэнцвэртэй, төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхдээ барилгын стандарт, хяналтыг олон улсын жишигт нийцүүлж,  дэд бүтцийг оновчтой, хүртээмжтэй төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай.

Мөн Улсын Их Хурал дээр Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах зорилгоор хот дахин төлөвлөлттэй холбоотой ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж, судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгүүдийг хийсэн бөгөөд ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, анхаарч, дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН – ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДАД

Сүүлийн жилүүдэд “Атрын IV аян”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” зэрэг бодлогын хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр хөдөө аж ахуйн бүтцийн шинэчлэлд бодит ахиц гарч, орон нутгийн эдийн засгийн идэвх сэргэж, хүнсний хангамжийн тогтвортой байдал сайжрах нөхцөл бүрдэж буйг онцлон тэмдэглэх хэлэх нь зүйтэй.

Эдгээр хөтөлбөр нь хүнсний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн эрүүл мэндийн баталгааг хангах үндэс суурь болж байгаа бөгөөд цаашид тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжилтийг тогтвортой байлгах, үр дүнд суурилсан дэмжлэгийн тогтолцоог төгөлдөржүүлэх шаардлага урган гарч байна. Энэ хүрээнд салбарын бодлого, хэрэгжилтийг улам бүр боловсронгуй болгох, нэгдмэл чиг хандлагатай уялдуулахад холбогдох байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал ач холбогдолтой юм.

2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ-д хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь нь 8.8 хувь байгааг ойрын жилүүдэд 20 хувьд хүргэхийг зорьж, хөдөө аж ахуйн сэргэлт бий болгох ёстой шүү.

Мөн Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсгээс Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай, Хөдөө аж ахуйн тухай шинэчилсэн болон анхдагч хуулиудын төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлэн болгосон. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн амьжиргаа сайжирч, үндэсний үйлдвэрлэл хөгжих, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал бодитой хангагдах нөхцөл нь бүрдэнэ. Мөн хүн амын хүнсний хэрэглээний эрүүл, тогтвортой байдалд суурь өөрчлөлт гарч, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн урт хугацааны үндэс тавигдаж, хотоос хөдөө рүү чиглэсэн хүн ам, эдийн засгийн урсгал бодитой бий болно.

Иймд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх, батлуулахад Хүнс, хөдөө аж ахуйн салбараас идэвхтэй оролцож, зохих дэмжлэгийг үзүүлж, нягт ажиллах нь зүйтэй. Улмаар хуулийг хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангах, энэ чиглэлд иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДАД

Саяхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хиймэл оюунд бэлэн байдлын үнэлгээ хийж, 5-аас 3 буюу системчлэгдэх үе шатандаа, ахиц дэвшил алгуур байгааг онцолсон байна. Иймд хиймэл оюун ухаан, их өгөгдлийн бодлого, стратегиа батлуулах ажлаа эрчимжүүлж, гол сорилт болох хөдөө орон нутгийн дэд бүтцийн асуудал, төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой алхам хийх хэрэгтэй.

Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, ашиглалт, хэрэглээг нэвтрүүлэх, дэмжих мэдээллийн аюулгүй байдлыг хангасан тогтолцоог яаралтай бүрдүүлж, бодит ажил хэрэг болгохгүй бол улс орнуудын хөгжлийн ялгаатай байдал ихсэх, дижитал эдийн засгийн хөгжлөөс хоцрох эрсдэл бийг анхааралдаа авах нь зүйтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД

Цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалт, сэргээн засварлалт, найдвартай ажиллагаанд бэлдэж, нэн тэргүүнд 3 дугаар цахилгаан станцын гэмтлийн асуудлыг нарийн тодорхойлж, өвлийн улирлаас өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлаа яаралтай танилцуулах ёстой.

Улсын Их Хурал дээр Эрчим хүч, дулааны хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус хуулийн төслүүдийг өргөн хүрээнд хэлэлцүүлэх, салбарын хуулиудыг жишиг байдлаар батлуулахад идэвхтэй хамтран ажиллах нь салбарын сайдаас ихээхэн шалтгаална. Энэ салбарын хууль эрх зүйн орчныг дорвитой сайжруулж, эрчим хүчний либерал бодлого барих, эрчим хүчний дутагдлаа арилгах хэрэгтэй.

Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү дэлгэрүүлэх, баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тал дээр ач холбогдол өгөх, байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүсэж байна.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох, хүнс эмийн хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Улсын Их Хурал дээр 3 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж санал дүгнэлтүүдээ гаргаж байна. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж, судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгүүд хийсэн байгаа. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг анхаарч ажиллах хэрэгтэй. Тухайлбал, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй тохиолдлын 30-40 хувь нь хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй, амбулаториор тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой тохиолдлууд гэж дүгнэсэн байна. Энэ мэт нөхцөл байдал нь эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг хянах, зардлын үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.

Одоо мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн арга нь тоо хэмжээнд тулгуурласан, тэр хэрээр эмнэлгүүдэд эдийн засгийн сонирхол төрүүлж байгааг эрс өөрчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт үндэслэн санхүүжилт олгох загварыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна.

Монгол Улс эрүүл мэндийн даатгалын хураамжийн хувь хэмжээгээр хамгийн бага улсуудын нэг хэвээр байгаа нөхцөлд санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг хүн амын өргөн хүрээний тусламж үйлчилгээнд яаж оновчтой хуваарилах вэ гэдэг асуудал эрүүл мэндийн салбарт тулгамдаж байна. Үүний тулд бодлогын шинэ санаачилга, шийдэл гарган ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хот хөдөөгийн ялгааг арилгах, тусламж үйлчилгээний зардлын давхардлыг шийдвэрлэх, хэрэгтэй хүнд нь цаг алдалгүй хүргэдэг байх тийм санхүүжилтийн загвар хийх эрх зүйн орчин бүрдүүлэх санаачилгыг Улсын Их Хурал дэмжиж ажиллана.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монгол Улс хөгжин цэцэглэх болтугай. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2025.06.18

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө.

Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд оролцож, Засгийн газрын гишүүн Ч.Ундрамд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүсэв.

Сайд Ч.Ундрам эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, соёлын өвөө хамгаалах, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, мэргэжлийн спортын тогтвортой хөгжлийг хангах, залуучуудын  хөгжлийг нэгдсэн бодлогоор дэмжих чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сайд асан Ч.Номин Ч.Ундрам сайдад соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүсэж, яам байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хүлээлгэн өгөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.

 Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилохдоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, Засгийн газрын дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлыг давхар хариуцуулан гүйцэтгүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна.

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ням-Осорын Учрал;

uchral2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Сайнбуянгийн Амарсайхан;

amarsaihan3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржханд;

24.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сандагийн Бямбацогт;

35.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг;

46.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Болдын Жавхлан;

57.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Лхагвын Мөнхбаатар;

68.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын Дамдинням;

79.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Дамбын Батлут;

810.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Батын Батбаатар;

911.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Пүрэвсүрэнгийн Наранбаяр;

1012.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Тилеуханы Аубакир;

1213.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан;

1314.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам;1415.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Энхтайваны Бат-Амгалан;

1516.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Жадамбын Энхбаяр;1617.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Энхбаярын Батшугар;

1718.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн;1819.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг тус тус томиллоо.

19Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд хандаж үг хэллээ.

Тэрбээр “Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Иймд эвийг хичээж, эеийг эрхэмлэж, зөвшилцөл ойлголцлыг эн тэргүүнд эрэмбэлж, улс орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэхийг Засгийн газрын гишүүд Та бүгдээсээ эрхэмлэн хүсье.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэж, үнэнч, шударга, хариуцлагатай, манлайлал үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд монгол хүний хөгжлийг бодлогынхоо төвд нь тавьж, “Нэг бодлого-Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилан ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Мөн Засгийн газрын тэргүүний хувиар кабинетын зарчмыг чанд мөрдөж, Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж, асуудлыг хамтран шийдвэрлэж, нэгдмэл байр суурьтай ажиллах ёстойг хариуцлагатайгаар сануулъя.

Улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавьж, аль нэг намын эрх ашгийг төлөөлөх бус Засгийн газрын нэг танхимын гишүүн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, сэргэн мандсан хүчирхэг Монголын төлөө хамтран зүтгэцгээе” гэлээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.17) хуралдаан 17 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцууллаа. Төрийн гадаад, дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн шинэ Засгийн газрыг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн байгуулж, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болохоо тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалах нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн мега төсөл, суурь реформ болон аялал жуулчлал, цахим засаглал, эрчим хүчний салбарын либеральчлал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрөлжсөн бүсүүдийн хөгжил, Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, тус сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгыг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх хөшүүрэг байх болно хэмээн үзлээ” гэв.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, улсын эрх ашгийг эн тэргүүнд тавих, улс орны хөгжлийн өмнө тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг харилцан ойлголцолд тулгуурлан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх нь чухал гэж үзэж буйгаа Г.Занданшатар сайд онцлов. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгааг тодотгож байлаа.

Геостратегийн нөхцөл байдал нэн хүндэрч байгааг тэрбээр дурдаад энэ цаг үед эмхлэн байгуулагдах Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын тогтвортой залгамж чанарыг хадгалах нь зүйтэй хэмээн үзэж өмнө ажиллаж байсан Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг, нэн ялангуяа мега төслүүд, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хариуцаж буй сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохоо Ерөнхий сайд танилцуулав. Түүнчлэн шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл хэмээн үзсэн гэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга; Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаас бусад Засгийн газрын гишүүнийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулсан.

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал;

2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад Тогмидын Доржханд;

3.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан;

4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт;

5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдад Болдын Жавхлан;

6.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар;

7.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдинням;

8.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут;

9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын Батбаатар;

10.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр;

11.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Тилеуханы Аубакир;

12.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан;

13.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын Ундрам;

14.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Энхтайваны Бат-Амгалан;

15.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын Энхбаяр;

16.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын Батшугар;

17.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн;

18.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн;

19.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг нарыг тус тус нэр дэвшүүлэн, томилохоо Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав. Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзсэн гэдгээ Ерөнхий сайд цохон тэмдэглэлээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д “…Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина…” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Засгийн газар дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга; Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; 20 минутын хот Үндэсний хорооны дарга нарын эрхлэх асуудлыг Монгол Улсын сайд нар давхар хариуцан гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзжээ.

Засгийн газрыг богино хугацаанд, шуурхай эмхлэн байгуулах нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Тогтвортой засаглал, захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн алба”-ыг төлөвшүүлэх хүрээнд төрийн үрэлгэн зардлыг багасгаж, төсвийн сахилга батыг сахих, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох, олон нийтийн хяналтад оруулах, татвар, нийгмийн даатгалын цогц реформыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ гэв. Мөн төсвийн тодотгол хийж, хэмнэлтийн бодлогыг эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Улсын Их Хурал дахь АН-ын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулсны дараа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ж.Золжаргал, Б.Бейсен, Ө.Шижир, П.Сайнзориг, У.Отгонбаяр, Дав.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Т.Мөнхсайхан, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Ч.Номин, Н.Алтаншагай, М.Мандхай, О.Номинчимэг, Б.Уянга, М.Ганхүлэг, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал, Ж.Галбадрах, М.Нарантуяа-Нара, С.Одонтуяа, С.Замира, Ц.Баатархүү, Ц.Мөнхбат, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, П.Батчимэг, Г.Хосбаяр, Ц.Мөнхтуяа, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүд шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүдэд амжилт хүсэж, шинжлэх ухаан, инновацын салбарын хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын хүний нөөцийн асуудлыг анхаарч, төсвийг нь нэмэгдүүлэх, төрийн албыг цомхотгон бэхжүүлэх, экспортыг төрөлжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын тогтолцоог оновчтой шинэчлэх, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд олон улсын худалдаагаа чөлөөлөх, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай хэмээн захиж байв. Мөн усны менежментийг сайжруулах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөв, цөөрөм байгуулах ажлыг үргэлжлүүлэхтэй холбоотой саналуудыг гишүүд хэлж, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах үүрэг хүлээж буйг дурдсан. Эдийн засгийн үр өгөөжийг өрх бүрд хүртээмжтэй, бодитойгоор хүргэх, дундаж давхаргыг тэлэх бодлогыг хэрэгжүүлж ажиллах хүчний гадагшлах урсгалыг саармагжуулах, хүн амын төвлөрлөөс үүдсэн орчны бохирдол, түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төсвийг оновчтой төлөвлөж, төсөл, хөтөлбөрийн эрэмбийг зөв тогтоох, салбар хоорондын уялдааг хангах, Засгийн газар бүтцийнхээ хэмжээнд иргэний нийгмийн оролцоог дэмжиж, хамтран ажиллах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг шийдвэртэйгээр эрчимжүүлэхтэй холбоотой саналуудыг гишүүд хэлж байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг Улсын Их Хурал ийн сонсов. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг ийнхүү Улсын Их Хуралд танилцуулсны дараа Ерөнхийлөгчид танилцуулаад, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон байна.

Засгийн газрын гишүүдээ томилсон талаараа Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулаад “Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүний МАН-аас 16 сайд, ХҮН-аас 2 сайд, ИЗНН-аас 1 сайд томилогдсон байна. Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан, туршлагатай сайд нар бол үлдсэн 50 хувь нь анх удаа томилогдож байна. Засгийн газрын нийт гишүүдээ Улсын Их Хуралд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль дээдлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хариуцсан ажил, албан үүрэгтээ эзэн болж, мэдлэг, ур чадвараа бүрэн дайчилан, танхимын зарчмыг чанд сахиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн тэрбээр шинэ Засгийн газар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг төлөвшүүлж, хүний хөгжлийн цогц шийдэл, үндэсний аюулгүй байдал, монгол хүний эрх ашигт нийцүүлэн тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэ, шат дараатай шийдвэрлэх, төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй нэгдмэл байдлыг чанд сахиж ажиллахаа илэрхийллээ. Хариуцлагын тогтолцоог чангатгах, татвар, Нийгмийн даатгалын сангийн цогц реформ, Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр санаачилгатай, шуурхай ажиллаж тухай бүрдээ Улсын Их Хуралд үр дүнгээ тайлагнах болно гээд “Нэг бодлого-нэг зүтгэл уриаг хэрэгжүүлж, шударга ёс, эв нэгдлийг хангаж ажиллана” хэмээсэн юм.

7f764b4bfb304447abb3af6c8a26b40d

Дараа нь Засгийн газрын хамгийн ахмад гишүүн буюу Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тангаргийг уншиж, Засгийн газрын нийт гишүүд тангараг өргөв. Дараа нь шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн тус бүр Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Засгийн газар байгуулагдав.

Засгийн газрын гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсож, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөсний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлээд “Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж, шинэ хөгжлийн гарцыг нээх хариуцлагатай цаг үе юм. Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шударга ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулах юм” хэмээлээ. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд нь үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байгааг онцлон сануулаад, цаашид анхаарч ажиллах асуудлуудыг сайд тус бүрд хандан танилцууллаа. Төсгөлд нь тэрбээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар морь өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 18. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 22, шар морь, мэнгэ 7 улаан, суудал мод, шувуун хошуут-24 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:54.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин хулгана, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин лам болох, буян номын үйл, ном сонсох, бэрийн үйл, нүүдэл хийх, мод таслах, тангараг тавих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, морь худалдах, уралдуулах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, улаан идээ авах, улайны үйл, хиншүү хярвас гаргах, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

06-р сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-ноос ихэнх нутгаар +30 градусыг давж халах тул

наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 18-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцууллаа.

  1. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал,
  2. Шадар сайдад Тогмидын Доржханд,
  3. Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан,
  4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт,
  5. Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг,
  6. Сангийн сайдад Болдын Жавхлан,
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар,
  8. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдиннням,
  9. Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут,
  10. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын Батбаатар,
  11. Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр,
  12. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайдад Тилеуханы Аубакир
  13. Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан,
  14. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын Ундрам,
  15. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Энхтайваны Бат-Амгалан,
  16. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын Энхбаяр,
  17. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын Батшугар,
  18. Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн,
  19. Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг нэр дэвшүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр долоо, наймдугаар саруудад агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага хуурай харин говь болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Есдүгээр сард агаарын температурын болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байгаа бол зуны саруудад говь болон төвийн бүс нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа тул гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Долдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол долдугаар сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Өвөрхангай, Дундговийн нутаг, Баянхонгорын зүүн, Төвийн өмнөд, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол агаарын дундаж температур нийт нутгаар  олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол  сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөгжлийн бэрхшээлтэй залуус явган аялал хийнэ

Хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийг нь дэмждэг сайн дурын хүмүүстэй хамтран Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймагт явган алхах нөлөөллийн аяныг нийслэл хотоос /2025.06.13/ эхлүүллээ.

Аялал нийт 12 хоног үргэлжилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрх, хувийн туслах үйлчилгээ, хүн бүрд хүртээмжтэй орчин, тэгш хамруулах боловсрол зэрэг асуудлыг хөндөж, түүний хэрэгцээ шаардлагыг олон нийтэд таниулж, уриалах зорилготой юм.“MONGOLIA TRY-2025” аяллыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Түгээмэл хөгжил” ТББ хамтран зохион байгуулж байна.

Олон улсын туршлагаас үзвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэж, төрөл бүрийн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, өөрчлөлтийг бодит болгодог. Энэ жишгээр “Түгээмэл хөгжил” төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг эергээр таниулан сурталчлах, зөвлөн туслах, үлгэрлэн харуулах зорилгоор залуучуудын оролцоонд тулгуурласан нөлөөллийн аяныг 2015 оноос хойш зохион байгуулж байна.  “MONGOLIA TRY-2025” нөлөөллийн аялалд Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, Япон улсын төлөөллөөс бүрдсэн хөгжлийн бэрхшээлтэй 18, сайн дурын туслах 20 нийт 38 хүн оролцож байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна

Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, гадаад улс орнуудын Засгийн газрын  тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна.

Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү захидалдаа,

“Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд тань чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Монгол Улс нь Япон Улсын хувьд эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэдэг бүс нутгийн орлуулшгүй түнш юм. Ялангуяа, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн дор бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Цаашид хоёр орны үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2031)-т тулгуурлан хоёр орны харилцааг улам бэхжүүлж, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө Эрхэмсэг ноён Тантай гар нийлэн бодитой хамтын ажиллагааг өрнүүлэхийг хүсэж байна.

Түүнчлэн энэ оны долдугаар сарын эхээр Япон Улсын Цог Жавхлант Хаан, Эрхэм Дээд Хатан нарын Монгол Улсад хийх айлчлал төлөвлөгдсөн, энэхүү түүхэн айлчлалаар манай хоёр улсын найрсаг харилцаа улам өргөжин батжих болно гэдэгт найдаж байна” гэжээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэсэн захидалдаа,

“Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Вьетнам, Монголын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн 70 жилийн турш олон салбарт тасралтгүй өргөжин хөгжиж ирсэнд туйлын баяртай байдаг. Энэ нь Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын 2024 оны есдүгээр сард, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Вьетнам-Монголын хооронд иж бүрэн түншлэл”-ийн харилцааг албан ёсоор тогтоосноор нотлогдож байгаа билээ.

Вьетнамын Засгийн газар төдийгүй миний бие хувиасаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, хамтын ашиг сонирхолд нийцсэн энэхүү иж бүрэн түншлэлийн харилцааг үр өгөөжтэй, бодит агуулгаар баяжуулан цаашид улам бүр бэхжүүлэн хөгжүүлж, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар болон Тантай нягт хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов баяр хүргэсэн захидалдаа,

“Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд чин сэтгэлийн баяр хүргэе.

Таны төрийн удирдах албанд ажилласан арвин их туршилга, алсын хараатай манлайлах чадвар тань улс орныхоо тогтвортой хөгжилд болон олон улсын тавцан дахь нэр хүндийг өсгөхөд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Казахстан Улс, Монгол Улсын найрамдал, харилцан итгэлцэлд суурилсан стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө Тантай хамтран ажиллахаа нотолж байна” гэжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин захидал илгээлээ.

Захидалд,

“Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Оросын Холбооны Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе.

Та Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа Орос, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг улам бүр хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Засгийн газрын шугамаар идэвхтэй хамтран ажиллах нь худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн болон соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шинэ түлхэц болно гэдэгт итгэл төгс байна. Энэ нь Орос, Монголын стратегийн түншлэлийн эрх ашигт бүрэн нийцэх билээ.

Эрхэм хүндэт ноён Г.Занданшатар Танд эрүүл энх, сайн сайхан, хариуцлагатай ажил албанд тань чин сэтгэлээсээ амжилт ерөөе” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Энэ жил анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж буй уг наадмаар монголын соёл, шашны зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Тухайлбал, наадмын үеэр бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэр үзүүлдэг. Нийт 120 гаруй цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлдэг. Хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буйг уран яруугаар харуулдаг. 120 гаруй цамчин Очирваань бурхан, Цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм үзүүлбэрийг үзүүлдэг онцлогтой юм.

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Харин лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааний тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болох юм.

Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор даншиг наадмын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ болж уламжлал болон зохион байгуулагдсаар байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 103 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 218 иргэнийг аюулгүй газарт гаргалаа.

Нийт дуудлагын 79 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 нь мөндөр, 2 нь үер, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа