Author Archives: baaska baaska

Улсын нөөцөөс олгосон 50 тн тэжээлийн дэмжлэгийг хүлээлгэн өглөө

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.

Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг хүлээн авч уулзан, Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг улам бататгах талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч, хоёр улсын харилцааны түвшнийг ахиулж, хамтын ажиллагааны шинэ үеийн эхлэлийг түүчээлэхээр томилогдсон Башак Гэнч Юксэл-д баяр хүргэж, амжилт хүслээ.

Элчин сайд Башак Гэнч Юксэл Гадаад хэргийн яамандаа 1997 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Европын Холбооны чиглэлээр мэргэшсэн. Тэр бээр Пакистан, Европын Холбоо, Словак, Оросын Холбооны Улсад ажиллаж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны нэгдүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж, Иж бүрэн түншлэлийн харилцааг  шат ахиулан Стратегийн түншлэлд хүргэсэн юм.

Манай хоёр улс 1969 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд  Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Т.Уянга: Ажлынхаа гарааг үйлс бүтээмж өндөр эхэлж байна

Шинэхэн өмгөөлөгч Т.Уянга сэтгэл зүрхэндээ дүрэлзсэн галтай, итгэл зоригтоо дүүрэн цогтойгоор хууль өмгөөллийн салбарт шинэлэг өнгө төрхтэйгээр орж ирж буй. Түүндээ  хүрэхийн төлөө туршлагатай өмгөөөлөгчдийн үнэт зөвлөгөө, өмнөө тавьсан чин хүсэл зорилго, ихийг сурч мэдэх гээд багагүй сорилтууд  байгаа  нь лавтай.

Гэвч аливаад уйгагүй хүчин зүтгэл, хичээлт мэрийлт байхад бүхнийг ялдаг хойно түүнээс ажлаа аз жаргаж хийх эрч хүч, бодол оюунаа хурцалж яваа нь мэдрэгдсэн.  Өнөөдрийн иргэншсэн, даяаршсан, зах зээлжсэн ертөнцөд аливаа хүмүүн  хүссэнээрээ амьдрах олон боломж бий. Энэ үүднээс бусдад буян болохоор хуулийн компаниа ч байгуулаад амжсан  түүний яриаг хүргэе.

-Та өмгөөлөгчийн тангаргаа өргөөд удаагүй бүх зүйл шинэхэн байгаа. Итгэл дүүрэн яваа таны  хувьд ажлын гараагаа хаанаас эхэлж байна вэ?

– Миний бие 2015 оноос хуульчийн эрхээ авсан тэр цагаас  тасралтгүй салбартаа бусад хуульчаар ажиллаж байгаад улмаар 2025 онд зохион байгуулсан өмгөөлөгчийн  шалгалтанд тэнцээд ажлынхаа гарааг эрч хүч дүүрэн, үйлс бүтээмж өндөр эхэлж байгаадаа баяртай байна. Ажлын туршлагын хувьд банк санхүү,  үнэт цаас, компанийн засаглалын чиглэлээр түлхүү ажиллаж байсан. Харин одоо өмгөөллийн салбарт өөрийн гэсэн байр суурь, орон зайг эзэлж, мэргэжил нэгтэнүүддээ үнэлэгдсэн өмгөөлөгч болох  зорилготой явж байна. Гэвч бүх зүйл шинэ байна. Цаашдаа ажилласан чиглэлээрээ өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх , мөн эрүүгийн чиглэлээр ч ажиллах сонирхолтой  байна. Тийм учраас ажил амьдралын ухаан тэлсэн олон жилийн арвин туршлагатай өмгөөлөгчдөөс ихийг  сурч мэднэ  гэж боддог. Энэхүү  зорилгоор хуулийн компаниа байгуулаад бүх зүйлийг шинээр эхлэх гээд явж байна. Энэ бүхнийг маань дэмжиж хамтран ажиллаж байгаа “Үнэт санхүүгийн нэгдэл” хамт олондоо маш их баярлаж байгаагаа хэлэхийг хүсэж байна. Шинэхэн өмгөөлөгчийн анхны үйлчлүүлэгч болж итгэл хүлээлгэсэнд талархаж явдаг. Анхны ажил, анхны алхам хүний сэтгэлд тод үлддэг бололтой.

Бусад чадварлаг хуульч өмгөөлөгчдийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа зам жим  мөрөөр замнаж нэр хүндтэй ажиллахын төлөө чадах бүхнээ зориулна  гэдэгтээ итгэлтэй байна.Энэ л миний туйлын чин хүсэл зорилго юм даа.

– Тийм ээ, эзэмшсэн мэргэжилдээ анхнаасаа идэвхийлэн ирсэнд  бахархал төрж байна. Иймд хуулийн салбарт хөтөлж чиглүүлсэн ачтаныхаа талаар дурдахыг хүсч байна?

– Энэ тухайд миний эмээ Цэнджавын Итгэл гэж хуулийн салбарт 50 жил ажиллаж, өөрийн гэсэн томоохон орон зай, олон шавь төрүүлсэн цагдаагийн дэд хурандаа, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч эмэгтэй байсан. Эмээгээ харж бахархаж байдаг байлаа.

Мөн МУИС – ХЗС ийн олон сайхан багш нар минь оюутнуудынхаа үлгэр дуурайлал болж энэ багш шиг болохсон гэсэн мөрөөдлийг төрүүлдэг байсан. Мундаг багш нараараа хичээл заалгаж байсандаа үргэлж бахархаж явдаг даа.

Мөн Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны УЗ-ийн гишүүнээр сонгогдсон. Энэ хүрээнд олон нийтэд эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, энэ ажлыг эрчимжүүлэх ямар боломжууд байна гэдэгт хоёргүй сэтгэлээр ажиллана. Манай хорооны Удирдах зөвлөлд  ажиллаж байгаа залуу өмгөөлөгчдийнхөө давуу чанаруудаас давхар  суралцаж байна.

-Шинэ өмгөөлөгчийн хувьд  Монголын өмгөөлөгчдийн холбооноосоо өмгөөлөгчид рүү чиглэсэн ямар ажлууд хийгээсэй гэж хүсч байна вэ?

-Өмгөөлөгчдийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, мэргэжлийнхээ чиглэлээр өсч хөгжиж, суралцахад дэмжлэг үзүүлэх, улмаар тухайн өмгөөлөгчдийг  салбартаа танигдахад нь дэмжиж тусалдаг, хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн болон бусад баталгааг нь хангах,гадаад харилцааг гүнзгийрүүлж, өмгөөлөгчдөө холбож өгөх гэх мэт  хамтын ажиллагаагаа тэлээсэй гэж бодож байна.

– Өмгөөлийн ажил болоод үйлчлүүлэгчдэдээ мэргэжлийн тал дээр ямар зарчим барьж ажиллана гэж боддог вэ?

-Мэргэжлийн үйл ажиллагааны  чадвартай, хариуцлагатай, үйлчлүүлэгчийнхээ асуудлыг хуулийн дагуу ашигтай байдлаар шийдүүлж ажиллана гэж эрмэлзэж байна. Өнөөдөр дөнгөж ажлаа эхэлж байгаа учраас мэдэхгүй, чадахгүй зүйл их гарна. Тиймээс илүү их зүйл уншиж, судлах шаардлага зүй ёсоор гарч ирэх нь зүйн хэрэг. Тиим учраас цаашдаа бүхий л цаг заваа дайчлан сурч мэдэх үйлсэд тэмүүлнэ.

– Ингэхэд таны бахархал тань юу вэ?

– Сайхан хүний үр болж төрөөд энэ сайхан мэргэжлийг эзэмшиж ажиллаж байгаадаа бахархдаг даа.

-Яг энэ цаг дор өмгөөлөгч байхын сайхныг хэрхэн олж харж байгаа бол?

– “Би өмгөөлөгч хүн” гээд  өөрийгөө танилцуулахад тэр хүний харц хүндлэлээс мөн  үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргуулаад “баярлалаа” гэсэн үгнээс асар их аз жаргал мэдрэх тэр мөч юм болов уу.

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үйлсэд оролцож байна гэдэг маш буянтай бөгөөд  эрхэм үйлсэд хүчин зүтгэхээр орж ирж байгаадаа маш баяртай байна.

Д.Нэргүй

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 10 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

21-22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.

 2025 оны 04-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Температур: Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +7…+9 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан бич өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 21. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 23, цагаан бич, мэнгэ 2 хар, суудал ус, яруу эгшигт-21 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:52-19:50.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин бар, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, дайсан номхтгох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёх, шинэ дээл өмсөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, худаг малтах, гуу, суваг татах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, мал худалдах, эд юм өгөх, эхэлж ном сонсох, замд гарах, ан гөрөө хийх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулна

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулна. Уг арга хэмжээг дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрийн хооронд зохион байгуулах юм. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хот орчмын зуслангийн бүс болон Богдхан ууланд зэрлэгшсэн нохой, муурыг барих ажлыг нэгдсэн хэмжээнд зохион байгуулна. Урьдчилсан судалгаагаар дээрх байршлуудад 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолсон. Тиймд, дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд дүүрэг, хороод, онцгой байдал болон цагдаагийн 1270 орчим албан хаагчтай хамтарч, бүсчилсэн байдлаар ажиллана. Мөн эдгээр албан хаагчдыг сургах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах, тусгай багаж хэрэгслээр хангах зэрэг ажлыг зохион байгуулж байна” гэв.

Зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрын талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодруулав. Тэрбээр “Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу дээрх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус ажлын хүрээнд зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрыг ашиглалтад оруулсан. Иргэдийн аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд уг зориулалтын байр нь зайлшгүй байх шаардлагатай. Тиймээс иргэдийг энэ сарын 21-25-ны өдрүүдэд нохойгоо уях, ногоон бүсэд амарч, зугаалахаас түр зайлсхийхийг уриалж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Гавьяат эдийн засагч цолоор:
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
  • “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
  • “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
  • “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
  • Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
  • ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
  • ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
  • ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
  • ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
  • “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
  • ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
  • ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
  • ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар морь өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 19. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын 21, шар морь, мэнгэ 4 ногоон, суудал төмөр, суулга-19 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:55-19:47.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, нүүдэл хийх, хүнийг ханаж, төнөх, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, замд гарах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, морь худалдах, уралдуулах, малын үс, ноос хяргах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, мал хөнгөлөх, мал гаргах, улаан идээ авах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 19 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20, 21-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

 2025 оны 04-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Температур: Увс нуур болон Дархадын Хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +14…+16 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гутал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгч эхлээд Баянзүрх дүүргийн  31 дүгээр хорооны нутагт байрлах “Миний гутал” ХХК-д очлоо.

Тус компани 2011 онд гутал засвар ажиллуулж байсан бол өдгөө өдөрт Yurdi брэндийн 200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болжээ.

Одоо 32 ажилтантай, 21 аймагт гэрээт борлуулагчтай бөгөөд өнгөрсөн жил 42 мянган хос гутал үйлдвэрлэсэн байна.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 600 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авснаар үйлдвэрээ өргөтгөх, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн тухай захирал Э.Түвшинтулга танилцууллаа.

Цаашид тоног төхөөрөмжийн зээл авч 2027 оноос өдөрт 400 хос гутал үйлдвэрлэн,  30 гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Өндөр уртын буян” ХХК-д ажиллалаа.

Тус компани 45 ажилтантай. Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын зээл авч, улсдаа анхны шууд уллагааны үйлдвэртэй болсон. Одоогоор өдөрт “Батур” брэндийн, ихэвчлэн ажлын 800 хос гутал үйлдвэрлэж байна.

Цаашид “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээл авч, 2028 он гэхэд өдөрт 1,600 хос гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ.

“Миний гутал”, “Өндөр уртын буян” ХХК дотоодын үйлдвэрүүдэд боловсруулсан арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамтран ажилладаг юм байна.

Үндэсний үйлдвэрлэгчид зах зээлийн тодорхой хувийг хангаж, улмаар экспортод гаргах боломжтой. Цаашид зээл, татварын бодлогоор улам илүү дэмжих, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, ажиллах хүчин бэлтгэхэд анхаарах шаардлагатайг компанийн удирдлагууд ярилаа.

Мөн “Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2028 онд хэрэгжиж дуусах хэдий ч, цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 69 төвд 40 гаруй мянган залуу суралцдагийн ердөө 77 нь гутал үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг. Иймээс  цаашид “суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах” нөхцөл бүрдүүлж, 6 сараас 1 жилийн хугацаанд сургаж, бэлтгэхийг зорьж байгаа тухай Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.

Энэ жил “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд арилжааны 10 банк аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 489 тэрбум төгрөг олгож, дээрх хоёр зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.

Үндэсний үйлдвэрлэгчид жилд нэг сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр саяд хүргэх зорилт тавьжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10х8 метр хэмжээтэй хүчилтөрөгчийн агуулах барьж, ашиглалтад орууллаа. Тус агуулахад хийн хуваарилагч буюу манифолд төхөөрөмжөөр нийт 72 баллон хүчилтөрөгчийг хийн хоолойн системээр эмнэлэгтэй холбож, яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон зайлшгүй шаардлагатай өрөөнүүдэд хүчилтөрөгч нийлүүлэх юм.

Хүчилтөрөгчийн агуулахын барилгын зураг төслийг “Дукат” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэлээ.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аян Хөвсгөл аймагт үргэлжилж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт”  уриан дор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ энэ сарын 15-нд эхэллээ. Салбарын нэгдсэн сургалт, зөвлөгөөнөөр Хөвсгөл аймгийн ЗДТГ, хөдөлмөр халамжийн үйлчилгээ, нийгмийн даатгал, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв зэрэг төрийн байгууллагын албан хаагчдад салбарын бодлого, эрхзүйн шинэчлэл, салбар дундын уялдааг хангах, хүнд сурталгүй, ил тод байх үүрэг, чиглэл өгч байна. Монгол Улсын хэмжээнд нийт 113 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас Хөвсгөл аймагт 6.000 иргэн амьдардаг. Тэдний эрхийг хамгаалах, эрх тэгш, хүртээмжтэй орчныг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд орон нутагт тулгамдаж буй асуудал, шийдлээ хэлэлцэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай урт хугацаат “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд борлуулах нүүрс бэлтгэх, олборлолтыг нэмэгдүүлэх, ачилтыг саадгүй, шуурхай гүйцэтгэж ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад даалгалаа.

Нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авсан нүүрсээ цааш зарж чадахгүй байгаагаас экспортын гол боомт болох Ганцмод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч экспорт буураад байна.

Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буураад байна. Түүнчлэн, нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд сөргөөр нөлөөлж байна.  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний улиралд нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болжээ.

Иймд Монгол Улсын нийт нүүрсний экспортыг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг дэмжих, гадаад валютын нөөцийг хамгаалах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнө байгуулсан урт хугацаат нүүрс худалдах, худалдан авах гэрээний нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлэх арга хэмжээ авахаар тогтоол гаргалаа.

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан  Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Тус Ажлын хэсэг Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна.

Экспортын орлого энэ долоо хоногт 278 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 17 хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая.тоннд хүрч, 25 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гашуунсухайт боомтын хувьд нүүрсний овоолгын хэмжээ өндөр хэвээр байгаа боловч, сүүлийн долоо хоногт БНХАУ-ын татан авалт нэмэгдсэн, цаашид үргэлжлэн сайжрах төлөвтэй байна. Шивээхүрэн боомтоор өнгөрсөн долоо хоногт нийт 758 мянган.тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая.тонн болж өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан ба Ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэх холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Уул уурхайн биржийн арилжаа өнгөрсөн долоо хоногт нийт 480 мянган тонн нүүрс худалдаалж, он гарснаас хойших хамгийн өндөр арилжаа хийжээ.

Бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд болох зэсийн баямжал, төмрийн хүдрийн экспортын хэмжээ үргэлжлэн нэмэгдэж байна. Зэсийн баяжмалын экспорт 42 мян.тн болж өмнөх долоо хоногоос хоёр хувиар, төмрийн хүдрийн экспорт 177 мян.тн болж 14 хувиар тус тус өслөө.

Гадаад валютын албан нөөц 2025 оны энэ сарын 15-ны өдрийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллараар нэмэгдлээ.

Улмаар гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцуулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Архангай аймгийн Цэцэрлэг хотноо энэ сарын 14-нд зохион байгуулсан. Бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан саналын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1.Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр:

-Бүгд Найрамдах Солонгос Улсын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Архангай аймгийн дулааны станцын төслийг эхлүүлж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцын төслийн зогсонги байдлыг арилгах;

-Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх;

-Бүсийн аймаг тус бүрд 10МВт-ын нар, 20МВт.цагийн батарей хуримтлуурын станцын төслийг 2026 онд багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх;

-Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум чиглэлийн авто зам, Баянхонгор аймгийн Баянхонгор сум-Архангай аймгийн Булган сум чиглэлийн авто зам, Арвайхээр-Тарагт-Уянга сум чиглэлийн авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах санхүүжилт болон Өвөрхангай аймгийн Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замаас Мандал-Овоо хүртэлх авто замын төслийн санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэх;

-Орон нутгийн хөгжлийн төв, хөгжлийн төвд таталцах сумдын зураг төсөл бүхий инженерийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулж, бусад сумын инженерийн дэд бүтцийн байгууламжийн зураг төслийг шуурхай боловсруулж дуусгах;

-Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн рашаан орчмын амралтын газрын, Баянхонгор аймгийн Баянлиг сум, Баянхонгор сумын Шаргалжуут тосгонд цэвэр, бохир усны нэгдсэн шугам, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;

-Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Хөдөө, аж ахуйн их сургууль болон шаардлагатай бусад их, дээд сургуулийн салбар сургууль байгуулах асуудлыг судалж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх;

-Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

2.Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх чиглэлээр:

-“Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангах замаар хамтран боловсруулж хэрэгжүүлэх;

-Аялал жуулчлалын чиглэлээр болон хот хоорондын зам дагуу үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах;

-Баянхонгор аймгийн “Түүх, угсаатны зүй, байгалийн түүхийн музей” болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхоны хөндийн Дэлхийн өвийн хамгаалалтын захиргааны барилгын санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэхээр тогтлоо.

Түүнчлэн, бүсийн нутаг дэвсгэрт үүлний шилжилт, хувьслыг өндөр нарийвчлалтай тодорхойлох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор цаг уурын радарын станц, холбогдох байгууламжийг Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Бага Илэнх-Шивээхүрэн чиглэлийн 1073.79 км авто замын зураг төсөлгүй хэсэг болох Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн 53 км авто зам, Богд сум-Шивээхүрэн боомт чиглэлийн 224.6 км авто замын зураг төслийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Тогтоолын төсөлд дурдсан эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр Хангайн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, аймаг, орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, монгол орныг гадаад улсад сурталчлах, жуулчдыг татах хөшүүрэг бүхий аялал жуулчлалын дэд бүтэц бий болно гэж үзэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан луу өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 17. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын 19, улаан луу, мэнгэ 6 цагаан, суудал гал, хонгорцог-17 од, үл тохирох барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:59-19:45.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Харин нохой, үхэр, хонь, луу, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин багш шавь барилдах, хурим хийх, бэрийн үйл, амраг садан бололцох, хануур төөнүүр хийлгэх, эд, мал худалдах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, оёж, хатах, эсгэх, малын үс, ноос хяргах, бузарыг дарж, дайсагнах үйл, эвлүүлэх, үхэгсдийн үйл, улайны үйл, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа