Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж байна

2026 оны 06-р сарын 02 өдөр, 19 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
709762384_1292180339748305_163459141842170913_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн удирдлага, багш, ажилтан, оюутнуудтай уулзлаа.

1965 онд Хүнсний үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль байгуулагдсан нь Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн үндэс суурь болсон түүхтэй.

Тус сургууль өдгөө шаталсан сургалтын тогтолцоотой, мэргэжлийн болон техникийн боловсрол, бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулдаг.

Сургуулийг төгссөн 32,800 гаруй хүн мах, сүү, гурил, талх, нарийн боов, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад салбарт мэргэжлээрээ ажиллаж байна.

Ерөнхийлөгч тус сургуулийн сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр, хоол үйлдвэрлэлийн дадлагын орчин, суралцагчдын гаргасан мах, сүү, талх, нарийн боовны үзэсгэлэн зэрэгтэй танилцлаа.

Тэрбээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, 900 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжийг мэргэжилтэй ажилтан, техникч, технологичоор хангаж байгаа сургуулийн удирдлага, хамт олон, төгсөгч, суралцагчдад талархал илэрхийллээ.

Мөн үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн захиалгаар хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний чанар, аюулгүй байдал зэрэг чиглэлээр 800 гаруй хүнийг богино хугацааны сургалтад хамруулжээ.

Ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор Хосмог сургалт нэвтрүүлж, мах, махан бүтээгдэхүүн, тогооч, тоног төхөөрөмжийн засварчин, үйлдвэрийн техникч мэргэжлээр сургалт явуулж байна.

Дээрх сургалтад 120 орчим хүн хамрагдаж байгаа бөгөөд энэ жил 33 нь төгсөн гарчээ.

Тус сургуулийн мах, сүү боловсруулах үйлдвэр, нарийн боовны цех Хан-Уул дүүргийн цэцэрлэг, сургуулийн “Үдийн хоол”, “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлдэг.

Хүнсний үйлдвэрүүдэд аарцаар баяжуулсан бүтээгдэхүүний түүхий эд нийлүүлэхийн зэрэгцээ төр, хувийн хэвшлийн байгууллагуудын зохион байгуулдаг арга хэмжээнд катерингийн үйлчилгээ үзүүлдэг юм.

Сургууль цаашид Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг хослуулан сургалтын орчин, шаталсан сургалтын тогтолцоо, агуулгаа улам сайжруулах зорилт тавьжээ.

710927984_1487717602833432_5902753780710465722_n-1024x683

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх