Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 18 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

5-р сарын 15-16-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

 2025 оны 05-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +9…+14 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

Дулааны улиралд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу суррон, мопедын хэрэглээ нэмэгддэг. Тэгвэл эдгээр мотоциклын ангилалд хамаарч буй тээврийн хэрэгслийг үзлэгт оруулж, гэрчилгээ, улсын дугаар олгож хөдөлгөөнд оролцуулах юм. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Тэрбээр “Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу мотоциклийн төрлийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд их оролцож байгаа. Мөн шинэ төрлийн тээврийн хэрэгсэл болох суррон, скүүтэр, мопедыг мотоциклын төрлийн тээврийн хэрэгслээр бүртгэдэг.

Тиймээс иргэд, ААНБ-үүд суррон, мопедтой хөдөлгөөнд оролцохдоо мотоцикл, автомашины адил тээврийн хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийн гарал үүсэл, гаалийн бичигтэйгээр техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж бүртгүүлснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарыг авна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түшиг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ар шүрэн” гэдэг газарт энэ сарын 01-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 10:10 цагт бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө.

Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Цагааннуур сум, орон нутгийн нийт 336 хүн, 33 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.

Урьдчилсан байдлаар түймэрт 26562.9 га талбай өртсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулах санаачилга гаргасан юм.

Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч оролцлоо. Тэр бээр, энэ бол зөвхөн нэгэн барилгын эхлэл биш, харин сувилахуйн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, судалгаанд суурилсан, чанартай, сувилахуйн тусламж, үйлчилгээ төлөвших, сувилагч нар тасралтгүй суралцах,  шинжлэх ухаан, технологийн ололтыг цаг алдалгүй нэвтрүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх шинэ замналын эхлэл гэдгийг онцоллоо.

Иймээс барилгын ажлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэж, 2026 оны энэ өдөр тохиох “Олон улсын сувилагчдын өдөр” ашиглалтад оруулахын төлөө холбогдох яам, төрийн байгууллагууд онцгой анхаарахыг чиглэл болголоо.

Мөн бүтээн байгуулалтад оролцож байгаа бүх хүн, аж ахуйн нэгж, байгууллага болон  ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зүтгэж байгаа  эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нарт талархал илэрхийллээ.

Найман давхраас бүрдэх энэ төв 4,846 м2 талбайтай, 100 гаруй өрөөтэй, хоол, сэргээн засахуй, хэл засал, төрөлжсөн сувилахуйн ур чадвар хөгжүүлэх эмнэл зүйн дуураймал орчин, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, судалгаа, инновац, бие даан суралцах төв зэрэгтэй байх юм.

Өөрөөр хэлбэл олон улсын чиг хандлагад нийцсэн иж бүрэн төлөвлөлт, орчин үеийн шийдэл бүхий ухаалаг систем, тоног төхөөрөмжтэй, сувилагчдыг сувилахуйн бүх шатны тасралтгүй сургалтад хамруулж, судалгаа, хөгжлийг нь дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

“Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн барилгын ажлыг “Эйч Ар Ви констракшн” ХХК гүйцэтгэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин хонь өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 14. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 17, харагчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал огторгуй, хонгорцог-17 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:15-20:22.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, хонь, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, лам болох, буян номын үйл, ном сонсох, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, бэрийн үйл, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, гадагш өгөх, нохой авах, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, малын үс, ноос хяргах, хөрөнгө исгэх, үр цацах, бузарыг дарж, дайсагнах үйл, мал хөнгөлөх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 14 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

5-р сарын 13-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, бороо нойтон цас орно.

2025 оны 05-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улс болон Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Улаанбаатарын соёлын өдрүүд” тавдугаар сарын 10-11-ний өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотын Маргарет арал дээр боллоо. Тус арга хэмжээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо – нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн Европ зах зээлийн салбар холбооны 8 гишүүн тур оператор компани оролцож байгаа юм. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны НЭЗХЭ, Будапешт хотын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газар болон дипломат харилцаа хариуцсан төлөөллүүдтэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтад Монголын талаас нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д. Батсүх, НАЖГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Туул, АЖМХ-НЭЗХЭ-ийн гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, гадаад харилцааны менежер Ш. Анхбаяр, Унгар Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны соёлын атташе Т. Бүрэнжаргал, хэлмэрч Ч. Энхбат нар оролцов. Унгарын талаас Будапешт хотын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Коталин Датнер, Гадаад харилцааны газрын дарга Орсоля Хладони нар оролцож, хоёр улсын аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааны боломжуудын талаар харилцан санал солилцов.

Уулзалтын үеэр Коталин Датнер нь Будапешт хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, хотын бодлогын чиг хандлагын талаар товч танилцуулга хийсэн бол нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монгол Улсын аялал жуулчлалын хөгжил, жуулчин хүлээн авах бэлэн байдал, боломжуудын талаар мэдээлэл өгч, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ. Энэхүү уулзалт нь хоёр орны аялал жуулчлалын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл болсныг талууд дүгнэлээ.

Арга хэмжээний онцлох үйл явдлуудын нэг нь Унгар улсын иргэдэд зориулсан Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, сурталчилгааны өдөрлөг байв. Уг өдөрлөгийг Монголын талаас оролцож буй 8 тур оператор компани хамтран зохион байгуулж, байгаль, соёл, нүүдлийн ахуй, адал явдалт аялал зэрэг Монгол Улсын голлох аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг Унгарын үзэгчдэд танилцуулсан юм. Мөн олон нийтийн сонирхлыг татсан “Монголын талаар хэн сайн мэдэх вэ” сэдэвт асуулт-хариултын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, идэвхтэй оролцсон иргэд дундаас шалгарсан нэг азтан Монгол Улсад аялах эрхийн бичгээр шагнуулсан байна. Уг шагналыг АЖМХ-НЭЗХЭ-ийн Европ зах зээлийн салбар холбооны гишүүн 8 байгууллага хамтран ивээн тэтгэжээ.

“Улаанбаатарын соёлын өдрүүд”  арга хэмжээ нь Монгол орныг Унгарын жуулчдад илүү ойртуулж, аялал жуулчлалын салбар дахь бодит үр дүнтэй харилцааг өргөжүүлэх чухал алхам боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 09-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.11/ 18:57 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, мөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн “Төмөртэйн” төмрийн хүдрийн уурхайн ажилчид, Тариа бригад, Хүдэр сумын мэргэжлийн ангийн нийт 115 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм. Урьдчилсан байдлаар тус түймэрт 104 га ойн талбай өртсөн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ёслолд оролцож, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид болон зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ.

Ерөнхийлөгч, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эдгээн илаарьшуулах, сэргээн засахад сувилагчдын  хувь нэмэр, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг тэмдэглэлээ.

Төр, засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагчдыг бэлтгэх чиглэлээр багагүй анхаарч, сувилагчийн цалинг 2019 онтой харьцуулахад 1.7-2 дахин нэмж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлснийг онцоллоо.

Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт энэ намраас Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв ажиллаж эхлэхийг дурдлаа.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байгааг дуулгалаа.

Цаашид сувилагчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэшил эзэмшүүлэх, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг сурталчлан таниулахад онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.

Сувилагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгоход төрийн бодлого, үйл ажиллагаа чиглэх учиртайг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны хүчин зүтгэл, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг төрийн тэргүүн хэллээ.

Манай улс 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувь юм. 1,000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2.4 дахин цөөн гэсэн үг. Мөн манай улсад сүүлийн 4 жилд бэлтгэсэн нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн статистик судалгаа гарчээ.

“Сувилагч тандаа баярлалаа-2025” арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, хувь хүний хөгжлийн илтгэл болон “Эдийн засаг, нийгмийн хөгжилд сувилагч бидний оролцоо” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болох юм.

Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин могой өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 12. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 15, цагаагчин могой, мэнгэ 8 цагаан, суудал шороо, эрхтний тэргүүн-15 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:18-20:19.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин гахай, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эхэлж ном сонсох, суурь тавих, угаалга, залбирах, нүүдэл хийх, эм найруулах, мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, бэрийн үйл, замд гаргах, эд юм өгөх, арилжаа наймаа хийх, морь худалдах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, заргалдах, өс дарах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, үхэгсдийн үйл, ан гөрөө хийх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

5-р сарын 12-нд Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.

2025 оны 05-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +13…+18 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр +16… +21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +20…+22 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +19…+21 градус дулаан байна .Оройдоо сэрүүснэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсэж +16…+18 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эмгэнэл

ЦЭНДСҮРЭНГИЙН ЭНХМАНЛАЙ

(1956-2025)

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, анд найз, төрөл төрөгсөд төдийгүй Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ц.Энхманлай нь 1956 оны 9-р сарын 27-нд Улаанбаатар хотноо мэндэлж, 1974 онд ерөнхий боловсролын дунд сургууль, Төмөр замын техникумыг дүүргэж, 1975 оноос ажлын гараагаа эхлүүлж УБТЗ-ын ажилчин залуусын “Ногоон гэрэл” хамтлагт хөгжимчин, 1977 онд МҮЭСТО-ы дэргэдэх “Айзам” хамтлагийг үүсгэн байгуулагч гишүүн, 1978 онд ардын армийн 122 дугаар ангийн байлдагч, 1978-1983 онуудад үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Соёмбо” чуулгын хөгжимчин, 1983 онд Улсын циркийн хөгжимчин, 1986-1988 онд “Цирк-Эстрад” хамтлагийн уран сайхны удирдагч, хөгжимчнөөр тус тус амжилттай ажилласан юм.

1989 онд УДЭТ-ын дэргэд “Харанга” хамтлаг, 1993 онд “Харанга” рок төвийг санаачлан байгуулж, залуу хамтлаг, уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилтын байр танхим, хөгжмийн зэмсгүүдээр хангаж, уран бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлдэг үлгэр жишээ удирдагч байв. Мөн 2005 онд “Ажнай хуур” үндэсний хөгжмийн хамтлагийг үүсгэн байгуулж, 2017 онд Хүүхдэд зориулсан хамгийн анхны энтертайнмент тайзтай, “49-р гудамж” хүүхэд, залуучуудын театрыг үүсгэн байгуулж, уран сайхны удирдагчаар 2022 он хүртэл ажилласан билээ. Монголын орчин цагийн дуу, хөгжмийн хөгжлийг түүчээлсэн, эстрад, рок поп урлагийн салбарт өөрийн нэрийг дархалсан эрхэм хүмүүн байсан юм.

Тэрээр 1978 онд Авирмэдийн хөгжим “Өссөн нутаг” дууг дуулснаар олонд танигдаж, уг дуу нь Монголын радиогийн “Алтан фонд”-д бичигдэн үлдэж, 1988 онд “Найман гитарын цуурай” фестивальд оролцож тэргүүн байр эзэлж чадварлаг залуу уран бүтээлч болохоо харуулж чадсан юм.

Ц.Энхманлай нь 20 гаруй кино, жүжгийн хөгжмийг туурвисан бөгөөд 1987 онд “Мэргэн Бөөдий” телевизийн богино хэмжээний УСК, 1992 онд “Босоо ороолон” МУСК, 1993 онд “Өдрийн оддын зүгт” МУСК, 1995 онд “Шувуухай” МУСК, мөн тус онд “495” рок драмын жүжиг, 1997 онд Японы NHK телевизийн “Нар хиртэлт” баримтат киноны хөгжим, 1999 онд “Тэнхээтэй сэтгэл” МУСК, мөн ондоо “Амьдралын урсгал” МУСК, “Сэтгэлд шивнэсэн үг” МУСК, 2001 онд “Амин хайр”, “Будилаан” МУСК-ны хөгжмийг бичиж найруулжээ. Түүнчлэн Б.Лхагвасүрэнгийн “Чимээгүй шөнө” жүжиг, “Жамуха” жүжиг, “Бүгд унтаж байхад” зэрэг жүжгийн хөгжмийг зохиож “Харанга” рок хамтлагийн анхны “Амьдрал” тоглолтoo нэрлэсэн “Амьдрал” дууны шүлэг, аялгуу, “Аялгуу”, “Кисс ми”, “Шивнээ” зэрэг дууны аялгуу, “Зэрэглээ”, “Энэ бол дурлал биш”, “Зүүдэндээ би хайртай”, “Шүүдэр цэцэг”, “Манан”, “Тийм ээ”, “Алсын гялбаа” зэрэг дууны шүлгүүд, “Зөвхөн Монголдоо”, “Аялгуу”, “Чамдаа дуулах дуу”, “Блюз”, “Кисс ми”, “Аавдаа” зэрэг дуунуудыг “Харанга” хамтлагаараа дуулж олны хүртээл болгожээ. Улмаар “Хүжийн гал”, “Өссөн нутаг”, “Бүүвэйн дуу”, “Отгонтэнгэр”, “Хүү чинь таныгаа” зэрэг хувийн уран бүтээлүүдээ туурвиж, 2006 онд “Амьдрал аялгуу” цомгоо сонсогчдодоо хүргэж, 1994 онд бие даасан “Учралын хорвоо”, 2006 онд “Амьдрал аялгуу” тоглолтуудаа толилуулсан юм.

Тэрээр Монголын бүх цаг үеийн рок, попын уран бүтээлчдэд зориулан “Чамайг тоссон зам”, “Чимээгүй шөнө” жүжгийн дуу, “Амласан хайр” тэргүүтэй олон арван хит дууг зохиосон чадварлаг хөгжмийн зохиолч, уран бүтээлч байлаа.

Ц.Энхманлай “Харанга” хамтлагтайгаа 1989 онд “Амьдрал”, 1991 онд “Дэлхий ертөнц”, 1993 онд “Миний рок”, 1994 онд “Харанга” хамтлагийн 5 жилийн ойн тоглолтууд, “Тэртээх өдрүүд”, 1997 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон Монголын Соёлын өдрүүдэд оролцож байв. 1998 онд “Эрин зууны хөг” тоглолт, 1999 онд “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт, “Бодлын тэнгис” анплагед тоглолт, 2002 онд “Хурд” хамтлагтай хамтарсан тоглолт, 2004 онд “Харанга” хамтлагийн 15 жилийн ойн тоглолт, “Ертөнцийн өнгө” тоглолт, 2009 онд “Харанга” хамтлагийн 20 жилийн ойн тоглолтууд, 2011 онд “Амьдрал-2” тоглолт, 2014 онд “Харанга” хамтлагийн 25 жилийн аялан тоглолтууд, 2018 онд “Хайрла…” тоглолт, 2019 онд “Замд гаръя…” 30 жилийн ойн тоглолт, 2022 онд “BEST of HARANGA” тоглолт, 2024 онд “Амьдрал” амьд хөгжмийн наадам, “Анплагед” тоглолтоо толилуулсан юм.

Ц.Энхманлай нь “Харанга” хамтлагтайгаа дэлхийн олон улс оронд аялан тоглолтоо амжилттай тоглож, 2009, 2011 онд Монгол орноо бүтэн тойрч үзэгч түмэндээ тоглолтоо хүргэсэн билээ. Тэр өөрийн улсад төдийгүй олон улсын орчин цагийн дуу хөгжмийн түүхэнд алдраа цуурайтуулсан шилдэг уран бүтээлч байсан ба 1990 онд “Сарны өртөө” рок хөгжмийн наадмын “Шилдэг гитарчин”, Гран При шагнал хүртэж, “Ая дууны жигүүр” наадмын шилдэг дуугаар “Амьдрал” дуу, 1991 онд ”Ая дууны жигүүр” наадмын шилдэг дуугаар “Аялгуу” дуу, Казакстан Улсын Алма Ата хотноо зохион байгуулагдсан “Азийн дуу хоолой” наадмын тусгай байр, 1994 онд “Пентатоник” рок поп хөгжмийн наадмын “Шилдэг хамтлаг”, 1995 онд “Шилдэг гитарчин”, 1998 онд “Шилдэг хамтлаг”-аар тус тус шалгарч, 2016 онд “Алдрын од” одонгоор шагнагджээ.

Түүний Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлэн 1994 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, 2000 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2019 онд Монгол Улсын Төрийн соёрхол цол, тэмдгээр тус тус шагнаж байжээ.

Ц.Энхманлай нь элбэрэлт ханийнхаа түшиг тулгуур, үр хүүхдүүдийнхээ ачлалт аав, хамтлагийнхаа уран бүтээлийн ундарга, хөгжмийн урлагийн тансаг аялгуу, Монголын гитарчдын Домог- Ноён оргил, үзэгч сонсогчдынхоо сэтгэлийн мөнхийн дуудлага нь байж чадсан юм.

Түүний энгүй ухаалаг тэнүүн төрх, тэнгэр мэт уужим сэтгэл, уудалж барамгүй авьяас билиг үеийн үед үүрд хайрлагдаж, санан дурсагдах болно.

…Ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч

Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа…

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн  баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.

Ялалтын баярын жагсаалд ОХУ-ын 11 мянга гаруй цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.

28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалыг 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан ахаллаа.

Алба хаагчид өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсын цэргийн багтай хамтран бэлтгэлээ хийжээ.

Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор хөдөлмөрлөж, Зөвлөлт Холбоот Улс, Улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, 500 мянган агт морьдоос гадна зургаан удаа дулаан хувцас, хоол хүнс, бүхий 740 вагон тусламжийн бараа нийлүүлж, ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.

IMG_20250510_094709_690-1024x682

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин туулай өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 10. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 13, шарагчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал хий, тэргүүн дагуул-13 од, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:21-20:17.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин тахиа, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин багш шавь барилдах, даллага авах, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, бэрийн үйл, амраг садан бололцох, цэрэг хөдөлгөх, тээрэм босгох, андгай тавих, чуулах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа