Author Archives: baaska baaska

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн анхны айлчлал нь хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудас нээж, харилцаагаа бататгасан түүхэн ач холбогдолтойг талууд тэмдэглэлээ.

Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх чухал алхам болсныг онцоллоо.

Нийтлэг үнэт зүйлс, гадаад бодлогын ижил төстэй байр сууриа бататгаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ нотоллоо.

Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил болгохын төлөө бүх түвшинд тууштай ажиллахаар тогтлоо.

Халуун дотноор хүлээн авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Ерөнхийлөгч Яков Милатович талархал илэрхийллээ.

Хоёр улсын төрийн тэргүүний хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Яков Милатович Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улс, Монтенегро Улс нь газар зүйн хувьд алс хол оршдог хэдий ч хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, ардчилсан үнэт зүйлсээрээ ойр дотно холбогддог билээ.

Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Монтенегро Улстай харилцан сонирхсон бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна.

Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны хийж байгаа төрийн анхны айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө.

Өнөөдөр бид өнгөрсөн 20 жилийн ололт, амжилтаа дүгнэн, ирэх он жилүүдэд харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.

Яриа хэлэлцээний дүнд хоёр улсын төрийн тэргүүн “Монгол Улс, Монтенегро Улсын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 7 баримт бичиг солилцлоо.

Бид харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Дэлхийд танигдсан монгол ноос, ноолуур, арьс ширэн  болон өрсөлдөх чадвартай бусад бүтээгдэхүүнийг Монтенегро Улсын зах зээлд нийлүүлж, хамтын ажиллагааны шинэ боломж бий болгохоор санал нэгдлээ.

Дотоодын боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох чадавхыг бэхжүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд Монтенегро Улстай хамтран ажиллах талаар ярилцлаа.

Айлчлалын хүрээнд зохион байгуулах “Бизнес эрхлэгчид хоорондын дугуй ширээний уулзалт” нь аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог бэхжүүлж, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Аялал жуулчлалын салбарт хамтарч, тур оператор компаниудын шууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирлоо.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа нь харилцааны чухал хэсэг хэмээн тодорхойлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрах нь зүйтэй гэж үзлээ.

Соёл, урлаг, спортын салбар бол ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бататган бэхжүүлж, сэтгэл зүрхээрээ холбогдох бас нэгэн чухал гүүр юм.

Тиймээс өв соёлоо харилцан сурталчилж, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ харилцан нотоллоо.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх яриа хэлэлцээний механизм бий болгож, тогтмол ажиллуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Эх дэлхийгээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалах эртний түүхэн уламжлалтай Монгол Улс “Экологийн улс” хэмээн нэрлэгддэг Монтенегро Улстай тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна.

НҮБ болон бусад олон улсын байгууллагын танхимд тохой залган сууж, бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэн манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

Саяхан Улаанбаатар хотноо болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Монтенегро Улсын төлөөлөгчид идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.

Манай улс эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нь нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангахад чухал ач холбогдол өгч, 2022 оноос хойш олон улсын эмэгтэйчүүдийн цуврал арга хэмжээг  Ерөнхийлөгчийн ивээл дор эх орондоо зохион байгуулж ирлээ.

Ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Монтенегро Улсын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны төрийн тэргүүний хувиар хийж буй анхны  айлчлал харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх түүхэн айлчлал болж байна.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бидний хэлэлцэж, тохиролцсон асуудлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний найрамдал нөхөрлөл, сайн сайхны төлөө бодит биеллээ олж,  харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

Ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Монтенегрогийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯКОВ МИЛАТОВИЧ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,

Хэвлэлийн төлөөлөгчид,

Хатагтай, ноёд оо,

Халуун дотноор хүлээн авч, үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ айлчлал хоёр улсын дипломат харилцааны 20 жилийн ойн хүрээнд Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй анхны  айлчлал болж байна.

Мөн манай улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 20 жилийн ойтой давхцаж байна.

Өнөөдөр бид ирээдүйн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг хамтдаа тодорхойллоо.

Бид хоёрын гарын үсэг зурсан Хамтарсан тунхаглал нь улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, хоёр улсын байгууллагуудыг илүү ойртуулах, эдийн засаг, ард түмэнд өргөн боломжийг нээх бидний нийтлэг эрмэлзлийн илэрхийлэл юм.

Европ руу тэмүүлэх Монтенегро Улсын эрмэлзэл, 2028 онд Европын Холбооны 28 дахь гишүүнээр элсэх бидний зорилтыг Монгол Улс дэмжиж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.

Европын интеграцид нэгдэх нь Монтенгро Улсын стратегийн нэн чухал зорилт юм. Бид Европын Холбооны гишүүн болоход ойртож буй энэ үед манай эдийн засаг, нийгэм, ард түмэнд шинэ боломжийг нээсэн түншлэлээ өргөжүүлэхийг зорьж байна.

Бидний энэ зорилтод Монгол Улс чухал ач холбогдолтой түнш юм.

Бизнес, хувийн хэвшил хооронд бат бэх холбоог тогтоох нь чухал гэдэгтэй бид санал нэгдлээ. Тэднийг шууд холбох, бизнес, хөрөнгө оруулалтад идэвхтэй оролцуулах, хоёр улсын зах зээлийн боломжийг нээхэд Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа чиглэх учиртай.

Ойр дотно хэлхээ холбоо нь хамтын ажиллагааны чухал тулгуур юм. Бид агаарын болон олон улсын авто тээврийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг идэвхжүүлэхээр тогтлоо.

Аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай Монтенегро Улс Адриатын тэнгист орших стратегийн чухал байршилтай. Тээвэр, логистокоор холбогдох нь хоёр улсын аялал жуулчлал, бизнес болон бусад хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой.

Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр байгуулсан нь харилцаанд дэмжлэг болох нь дамжиггүй.

Шинжлэх ухаан, боловсролын салбарт нэгэн чухал хуудсыг нээлээ.  Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монтенегро Улсын Шинжлэх ухаан, урлагийн академи болон Монтенегро Улсын Их сургуультай байгуулсан баримт бичиг нь хамтарсан судалгаа, багш, судлаач, оюутан, академик солилцоо, хамтын ажиллагааг өрнүүлэх бат бэх суурийг тавьж байна.

Анхны солилцоо, хамтарсан төсөл, хөтөлбөр ойрын хугацаанд хэрэгжиж эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. 

Их сургууль, шинжлэх ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагаа нэг айлчлалаар тогтохгүй, олон арван жилийн турш тууштай үргэлжлэх  үнэ цэн бүхий харилцаа юм.

Соёл, хэвлэл мэдээлийн салбарын хамтын ажиллагаа ч харилцааны чухал чиглэлийн нэг юм.

Хэвлэл мэдээлэл, музей, соёл, утга зохиолын байгууллага хоорондын ойр дотно хамтын ажиллагаа нь газар зүйн хувьд алс оршдог хоёр улсын ард түмэн бие биеэ таньж мэдэхэд дэм тустай.

Дижитал шилжилт, хиймэл оюун, уур амьсгалын сөрөн тэсвэрлэх чадвар, байгаль орчны хамгаалал зэрэг салбарт мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах боломжийн талаар Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй санал солилцлоо.

Үндсэн хуульдаа “экологийн улс” хэмээн өөрийгөө тодорхойлсон дэлхийн хамгийн анхны улс бол Монтенегро юм. Монгол Улс цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгалийн баялгийн тогтвортой менежментийн арвин их туршлагатай.

Эдгээр салбарт бид бодит хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой гэж үзэж байна.

Монтенегро, Монгол Улс нь НҮБ-ын Дүрмийн үндсэн зарчим, олон улсын эрх зүй, үр дүнтэй олон талт хамтын ажиллагааг тууштай дэмждэг билээ. НҮБ-ын үндсэн зарчмыг хүндэтгэж байгаа нь тулгарч байгаа бэрхшээлийг даван туулах хамгийн чухал суурь юм.

Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Таны санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг Монтенегро Улс сайшаан дэмжиж байна.

Нийтлэг сорилтыг даван туулах, улс хоорондын тогтвортой, тууштай харилцаанд яриа хэлэлцээ чухал үүрэгтэй гэсэн байр сууриа бид нотоллоо.

Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд хамтын ажиллагааны цар хүрээ, чиглэлийг тодорхойлсон бөгөөд бодитоор хэрэгжүүлэх нь бидний үүрэг гэж үзэж байна.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудыг холбож, их сургууль, шинжлэх ухааны академиуд оюутан судлаачдыг солилцон, үндэсний телевиз, хэвлэл мэдээлэл, соёлын байгууллагууд нийгмийн харилцаанд шинэ суваг нээх учиртай.

Түүнчлэн хоёр тал улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, бодит үр дүн гаргах ёстой.

Бид Монтенегро Улс, Монгол Улсын дипломат харилцааны 20 жилийн ололт, амжилтаа дүгнэж, ирээдүйн хамтын зорилтоо тодорхойллоо.

Нэн өндөр хүндэтгэл үзүүлж буй Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Таны Монтенегро Улс, Монгол Улс хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөөх үйл хэрэгт дахин талархал илэрхийлье. Маш их баярлалаа.

med2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зочилж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун угтан авлаа.

Эрхэм Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Монголын эртний төрт улс, Их Монгол Улсын танхим болон Чингис хааны алтан хөшөө зэрэг Монголын түүх, төрт ёс, соёлын өвийг илтгэсэн үзмэрүүдтэй танилцаж, музейн Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улс тусгаар тогтнолоо сэргээсний 20 жилийн ой болон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй энэ онд Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаад талархал илэрхийллээ.

Хоёр улсын нийтлэг үнэт зүйлд тулгуурласан харилцааг өргөжүүлж, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэхүү айлчлал түүхэн ач холбогдолтой болохыг онцлоод, айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын үзэглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдийг салбар бүрд үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх чиглэлээр хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн талаар танилцууллаа.

Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц, боломждоо тулгуурлан, үл шавхагдах баялгийг технологийн хөгжилтэй хослуулж, шинэ эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор тодорхой алхмуудыг эхлүүлээд байгааг онцлов. Түүнчлэн “Ногоон дата төв” байгуулах санаачилга зэрэг технологийн салбарт хамтран ажиллахад Монгол Улсын Засгийн газар нээлттэй гэлээ.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович өмнө нь тус улсын Эдийн засгийн сайдаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны туршлагаасаа хуваалцаад, хоёр улсын харилцааг эдийн засаг, технологийн шинэ агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг онцоллоо.

Монтенегро Улс Европын Холбоонд элсэх үйл явц амжилттай үргэлжилж байгааг дурдаад, цаашид тус холбооны гишүүн улсын хувьд Монгол Улстай хамтран ажиллах шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хувийн хэвшлийг дэмжих, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг талууд онцлов.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал үргэлжилж байна.

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Хоёр улсын төрийн тэргүүн “Монгол Улс, Монтенегро Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Талууд:

  • “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Монтенегро Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
  • “Дипломат сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монтенегро Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
  • “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монтенегро Улсын Шинжлэх ухаан, урлагийн академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
  • “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монтенегро Улсын Их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
  • “Хамтран ажиллах тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монтенегро Улсын Эдийн засгийн танхим хоорондын санамж бичиг”-ийг монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, монтенегрогийн талаас Эдийн засгийн танхимын Дэд ерөнхийлөгч Никола Вуйович,
  • “Хамтран ажиллах тухай хоёр улсын Үндэсний радио, телевиз хоорондын санамж бичиг”-ийг монголын талаас МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл, монтенегрогийн талаас Радио, телевизийн ерөнхий захирал Борис Раонич нар солилцлоо.

Талууд өмнө нь “Үндэсний олимпын хороо хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т 2023 онд Улаанбаатар хотноо, 2025 онд “Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Нью-Йорк хотноо гарын үсэг зурж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

2026 оны 09-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.1-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +23…+28 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +15…+17 градус дулаан байна.

 БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +14…+16 градус дулаан байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болж байгаа энэ айлчлал найрсаг харилцаа, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг өрнүүлэх, тэргүүлэх чиглэлээ тодорхойлох онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрах нь зүйтэй гэж үзлээ.

Айлчлалын үеэр зохион байгуулах хувийн хэвшил хоорондын Дугуй ширээний уулзалт нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн шууд харилцаа, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ.

Талууд олон улс, бүс нутгийн түвшинд гаргасан санал, санаачилгуудаа дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулахаа нотоллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Монгол Улсад 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй бөгөөд Монтенегро Улсаас Монгол Улсад төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчилж байгаа юм.

Тус айлчлалын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатовичыг 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чойжин ламын сүм музейд хүлээн авч үзмэрүүдийг сонирхуулж, монголын нүүдэлчин ахуй, түүх соёлыг танилцууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, албаны бусад хүн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтаж авлаа.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчилж байна.

Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана.

Мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байсан.

Энэ үеэр дээд, өндөр түвшний айлчлал хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн юм.

Монгол Улс, Монтенегро Улс 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна.

Манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулсан байдаг юм.

м2Ерөнхийлөгч Яков Милатович 1986 онд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэй. 2008 онд Монтенегро Улсын Их сургуулийг эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгссөн.

Оксфордын Их сургуульд сурч, 2013 онд эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Англи, итали, испани хэлний мэдлэгтэй.

Нийслэл Подгорица дахь “NLB” банкнаас ажлын гараагаа эхэлж, Франкфурт хот дахь “Deutsche Bank”, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, тус банкны Бухарест дахь салбарт ахлах эдийн засагчаар ажилласан.

2020 оноос Монтенегро Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эдийн засгийн шинэчлэлийн бодлого боловсруулж, Сангийн сайд Милойко Спаичийн хамт “Европ одоо” (Europe Now) хэмээх эдийн засгийн хөтөлбөр санаачилсан.

Цалин нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой энэ бодлого ард түмний дэмжлэгийг авч, нэр хүндтэй болжээ.

2022 онд Сангийн сайдын хамт “Европ одоо” нам байгуулсан нь тус улсын хамгийн нөлөө бүхий намын нэг болсон байна.

2023 онд 36 насандаа сонгуульд өрсөлдөж, орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Яков Милатович улсаа Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлого явуулж байна.

м3Гэргий Милена Милатович эдийн засагч мэргэжилтэй.

Милена Милатович 1989 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, хүмүүнлэгийн үйлсэд анхаарч, түүх, соёл, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, дотоодын үйлдвэрлэгчид, хувцасны брэндүүдийг олон улсад таниулахыг идэвхтэй дэмждэг.

Санхүүгийн салбарт ажиллаж байсан бөгөөд 2021-2023 онд “Монтенегрогийн цахилгаан эрчим хүч дамжуулах систем” төрийн өмчит компанийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн захирлын алба хашиж байжээ.

м4

м5

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн зөрчил гаргасан.

Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” зөрчилд хамаарах тул Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулж, хариуцлага тооцлоо.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.31-2026.09.06) нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 66 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан. Ийнхүү Төрийн албаны зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу 2026 оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1,469, улсын хэмжээнд нийт 2,735 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалтыг есдүгээр сарын 7-9-нд зохион байгуулна. Шалгалтыг өдөрт дөрвөн ээлжээр явуулах бөгөөд нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөхөөр хуваарилжээ.

Өмнөх улирлуудын шалгалтын дүнгээс үзэхэд, 2026 оны I улиралд Улаанбаатар хотод 1,532 иргэн бүртгүүлснээс 1,049 иргэн буюу 68.5 хувь нь шалгалтад оролцож, 365 иргэн буюу 34.8 хувь нь тэнцсэн байна. Харин II улиралд 1,152 иргэн бүртгүүлснээс 917 иргэн буюу 79.6 хувь нь шалгалт өгч, 326 иргэн буюу 35.6 хувь нь тэнцжээ. Дээрх хоёр улирлын шалгалтаар нийт 691 иргэн, шалгалтад оролцогчдын 35.1 хувь нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Шалгалтын агуулга, зохион байгуулалтын арга хэлбэрийг үе шаттайгаар боловсронгуй болгосноор иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил, даалгаврыг ажиллах, холбогдох хууль, журмыг судлах, мэдлэгээ сорих, бататгах боломж бүрдсэн. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлснээр хүний оролцоо, хөндлөнгийн нөлөөллийг бууруулж, шалгалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах нөхцөл бүрдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчлах гэж байна.

Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана.

Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байсан.

Энэ үеэр дээд, өндөр түвшний айлчлал хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн юм.

Монгол Улс, Монтенегро Улс 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна.

Манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулсан байдаг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа