Барилгын салбарын “Багийн алуур” Эко констракшн

2016 оны 03-р сарын 26 өдөр, 19 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нэг, хоёр өрөө байр авах гэсэн олон хvн “Эко констракшн”-ын С.Нямдаваа, болон түүний ардах нууц ноёнтнуудыг баяжуулсаар удаж буй. Өдгөө тохилог орон сууцанд амьдарч, үе удмаараа ус зөөж, нүүрс үнэртүүлсэн орчноос салахыг хүссэн иргэн цөөнгүй. 

Гэвч тэдний олонхи нь өдрийн хоолоо л дөнгөн данган хүргэж хажуугаар нь хямдхан чанаргүй байрны мөнгө цуглуулах гэж ядаж явна. Энэ нөхцөл байдал нь “Эко констракшн” компанид амттай өгөөш болж, тус компанийн эздийн халаасыг халитал нь дүүргэсээр 10 гаруй жил өнгөрчээ. “Эко контракшн”-ы С.Нямдаваа гэх эрхмийг сайн мэдэхгүй зарим нэг хүн хотын “А” зэрэглэлийн бүсэд олон барилга барьж, нийслэлийн бүтээн байгуулалтад их хувь нэмэр оруулсан гэж боддог байх. С.Нямдаваа ч өөрийгөө сайн “барилгачин” хэмээн цээжээ дэлдсээр хотын хамаг л өнгөтэй өөдтэй газарт гарын хээгээ үлдээсээр өдийг хүрсэн. Гэвч бодит байдал дээр энэ нь эсрэгээрээ гэдгийг эрэмдэглэж хаясан олон барилга нь нотолсоор буй. Хачирхалтай нь эгэл ардад эр бяраа гаргадаг хатуу төртэй улс атлаа С.Нямдаваа гэгч энэ эрийг төдийгөөс өдийг хүртэл өчнөөн хүний амь насаар дэнчин тавьж, барилгын салбарт 10 гаруй жил эрхлүүлж, даврааж буй нь сонин. “Эко констракшн” гэх компани Улаанбаатар хотын хамгийн эрэлттэй газар “шавар овоолго” барихдаа мэргэшсэн гэдгийг барилгын салбарынхан, С.Нямдаваагийн ойр дотныхон, тэднээр үйлчлүүлэгчид, орон сууц худалдаж авсан иргэд, тэр бүү хэл С.Нямдаваагийн толгой болсон улстөрчид ч мэддэг хэрнээ ганхашгүй байр суурьтай өдгөөг хүртэл энд тэндгүй хүрзний үзүүр зоосоор буйг хэдий болтол өөгшүүлж давраах вэ. Хэдий болтол эрдэнэт хүмүүсийн амийг авч одсон уг компанийн барилгыг үргэлжлүүлэх вэ. Хүнд суртал, хэл ам, аюул осол, үхэл хагацлыг дагуулсан “муу ёр”-ын гэмээр Экогийн барилгыг авсанд нь хийе, цаашлаад компанийн үйл ажиллагаа зогсоож, эд хөрөнгө, элгэн саднаараа хохирсон иргэдийнхээ гомдлыг тайлья. Ингэхгүй бол болохгүй нь ээ, хотын дарга аа. “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа гэгч хэзээнээс л ар өврийн хаалга сайтай, буруу сэргэлэн нь дэндсэн нэгэн байж ирсэн.

Тус компани 1999 онд байгуулагдаж 2002 оноос барилга угсралтын чиглэлээр ажиллаж ирсэн. Ингээд бодохоор 11 жил барилга барьж байгаа овоо туршлагатай мэт боловч улаан нүүрэндээ бол тоосго өрж шавар зуурах тал дээр А үсгээ ч мэдэхгүй гэхэд хилсдэхгүй биз. Уншигч авхай танаас асууя. Та бод л доо бүхэл бүтэн 12 давхар байшин барьчихаад лифтийг нь мартчихдаг, тавьсан лифт нь салж унаад хүний аминд хүрчихдэг, эвгүйхэн гишгэвэл энд тэнд сарзайсан кабелийн утасны тогонд цохиулчихдаг, хүйтэн ус нь гардаггүй буцлам халуун усаар хүмүүс гараа угааж, бас жорлон нь хүртэл буцлам халуун устай, өөрөөр хэлбэл өтгөн шингэн нь “буцладаг” л гэсэн үг. Бас болоогүй зарим өрөөнүүдийнх нь цонхыг нь мартаад бөгөлчихдөг, цонхтой өрөөнд залгуулаад байшин барьчихдаг хатуухан хэлэхэд барилгын салбарын “Багийн алуур” гэхэд л уг компанийг андахгүй биз. Балаг балагийн дээд нь болсон ахмадын гэх хүндэтгэлийн тодотголтой боловч тогтож суухын аргагүй нөхцөл бүрдүүлсэн Golden park гэх хорооллыг дурдахгүй өнгөрч болдоггүй ээ. Учир юу гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийн дагуу дайнд оролцсон ахмад дайчдад орон сууц олгох ажлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтьш яам, Батлан хамгаалах яам хамтран хэрэгжүүлж дууссан. Тодруулбал, хэдэн жилийн өмнө 1600 гаруй ахмад дайчинд байрны түлхүүр гардуулж, бүгд орон сууцандаа орж байсан цаг саяхан. Улсын төсвөөс энэ ажилд зориулж нийт 57.6 тэрбум төгрөг зарцуулсан. Нэг ахмад дайчинд 35 сая төгрөгт багтааж байр өгсөн гэдэг. Хойч үеийнхээ төлөө амь хайргүй тулалдаж, эх орныхоо сөөм газрыг харийнхнаас харамлан тулалдсан ахмад дайчдаа төр үнэлсэн нь энэ. Сайхан л хэрэг. Бэлэн мөнгө тараахаас хамаагүй дээр ажил болсон.

 Гэвч зарим ахмад дайчин сэтгэл дундуур үлдэж, гомдлоо тээсээр өдийг хүрчээ. Угтаа бол төрөөс байр өглөө гэж гомдоогүй байх. Харин төрийн итгэлийг хөсөрдүүлж, ахмад дайчдын баяр хөөр рүү ус цацсан Эко мэтийн барилгын компанид гомдсондоо тэр. Төр засаг, яам яах вэ, барилгын компаниудтай гэрээ байгуулаад, ахмад дайчдыг байраар хангах ажлыг хариуцаж байгаа нь тодорхой. Гэтэл ахмадуудыг хуурч байгаа юм уу, төр засгаа хуурч байгаа юм уу, чанаргүй барилга барьж, бизнес хийсэн С.Нямдаваад ямар хариуцлага тооцох вэ. Магадгүй С.Нямдаваа захирал сурсан зангаараа хотын захиргааны нэг нөхрийн тархийг угаасан байж мэдэх гэх хардах сэтгэл төрөөд болдоггүй. Төр засаг түүнд итгэл хүлээлгэж, ахмад дайчдад олгох байраа “Эко констракшн”-ыг сонгосон байж таарна. Тэгэхдээ нэр хүндтэй, олон барилга, хотхон барьсан, 10 гаруй жил тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа зэргээр нь шалгуур болгосон байх л даа. Гэтэл С.Нямдаваа төрийг ч, ахмадуудыг ч залилсан гэж хэлж болно. Хамгийн ноцтой нь тэрбээр ахмадуудад өгсөн барилгынхаа зураг төслийг гаргахдаа нэг орцонд 12 айл байхаар тооцсон ч барилгын ажил эхлэхэд 16 айл байхаар барьсан. Яах вэ, ахмад дайчдад өгнө гэхээр тэгж бизнес хийсэн хэрэг. “Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг юм. Төрөөс зүгээр өгсөн болохоор юу ч гэх вэ дээ. Гэхдээ байр нь их муу юм аа. Манай байр их хүйтэн. Хананаасаа цан цохиод, ханын цаас нь хуураад эхэлсэн. 35 сая төгрөгийнх гэхэд 20 гаруйхан ам.метр. Бараг л бөгс эргэх зайгүй шахам. Зарим хүнд болохоор 40 гаруй ам.метр нэг өрөө байр өгсөн байсан. Яаж ялгахаараа ингэдэг юм бүү мэд. Харуулгүй болохоор энэ хавийн тэнэмлүүд орцонд орж ирж хоноод, архи уугаад хэцүү юм. Орой үдэш охин хүүхэд ч гэртээ орж чадахгүй шахам л байна” хэмээн ахмадууд цөхрөн ярьдаг юм билээ. Энэ бүхнийг хэн ч харсан нялх хүүхэд чихрээр хуурсантай л адил санагдахаар “нялцгай гурил” шиг барилгууд аж.

Гэхдээ С.Нямдаваа зөвхөн ахмад дайчдыг хуурсан юм биш. Ер нь Эко констракшны барьж босгосон орон сууц байнгын хэл амтай байдгийн дээр мэргэжлийн хяналтынхан хүртэл тэр бүр зөвшөөрч чаддаггүй. Товчхондоо мэргэжлийн хяналтын салбар хариуцсан байцаагч нарын “шүдний өвчин” болох дөхсөн асуудал болсон гэх юм билээ. Хийсэн ажил бүр нь ар араасаа гомдол, айдас хоёрыг дагуулж, өнгөрсөн дөрвөн жилийн турш хийсэн ажил нэг ч байхгүй хэрнээ эрх мэдэл нь хуулиас давах нь холгүй байгаа энэ мэт нөхдийн барьсан барилгыг мэргэжлийн хяналтынхан үзэж шалгахаас ч төвөгшөөдөг гэх эл компанийг хэдий болтол энэ салбарт бөөцийлж, мөнгөөр бордох вэ, хотын дарга аа. Байнга л хэл ам таталдаг, чанаргүй барилгаараа “Геннис”-ийн номд ч орж мэдэхээр болсон энэ компанид хотын удирдлагууд болон иргэд яаж итгэв ээ. Иргэдийг илбэндээ оруулсан энэ компанийг барилгын салбараас арчъя. Урдах ажлаа чанартай хэл ам татлалгүй хийж үзээгүй атлаа ипотекийн зээлд хамрагдаж, дураараа үнэ өсгөж, чанаргүй барилгаа шахахаар зэхэж буй энэ үйлдлийг таслан зогсоож, хөнгөлөлттэй зээлээс хасъя. Цаашлаад барилгын салбараас ч арчъя.

 Б.МАРАЛ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх