Author Archives: admin

Нийслэлийн хэмжээнд 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид суралцана

Нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 230 мянга гаруй хүүхэд суралцах бөгөөд шинээр 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Харин төрийн болон хувийн 597 цэцэрлэгт 101 650 хүүхэд хамрагджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Элэгний С вирусийн эсрэг эмийн үнийг бууруулах хүсэлт тавилаа

 Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Гепатит С вирусийн халдварыг эмчлэх эмийг импортлогч эм хангамжийн салбарын төлөөлөл ханган нийлүүлэх байгууллага Монос групп, Омбол ХХК, Монгол эм, имдекс компанийн удирдлагуудтай уулзаж АНУ-ын Гелиад Сайнс компаний Харвони болон түүний Женерик эм болох Ледвир, Вирпас, Хепсинат зэрэг эмийн үнийн талаар ярилцлаа.

   Монгол Улсын Засгийн газраас хүн амыг вируст гепатитаас сэргийлэх, элэгний өвчнийг эрт илрүүлэх, тандах, оношлох ажилд онцгой анхааран, олон талт арга хэмжээ авч байгаагийн нэг илрэл Гепатит С вирусийн халдварыг эмчлэх Ледипасвир 90 мг + Софосбувир 400 мг /Харвони/, Софосбувир 400 мг эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэн, зайлшгүй шаардлагатай эмийн долоо дахь жагсаалтад нэмэлтээр оруулсан билээ.

     Дээрхи эмүүдийг өвчтөнүүд эмчилгээнд хэрэглэсээр тодорхой хугацаа өнгөрөөд байгаа ч үр дүн сайн байгааг үйлчлүүлэгчид хэлсээр байгаа бөгөөд эмчилгээний зардал  нь зарим өвчтөнд зургаан сар эмчилгээ хийгдэх нөхцөлд төлбөрийн хэмжээ өндөр юм. Тиймээс  энэ удаагийн уулзалтаар манай улсын хүн амын элэгний вирүсийн өвчлөлийг бууруулахын тулд эмийг тасралтгүй хүртээмжтэй хангах үүднээс та бүхэн эмийн үнийг бууруулах чиглэлд судалгаа хийж улс орны хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагууд хувь нэмрээ оруулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриалж хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа  Эрүүл мэндийн сайд эмийг импортлогч эм хангамжийн салбарын төлөөлөлд хэллээ.

    Одоогийн байдлаар Харвони эмийн хямд өртөг бүхий Женерик эмүүдийг улсын эмийн бүртгэлд бүртгэж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй үнээр олгох асуудлыг судлан ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хар салхины улмаас 9 хүний амь нас хохироод байна

Японы зүүн мужуудийг “Лионрок” хэмээх хар салхи дайран өнгөрсөн билээ. Уг хар салхины улмаас есөн хүн амиа алдсан болохыг тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс мэдээлсэн талаар “NHK” агентлаг уламжлав.Амиа алдагсад бүгдээрээ өндөр настнууд гэнэ. Хар салхи Ивайзуми хотноо их хэмжээний хохирол учруулсан юм.

 Тус хотын 20 гаруй барилга, байгууламж нурсаны нэг нь өндөр настануудад зориулсан төв байжээ. “Уг төвд байсан 65-75 насны есөн амиа алдсан” хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.  Ерөнхий сайд Шинзо Абе амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн аж.Зүүн мужийн ихэнх гол мөрөн үерлэсэн учир хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Мөн 10 мянга гаруй хүн үерийн улмаас тог цахилгаангүй болсон байна.

 “Лионрок” хар салхи 1951 онд тус улсын дайран өнгөрч, 11 хүний аминд хүрч байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцлоо. Энэ сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 62 бүлэгт 2400 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн долоон бүлэгт 303 зургаан настан элсэн орж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрдмийн өргөөнд цугласан хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэлээ. Ерөнхий сайд хуучнаар Ажилчны районы долдугаар сургууль гэж байх үед нь тус сургуульд нэгдүгээр ангид элсэн орж, А үсэг заалгаж байснаа дурсч төрөлх сургуулийнхаа эрдмийн баярт оролцож байгаадаа баяртай байна гэж хэллээ.2016-2017 оны хичээлийн жилд манай улсын 790 гаруй сургуульд 560 гаруй мянган сурагч суралцаж, 1300 цэцэрлэгт 225 мянган хүүхэд хүмүүжинэ. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчныг сайжруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар төлөвлөж бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаад байгаа. УИХ-д өргөн бариад буй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарт олон ажил хийхээр тусгасан.

9.02 9.049.03 Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж туйлын хүнд байна. Тухайлбал, миний ирсэн “Буянт-Ухаа” цогцолбор сургууль л гэхэд гурван ээлжээр хичээллэдэг. Гурван ээлжээр хичээлдэг ийм сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, 2-6 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь манай Засгийн газрын нэг зорилго. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар хичээж ажиллана гэдгээ эрдмийн баярын энэ өдөр та бүхэндээ амлаж байна” гэж  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ  гэж Засгийн газрыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНУ-ын иргэнийг тагнуулын хэргээр баривчилжээ

Хятад гаралтай АНУ-ын иргэн Сэнди Пан Гилисийг тагнуул хийсэн буруутгаж, БНХАУ-ын цагдаагийнхан баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард Хятадад ирэх үедээ тагнуул хийсэн гэв.

Сэнди саяхан нөхөр Жеф Гилис рүү утсаар холбогдож “Намайг тагнуул хийсэн хэмээн буруутгаж баривчиллаа. Би их гайхаж байна. Чи энэ асуудлыг судлаач. Надад хүчээр ял тулгаж байна” хэмээн ярьжээ. Жеф Гилис уг асуудлаар АНУ-д суугаа БНХАУ-ын элчин сайдтай уулзах санал гаргасан ч татгалзсан хариу авчээ.

Тагнуул хийсэн хэмээн буруутгагдаад буй Сэнди энэ оны эхнээс Макаод хэд хэдэн удаа очиж, худалдаа хийсэн байна. Тэрбээр АНУ-ын бизнесийн компанид гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажилладаг юм.Бээжингийн тал “Хатагтай Гилис бизнес бус өөр зорилгоор Хятадын эх газарт ирдэг байсан” гэж мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Apple” 13 тэрбум еврогийн татварын өртэй

БРЮССЕЛЬ. /АР/. Мэдээллийн технологийн буюу “Apple” компаниас 13 тэрбум евро буюу14.5 тэрбум долларын татварыг авахыг Ирландад үүрэг болгосон шийдвэрийг Европын Холбоо /ЕХ/ гаргажээ.

“Apple”-ийн Ирланд дахь охин компаниуд орлогоосоо нэг хүрэхгүй хувийн татварыг төлсөн гэж Европын Комисс мягмар гарагт мэдэгдсэн байна. Ирланд дахь аж ахуйн нэгжүүд 12.5 хувийн татвар төлдөг ажээ.

Тус комиссын үзэж байгаагаар, Ирландын Засгийн газрын “Apple”-д зориулсан татварын хөнгөлөлт нь ЕХ-ны дүрэм журмыг зөрчсөн хэрэг юм.

Тиймээс 2003-2014 онд “Apple”-ийн төлөх ёстой байсан татварыг цуглуулж авахыг Ирландад үүрэг болгосон байна.

ЕХ-ны өрсөлдөөний асуудал эрхэлсэн комиссар Маргрете Вестгар хэлэхдээ “ЕХ-ны гишүүн улсууд тухайлсан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж болохгүй гэдгийг энэ шийдвэр тодорхой санууллаа” гэв.

Америкийн кофены сүлжээ болох “Starbucks” компанид шударга бусаар татварын хөнгөлөлт үзүүлсэн учир татварыг буцаан авахыг Нидерландад үүрэг болгосон шийдвэрийг ЕХ өнгөрсөн онд гаргаж байжээ. Уг шийдвэрийг америкчууд шүүмжилж байсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Mitsubishi Motors дахин асуудалд орлоо

Японы Тээврийн яам Mitsubishi Motors компанийн машиныг дотоодын зах зээлд худалдахыг зогсоожээ. Mitsubishi Motors  өөрийн найман загварын машины шатахуун зарцуулалтын мэдээллийг санаатайгаар нууж байсан нь илэрсэн тухай  Reuters дамжуулжээ.

Яамны мэдээгээр Pajero, Outlander, мөн RVR SUV загваруудад шатахууны хэмнэлт нь маркетингийн каталогт өгөгдсөн үзүүлэлтээс бага үнэлгээтэй гарчээ.

Mitsubishi хуурамч мэдээлэл гаргасан дуулианд энэ жилийн дотор хоёр дахь удаагаа татагдан орлоо. Үүнээс өмнө Mitsubishi компанийн бага оворын дөрвөн загварт үзүүлэлт бас л хуурамч байсан аж. Судлан шалгахад найман загварын шатахуун зарцуулалт нь зарлагдсанаас 8,8% (4,2% дунджаар)  илүү байв. Авто үйлдвэрлэгчид эдгээр найман загварын үзүүлэлтийг засан хэвлэсний дараа Японд худалдахыг хоригложээ.  Засварын ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжлэх бололтой. Ийм хориг нь уг компанийн дотоодын худалдаанд сөргөөр нөлөөлнө. Нэмэлт зардал гарч байгаа нь компанийн ашгийн тайланд ч нөлөөлөх ажээ.

Энэ дуулиан мандсаны дараа Mitsubishi компанийн хувьцааны үнэ уналаа. Компани Nissan-д хандан хувьцааныхаа 30 хувийг 2,2 тэрбум ам.доллараар худалдсан байна.

Mitsubishi бас 25 жилийн турш ийм хуурамч арга хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн байв. Тэд бодит туршилтын тоог биш ойролцоо үнэлгээг шатахууны хэмнэлтдээ тооцож иржээ.Уг компани энэ жилд 1,4 тэрбум ам.долларын хохирол амсах магадлалтай. Гэнэтийн төлөвлөгдөөгүй хохирол нь 150 тэрбум иен ($1,47 тэрбум) болоод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Г.Занданшатар: Өр барагдуулах “Онцгой комисс” байгуулж, оффшор данстнуудыг шалгая

УИХ-ын гишүүн Г.Занданшатартай улсын төсвийн тодотголын эргэн тойронд цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улсын төсвийн хүрээнд зардал танах, тат­вар нэмэх гэхчлэн олон сэдвээр ярьж байна. Зөв, буруу, шийдвэрлэх арга зам мөн, биш гэдэгт  гишүүд байр суурь илэр­хийлж байгаа. Таны хувьд юу гэж үзэж байгаа вэ?

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд төсөв, мөнгө, сангийн  нэгдсэн бодлого, зохицуулалт  хэрэгтэй. Мөнгөний бодлого л гэхэд бодлогын хүүг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсвийг агшаах, хумих бодлогууд нь хоорондоо уялдах ёстой. Харамсалтай нь уялдаа байхгүй байгаад байна. Татвар дээр заримыг  нэмэх нь зөв. Бууруулах зүйлүүд ч байна. Бүгдийг нь хавтгайруулж нялзааж  болохгүй л дээ.

Жишээ нь, Нэмэгдсэн  өртгийн албан татварыг миний хувьд эсэргүүцэж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварыг  бууруулж худалдааны татвар болгох нь зүйтэй.  Нийт ард түмэнд хамаатай үнэ өсгөдөг татвар учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Харин татварын бааз суурийг нэмэгдүүлж, түүгээрээ төсвийн гол  орлогын бүрдүүлэлтийг  нэмэгдүүлж болно.

-Татварын бодлогын тухайд юу хэлэх вэ?

-Татварын тогтолцоонд оновчтой бодлого чухал. Ард түмэнд ачаалал үүрүүлж болохгүй. Жишээ нь, 2.5 саяас дээш цалинтай хүн 25 хувийн татвар төлөх ёстой гэх мэтээр Германд зохицуулсан байдаг. Тэр хүмүүс татвар төлснөөр ядуу буурайгаа харах нэг хэлбэр болно. Нөгөө талаас тэд татвар төлснөөр Хавайд очиж амрах зардлаа л бууруулахаас биш жирийн иргэдэд ачаалал нэмэгдэх юм бол  би хоолноосоо хасуулна гэсэн үг.  Тиймээс зүүний чиглэлтэй улс орнууд өндөр орлого олж, нийгмийн баялгаас хүртэж байгаа хүмүүс илүү төлөх ёстой гэсэн татварын чиг баримжаа  бий. Манайх  энэ талаар хоёр тийшээ харчихаад байна. Орлого тал нь зөвхөн ашигт малтмалаа, зарлага тал нь нийгмийн халамжаа барьцаалаад байгаа учраас энэ хоёрыг ойртуулж өгөх хэрэгтэй.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар  нэмснээр ажил олгогч эзэд цомхотгол хийж байна. Татвараас үүдээд ажлын байраа нууж хаах гээд асуудал үүсэх байх?

-Эдийн засгийн хямралын үед  энэ алдаатай бодлого. Харин нийгмийн даатгалын сангийн үр өгөөжтэй ашиглалтыг сайжруулах нь чухал. Ийм бололцоо бий. Харамсалтай нь манайд сангийн юмыг домбоор хутгана гэгчээр үр ашиггүй зарцуулдаг, ашигладаг явдал байна. Үүндээ анхаарч хэмнэхгүй бол нэмэгдүүлэх шаардлагагүй шүү дээ. Хаана байршуулж байна тэр мөнгийг. “Тунгалаг тамир” кинон дээр Итгэлт баян “Сохор зоосыг ч гэсэн сэгсэрч бай тэгвэл өгөөжөө өгнө” гэж хэлдэг шиг нийгмийн даатгалын сан барууны орнуудад үр ашигтай хөрөнгө оруулалтууд болж эргэлтэд орж байдаг. Манайх ямар ч үр ашиггүй ашиглаад байна. Үүнээсээ болж  гарын салаагаар урсч байна гэж шүүмжлүүлээд байгаа юм.

-Сүүлийн үед гадны банкуудыг оруулж ирснээр өрсөлдөөнийг зохицуулна гэж ярих болсон. Ингэснээр ямар давуу, сөрөг  тал үүсэх бол?

-Либералчлалд энэ асуудлыг нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байдаг. Өнөөгийн нөхцөлд гадаадын банк орж ирж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зөв. Үүнээс үүдэж бизнесийн орчин сайжирна. Нөгөө талаас манайд  татварын ачаалал биш, татварын байцаагчийн дарамт их байдгийг хэлэх хэрэгтэй. Азидаа манай улс бага татвартай улсын тоонд орно. Татвар ногдуулах, хураах арга нь буруу. Татварын байцаагч очиж дарамталдаг, торгууль бичдэг. Энэ нь татвараасаа илүү ачаалал болдог. Кадастрын аргад шилжиж, электрон бүртгэлээр бүртгэж, татвараа төлөөд явж болно. Хураах аргаа оновчтой болгож, ногдуулах арга дээрээ өөрчлөлт хийхэд энэ хэцүү биш.

-Гадны банк орж ирснээр сөрөг тал нь юу байж болох вэ?

-Монголбанк зохицуулалтаа зөв хийж чадвал сөрөг тал гэх зүйл байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт гэх мэт шүүмжлэл гардаг нь манайхан ажиллахгүй байгаагийнх.

-Ажиллаж чадахгүй байна гэсэн нь юутай холбоотой гэж үзэж байна?

-Манай институцууд нэгдүгээрт, авлигад идэгдсэн, хоёрдугаарт ажиллах чадавхи тудмаг, чадварлаг  боловсон хүчин байдаггүй. Дандаа танил тал, нам улс төрөөр хүмүүсээ авдаг учраас ажиллах чадамж нь сул байгаа юм. Энэ бас хямралын гол шалтгаан болж байна.

-АН-ын үед хэрэгжүүлсэн “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоосон. Ингэснээр төсөв хэмнэж байгаа гэж яриад байгаа. Хэдий хэрийн төсөв хэмнэх юм бэ?

-“Сайн хөтөлбөр”-үүдийг төсөвт суулгахгүй байх нь зөв. Ингэснээр 500 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ. Мөн тэвчиж болох урсгал зардлуудыг 10 хувиар хэмнэх бололцоо бий. Үндсэндээ нэг их наяд төгрөгөөр төсвийн алдагдлыг бууруулах бололцоотой гэсэн судалгааг гаргаж дэвшүүлж байгаа. Өнөөдөр зарим  гишүүн төсвийн зардлыг үүнээс ч илүү бууруулах байсан юм гэцгээж байгаа. Зарим нь нэмэгдүүлчихсэн байна гэж шүүмжилсэн. Одоо байгаагаас илүү танах хэрэггүй гэсэн гурван туйл дээр асуудлыг ярьж байна.  Хямралын үед нийтэд хамаатай татваруудыг  нэмэгдүүлэх нь алдаатай бодлого.

-Танах, хасах тухай хаана хаанаа ярьж байгаа.  Энэ дотор УИХ өөрсдөө зардлаа бууруулах хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг иргэд  ихээхэн хэлж байна?

-УИХ-ын гишүүдийн таналт гэж шальтай мөнгө гарахгүй. 76 гишүүний сарын цалин 76 сая орчим л болох байх. Төрийн өмчийн корпорациудын 10,20, 30, 40 саяын цалинтай улс нэг өөр. Нөгөө талаас шүүгчид, төрийн албан хаагчдын цалинг хасахыг би хувьдаа дэмжихгүй байгаа. Шүүгчдийн цалин л гэхэд 3.2 тэрбум төгрөг л хэмнэгдэнэ. Тэгснээрээ  шүүгчдэд та нарын цалинг хасчихлаа, цаанаа байгаа орон сууцны зээл, цалингийн зээлээ  өөр эх үүсвэрэс нөх гэх үү. Хаанаас нөх гэж хэлэх вэ. Энэ 3.2 тэрбум төгрөг улсын төсвийн хэмжээнд авч үзэхэд шүүгч дээр очоод гарах шийдвэртэй харьцуулахад харьцангуй асуудал. Үүний оронд өр барагдуулах Онцгой комисс байгуулах хэрэгтэй. Би ийм санал дэвшүүлж байгаа.

-Тухайлбал, ямар үүрэг чиглэлтэй комисс байх ёстой вэ?

-Монголбанкнаас хэрэг­жүүл­сэн үнэ тогт­воржуулах хөтөлбөрийн мөнгө хаачив. Үүнд шүүх, хууль хяналтын байгууллага, тагнуул, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, цэрэг, цагдаа хамтарч өр барагдуулахаар ажилласан туршлага байдаг. Өр барагдуулж эхэлбэл орлого орно. Тэр мөнгийг хэн хэн авсан бэ. Зээлээр юм уу, яаж авав. Тэднээр төлүүлж байж төсвийн алдагдлыг нөхөх, цалин, тэтгэвр, нийгмийн ачааллыг бууруулахгүйгээр  асууд­лыг шийдэх боломжтой гэсэн санал дэвшүүлж байгаа. Хөдөө аж ахуйн банк дампуурчихсан “Хоёр чих авах уу” гэдэг яриа гарч  байхад өр барагдуулах комисс ажиллуулж,  хариуцлага тооцож ажилласнаар өнөөдрийн ХААН банк хөл дээрээ боссон түүх бий. Улс орны хэмжээнд ч гэсэн өрийн болоод зээлийн менежмент дутмаг байгааг анхаарч үзэх хэрэгтэй.

-Банк, санхүүгийн салбарын асуудал ярьж байна. Өнөөдөр  иргэд байрны  линзинг, цалин, үл  хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй алдангид байдгаа гөвж байна.Энэ асуудалд ямар бодлого хэрэгтэй гэж та харж байна?

-Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр авагчдын бараг 90 хувь нь зээлтэй байна. 2018 он хүртэл тэтгэврийн зээл авчихсан хүн ч байна. Ажилчид нь ч, байгууллага нь  ч зээлтэй газрууд зөндөө. Ингээд улсаараа өртэй, улс нь гадаадад өртэй байна. Цаана нь цөөн хэдэн хүн гадаадад оффшор данстай байх ч юм уу, ийм жишээ байна. Энэ хүмүүсийн буруугаар улс орноороо өрийн сүлжээнд орчихоод байна шүү дээ. Тиймээс өр барагдуулах нь зүйтэй. Мөнгө аваад гадагшаа, дотогшоо алга болгосныг шалгая. Үүнийг эргэн төлүүлэх замаар нийт эдийн засагт байгаа ачааллыг бууруулъя. Алга болгосон мөнгүүдийг олж ирье.

– Төсөв, хасах тухай ярихад дэд сайд нар хэрэггүй байсан юм биш үү гэсэн шүүмжлэл их өрнөж байгаа. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Ажлаа хийж чадаж байвал төрийн яам,  сайд, дэд сайдын тоо хэд байх нь чухал биш. Гадаадын элчин сайдын яамдтай уулзаад дэд сайд байх нь хэрэгтэй байна гэж ярьдаг. Сайд нар эрхэлсэн асуудал олон, нэг сайдын хувьд тэр бүр хүрэлцэхгүй олон салбартай.  Тэгэхээр сайд дээр  уулзалтын цаг олдохгүй  бол дэд сайдтай мэдээлэл солилцоод  явна шүү дээ. Ийм учраас дэд сайд байх нь буруу биш.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Авто захуудыг нүүлгэхээр болжээ

Нийслэлийн шинэ дарга авто захуудыг үргэлжлүүлэн нүүлгэхээр шийджээ. Хотын өмнөх удирдлагуудын шийдвэрээр бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1 гэхэд Авто цогцолбор ченжүүдээр дүүрч, иргэдийн цуваа хотын баруун зах руу чиглэх учиртай байсан. Гэвч ченжүүд нүүхгүй хэмээн эсэргүүцсээр өдийг хүрсэн.

Тэгвэл хотын мэр С.Батболдын багийнхан нэгдсэн авто цогцолборыг байгуулах Э.Бат-Үүл даргын ажлыг дэмжиж, замбараагүй төвлөрсөн Да хүрээ, Өгөөмөр захуудыг нүүлгэх ажлыг эхлүүлэхээр болсон байна. Одоогоор Авто худалдааны цогцолборт худалдаачид төвлөрөөгүй, машин худалдах нөхцөл үүсээгүй. Гэхдээ Авто тээврийн үндэсний төвийн зарим салбар бүртгэл, дугаар олголт, оношилгоо зэрэг үйлчилгээ үзүүлж буй.

Зуны гурван сар ямар ч шийдэлд хүрээгүй Авто худалдааны цогцолбор удахгүй хөдөлгөөнд орно. Хүлээгдэж байсан шинэ засгийн шийдвэр ч энэ байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлж, автомашины худалдаачин, засварчин нарыг нэг дор нэгтгэхээр боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сургуулийн орчинд хичээлийн цагаар ухаалаг утасны хэрэглээг хязгаарлая

Хүн төрөлхтний гар утастай танилцсан түүх тун саяхных. Ердөө л 40 гаруйхан жилийн өмнөөс гар утастай танилцсан. Харин гар утсанд “ухаалаг” гэх тодотгол нэмэгдэж хүүхэд гэлтгүй хүн бүрийн хэрэглээ болсон нь бүр ч саяхны түүх.Ухаалаг гар утас та бидний  амьдралын  амин чухал хэрэглээ бочихоод байгаа гэдэгтэй  олон хүн санал нэгдэх байхаа. Сүүлийн үед ухаалаг утсыг ухаан орсон балчир хүүхдээс эхлээд бүхий л насны хүмүүс интернэтийн орчинд ашиглах болсон. Энэ нь ялангуяа өсвөр насныханд сөргөөр нөлөөлж донтох өвчинд нэрвэгдүүлэх нь энгийн үзэгдэл болоод байгаа юм.

Ухаалаг утасны хэрэглээг ор тас хориглох нь мэдээж хүний эрхийг зөрчсөн хэрэг болно. Тийм учраас дэлхийн олон оронд сургуулийн орчинд  хичээлийн цагаар хэрэглээг нь  хязгаарлаж эхлээд байгаа. Манай Монголд ч  гэсэн энэ аргаар ухаалаг утасны хэрэглээг тодорхой бүсчлэлээр хязгаарлах талаар ажиллаж эхлэсэн нь сайн хэрэг юм .Жил гаруйн өмнөөс сургуулийн орчимд ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах тухай санал зөвлөмжүүд гарч байсан боловч төдийлөн үр дүнд хүрч чадаагүй .Өнгөрсөн дөрвөн сард СХД -т байрлах төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд хичээлийн цагаар ухаалаг утасны хэрэглээг хязгаарласан нь олон эцэг эхчүүдийн талархалыг хүлээсэн ажил болсон .

Хүүхдүүдэд ном авч унших мөнгө нь байгаа ч хүсэлгүй, ухаалаг утас авах хүсэл байвч мөнгөгүй тийм цаг үе ирээд байна. Тэгэхдээ хүүхэд утас байх нь зөв ч, тэр нь ухаалаг байх нь тийм оновчтой сонголт биш.

 ухаалаг утасны гай Ухаалаг утасны хэт их хэрэглээ нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээнд саад болж, сурлагын дүн, тэр байтугай ааш занд нь хүртэл нөлөөлж байгаа учраас Нийслэлийн засаг дарга Су.Батболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “ЕБС-ийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээг сургуулийн орчинд, хичээлийн цагаар хязгаарлавал ямар вэ?” хэмээн иргэд олон нийтээс санал авч эхлээд байна. Эцэг эхчүүдийн олонхийн дэмжлэг авч чадвал энэ ажил нийслэлийн хэмжээнд төдийгүй нийт орон даяар бодит ажил болох боломжтой  юм .

Өндөр хөгжилтэй болон хөгжингүй орнуудад сургуулийн анги танхим “Wi-fi” орчингүй, сүлжээ унадаг мөн фэйсбүүк, инстаграм гэх зэрэг өсвөр насныхны хамгийн их ордог нийгмийн сүлжээг сүлжээнээс блоколж, орох боломжгүй болгох зэрэг олон аргыг хэрэглэж байгаа нь үр дүнгээ өгөөд эхлэсэн. Энэ арга нь нэг талаасаа хүний эрхийг зөрчиж байгаа мэт боловч сурагчид хүүхэд багачуудын бүтээлч байдлыг сайжруулж байгаа юм .

Тэгэхээр сургуулийн орчинд бүр хориглож, гэртээ хязгаартай хэрэглэж суръя. Технологийн суутан Стив Жобсын гэрт энэ дүрэм үйлчилж байсан гэдэг. Тэрээр гэртээ гар утас хэрэглэхгүй байх журмыг хэрэгжүүлснээр номын сан дахь номны тоо нэмэгдэж, гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөх цаг хүртэл ихэссэн гэдэг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сангийн дэд сайд руу бялуу шиджээ

Украины Сангийн дэд сайд Сергей Марченко тэтгэмжийг үгүй болгох тухай санал гаргасны дараахан Киев хотноо хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэн, жагсаал зохион байгуулжээ.

Оюутнууд бололтой баахан залуус янз бүрийн уриа хашгиран, дэд сайд руу бялуу нүүлгэцгээсэн байна. Украины халамжтай холбоотой төрийн бодлогод өөрчлөлт оруулах хувилбаруудыг хэлэлцэхэд зориулсан дугуй ширээний ярилцлага эхлэхийн өмнөхөн энэ үйл явдал тохиолдсон аж.

Оюутнуудын 75% нь зүгээр л суралцаж байгаагийнхаа төлөө тэтгэмж авч байгаа нөхцөл байдлыг бид дэмжихгүй байгаа гэдгээ Сангийн дэд сайд илэрхийлсэн байна. Украины оюутнуудын өнөөгийн тэтгэмж нь 325 гривень буюу 36 доллар аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

И.В.Сталин ингэж хэлж ярьж байжээ …

ЗСБНХУ-ын удирдагч И.В.Сталин хэдийгээр олон сая хүний аминд хүрсэн харгис дарангуйлагч хэдий ч У.Черчиллийн хэлснээр “модон анжистай Орос орныг хүлээж аваад атомын бөмбөгтэй болгоод үлдээсэн” агуу удирдагч байсан.Энэ чухам хүн юу хэлж, ярьж байсан нь мэдээж сонин байж магадгүй юм

 Хувьсгалын тухай

  • Хувьсгалын үндсэн асуудал бол засгийн эрхийн тухай асуудал.
  • Хувьсгалын маргааш засгийн эрхийг хадгалж үлдэнэ гэдэг бол засгийн эрхийг авахаас дутуугүй чухал.
  • Хувьсгал бүх хүмүүсийн бүх хүслийг биелүүлж чадахгүй.
  • Эхлээд хувьсгал, дараа нь энхтайван!
  • Аливаа хувьсгалт лоозон практик дээр түүнийг гуйвуулах боломжийг өөртөө агуулж байдаг.

 Нам, намын ажлын тухай

  • Нам гэдэг бол зөвхөн үзэл бодол нэгтнүүдийн холбоо биш, нам гэдэг бол түүнээс гадна үйлдэл нэгтнүүдийн холбоо, үзэл санааны нэгдсэн бааз (программ, тактик)-ын үндсэн дээр тэмцэж байгаа үйлдэл нэгтнүүдийн дайчин холбоо юм.
  • Өнгөрсөн рүүгээ явж байгаа, мөхөх тавилантай нам л гэрэл гэгээ болон шүүмжлэлээс айдаг. Бид бол аль алинаас нь айдаггүй, яагаад гэвэл бид сэргэн мандаж байгаа, ялалтад тэмүүлж байгаа нам.
  • Дэлхийн хамгийн том армиуд ашиглаж чадахгүй байж хэтэрхий улайран их зүйл дээрэмдэж аваад түүнийгээ боловсруулж чадахгүйгээс болж ялзарч улмаар мөхсөн түүхтэй. Хамгийн том намууд хэрэв улайран ихийг эзлэн аваад сүүлдээ түүнийгээ бөөцийлэн боловсруулж чадахгүй бол мөхөх магадлалтай.
  • Зөвхөн нэгдэж нягтарсан нам л ард түмнийг ялалтад хүргэж чадна.
  • Манай нам бол амьд организм юм. Аливаа амьд организмын адил түүнд бодисын солилцоо явагдаж байдаг: хуучирсан үхэжсэн нь унана, хаягдана; шинэ, ургаж байгаа нь амьдарна, хөгжинө. Дээрээ ч тэр, доороо ч тэр нэг хэсэг нь үхжинэ. Дээрээ ч тэр, доороо ч тэр шинээр ургаж гарсан нь үйл хэргийг урагшлуулна. Манай нам ингэж хөгжиж ирсэн. Цаашдаа ч ингэж хөгжих болно.
  • Удирдагчиддаа итгэх итгэл байхгүй бол жинхэнэ нам биш.
  • Хэрэв бид лидерүүддээ зориулж нэг хууль, намын “энгийн ардууддаа” зориулж өөр хууль тунхаглах юм бол бид нам ч үгүй, намын сахилга ч үгүй болно.
  • Хэрэв нам дотроо тэднээс айгаад зогсохгүй бас хүндэлдэг, тэдний нэр хүндийг хүлээн зөвшөөрдөг зөвхөн тийм л тохиолдолд намын удирдагчид жинхэнэ удирдагчид байж чадна.
  • Намд хэн, яаж санал өгөх нь ердөө ч чухал биш, харин саналыг хэн, яаж тоолох нь онцгой чухал гэж би үзэж байна.
  • Жижиг фракцийн хямралыг олон сая гишүүнтэй намын хямрал болгож ярих хэрэггүй л дээ.
  • Хэвлэл гэдэг бол нам ажилчин ангитай өөрийн, түүнд хэрэгтэй хэл дээр өдөр бүр, цаг тутам ярилцах хамгийн хүчтэй зэвсэг юм.

Төр, засгийн ажлын тухай

  • Байгалийн баялгийн талаасаа авч үзэх юм бол бид бүрэн хангагдсан. Баялаг бидэнд бүр хэрэгцээнээс маань илүү бий. Өөр юу шаардлагатай вэ? Байгалийн энэ их баялгийг ард түмний хэрэгцээнд зориулж хөдөлгөх хүсэлтэй болоод чадалтай тийм засаг шаардлагатай байна.
  • Бид ард түмний масст үйлчилж чадах төрийн аппараттай байхыг хүсч байна, гэтэл энэхүү төрийн аппаратын зарим хүмүүс түүнийг өөрсдийгөө тэжээх хэрэгсэл болгохыг хүсч байна.
  • Урагшлах, массын болоод удирдагчдын хоорондын харилцааг сайжруулахын тулд өөрийн шүүмжлэлийн амыг байнга нээлттэй байлгах хэрэгтэй, удирдагчид нь биеэ тоохгүй байх, масс нь удирдагчдаасаа холдохгүй байхын тулд зөвлөлтийн хүмүүст өөрсдийн удирдагчдаа “муулах”, тэднийг алдааных нь төлөө шүүмжлэх боломж олгох хэрэгтэй.
  • Засаглалын хямрал гэдэг бол засгийн эрх мэдлийн төлөөх нээлттэй, ширүүн тэмцэл мөн.

Ажлын арга барилын тухай

  • Бага ярьж их ажилла, ингэвэл ажил чинь аяндаа бүтнэ.
  • Нэг л сахилга бат байх ёстой.
  • Удирдах урлаг гэдэг бол нарийн ажил. Хөдөлгөөнөөс хоцорч болохгүй, хоцорно гэдэг бол олон түмнээс тасарна гэсэн үг. Гэхдээ бас түрүүлж болохгүй, хэрвээ түрүүлээд урьд нь гарчихвал олон түмнээс тасарч өөрийгөө тусгаарлана. Хөдөлгөөнийг удирдахын зэрэгцээ сая сая олон түмэнтэй холбоогоо таслахгүй байхыг хүсвэл хоцрогсод болон түрүүлэгсдийн эсрэг хоёр фронтоор тэмцэл явуулах хэрэгтэй.
  • Мэдээж шүүмжлэл хэрэгтэй, шаардлагатай, гэхдээ ганцхан нөхцөлд: хэрэв үр дүнтэй байх юм бол.
  • Хувийн найз нөхдийн асуудлыг улс төрийн асуудалтай адилтгаж болохгүй, учир нь найз нөхөд найз нөхдөөрөө, алба албаараа байх ёстой.
  • Асуудлыг шийдвэрлэхэд түүнийг зөв томъёолох нь онцгой ач холбогдолтой.
  • Асуудлыг будлиантуулах нь түүнийг шийдвэрлэж байгаа хэрэг биш.

Боловсон хүчний тухай

  • Боловсон хүчин бүхнийг шийднэ!
  • Чи өөрийн орноо төрийн засаглалын хувьд бэхжүүлж тэргүүний болгохыг хүсч байгаа бол хүн амынхаа боловсролыг дээшлүүл, өөрийн орны соёлыг дээшлүүл, бусад нь аяндаа болно.
  • Удирдагчдыг номоор бий болгодоггүй. Ном урагшлахад тус болохоос биш удирдагчдыг бий болгохгүй. Ажил хэрэгч удирдагчид зөвхөн ажлын явцад өсч бойждог.
  • Зарим удирдах хүмүүсийн өмнө нь байгуулсан гавъяа өнөөдөр алдаатай байхыг үгүйсгэхгүй гэдгийг санаж явах хэрэгтэй.
  • Зөвхөн үхсэн хүн л алдаа гаргадаггүй.
  • Нөхдөө, хүмүүсийг хэлснээр нь биш, үйлдлээр нь таньж сур!
  • Хэрэв нөхдүүд маань шаардах юм бол би байраа (албан тушаалаа) шуугиан тарихгүйгээр, ил болоод далд маргаан мэтгэлзээнгүйгээр, бас цөөнхийн эрх ашгийг хамгаалах баталгаа шаардахгүйгээр өгөхөд бэлэн.
  • Ам султай хүн гүйцэтгэх ажилд тэнцэхгүй.
  • Чекист хүнд хоёр л зам бий- дэвшинэ эсхүл шоронд орно.
  • Хүн нь байх юм бол зүйл анги олдож л таарна.

Орос орны тухай

  • Орос бол дотооддоо бүх төрлийн түлш, түүхий эд, хүнсээр арвин дэлхийн цөөхөн орны нэг, өөрөөр хэлбэл түлш, хүнс болоод бусад зүйлийн хувьд гадаадаас хамааралгүй орон…
  • Орос орон гэдэг бол үл ялих чичрэлтээс гал авалцаж болох цэнэгтэй буутай адил.
  • Крымыг Орост ямар ч байсан эргүүлж авах ёстой, учир нь эс тэгвээс Зөвлөлт Оросын дайснуудын зүгээс Украин, Кавказад ямагт аюул заналхийлж байх болно.

Бусад асуудлын тухай

  • Үзэл бодол гэдэг бол зэр зэвсгээс илүү хүчтэй!
  • Дээрээс өгсөн даалгавар эсхүл арилжаа наймааны замаар биш, харин доороосоо, ерөнхий тэмцлийн үр дүнд амьдрал сайжирдаг…
  • Ардчилал гэдэг бол бүх цаг үе, нөхцөлд тохирсон зүйл биш, учир нь түүнийг хэрэгжүүлэх боломж, шаардлагагүй үе бас байдаг.
  • Өдгөө дэлхийн их гүрнүүдийн хувьд үндсэн асуудал нь газрын тосны тухай асуудал юм…. Газрын тосны асуудал бол амин чухал асуудал, учир нь хэн илүү их газрын тостой байх вэ гэдгээс ирээдүйн дайны хувь заяа хэний гарт байх нь шалтгаална. Хэн илүү их газрын тостой байхаас дэлхийн аж үйлдвэр, худалдаа хэний гарт байх нь шалтгаална.
  • Юу хүсч байна түүнийгээ асуудаг.
  • Бурхан бий юу? Хэрэв байдаг бол тэр бидэнд саад болохгүй, харин хэрэв байхгүй бол бид түүнийг эрж хайхгүй.
  • Кино гэдэг бол олон нийтийг ухуулах аугаа хэрэгсэл юм. Түүнийг гартаа авах нь бидний зорилт.
  • дайснаа ялахын тулд тэднийг юуны өмнө таньж мэдэх ёстой.
  • дайснаа сайн мэдэх хэрэгтэй.
  • Бидний дайсанд юу таалагдана, тэр бидэнд гай болно.
  • Хэн бидэнтэй биш байна, тэр бидний эсрэг.
  • Тийм ээ нөхдөө, би шулуухан бас бүдүүлэг, энэ үнэн, үүнийг би үгүйсгэхгүй.
  • Би дайн байлдаанд оролцож байгаагүй, гавьяа байгуулаагүй, би зүгээр л удирдагч.
  • Би жирийн цэргийг фельдмаршалаар солихгүй.
  • Нэг хүний үхэл бол эмгэнэл, сая хүний үхэл бол статистик.
  • Хүн байвал асуудал байна, хүн байхгүй бол асуудал байхгүй.
  • Намайг нас барсны дараа миний шарил дээр дүүрэн хогны овоолго босгоно гэдгийг би мэдэж байна, гэхдээ түүхийн салхи түүнийг хайр найргүй хийсгэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чоно тэжээ!

Зохиолчдын эвлэлд элсэнэ гэдэг айхтар сорилт шалгуур байдаг гэсэн ойлголт бага залуугаас л надад суучихсан байв. “Түдэв гуай роман бичиж байж элссэн” ч гэх шиг. “Түмээ ахыг гурван удаа буцаасан” ч гэх шиг. Сүртэй, сүртэй юм ярьцгаадаг сан.

Харин миний, энэ байгууллагын гишүүн болсон түүх бол Балжирын Догмид зохиолчийн даналзсан түүх л байдаг юм.Өргөдлөө бариад удирдах зөвлөлийн хуралдаан руу ортол, “Батлан даалтаа авчраагүй байна” гэлээ. Зөвлөлийн гишүүн Догмид тэр цаанаас:

-Аюурзана даруу болохоороо өдий болтол элсээгүй яваа. Батлан даалт хэрэггүй, шууд л элсүүлье! гэж мундагдав. Дарга:

-Ном журмаараа л явна. Батлан даагч олж өргөдөл бичүүлээд ир гэлээ. Зөвлөлийн гишүүн Догмид:

-За, яршиг аа. Намайг батлан даасан гээд тооцчих. Тэгээд саналаа өгцгөөе! гэж бусдыгаа уриалав. Дарга тээнэгэлзэн гайхах тэрхэн зуур зөвлөлийн гишүүн Догмид:

-Татгалзах хүн гарахгүй байлгүй дээ. Баяр хүргэе. Уран бүтээлийн амжилт хүсье. Дараагийн хүнээ дуудчих! гэж шулуухан бүхнийг шийдэв. Би гайхаж дарга руу харлаа. Дарга толгой дохилоо. Би гарлаа.

Ер нь мань эрийн яриа хөөрөө угийн ийм данагар л даа. Нэг таараад юу хийж байгааг минь асуув. Зуслан дээрээ өвөлжиж роман бичиж байгаа, гэхдээ ном бичихээс илүү нохойнууддаа их цаг зориулаад таарч байна даа гэвэл,

-Уулын мухарт өвөлжиж байгаа хүн сайн нохойтой байх хэрэгтэй шүү. Жинхэнэ банхар гэдэг чинь одоо энэ сахал Хүрэлбаатар шиг юм байдаг юм шүү дээ. Тиймэрхүү амьтан байна уу, чамд? гэж байна.

-Уг нь зорьж явж Түвдээс авчирсан мундаг амьтан бий. Гэхдээ сайхан нохой хүний анхаарал татаад хэцүү юм. Номхон зантай бол хулгайлчих юм, догшин ярдаг бол хорлочих юм.

-Яг л уран зохиол шиг хог байна даа. Сайн зохиол бичвэл атаархаад барьж идчих гэнэ. Муу зохиол бичвэл доромжлоод амраахгүй. Ерөөсөө чи чоно тэжээ! Чоно хулгайлуулна аа, гонж! Гаднын хүний хаяж өгсөн юм идэж хордоно оо, гонж!

-Чоно хүнд дасдаггүй гээ биз дээ?

-Хээ, дасалгүй дээ. Би нэг бэлтрэг захиж суйлуулаад, хотынхоо байранд тэжээгээд, миний өвөрт л өссөн. Тэгээд мундаг том чоно болсон. Кино зурагт аваад явна. Хүмүүс айгаад л сүйд. Би 69-ийн арын суудалд хоёр талдаа нэг нэг чоно суулгачихаад л…

-Бас өөр чоно байсан юм уу?

-Аа, хүний чоно авахгүй юу. Тэгээд л өөрийнхөө чонотой хамт хоёр талдаа нохой шиг хөтлөөд л, 69-өөр хээр хөдөө давхиж давхиж киноныхоо зургийг авч дуусаад, хүний чоныг эзэнд нь буцааж өгөөд, өөрийнхөө тэжээсэн муу амьтныг байгальдаа эрх дураараа яваг уу дээ гээд хээр тавьсан. 69-ийн араас гаслаад л дагаж байгаа юм. Нулимс асгараад эргэж харж чаддаггүй. Хаазаа тултал гишгээд л давхичихлаа. Нөгөө муу чинь орилоод араас сунаж сунаж аргагүй техник гүйцэхгүй суугаад үлдсэн дээ. Чоно тэжээ! Чоно шиг уярмаар, сайхан амьтан хаа байна? Үнэнч…

“Чоно хүнд дасдаггүй, хүний нүүр эгцэлж хардаггүй” л гэж сонсож байснаас, “Чоно уярам, үнэнч амьтан” гэж ярьж байгаа хүнтэй ер таарч байсангүй.

“Босоо ороолон” өгүүллэгийг нь япон хүн орчуулж гаргах гээд зөвшөөрөл асуулгалаа. Дараа нь бас хятадаар орчуулах зөвшөөрөл аваад өгөөч гэж танил маань гуйлаа. Утасдан дамжуултал:

-Чи ингэж ахин дахин над руу ярьж утасны мөнгө үрж яадаг юм бэ? Ерөөсөө энд тэндээс миний зохиолыг орчуулъя л гэвэл шууд зөвшөөрөөд бай. Чамд даатгалаа шүү. Надаас асуулгүй шууд л “Догмид эндээс зөвшөөрч байна” гээд хэлчихэж бай гэсэн сэн. Ийм л хүн.

Г.Аюурзана

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мал аж ахуйгаас гурван тэрбумыг олох боломж байна. Гурван удаа уншаад үз

Манайхаас 6 дахин бага газар нутагтай Шинэ Зеланд улс зөвхөн махны экспортоос жил бүр 3.8 тэрбум долларын орлого олдог нь манай Эрдэнэт, Оюу Толгойг нийлүүлснээс 4 дахин их, дээр нь сүүний экспортоос 8 тэрбумыг олж байна. Харин бид амар хялбар баяжих хэнээгээр уул, ус, газар шороогоо ухах тухай талцаж хэрэлдсээр сохорч, хожсон ч юмгүй, дуусашгүй баялаг болсон бэлчээр, малаа шоовдорлосоор.

  • Монголын бэлчээрийн МАА-н харьцангуй давуу тал, түүнийг чулуу болгох нь

        Дэлхий дахинаа хөдөө аж ахуй эрхлэхэд тааламжтай хөрс, цаг агаарын нөхцөлд оршдог Европ, Америк, Австрали тивийн орнууд МАА-гаа асар их эрчимжүүлэн нэг малаас авах шим буюу бүтээмжээр өрсөлдөж байна. Тэд байран, хагас байран маллагаанд их хэмжээний тэжээл зарцуулж, бяруундаа 400-с дээш кг татах махны үхэр, жилдээ 10000 литр саамтай үнээ үржүүлж, бүтээгдэхүүнээ борлуулж байгаагаас дэлхийн зах зээлд эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ноёлж, цаашид ч давамгайлах хандлагатай байна. Хүн амын тоо, орлого нь хурдан өсөж байгаа дэлхийн хүнс, түүхий эдийн нийтийн (массын) хэрэгцээг ингэж хангахаас ч өөр аргагүй байна.
Үүний нөгөө талд эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага дэлхий хүн амын өндөр орлоготой давхаргад бий болон тэлж байна. Дэлхийн зах зээлд бага хувийг эзэлдэг ч нэгж бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авах чадвартай ийм эрэлт хэрэгцээг зорилтот зах зээл (niche market) хэмээдэг. Тухайлбал, АНУ-д эрчимжсэн фермийн хүчит тэжээлээр бордсон үхрийн мах нийт хэрэглээний 97%-ийг эзэлдэг бөгөөд ийм мах амтгүй, шүүс багатай байдгаас гадна зүрх судасны өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй Омега-3 тосны хүчлийн агууламж бэлчээрийн махнаас 2 дахин бага байдаг байна. Үүний улмаас америкууд Омега-3-ын дутагдлыг нэмэлтээр нөхөхөд их мөнгө зарцуулж байна. АНУ-д 2015 онд явуулсан жижиглэнгийн үнийн судалгаагаар 1 кг эрчимжсэн фермийн үхрийн мах 11, органик нь 12.5, антибиотик хэрэглээгүй нь 14.5, бэлчээрийнх 16.4, бэлчээрийн органик нь 17.4 долларын үнэтэй байгаа нь 6.4 доллар буюу 12800 төгрөгийн зөрөөтэй байна.
Зөвхөн байгаль орчинд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр авдаг, мөн хашаанд шорон мэт нөхцөлд хоригдож “зовсон” малын бүтээгдэхүүнийг биш харин бэлчээрт зоргоор идээшилсэн малын (free-range) бүтээгдэхүүнийг сонирхдог хэрэглэгчид ч энэхүү зорилтот зах зээлд багтана.
Тэнгэрт тулсан үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг ноос, ноолуурын дэлхийн шилдэг брэндүүд экологийн цэвэр, байгаль орчинд халгүй, “хоригдоогүй” гэсэн 3 шинж чанарыг бүтээгдэхүүндээ шингээснээ сурталчлан зорилтот зах зээлийг алдахгүйн төлөө цаг, наргүй хөдөлмөрлөж, үүнийхээ үр шимийг ч ашиг орлогоороо хүртэж байна. Өнөө үед олон улсын зах зээлд өрсөлдье гэвэл дов жалгандаа өөр хоорондоо толхилцоод, байгалийн хишиг, бэлэнчлэх сэтгэлгээнд баригдаад суух биш дэлхийн энтэй сэтгэж, овсгоо, зүтгэлтэй ажиллахын энгийн жишээ энэ юм.
Цаг агаар хүйтэн, хур тунадас бага, хөрс нь эмзэг, үржил шим доогуур байгалийн нөхцөлтэй Монгол орны хувьд бүтээмжээр өрсөлдөх боломж бага, харин олон янз бүхий байгалийн бэлчээрт идээшлэн ашиг шимийн гарц бага боловч амт, чанар харьцуулшгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монгол малын онцлогоо чулуу болгон дэлхийд өрсөлдөх нь харьцангуй, давуу тал юм.

        Үүний тулд гурван зүйлд л төвлөрч “хөрөнгө оруулах” шаардлагатай байна. Үүнднэгд, экологийн цэвэр бүтээгдэхүүний давуу талаа хадгалж үлдэх, хоёрт, мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд баталгаажуулах,  гуравт, экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зорилтот зах зээлд гаргах явдал юм. Зорилтот зах зээл нь дэлхийн жишгээр бага боловч манайх шиг жижиг орны МАА-н бүтээгдэхүүний нийлүүлэлтийг мэдрэхээргүй  том учир эрэлтийн хувьд санаа зоволтгүй юм.

        Хамгийн гол нь дэлхийн хүн амын боловсрол, орлогын түвшин нэмэгдэхийн хирээр байгалийн цэвэр бүтээгдэхүүний эрэлт, зах зээл тэлж, үнэ өсөх нь тодорхой тул МАА-н хөгжлийн бодлогыг энэхүү дэлхий дахины хандлагатай зөв холбовол бэлчээрийн Монгол малаа чулуу болгож чадна.

  • Экологийн цэвэр бүтээгдэхүүний давуу талыг хадгалж үлдэх нь

        Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь юуны өмнө унаган төрхөө хадгалсан соргог бэлчээрээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байх ёстой юм. Бэлчээр талхлагдаж, доройтохын хирээр түүнээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь “экологийн цэвэр” гэдэг ангиллаар өрсөлдөх чадвараа алдаж, үнэ цэнэ нь буурдаг. Талхлагдаж, зүйлийн бүрэлдэхүүн нь цөөрч, хог ургамалд идэгдсэн бэлчээрээс үйлдвэрлэсэн хүнсээр олон улсын зах зээлд өрсөлдөх боломжгүй юм. Таанат бэлчээрт идээшилсэн малын махыг шарилж, лууль болсон бэлчээрт байсан малын махтай харьцуулшгүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Эрүүл бэлчээрээс эрүүл, чанартай хүнс бэлтгэнэ.

        Цаг агаарын дулаарал, хуурайшил зэрэг байгалийн хүчин зүйл, буруу ашиглалт аль аль нь бэлчээрийг доройтуулдаг. Байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй доройтлын хувьд нөлөөллийг багасгах, дасан зохицох урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Харин буруу ашиглалтаас үүдэлтэй доройтлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй доройтлын нөлөөллийг багасгах суурь нөхцөлийг хангадаг. Бэлчээр, байгаль орчин болон газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд, Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон Алт” төсөл, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран улсын сүлжээнд хамаарах мониторингийн 1450 цэг дээр 2014 онд хийсэн үнэлгээгээр бэлчээрийн 65% нь унаган төлөв байдлаа алдаж, доройтсоны дотор байгалийн аясаар эргэн сэргэх боломжгүй болж цөлжсөн бэлчээр 7%-ийг эзэлсэн дүн гарчээ. Цөлжсөн бэлчээр улсын хэмжээнд томоохон нэг  аймгийн нутагтай дүйж байгаа нь малын бэлчээргүй болж, “буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээхийн” ноцтой сэрэмжлүүлэг  юм.

        Бэлчээр доройтоогүй гэж маргах хүн бий. Үүнийг батлахад заавал шинжлэх ухаан ч хэрэггүй. Улаанбаатарынхан Туулын эрэг, Яармагийн дэнж дээр наадмаа хийж, зүлэг ногоон дээр нь суугаад бөхөө үздэг байсан цаг саяхан. Одоо тэндхийн шарилжийн үнэр, гутал хувцсанд шингэсэн нарийн тоосноос нь зугтаж, бохирын өмхий үнэртсэн Туул голдоо харамсаад л суух гэж үү. Баруун аймаг уруу явах зам дагуу шарилжаас өөр ургамал харагдахгүй байна. Төв, суурин, худаг ус,  зам гээд хүн, мал шавдаг газар бүрд зүлэг ногоо үгүй болж элсний нүүдэл газар авсныг аль ч аймаг, суманд очоод харж болно. Ширгэж алга болсон гол горхи, нуур цөөрөм тоогоо алдсан. Энэ бүхэнд цаг агаарын өөрчлөлт нөлөөлсөн ч бидний үеийнхэн л үйлдэл, эс үйлдлээрээ хийсэн -бохирдуулсан, талхалсан, огтолсон, хуйвалдсан, дуугүй сууж өөгшүүлсэн. 100 жилийн дараа хариуцлага нэхэгдэхэд ямар нэг компани, засгийн нэр ч  дурсагдахгүй, харин 1990 оны ардчилсан хувьсгалын үеийнхэн гэдгээрээ бидний үе түүхийн хуудаснаа нүгэл, буянаа дэнслүүлнэ.

Хүүхэд насандаа шумбаж өссөн цэвэр тунгалаг гол, горхи, нуур, цөөрөм, дөрөө шүргэсэн нарийн өвс, цэцэгт тал, шимт бэлчээр, сэнгэнэм үнэрт ой, шугуйгаа үр хүүхэд, хойч үеэсээ бидний үе булааж байна, үүнээс илүү нүгэл гэж байхгүй, хэчнээн чулуун суварга босгоод ч байгаль эх, хойч үе маань уучлахгүй, сэргээн үлдээж чадвал тэрнээс илүү амьд буяны суварга гэж байхгүй.  
Манай бэлчээрийн буруу ашиглалтын үндсэн хэлбэр нь бэлчээрийн даац хэтрэлт юм. Үүнээс болоод бэлчээрийг улирлаар өнжөөх, сэлгэх боломжгүй болгож талхлахаас гадна  байгалийн бэрхшээлийн үед ашиглах нөөц бэлчээргүй болж эрсдэлийн хохирлыг шууд нэмэгдүүлж байна. 1999-2002 оны ган, зудад 11.2 сая мал хорогдож, малчид 333 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хохирч, 12.1 мянган өрх огт малгүй болж, 26.7 мянган өрх МАА-г орхиж байв. 2009-2010 оны зудаар 9.7 сая мал хорогдон 527 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Жалгын нэг тарж, малаа өсгөх гэж хоёр зудын хооронд гадаа гандаж, хөдөө хөхрөөд үр дүнд нь хожсон зүйлгүй, харин ч бэлчээрээ талхалж, дээр нь отрын бэлчээрээ үгүй хийснээс дараагийн ган, зудаар бүр ч илүү хохирдог чөтгөрийн тойргоос малчдыг гаргаж, амьдралд нь наалдахгүй байгаа тооны хөөсийг өөрчлөхөд асуудлын гол нь байна.

Бэлчээрийн доройтлын шууд үр дагавар нь  малын чанар, ашиг шим буурч, эрсдэлд өртөмхий болж, улмаар малчдын хөрөнгө, орлого багасаж буйгаар илэрч байна. Доройтсон бэлчээрийг соргог бэлчээртэй харьцуулбал эм хонины хаврын амьдын жин 8 кг-аар,  сүүний гарц 2.5 дахин, ямааны ноолуурын гарц 8%-р бага байдгийг судалгаагаар тогтоожээ. Зөвхөн энэ гурван үзүүлэлтээр тооцоход малчин өрхийн орлогын алдагдал жилдээ 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна. Бэлчээр нь биологийн төрөл зүйлийн амьдрах орчин болдог тул түүний унаган төрх алдагдах нь нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын  үнэ цэнийг бууруулж байна.

        Бэлчээрийн даац хэтрүүлж байгаагийн үндсэн шалтгаан нь үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй “нийтээр дундаа ашиглах” тогтолцоо юм. Үр шимийг нь өөрөө хүртэх баталгааг нь гаргаж, эрхийг нь хамгаалсан цагт л газартаа өөриймсөг хандаж, хамгаалж, сайжруулахад хөрөнгө оруулдаг зах зээлийн эдийн засгийн суурь хөшүүрэг энэ тогтолцоонд үйлчлэхгүй байгаа хэрэг. Толгойн тоогоор хөөцөлдөн бэлчээрээ талхалж байгаад малчид, мал  буруугүй, харин тоог биш чанарыг тэтгэсэн сонирхлын хөшүүргийг нь бий болгоогүй төр алдаагаа цаг алдалгүй засах шаардлагатай гэсэн үг. Үүнийг шийдвэрлэх гарц нь  бэлчээрийг гэрээгээр ашиглуулах. Үүнийг бэлчээрийг хувааж өгөөд нүүдэл суудал байхгүй болж, довон дээрээ үхэх сэхэхээ үзнэ, бэлчээрийн мал аж ахуй устах нь гэж буруугаар ойлгож, санаатайгаар мушгих хэрэггүй юм. Харин бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган, зудын үед орох нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлэх, ашиглагч нь хамгаалагч байх зарчмыг төлөвшүүлэх арга юм.

Одоогийн байгаа малын тоо, ашиглаж байгаа улирлын болон отрын бэлчээрийн байршлаа үндэслэн ашиглалтын хил заагаа малчид өөрсдөө тогтоон түүнийгээ шууд хил залгаа хөрш малчидтайгаа зөвшилцөж, багийн хурлаар хэлэлцүүлсний дараа бусдын ашиглалт, нийтээр ашиглах бэлчээртэй давхацсан эсэхийг хянаж байж Засаг дарга эцсийн шийдвэрийг гаргах тул гэрээ байгуулсны дараа маргаан, зөрчил гарахгүй юм. Өөрөөр хэлбэл энэ нь баян, ядуу, тавиул малтан хэн ч бай мал нь дөрвөн улирлын бэлчээр, ган, зудын үед орох нөөц нутагтай байх эрхийг нь баталгаажуулж, хамгаалах арга юм.
Бэлчээрээ улирлаар сэлгэж ашигласнаар унаган төрхийг нь сэргээн хадгалах, ган, зудын үед орох нөөц нутагтай болсноор эрсдэлд хохирол бага үзэх, уул уурхай зэрэг бусад ашиглалтад бэлчээрээ зүй бусаар алдахаас хамгаалагдах, хамгийн гол нь малын тоог өсгөж бэлчээрээ талхлах биш, байгаль орчинд ээлтэй аргаар ашиг орлогоо нэмэгдүүлэх хөшүүрэгтэй болох юм. Малынхаа сүргийн бүтэц, чанар, ашиг шимийг нь дээшлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг ашигладаг болно гэсэн үг. Ийм асар их боломж байгаагаас дурдвал одоо жилдээ 10% орчим өсгөж байгаа тооны өсөлтөө зогсоогоод хээлтэгчийн хувийн жинг одоо 45% байгааг нэмэгдүүлж 53%-д хүргэн малаа бүрэн заазалж борлуулахад л (бойжуулсан төлтэй тэнцүү тооны малыг борлуулна гэсэн үг) 100 толгой хонь дутам мах үйлдвэрлэлийг одоогийнхоос 48%-р буюу 236.7 кг-аар нэмэгдүүлж, орлогоо 947 мянган төгрөгөөр өсгөх боломж малчдад байна. Энэ нь улсын дүнгээр тооцвол 55 мянган тонн гулууз мах, 220 тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого юм. Хамгийн гол нь энэхүү нэмэгдэл бүтээгдэхүүн, орлогыг байгальд ээлтэй аргаар, малын тоог өсгөхгүйгээр олж байгаа нь зорилтот зах зээлийн шаардлагыг хангана гэсэн үг. Хонины махан дээр хийсэн ийм тооцоог аль ч малын бүтээгдэхүүн бүрээр хийж болно.

        Таван төрлийн малын сүргийн эргэлтээр тооцоход дундаж малчин өрхийн жилийн мөнгөн орлого 15.6 сая төгрөг байгаа бөгөөд малаа урьдын адил өсгөсөн тохиолдолд 5 жилийн дараа 18 сая төгрөг болж нэмэгдэх бол малаа өсгөлгүй бэлчээрийн даацад тохируулан цөөлсөн тохиолдолд 24.4 сая төгрөг болж, 6.4 сая төг-өөр илүү байна. Мал өсөөд байгаа нь малчид малаа жинд хүргэж борлуулах гээд хадгалаад байдагтай ч холбоотой. Өнөөгийн нөхцөлд мал бага насандаа нядлах жинд хүрч чаддаггүйн үндсэн шалтгаан нь өнөөх л бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн хоол тэжээлийн архаг дутагдал юм. Бэлчээрийн даац 50% хэтэрнэ гэдэг нь мал энэ хэмжээгээр дутуу хооллож байгаа хэрэг юм.

Манай улсын мал одоо 55.9 сая буюу хонин толгойгоор 92.6 сая байгаа ч малаа хангалттай борлуулдаггүйгээс өрхийн хэрэглээг оруулаад 311 мянга орчим тонн мах борлуулах нөөц байгаа юм. Сүргийн эргэлтийн загвараар тэмээнээс бусад малын тоог бууруулан үүний дотор адуу, ямааг арай түлхүү бууруулан бэлчээрийн оновчтой даац болох 60 сая хонин толгойд буулгаж (тэмээ 367 мянга, адуу 2054 мянга, үхэр 2774  мянга, хонь 16433 мянга, ямаа 13182 мянга, нийт 34.8 сая болгох) энэ хэмжээнд тогтмол барьсан тохиолдолд махны борлуулалт 433 мянган тонн болж өснө. Үүнд дээр дурдсан эх малын хувийн жинг нэмэгдүүлэн өсвөр насанд борлуулалт хийх, махлаг чанар сайтай нутгийн үүлдэр, шилмэл омгоор сайжруулах, бэлчээрийн даац тохируулснаар түүний ургац нөхөн сэргэх зэрэг бусад нөөцийг оруулаагүй бөгөөд эдгээрийг оруулбал мах 500 мянган тонн хүрэх бүрэн боломжтой. Үүнээс дотоодын махны хэрэглээ 250 орчим мянган тонныг хасвал 250 орчим мянган тонныг экспортлох боломжтой гэсэн үг. Үүнийг 4 доллараар борлуулахад л 1 тэрбум доллар буюу одоогийн Оюу Толгой, Эрдэнэтийн нийлбэрээс илүү гарна. Дээр нь гар аргаар нядалж байгаагаас ашиглалгүй хаягддаг дагавар бүтээгдэхүүн, ноолуур, арьс шир, ноос, сүү, бусад бүтээгдэхүүнийг тооцож, зорилтот зах зээлд хүрч үнээ өсгөж чадвал 2 тэрбум доллар олох боломж бий. Зөвхөн ноолуур гэхэд 4000 тонн байх бөгөөд үүнээс хамгийн багадаа 500 сая доллар олох боломжтой.  Ийнхүү зөв замаар залсан нөхцөлд бэлчээрийн МАА нь Эрдэнэт, Оюу Толгой, Таван Толгойн нийлбэртэй тэнцэх орлогын эх үүсвэр, тэднээс ялгаатай нь дуусашгүй, харин ч үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх баялаг юм. Үүн дээр унаган төрхөө сэргээж хадгалсан бэлчээр нутаг, биологийн төрөл зүйлийн аялал жуулчлалын үнэ цэнэ нэмэгдэж, аялал жуулчлалын орлого өсөж, 1 тэрбум доллар олох боломжтой.

1990 оны ардчилсан хувьсгалаар бид улс төрийн тогтолцоогоо  хүн төрөлхтний нийтлэг голдрилд оруулсан боловч эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх гарцаа олоогүй байна. Ямар ч байсан энэхүү гарц нь дөрвөн өнгөөр үзэсгэлэнг гайхуулавч эмзэг, хатуу ширүүн ч өгөөжтэй бидэнд заяасан энэ нутагтай  маань хүйн холбоотой бэлчээрийн мал аж ахуйгаас салангид шийдэгдэх нь юу л бол.

Ийнхүү бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалах нь монголын бэлчээрийн МАА-н өрсөлдөх чадварыг дээшлүүлэх эхний суурь алхам бөгөөд үүнийг шийдвэрлээгүй цагт дараа дараагийн алхмын тухай ярих нь ч утгагүй юм. Бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалж чадах эсэх нь малчид, орон нутгийн удирдлагын идэвх санаачилгаас хамаарна. Бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах шинэ хууль гаргах талаар Хүнс, хөдөө аж ахуйн яам санаачлан ажиллаж байгааг УИХ дэмжээсэй гэж хүсэж байна.

  • Мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулах нь

        Мал, бүтээгдэхүүний чанарыг дараах чиглэлээр баталгаажуулах шаардлагатай. Үүнд нэгд,соргог, талхлагдаагүй бэлчээрээс үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн болохыг бэлчээр ашиглалтын гэрээнд заасан  бэлчээрийн даацыг тохируулж, чанар, төлөв байдлыг хангаснаар,хоёрт, байгаль орчинд халгүй аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдгээ мөн дээрх үзүүлэлтээр,гуравт, хоригдоогүй малын бүтээгдэхүүн гэдгээ олон улсын жишигт нийцсэн стандарт баталж, хэрэгжүүлснээр, дөрөвт, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан гэдгээ энэ чиглэлийн олон улсын болон импортлогч орны стандартад тэнцүүлснээр тус тус баталгаажуулна.
Дээрх чиглэлээр улс орнууд өөрийн орны гаргасан стандарт, дэг жаягийг мөрдөхийн зэрэгцээ олон улсад хэрэглэгддэг стандартыг мөрдөх, үүндээ хөндлөнгийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар баталгаа гаргуулах практикийн аль алиныг хэрэглэж байна. Тухайлбал, Канад улсад торонд хашаагүй тахианы өндөг, эврийг нь тайрах зэргээр өвтгөж зовоогоогүй, доголгүй /арчилгаа, маллагааны тайван, амгалан нөхцөлд байлгасан/ хонины мах, ноос, антибиотик, өсөлт идэвхжүүлэгч дааврын бэлдмэл хэрэглээгүй малын бүтээгдэхүүн гэх мэт олон үзүүлэлтээр үндэсний стандартаа батлан шаардлагад тэнцсэн малчид/фермерүүдийн бүтээгдэхүүнийг зах зээлд гарахад нь тусгай тэмдэг дарж, баталгаажуулж байна. Манай орны хувьд шаардлагатай үндэсний стандарт, түүнийг баталгаажуулах журмаа яаралтай боловсруулж мөрдөх шаардлагатай. Ингэж байж олон улсын зах зээлд гарах бүтээгдэхүүн маань өрсөлдөх чадвартай болно. Малын эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага гэж олон жил  яригдсан боловч одоо болтол шийдэгдээгүй байгаа нь нэг талаар малчид, орон нутаг, хүнс, хөдөө аж ахуй, стандарт, мэргэжлийн хяналтын байгууллагууд нэг баг болж нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажиллаж чаддаггүй,  нөгөө талаар худалдан авагч орнуудын зүгээс үүгээр шалтаглан манай бүтээгдэхүүний үнийг хямдруулж авах худалдааны бодлогынх нь үргэлжлэл болдогтой холбоотой юм.

   Тухайлбал манай махны дотоодын үнэ өсөж, олон улсын зах зээлийн үнийн түвшинд хүрээд байгаа. Махны үнийг хямдруулах нэг арга нь махны үүлдрийн мал үржүүлж бордон амьдын жинг нь богино хугацаанд огцом нэмэгдүүлдэг эрчимжсэн арга юм. Үүнд их хэмжээний тэжээл, дулаан байр шаардагдана. Манай орон энэ чиглэлээр өрсөлдөх боломж муу тул экологийн цэвэр бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг онилох шаардлагатайг дээр дурдсан билээ. Манай хөрш хоёр орны хувьд хүнснийхээ нийтийн хэрэгцээнд зориулан манайхаас хямд мах авах сонирхол байна. Гэвч манай махны дотоодын үнэ өсөж, мах хямд нийлүүлэгч орнуудтай үнээр өрсөлдөж чадахгүй болсон тул нийтийн хэрэгцээний зориулалтаар хөрш орнуудад мах экспортлох боломж бага. Харин эдгээр орнууд болон өндөр хөгжилтэй орнуудын зорилтот зах зээлд гарах үүднээс мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулах нь манай экспортын зах зээлийн ирээдүй юм.

  • Экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зорилтот зах зээлд гаргах нь

        Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана гэдэг юуны өмнө хамтрахын нэр юм. Одоогийнх шиг амь амиараа бүтээгдэхүүнээ портерт ачаад аймаг, хот барааддаг, аль эсвэл ченжийн аманд орсон үнээр хотноосоо борлуулдаг аргаар олон улсын зах зээлд хүрч өрсөлдөнө гэж байхгүй.
Бүтээгдэхүүнээ тээвэрлэх, хадгалах, анхан шатны боловсруулалт хийх, чанарыг нь баталгаажуулах ажлыг нэг нэгээрээ салангид хийлгэх нь гарах зардлыг асар их нэмэгдүүлж, малчны бүтээгдэхүүний үнийг өсгөн зах зээлд өрсөлдөх чадварыг бууруулдаг, бүтээгдэхүүнээ багцлан нийлүүлж үнээ өсгөх боломжоо алддаг, малчдад хүргэх үйлчилгээг хүндрүүлэн үр өгөөжийг нь багасгадаг сөрөг дагавартай.

   Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсний дараа хэрэглэгч хүртэл дээр дурдсан бүх шат дамжлагыг “өртөг нэмэгдэх сүлжээ” (ӨНС) гэх бөгөөд малчны хотноос гарсан бүтээгдэхүүний өртөг шат дамжлага болгон дээр нэмэгдсээр  эцсийн хэрэглэгчид очих үнэ нь өндөр тусдаг. Иймд мал аж ахуй эрхлэгчид гарах зардлыг хэмнэх, авах үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, бүтээгдэхүүнээ бөөнд нь багцлан үнэ хүргэх үүднээс ӨНС-нд зайлшгүй хамтран ажилладаг байна.

  Тухайлбал Шинэ Зеланд улс махны экспортоор дэлхийд тэргүүлж буйн шалтгаан нь малынхаа тоог өсгөөд байсанд биш эсрэгээрээ хонины тоог 2005 онд 40 сая байсныг 2015 онд 29 сая болтол бууруулж, бэлчээрийнхээ чанарыг хадгалдаг, хонин сүрэгт хээлтэгчийн эзлэх хувийн жинг 60-с доошгүй хувьд барин малаа аж ахуйн эргэлтэд бүрэн оруулж борлуулж чаддаг, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулан олон улсын зах зээлд хүрч өрсөлдөхөд улс, үндэстнээрээ зангидсан гар шиг ажиллаж чаддагт байна. Шинэ Зеланд мах үйлдвэрлэгч фермерүүд, боловсруулах үйлдвэр, маркетингийн үйл ажиллагааг Махны зөвлөл гэдэг байгууллагад зангидан нийт оролцогчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нэг баг болон ажиллаж байна. Зөвлөл нь 10 хүнтэйгээс 6 нь малчин фермерүүдээсээ 3 жилээр сонгогдон, 2 нь боловсруулах үйлдвэрүүд, 2 нь Засгийн газрыг төлөөлж ажилладаг бүрэлдэхүүнтэй. Гишүүн фермерүүдийн нядалсан махны дүнгээс хувь тооцон санхүүждэг энэхүү зөвлөл нь мах борлуулалтыг шууд гүйцэтгэдэггүй бөгөөд харин зах зээл олох, мэдээллээр хангах, олон улсад сурталчлах, махны ангилал, зэрэглэл тогтоох, чанарыг баталгаажуулах үүрэгтэй ажилладаг.

     Манай оронд малчид, ченж, боловсруулах үйлдвэрүүд нэг баг болж ажиллахын оронд өөр хоорондоо толхилцсоор  26 жилийг үдээд байна. Олон улсын зах зээлд өрсөлдөж, ашиг орлогоо нэмэгдүүлье гэж байгаа бол үүнийг өөрчлөх цаг болсон байна.

      Олон улсын зорилтот зах зээлд хүрэх нь урт хугацааны уйгагүй зүтгэл, санаачилга, хамтын ажиллагаа шаардана. Үүнд сумаараа хамтран ажиллахаас эхэлж, аймаг, улсаараа нэгэн зүгт зангидсан гар шиг хөдөлж байж амжилтад хүрнэ.
Малчид, ченжүүд, түүхий эд худалдан авагч үндэсний үйлдвэрүүд багахан ашгийн төлөө бие биеийн үнийг унаган хоорондоо өрсөлдөхөө больё гэсэн үг. Хавсарга ихтэй хавар болохоор малчид нь ноолуураар овоо мөнгө олох нь гэж баярладаг (шуурганаар ноолуурын гадуур нарийн тоосон бүрхүүл хуримтлагдаж бохир жинг нь нэмдгээс тэр. Чанар харахгүй жингээр тооцож авдаг үнийн тогтолцоо нь чанарыг биш, бохир жин өсгөхийг урамшуулдаг гэсэн үг, энэ нь эцсийн бүтээгдэхүүний үнэ, чанарт нөлөөлдгөөс малчид, боловсруулах үйлдвэр, салбар бүхэлдээ хохирдог), ченж, боловсруулах үйлдвэрүүд нь малчдынхаа бүтээгдэхүүнийг хямд авах арга саам хайдгаа больё гэсэн үг. Банк, санхүү, төртэйгөө нийлээд нэг баг болж хамтран ажиллаж чаддаггүйгээс түүхий эдийг бөөндөөд авах гаднын өрсөлдөгчдийн өмнө хүчин мөхөсддөг явдлаас салъя гэсэн үг. Харин бэлчээрийн “хоригдоогүй” малын экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг Монгол брэндийг олон улсын зорилтот зах зээлд хүргэх нэг зорилгын төлөө хамтран ажиллана гэсэн үг. Ингэж чадвал хэн хэнийх нь орлого одоогийнхоос хавьгүй өснө.

        Ашиглаж чадвал ийм боломж дүүрэн байна. 2015 онд “Ногоон алт” төсөл, Оюу Толгой ХХК-ний “Орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд 16-17 микронтой торомны ноосыг самнаж бэлтгэн орлого нэмэгдүүлэх боломжийг туршсан дүнгээс үзвэл ӨНС-нд оролцогчдын бүтээгдэхүүний 1 кг дутам малчдын орлого 4000 төг-өөс 12000 төг, бэлтгэгч хоршоонд 2000 төг-өөс 6300 төг, ангилах угаахад 3000 төг-өөс 4234 төг, самнахад 6000 төг-өөс 8500 төг, ээрэхэд 15050 төг-өөс 21240 төг болж өсөх боломжтойг харуулсан байна. Туршилтын бүтээгдэхүүн болох 26/2 утас нь чанарын шаардлага бүрэн ханган 1 кг-ийг нь  85000 төг-өөр дотоод зах зээлд борлуулагдсан байна. Ийм утсаар эцсийн бүтээгдэхүүн хийх, мөн самнасан ноос, утас, эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын зорилтот зах зээлд хүргэж чадвал үүнээс хавьгүй илүү орлого олох боломжтой. Туршилтын хүрээнд бэлтгэсэн самнасан ноосны өртөг дотоодод 50000 төг болж байсан бол олон улсын зах зээл дээр 2015 оны 7-р сарын 16-ны байдлаар  18 микронтой торомны самнасан ноос 38 ам доллар буюу 76000 төгрөг байв. Харин зорилтот зах зээл болох Английн Брадфорд хотноо байрладаг Евростекс (Eurostex) компани гар аргаар ээрэхэд зориулан самнаж бэлтгэсэн Алашаны (Өвөр Монголын Өмнөговь, Баянхонгортой хил залгаа муж) торомны 17 микронтой ноосыг 90 ам доллар буюу 180000 төгрөгөөр зарж байв. Энэхүү туршилт нь ӨНС-ий шат дамжлага бүрд оролцогчдын аль нэгнийх нь явцуу эрх ашгийг бус нийт салбарын эрх ашгийг дээдлэн нэг баг болж ажиллах, мэргэжлийн байгууллагын оролцоог хангах, төр, засгийн бодлогод нийцүүлэн туршилтын үр дүнг урт хугацаанд тогтвортой болгох зарчмаар хамтарч ажиллавал үр дүнд хүрч болохыг харуулсан жишээ юм.

   Дээрх маягаар хамтарч ажиллахад малчид, ӨНС-нд оролцогч нэг бүр санаачилга гарган нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй боловч олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боловсруулах үйлдвэр тэргүүлэх үүрэг гүйцэтгэх шаардлагатай.

    Энэ ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, санхүүжүүлэх нэг хувилбар нь ӨНС-ий санхүүжилт (value chain finance) юм. ӨНС-ний санхүүжилт нь ХАА-н салбарын санхүүжилтийг тэлж, түүний үр ашиг, эргэн төлөлт, ӨНС-д оролцогсдыг уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах арга зам гэдгээрээ орчин үед хүрээгээ улам тэлж байна. ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчид, тэдгээрийн бүтээгдэхүүнийг зуучлагчид, худалдан авагчдыг салангид байдлаар биш харин ӨНС-ний уялдаа холбоонд авч үзсэнээр бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийг нь баталгаажуулах, үл хөдлөх хөрөнгө зэрэг хатуу барьцааны оронд ирээдүйн борлуулалтын гэрээ зэрэг зөөлөн барьцаанд шилжих гэх мэт зээл олгоход тулгардаг хүндрэлийг даван туулж, үйлчилгээний зардал, эрсдэлийг бууруулдаг байна.

Малчид хэрэглээний зээлд төвлөрч, үйлдвэрлэлийн зориулалтаар зээл авах эрэлт хязгаарлагдмал байгаа одоогийн нөхцөлд тэднээс авах түүхий эдийн чанарт хяналт тавих, чанарын шаардлага хангасанд нь нэмэлт урамшуулал олгох зориулалттай нөхцөлт зээлийг түүхий эд худалдан авагч боловсруулах үйлдвэрт олгож, тэдний түүхий эд цуглуулах хэрэгцээг хангах, нөгөө талаар малчдын бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахад хөрөнгө оруулах сонирхлыг урамшуулах зорилтыг давхар шийдвэрлэх боломж байна. Мал, түүнээс гарах бүтээгдэхүүний чанарыг сайжруулах сонирхол нь нэмэгдэхийн хирээр малчдын зээлийн эрэлт хэрэглээнээс үйлдвэрлэл рүү шилжих тул энэ асуудлыг ӨНС-ний санхүүжилтийн хүрээнд яваандаа шийдэх боломжтой. Тухайлбал, торомны ноос, ямааны ноолуурын микрон дээр босго тогтоон уг шаардлагыг хангасан бүтээгдэхүүнд чанарын урамшуулал нэмж олгох нөхцөлт зээлийг ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрт, махны эрүүл мэндийг хянах тогтолцоог сайжруулан гэрчилгээжүүлж, гэрчилгээтэй мах бэлтгэх, малчдыг урамшуулахад шаардлагатай зээлийг мах боловсруулах үйлдвэрт, сүүний ӨНС-д чанарын хяналтыг сүү цуглуулах цэг дээр тогтоон хүлээж авдаг, чанар хангасан нөхцөлд чанарын урамшуулал олгох нөхцөлт зээлийг сүү боловсруулах үйлдвэрт өгөх зэргээр зохион байгуулж болно.

  • Санаачилгыг өнөөдөр, өөрсдөөсөө эхэлье
  • Бэлчээрийн тухай хууль УИХ-аар батлагдаж амжихгүй бол Иргэний хуулийн 327.1, Газрын хуулийн 52.2, 52.5 дахь заалтыг үндэслэн бэлчээрээ гэрээгээр ашиглах хүсэлтээ гарган Засаг даргатай зөвшилцөн шийдвэрлүүлэх боломжийг малчид маань ашигламаар байна. Хот айл, айл саахалт, баг, сумаараа ярилцаад санаачлаад явбал бүтнэ. Сум, дүүргийн  Засаг дарга нар ч МАА-н тогтвортой хөгжлийн гарц болсон бэлчээрийг гэрээгээр ашиглуулах ажлыг хуулийн дээрх заалтын дагуу хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Санаачилга гаргавал эрх зүйн ийм боломж байгааг Мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээр” төслийн хүрээнд 5 аймаг, хотын 42 сум, дүүрэгт 384 малчны бүлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хүрээнд 7 аймгийн малчны 33 хэсэг, бүлэг хөрш малчидтайгаа зөвшилцөн бэлчээрийн хил заагаа тогтоож, 15 жилээр гэрээ байгуулаад ашиглаж байгаа туршлага харуулж байна. Малаа аж ахуйн эргэлтэд оруулан борлуулах, сүргийн бүтэц, ашиг шимийн чанараа сайжруулах гээд хийх ажил их байна. 
  • Малчид сум багаараа ярилцан нэгдэж, дор хаяж сумын төвд бүтээгдэхүүнээ цуглуулдаг, түүндээ анхан шатны түвшинд чанарын баталгаа гаргуулдаг, ингэснээр боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан үнэ, хадгалах, тээвэрлэх нөхцөлөө тохирон борлуулдаг зохион байгуулалтад ормоор байна. Одоогийн ченжүүдтэйгээ ил тод ярилцаад үз, харилцан ашигтай бол тэд татгалзахгүй хамтарна. Гишүүн малчдаасаа бүтээгдэхүүнийг нь хямд аваад үнэ хүргэн зарж ашиг олох гэсэн одоогийн зарим даргын хоршооны хэлбэрээр биш, харин гишүүдээсээ сонгогдсон удирдлагатай тэдний эрх ашигт үйлчилдэг, үйл ажиллагаагаа ил тод тайлагнадаг зөв хоршоо байгуулаад явбал малчид итгэнэ. Цөөн боловч ийм хоршоо байгаа, “Ногоон алт” зэрэг төслөөс ийм хоршоог дэмжээд ажиллаж байна. Малчид, орон нутгийн байгууллага санаачлаад мэдлэг чадвар дутвал нутгийн зөвлөл, мэргэжлийн байгууллагуудад хандахад юу нь болохгүй байх вэ. Нутгийн зөвлөл, орон нутгаас төрсөн эрдэмтэд, бизнес эрхлэгчид санаа оноогоо нэмээд хамтраад ажиллахад энэ ажлыг зохион байгуулах, зах зээлтэй холбоход их тус хүргэж чадна.
  • Боловсруулах үйлдвэрүүд олон улсын зорилтот зах зээлд хүрэх гүүр юм. Бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулах, сурталчлан таниулах, брэнд болгон үнэ хүргэж чадах эсэх нь тэднээс хамаарна. Дэлхийн зах зээлд Монгол гэдэг нэрээр гарах учир хоорондоо өрсөлдөхөөсөө илүү түүхий эдийн чанарын хяналт, зээл, үнийн бодлого, судалгаа ба хөгжил (Research & Development), экологийн цэвэр түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийхээ сурталчилгаа дээр хамтран ажиллаад хожих зүйл их байна. Үүнд мэргэжлийн байгууллага, холбоод, орон нутаг, малчид, тэдний төлөөлөл, ченжүүд, банк санхүүгийн байгууллагатай асуудлаа ил тод хэлэлцэн харилцан ашигтай шийдвэрлэх хувилбарыг илрүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм.
  • Орон нутгийн санаачилгыг өрнүүлэх, урамшуулах, судалгаа, туршилт хийх, олон улсын зорилтот зах зээлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх нь төрийн нэгдсэн бодлого, зохицуулалтгүйгээр хэрэгжих боломжгүй юм. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д “Үйлдвэрлэлийг ӨНС-ээр хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн байх” зарчмыг томьёолсон байна. Бэлчээрийн даац хэтэрсэн аймаг сумдын малын тоог цөөлөхөд дотоодын зах зээлийн багтаамж багаас үнэ нь унах учир малчдын өргөн хэрэглээний гурил/улаан буудай, цагаан будаа, элсэн чихэр, өргөн хэрэглээний бусад бараагаар тухайн бүтээгдэхүүнийг хямд үйлдвэрлэн үнэ дээр буулт хийх боломжтой хөрш орнуудтай бараа солилцоо хийх санаачилга өрнүүлж болмоор. Түүнчлэн малын тоог цөөлөх нь хүлэмжийн хийн дэгдэлтийг шууд бууруулах учир үүнийгээ үнэлэн хөндлөнгийн хяналтаар баталгаажуулан арилжаалах санаачилга гаргавал холбогдох олон улсын байгууллага, хүлэмжийн хийн бууралтыг гаднаас худалдан авах сонирхолтой Япон, Европын орнуудын Засгийн газар болон хувийн салбарынхан дэмжих магадлалтай. 2015 оны Парис хотноо байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох конвенцэд Монгол улс нэгдэн орохдоо 2030 он хүртэл малын тоог бэлчээрийн даацад тохируулах, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар нүүрсхүчлийн хий шингээлтийг тогтмол түвшинд барина гэсэн амлалт аваад байгаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Монгол улсын бэлчээрийн оновчтой даац нөөц нутгийн хэрэгцээг бодон тооцвол 60 сая хонин толгой буюу одоогийнхоос 32 саяар бууруулах шаардлагатай. Нэг хонин толгойд жилдээ 2 га бэлчээр шаардагддаг, бэлчээрийн талхагдлыг багасгаснаар 1 га бэлчээрт 2.16 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой, 1 тонн хүлэмжийн хийн бууралт нь олон улсын зах зээл дээр 2-10 ам доллараар үнэлэгддэгийг үндэслэн тооцвол энэ нь 64 сая га-д 138.2 сая тонн хүлэмжийн хийг ялгарлыг бууруулж, нэг удаадаа 238.4-1382 сая доллар олох боломж юм. Хэрвээ малын тоог цөөлөөгүй бол ийм хэмжээний хүлэмжийн жил бүр ялгараад байх байсан гэж үзвэл энэхүү мөнгөн дүнг цааш нь өсгөж, доод тал нь бог малын амьдрах хугацаа 5 жилийн турш авах саналаар хэлцэл хийсэн ч болохоор. Үүнийг ганц нэг байгууллагын хүрээнд биш Монгол улсын төрийн санаачилга хэлбэрээр “шуугиантай” зарлавал дэлхий нийтийн анхаарлыг татна. Түүнчлэн ӨНС-ний  санхүүжилтийг дэмжих зээлийн эх үүсвэрээр төр дэмжлэг үзүүлбэл ажлын байр бий болгох, эргэн төлөгдөх тал дээр замд хөрөнгө оруулснаас хавьгүй илүү юм.

        Монгол улсад бэлчээр, малгүй аймаг, сум, хот, дүүрэг, мах, сүү хэрэглэдэггүй, байгалийн сайхнаас эрч хүч авдаггүй Монгол хүн гэж байхгүй. МАА нь уул уурхай шиг минийх чинийх гэж булаацалдах юмгүй, Монгол хүн бүр  хувьцаа гаргалгүй тэгш ашиг хүртэх бизнес юм.
Манай орны төр засаг, хувийн салбар, мэргэжлийн байгууллага, холбоод, малчид, орон нутгийн удирдлага, Монгол хүн нэг бүр хүлээж суух биш дор бүрнээ санаачилга гарган нэг баг болж хамтран зүтгэвэл бэлчээрийн малын экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг Монгол брэндийг бий болгож, уул уурхайгаас хамааралгүй хөгжиж чадна. Ингэвэл Монгол жинхэнэ утгаараа Азийн чоно болно.  

АРВАН ЖИЛИЙН ЗОРИЛТ ТАВИАД

ГУРВАН ЖИЛД ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ 

МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа