Б.Бундхорол: Шударга бус бүхэн нүүрлэсэн өнөөдрийнх шиг нийгмийг үр хүүхэддээ үлдээмээргүй байна

2016 оны 03-р сарын 14 өдөр, 13 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Олон хоногийн турш төв талбайд чимээгүй суулт хийсэн Б.Бундхорол гэх залуустай уулзаж ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Сарын турш Чингисийн талбай дээр суулт хийсэн. Яагаад ингэж суух болов?

Намайг Батжаргалын Бундхорол гэдэг. Би сүүлийн 7-8 жил төрийн албанд ажилласан. Энэ хугацаанд аль нам нь эрх барьж байна гэдгээс шалтгаалаад тэр намын хүн тавигддаг, аль нэг ялсан намын хүн орж ирдэг байдал харагдсан. Мөн би сүүлийн 5 жилийн хугацаанд 5 удаа төрийн жинхэнэ албаны болон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны шалгалт өгсөн байна. Бүгдэнд нь хоёр дугаар байраар орсон. Нэгдүгээр байранд явж байгаад л хоёр луу орчихдог л доо. Чи өнөөдөр аль нэг нам дагаагүй бол, өгөх ёстой мөнгийг нь өгөөгүй бол, танил ах дүүгүй бол өөрийнхөө ур чадвараар, мэдлэг боловсролоор, ажилласан туршлагаар ажилд ордог цаг төрийн байгууллагын хувьд өнгөрчээ. Өөр дээрээ жишээ болгоод л энэ жишээг ярьж байгаа болохоос манай төрийн бүх салбарт шударга бус байдал газар авчээ. Хүн болгон үүнийг мэдэж байна, мэдэрч байна.

Гэхдээ бид шударга зүйл байхгүй болчихжээ гээд л фейсбүүкийн араас юм уу, нийгмийн сүлжээгээр тэмцээд суугаад байх юм уу? Бодож бодож миний хувьд үгүй гэдэг хариултад хүрсэн. Хэзээ нэгэн цагт миний үр хүүхдүүд өнөөдрийн нийгмийн шударга бус байдлын талаар ярих хэрэг гарахын бол өнөөдрийн эрх барьж байсан хүмүүсээс гэхээс илүүтэй өнөөгийн шударга бус байдалтай эвлэрч байсан бидний талаар ярих болно. Та нар яагаад шударга бус байдалтай эвлэрээд байсан юм бэ гэнэ шүү дээ. Үүнийг л  бодож тэмцлээ эхлэсэн. 2015 оны 11 сарын 30-аас эхлээд 31 хоног дуугүй суулт хийсэн. Миний хийж чадах зүйл л энэ байсан. Надад мөнгө төгрөг, миний ард ямар нэгэн намын захиалга байгаагүй. Би сонгуульд оролцох гээгүй. Уриа лоонзонгүй зүгээр л суусан. Заавал буу шийдэм бариад, өлсгөлөн зарлаад, хүмүүсийг жагсаал цуглаанд уриалаад, буу шийдэм бариад, өөрийгөө шатаах шаардлага байгаагүй. Ер нь энэ нийгэм чинь шударга биш байна ш дээ гэдгийг эсэргүүцмээр санагдсан учраас талбай очоод 31 хоног дуугүй суусан.

Өнөөдрийн нийгэмд шударга бус байдал нүүрлэсэн гэдгийг хүн бүр л ярьж байна. Гэхдээ үүнийг яаж  өөрчлөх арга замаа олохгүй байх шиг…? Харин таны хувьд үүнийг өөрчлөх ямар  гарц олж харав?

Шударга бус байдал хаанаас эхлэсэн бэ биднээс л эхэлсэн.  Энэ төрд хэн гардаг вэ гэхээр бидний сонгосон хүмүүс л байгаа. Миний сонгосон хүн тэнд байгаа. Харамсалтай нь сонгогчдын боловсрол доогуур байгаа учраас болох болохгүй гүн балай нөхдүүдийг сонгож байна. Тэгээд бас тэдэнд бид хариуцлага тооцож чадахгүй байна. Улсыг яаж дампууруулж болдог вэ гэдгийг бид нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ. Тухайлбал, согтуу, ажилдаа ирдэггүй, тасладаг эсвэл зүгээр төрийн ажлыг биш хувийн бизнесээ хийдэг, хоббигоо хөгжүүлдэг, хор найруулдаг, сандал ширээ хувиарлахаас бусад үед ажилдаа ирдэггүй тийм л хүмүүс л тэнд байна. Яахав ардчилсан нийгэм энэ бүхнийг хүлээн зөвшөөрдөг юм гэхэд бид тэгээсэй гэж бодож эдгээр хүмүүсийг сонгоогүй. Тэгэхээр бидний сонгох боловсрол дээшлэх хэрэгтэй юм шиг байна. Ингээд бодохоор ганцхан Бундхорол 2 сая сонгочид хүрч чадахгүй, тийм боломж ч байхгүй. Миний хувьд хүнд хүрээд богинохон хугацаанд өөрчлөх ямар ч боломж алга. Тиймээс  эсрэг тал руу нь буюу сонгогдсон хүмүүстэй хариуцлага тооцох талаар ярих юм бол тэр нь нийгэмд хүрэх боломжтой гэж бодсон. Бид сонгосон төрдөө хариуцлага тооцдог байх ёстой.

Яаж..?

Миний бодсон зүйл  бол их энгийн хуулийн дагуу ард иргэдээс гарын үсэг цуглуулах, 100 мянган хүний гарын үсэг цуглуулна гэж зорилго тавьсан. Ямар учиртай гарын үсэг вэ гэхээр “Та өөрийнхөө хувьд хамгийн ажлаа муу хийсэн, хариуцлага тооцох шаардлагатай гэж бодож байгаа 5 хүртэлх УИХ-ын гишүүний нэрийг бичээд гарын үсгээ зураачээ” гэж байгаа юм. Энэхүү гарын үсэг 100 мянга хүрлээ гэж бодоход тэр дотор хамгийн их нэр нь давтагдаад байгаа нөхдүүд хэн байна гэдгийг гаргаж ирнэ. Тухайлбал ардчилсан намаас А гэдэг нөхөр, Ардын намаас Б гэдэг нөхөр их санал авч болно. Энэ мэтчилэн нэр гараад ирэхээр нь намууд руу нь шахалт үзүүлнэ гэсэн үг. Та нар энэ хүмүүсээ ахиж битгий нэр дэвшүүлээчээ. Яагаад гэхээр  энэ хүн 100 мянган хүнээс магадгүй энэ энэ хүмүүс 40 мянган хүний санал авчихсан байна. Ард иргэд эсэргүүцэж байна шүү дээ. Та нар ард түмнээ сонсдог нам гэж өөрсдийгөө ярьдаг. Тийм л юм бол энэ хүмүүсээ намын жагсаалт болон тойрогт дахин битгий нэр дэвшүүлээчээ, боловсролтой шинэ залуу үеэ гаргаж ирээчээ гэдэг тал руу нь шахалт үзүүлнэ гэсэн үг юм.

Гарын үсэг цуглуулах ажил нь хэзээнээс эхлэх вэ?

Ийм зүйл бодож нэг сарын 15-наас хойш гарын үсэг цуглуулж эхлэсэн.

Дүүргээс Сүхбаатарын талбайн дээр гарын үсэг цуглуулах зөвшөөрөл олгоогүй гэж сонссон

Талбай дээр иргэдээс гарын үсэг цуглуулахад жагсаал цуглаан хийх журмын дагуу бүртгүүлээд гарах ёстой. Би хоёрдугаар сарыг дуустал талбай дээр гарын үсэг цуглуулах гэсэн юм гэдэг хүсэлтээ  нэгдүгээр сарын 15-аас эхлээд Сүхбаатар дүүргийн засаг даргад өгсөн. Харамсалтай нь эхлээд долоо хоногийн хугацаатай зөвшөөрөл өгсөн. Харин 7 хоногийн дараа таныг бүртгэж хүлээн авах боломжгүй гэсэн. Яагаад гэхээр Унгар улсын ерөнхий сайд манай улсад айлчлах гэж байгаа учраас бүртгэх боломжгүй гэж байгаа юм. Гэтэл тэр хүний айлчлал 22-24-ны хооронд болсон. Хоёрхон өдрийн айлчлалын төлөө миний сар суух эрхийг хасаж болохгүй биз дээ. Ямар ч эрүүл, шударга хүний ухаанд энэ байж боломгүй асуудал. Уул нь бол хуулиндаа хориглосноос бусад тохиолдолд жагсаал цуглааныг  санаатайгаар тараахыг хориглоно гэж байна. Гэтэл тэр хориглох заалтанд нь ямар нэгэн улсын өндөр албан тушаалтан ирэхэд талбай дээр жагсаж, суулт хийж болохгүй гэсэн хуулийн заалт ерөөсөө байхгүй. Энэ нь өөрөө хууль зөрчсөн асуудал болж байгаа юм. 12 сард Солонгос улсын ерөнхий сайд ирж байхад би сууж л байсан. Яг адилхан тохиолдолд Төрийн байгууллага 2 өөр шийдвэр гаргана гэдэг байж болохгүй зүйл биз дээ.  Энэ асуудлаар би шүүхэд хандсан. Жагсаал цуглаан зохион байгуулах хуулин дээр “Та засаг даргын шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол ажлын 3 хоногийн дотор шүүхэд хандах ёстой” гэж байгаа. Хэрвээ шүүхэд хандсан тохиолдолд шүүх түүнийг ажлын 6 хоногийн дотор хянан шийдвэрлэх ёстой гэдэг. Харамсалтай нь шүүхийн шийдвэр миний хүсэлт гаргаснаас 2 удаа хойшилж байж, бүхэл бүтэн сар гаруйн дараа гарч байна. Монголын төрийн ажил ийм эмгэнэлтэй явж байгаа учраас л бид нар бухимдаад, өвлийн хүйтэнд нялх хүүхдээ орхиод энэ талбай дээр сууж байна ш дээ.

Шүүхийн шийдвэрт миний нэхэмжлэлийг хүчингүй болгосон байна лээ. Одоохондоо шүүхийн тогтоол бичгээр ирээгүй учраас яагаад гэдгийг нь мэдэж чадаагүй л байна. Эцсийн эцэст Монголд ардчилал байгаа юу, үгүй юу гэдгийг л би бодитоор харж байна. Яагаад нэг залуу төрийн тусгай хамгаалалттай газар нутгаас гадна талд гарын үсэг цуглуулаад байж болохгүй гэж. Үндсэн хуулиндаа заасан үндсэн эрхээ эдэлж чадахгүй байна ш дээ. Би дараагийн удаа Сүхбаатар дүүргийн засаг даргад хүсэлт гаргахгүйгэр очиж суултаа хийнэ, гарын үсгээ цуглуулна. Учир нь намайг хууль зөрчихөөс өөр аргагүй байдал руу түлхэж байна.  Дараа нь энэ хууль зөрчсөн учраас хуулийн дагуу 15-30 хоног баривчилна  л гэх байх.

Та 21 аймгаар явж иргэдийн гарын үсэг цуглуулна гэж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

Анх эхлэхдээ фейсбүүкээр л ганцхан мэдээлэл өгдөг байсан. Мэдээлэл хүргэдэг ганцхан суваг тэр. Би талбай дээр анх суухдаа 500 найзтай байсан бол суулт хийснийхээ дараа 5000 найзтай, 2000 гаруй дагагчтай болсон. Эдгээр хүмүүс маань энэ хугацаанп бэлэн болон бэлэн бусаар 2 сая орчим төгрөгний хандив өгсөн байна. Яг тэр хүмүүсийн мөнгөн зардлаар би үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо 21 аймгаар явахдаа бас л фейсбүүкээрээ дамжуулж хүн амьтнаас гуйж явна. Магадгүй Архангай явах гэсэн юм гэхэд тийшээ аваад явах хүн таарах ч юм уу, очоод хонуулах айл олдох ч юм уу. Би ингэж л явна. Зүгээр л хийе гэсэн хүсэл байгаа болохоос биш өөр зүйл надад алга. Уул нь төлөвлөгөөний дагуу 2 сарын 15-аас явах байсан. Гэтэл шүүх хурал 2, 3 удаа хойшлогдсоноос болоод хугацаа маань хойшилсоор байгаа. Одоо төлөвлөж байгаагаар  3 сарын 10-аас хойш явах болов уу л гэж бодож байна.

Нэг аймгаас багадаа хэдэн хүний гарын үсэг цуглуулах зорилготой явах вэ?

Мэдээж өөрийн гэсэн төлөвлөгөө зорилготой явж байгаа. Гэхдээ  багагүй хугацаа орох ажил. Баруун аймгууд руу ниснэ гэж төлөвлөөд явлаа гэхэд 35-40 хоног явна. Нэг аймагт нэг л хонох төлөвлөгөөтэй. Тухайн аймагт очоод хүн хамгийн ихээр цугласан зах, худалдааны төвөөр явж гарын үсэг зуруулна. Талбай дээр сууж байгаад өдөрт 300-400 хүний гарын үсэг цуглуулдаг. Тэр жишгээрээ л бодож байна. Хэрвээ тухайн аймгийнхан дэмжээд гарын үсгийн маягт авч үлдээд араас чинь явуулъя гэх юм бол нээлттэй. Миний бодлоор ямар ч байсан нэг аймгаас 300-1000 хүний гарын үсэг цуглуулна гэсэн бодолтой байгаа.

Гарын үсэг цуглуулаад явж байхад иргэд хэрхэн хүлээн авч байна вэ? Олон нийтийн хандлага ямар байна?

Зөв мэдээлэл авсан хүмүүс бол маш сайхнаар хүлээн авч байна. Тухайлбал нэг албан байгууллагын дарга нь бүх ажилтнаараа гарын үсэг зуруулаад ирж байна. Зарим нь хоол унд, бичгийн цаас хүртэл бариад ирэх жишээний. Харин мэдээлэл аваагүй хэсэг нь ямар нэгэн нам,  хэн нэгний захиалгаар явж байна гэж хардах эсвэл өөрөө нэр дэвших гэж ингээд байна гэдэг хандлагатай байна. Мэдээлэл аваад мөн чанарыг минь ойлгоод байгаа хүмүүс маш сайн дэмждэг. Харамсалтай нь миний мэдээлэл түгээх суваг маш бага байгаа учраас тэр болгон хүнд хүрээгүй байгаа.

21 аймгийн иргэдийн гарын үсгийг нэгтгээд үр дүнг нь намуудад хүргэх ажил хэдийнээс эхлэх вэ?

Хамгийн цаад талын хугацаа 4 дүгээр сарын сүүлээр. Албан бичиг болон хүмүүсийн зурсан гарын үсгийг бүгдийг нь хувилаад намын дарга нарт хүргүүлнэ.

Таныг дэмжих хүсэлтэй хүмүүс байвал яаж холбогдох вэ? Энэ талаарх мэдэлийг хаанаас авах боломжтой вэ?

Надтай холбогдох бол Батжаргалын Бундхорол гээд фейсбүүк хаягаар холбогдож болно.

Эцсийн зорилгодоо хүрээд 100 мянган хүний гарын үсэг цуглуулаад дүнгээ гаргахад миний нэр байх тодорхой гэсэн хүмүүсээс танд ямар нэг хэмжээгээр дарамт шахалт ирж магадгүй л юм?

Дарамт шахалт аль хэдийн ирээд эхэлчихсэн ш дээ. Талбай дээр суулгахгүй байгааг хар.  Шүүхийн шийдвэрийг хар. Энэ бол эхлэл төдий. Зөвхөн гарын үсэг цуглуулаад явж байхад ингэж байгаа юм чинь нэр заагаад эхлэхээр одоо байгаагаас илүү хэмжээгээр дарамт ирэх нь тодорхой. Тухайлбал, Талбай дээр сууж байхад 2 талаас хоёр хүн ирээд уулзаад миний хажууд ярилцаж байгаа юм. Гэтэл тэр танихгүй хүмүүс хэрнээ миний гэрийн хаягийг мэдэж байна. Танай тойргоос гарсан тэр, тэр чинь мундаг юм хийж байгаа биз дээ. Чи яагаад ингээд суугаад байгаа юм. Босоод яваач, хариач. Чамайг буутай хүн хараад сууж байвал яахуу гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар өдөр тутамдаа дарамт байна. Наанаа үхээрэй гээд нулимсан тохиолдолч бий. Сүүлдээ надтай зүгээр гудамжинд хүн таараад л “Танай хүүхэд чинь тэр сургуульд явдаг юм чинь чи айхгүй байна уу?” гэх жишээний. Бид чинь одоо ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ?

Нэг хүн шудрага байдлыг бий болгохын төлөө тэмцээд байдаг. Гэтэл үүнийг хүсэхгүй байгаа маш хүчтэй хэсэг бүлэг байна. Та үүнээс айхгүй байна уу?

Би ганц л юмнаас айж эхлэж байна. Тэр нь гэр бүл. Өөр юунаас айхав. Энэ бүхнээс харахад бид чинь арай л өөр замаар яваад байна гэдгийг мэдрээд байна.

Энэ бүхний маань эцсийн зорилго. Залуус маань ямар ирээдүйг хүсч байна вэ?

Хүүхдүүддээ өөрийн туулж байгаа энэ муухай нийгмийг үлдээмээргүй байна.

Магадгүй юм буруугаар эргэвэл Сири, Ливид үүссэн шиг нөхцөл орохгүй гэх баталгаа алга. Саяхан л тэр улсууд манайхаас илүү хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг орнууд байлаа. Гэтэл өнөөдөр иргэний дайны голомт болчихсон байна. Яг миний хүү шиг хүүхэд далайн эрэг дээр амиа алдчихсан доош хараад хэвтэж байна. Би тийм байдлыг хүсээгүй, хүрмээргүй байгаа учраас тэмцэж байгаа юм. Мөн би өнөөдөр 35 хүрч байгаа залуу. Бас 2 хүүхдээ тэврээд найз нар шигээ гадагшаа дүрвэмээргүй байна. Тиймээс залуу хүнийхээ хувьд үүний эсрэг ямар нэг зүйл хиймээр байгаа учраас тэмцэж байгаа юм. Алийн бүр хоолоо, хар амиа бодоод л яваад байх юм. Иргэн бүрийн оролцоогүйгээр нийгэм, хүмүүсийн ухамсар сайжирдаггүй юм байна гэдгийг олж харж байна.  Хүүхдүүддээ өнөөдрийнх шиг ийм  нийгмийг үлдээмээргүй байгаа учраас л ийм зүйл хийх хэрэгтэй болсон юм. Энэ л миний зорилго.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх