Хүү аавгүй өсчээ. Орой ажлаасаа ихэд ядарсан бололтой ирээд ангаахай адил өлбөлзөх хэдэн хүүхэддээ аяга хоол хийж өгөх гэж зуухны өмнө бүртэлзэх ижиигээ хараад хүү “Миний аав хаачсан юм бол доо” хэмээн бодолд автана.
Гэвч ээжээсээ асууж үл зүрхэлнэ. Асууж болохгүй гэдгийг зөн совингоороо мэдэрчээ. Айлын аавууд гэрийн хойморт ханхайн суухыг үзээд бяцхан гуниглана. Заримдаа өөрөө хойморт гарч, тэднийг дуурайж сууж үзнэ. Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэсэн бяцхан хүүгийн санааг хэн ч эс ойлгоно. Сургуульд ороогүй бяцхан хүүг тийм холын гүнзгий юм бодно гэж хэн санах билээ.
Гэрт нь очин гийчин орж ирвэл хүү ихэд баярлана. Эр хүн ирвэл бүр их баярлана. Ярих, хэлэх, тамхи татах, хөдлөх бүрийг нь ажиглана. Дараа нь хэрвээ надад аав байсан бол лав ингэх байсан даа хэмээн зураглаж үзнэ. Хүү аавгүй гэдгээ мэднэ. Аав гэдэг үгнээс нэг л цэрвэнэ. Ер нь мэдээ орсноос хойш аав гэж нэг ч удаа хэлж үзсэнгүй. Тэрбээр хувь тавилантай бүрмөсөн эвлэрчээ. Гэхдээ ганцхан зүйлийг эс ойлгоно. Хүү олон ах, эгчтэй. Тэд бүгд л аав хэмээн ярина. Аав надад тэгж хэлсэн, аавтай би тийшээ явсан гэж дурсана. Гэвч тэдний яриа өнгөрсөн цагийн дурсамж байгааг хүү анзаарлаа. Тэр яригдаад байгаа аав хаачсан тухай үл асууна.
Яагаад ч юм хэлж болохгүй гэж боджээ. Ах, эгч нарт нь үзэгддэггүй ч гэсэн аавтай атал хүү яагаад аавгүй байдаг билээ. Үүнээс хойш надад аав бий хэмээн бодох болов. Гагцхүү хаана байгааг л үл мэднэ. Гэтэл нэг өдөр эгч нар нь “Ааваас хотоос ирсэн” хэмээн шуугилдлаа. Үзэгддэггүй аав одоо ирнэ дээ хэмээн хүү хүлээнэ. Гэтэл ирсэнгүй. Зочин гийчин ирэх болохоор галаа яаран өрдөж, цай цүй болон сандардаг ээжий нь ч юу ч болоогүй аятай ханзарсан товч шилбэхэн хадсан төдий сууна. Гэтэл ах, эгч нар нь аавдаа очно хэмээн саахалтын айл руу уралдан гүйлээ. Охин, хүргэн нь хотод байдаг хэмээн ярилцдаг саахалт айлын эмээгийнд яахаараа аав ирчихсэн байдаг билээ гэж хүү гайхавч учрыг эс олов. Удсан ч үгүй ах, эгч нар нь хот газрын чихэр, боов өвөртөлсөөр орж ирцгээлээ. Аав надад үүнийг өгсөн, аав тэр гуайтай тэгж ярьсан хэмээн тэд ам булаалдан шуугина. Хүү яагаад ч юм бэ ээжий рүүгээ харав. Ээжий нь энэ бүгдийг эс дуулахсан гэсэн аятай толгой тонгойн сууна. Ээж яагаад баярлахгүй байгаа юм болоо гэж хүү бодов. Тэгснээ гэнэтхэн барьж байсан тоглоомоо гэрийн хаяа руу шидэж орхиод ухасхийн гарав. Ах, эгч нар нь ч, ээжий нь ч юу болов хэмээн гайхан харсаар хоцров. Хүү саахалт айл руу чавхадлаа. Аавыгаа авчирч ээжийгээ баярлуулна гэж шийджээ. Гүйх зуураа “ Та нар муухай…Аавын оронд чихэр, боов авчирдаг” хэмээн ах, эгч нартаа уурлан үглэн, үглэнэ. Хүү гүйсэн эрчиндээ саахалтын эмээгийн хаалгыг ихэд ширүүн татав. Гэрт байсан хүмүүс цочсон мэт бүгд нэгэн зэрэг түүнийг харав. Тэр аавыгаа шууд танилаа. Зөн совингоороо энэ л миний аав гэдгийг мэдэрчээ. Аав нь халуу дүүгсэн гэрийн хойморт дээлээ тайлчихсан налайж сууна. Гэрийн зүүнтээ торгон дээлтэй ганган эгч хот газрын ховор нандин барааг дэлгэн, бэлэг сэлтээ хуваана.
“Аав над руу хараасай” гэж хүү хүснэ. Гэнэтхэн аавтай гэдгээ мэдэрсэн ч “Ааваа” хэмээн дуудаж чадахгүй байгаадаа тэрбээр гайхширна. Хүү удаан зогслоо. Хэн ч түүнийг үл анзаарна. Хүү хоолойгоо аяархан засаж үзэв. Бас л анзаарсангүй. Гараад гүйчихье гэж бодовч үл үзэгдэх нэгэн хүчинд баригдаад хөдөлж чадсангүй. Гэтэл аав нь түүн рүү харлаа. Энэ чинь хэн сэн билээ гэж санж ядах мэт тогтоон харснаа бусад руу хандаж “Энэ чинь хэний хүүхэд вэ” гэж асуулаа. “Яагаав нөгөө хэний хүүхэд. Чамайг явахад гэдсэнд байсан” гэж айлын эмээ учир битүүлэг хариулав.
“Аа…” хэмээн дуугаа хураасан аав дахиж түүн рүү харсангүй. Хүү тун ч эвгүй байдалд орлоо. Томчуудын ярианы учрыг гүйцэж ойлгоогүй ч өөртэй нь холбоотой ямар нэгэн тааламжгүй яриа боллоо гэдгийг мэдэрч үүд рүү зүглэлээ. Гэтэл айлын эмээ “Миний хүү хүлээж бай” гэснээ тавган дээрээс ганц чихэр сарвайв. Хүү тулгамдсандаа ухасхийн алгаа тоссоноо, дараа нь юу хийж байгаагаа гэнэтхэн ухаарчээ. Чихрээ харагдсан зүг рүүгээ чулуудаж орхиод ухасхийн гарлаа. Тэр анх ирсэн замаараа анх ирснээсээ хамаагүй хурдан буцаж гүйлээ. Аавыгаа дагуулж ирэх гэж ороод ганц чихэртэй буцсандаа хүү гоморхжээ. Ах, эгч нарыгаа тэнэг хэмээн харааж байсан хүүд аавыгаа төдийгүй ариун нандин итгэлээ ганц чихрээс арилжиж орхисон мэт санагдаж, саахалтын эмээгийнхээс бушуухан холдохыг хүсчээ. Ах, эгч нар нь гаднаа тоглоно. Хүү гүйсээр гэртээ орлоо. Ээжий нь цочсон мэт утас, зүүгээ шүүрч аваад цааш эргэв. Нүдэнд нь нулимс хурж, шүүдрийн дусал мэт гялтганахыг хүү ажиглаж амжлаа. Хүү аавын тухай хэзээ ч ярьсанүй. Бодсон ч үгүй. Харин зургаахан насанд нь учирсан эл түүхийг насан туршдаа мартсангүй.
1991.03.20
Зохиолч: Б.Галаарид

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
