Узбекистаны Ерөнхийлөгч эрчимт эмчилгээнд оржээ

2016 оны 08-р сарын 30 өдөр, 12 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АЛМАТЫ. /VOA/. Өнгөрсөн бямба гарагт Узбекистаны Ерөнхийлөгч  Ислам Каримовын тархинд цус харвасан билээ. Харин одоо түүний биеийн байдал тогтворжиж, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа тухай түүний охин Лола Каримова-Тилляева инстаграм хуудсандаа бичжээ.

Өдгөө 78 настай Каримов Узбекистаныг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үеэс өнөөг хүртэл удирдаж байгаа бөгөөд түүнийг залгамжлах хүний нэр тодорхойгүй байна. Энэ нь эрх мэдлийг шилжүүлэх үйл явц түүний гэр бүлийнхэн болон дээд албан тушаалтнуудын хүрээнд шийдвэрлэгдэж магадгүй гэсэн үг юм.

Каримовын охин инстаграм хуудсандаа “одоогоор аавын маань биеийн байдлын талаар ямар нэгэн таамаглал хэлэхэд эрт байна. Миний аавын төлөө залбирч, түүнийг дэмждэг хүн бүрт талархаж байна” гэж бичжээ.

Хүн ам шигүү суурьшсан Төв Азийн тус улсын Засгийн газар ням гарагт мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч бүрэн хэмжээний үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа. Эмчилгээ хийлгэхэд тодорхой хугацаа орно” гэснээс өөр мэдээлэл өгөөгүй юм.

Хэрвээ эрх мэдлийг шилжүүлэх асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй бол лалын шашинтан голдуу 32 сая хүн амтай энэ улсын байдал тогтворгүй болж болзошгүй юм. Учир нь Афганистаны хойд нутагт ойрхон орших тус улс лалын босогчдын овоо хараанд аль эртнээс ороод байгаа билээ.

Каримов хүүгүй бөгөөд том охин Гулнара нь гэрийн хорионд орсон гэж 2014 онд хэвлэлүүдэд мэдээлж байснаас хойш тэрбээр олон нийтийн өмнө гарч ирээгүй ажээ.

Каримовын хоёр дахь охин болох Лола Узбекистанаас ЮНЕСКО-д суух Элчин сайдаар ажиллаж байна.

Эх сурвалж: Монцамэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх