Хөөрхий муу нөхөр минь “төрхөмдөө” буцаж байна. Ажил байвч хийж чадалгүй халагдчихдаг, мах байлаа ч хуураад идчихгүй намайг хүлээн уурлаж суудаг нөхөр л дөө. Хийж чаддаг юм нь зурагт үзэх, худлаа ярих. Ажил нь бүтэлгүйтвэл хамаг бурууг нь надад тохох дуртай. Гутлан дээрээ нусаа нийчихээд намайг хялалзахыг нь яана. Ерөөс бүх л юманд хажуудаа байгаа хүнийг буруутгах согогтой учир аав ээждээ ч ад үзэгдэх болсон амьтан. Хадмын буянаар жарганаа гэж донгосоход нь найз нөхөд нь Чи мөн ёроолгүй тэнэг хүн ээ гэж гайхаж ядна. Тэгэхэд уур нь хүрч зодолдох маяг гаргавч хөлийнх нь дэвсүүр болоод шувтарна. Тэгээд надад эр бар болохыг нь яана. Эр хүн биш эрийн сүг л гэмээр. Ахаас гуйж байгаад Солонгос явуултал гурван сар архи уугаад ирсэн. Тэгээд гэрээ санаад тэсээгүй гэж нэрэлхээд байгаа юмаа. Ийм л эрийн сүгтэй би хоёр жил ханиллаа. Дардайсаныг нь дарж бултайсаныг нь булж, хүний эхнэрийн хийдэг бүхнийг хийж түүнийг тэжээсэн сэн. Гэтэл түүнд хангалтгүй санагдаж, өөр хүнтэй л суувал амьдрал нь өөдлөнө хэмээн аархаж байна. Тэгнэ л гэж бодоод байгаа бол би хориод яахав дээ. Одоо өөдтэй өнгөтэй гэсэн бүхнийг минь хамж найзынхаа машинд ачаад явах гэж байна. Ахаас айхын эрхэнд таван ханатай гэрийг минь л авсангүй. Ах байгаагүй бол намайг ажлаас ирэхэд хэдэн хувцсыг минь буурин дээр овоолоод одох байсан биз.
Аавын хуучин муу зурагтыг ч авч байгаа юм даа. Хивс шалавч гээд хэрэг болох бүхнийг л хуу татлаа. Би хоёр ор, ажиллахаа больсон хөргөгчнөөс өөр юмгүй үлдлээ. Өөрөө л засдаг баатар болж тэрийг задлаад эвдчихсэн хэрэг л дээ. Би өөрийнх нь авч өгсөн мөнгөн ээмгийг зааж -Миний хөгшин ээмгийг минь авах уу, тэр хүүхэндээ авч өгч байгаа хүн болж сайрхахгүй юу гэхэд уурлаж -Наад зэвээр чинь яадаг юм гэж тоодойгоод гарч одлоо. Гарахдаа бас хатавчинд байсан сүхийг шүүрч байгаа юмаа. Гадаах усны тэрэг, савыг ч авч байгаа дуулдана. Өвлийн үлдэгдэл нүүрснээс шуудайлж гарсанд найз нь ичсэндээ улайн -Явья новшоо гэж уурлаад машиндаа оров. Тэр минь их ууртай том тампуутай нүүрсээ дааж ядан үүд рүү чирлээ. Эвий эвий эр хүн ч бол. Зун болох гэж байхад нүүрсээр яах гэж байгаа юм бол. Өвөл болтол хадгалаад түлэх гэсэн юм болов уу. Даамангаа хаагаад гэртээ орлоо. Эмнэлэгт ажилладагийн хувьд эм танхан ууж, жирэмсэн болоогүй минь л аз. Хүүхэдтэй байсан бол ингээд л захын хүүхнээс болоод үнсэнд хаясан шалз шиг хаяад явчих байж шүү. Ёстой азаар л гэж бодсоор утсаа авч ах руу залгав. Болсон явдлыг яривал тэрээр тачигнатал хөхрөн -Ганц өмдтэй ирсэн гуйлгачин сэтгэлээ ханатал авсан л бол яамай. Үдээс хойш манайд хүрээд ир миний дүү. Ах нь чамд нэг байр авч өгье гэж бодоод байсан юм. Хажуугийн байрны нэг өрөөг үзье. Гутраад байх юм ер байхгүй. Ийм насан туршийн гай хөөнөөс салсандаа баярлаж яв гэж сэтгэл заслаа. Хашаа хороогоо зарж муу гэрээ ахын зуслан дээр хурааж орхиод би байранд орсон билээ. Жилийн дараа хүний төлөө төрсөн нэг залуутай гэрлэж, үр хүүхэдтэй болж бишгүй сайхан амьдарч явна. Гэвч сэтгэлийн мухарт минь хуучин нөхрөө сайн яваасай гэх залбирал байдаг юм. Хичнээн арчаагүй ч гэсэн ханилж явсан юм болохоор өрөвдөж явдаг даа. Аавын хуучин хивсэнцэрээр ороо бүтээж, хамаг адыг нь үүрч яваа тэр бүсгүйг ч өрөвддөг. Түүнээс салсанаараа би азтай нэгэн болж харин тэр бүсгүй азгүй нэгэн болж орхисон доо.
Шуурайн Солонго

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
