Эрүүл мэндийн элч дуучин хэмээн олноо өргөмжлөгдсөн МУСТА эмч, дуучин Б.Хангал “Сувилагч бүсгүй…-д” уран бүтээлийн гурав дахь бие даасан цэнгүүнээ энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт үзэгч түмэндээ ганцхан удаа өргөн барих гэж байна.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Сувилахуйн амьдрал төв” ТББ, “Монголын ахмад сувилагчдын холбоо” ажилж байгаа аж.
Бид тоглолтын талаар МУСТА эмч, дуучин Б.Хангалтай ярилцлаа.
– Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бие даасан гурав дахь уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлог юу байна вэ? Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдсан вэ?
– Тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан. Одоо тоглолтоо хүлээж байна. Энэ удаагийн тоглолтын онцлог бол Эрүүл мэндийн салбарын хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч явдаг сувилагч нарыгаа алдаршуулж, нэр хүндийг нь өргөж тэдний хийж бүтээсэн зүйлийг үнэлдэг “Алтан дэнлүү-2016” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ тоглолттой маань хамт болж байгаагаараа онцлог юм.
– Тоглолтын нэрний хувьд их өвөрмөц санагдлаа. Яагаад ингэж нэрлэх болов?
– “Сувилагч бүсгүй…-д” гэдэг маань өөрөө утга учиртай. Анзаарвал тоглолтын билет ч гэсэн захидал хэлбэртэй байгаа. Энэ санааг би олон сарын өмнө бодож олсон. Сувилагч нартаа ямархуу хэлбэрээр сюрприз барих вэ? гэж их бодсоны эцэст захидал хэлбэрийг бодож олоод “Сувилагч бүсгүй” гэдэг дууныхаа нэрийг оруулаад “Сувилагч бүсгүй…-д” гэж хаяглая гэж шийдээд тоглолтоо ингэж нэрлэсэн юм.
– Та хүүхдийн эмч, мэс заслын эмч мэргэжилтэй хүн. Ер нь хэзээнээс дуучин болсон вэ?
– Анх 2003 онд уран бүтээлийнхээ тоглолтыг Төв аймгийн теарт киноны хүрээлэнд “Эмчдээ дуулах дуу” нэртэйгээр тавьж байлаа. Энэ мөчөөс эхлэн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон. Түүнээс хойш 2006 онд МҮЭСТӨ-нд Улсын филормони симфони найрал хөгжимтэй амьд тоглолтыг “Эмчдээ өргөх дуу” нэртэйгээр хотод анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Дараа нь 2014 онд “Эмч хүн жаргалын ээж” хоёр дахь тоглолтоо бөхийн өргөөнд тавьсан. Энэхүү тоглолтоо 21 аймгаараа аялан тоглосон. Би өөрөө эмч хүн учраас мэргэжил нэгт нөхөдийнхөө нөр их хөдөлмөрийг алдаршуулж, дуу хоолойн болж уран бүтээлээ хүргэхийг хичээдэг.
– Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ? Өөр тоглолтын сонин сайхнаас уншигчиддаа хуваалцвал?
– Тоглолтод маш олон уран бүтээлчид оролцоно. Үүнийг сюрприз болгон хадгалахыг хүсч байна.
– Таны цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна вэ?
– Цаашдаа би “Сувилагч бүсгүй…-д” тоглолтоо Монгол орон даяараа тоглохыг зорьж байна. Дахин 21 аймгаараа аялан тоглож Монголынхоо мянга мянган эмч, сувилагч нартаа толилуулахыг хүсч байна. Сувилагчын арми гэдэг бол маш том арми. Тангараг өргөсөн энхийн манаачид байдаг. Мөн эмчийн шадар туслах, эмчээс дутахааргүй үүргийг гүйцэтгэж явдаг нөр их хөдөлмөрийн эздээ магтан дуулах болно.
– Танд баярлалаа. Эрүүл мэндийн салбар болон эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын дуу хоолой болж явдаг эрхэм дуучиндаа тоглолтод нь болон цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэе.
О.Заяа