Author Archives: baaska baaska

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 103 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 218 иргэнийг аюулгүй газарт гаргалаа.

Нийт дуудлагын 79 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 нь мөндөр, 2 нь үер, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг зургадугаар сарын 18-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “/Драгон, Мишээл, Дүнжингарав, Баянхошуу, Сэлбэ, Хорооллын эцсийн E-март, Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок/ салбаруудад болно.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм. Иргэн та зургадугаар сарын 18-ны 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан луу өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 16. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 20, улаан луу, мэнгэ 9 улаан, суудал ус, тооно-22 од, рашаан барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, эхэлж ном сонсох, бэрийн үйл, эд, мал гадагш өгөх, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатах, шинэ дээл өмсөх, хануур төөнүүр хийлгэх, замд гарах, тангараг үүсгэх, цэрэгт мордох, газар малтах, гуу, суваг татах, их гол гатлах, загас барих, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, дайсан номхтгох, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 28 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-р сарын 16-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, нутгийн өмнөд болон төв хэсгээр хална.

2025 оны 06-р сарын 16-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна

Баянгол дүүргийн 7 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна. Уг “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин байрыг бидний өмнө мэдээлж байснаар гар утас худалдааны төвийг дамлан түрээсэлж сард 20 сая төгрөгийн ашиг олдог боловч нийслэлд 3.7 саяыг төвлөрүүлж байсан этгээд мөн 5 жил түрээсэлсэн. Гэвч түрээслэх хугацаандаа тус байрыг нэг ч удаа ашиглаж, тордоогүй эвдэрч сүйдээд байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа.

Харин “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийг шинэ өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор барилга руу шилжүүлжээ. Тухайн орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс балгас болсон тус барилгыг акталж нурааж, ногоон байгууламж болгохоор шийдвэрлэснийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар хэллээ.

Түүнчлэн энэ онд өмч хувьчлалын жагсаалтад 28 барилга байгууламж орсон. Үүнээс өнгөрсөн тавдугаар сарын 2-ны Өмч хувьчлалын комиссын хурлаар 13 объектыг өмч хувьчлалын жагсаалтаас хасаж нураан, нийтийн эзэмшлийн талбай болгохоор шийдвэрлээд байна. Мөн Улаанбаатар хотын удирдлагын зүгээс өмчийн дуудлага худалдааг олон нийтэд нээлттэй, ил тод явуулах зарчмыг баримталж ажиллаж байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх бар өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 14. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын 18, хөх бар, мэнгэ 2 хар, суудал төмөр, элдэв тэнгэртэн-20 од, шид барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:52.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Нялх, үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан сахиус тахих, хурим хийх, төрөл садан бололцох, бэрийн үйл, ном эхлэн заалгах, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, цацал өргөх, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, худаг малтах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл, хүүр түлэх муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 18 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-р сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2025 оны 06-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлшинэ, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +28…+33 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Орхон, Сэлэнгийн сав газраар +22…+27 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.

  • Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 16-ны 22:00 цаг
  • Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 18-ны 06:00 цаг

Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэлбэ хотын газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот”-ын эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, 4400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. Нийслэлийн зүгээс газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ч төслийг хэрэгжиж дуусах хүртэл төсөлд хамрагдсан иргэдтэй холбоотой байх үүднээс иргэдийг сонсох төвийг НЕБ-ын 35 дугаар сургуулийн ойролцоо байгуулсан. Мөн Улаанбаатар хотод анх удаа ийм том хэмжээний газар чөлөөлөлт явагдаж, 158 га талбайд хот босгох учраас анхнаас нь зөв менежментээр ажлыг уялдуулах хэрэгтэй гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэллээ.

Хотын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг нэг дороос үйлчилгээ, мэдээлэл авдаг байлгахаар тухайн төвийг байгуулсан. Сэлбэ хотын нийт талбайг зургаан хэсэгт хувааж, хэсэг тус бүрийг нэг албан хаагч хариуцаж, нэг албан хаагч тухайн хэсгийн иргэдтэй тууштай харилцаад явна гэдгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх нэгдүгээр хэлтсийн дарга Ч.Мөнхбаяр тайлбарлав. Үргэлжлүүлэн тэрбээр “Өнөөдөр Сэлбэ хотыг байгуулах ажилд газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд бичиг баримтын зөрчилтэй 200 гаруй айл газраа хараахан чөлөөлөөгүй” гэв. Бичиг баримтын зөрчил гэдэгт өмчийн маргаан, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй зэрэг асуудал зонхилжээ. Анх Сэлбэ хотын газар чөлөөлөлт эхлэхэд 80 орчим иргэн дэмжээгүй байсан бол одоо тэдний тал хувь нь дэмжиж байгаа юм. Дэмжээгүй иргэд ихэвчлэн өөрсдийн газар дээрээ амьдардаггүй зэрэг шалтгаантай байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан хэллээ.

Төслийн талбайн 70-аас дээш хувь газар чөлөөлөлтөд өртсөн бол нийт газрыг чөлөөлж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гэсэн хэдий ч иргэдтэй тулж ажиллаж, газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг сонсдог, 100 хувьтай газар чөлөөлөлтийг дэмжүүлэхийн тулд ажиллаж буйг албаны хүмүүс онцолж байлаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Сэлбэ хотын төслийг бүх иргэд дэмжиж, нийтийн эрх ашгийг хүндлэн хамтран ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уриаллаа. Тэрбээр https://selbecity.mn/ сайтаар дамжуулж Сэлбэ хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх бүтээн байгуулалтын 26 багц ажилд иргэн, аж ахуйн нэгжүүдээс санал авч байгааг дурдсан юм.

Эхний ээлжийн тендер зарласан нэг, хоёрдугаар багцын ажилд газар чөлөөлөлтийн асуудал харьцангуй бага. Геодезийн цэг байгуулах ажлууд эхэлсэн. Мэдээлэл харилцааны сүлжээний асуудлыг шийдвэрлэх ажил үргэлжилж байгааг “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Төслийн удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн төслийн менежер Г.Ууганбаяр хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн хэрэг гарчээ

Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, зугаалж явсан иргэдийг дээрэмдлээ” гэх 2 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, иргэдийн өмчлөх эрхэд халдаж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан, эд зүйлийг хууль бусаар авсан байж болзошгүй 22-24 насны 2 этгээдийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангаж, учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Монгол Улсын ард иргэд ээ,

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, журмын нөхдөдөө, Намын шийдвэрийг дэмжиж, намайг Ерөнхий сайдаар томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд энэ талархлыг хамтатган дэвшүүлье.

Шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт, мега төслүүд, бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлт зэрэг томоохон бодлого, зорилт дэвшүүлж, зохих үр дүнд хүргэсэн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газрын танхимын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.

Шинээр байгуулагдах Засгийн газар Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататгаж ажиллах болно.

Эрхэм гишүүд ээ,

Дэлхий дахинд геополитик, гео-стратегийн хурцадмал нөхцөл байдал үргэлжилж, худалдаа, тарифын дайн нүүрлэсэн нэн эгзэгтэй цаг үеийг улс орнууд, түүний дотор Монгол Улс туулж байна.

Түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалж уул уурхайн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хэт их хамааралтай манай эдийн засаг хүндхэн сорилттой нүүр туллаа.

Тухайлбал, манай улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд дунджаар таван хувиар өсөж байсан бол 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хоёр дахин буурлаа.

Нүүрсний экспорт зогсонги байдалд орж, төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц, монгол төгрөгийн ханшид сөрөг дарамт учирч, инфляц нэмэгдэж байна.

Урьдчилсан тооцооллоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.долларт хүрч магадгүй боллоо.

Мөн эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагаанд гэнэтийн эрсдэл үүслээ.

Тиймээс эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүслээ.

Эрсдэл, сорилтыг даван туулах, ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно. Монголчууд бид гадаад, дотоод таагүй нөхцөлөөс хохирч биш, хожиж гарах ёстой.

Үүний тулд Засгийн газар Үндэсний аюулгүй байдал, монгол хүний эрх ашигт заналхийлж, итгэлийг нь үгүй хийж, мөрөөдлийг нь сүүдэртүүлж байгаа асуудлуудыг эрэмбэ, шат дараатай шийдвэрлэхийг эрхэм зорилгоо болгоно.

Улсын эдийн засаг хүнд байгааг шулуухан хэлье. Зардлаа багасгаж, орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд алга.

Гэхдээ эрсдэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ нуруунд үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх байдлаар биш, төрийн үрэлгэн зардлаа багасгаж, ТӨР ӨӨРӨӨ БҮСЭЭ ЧАНГАЛАХ зарчмыг барих ёстой гэж үзэж байна.

Тиймээс Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ хийж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй, нэгдмэл байдлыг чанд сахиж, хариуцлагын тогтолцоог эрс чангатгана.

Төсвийн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн нүсэр бүтцийг эмхлэн цэгцэлж, “ТООНООС ЧАНАРТ” шилжиж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох чиглэлд бодит алхмууд хийнэ.

Төрийн өмчит аж ахуйн нэгж, чиг үүрэг давхардсан үндэсний хороод болон үр ашиг муутай төрийн сангуудыг цэгцэлнэ.

Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлэн, засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналттай, цомхон, чадварлаг, үр өгөөжтэй байхуйц бүтцийн өөрчлөлтийг хийж, мэргэшсэн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлага мөн.

Манай Засгийн газар хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажил олгогч – баялаг бүтээгч нараа бүх талаар дэмжиж ажиллах болно.

Тиймээс татвар, нийгмийн даатгалын сангийн цогц реформ хийж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулж, шаталсан, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, татварын бааз суурийг өргөтгөх арга хэмжээ авна.

Түүнчлэн хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим баримтална. Төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиг баримтална.

Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, инновац, бүтээмжийг дэмжсэн эрх зүйн шинэчлэл хийж, бизнесийн орчны хүндрэл, чирэгдлийг арилгаж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно.

Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, АРД ТҮМНИЙ төлөө ЗАСГИЙН ГАЗАР байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана.

Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ.

Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ.

Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ БОЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ байх зарчмыг удирдлага болгоно.

Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ.

         Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” зорилтыг тууштай хэрэгжүүлнэ. Монгол хүн баялагтаа эзэн байх ёстой. Эзэн байхын учир нь өмчийнхөө зарцуулалтад хяналт тавих, үр өгөөжийг нь тэгш хүртэх учиртай байхад чиглэгдэнэ.

Энэ зарчмын үүднээс стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хийж буй хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн, бодит үр дүнд хүргэнэ.

Эрхэм гишүүд ээ,

Монголчууд бид Ардчилсан Үндсэн хуулиа батлаад 30 гаруй жилийг туулжээ.

Миний бие өнгөрсөн хугацаанд ард түмэн, төр засгийн дэмжлэгээр парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон сорилт, бэрхшээлийг туулж, ардчиллын засаглалыг бэхжүүлэх, төлөөллийн ардчиллыг зөвлөлдөх ардчилалтай хослуулан, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө тууштай зүтгэж ирсэн.

Миний бие УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулж, газрын хэвлийн баялагтаа ард түмэн эзэн байх суурь зарчмыг Үндэсний баялгийн сангийн хуулиар батлуулж чадсан.

Мөн хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль, төрийн хүнд суртлыг бууруулах зөвшөөрлийн хууль, авлигагүй нээлттэй засаглалыг бэхжүүлэх цахим хөгжлийн багц хууль, хүний хөгжлийг дэмжих боловсролын багц хууль зэрэг олон чухал суурь хуулиудыг батлуулсан.

Хууль батлагдах бол нэг хэрэг. Тиймээс шинэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх, хуулийн үйлчлэлийг тэгш байлгах, шударга ёс, тэгш эрхийг хангахад бүхий л анхаарлаа хандуулна.

Мөн төрд ёс зүйг сахиулах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт байх болно.

Хууль дээдлэх, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэх зарчим дээрээсээ эхэлж, ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хамтарсан хяналт, оролцоо, ил тод байдал дээр тулгуурлах учиртай.

Ард түмэнтэйгээ хамгийн ойр, тэдний үгийг сонсдог, шаардлагыг анхаардаг, үйл ажиллагаа, шийдвэр нь ил тод байдаг төр, засаг л иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Тиймээс авлигаас ангид, ард түмнээсээ зугтаадаггүй, эрх мэдлийн ард нуугддаггүй, ҮНЭНЭЭ ХЭЛДЭГ ЗАСАГ байх болно.

Манай Засгийн газар ХАРИУЦЛАГА НЬ ЭЗЭНТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР байх учиртай.

Алга ташуулахад эзэн олон, алдаа дутагдалд хариуцагч байхгүй байх нь наад зах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Тиймээс алдаа, бурууд цаг тухайд нь хариуцлага тооцдог байх зарчмыг мөрдлөг болгоно. Алдсанаа хүлээдэг, буруудсанаа засдаг, буруутанд хариуцлага оноодог байх нь ардчилсан засаглалын зарчим мөн чанарт нийцнэ.

Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна.

Түүнчлэн богино зайны дуулиан шуугианд хөтлөгдөхгүйгээр улирлын чанартай бэрхшээлүүдийг оновчтой шийдвэрлэж, урт хугацааны ултай суурьтай шийдэлд төвлөрнө.

Шинэ Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хэлбэрэлтгүй сахина. Өмнөх засгийнхаа сайн бодлогыг тууштай үргэлжлүүлж, улс орны язгуур ашиг сонирхолд нийцсэн мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, цаг алдалгүй хэрэгжүүлэхийг зорино.

Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол зэрэг бугшмал асуудлуудыг шийдвэрлэх нийслэлийн бодлого, үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллах болно.

Дэлхийн хамтын нийгэмлэг, бүс нутгийн түвшинд гадаад харилцаанд ололтоо ахиулж, амжилтаа бататгана.

Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг цорын ганц хэмжүүр, шалгуур болгоно. Монгол Улс бол сайн хөрш, найдвартай түнш, итгэл даах хамтрагч гэдэг дүр төрхийг баталгаажуулахыг эрмэлзэнэ.

Товчилж хэлбэл, ОЛОН УЛСАД МОНГОЛ УЛСЫНХАА ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ НЭР ХҮНДИЙГ БАТАТГАН БЭХЖҮҮЛЭГЧ ЗАСГИЙН ГАЗАР байхыг эрмэлзэнэ.

Түүнчлэн “Digital first” гэсэн уриа дор “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРХЭМЛЭГЧ” ЗАСГИЙН ГАЗАР байна. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт байх болно.

Төрийн ажил, үйлчилгээг цахимд шилжүүлэх эрмэлзэл бүрийг, хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, инновац, шинэ технологи нэвтрүүлэх шийдэл болгоныг манай Засгийн газар ямагт урамшуулан дэмжих болно.

Дэлхий дахинд үүсээд байгаа хурцадмал нөхцөл байдал, Монголыг чиглэсэн гаднын ашиг сонирхол цөөхөн монголчууд биднийг эвтэй байхыг шаардаж байна.

Энэ шаардлага хэзээ хэзээнээс илүү үнэ цэнтэй болсныг монгол хүн бүр мэдэрч, санаж явах ёстой учиртай. Үзэл бодол ондоо, байр суурь тусдаа, намын харьяалал өөр байж болно. Гэхдээ бид Улс Монголоо гэсэн сэтгэл нэг л байх ёстой.

Тиймээс бид ЭВИЙГ ЭРХЭМЛЭДЭГ ЗАСГИЙН ГАЗАР байна.

“Ойрын нөхөд хэрэлдэхэд холын дайсан баярладаг” гэсэн үг бий. Үүн дээр нэмээд “Гадаа хүйтэрч байхад гэр дотор дулаан байх ёстой” гэж нэмж хэлье.

Эвийг хичээж, эеийг эрхэмлэж, зөвшилцөл ойлголцлыг эн тэргүүнд эрэмбэлж, Монголынхоо төлөө, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэхийг Монгол Улсын Их Хурлын гишүүдээсээ эрхэмлэн хүсье.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд би Хүнийг төвд нь тавьсан хөгжил, Шударга ёсыг эрхэмлэсэн төр, “Нэг бодлого-Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилан ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, Сэргэн мандсан Хүчирхэг Монголын төлөө хамтран зүтгэцгээе.

Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“ТЭЦ III”-ын уулзвараас “Говь” ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

ХУД-ийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд “ТЭЦ III”-ын уулзвараас “Говь” ХК-ны уулзвар хүртэлх 1 км авто замыг хааж, шинэчилнэ.

  • Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 13-ны 23:30 цаг
  • Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 16-ны 06:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ

Эрхэм хүндэт Гомбожавын Занданшатар танд Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, улс орны хувь заяаг тодорхойлох хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсье.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсаныг 2020 онд хасах 4.6 хувийн уналттай байсан эдийн засгийг 2024 онд 4.9 хувь хүртэл өсгөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,898 ам.долларт хүрч Монгол Улс Дэлхийн банкны орлогын ангиллаар “дундаас дээгүүр орлоготой улс”-ын ангилалд шилжсэнээс харж болно. Зөв бодлогын үр дүнд түүхий эдийн экспортын өсөлт 2023 онд төсөв, төлбөрийн тэнцлийг ашигтай гарахад нөлөөлж, гадаад валютын албан нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэж чадсан. Засгийн газрын өрийг сүүлийн таван жилийн хугацаанд 75.5 хувиас 41.8 хувь руу бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа анх удаа нэг шатаар дээшлүүлж, “B+ тогтвортой” түвшинд хүргэж сайжруулсан.

Харин өнөөдөр бол гадаад улс төрийн орчин, эдийн засгийн тодорхойгүй байдлаар нөхцөлдүүлсэн шинэ нөхцөл байдалд, шинэ сорилт, шийдэл хүлээсэн бодлогын түвшний асуудлууд таны өмнө тулгарч байна. Иймд шинэ Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа Та дараах асуудлуудад онцгойлон анхаарч, бодит үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    1.Макро эдийн засгийн нөхцөл байдал

Гадаад орчны тодорхой бус байдал намдахгүй харин ч улам ээдрээтэй болж байгаа өнөө үед эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах асуудал өнөөдөр тэргүүн зэргийн ач холбогдолтой байна.

2025 оны эхний 4 сарын байдлаар түүхий эдийн үнийн уналтаас нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 1,2 тэрбум ам.доллараар буурсан нь төсөвт дарамт учруулаад зогсохгүй урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Төлбөрийн тэнцэл 5 сарын урьдчилсан тооцоогоор 400 гаруй сая ам.долларын алдагдалтай, урсгал тэнцэл 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 36 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх онтой харьцуулахад эхний 4 сард 14.4 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр буурсан. Төсвийн тэнцэл 58 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Өнгөрсөн оны мөн үед төсвийн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харах, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх гарц гаргалгаа гаргаж, гадаад, дотоод эдийн засгийн орчин, нөхцөл байдалд нийцсэн төсвийн бодлогыг тодорхойлж Улсын Их Хуралд хэлэлцүүлэх шаардлагатай байна.

    2.Үнийн өсөлт, зээлийн хүүг эрүүл зохистой түвшинд хүргэх хүрээнд:

Иргэд, аж ахуйн нэгжүүдээ ажлын байраар хангаж, орлоготой байлгах бодлогыг Засгийн газар тууштай баримтлах ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ бодит орлогыг бууруулахгүй байхын тулд, амьдралынх нь чанарт хамгийн ихээр нөлөөлж байгаа үнийн өсөлтийг хазаарлаж, нам дор түвшинд тогтворжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Инфляц оны эхний 4 сарын байдлаар 8.6 хувьтай гарсан.

Ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих ажлыг тогтвортой хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Хүнд хэцүү цагт хямд эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажлын байраа хадгалж, иргэд аж ахуйн нэгжүүд нь хохирол багатай гарсан түүх олон байдаг. Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” зэрэг нь ажлын байрыг хадгалахын сацуу шинээр ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа хөтөлбөрүүд бөгөөд салбар дундын уялдааг маш сайн хангаж, бодит үр дүн гаргах нь чухал байна.

Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн хүүгийн дарамт бодит ачаа болсоор байна. Зээлийн хүүг бууруулах чиглэлд дорвитой бодлого хэрэгжүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлийн хүүг эрүүл, зохистой түвшинд авчрах нь эдийн засгийн идэвхжлийг сэргээхэд тус дэм болоход чухал нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ шударга өрсөлдөөнийг дэмжсэн, монополь зах зээлийн бүтэцтэй салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож байж иргэд, аж ахуй нэгжүүдэд ирэх аливаа үнийн, хүүгийн дарамтыг бууруулах орчин бүрдэх юм.

  1. Гадаад худалдаа ба ханшийн асуудлын хүрээнд:

Гадаад эдийн засгийн тодорхой бус байдлаас үүдэлтэй түүхий эдийн үнийн бууралт нь урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг шат дараатай бууруулж төгрөгийн ханшийг тогтворжуулах нь тулгамдсан асуудал болоод байна.

2025 оны эхний 4 сарын байдлаар экспортын орлого 695.0 сая ам.доллараар буурч, импорт 132.9 сая ам.доллараар нэмэгдсэн нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Иймд гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, экспортын бүтцийг төрөлжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    Төрийн албаны реформын хүрээнд:

Монгол Улсын төрийн албыг цомхон, бүтээмж өндөртэй болгох шаардлага улам бүр тодорхой болж байна. Төсвийн урсгал зардлыг бууруулах, төрийн бүтцийг цомхон, чадварлаг болгож байж үр дүнд хүрнэ гэж тооцож байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 120 гаруй төрийн өмчит, 270 орчим орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниуд 58 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын бүтээмж, үр ашиг хангалтгүй байгаа тул хувьчлах, менежментийн шинэчлэл хийх, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бий.

    Татварын реформын хүрээнд:

Монгол Улсад 108 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний зүгээс татварын дарамттай холбоотой санал, хүсэлтүүд ихээр ирж байна. Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд, аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын цогц реформ ус, агаар шиг хэрэгтэй болоод байна. Иймд Засгийн газрын зүгээс татварын реформыг оновчтой хэрэгжүүлэх, прогрессив татварын тогтолцоог бий болгох, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дарамтгүй, таатай нөхцөлд ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжлийг дэмжих чухал алхам болно.

    Дотоодын бизнесийг дэмжих бодлого

Дотоодын аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэх боломжтой ажлуудыг гадаадын компаниудад шилжүүлдэг алдаатай жишгийг зогсоох цаг болсон. Үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих, тэдэнд өрсөлдөх, хөгжих орон зайг бий болгох нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурь юм. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, завхралыг давтахгүй байхын тулд дотоодын бизнесийн орчныг илүү таатай, шударга болгоход онцгой анхаарах шаардлагатай. Үүний тулд хуулиас давсан журмуудыг цэгцэлж, хууль журмын харьцааг зохистой түвшинд хүргэснээр хүнд суртал, авлигыг үлэмж бууруулах үндэс болох учир УИХ-ын зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно.

    Эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд:

Монгол Улсын эрчим хүчний салбар нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур салбар юм. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний чадлын дутагдал байнга үүсэж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээнд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, 1965 онд байгуулагдсан Дулааны III цахилгаан станцын хүчин чадал хуучирч, саяхан болсон осол нь шинэчлэл, засварын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатайг харуулж байна. Ирэх намар дулааны улирлаас өмнө тус станцын шинэчлэлийг шуурхай хийж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээг хангах нь нэн тэргүүний зорилт байх ёстой.

    Хөдөө аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд:

Сүүлийн 3–4 жил дараалан зудын байдалтай, өвөлжилт, хаваржилт хүндэрч, олон малчин өрхийн амьжиргаанд хүнд ачаа үүрүүлж байна. Улсын хэмжээнд 2023 онд 8.1 сая, 2024 онд 5.2 сая мал хорогдсон нь мал аж ахуйн салбарт томоохон хохирол учруулсан. Иймд Засгийн газрын зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, зудын эрсдэлээс сэргийлэх цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдээс олон чухал асуудлуудыг хөндөж, ажил хэрэгч саналууд гаргалаа. Эдгээр саналуудыг шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагаандаа тусгаж ажиллаарай.

    Эрхэм Ерөнхий сайд аа,

Таны манлайлал дор Монгол төрийн бодлого ард түмний амьдралд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, төрийн хэмнэлттэй, үр ашигтай бүтэц, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогууд нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх ёстойг төгсгөлийн үгэндээ хэлье.

Төр түвшин, Түмэн олон амгалан байх болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.

Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:
  • 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
  • 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
  • 2006-2009 онд FM-104 радиод захирал,
  • 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
  • 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
  • 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа