Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 12 градус дулаан

                                     Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
19-21-нд нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

                        2025 оны 04-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
                               цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +11…+13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +11…+13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө +10…+12 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар дүүргийн XII хороонд шинээр баригдсан 166 дугаар сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

Сүхбаатар дүүргийн XII хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан 720 хүүхдийн суудалтай 166 дугаар сургууль ашиглалтад орлоо. Тус хороо нь улсын сургуульгүй бөгөөд 720 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орсноор 32-ын тойрог орчмын 1500 орчим хүүхдүүд тав тухтай сурч боловсрох боломжтой болж байна. Хамран сурах тойргийн дагуу дүүргийн XI, XII, XIII  хорооны хүүхдүүд суралцах бөгөөд өнөөдрийн байдлаар 150 сурагч, 25 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

166 дугаар  сургууль нь дөрвөн блок бүхий зоорьтой,  гурав давхар барилгад анги танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш нарын өрөө, дуу хөгжмийн кабинет, соёлын танхим, спорт заал, дугуйлангийн өрөөтэй. Сургуулийн дулаан хангамжийг хийн баллонт зуухнаас хангах иж бүрэн төхөөрөмж суурилагдсан байна.

491816100_1098573505642567_7544257302443238645_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн холбогдох албаныхан энэ сарын 15-16-нд шилжих шөнө 35 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлэн ариутгалаа. Дүүргийн хэмжээнд нийт 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна.

?3 дугаар хороо Авлигатай тэмцэх газрын урд талд -1 ширхэг

? 6 дугаар хороо МУИС-ийн номын сангийн автобусны буудал-3 ширхэг

? 6 дугаар хороо МУИС-ийн урд талд -2 ширхэг

? 6 дугаар хороо Өргөө кино театрын хойд талд -2 ширхэг

? 6 дугаар хороо Залуучууд зочид буудлын урд -2 ширхэг

? 6 дугаар хороо Герман элчингийн зүүн талд -2 ширхэг

? 6 дугаар хороо Новотел зочид буудлын эсрэг талд -1 ширхэг

? 6 дугаар хороо Дашчойлин хийд орчим -5 ширхэг

? 7 дугаар хороо 11-р хорооллын автобусны буудал -2 ширхэг

? 7 дугаар хороо Хөгжим бүжгийн автобусны буудал -3 ширхэг

? 8 дугаар хороо МУБИС-ийн баруун талд -1 ширхэг

? 8 дугаар хороо Спорт төв ордон -2 ширхэг

? 8 дугаар хороо МУИС-ийн Эдийн засгийн сургууль урд талд -3 ширхэг

? 8 дугаар хороо Логарифм сургуулийн баруун талд -5 ширхэг

? 8 дугаар хороо Багшийн дээдийн хойд автобусны буудал -1 ширхэг

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулж баяр хүргэв.

“Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа нь Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүдийн амжилтад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар шагнал гардуулсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа, Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол, Японы ард иргэд хоорондын ган бат найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, найрсаг харилцааг улам бүр батжуулахад мэргэжлийн сүмо бөхийн спорт үнэтэй хувь нэмэр оруулж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэмдэглэв.

Мөн сүмо бөхөөр хичээллэж, барилдаж ирсэн Монголын үе үеийн бөхчүүд, Их аваргуудыг амжилтад хүргэхэд чин сэтгэл, уйгагүй зүтгэлээ зориулж, хүүхэд залуучуудад Японы соёл, зан заншил, сүмо бөхийн ёс жаягийг таниулан сурталчилж ирсэн Асахифүжи Сүгиномори Сэйяа багшийн гавьяа зүтгэлийг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ оны 07 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон нь хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдал болно гэдгийг тэмдэглэв.

Асахифүжи Сүгиномори Сэйяа нь 1981 оноос сүмогийн дэвжээнд барилдаж, 1990 онд Ёкозүна цол хүртсэн бөгөөд 1992 онд зодог тайлсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш /ояаката/-аар тасралтгүй ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр Монгол Улсад хэд хэдэн удаа ирж, сүмод сонирхолтой хүүхэд багачуудад мэдээлэл түгээж, сүмогийн спортод хөл тавихад нь тусалжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ховд голд живж байсан хүүгийн амь насыг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагналаа

Баян-Өлгий аймагт одоогоос дөрвөн жилийн өмнө гэр бүлийнхээ хамтаар аялж явсан XII ангийн хүүг Ховд голд живж байхад нь амийг нь аварсан О.Сүлдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ховд аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.

Дэслэгч О.Сүлд нь тухайн үед 18 настай байсан бөгөөд өдгөө Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид буудлагын зэвсэг галт хэрэгслийн инженерээр ажиллаж байна.

Амийг нь аварсан хүү төгсөх ангийн оюутан, түүнээс хойш нөхөрлөж, гэр бүлийн найзууд болжээ. Хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч О.Сүлд нь хоёр гэр бүлийг элэг бүтэн үлдээсэн баатарлаг үйлсийг бүтээсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 16. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 18, хөхөгчин туулай, мэнгэ 7 улаан, суудал хий, гар од-16 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:01-19:43.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, лам болох, буян номын үйл, ном сонсох, даллага авах, хурим хийх, төрөл садан болох, андгай тавих, чуулах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, тээрэм босгох, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд явах, эд, мал худалдан авах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, цэрэг хөдөлгөх, үхэгсдийн үйл, улайны үйл, хиншүү хярвас гаргах, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 11 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

 2025 оны 04-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд энэ зун Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Мөн төрийн албан хаагчийн орон сууц баригдаж дуусна. Гэтэл Улаанбаатар хотын төв талбайгаас нэг км гаруй зайд хоёрдогч түүхий эд авдаг, тос масло сольдог, дугуй засдаг газрууд нийтийн эзэмшлийн зам талбайн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог явах зам дагуу өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, нүүрний эгнээнд байрлаж байсан хоёрдогч түүхий эд худалдан авч, борлуулдаг цэгүүдийг чөлөөллөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн хороолол, нэгж талбарыг хэсэгчилсэн байдлаар хөгжүүлнэ. Энэ жил Улаанбаатар хотын 40 гаруй байршилд газар чөлөөлнө. Эхний газар чөлөөлөлтүүд явагдаж байна. Зам, гүүрэн байгууламж барих, инженерийн шугам сүлжээ татах, сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол барихад зайлшгүй төлөвлөсөн газруудыг зах зээлийн өнөөгийн жишигт нийцсэн байдлаар худалдаж авна. Тиймээс илүү хурдан ойлголцолд хүрч, газрыг чөлөөлж, хотын өнгө үзэмжийг сайжруулах, бүтээн байгуулалтыг дэмжихийг иргэддээ уриалж байна. Тухайн байршилд ганц, хоёрхон газраа чөлөөлөөгүй үлдсэн хүмүүст мөн уриалж байна. Хотын төв талбайгаас нэг км гаруй зайд хоёрдогч түүхий эд аваад, машины тос масло солиод байх нь хотын өнөөгийн өнгө үзэмж, төлөвлөлтөд нийцэхгүй байна” гэлээ.

Цаашид бид барилгын компаниудад газрыг инженерийн шугам сүлжээтэй нь дуудлага худалдаа хэлбэрээр санал болгоно. Барилгын компаниуд орон сууцаа барьж, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа НОСК-иар дамжуулж, орон сууцыг худалдан борлуулна. Ингэж сан бүрдүүлсэн орлогоос дараагийн айл өрхүүдийн газрыг худалдан авч, дахин барилгажуулах байдлаар үе шаттай, системтэй төлөвлөлтүүд хийнэ гэдгийг хотын дарга онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагад энэ сарын 13-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол, Сэлэнгэ аймгийн Мандал, Дундговь аймгийн Хулд суманд нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Дундговь аймгийн Хулд суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа юм.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул хүн бүр ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэрэмжлүүлэг: Хоолойг нь боож, гар утсыг нь дээрэмджээ

Энэ оны эхний 3 сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 211 бүртгэгдсэн. Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнхийг гар утас эзэлж байна.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Согтуу хүмүүст зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх хэрэгт шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй 47 настай иргэнийг бүлэг этгээд согтуурсан үедээ амь насанд нь аюултай үйлдэл гарган хоолойг нь боож, гар утсыг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь Хөвсгөл болон Архангай аймагт оршин суух хаягтай 30-40 насны иргэд байна.
Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон тэдэнд хохирол учруулдаг тул иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Т.Туул:Шүд хүндрэхээрээ тархины эд эсүүдтэй холбогддог учраас маш хүчтэй өвдөлт өгдөг

Залуу наснаасаа  сурч мэдэхийн хүсэлд хөтлөгдөн цаг ямагт суралцаж, эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа эмч мэргэжилтэнүүд, үйлчлүүлэгчдийнхээ хайр талархлыг хүлээж яваа “Тод цагаан”  эмнэлгийн шүдний эмч Т.Туултай шүд, амны хөндийн өвчлөлийн талаар  дэлгэрэнгүй ярилцлаа. Тэрбээр эмч хүнийхээ ёс зүйг өндөрт өргөн хүн ардаа эмчлэхийн зэрэгцээ  Цэргийн төв эмнэлэгт эрүү нүүрний мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, одоогийнхоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн эрүү нүүрний мэс засалч  зэрэг албуудыг амжилттай залгуулж ирсэн билээ.

-Таныг  эмчийн мэргэжлээ гүнзгий эзэмшсэнд талархдаг олон хүн бий. Нээрээ л сайн эмч хаа  ч хүртээлтэй, хүртээмжтэй  байдаг шүү дээ?

– Баярлалаа. Миний бие 1998 онд АУИС-ийг төгсөөд үргэлжлүүлээд 2000 онд Эрүү нүүрний мэс заслын резидентийг төгссөн. Энэ үеэс тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж байна. Гэвч эмч хүн мөнхийн сурч хөгжих ёстой байсан ч амьдралын шаардлагаар Чех улсад хоёр жил ажилласан. Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд  хүүхдийн эрүү нүүрний мэс засалч эмчээр, Цэргийн төв эмнэлэгт эрүү нүүрний мэс заслын эмч,тасгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд  “Тод цагаан” эмнэлгээ үүсгэн байгуулаад ажиллаж байна.

-Өнөөдөр шүдийг өвчлүүлэх хүнсний бүтээгдэхүүн олширсон. Үүнд ямар ч хяналт байдаггүй. Мэргэжлийн эмчийн хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 – Шүдний өвчлөл тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Эмч мэргэжилтэнүүд өөр өөрсдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа боловч  үйлчлүүлэгчдийн тоо олширсоор  байна. Энэ нь тухайн хүний хэрэглэж байгаа хоол хүнс, эрдэс бодис, эсвэл амьдралын түвшин дундаж болон бага орлоготой хүмүүс  хүнс тэжээлээрээ нөхөх нь дутмаг болов уу гэж боддог.

Иймд эмч надад ард иргэдийнхээ амьдралын нөхцөлд тохируулаад боломжийн үнээр эмчлээд өгөх юмсан гэдэг бодол үргэлж сэтгэлд минь байдаг.  Хүмүүсийн хэлдгээр сувгийн үрэвсэл, эмнэлгийн нэршлээр шүдний мэдрэлийн үрэвсэл хүндэрсэн тохиолдолд ясны холбоосын үрэвсэл, ясны хальс болон хоншоор эрүү рүүгээ дамжих нь элбэг. Тийм учраас үйлчлүүлэгчдэдээ энэ бүгдийг бүрэн дүүрэн ойлгуулж,эдгэрэхийн тулд өөрийнхөө төлөө уйгагүй явах ёстой, өвчин үрэвсэл намдахаар ломбодоно гэж хэлдэг. Эс тэгвээс эмчилгээний явцад хүндрэл гарч болно. Энэ  үед үл ойлголцол үүсэхийг үгүйсгэхгүй. Гэсэн ч бид уурлахаас илүү учирлаж ойлголцохыг хичээдэг. Гэвч сүүлийн үед иргэдийн зүгээс эмчдээ итгэдэг, эмчилгээнийхээ эцсийн үр дүнг үзье гэсэн зорилготой хүмүүс ч цөөнгүй байдагт баяртай байдаг. Заримдаа өвчин нь хүндэрсэн нөхцөлд хичнээн мэдээ алдуулах тариа хийсэн ч үйлчилгээ нь бага байдаг учраас өвдөлтөөс айгаад эмчилгээгээ орхих нь ч бий. Дээр үед сүү цагаан идээгээр их хооллодог байсан. Гэтэл өнөөдөр эдгээр дэглэм  багассан учраас кальци, шүдний эрдэсээ мах хүнс, ногооноос авч байна. Эрдсийн  агууламжтай хүнсийг хэрэглэх нь ховор юмуу гэж ажиглагддаг. Энэ мэтээр яриад байвал их зүйл байна даа.

-Урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарвал зохилтой вэ. Мэргэжлийн эмчийн хувьд энэ тал дээр  зөвлөхгүй юү?

– Энэ тухайд ялангуяа чихэрлэг зүйл идсэний дараа шүдээ заавал угааж занших хэрэгтэй. Мөн сүүлийн үед 30-аас дээш насныхан кальцийн алдагдал, ясны сийрэгжилттэй болсон. Тийм учраас жилдээ хоёр удаа 1 сар нэмэлтээр кальциа уух нь зүйтэй. Ингэснээр хатуу эд нь харьцангүй бөх бат чанараа хадгалах  учраас өвдөлт бага гэсэн үг. Цаашилбал, шүд сийгэх юм уу, эвгүй мэдрэмж төрөх үед эмч дээрээ ирж шалгуулаад засуулж солиулах гэх мэтээр насан туршдаа шүдээ хайрлан  хамгаалах ёстой. Гэтэл өвдөлтөө өвчин намдаахаар дараад, ломбо нь унаад халуун хүйтэн зүйл мэдрээд байхад тоомжиргүй явсаар улам хүндрүүлдэг тал бий.

-Тухайлбал, эмч болгон эмчилгээний арга барил онцлогтой, иймд та ямар төрлүүдээр үзлэг үйлчилгээгээ явуулдаг вэ?

– Шүд олон төрлөөр эмчлэгддэг эрхтэн. Жишээ нь, шүдний анхдагч үрэвсэл буюу цооролтын үед өнгөц, дунд, гүн гэсэн шатууд бий. Энэ үедээ эмчдээ хандах юм бол ломбо тогтоцтой харин дээр хэлсэнчлэн кальцийн дутагдал,ясны сийрэгжилтэй болсон тохиолдолд ломбо маань тухайн  хүнийхээ ястай барьцалдаж нийлж өгөхгүй гадны биет хүлээж авахгүй, ломбо унах тохиолдол бий. Энэ үед эмчээ л буруутгадаг болохоос, өөрийн зүгээс яагаад вэ  гэдгээ төдийлөн ойлгодоггүй. Иймд мэдрэлийн үрэвсэл болсон л бол заавал сувгийн эмчилгээнд явах шаардлагатай.  Багадаа 4-5 удаа түүнээс цааш ч явах тохиолдол бий. Нөгөө талаас манайхан эмчээрээ өвчин намдаах эм хийлгээд л эдгэрсэн гэж ойлгодог. Энэ буруу. Тийм учраас эмчтэйгээ анхнаас нь тулж харьцах хэрэгтэй. Яснаас шүд гэдэг шиг ялангуяа  маш их мэдрэлийн  судсыг дайрч, ялангуяа тархины эд эсүүдтэй холбогддог учраас маш хүчтэй өвдөлт өгдөг. Үүнээсээ болоод нэг ирээд халшрах нь бий. Гэтэл бид айдасгүй эмчлэхийн тулд өвчтөндөө ойлгуулна. Хэдийгээр өвчин намдаах тариа хийж байгаа ч гэсэн ясны өвдөлт мэдрэг байна, бүр ихэсч мэдрээд ирвэл эм хийнэ, гайгүй шиг байвал аль болох эмчилгээгээ үргэлжлүүлэн  хийхийг бидний зүгээс  ч хичээдэг, өвчтөндөө сайн ойлгуулахыг ч хүсдэг. Тийм учраас эмч  ширүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, сэтгэхгүйтэй нь тулж харьцах нь чухал. Хүндэрсэн шүдийг  дотор  талаас нь зүслэг хийж онгойлгон нээлт хийж идээг нь гадагшлууах учраас процедурын хувьд  сайн тайлбарлавал ойлгодог.

туул01

-Юуг нь нуух билээ, хүмүүс бага залуу насандаа шүд өвдлөө л бол тэр дор нь авахуулдаг. Үүнээс болж олон хиймэл шүдтэй болж байгаа. Магадгүй энэ нь хоол боловсруулалтанд ч нөлөөлдөг байж болох. Тиймээс унаган шүд, хиймэл шүд хоёрт бат бөх, эсвэл хэврэг гээд ялгаа их байгаа даа?

– Унаган шүд маш бат бөх чанартай, хатуулаг даац сайтай байдаг. Гэтэл өвчлүүлээд ломбо тавиуллаа, гадны биет хийлгэлээ, энэ тохиолдолд ломбо шүд хоёрын хооронд хага хазаад ломбоо унагаах тохиолдол байна. Янз бүрийн хатуу хөтүү зүйл идэж байгааг тэр болгон эмч хянахгүй шүү дээ. Бараг шүдээ бахь шиг ойлгодог хүмүүс ч байдаг. Тийм учраас шүдээ ломбодуулан хайрлах хэрэгтэй. Жишээ нь хатуу зүйл хазахгүй, шүдээрээ зулгаахгүй гэх мэт. Нэгэнт тухайн шүдэндээ ломбо гадны биет орж ирээд  өөрийн шүд мэт хэлбэржээд ирсэн тохиолдолд хоол ундаа хэвийн  идээд л явна. Харин түүнийгээ урт удаан хугацаанд байлгахын тулд кальцийн бэлдмэлээ жилдээ 2 сар  уухыг зөвлөе. Дээр нь сүү цагаан идээ, кальци, магни, фосфорт, цинк, хүний  ямар л эрдэс шүдэнд  байх ёстой юм, түүнийгээ нөхдөг хоол хүнсээ хэрэглээд явбал гадны биет ч гэлээ тогтоод байх магадлал өндөр. Хэрэв шүдээ эмчлүүлэхгүйн улмаас хүндрүүлээд, авах хэмжээнд хүрсэн тохиолдолд түүнийг хиймэл шүдээрээ л нөхнө. Сүүлийн үед авагддаг буюу авагддаггүй хувилбар гээд хэд хэдэн шүд олон төрөлтэй болсон. Харин авагддаг шүдийг угааж цэвэрлэдэг учраас тодорхой хэмжээний даац дийлэхгүй буйлан дээр дарагдах нь ч бий. Гэвч сүүлийн үед авагддаггүй, шүдэлбэр  хажуугийнх нь шүдтэй бэхлэх буюу эсвэл ясанд нь суулгасан үед мөн л хайрлаж хамгаалж байхгүй бол гадны биет бол биет шүү дээ. Тиймээс унаган сайхан шүдийг гадны биет  яаж гүйцэх билээ. Ялгаа нь ердөө л энэ.

-Өвчлөл хүндэрвэл юунд хүрэх вэ?

-Үхэлд ч хүрэх аюултай. Яагаад гэвэл, би эрүү нүүрний мэс заслын эмч. Нарийн сувгаараа дамжаад ясны эд эс рүү орлоо гэхэд  шүдийг бүрхэж байгаа гадна холбоос цаашлаад ясны хальс эд рүүгээ дамжаад орсон тэрхүү судас мэдрэлийн багцаараа идээт нян тархаад тархинд очиж янз бүрийн сепсис буглаа нэвчээс үүсгэнэ. Энэ нь булчин болгоны завсраар идээт нянгууд тархаж хүндрэхийг хэлэх бөгөөд ердөө л цусаараа дамжаад яваад байна гэсэн үг. Дээд хэсэг рүүгээ орвол гайморит хавсарсан үрэвсэл үүсгэх, эсвэл тархи толгой руугаа дамжвал менингит, цаболит үүсгэх аюултай. Доод шүдний эрүүний булчин хальсны  заагуудаар яваад  амьсгал, залгиурын зам руу очоод хүндэрвэл голтын үрэвсэл рүү тархахыг хэлж байгаа юм. Энэ үед амьсгал зүрх судасны дутагдалд орох бөгөөд үхлээр л төгсдөг шүү дээ. Тийм учраас шүдээ өвчлөл бага дээр нь эмчлүүлэхгүй дур мэдэн эм ууж аргацаах нь маш буруу. Манайхан хэнэггүй талдаа, бүтэн сар шахам өвчин намдаах эм уугаад ирэх тохиолдол бий. Магадгүй залуу бие организмаасаа шалтгаалаад түүнийгээ тэсвэрлээд хүндэрчихгүй тохиолдол байж болно. Харин  биеийн дархлаа нь суларсан,ерөнхий биеийн байдал муудаад эсэргүүцэх чадваргүй болсон бол дээр хэлсэн хүндрэлүүд гарна гэсэн үг.

-Таны хувьд амьдралын үнэ цэнийг хэр хэмжээнд мэдэрсэн гэж боддог вэ?

-Би тангараг өргөсөн эмч хүн. Тиймээс аль болох өвчтөнтэй эелдэг зөөлөн харьцаж, өвчлөлийн явцыг ойлгуулахыг чухалчилж байснаас бухимдаж маргалдаж явсангүй. Хэрэв ганц нэг удаа тайлбар хэлэхэд зөрүүдлээд ойлгохгүй байвал бууж өгөхөөс аргагүй. Өвчтөндөө хүндэтгэлтэй хандаж өвчтөнөө хохироохгүйг хичээдэг, эдийн засгийн боломжгүй байгаа үед төлбөрийг нь буцаах ч үе бий. Өвчтөнөө өвчинөө хүндрүүллээ гэж буруутгахаасаа илүү эмч хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаад  явбал үүнд  өргөсөн тангаргын маань үнэ цэнэ оршино шүү дээ.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэллээ

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэллээ. Тус барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв.

Эмийн үйлдвэрийн барилгын талаар хотын дарга Х.Нямбаатар “Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулна. Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй нэг л жишээ. Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй” гэсэн юм.

Д.Амгалан: Эмийн үйлдвэрийн барилгыг зориулалтаар нь ашиглаагүй, иргэдэд түрээсэлж байгаа нь хууль бус үйлдэл

Ж.Хатанбаатар нь улсын найман объектыг хууль бусаар ашиглахдаа улсад ямар ч төлбөр төлдөггүй, 10 гаруй жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж, орлогыг завшиж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй холбогдох хууль тогтоомжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилдог томилгоог тус төвийн өмнөх удирдлагууд удаа дараа эсэргүүцэж, зохих ёсны шаардлагыг огт биелүүлдэггүй.

Энэ мэт нөхцөл байдал удаа дараа давтагдсан учраас өчигдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан тус эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэллээ. Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлөх үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлөх тухай мэдэгдлийг  Ж.Хатанбаатар болон тус үйлдвэрт амьдарч байгаа айл өрхөд хүргүүлсээр байсан. Өнөөдрийг хүртэл барилгыг суллаагүй учраас албадан чөлөөллөө. Эмийн үйлдвэрийн барилгыг зориулалтаар нь ашиглаагүй, иргэдэд түрээсэлж байгаа нь хууль бус үйлдэл” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 16. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 18, хөхөгчин туулай, мэнгэ 7 улаан, суудал хий, гар од-16 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:01-19:43.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, лам болох, буян номын үйл, ном сонсох, даллага авах, хурим хийх, төрөл садан болох, андгай тавих, чуулах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, тээрэм босгох, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд явах, эд, мал худалдан авах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, цэрэг хөдөлгөх, үхэгсдийн үйл, улайны үйл, хиншүү хярвас гаргах, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа