Author Archives: baaska baaska

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс 1278 ТҮЦ-ийг нүүлгэжээ

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна. Нийслэлийн төвийн дүүргүүд болон НЗДТГ-аас ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож буй. Тодруулбал, Баянгол дүүргээс өнгөрсөн хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны тэргүүн болон 40 орчим гишүүнтэй уулзаж, 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан.

Баянзүрх дүүргээс 2023 оны гуравдугаар сар болон энэ оны дөрөвдүгээр сард ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, ажлын байр санал болгосон, ТҮЦ-ээ өөрсдөө нүүлгэх хугацаа өгч, 16 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан. Сонгинохайрхан дүүргээс 17, 18, 29 дүгээр хорооны ТҮЦ эрхлэгчидтэй 8 удаа уулзалт зохион байгуулсан. Байшин хороолол, гэр хороолол, автобусны буудал орчим шаардлага хангасан цэгт ТҮЦ-үүдийг нүүлгэхээс эхний ээлжид 10 ТҮЦ байршуулаад байна. Хан-Уул дүүргээс энэ онд нисэх болон Чингисийн өргөн чөлөө гудамжинд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ эрхлэгчидтэй хоёр удаа уулзалт зохион байгуулсан. 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/56 дугаар захирамжаар 19 байршилд 31 ТҮЦ байршуулахаар баталсан. Сүхбаатар дүүргээс Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв”-д талбай гаргаж өгсөн. Дүүргүүд ТҮЦ-ийг нүүлгэх талаар мэдэгдлийг урьдчилан хүргүүлж, өнөөдрийн байдлаар ТҮЦ нүүлгэн шилжүүлэх 75 байршлыг баталжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин гахай өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 6. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 9, хөхөгчин гахай, мэнгэ 5 шар, суудал огторгуй, их морь-9 од, арвидах барилдлагат өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:26-20:11.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлд хананд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

05-р сарын 06-ны өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2025 оны 05-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нийт нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +4…+9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, Алтайн өвөр говь болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +22…+27 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өглөөгүүр бага зэргийн бороо орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр, 25.8 хувь нь өндөр, 15.4 хувь нь дунд түвшинд байна.

Аймаг тус бүрээр ой, хээрийн түймэрт өртөх байдлыг сумдаар авч үзэхэд Дорнод аймгийн 14 сум, Сүхбаатар аймгийн 1 сум, Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 17 сум, Сэлэнгэ аймгийн 4 сум, Булган аймгийн 1 сум, Архангай аймгийн 2 сум, Хөвсгөл аймгийн 1 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэг маш өндөр үнэлэгджээ.

Тиймээс ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна.

Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Ерөнхийлөгч 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө.

Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж,  БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна. 

✅05.02 Баасан 11:00
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
✅05.03 Бямба 13:00
Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
✅05.04 Ням 13:00
Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
✅05.07 Лхагва 15:00
Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан
✅05.09 Баасан 19:00
“Идэрийн цуурай” бөхчүүдийн дууны тэмцээн
✅05.10 Бямба 13:00
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
✅05.11 Ням 13:00
“Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
✅05.15 Пүрэв 15:00
Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан /шигшээ/
✅05.16 Баасан 13:00
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
✅05.17 Бямба 14:00
Үзэгчдийн саналаар тодруулсан “Монголын хүчтэн” шилдэг бөхчүүдийн багийн барилдаан
✅05.18 Ням 11:00
Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
✅05.23 Баасан 13:00
Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
✅05.24 Бямба 14:00
Үзэгчдийн саналаар тодруулсан “Монголын хүчтэн” шилдэг бөхчүүдийн багийн барилдаан
✅05.25 Ням 13:00
“Монгол сугалаа” ХХК-ийн 5 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
✅05.30 Баасан 13:00
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
✅05.31 Бямба 14:00
Үзэгчдийн саналаар тодруулсан “Монголын хүчтэн” шилдэг бөхчүүдийн багийн барилдаан /шигшээ/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх нохой өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 5. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 8, хөх нохой, мэнгэ 6 цагаан, суудал төмөр, үнэг-8 од, рашаан барилдлагат өдөр. Зуны уур-14:11. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:28-20:10.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Харин луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, эхэлж ном сонсох, бэрийн үйл, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, замд гарах, эд юм өгөх, эд, мал худалдан авах, газар тариалангийн үйл, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, бузарыг дарж, дайсагнах үйл, хүүр түлэх, мал гаргах, өмнө зүгт явах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 14 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

05-р сарын 05-ны өдөр Монгол-Алтай уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар бага зэрэг дулаарна.

 2025 оны 05-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо.  Тэрбээр тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч  бөгөөд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,  Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Япон улсын  Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхим мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай юм.

I. Боловсрол
1.  2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2.  2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3.  2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4.  2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5.  2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1.  2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2.  2007-2009 он Дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3.  2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4.  2014-2021он Дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5.  2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6.  2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1.  2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2.  2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3.  2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

П.Наранхүү: Өмгөөлөгч хүн бусдын амьдралын баялаг түүхийг өөрөө туулсан мэт мэдэрдэг

 Аливаа хүн дотоод сэтгэлийн хүчээр амьдралаа залж, ажил мэргэжлийнхээ ирээдүйн өнгийг тодорхойлдог. Үүнд хүн чанар, хүнлэг сайхан сэтгэл,  ёс суртахуун хамгаас  чухал. Энэчлэн бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, тус болж чадахгүй бол өчүүхэн төдий ч хохироож болохгүй гэсэн хандлагаар  хүн бүр өөртөө  зохих сайн, сайхан чанар, зөв зүйтэй зарчмуудыг бий болгож чадвал нийгмийн сайн, сайхан байдал ч  аяндаа бий болно гэдэгт эргэлздэггүй. Тэдний нэгэн төлөөлөл, хувь ерөөлөөр олон зуун өмгөөлөгчидтэйгээ  нэгэн цаг дор  мөр зэрэгцэн ажиллаж, үйлсийн сайхнаар жигүүр хийж түүндээ  тэмүүлж, хөтлөгдөж  яваа  өмгөөлөгч П.Наранхүүтэй уулзаж ярилцлаа. Үг бодол нь жигдэрсэн, санаачилга нь цэцэглэсэн ийм л хүмүүс эргэн тойрондоо сайныг түгээж явдаг жамтай.

-“Өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээж чаддаг мэргэжлийг хуульч хэмээдэг. Иймд яриагаа “Хүний заяа төөрөг, хувь заяа” гэдэг асуултаар эхлэхийг хүслээ?

“ Хувь заяа” гэдгийг хүмүүс 2 янзаар ойлгож, хэрэглэдэг. Нэгдүгээрт, хүний амьдралд өөрөөс нь үл хамааран болж өнгөрдөг үйл явдлууд. Хаана, хэний хүүхэд болж мэндлэх, хэд наслах гэх мэт. Хоёрдугаарт, өөрийн хувь заяанд нөлөө үзүүлж байгаа хичээл зүтгэлийн үр дүн. Хэрхэн хөдөлмөрлөх, яаж эрүүл байх, юу бүтээх гэх мэт. Миний хувьд энэ хоёр ойлголт хоёулаа зэрэгцээд байх шиг санагддаг. Хорвоод нэгэнт хүн болж төрсөн учраас өөрийгөө хэрхэн яаж илэрхийлж, босгон бүтээх вэ? гэдэг нь миний асуудал. Мөн амьдралын цаг хугацааны явцад  насан туршийн мэргэжлээ сонгох, хэнтэй ханилах вэ? гэх нь сонголт хэдий ч цаанаасаа ургаж ирдэг учраас өөрөөс үл хамаарах  хүчин зүйл болов уу.

Өмгөөллийн ажилтайгаа холбон ярихад 2011 онд анх Шүүх хуралд оролцож байлаа. Энэхүү 14 жилийн хугацаанд бусдын амьдралд тохиолдсон аливаа асуудалд сурч мэдсэнээ сорьж, сэтгэж тэдгээр асуудлуудын ард гарахын тулд бүхий л нөөцөө дайчлах болдог. Ер нь анх өмгөөлөгч мэргэжлийнхээ нарийн учрыг төдийлөн ойлгодоггүй байлаа. Оюутан байхдаа найзуудтайгаа “сургуулиа төгсөөд гэмт хэрэгтнийг өмгөөлнө гэхээр нэг л сэтгэлд буухгүй юм” гэж ярьдаг байж билээ. Дараа нь өмгөөллийн ажлаа хийгээд явж байтал чи хүнийг хэрцгийгээр хороосон, эсвэл хүчиндсэн хүнийг өмгөөлөх үү гэж асуухтай цөөнгүй таарчээ. Энэ асуултанд хариулахад их эвгүй байдаг. Тэр бүрд нь өмгөөлнө гэж шууд хэлэхэд хэцүү ч өмгөөлнө гэж эргэлзэхгүйгээр хэлдэг болсон. Учир нь энэ бол манай мэргэжлийн үүрэг шүү дээ. Эмч дээр хүн биеэ эмчлүүлэхээр очиход “та өөрөө биеэ ийм болгосон. Би яахаараа таны эрүүл мэндийн өмнө хариуцлага хүлээх ёстой вэ?” гэж асуудаггүйн адил өмгөөлөгч хүн “чи ямар муу үйл хийгээ вэ? би яагаад чамайг өмгөөлөх ёстой вэ?” гэж хэлэх эрхгүй. Үүнийг ойлгож эхэлбэл өмгөөлөгч болох зам руу хөл тавьж байна гэсэн үг. Хэдий тийм ч бид үйлчлүүлэгчийн бурууг зөвтгөх зорилго агуулдаггүй. Харин түүний эрх зүйн мэдлэг чадваргүй байдалд мэргэжлийн туслалцааг л үзүүлдэг. Үүнийг шууд утгаараа өмгөөлөгчийн ёс зүй гэж ойлгож болно. Энэ ажлын эргэн тойронд явсаар одоо нэгэнт 18 жил болжээ. Ингээд бодохоор өмгөөллийн ажил мэргэжил миний хувь заяатай салшгүй холбоотой юм байна.

-Энэ бүгдээс харахад өмгөөллийн ажил танд юуг өгч байна вэ?

– Өмгөөллийн ажил хүнийг асар их зүйлд сургадаг. Хуульчийн ажлыг шүүгч, прокурор, өмгөөлөгч гэж хуваадаг. Амьдрал дээр цагдаа, шүүгч, прокуророос өмгөөлөгч болсон хүмүүс олон бий. Гэвч тэд тогтсон хайрцагнаас гарч чаддаггүй бэрхшээлтэй тулгардаг. Цагдаа хардах, прокурор буруутгах, шүүгч шүүх өнцгөөс л хардаг. Харин өмгөөлөгч бол өмгөөлөөд зогсохгүй бүхий л талыг давхар тооцоолох шаардлагатай болдог. Тиймээс бид хэнийг ч ойлгох боломжтой, чадвартай болдог. Бид үргэлж ямар нэг хүнд хэцүү бэрхшээл тулгарсан хүмүүст хууль зүйн туслалцаа мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Онцлог нь эндээс хүний амьдралын баялаг түүхийг өөрөө туулсан мэт мэдэрнэ. Өөрөөр хэлбэл, амьдралд ийм зүйл байдаг юм байна шүү дээ гэдгийг ухаарна. Ер нь хүний амьдралын зовлон бэрхшээл дунд ойрхон яваа хүн хүнлэг байдаг. Өмгөөлөгчийг шударга ёсны мэргэжил гэж тодорхойлдог. Үүнийг хүн төрөлхтөний хөгжлөөс харж болно. Ер нь өмгөөлөгч мэргэжил хэрэггүй болоод цөөрөөд устчихгүй л байх. Харин ч улам л нэмэгдэж, өргөжсөөр байна. Үүгээр энэхүү шударга ёсны мэргэжил хүн төрлөхтөнд зайлшгүй хэрэгтэй болохыг нотолж байна. Ийм л үнэ цэнэтэй учраас бахархалтай, сэтгэл дүүрэн байдаг даа.

-Шүүх хурлаас авах мэдрэмж гэвэл багагүй зүйлийг өгүүлэх болов уу?

-Өө олон янзын мэдрэмж төрнө дөө. Миний ажигласан өнцгөөр үйлчлүүлэгчдийн ухаарахыг харах нэг төрлийн сайхан мэдрэмж төрүүлдэг. Анх хүсэлтээ илэрхийлээд ирэхдээ үйлчлүүлэгч бүр л өөрийгөө буруугүй гэж өмөөрдөг. Гэвч ялсан ч, ялагдсан ч би бас буруутай юм байна гэсэн бодол тээсэн, үг хэлсэн үйлчлүүлэгчийн ухаарал надад нэг төрлийн сэтгэл ханамжийг өгдөг. Хоёрдугаарт: мэргэжлийн хуульчид буюу өмгөөлөгч, шүүгч прокурор, цагдаа нар бичгээр болон амаар илэрхийлж байгаа үгийг минь хүлээж авахад урамшиж, бас нэг сайхан мэдрэмж авдаг. Дээр нь үйлчлүүлэгч маань сэтгэл дүүрэн байж, ханамжтай үлдэх хамгийн сайхан. Ямар нэгэн кино, зохиол бүтээлд эсрэг дүр эерэг дүр гэж байдаг. Шүүхийн маргаанд ч мөн адил. Миний бодлоор өмгөөлөгч хүн өөрт оноогдсон үүргээ биелүүлснээр нөгөө талдаа эсрэг харагдаж, үзэн ядагдавч өөрийн үйлчлүүлэгчийн өмнө нэр төртэй үлддэг.

-Өмгөөлөгч гэдэг мөнхийн сурах ёстой мэргэжил. Таны ярианаас ч нэлээдгүй уншиж судалжээ гэдэг нь харагдаж байна л даа?

-Өмгөөлөгч хүн цаг ямагт суралцаж хөгжих ёстой. Шинэ тутам гарч байгаа хууль тогтоомж, хууль зүйн салбартаа өрнөж байгаа мэдээллүүдийг тасралтгүй авч байх нь зүйтэй. Гэвч үүнээс илүүтэй хуульч хүн философийн мэдлэгтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийнх нь дотоод мөн чанарыг философи л бүрдүүлдэг шүү дээ. Мөн хуульч хүний дотоод мөн чанар ёс суртахуунлаг, хүнлэг, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг байх ёстой. Хууль зүйн нэр томьёог цээжилсэн шүүхийн маргаанд эсвэл ямар нэг хурал дээр албан ёсны мэт харагдахыг хичээсэн хүмүүс цаанаа хуурмаг санагддаг. Энэ нь хэдийгээр мэргэжлийн хүн шиг харагдавч үнэн хэрэгтээ тухайн хэрэг маргааныг бодитоор харж  эцсийн үр дүнг нь тооцох ч юмуу, эсвэл тухайн хэргийн нөхцөл байдал дээр өртөж байгаа хүмүүсийг бодож байгаа дүгнэлтүүд огт харагддаггүй. Үүгээрээ ямар ч үлгэр жишээ байхгүй. Хуурмаг байдлаар нийгмийг баяжуулан эвддэг. Хүмүүсийн хувь тавиланд нөлөөлөхүйц шийдвэр гаргахад оролцож байгаагаа ямагт ухамсарлах ёстой. Зөвхөн ямарч хамаагүй аргаар өрсөлдөгчийнхөө дээр нь гарч байвал өөр бусад нь хамаагүй гэсэн хандлага харилцаатай хуульч цөөнгүй таардаг. Энэ нь уул нь буруу л юм байгаа юм. Бид чинь нийгмийн өмнө эрх эдлэхээсээ илүүтэй, үүрэг хүлээж байгаа шүү дээ. Мэдээж мэтгэлцээнд ялах нь чухал. Гэхдээ ялалт зорилго биш, харин шударга ёс зорилго байх ёстой.

-Өмгөөлөгч Наранхүү, өмгөөлөгч биш Наранхүү хоёрыг харьцуулж бодож байв уу?

-Хэрвээ би өмгөөлөгч болоогүй бол зураач болох байсан болов уу, учир нь  хүүхэд байхдаа уран зурагт дурлаж зураг их зурдаг байсан л даа. Гэвч одоо орхигдсон. Дараа нь философид дуртай болсон доо. Энэ нь өмгөөллийн ажилд маань ч тус болдог. Ажлын туршлагаасаа харахад өнөөдөр хүний хүн чанар  сайжрахаасаа илүүтэй муужраад байна уу даа гэж бодогддог. Эндээс дараахь асуулт урган гарна. Юу вэ? гэвэл Монголчууд эртнээсээ хүн чанартай байсан уу? Байсан бол хаана, хэзээ гээчих вэ? Одоо бол ямартай ч тэр хүн чанар харагдахгүй л байна. Зөв нь буруутай мэт, худал нь үнэн мэт. Хүн ер нь хүнээс авсан тусаа мартахгүй, хүнд өгсөн тусаа ярихгүй байж чадах нь хүн чанарын наад захын асуудал. Гэтэл өнөө цагт аль болох өгснөө л ярина, авснаа мартчихна. Мөн миний буруу гэхээсээ илүү бусдын буруу гэнэ. Ийм тохиолдолд нийгэм зөв, хэвийн байх ямар ч боломжгүй. Тиймээс үргэлж бусдын тусыг санаж, өөрийн тусыг мартчихаж байх хэрэгтэй.

– Хамгийн эрхэм үнэт зүйл тань?

-Хүний итгэлийг алдахгүй, дааж явахыг хүсдэг. Юуны түрүүнд гэр бүл, үр хүүхэд. Нэг насандаа зөв амьдрах нь чухал.

-Залуу хүмүүс зорилго дүүрэн амьдардаг. Иймд та мөрөөдлийнхөө альхан хэсэгт явна гэж боддог вэ, биелсэн ч бий, үгүй байх нь ч бий?

-Хүний амьдрал утга учиртай байх сайхан. Сайхан явах заяаных, сайн явах санааных гэдэг. Яагаад ч юм миний бодсон санасан зүйл ихэнхдээ л биелдэг. Ер нь эргэн тойрны маань хүмүүс Наранхүүгийн хөөцөлдсөн ажил бүтдэг гээд байдаг шүү./Инээв/  Ер нь миний хүүхэд байх үеийн хүссэн мөрөөдөл бараг л биелсэн. Одоо надад цөөн хэдэн том зорилго бий. Түүнийгээ биелүүлнэ дээ. Одоо яриад яахав. Биелүүлчихээр хүмүүс аяндаа харах байх аа. Хүн ер нь мэргэжил, хань хоёроо зөв сонгоход л болоод явчихдаг юм билээ дээ. Амьдрал намайг дандаа сайн хүмүүстэй уулзуулж, учруулдагт үнэхээр баярлаж явдаг.

 Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно

Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто замыг бүрэн шинэчлэх юм. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэлийн шалтгааныг арилгах, нийтийн тээвэр хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилгоор 2022 оноос эхлэн зам дагуух зогсоолуудыг үе шаттай хааж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж байлаа.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ иргэдэд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд авто замыг засварлан шинэчилж байна. Харин асфальтбетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ. Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.

“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн шинэ загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.

Нийтийн тээврийн шинэ чиглэлийн зогсоолын байршил:

Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, “Чингис хаан” олон улсын нисэх буудал

Х:20-“Буянт-Ухаа” спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-“Чингис хаан” олон улсын нисэх буудал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Г.Койшибаев Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

2024 онд Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэн, харилцааны нэгэн шинэ үеийг эхлүүлснийг онцоллоо.

Элчин сайдаар ажиллах хугацаанд Монголын төр, засаг, ард түмэн бүх талаар дэмжин, хамтран ажиллаж байсанд Г.Койшибаев талархал илэрхийллээ.

Мөн Казахстан нь Монгол Улсын Төв Азийн бүс нутаг дахь анхны стратегийн түнш орон болсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд, харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайд Г.Койшибаевийг “Найрамдал” медалиар шагналаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа