Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр (2017.03.21) Их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, албаны бусад хүмүүс оролцов. Мөн нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Цагдаагийн ерөнхий газрын үе үеийн дарга нар байлцлаа.
Ёслолын ажиллагааны эхэнд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын Төрийн далбаа, Цагдаагийн албаны байлдааны туганд хүндэтгэл үзүүлсэн юм.
Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нээж үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, 1993 онд Цагдаагийн байгууллагын тухай анхны хууль батлагдаж, байгууллагын чиг үүрэг, тогтолцоо, алба хаагчдын эрх зүйн байдлыг хуульчилж өгснөөр түүхэн үүргээ бодитойгоор хэрэгжүүлж чадсаныг тэмдэглээд “Өнөөдөр бидэнд гардуулан өгч байгаа Цагдаагийн албаны тухай шинэчлэн найруулсан хууль нь ард иргэдээсээ тавих хяналтыг нэмэгдүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд олон нийт, цагдаагийн албаны ажиллагааг ойртуулан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай, шийдвэр гаргах эрхийг тодорхой болгож, алба хаагчдын нийгэм, эрх зүйн баталгааг хангаж өгснөөрөө онцлог юм” гэлээ.
Дараа нь Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлж, цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлээд Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод гардуулж өгөв.
Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрд гардуулснаар цагдаагийн алба хаагчид шинээр тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэллээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Замын цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургууль, Тусгай ажиллагааны газар болон Нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс зэрэг Улаанбаатар цагдаагийн хүрээний алба хаагчид оролцов.
Ёслолын төгсгөлд Тугийн салааны бүрэлдэхүүн жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Цагдаагийн албаны байлдааны туг, Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд заллаа.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Улс орон, ард иргэдийнхээ амар тайван, аз жаргалтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй Монголын Цагдаагийн байгууллагын алба хаагчид аа,
Улс орны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал ээдрээ төвөгтэй, зарим тохиолдолд сургамжтай, хүндхэн сорилтууд тулгарч байгаа ч Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж төр, түмнийхээ төлөө цуцашгүй хөдөлмөрлөж, мятрашгүй зүтгэж буйд талархаж байгаагаа үгийнхээ эхэнд зориуд тэмдэглэе.
Сүүлийн жилүүдэд Цагдаагийн албаны тухай хууль болон түүнийг дагалдаж гарсан эрх зүйн актууд хэрэгжиж, цагдаагийн албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн орчинд нэлээдгүй өөрчлөлт орсныг бүхэлд нь дүгнэж хэлбэл томоохон шилжилтийн үйл явц болсон билээ.
Энэхүү шилжилтийн хүрээнд эерэг өөрчлөлт гарсан ч цаашид боловсронгуй болгон шийдвэрлэх асуудлууд цөөнгүй байсан юм.
Тиймээс шинэ Засгийн газар Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан юм. Өнөөдөр энэ хуулийг хүлээлгэн өгч, хэрэгжүүлж эхлэх ёслолын арга хэмжээ болж байна.
Шинэ хуульд цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн 3 үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгаж, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өглөө.
Мөн цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь Цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, орон нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллагын нэгж бүрэлдэхүүнээс бүрдсэн байхаар тогтсон.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа иргэдийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулах үүднээс цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэх үедээ иргэнд хүндэтгэлтэй хандаж, иргэд олон нийтийн дэмжлэгийг авах, итгэлийг хүлээхийг эрмэлзэх үүргийг энэ хуулиар хуульчилж өглөө.
Цагдаагийн алба хаагчид цагдаагийн дээд, дунд, бага цол олгохоор тусгаж, тэтгэвэр тогтоолгох насыг цолны байдлаас хамааруулан ялгавартай байхаар хуульд заалаа.
Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Тахарын албыг татан буулгасантай холбогдуулан уг байгууллагын хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, ажиллаж байсан алба хаагчдын цол, ажилласан жилийг цагдаагийн албанд ажиллаж байснаар тооцохоор, мөн 2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу тогтоосон “албан тушаалын цол”-ны нэршлийг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн цол олгодог байхаар шинэ хуульд зохицууллаа.
Цагдаагийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газар болон орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс цаашид онцгой анхаарч эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, цагдаагийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх чиглэлээр дэмжиж ажиллах болно.
Монгол төрийн түшиг тулгуур, цагдаагийн байгууллагын хамт олон Та бүхэн урьдын адил өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг, ногдсон хариуцлагаа гүнээ ухамсарлан цагийн хязгаар, биеийн алжаалыг умартан шинэ хуулиа хэрэгжүүлж, төр-иргэндээ үйлчлэх нэр төртэй үйлстээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Төр төвшин, түмэн олон маань амгалан байх болтугай.


Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
