Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 24 градус дулаан

                                         Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны 05-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                          цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16…+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Хүн төрөлхтнийг заналхийлсэн фашизмын аюулаас чөлөөлсөн Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье.

Дэлхийн II дайны жилүүдэд манай ард түмний амьдрал хүнд бэрх байсан хэдий ч Монгол Улс “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан доор дайны эсрэг хөдөлгөөнийг өрнүүлж, галт тэрэгний 6 удаагийн цуваагаар хоол хүнс, дулаан хувцас зэрэг бэлгийг фронтод хүргэж, хагас сая гаруй агт морьд, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, ”Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Зөвлөлтийн ард түмэн, цэргийн армид илгээж, их ялалтад бодитой хувь нэмрээ оруулсан билээ.

Энэхүү түүхэн ялалтын ач холбогдол нь Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдах нөхцөл шалтгаан болж, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, дэлхий нийтээр дайн, үл ойлголцол, сөргөлдөөнөөс ангид байх олон талт яриа хэлэлцээрийг дипломат аргаар явуулах, түүнийг баталгаажуулах нөхцөл болсон.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хурал олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах үйлсэд тууштай байна.

Тиймээс ардчилсан Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт нь хөрш орнууд хийгээд олон улстай найрсаг, дипломат харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, найрамдал, амар амгалан байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулсаар байх явдал юм.

Фашизмын аюулыг дарж, хүн төрөлхтний энх тайвны төлөө амь биеэ зориулсан эрэлхэг дайчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгалыг мэхийн хүндэтгэе. Хүн төрөлхтөн дайны сүүдрээс ангид байж, эх дэлхий амгалан орших болтугай.

Энэхүү Их ялалтын баяраар Та бүхэндээ аз жаргал, амар тайван, эрүүл энх, сайн сайхан бүхнийг Улсын Их Хурлын өмнөөс хүсэн ерөөе.

Улаанбаатар хот

2025.05.09

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яамны харьяа академи, их, дээд сургуульд суралцаж буй монгол офицер, ахлагч нарын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх алба хаагчдыг Зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө цэргийн эрдэмд хичээнгүйлэн суралцахыг захилаа.

Хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын гэрээний дагуу 2007 оноос ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад жил бүр 80-130 хүртэл цэргийн алба хаагч суралцдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны 25 академи, их, дээд сургуульд 400 орчим хүн цэргийн 30 гаруй мэргэжлээр суралцаж байна.

Ерөнхийлөгч мөн сонсогч нарын хамт Москва хотын “Метрополь” зочид буудлын хананд байрлуулсан жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит дурсгалын самбарт цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Д.Сүхбаатар 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр энэ байшинд БНМАУ болон ЗСБНХУ-ын хоорондох найрамдлын гэрээ байгуулахад оролцсоны дурсгалд зориулан энэ самбарыг суурилуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэл, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, НБОГ-ын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймэр 3, шар өвсний гал түймэр 225 удаа бүртгэгдэж, шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин өсжээ. Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт хүрсэн буюу хуурайшилт маш өндөр байна. Мөн ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаа учраас гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэд, олон нийтэд анхаарууллаа.

Д.Хадбаатар: Шар өвсний гал түймэрт айлын хашаа, гэр, малын саравч, автомашин зэрэг нийт 108 эд хөрөнгө өртсөн

Мэдээллийн үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд он гарсаар Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шарын хоолой, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уул, Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх ууланд ой хээрийн түймэр гарч, шуурхай арга хэмжээ авч, унтрааж ажилласан. Шар өвсний гал түймэр он гарсаар 255 удаа бүртгэгдсэн. Ил гал гаргах, татсан тамхиа унтраахгүй хаях, шар өвс шатаах, үнс нурмаа тагтай саванд хийгээгүй зэргээс гал түймэр гарч байна. Мөн дулаарч байгаатай холбогдуулан зуслангийн бүсэд хашаа гагнах үеийн гагнуурын оч, цахилгааны буруу угсралт зэрэг нь гал түймэр гарах үндсэн шалтгаан юм.

Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр зонхилон гарч байна. Шар өвсний гал түймэрт айлын хашаа 75, өвөл, зуны сууц 10, гэр 10, бие засах газар 6, малын саравч 3, чингэлэг 2, хүлэмж 1, автомашин 1 нийт 108 эд хөрөнгө өртсөн байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд иргэдийг зорчуулахгүй байх захирамж гаргасан. Иймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, ил гал гаргахгүй байх, аюулгүй байдлаа хангахад анхаарна уу. Цаг уурын байгууллагын мэдээллээр амралтын өдрүүдээр 20 хэм болж дулаарах төлөвтэй байна. Энэ үед ЕБС, их, дээд сургуулийнхан төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөе. Зуслангийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүд хашаагаа засах, гагнах үедээ аюулгүй байдлаа бүрэн хангах, шар өвсийг хадуураар хадах, мэргэжлийн хүнээр цэвэрлүүлэх, хогийн цэгт хаяж хэвшмээр байна. Нэг хүний санамсар болгоомжгүй үйлдэл эдгээр эрсдэлийг дагуулж байгаа юм” гэлээ.

Г.Нацаг: Гал түймрээс сэргийлэх хөдөлгөөнт эргүүл болзошгүй эрсдэлийн 23 түймрийг унтраалаа

Гал түймрийн эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг мэдээлэл өглөө. Тэрбээр “Он гарснаас хойш урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн арга хэмжээг нийслэлийн ногоон бүсийн 5 чиглэлийн ойн сан бүхий газар гуравдугаар сарын 20-ноос эхлэн зохион байгуулж байна. Ойн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны хугацаанд ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй үе гэж тооцдог. Тухайн 5 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлд нийслэлийн онцгой, цагдаа, байгаль орчны газрын бие бүрэлдэхүүн ажиллалаа. Дээрх хугацаанд болзошгүй эрсдэлийн 23 удаагийн түймрийг унтрааж, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах ангиудтай хамтран 21 удаагийн түймрийг унтраалаа.

Нийслэлийн Байгаль орчны газраас 49 албан хаагч амралтын өдрийг оролцуулан гуравдугаар сарын 20-ноос эхлэн гал түймэр гарах эрсдэлээс сэргийлсэн хариуцлагатай жижүүрийг хийж ажиллалаа. Мөн орон нутгийн иргэдээс 60 иргэнийг урамшуулалт эргүүлээр ажиллуулсан. Гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээж, хүргэсэн. Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт хүрсэн буюу хуурайшилт маш өндөр, хур тунадас харьцангуй бага байна. Тиймээс иргэд ногоон бүсэд ил задгай гал гаргахгүй байх, оч баригчгүй техник хэрэгсэлтэй зорчихгүй байхыг сэрэмжлүүлье” гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 97 аж ахуйн нэгж байгууллагад 11 чиглэлээр хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнөөдрөөс хийж эхэллээ. Төлөвлөгөөт шалгалтыг тавдугаар сарын 5-ны өдрөөс долоодугаар сарын 5-ны хооронд зохион байгуулна.

Энэ хүрээнд барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын талбайн зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний угсралтыг онцгойлон шалгах бөгөөд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, гүйцэтгэлд хяналт хийх юм.

Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Сүүлийн жилүүдэд нийслэл хотод барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж буй. Тэр хэрээр эрсдэлүүд гарч байна. Тухайлбал, барилга байгууламж ашиглалтад орсны дараа зөрчил ихээр илэрч байгааг дурдах нь зүйтэй. Иймд угсралтын явцад хяналт шалгалтыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн 97 аж ахуйн нэгж, байгууллагад Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тав хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, хяналт шалгалтыг хийж байна” гэлээ.

Дашрамд, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд хамгийн их барилга байгууламж барьж байгаа бөгөөд дийлэнх нь орон сууцны зориулалтаар баригдаж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2025 оны Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд зарлалаа.

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд зарлалаа.
“2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа. Өнгөрсөн жил буюу 2024 оны хавар 33361 сурагч энэ шалгалтыг өгч байсан юм. Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл бичгийн шалгалтыг өгөх боломжтой болсноороо онцлог байлаа. Мөн монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудасны хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулж, хэрэв тэнцсэн бол шалгалтын үр дүн оноо насан туршид нь хүчинтэй байхаар болголоо” гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа ярилаа.
Тус төвөөс мэдээлж буйгаар шалгалтын босго онооны болзол хангаагүй бол арванхоёрдугаар сард дахин өгөх боломжтой. Хэдийгээр босго онооны болзол хангаагүй ч ЭШ-аа өгөх эрх нь нээлттэй гэдгийг дахин санууллаа.
Харин шалгалтын дүн оноотой санал нийлэхгүй байгаа бол тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвд хандан өргөдөл гарган өөрийн шалгалтын материалтайгаа танилцах боломжтой.
Өргөдлийг ШУТИС-ийн Т байрны хоёр давхрын 207 тоот танхимд ажлын цагаар хүлээн авах агаад шалгалтын хариу гарсантай холбоотойгоор бямба, ням гарагт 9-18 цагт ажиллах юм байна.
02

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын ёслолд оролцож байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нийслэл Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс бэлэг болгосон “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Энэ хөшөө нь дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад дулаан хувцас, хүнс, агт морь нийлүүлж, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль хандивласныг бэлгэддэг юм.

Хөшөөний хананд “Монголын ард түмэн Аугаа их Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль,  хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээн монгол, орос хэлээр сийлжээ.

Иргэн Г.Ганбаярын санаачилсан, уран барималч А.Очирболд, архитектор А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслөөр бүтээсэн хөшөөг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр буюу Ялалтын баярын өмнөхөн “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулсан юм.

Монголын төр, засаг, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор Зөвлөлтийн ард түмэнд танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, 500 мянган агт морь нийлүүлж,  ноос, нэхийгээр хийсэн дулаан хувцас болон мах, сүүн бүтээгдэхүүн, хүнс бүхий 740 вагон тусламжийн бараа илгээсэн түүхтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар бар өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 9. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 12, шар бар, мэнгэ 2 хар, суудал мод, тугчин-12 од, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:22-20:15.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, багш шавь барилдах, ном эхлэн заалгах, тангараг тавих, үс засуулах, бэрийн үйл, амраг садан бололцох, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мод таслах, цацал өргөх, эм найруулах, худаг малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, нүүдэл хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 18 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 05-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +10…+15 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +15…+17 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 20-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 10-аас бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэлнэ. Оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Тэгвэл энэ жилийн хувьд 5 км, 21, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ. Тодруулбал, 5 км зайд гүйгчид өнгөрсөн жилийнхтэй адил замаар гүйх боловч нар буруу тойрог гүйх бол 21, 42 км зайд гүйгчид “Дүнжингарав” худалдааны төвийн урдуур дугуйн замаар гүйж шинэ гүүр давснаар барианд орох юм.

Гүйлтийн маршрутыг ангилал тус бүрээр танилцуулж байна.

500 метр: Гараа- Худалдаа хөгжлийн банк- Энхтайваны өргөн чөлөө- Централ Тауэр – Соёлын төв өргөө- Бариа

800 метр: Гараа- Спортын төв ордон- МУБИС- Энхтайваны өргөн чөлөө- Централ Тауэр – Соёлын төв өргөө- Бариа

1.5 км: Гараа- МУИС- ШУТИС- МУБИС- Централ Тауэр- Соёлын төв өргөө- Бариа

Гэр бүлийн гишүүдтэйгээ гүйхээр төлөвлөсөн болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх 1.5 км-ийн зайн гүйлт нь үдээс хойш болно.

5 км: Гараа- Соёлын төв өргөө- МУБИС- СЭЗИС- Бөхийн өргөөний уулзвар (эргэлт)- Сансарын И-Март худалдааны төв- ШУТИС- Зоос гоёл – Цэцэг төв – Төв шуудан- Соёлын төв өргөө- Бариа

Энэ жил 5 км-т гүйгчид барианаас гарахдаа нар буруу тойрог гүйхийг анхаарна уу.

10 км: Гараа- Соёлын төв өргөө- Энхтайваны өргөн чөлөө- Зүүн дөрвөн зам- Нарны зам- Нарантуул зах- Малчдын худалдааны төв- Туннел доогуур гарах- Дүнжингарав худалдааны төвийн урд зам- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн- Хан-Уулын И-Март худалдааны төв – Хоум плаза төв- Шинэ гүүр- Шангрила- Соёлын төв өргөө- Бариа

21 км: Гараа- Соёлын төв өргөө- Энхтайваны өргөн чөлөө- Зүүн дөрвөн зам- Нарны зам- Нарантуул зах- Малчдын худалдааны төв- Туннел доогуур гарах- Дүнжингарав худалдааны төвийн урд зам- Дугуйн зам- Их Монгол плаза- Хан-Уулын И-Март худалдааны төв- Хоум плаза төв- Корпорейт конвэншн цэнтр (эргэлт)- Шинэ гүүр- Шангрила- Соёлын төв өргөө- Бариа

42 км-т гүйгчид 21 км-ийн зайн маршрутаар 2 бүтэн тойрог гүйнэ.

Бүртгүүлэх холбоос:

Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.mn

Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Агар-Эрдэнэ: Мэргэжлийнхээ ёс зүйн дүрмийг баримталснаар мэргэжлийн үнэ цэнээ хадгална

Өмгөөллийн “Алтаргана”  хуулийн товчоо ХХК-ийн захирал, хуульч өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ оюутан ахуй цагаасаа сурч мэдэх үйлсээр жигүүрлэн түүнийхээ  төлөө цуцашгүй  шамдаж ирсэн хичээнгүй, чадварлаг  хуульч өмгөөлөгч  билээ.

Тиймдээ ч хэмжээлшгүй үнэ цэнээр олдсон  мэргэжлийнхээ талаархи гайхалтай үзэл бодол, амжилтын гүнзгий мэдрэмж, хүсэл мөрөөдлийнхөө  төлөө тэмүүлж буй хуулийн товчоогоо нэр хүндтэй, сайн сайхнаар  авч явна. Улмаар  өөрөөсөө илүү хүнтэй нөхөрлөж хүрээллээ тогтоох, сурч хөгжих нь түүний бас нэгэн сорилт шалгуур  аж.

Мөн хэсэг хугацаанд боксын спортоор хичээллэж ялан дийлэхийн ухааныг өөртөө суулгаж өгсөн ялалт ялалтын амт, торгон агшныг энд дурдальтай. Ийм л   өөртөө итгэлтэй, бие даасан хэрсүү, аливааг өөрийн гараар бий болгох чин эрмэлзэл дүүрэн яваа  түүнийг “Залуус” буландаа урьж ярилцсанаа уншигч танаа хүргэе.

Араасаа олон залуу өмгөөлөгчийг замчлан дагуулж, мэргэжлийнхээ үнэ цэнэ, босгыг өндөрт өргөж явахыг ерөөе.

 -Ажил хэрэгч хүний хувьд  таны нэг өглөө хэрхэн эхэлдэг бол?

-Шүүх хуралтай өдрүүдэд хэргийн материалтайгаа танилцаж, хуралдаа бэлдэнэ. Энэ ажил маань хууль зүйн дүн шинжилгээ хийхээс эхэлдэг. Шүүх хуралгүй өдөр  хуулийн товчооныхоо хамт олны өдрийн ажлыг  долоо хоногийнх нь  ажлын төлөвлөгөөтэй уялдуулах замаар чиглүүлэг өгөх ажлыг гүйцэтгэнэ.

– Тийм ээ, Хүний хувь заяаг шийдвэрлэхэд оролцдог хуульч өмгөөлөгч хүний хүлээлт  шүүхийн шийдвэр байдаг. Таньд итгэж бүхий л нууцаа ярьж хэсэг хугацаанд хамтдаа байсан үйлчлүүлэгчийнхээ асуудлыг эерэгээр шийдүүлж баярлуулах шиг сайхан зүйл үгүй?

-Нэг шүүх хурлын бэлтгэл ажил нэг өдрийн биш, долоон хоногийн өмнө хангагдах ёстой. Иймд тухайн өдөр өөрөө өөртэйгээ ярилцах, тухайн шүүхийн шийдвэр нь миний үйлчлүүлэгчид нийгмийн өнцгөөс эерэг болон ямар сөрөг талыг авчрах вэ гэдгийг их бодолцдог. Хэрэв шийдвэр миний төсөөлж хүсч байснаас өөрөөр гарвал сэтгэл зүйд хөнгөн гутрал үүсэхээс  сэргийлж тэрхүү хүлээлтийг хамгийн бага түвшинд аваачихыг хичээдэг. Үүний тулд Шүүх хуралдааны танхимтай дасан зохицох зорилгоор өөртөө дүн шинжилгээ хийдэг. Энэ бүгд бүрдсэний дараа мэтгэлцээнд бэлэн болж өөрийнхөө мэдлэг ур чадварыг сорино  гэсэн үг.

– Хүн бүхэнд эрхэмлэн дээдэлж явдаг зүйл байдаг. Таны хувьд?

-Юуны түрүүнд мэргэжлийнхээ ёс зүйн дүрмийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгохыг эрмэлздэг. Ингэснээр мэргэжлийнхээ үнэ цэнийг хадгална гэж хардаг. Учир нь, өнөөгийн хурдтай  хөгжингүй зах зээлийн нийгэмд аливаа хүн эдийн засгийн ашиг сонирхлын  улмаас  буруу шийдвэр гаргах эрсдэлтэй.

– Таныг уйгагүй суралцаж хуулийн мэргэжлээ үнэ цэнэтэй олж авсан гэдгээр тань бахархдаг хүн олон. Эндээс харахад дуртай ажлаа хийнэ гэдэг амжилт аз жаргалын түлхүүр шүү дээ?

-Яагаад ч юм, 10-н жилийн сурагч байхдаа хуульч өмгөөлөгч болно гэж бодож байгаагүй, тамирчин  болно гэж мөрөөдөж боксын спортоор багагүй хугацаанд хичээллэсэн. Нөгөө талаар аав ээж хоёрын маань надад өгсөн хүмүүжил  амьдралын их сургууль болсон  гэж боддог. Хайртай тэд маань социализмын үеийн хүмүүсийн жишгээр амьдраад одоо ч  үнэт сургаалаа хайрласаар  миний бие ч өдрөөс өдөрт  ухаажсаар явна. Тодруулбал, худлаа хэлж, хулгай хийж болохгүй, өөрийнхөөрөө, шударга байгаарай, юунд  ч халширч, шантрахгүй, цуцашгүй хөдөлмөрлөх зан суртахуун, ухамсар, ёс зүй  суулгаж өгсөн нь энэ амьдралын хамгийн том шагнал.

 -Ярианы сэдвээ өөрчлөн асуухад хамгийн хэлэх дуртай үг тань юу байдаг бол?

– Нэрлээд байвал олон зүйл байна. Түүнээс онцолбол, “авахаасаа өгөх нь ерөөлтэй гэдэг.  Яагаад гэвэл, их, дээд сургуульд сурахдаа багш нараасаа эрдэм мэдлэгийг үнэ төлбөргүй авсан. Дадлага туршлагыг Б.Соёл”эрдэнэ өмгөөлөгч багшаасаа мөн авсан байдаг. Дээр нь  Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны ах эгч нарын маань туршлага мэдлэг маш их хүч нэмдэг. Тийм учраас энэ бүхнээрээ бусдад тусалж явбал амьдрал намайг ивээж ажил үйлсийг маань тэгшилж, амжилт авчрах учиртай. Иймд дээрх үгийг  ажлынхаа болон өөрийнхөө онч үг буюу  “афоризм” болгож явна даа.

– Өнөөдрийн Агар-Эрдэнийг өөрийнхөөрөө тодорхойл гэвэл  ямар санагдаж байх юм?

-“Оролдлого ихт оройд нь” суусан цэцэнээс явсан тэнэг нь дээр” гэдэг үгийн амьдралдаа хэрэгжүүлж тасралтгүй оролдож, бусдад төвөг учруулахгүй явахыг хүсдэг.  Ажил мэргэжлээ өөрийн болгох гэж зүтгэж явна. Энэ хүрээнд амьдралын баталгаагаа нэгдүгээр алхмаа болгоод, дараа нь амьдралд өөрийгөө бэлдэх ёстой. 2021 онд хуульчийн тангаргаа өргөснөөс хойш зөвхөн  “ажил гэр” гэсэн замаар явж  ирлээ, цаашдаа энэ хэмнэлээрээ амьдарна. Анх ажлын хамт олонтойгоо ажлын хамтрагчид  байсан бол одоо бие биедээ итгэлтэй андууд болцгоосон. Бидний дунд  өнөөгийн нийгмийн өнгө төрх, бид ямар хүмүүсийн үргэлжлэл болж явна вэ зэрэг  олон сэдвээр өрнөдөг.  Цаашилбал, бидний үеийн гадны залуучууд юу сонирхож, юу ярьдаг бол гэсэн төсөөллийг бий болгохыг, цаашдаа үр хүүхдэдээ үлдээх үнэт зүйлийн талаар санал солилцох дуртай.

– Хүний амьдрал маш баялаг, зөв явахад олон зүйлийг өгдөг нь сайхан. Иймд энэ амьдралаас авсан үнэт баялаг тань юу вэ?

-Энэ талаар яриад байвал их зүйл байна.Нэгдүгээрт:  монгол хүн болж төрсөндөө баярладаг. Монгол үүх түүх соёл уламжлал, зан заншил, газар нутаг, байгалийн баялаг, ахуй соёл гээд үнэхээр бишрэм, бахархам. Хоёрдугаарт: өмнөө тавьсан зорилгодоо хүрэх, мэргэжилдээ эзэн болох гээд явж байгаа минь бахархал, омогшил. Нөгөө талаас 18 настайгаасаа эхлээд өөрийн гэсэн үнэт зарчимтай болсон. Шинжлэх ухаан, ололт амжилтыг хүндэтгэж хүлээн зөвшөөрдөг. Христ буюу эзэн бурханд итгэдэг.

-Хүлээн зөвшөөрдөггүй дургүй зүйл?

– Хүнийг сайн явахад нь долигонож, долоочих гээд, жаахан уруудаад ирэхэд нь түлхдэг зан бидний дунд их бий. Дарга гэхээр далдагандаг хоёр нүүртэй,хоосон магтаалаар өөрийнхөө ашиг сонирхолд хүрэхийн тулд зүй бус зүйл хийдэг  хүмүүст үнэхээр дургүй.

-Залуу нас өөрөө гоё. Иймд таныхаар өнөөгийн залуус мэдлэг боловсрол, үзэл бодлоороо ямар байвал энэ нийгмийн манлайлал болж чадна гэж боддог вэ?

– Залуу хүн нэгдүгээрт  хайрлаж хамгаалдаг зүйлтэй байх ёстой. Тодруулбал, эр хүн ямар нэг зүйлийг чин зүрхнээсээ хайрлаж, түүнийхээ төлөө амьдрах нь чухал. Гуравдугаарт мэдлэг боловсрол, зөв зүйлийн төлөө амьдардаг, зөв үг бодлоор зөв хүмүүстэй нөхөрлөхийг хичээдэг. Би хэн бэ гэдгээ ямагт санаж, хэн байх ёстой гэдгээ мэддэг байх ёстой. Миний хувьд энэ биеийг төрүүлж өгсөн аав  ээж, үүнээс урган гарсан  ах эгч дүүсийнхээ төлөө амьдрахыг хичээж яваа. Түүнээс хэн нэгэнд мөнгө төгрөг, эд зүйлс өгөхдөө биш, боломжинд нь төвөг болохгүй л амьдрах хэрэгтэй.

-Хүмүүст ажлаас гадуур хобби сонирхол гэж байдаг даа. Энэ тухайд?

-Боксын спортоо орхиод гурван жил болж байна. Хамгийн сүүлд УАШТ-нд нэг жил хоёр өөр төрлөөр оролцож мөнгөн медөль хүртэж байлаа. Тулааны спорт өмнөө ямар нэг өрсөлдөгчийг бүтээдэг. Өрсөлдөгчөө техник, хүч чадлаараа даван туулахын тулд хүчтэй бөгөөд сэтгэл зүйгээ бэлтгэх ёстой. Өөрөөр хэлбэл, ялалт ялагдал хоёрт бэлэн байх ёстой. Би заавал ялна гэх кодыг өөртөө урьдчилан суулгаж болохгүй. Ийм нөхцөлд сэтгэл гутралд орно гэсэн үг. Тийм учраас боксын спорт надад  ур дах замаа  хараад чигээрээ алхах сорилт, тэсвэр, хатуужлыг өгсөн. Энэчлэн манай Хуулийн товчоо  мэргэжлийн хүрээний үндсэн ажлаасаа гадна  нийгэмд суурилсан буянтай үйлсэд оролцоход  цаг зав,анхаарлаа хандуулдаг. Тухайлбал, манай өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, эрх зүйн боловсрлыг нийтэд түгээж ажилладгаараа онцлогтой. Энэ бүгдэд  хэзээ ч жанжин шугамаа алдахгүй, нийгмийнхээ сайн сайхны төлөөх сэтгэлийг оршоох хэрэгтэй байх аа.

– Ийм л туйлын зорилготой, түүчээлэн ажиллах идэвх урмын дор хамгийн тулгамдаад байгаа асуудал тухайлбал, шинээр гарч байгаа хууль заалтууд гээд л…   юу байдаг бол?

–  Хуулийн товчоо ажиллуулдаг хүний хувьд хэлэхэд төрийн татвар татаас хэрээс  хэтэрч байна. Бидний зүгээс бүх зүйлийг ном журмынх нь дагуу  хийхийг хичээж байгаа шүү дээ. Бахархууштай нь, Монголын Өмгөөлөгчдийн холбоо залуучууд биднийг сургаж хөгжүүлэх тал дээр  маш их тусалж дэмжиж  байгаад нь туйлын баяртай байдаг.

– 2025 онд танай хуулийн товчооны хувьд ямар зорилго тавин ажиллаж байгаа вэ?

-Манай хуулийн товчоо таван өмгөөлөгчийн бүрэлдэхүүнтэй, таван туслахтайгаар үйл ажиллагаагаа улам  өргөжүүлэхийг эн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байгаа. Энэ дагуу  2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2025 оны зорилгоо бүхэлд нь тодорхойлсон. Тухайлбал, Шүүхийн мэтгэлцээнийг АТГ, Боловсролын Ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Цагдаагийн дээд сургуультай хамтран маш өргөн хүрээнд амжилттай зохион байгуулсан. Үнэ төлбөргүй олон нийтэд чиглэсэн олон цагийн контент явууллаа. Төрийн байгууллагатай хамтарч хууль сурталчлах төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтралыг сонгодог утгаар нь гаргаж ирэхийг хичээж ажилласан гээд маш олон ажлын ард гарч, үр дүнд хүрлээ. Үлдсэн гурван улирлын маань ажлын нэг хэсэг Хууль зүйн салбарын мэргэжилтэнүүдийн сэтгэл зүйн байдпыг тогтвортой байлгах зорилгоор хэд хэдэн төрийн байгууллагтай хамтран ажиллах судалгааны ажил маань эхэлсэн. Мөн “Алтаргана” хуулийн товчооны хүрээнд  Хууль зүйн сургуулийн оюутнууд болон мөн энэ  салбарын мэргэжилтэнүүдэд зориулсан  шүүх засаглалтай холбоотой түүхэн судалгааны ном  маань удахүй мэндэлнэ. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоотойгоо маш ойрхон байхыг хичээдэг. Мөн Прокурорын байгууллагатай хамтарч ажиллах ажил маань тодорхой түвшинд явж байна. Зөвлөх үйлчилгээ авч байгаа компаниудынхаа эрх зүйн харилцааг улам боловсронгүй болгох зорилгоор баримт бичгүүдийг үйлчлэх компаниуддаа өгөөд боловсруулаад шинээр батлагдаж байгаа хууль дүрэмтэй нийцүүлэн ажиллаж байгаа. Зарим хэрэг маргаан дээр цагаатгах байр суурьтайгаар ажиллаад оны эхэнд 5 жил, 7 жил хорих ялын шийтгэл авсан Цагдан хорих 461 дүгээр хоригдож байсан залуучуудыг суллаж цагаатгасан нь 2025 оны том ажлын нэг гэж ойлгож байна. Энэ бол өмгөөллийн байгууллага болоод Монголын Өмгөөлөгчдийн холбоо залуучуудаа чадавхжуулж мэргэшүүлсний үр дүн гэж харж байна. Тийм учраас дээрх төлөвлөсөн бүх ажлаа эрчимжүүлж, бидэнд итгэлээ өгөөд зориод ирсэн үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг тууштай хамгаална. Мөн байнгын үйлчлүүлэгч байгууллагуудтайгаа тулж ажиллах, оюутан залуучуудад зориулсан эерэг нөлөөллийн ажлыг тогтмол хийж, бүх нийтэд зориулсан эрх зүйн боловсролыг дээшлүүлэх мянга мянган контентээ үнэ төлбөргүй хийхийг ажлын гол чиглэлээ болгон ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

Д.Нэргүй

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.

1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.

Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.

Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.

Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.

Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.

2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно. Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна. Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно.  Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ. Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.

Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.

Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн  асуудлаар санал солилцов.

Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа