Author Archives: baaska baaska

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2026.09.07) эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлт 10.02 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 64.3 хувийн ирцтэй болов.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт улсын төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч буйг онцолсон юм. Тэрбээр, геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, эрчим хүч, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнээр дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ эгзэгтэй цаг үед бидэнд улс төржсөн төсөв бус, улсаа бодсон хариуцлагатай төсөв, өнөөдрийг аргацаасан зохицуулалт бус харин маргаашийн тогтвортой байдлыг хамгаалсан бодлого хэрэгтэй гэлээ. Хувийн хэвшлийн орон зайг тэлж, тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуулиндаа эзэн болоход анхаарахыг Улсын Их Хурлын дарга уриалаад, аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар Засгийн газрын төсөв санаачлах эрхийг хязгаарлах нь зохимжгүй гэдгийг сануулан хэлсэн юм.

Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сагийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.  Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний долоон сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгджээ. Энэхүү өсөлтийг айл өрх, ард иргэдийн амьжиргаанд шингээх зорилгоор 435 мянган ахмад настны дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар тооцсон байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг

Хүндэт ард иргэд ээ,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд аа.

Нар хур тэгширсэн дэлгэр зун өнгөрч, намрын их ажил хаа сайгүй өрнөн, ирэх өвлийн бэлтгэлээ шамдан базаасан энэ цаг үед хугацаа алдалгүй шийдвэрлэх асуудлууд үүсээд байгаа тул хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд миний бие Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний 7 сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн байна.

Энэхүү өсөлтийн үр өгөөж иргэдийн амьдралд  дэм болж, ахиц дэвшил нь айл өрхийн үүдээр орлого болж орох нь чухал.

Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн тодотголыг Улсын Их Хурал нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Энэхүү төсвийн тодотголоор хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, ахмад настны тэтгэвэр болон төрийн зарим албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгасан онцлогтой байна.

Макро эдийн засгийн эерэг үр дүнг айл өрх, ард иргэдийн амьжиргаанд шингээх хүрээнд 435 мянган ахмад настны дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Энэ нь 600 орчим мянган айл өрхийн орлогод шууд дэмжлэг болно гэсэн үг.

Энэ удаагийн төсвийн тодотголыг үнийн өсөлтөд амьжиргаа нь хүндэрч буй иргэдээ хамгаалах, цалин, тэтгэврийг нэмэх, ирэх өвлийн түлш шатахуун, хүнс, эрчим хүчний болзошгүй эрсдэлийг даван туулахад зориулан боловсруулжээ.

Бид хэлэлцүүлгийн шатанд төсвийн тодотголын тооцооллыг чамбайруулах, аливаа шийдэл, хувилбар, санаачилгад олонх, цөөнх гэж ялгалгүйгээр нээлттэй хандах болно. Гагцхүү тэдгээр хувилбар, санаачилга нь иргэдийн амьжиргаа, цалин, тэтгэвэр,  бизнес эрхлэх орчныг улам бүр сайжруулахад чиглэх ёстой.

Бид өнгөрсөн хугацаанд төсөв хэлэлцэхдээ гагцхүү “ХЭДЭН ТӨГРӨГ ТАВЬСАН БЭ” гэдгээр л  хэмждэг байсан бол одоо харин “ЧУХАМ ЯМАР ҮР ДҮН ГАРСАН БЭ” гэдгээр хэмждэг болох хандлагын өөрчлөлт рүү зоригтой шилжье.

gishuud2026

Олонх цөөнхөөрөө хуваагдсан, орлого зарлага тойрсон хий хоосон, популист талцлаа хойш нь тавьж, улс орны нийтлэг эрх ашиг, ард иргэдийнхээ амьдралыг нэн тэргүүнд бодох цаг үе гэдгийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, гишүүддээ сануулъя.

Энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд өргөн мэдүүлжээ.

Эдгээр нь зөвхөн энэ удаагийн төсвийн тодотголд хамаарах зохицуулалтын шинжтэй өөрчлөлт бус, харин төсвийн тусгай шаардлага, тогтвортой байдал, цаашдын төсөв бүрдүүлэх механизмыг үндсээр нь өөрчлөх суурь зарчмын асуудлууд тул Улсын Их Хурал нухацтай хандах учиртай.

Төсвийн тодотголд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийн орлогыг төсөвт төвлөрүүлэх, ногдол ашгийг нэмэгдүүлэхээр тооцож оруулж ирсэн нь ард түмэндээ байгалийн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээж, жинхэнэ утгаараа БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ болох цаг үеэ олсон сайн өөрчлөлтийн эхлэл хэмээн үзэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, ЭРЧИМ ХҮЧ, ГАЗРЫН ТОС, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭЭР дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.

Ийм эгзэгтэй цаг үед бидэнд УЛС ТӨРЖСӨН ТӨСӨВ БУС, УЛСАА БОДСОН ХАРИУЦЛАГАТАЙ төсөв, өнөөдрийг АРГАЦААСАН ЗОХИЦУУЛАЛТ БУС харин маргаашийн тогтвортой байдлыг ХАМГААЛСАН БОДЛОГО хэрэгтэй.

Иймд Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг 2026 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ улс орны эдийн засаг, хамгийн гол нь иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье.

Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрчээ.

Төсвийн тодотгол бол үр ашиггүй зардлаа танаж чаддаг, зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой.

Цалин тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхдээ инфляцад үзүүлэх сөрөг нөлөөлөл, төсвийн даац, эдийн засгийн бодит боломжтойгоо нягт уялдуулах шаардлагатай.

Мөн хувийн хэвшлийн орон зайг хумих биш тэлж, эдийн засгийн эрх чөлөөг тэдэнд олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуулиндаа эзэн болоход анхаарахыг уриалж байна.

Түлш, шатахууны тасалдал, эрчим хүчний доголдол зөвхөн нэг салбарын асуудал биш.  Үүний шалтгаан нь дотоодоос биш гадаад хүчин зүйлээс хамаатай ч бурууг бусдаас хайж, шалтаг тоочиж суух цаг биш.

Өнгөрөгч хаврын чуулганы төгсгөлд Улсын Их Хурлаас түлш шатахуун, мах, хүнсний ногооны үнэ, хангамжид онцгой анхаарч, намрын ажил, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах талаар Засгийн газарт анхааруулсан. Үүний хэрэгжилтийг нэхэж ажиллах болно.

Эрхэм гишүүд ээ.

Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын заагийг маш тодорхой тогтоосон. Улсын төсвийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрх. Харин түүнийг ард түмний нэрийн өмнөөс хэлэлцэж, хянаж, батлах эсэхээ шийдэх нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх юм.

Энэ хоёр бүрэн эрхийг хольж хутгах, мөн төсвийн төсөл нь аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар төсөв санаачлах Үндсэн хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхийг хязгаарлах хууль тогтоомж Монгол Улсад байхгүй. Нөгөө талаар оруулж ирсэн төсвийн төслийг хэлэлцэж, эцэслэн шийдэх эрх гагцхүү парламентад хадгалагдаж буйг онцлон сануулъя.

Нэг зүйлийг энд зориуд тодруулж хэлье.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын Тамгын газар бүрдлийг нь шалгах, хянах зохицуулалттай. Энэ нь нэг талаас Үндсэн хуульд заасан хууль санаачлагчийн эрхийг хамгаалах, нөгөө талаас өргөн мэдүүлэх хуулийн төслийн бүрдлийг бүрэн хангуулах нөхцөл бүрдүүлж байгаа хэрэг юм.

Харин хууль санаачлагчийн энэхүү эрхийг хязгаарлаж, бүрдэл хангагдсан хуулийн төслийг буцаах эрх Улсын Их Хурлын даргад ч, ерөөс хэнд ч байхгүй.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.

Та бүхнийг “…нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаална” хэмээн өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр улсынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, улс орны эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэн тэргүүнд тавьж, зарчимч, зөв мэргэн шийдвэр гаргахыг хүсье.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаан нээснийг мэдэгдье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА САНДАГИЙН БЯМБАЦОГТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 9 сарын 7. Даваа (Сумьяа) гараг (2026)
Намрын тэргүүн улаан бич сарын 26, жил өдөр хөх бич, мэнгэ 2 хар, суудал ус, од өглөгт охин-6, үл зохилдох барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:18-19:21.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин бар, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
Үс засуулах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, хөрөнгө оруулахад сайн. Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Алтайн өвөр говь, Хангайн уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар

 сэрүүхэн байна.

2026 оны 09-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Говь-Алтай, Архангайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгороор +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +13…+15 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян 10 дугаар сарын 3-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Өнгөрсөн жил нийслэлд 146 мянган иргэнийг вакцинд хамруулж, томуугаар өвдөх эрсдэлийг 13 хувиар бууруулсан. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй 293,619 иргэнийг вакцинд хамруулна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Намрын хичээлийн шинэ жил болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Томуугийн эсрэг хамтдаа” аяныг есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл зохион байгуулж байна. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 146 мянган иргэнийг томуугийн вакцинд хамруулсан. Энэ жил зорилтот бүлгийн 293,619 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ жилийн улирлын томуугийн эсрэг вакцин нь БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакцин бөгөөд томуугийн дөрвөн төрлийн вирусийн эсрэг дархлаа тогтоох үйлчилгээтэй. Өвчилсний дараа арга хэмжээ авахаас илүүтэйгээр өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Тиймээс нийт иргэдээ “Томуугийн эсрэг хамтдаа” аянд идэвхтэй оролцож, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд томуугийн 106,912 тохиолдол бүртгэгдсэний 50 хүртэлх хувийг 0-6 насны хүүхдүүд эзэлсэн. Нийслэлд энэ насны 230 орчим мянган хүүхэд амьдардаг бөгөөд тэдний 210 мянга буюу 80-аас дээш хувийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Томуугийн улирлын идэвхжил аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг. Тиймээс өвчлөл эрчимжихээс өмнө иргэдийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байна. Вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд дархлаа тогтож, томуугийн халдвараас сэргийлэх хамгаалалт үүсдэг. Зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулснаар томуугийн халдвараас үүдэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

  • Боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлагаар ханган ашиглалтад оруулж, орон нутгийн барилга үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер, техникийн ажилчдыг бэлтгэх зэргээр барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат барилгачин Мятавын Могойторт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Гавьяат барилгачин цолоор:

  • “Олно” ХХК-ийн техникийн менежер, Монгол Улсын зөвлөх инженер Равдангийн Дамбий,
  • “Мандал шилтгээн” ХХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Тогооборын Базардар,
  • “Аркон” ХХК-ийн зөвлөх архитектор Сандагийн Тулга,
  • “ББСМО” ХХК-ийн зөвлөх архитектор, Монгол Улсын зөвлөх архитектор Цэрэлийн Мэндбаяр,
  • “Хурд групп” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Нятжавын Даваажав,
  • Нийслэлийн хяналт шалгалтын газрын ахмад ажилтан, “Тулга констракшн” ХХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Ундрахын Ёндон,
  • “Нийслэл өргөө” ХК-ийн ерөнхий захирал, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын үүсгэн байгуулагч Балхүүгийн Ганзориг,
  • “Эл Си Би” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ядамсүрэнгийн Дашдорж,
  • “Есөнталст-Оргил констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Дондогдоржийн Нямаа,
  • “Нью сувагт констракшн” ХХК-ийн ерөнхий инженер, Монгол Улсын зөвлөх инженер Лхагвасүрэнгийн Болдсайхан,
  • “Голден лайт групп” ХХК-ийн захирал Сэнгэжавын Алтангэрэл,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Барилгын салбарын ахмад ажилтан Ишийн Батням,
  • “БТРБ” ХХК-ийн зөвлөх инженер Зундуйн Туул,
  • “Твинхаус констракшн” ХХК-ийн зөвлөх Түдэвийн Энхтуул,
  • “Баганат өргөө” ХХК-ийн Хангамжийн албаны дарга Одсэрийн Жаргалсайхан,

Алтан гадас одонгоор:

  • “Тэргүүн чансаа” ХХК-ийн сантехникийн слесарь Даваажавын Бямбацэрэн,
  • “ББСМО” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Бат-Очирын Сүнжидмаа,
  • “Хатанбаатар” ХХК-ийн ерөнхий инженер Борчулууны Чулуунцэцэг,
  • “Хөх Бүрдний Эх” ХХК-ийн захирал Нансалын Энхтайван,
  • “Монтед констракшн” ХХК-ийн цахилгааны инженер Ганбатын Баярцэцэг,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын ахлах шинжээч Балгансүрэнгийн Гандолгор,
  • “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал Мөнхсаруулын Энхбаатар,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “БҮТИ” ХХК-ийн Материал хангамжийн албаны дарга Жагаагийн Бэхбат,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Баярсайханы Энхчимэг,
  • “Собт трейд” ХХК-ийн ерөнхий инженер Өлзийбаярын Мөнхбаяр,
  • Барилгын хөгжлийн төвийн Хот төлөвлөлт, бүс нутаг суурьшлын хөгжлийн газрын дарга Жаргалсайханы Батболд нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

02

03

04

05

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга, байгууламжийн бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлагаар ханган ашиглалтад оруулж, барилга үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер, техникийн ажилчдыг бэлтгэх зэргээр барилгын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац”-ын тэргүүн, “Улаанбаатар барилга” компанийн ТУЗ-ийн дарга, Гавьяат барилгачин, зөвлөх инженер Баатарын Жүгдэрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Гавьяат барилгачин цолоор:

  • “АКСИОМ констракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Шаравын Төрбат,
  • “Гангар групп”-ийн ерөнхийлөгч Сүрэнжавын Пүрэв,
  • “Көшелик” ХХК-ийн зөвлөх инженер Сахабылын Мадетхан,
  • “ОДТОБ” ХХК-ийн сантехникийн инженер Намсрайн Батжаргал,
  • “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Дагвын Гүньбазар,
  • “Сант номун” ХХК-ийн зургийн ерөнхий инженер Хөхийн Оюунчимэг,
  • “Эн Си Ди прекон” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Доржийн Энхтүвшин,
  • “Түшиг багана” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Цэндийн Ганхүрэл,
  • “Цант Буянт констракшн” ХХК-ийн захирал Чогсомын Батзориг,
  • “Сойл Трейд” ХХК-ийн ерөнхий захирал Анандын Батсайхан,

Сүхбаатарын одонгоор:

  • Барилга, хот байгуулалтын сайд асан, ЮНЕСКО-гийн үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Бэгзжавын Мөнхбаатар,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженер Зунайн Нэрмөнх,
  • “ББСМО” ХХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Цэдэн-Ишийн Төгсжаргал,
  • “Жигүүр гранд групп” ХХК-ийн заслын мастер багш Бямбацэрэнгийн Чанцалдулам,
  • “Монкон групп” ХХК-ийн ерөнхий захирал Чимэдцэрэнгийн Дарханбаатар,
  • “Аж богд Моунтэйн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Пүрэвжавын Эрдэнэхүү,

Алтан гадас одонгоор:

  • “Тэргүүн чансаа” ХХК-ийн дотоод засал чимэглэлчин Жүүжингийн Уранчимэг,
  • “Бусана” ХХК-ийн захирал Зүмүүгийн Жаргалсайхан,
  • “Могсу” ХХК-ийн мужаан Амгаланбаатарын Отгонбаяр,
  • “Таван Богд Холдингс” ХХК-ийн барилгын төслийн албаны дарга Эрдэнэбаатарын Цогтбат,
  • “Тоонот элеватор” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Дамирангийн Бүтэмж,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Баясгалангийн Хашчимэг,
  • “Хурд групп” ХХК-ийн хяналтын инженер Дамдинсүрэнгийн Сүх,
  • “Макс өргөө” ХХК-ийн дулаан, сантехникийн инженер Мөнх-Очирын Болорцэцэг,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот, суурин, ариутгах татуургын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Пүрэ-Ойдовын Очирдаваа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь

Монгол-Оросын хилийн боомтууд энэ сард хэвийн ажиллах бол Монгол-Хятадын автозамын Байтаг боомт есдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд түр хаана. Мөн автозамын Булган, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр боомт есдүгээр сарын 25-ны өдөр түр хаана.
boomt
Эх сурвалж: Монголын гааль

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ээлжит бус чуулган товлон зарлалаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт  (2026.09.03) “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргав.

Захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 07-ны өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрүүдэд хуралдуулахаар зарлаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлолоо.

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 2026 оны есдүгээр сарын 07-ны Даваа гарагийн 10:00 цагт эхэлнэ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

chuulga 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү /2026.09.03/ бараалхав.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд ноён Мотэги Тошимицү-г манай оронд албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэхэд Монгол Улсын Их Хурал болон Япон Улсын Парламент хоорондын харилцаа  чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглээд парламент хоорондын харилцан айлчлал, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг тогтмолжуулж, шинэ шатанд гаргаж ажиллахад санал нэгдлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж  байгаад талархлаа илэрхийлсэн.

Тэрбээр, Миний бие Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа агаарын тээврийг либерчлах бодлогын ажлыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2023 онд зорчигч тээврийн урсгал, шууд нислэгийн давтамж 3-4 дахин нэмэгдэж,  мөн тийзний  үнэ гурав дахин буурсан гэв. Мөн тухайн үед зогссон байсан орон нутгийн нислэг дахин сэргэж, найман аймаг руу нислэг үйлддэг болж, ахмадууд, жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд голчлон зорчдог болсныг дуулгав.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо 2022 онд 600 мянга байсан бол 2025 онд дөрөв дахин нэмэгдсэн. Энэ хэрээр ачаалал нэмэгдэж байна. Иймд дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудал руу шилжүүлбэл ахмад настан, жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт 60 мянган монгол иргэдийг илүү бага зардлаар, зорьсон газар нь шуурхай хүргэх тул, уг асуудалд анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт  хүслээ.

Монгол Улс, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн чухал багана болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал ач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга дурдаад, 2015 онд Япон Улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын 5700 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тус улсын зах зээлд татваргүй гарах нөхцөл бүрдсэн хэдий ч тодорхой саад бэрхшээлтэй тулгарч, экспорт 2015 оны түвшнээс буурсныг хөндөв. Тиймээс цаашид гадаад худалдааны тэнцвэрт байдлыг бий болгоход хамтын оролцоо, хүчин чармайлт чухал байгааг яриандаа онцоллоо.

Мөн хоёр улсын иргэд хоорондын харилцаа улам бүр бэхжин буй энэ цаг үед тус улсад 21 мянга орчим монгол иргэд тогтмол сурч, ажиллаж байна. Иймд Япон Улсад богино хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх асуудлыг судлан, шийдвэрлэхийг хүссэн юм.

Эрхэмсэг ноён Мотэги Тошимицү Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод бараалхах завшаан тохиосонд баяртай байгаагаа илэрхийлээд, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийхэд халуун сэтгэлээр хүлээн авсан Монголын ард түмэнд талархаж явдгийг уламжлав.

Тэрбээр Монгол Улс, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлээд, Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, зарчмын тохиролцоонд хүрснийг дуулгав.

Мөн Улсын Их Хурлын даргын тавьсан дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудал руу шилжүүлэх, Япон Улсад богино хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх саналыг судлан, онцгой анхаарал тавьж ажиллахаа илэрхийллээ. Улмаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Япон Улс шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэв.

Уулзалтаар талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа парламент болон Засгийн газрын сайн туршлагыг судлан, хууль тогтоох үйл ажиллагаандаа нутагшуулах, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг аж ахуйн нэгж, иргэдэд бодитоор хүргэх, давхар татварыг хэлэлцээрийн талаар хөндөж, санал солилцсон.

Уулзалтад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү болон албаны бусад төлөөлөл байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн авч уулзлаа.

Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд хөгжиж байгаагийн тод илэрхийлэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

“Гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг онцоллоо.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдсэнийг онцолж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.

Зах зээлийн нийгэмд шилжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын үе үеийн Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын төр, засаг, ард түмэн ямагт талархаж байдгийг тэмдэглэв.

Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засаг, тэр дундаа цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, гарааны бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-д Японы төлөөлөгчид оролцсонд талархал илэрхийлж, ирэх сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д гишүүд оролцоно гэдэгт итгэж буйгаа хэлэв.

Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр зарчмын хувьд тохиролцсоныг талууд сайшаалаа.   

Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийн  “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шат ахиулж, “хүн төвтэй“ “Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан  хөгжүүлэхээр тогтсон нь хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Японы тал идэвхтэй оролцож байгааг тодотголоо.

Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд С.Уно 1989, Ё.Кавагүчи 2004, К.Окада 2010, Т.Коно 2019, Т.Мотэги 2020, Ё.Хаяши 2022 онд манай улсад айлчилж байсан юм.

Монгол, Япон Улс 1972 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин могой өдөр

Аргын тооллын 9 сарын 4. Баасан (Сугар) гараг (2026)
Намрын тэргүүн улаан бич сарын 23, жил өдөр цагаагчин могой, мэнгэ 5 шар, суудал шороо, од чөлөөт эх-3, шид барилдлагат. Хутганы ир, лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:13-19:27.
Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин гахай, бар, туулай, нохой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Үхэр, тахиа, могой, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
Үс засуулах, гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, равнай үйлдэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, газар хагалах, тариа ногоо тарих, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа