З.Энхболдыг ялагдлын шокноосоо гараагүй байхад нь…

2016 оны 07-р сарын 04 өдөр, 15 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АН-ыг шинэчлэх Түр хорооны гишүүд мэдэгдэл гаргаж,намын дарга З.Энхболдыг журмын нөхдөөсөө уучлалт гуйж, 24 цагийн дотор огцрохыг шаарджээ.

Уг мэдэгдэлд “Намын доторх фракци хоорондын тэмцэл, нам дамнасан эдийн засгийн бүлэглэл, зөрчилдөө хэт автан 1996-2000 оны гашуун түүхээ давтсан. Мөн алсын хараагүй шийдвэрүүд гаргаж, ард түмнийхээ дуу хоолойг боомилж, улс төрийн алдаатай бодлого явуулсан удирдлагуудын байр суурь зэрэг нь намын нэр хүндийг унагаж, энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд АН-ыг бүрэн ялагдууллаа” хэмээн онцолжээ.

Тиймээс АН-ыг шинэчлэх түр хорооныхон намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж, 48 цагийн дотор ҮЗХ-г хуралдуулж, АН-ын Их хурлыг наймдугаар сарын 15-ны дотор зарлахыг шаардсан байна. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг энэ байх. Саяхан л дарга аа гээд навталзаж байсан хүмүүс нэгэнт зангаа хувиргажээ.

З.Энхболдыг намаа сонгуульд ялагдуулаад шокноос гарч амжаагүй байхад журмын нөхөд нь түүнийг үтэр түргэн намын даргаасаа огцор гэв. Нэгэнт буруу ажилласан бол албан тушаалаасаа огцордог ёстой. Гэхдээ дөрвөн жил даргалсан парламентаа тарааж, амьсгаа авсных нь дараа “зайл” гэж болмоор. Парламентын ээлжит сонгуулийн үр дүнд хууль тогтоох 76 эрхэм тодорсон. Тэд өнгөрсөн долоо хоногт СЕХ-ноос тэд гишүүний түр үнэмлэхээ гардаж авсан. Ингэснээр тэдний бүрэн эрх хэрэгжих анхны алхам болсон юм.

Шинэ парламентын анхдугаар чуулган маргааш хуралдах тов зарлагдсан. Гэтэл хуучин парламентын гишүүдийн эрх дуусгавар болоогүй байна. Шинэ,хуучин бүгдээрээ нийлж суугаад хуралдахгүй л болов уу. З.Энхболд даргатай УИХ хаалтын хуралдаанаа хийж амжаагүй байтал шинэ парламент нээлтээ хийх гэж байгаа ч юм шиг нэг л ойлгомжгүй болчихлоо гэсэн бор шувуу зөрөлдөж нисээд л байна.

Уг нь дөрвөн жил хамтран ажилласан парламентын гишүүддээ талархал илэрхийлж, албан ёсоор энэ удаагийн УИХ-ыг тараах эрх З.Энхболдод байгаа. Түүнийг ялагдлын шокноосоо гараагүй байхад нь нам дарж авах гэсэн шиг баруун солгойгүй нүдээд яах нь вэ. АН-ынхан жоохон жудагтай бай л даа. Ялалт,ялагдал аль нь ч байдаг л зүйл. З.Энхболд дарга “туг ч барьсан, тугал ч хариулсан” л байгаа биз.

Уучлал даа,журмын нөхөд өө.

Н.Яруухан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх