Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны энэ сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн аяныг хэрэгжүүлэхэд Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тэгвэл тус аяны талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Ц.Отгоннямаас тодрууллаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. ЦЕГ, Монголбанк болон Монголын банкны холбоо, арилжааны банкуудтайхамтран “Ятгах тусам нягтал” аяныг хийсэн. Тус аяны үргэлжлэл болгож “Нягтлах тусам аюулгүй” аяныг эхлүүлж байгаа юм байна. Уг аяны талаар ярилцлагаа эхлүүлье. Ер нь энэ он гарснаар залилах төрлийн гэмт хэрэг хэчнээн бүртгэгдсэн вэ?
-Мөрдөн байцаах алба, Монголбанк, Монголын банкны холбоотой хамтарч он гарснаас хойш залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” аяныг 1-р сарын 1-ээс 2-р сарын 2-ны өдрийн хугацаанд аяныг эхлүүлэн амжилттай дуусгасан. Тус аян хэрэгжих хугацаанд “залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд урьд оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувь буурсан үр дүнтэй байна. Түүнчлэн иргэдийн мэдлэг, хандлага, залилах гэмт хэргийн гаралтад гарсан өөрчлөлт, өмнө нь зохиогдож байсан нөлөөллийн бусад арга хэмжээний үр дүнгээс үзвэл, залилах гэмт хэрэг 2020 оны 2, 3, 4 дүгээр сард буурах төлөвтэй болжээ. Гэсэн ч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залилах гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, хор уршгийг иргэдэд тайлбарлан таниулах, гэмт халдлагад өртөж хохирохгүй байх сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл, сургалтыг тогтмол өгч байх шаардлагатай тул дахин хоёр дахь шатны аян болох “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аяныг эхлүүлээд байна. Уг аяныг Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн байцаах алба, Монголбанк, ХААН Банк хамтраад 4-р сарын 20-оос 6-р дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулна. Он гарсаар эхний улирлын байдлаар 1,554 залилах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
– Монголбанк болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус аяныг зохион байгуулж байгаа гэлээ. Өнөөдрийн нийгэмд банкны данс ашигладаггүй хүн ховор шүү дээ. Тус аяныг банкуудтай хамтран хийж байгаа гол шалтгаан нь юу вэ?
– Иргэдээ санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлсэн мэдлэг мэдээллийг түгээх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаралтыг багасгах зорилготойгоор банкуудтай хамтран ажиллаж байна. Залилах төрлийн гэмт хэргээс сүүлийн үед дэлгэрсэн нэг төрөл бол бусдын дансыг ашиглаж хэн нэгнээс мөнгө залилах үйлдлүүд их болсон.
Жишээ нь танихгүй хүн “та картаа ашиглуулаач, хөдөөнөөс ирээд хамаг бичиг баримтаа алдчихлаа” гэж хэлээд тухайн иргэний дансруу мөнгө шилжүүлж авдаг. Гэтэл тухайн иргэн хэн нэгэн хүнд худлаа хэлээд мөнгө луйвардсан тохиолдол их байна.
Үүнээс гадна танихгүй дугаараас хэн нэгэн хүн яриад “Танд гадаад улсаас карго ачаа ирсэн байна, олон улсын тусламжийн байгууллагаас илгээмж ирсэн байна, таны утасны дугаартай илгээмж байна. Та илгээмжний төлбөр болох хэдэн төгрөгийг яг одоо энэ дансруу шилжүүлчих. Манай бараа түгээлтийн машин гарах гэж байна. Таны ачааг явуулахад бэлэн байна” гэх мэтээр худал ярьж иргэдээс мөнгө залилах явдал их гарч байна. Одоо ер нь гадаадад амьдардаг хүмүүс их болсон учир иргэд маань манай хамаатны тэр Хятад улсад амьдарч байгаа. Тэр маань л юм явуулсан байх гэж бодоод л мөнгөө шилжүүлж орхидог. Ийм өнгөц байдлаар аливаа зүйлд битгий хандаач гэж иргэдэд зөвөлмөөр байна. Үүнээс гадна иргэдийн хувьд мөнгө шилжүүлж, эд хөрөнгөө захиран зарцуулж байгаа нөхцөлд эх сурвалжийг сайн судалж, мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвөлгөө авах, албаны эрх бүхий байгууллага, цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах, цаад харьцаж буй хүний баримт бичиг үнэн, үндэслэлтэй эсэх зэргийг нягталж үзэж байж дараа дараагийн алхмуудыг хийх хэрэгтэй.
Иргэд өөрсдийнхөө хийж байгаа үйлдэлдээ хариуцлагатай хандсанаар энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, эд хөрөнгөө хамгаалах боломжтой.
-Төлбөрийн картынхаа нууц үгийг алдсанаас болж хохирох тохиолдол бас нилээдгүй бүртгэгддэг байх. Бас фэйсбүүкээр залилангийн төрлийн мэдээлэл их явдаг ч зарим иргэд үүнд нь итгэж шэйр хийх, түгээх явдал цөөнгүй ажиглагддаг. Энэ талаар.
-Иргэд эхний аян болох “Ятгах тусам нягтал” аяныг хэрэгжиж дууссанаас хойш энэ талын мэдлэг мэдээлэл арвин болсон байна. Өөрсдийн фэйсбүүк болон интернэт орчны аюулгүй байдлыг хангах, хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх шторк, мэдээ мэдээллийг уншсанаар илүү ойлголттой болсон. Үүнээс улбаалан уг гэмт хэргийн хохирогч болох нь харьцангуй бага байгаа нь тоон мэдээллээс харагдаж байна.
Гэхдээ төлбөрийн картныхаа пин код, интернэт банкны нууц үгээ өөрөө алдах тохиолдол байсаар байна. Иргэд төлбөрийн картны нууц үгээ хийхдээ хайхрамжгүй ханддаг. Өөрийн төрсөн он сар өдрөөрөө, утасны дугаараараа, хүүхдийнхээ төрсөн өдрөөр ч юм уу их амархан утгаар хийснээр кодоо алдах тохиолдол гардаг. Сүүлийн үед цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хөл хорио тогтоосонтой холбогдуулан эцэг, эхчүүд бага насны хүүхдүүддээ өөрсдийн картныхаа нууц үгийг хэлж үлдээх үйлдэл нь тухайн иргэний нууц үг алдагдах өндөр эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байна. Мөн фэйсбүүк хуудас ашиглаж залилах тохиолдол нэмэгдсэн.
Иргэдийн фэйсбүүкийн нууц үг алдагдаж хакердуулах явдал цөөнгүй болсон. Иймд иргэд цахим хэрэглээнийхээ нууц үгийг алдахгүй байхын тулд нууц үгээ тогтмол сольж байх, үсэг тоо холилдсон байдлаар шинэчлэж байх нь энэ төрлийн эрсдэлээс өөрийгөө хамгаална.
-Цахим хэрэглээнд нууц үгээ хэдий хугацаанд солих нь зөв бас эрсдэлгүй бэ?
-Тогтсон хугацаа байхгүй. Гэхдээ иргэд аюулгүй байдлаа хангах үүднээс ойр ойрхон солих нь уг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна. Мөн олон нийтийн газар үйлчлүүлэхдээ нууц үгээ бусдад дамжуулж хэлэхгүйгээр пос машинаар үйлчлүүлэхдээ өөрөө нууц үгээ хийх зэрэг аюулгүй байдлаа өөрсдөө хангаж байх нь чухал.
-Иргэд өөрийгөө залилуулсан байна гэдгийг мэдэхгүй тохиолдол гардаг уу ?
– “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” аян дууссаны дараагаар цагдаагийн байгууллагад залилах төрлийн өргөдөл, гомдлын дуудлага мэдээлэл нэлээдгүй бүртгэгдсэн. Үүнийг хэрэг үйлдэгддсэн цаг хугацааных нь хувьд аваад үзэхэд 2020 онд бүртгэгдсэн дуудлага мэдээлэл эрс багассан. Иргэд өмнөх аяны хүрээнд өгсөн зөвлөгөө, мэдээллээр залилуулчихлаа, цагдаад хандах нь зөв юм байна гэсэн үүднээс хандсан дуудлага мэдээлэл өссөн байсан. Үүнд 2016-2018 онуудад мөнгө, санхүүгээрээ луйвардуулаад одоо хүртэл авч чадахгүй байгаа иргэд цагдаагийн байгууллагад их хандаж байна. Иргэд өөрсдийгөө гэмт хэргийн хохирогч болсон гэдгийг оройтсон ч гэсэн мэдээд бидэнд хандаж байгаа нь аяны үр дүнгийн илрэл юм болов уу гэж харж байгаа.
-Ер нь залилах гэмт хэрэг бусад гэмт хэргээс юугаараа ялгаатай вэ? Таны хэлдэгээр нилээд хугацаа алдаж байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч гэдгээ мэддэг юм байна. Тэгэхээр нөхөн төлбөрийг хэрхэн төлүүлдэг вэ?
-Айлд хулгай орох, зам тээврийн осол гарах гэх мэт хэргүүд тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Харин залилангийн хэрэг цаг хугацааны хувьд алдангитай. Хохирогч нь өөрийнхөө гараар тухайн хүнд мөнгөө, эд зүйлсээ өгсөн байдаг. Тэгээд итгэж явсаар байтал аль хэдийн залилангийн гэмт хэргийн хохирогч болчихсон жишээтэй. Өнөөдөр хохирогч болчихоод хэдэн сар, магадгүй хэдэн жилийн дараа би залилуулчихлаа гэдгээ мэддэг тохиолдлууд цөөнгүй. Тийм учраас залилагч этгээд баригдахдаа ихэвчлэн залилсан хөрөнгөө аль хэдийн зарцуулаад дууссан байдаг. Гэхдээ цагдаагийн байгууллага жилд дунджаар залилангийн гэмт хэргийн 30-40 хувийг эргэн төлүүлж байна. Ингэхдээ холбогдогч этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах замаар шүүхийн шатанд шийдвэрлэгддэг.
-Залилагч этгээдүүдийн бусдаас ялгарах онцлог, иргэд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх гэж байгаа этгээдийг мэдэх боломжтой юу.
-Залилагч этгээдүүд таныг ятгах тусам та нягтлах хэрэгтэй. Яг одоо мөнгөө яаралтай шилжүүлэх хэрэгтэй, хурдан шилжүүлчихвэл энэ ажил чинь бүтэх гээд байна, хурдан хурдан гэх үгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яаруулах тусам дахин дахин тунгааж нягтлах нь хамгийн зөв арга. Бүх насны хүмүүс залилах төрлийн гэмт хэрэг үйлддэг.
Өсвөр настнуудын хувьд ихэвчлэн цахимаар, фэйсбүүкээр, нас тогтсон хүмүүс ихэвчлэн хүмүүстэй уулзаж харагдах байдлаараа итгэл үнэмшил төрүүлэх, өөрийгөө мөнгөтэй мэт харагдуулах, үнэтэй машин түрээсэлж залилах төрлийн гэмт хэрэг хийдэг болохыг шалгалтын явцад тогтоогддог.
-Залилангийн хэрэг дотроо хичнээн янз байна вэ?
Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж байна. Дээрх гэмт хэргийг ихэвчлэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, барьцаалах, иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх”, “гадаад улсад зорчих виз гаргаж өгнө”, “хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийг өмчлөх”, “иргэдийн и-мэйл фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн ойр дотны найз нөхөд, ах дүү нараас тусламж гуйх”, “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга” буюу олны нэрлэж заншсанаар “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Залилах төрлийн гэмт хэргийг дотор задалж үзвэл цахим, фэйсбүүк, гэрээгээр, халхавчилсан, сүлжээний, банкны гэх тодотголтой зүйлчилдэг. Нэгдүгээр улирлын байдлаар залилах төрлийн гэмт хэргийн улмаас иргэд болон ААНБ, нийт 25 тэрбум 215 сая төгрөгний хохирол учирсан байна.
– Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.



Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
