Author Archives: admin

ХУД-ийн Усан спорт сургалтын төв бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцлоо

Засаг даргын 2016 оны 08 сарын 22-ний өдрийн 05/892 тоот “Ажил зохион байгуулах тухай” албан бичгийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг Хан-уул дүүргийн Усан спорт сургалтын төв 2016 оны 08 сарын 27-ийн өдөр зохион байгуулан ажиллалаа.

Бүх нийтийн тохижилт, цэвэрлэгээний ажилд тус хамт олон идэвхи санаачлагатай, оролцож,  байгууллагын ойр орчмын газрыг цэвэрлэн, тохижилт, засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэжээ.

123

123

123

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бэлэн гоймонгийн тухай “мэдүүштэй” баримтууд

Ханс Линиш (Hans Lienesch) бол дэлхийн өнцөг булан бүрт худалдаалж буй төрөл бүрийн бэлэн гоймонг амталж энэ тухайгаа тэмдэглэн үлдээдэг дэлхийд танигдсан “The Ramen Rater” юм.

Өдгөө 1000 гаруй бэлэн гоймонг амтлаад байгаа бөгөөд бэлэн гоймонг багаасаа идэж өссөн нэгэн ажээ. Түүний хувьд 2013 оны хамгийн “шилдэг” бэлэн гоймон нь Сингапурын “Prima Taste Singapore Laksa La Mian” байсан бөгөөд манай оронд худалдаалагддагаас №8 дугаарт “Nongshim Shin Ramyun Black Premium Noodle Soup” нэрлэгджээ. Та бүхэндээ бэлэн гоймонтой холбоотой “мэдүүштэй” дараах мэдээллийг хүргэж байна.Бэлэн гоймонг Японы “Nissin Food Products Co., Ltd.” компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Момофукү Андо (1910 – 2007) анх 1958 онд олж нээжээ. Түүний энэхүү нээлт нь Япончуудын хувьд XX зууны хамгийн “шилдэг” нээлт байсан гэлцдэг.

Өдгөө дэлхийн олонх оронд өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан гаргасан маш олон нэр төрлийн бэлэн гоймон байх агаад Хятадууд жилд 42 тэрбум гаруй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэдэг байна. Харин Өмнөд Солонгосын хувьд нэг хүн жилд 69 бэлэн гоймон иддэг ажээ.

Бэлэн гоймон нь жирэмсэн ба 5 хүртэлх настай хүүхдүүдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд эхчүүдэд ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж үр зулбах эрсдэл дагуулдаг бол багачуудын бие дэх хэрэгцээт амин дэм, уургийг шимэгдүүлж улмаар энэ нь бяцхан үрсийг тань тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг байна.

“The Consumer Education & Research Society”-гаас явуулсан судалгаагаар хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 15 нэр төрлийн бэлэн гоймонд судалгаа хийж үзжээ. Амин дэм ба төмрийн агууламж өндөртэй гэгдэж багагүй сурталчлагдаад байсан эдгээр бэлэн гоймонгийн найрлагад санаанд оромгүй орц илэрснээс гадна өөх тосноос илүү биед хэрэгцээтэй зүйлс үгүй байжээ. Тиймээс бэлэн гоймонг хэрэглэхээс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ.

Бэлэн гоймон нь хүнсний сода ихээр агуулдаг бөгөөд содыг хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй ба багтраа, цусны даралт ихсэхэд нөлөөлж бөөрийг гэмтээдэг байна.

Хэдийгээр дэлхий дээр чанартай ба чанаргүй олон төрлийн бэлэн гоймон хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа боловч шинжлэх ухааны үүднээс гаргасан мэдээллээр эдгээр бэлэн гоймонд та бидний бие организмд ашигтай ямар ч эрдэс минерал агуулагддаггүй бөгөөд энэ нь хүн төрөлхтний хүнсний хэрэглээний хамгийн чанаргүй бүтээгдэхүүнд тооцогдож байна. Магад бэлэн гоймонгоо өндөг, хүнсний зарим ногоог хачирлаж хэрэглэх нь бэлэн гоймонгийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж хэрэгцээт уураг, амин дэмийг бага зэрэг нөхөх боломжтой гэж үзжээ.

Та бидний хүнсэндээ хэрэглэдэг бэлэн гоймонд “Monosodium Glutamate” хэмээх найрлага агуулагддаг ба энэ нь бэлэн гоймонгийн амтыг сайжруулахад ашиглагддаг химийн бодис юм. Дэлхий дээр энэ төрлийн бодисноос харшилдаг хүмүүс цөөнгүй бөгөөд энэхүү бодисонд харшилдаг эсэхээ мэдэхийн тулд бэлэн гоймон идсэний дараа толгой өвдөх, нүүр халуу дүүгэх, янгинах зэрэг шинж тэмдэг хурцаар илэрч байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй байдаг ажээ.

Бэлэн гоймонг байнга идэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөөтэй юм. Тогтмол идэх нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулж, ходоод гэдсийг хөөлгөж энэ нь хоол боловсруулах замын эрсдэлтэй эмгэгүүдийг дагуулдаг.

Түүнчлэн таргалалтын үндэс болж өгдөг бөгөөд содын хэт агууламж нь бөөрөнд нөлөөлж улмаар шээс гадагшлахгүйд хүрснээр жингийн илүүдэлд орж эхэлдэг байна. Мөн шээс ялгаруулах явц удаашрах нь биеэс хорт бодисоо гадагшлуулах боломжгүйд хүргэж энэ нь та бидний бие махбодыг аажим хордуулж эхэлдэг ажээ.

Бэлэн гоймонгийн гол найрлагад “Propylene Glycol” гэх химийн нэгдэл агуулагддаг ба энэ нь хөлдөлтийн эсрэг бодис юм. Зориулалт нь гоймонг чийгшүүлэхгүй, хэт хуурайшихаас сэргийлж хэвийн орчинд байх нөхцлийг бүрдүүлж байдаг. Гэвч энэ нь та бидний дархлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэдгийг та бид тэр бүр мэддэггүй. Дархлалын тогтолцоонд нөлөөлөөд зогсохгүй зүрх ба элэг, бөөрийг өвчлүүлдэг нь нэгэнт тогтоогджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ц.Баярсайханыг томилов

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас өөрийн хүсэлтээр татгалзахаар болсноо мэдэгдсэн П.Цагаан өнөөдөр өөрийнх нь оронд томилогдож буй УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ын дарга асан Ц.Баярсайханд тамгаа гардуулан өгчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар 2009 оноос хойш ажиллаж байсан П.Цагаан ажлаа өгөхөөр болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэрээр “АН-аа нэг цул байх ёстой гэж үзэж ирсэн байр сууриа дахин нотолж,  хуримтлуулсан төрийн болон улс төрийн ажлын туршлага, эдийн засаг, улс төр, хууль цааз, гадаад харилцааны мэдлэг боловсролоо Ардчилсан намынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж шийдсэнээ та бүхэнд мэдэгдэж байна” гэж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдэж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Италид газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 291-т хүрчээ

Өнгөрөгч долоо хоногт Италийн нийслэл Ром хотоос зүүн тийш уулархаг бүсэд орших Риети хотод 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 291 болж нэмэгдлээ гэж  тус улсын Иргэний хамгааллын ерөнхий газраас мэдэгдлээ.

Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Аматриче хотод амиа алдсан хүмүүийн тоо 230 болж нэмэгдсэн бол Аккумоли болон Аркуата-дель-Тронто хотод тус бүр 11 болон 50 хүн амиа алджээ. Аврах албанаас хохирогчдын нэрсийн жагсаалтыг гаргаад байгаа ба  тэдний хамгийн залуу нь 5 сартай бол хамгийн өндөр настай 93 настай ажээ.  Амиа алдсан хүмүүсийн дотор хэд хэдэн гадаадын иргэн байсан ба Румыны 6, Их Британийн 3, Испани, Канад болон Албанийн тус бүр нэг иргэн гамшигт нэрвэгдэн амиа алдсан байна. Газар хөдлөлтийн дараа уулархаг бүс нутагт 1300 гаруй удаа газар хөдлөлтийн дараах түлхэлт мэдрэгдсэн гэх ба хамгийн хүчтэй нь 4.8 баллын хүчтэй байжээ. Гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдийг цэнгэлдэх хүрээлэн болон задгай талбайд байрлуулаад байгаа ба 2500 гаруй хүн орон гэргүй болж майхан болон хорогдох байруудад хоног төөрүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нэр ертөнцийн чихнээ” гэсэн сэдвээр хичээл заана

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа. Тэрбээр энэ жил “Монголын нэр ертөнцийн чихнээ” гэсэн сэдвээр хичээл заахаар болжээ.

Ерөнхийлөгч:

  •     2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”,
  •     2010 онд “Монголын бахархал”,
  •     2011 онд “Монголын сайхан орноор”,
  •     2012 онд “Хүн болох багаасаа”,
  •     2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо”,
  •     2014 онд  “Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө”,
  •     2015 гэсэн “Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр хичээл зааж байсан билээ.

Ерөнхийлөгчийн хичээл есдүгээр сарын 1-ний 10.00 цагт эхэлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд   Монгол Улсын Засгийн газраас  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгах тухай А/623 тоот  Захирамж гаргалаа.

3ахирамжаар татан буугдаж байгаа байгууллагын ашиглаж байсан мэдээ, баримт бичиг, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан, холбогдох агентлаг, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлж, хаалтын тайлан гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгөхийн татан  буулгах ажлын комисст үүрэг болгожээ. Мөн татан буугдаж байгаа байгууллагын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг холбогдох байгууллагад шилжүүлэх, бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн тэтгэлэг олгох, Нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгахыг даалгав. Татан буулгах комиссын даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр ажиллаж байгаа юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Замын хөдөлгөөнд оролцож буй бүх автомашиныг шалгана

Замын Цагдаагийн Газар, Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн шалгалт явуулахаар болжээ. Энэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн тухай хууль, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилготой аж.

Шалгалтыг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулна гэж Замын Цагдаагийн Газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Ганбат: Зам тээврийн салбар бол улс орны эдийн засгийн өнхрөх дугуй нь

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа.

Та зам тээврийн салбарт шинэ хүн биш. Салбарын гол компанийн нэгийг амжилттай удирдаж байсан танд Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. Өнөөдөр Зам, тээврийн салбарт тулгарч байгаа олон асуудал байгаа байх. Алс хэтийг харсан ямар бодлого баримтлах нь зүйтэй гэж та үзэж байна вэ? 

Хот суурин, хүн амын алслагдмал болон далайд гарцгүй байдлаас улбаалсан тээврийн өндөр өртөг зардал улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж, түүнтэй холбогдсон сорилт бэрхшээл нэлээд байна. Манай экспортын бүтээгдэхүүний өөрийн өртгийн 30 орчим хувийг тээвэр, ложистикийн зардал эзэлж байна. Энэ бол бусад оронд дунджаар 10 орчим хувь байдагтай  харьцуулахад өндөр үзүүлэлт. Оновчтой зөв бодлого явуулж байж үүнийг шийдэх ёстой.

Өнгөрсөн 20 гаруй жилд боловсруулсан тээврийн хэд хэдэн стратеги, хэтийн бодлого нь тээврийг сэргээх, тогтворжуулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд голлон чиглэгдэж байсан. Гэхдээ ихэнх зөвлөмж, үйл ажиллагааны хөтөлбөр нь дунд хугацааных бөгөөд хоорондын уялдаа холбоо тааруу байлаа. Бодлого, стратегийн зорилт, арга хэмжээ нь байгаа нөөц бололцоотойгоо төдийлөн уялдаагүй, хэт мөрөөдлийн чанартай байсан. Гол шалтгаан нь бодит эрэлт хэрэгцээ шаардлагад тулгуурлахын оронд нийлүүлэлтэд чиглэсэн төлөвлөлтийн практик ашиглаж байсантай холбоотой гэж би хардаг. Цаашид үүнийг засахын төлөө ажиллах болно. Тухайлбал, тээврийн төрлүүдийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаа тул тэдгээрт хяналт-шинжилгээ хийж, нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэх үе шатуудыг эргэн харах шаардлагатай байна.

Ер нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд тээврийн гүйцэтгэх үүрэг их юм аа даа?

Тийм. Тээвэр нь улс орны эдийн засагт хөдөлгөгч хүч, хүчит хөдөлгүүр нь биш юм гэхэд өнхрөх дугуй нь яах аргагүй мөн. Бас нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ ч гэж хэлж болно.

Тээврийн хэрэгцээ өсөн нэмэгдэх хандлага байгаа юу?

Тээврийн хэрэгцээ нь эдийн засгийн болон хүн амын өсөлтөөс голлон хамаардаг. Эдийн засаг нэг хувь өсөхөд тээврийн хэрэгцээ хоёр хувь нэмэгддэг гэсэн тооцоо ч байдаг. Манай улс цөөн нэрийн бараа бүтээгдэхүүнээс хамаарсан эдийн засагтай. Монгол Улсын эрдэс баялгийн арвин нөөц нь эдийн засгийн гол тулгуур болж байна. 2015 онд эрдэс баялгийн салбар нь идэвхитэй хөдөлмөр эрхлэх ажиллах хүчний дөнгөж 3.7 хувьд ажлын байр бий болгосон мөртлөө ДНБ-ний 41 хувийг үйлдвэрлэж, нийт экспортын орлогын 80 хувийг бүрдүүлжээ.

Экспортын бүтээгдэхүүний 90 хувийг БНХАУ руу гаргасан байна. Монгол орны эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай, бараа бүтээгдэхүүний үнийн бууралт болон БНХАУ дахь нөхцөл байдлаас хамааралтайгаас шалтгаалан  ойрын болон дунд хугацааны эдийн засгийн байдал тодорхойгүй байна. Хамгийн их өөрчлөлт хөдөлгөөнтэй бөгөөд тээвэрлэлтээс ихээхэн хамааралтай экспортын бүтээгдэхүүн бол нүүрс. Нүүрсний экспорт БНХАУ-ын нүүрсний хэрэгцээнээс хамаарна. БНХАУ-ын Засгийн газар саяхан ДНБ-ний нэгжид ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс бууруулна хэмээн мэдэгдсэн. Энэ нь БНХАУ руу гаргах нүүрсний хэмжээнд нөлөөлнө гэсэн үг. Хэрэв БНХАУ-ын эдийн засаг  өнөөгийн бууралтаасаа сэргэж, 2014 оноос өмнө байсан өндөр өсөлтдөө эргэж орох юм бол манайхаас нүүрс импортлох хэмжээ өмнөх байдалдаа орох эсвэл наад зах нь одоогийн байдлаа тогтворжуулж болох юм.

Тээврийн салбарын төрлүүдийн хувьд төмөр зам голлох үүрэгтэй биз дээ?

Монгол Улсын тээврийн ажил, үйлчилгээг автотээвэр, төмөр зам, иргэний агаарын тээвэр, усан замын тээвэр гүйцэтгэж байна.Төмөр зам ачаа эргэлтийн хувьд давамгайлж байгаа хэдий ч 2010 онд 89 хувийг эзэлж байснаа 2015 онд 60 орчим хувь болж буурчээ. Төмөр замын тээврийн харьцангуй давуу тал нь алсын зайд ихээхэн хэмжээний ачааг тээдэгт оршиж байгаа юм. Харин зорчигч тээвэрт автотээвэр зонхилж байна. Цаашид бид дамжуулах хоолойн тээврийг шинээр бий болгон хөгжүүлэх, тээвэр ложистикийн үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд хэр байна вэ?

Мэдээж манайд санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр хязгаарлагдмал байгаа. Тухайлбал, 2016 онд Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтын 17.6 хувийг тээврийн салбарт хуваарилан, автозамын засвар арчилгаанд найман тэрбум төгрөг төсөвлөжээ. Замын засвар арчилгааг сайн хийдэг улс орнууд ДНБ-нийхээ дор хаяж нэг хувийг автозамаа арчилж тордоход зарцуулдаг.

Тэгвэл Монголд ДНБ-ийхээ дөнгөж 0.1 хувийг үүнд зарцуулж байна. Нэгэнт барьсан замаа арчилж тордох хэрэгтэй шүү дээ. Байнгын урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг ихээхэн хөрөнгө зарж, сэргээн засварлалтаар орлуулж, “барих-арчилгааг үл хайхрах- дахин барих” гэсэн циклийг бий болгож байгаа нь санаа зовоосон асуудал юм. Ер нь  сэргээн засварлах ажлын зардал урьдчилан сэргийлэх арчилгаа үйлчилгээний зардлаас олон дахин их байдаг.

Автозамын бүтээн байгуулалтын хувьд төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

Автозамын сүлжээ нь 12700 км орчим улсын чанартай зам, 36000 км орчим аймаг орон нутгийн болон хотын зам, 600 км орчим уул уурхайн замаас бүрдэж байна. Үүнээс 6600 км орчим нь хатуу хучилттай ба ихэнхи нь хайрган буюу сайжруулсан хөрсөн зам эсвэл нарийн тогтоосон чиглэлгүй олон салаа хөрсөн зам байна.

Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Засгийн газрын тэргүүний дараагийн зорилт бол бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгах ажил. Харин дараа нь улсын чанартай бусад бүх замыг хатуу хучилттай болгох зорилттой байгаа. Улсын чанартай автозамд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC) –ны 4a коридор  (Ярант боомт-Ховд-Цагааннуур боомт), 4b коридор (Алтанбулаг боомт-Улаанбаатар-Замын үүд боомт) болон 4c коридор (Өндөрхаан-Баруун Урт-Бичигт боомт) орж байна. Эдгээр замыг Азийн автозамын стандартад нийцүүлэн сайжруулах шаардлагатай байна.

Улаанбаатар хот орчимд тээврийн хэрэгслийн хөдөл­гөө­ний эрчим маш их. Улаанбаатар-Дарханы хоорон­дын CAREC 4b замыг сэргээн засварлах болон аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай.  Мөн Улаанбаатар-Налайхын CAREC 4b чиглэлийн зам нь их түгжирдэг тул нэн даруй өргөтгөх шаардлагатай байгаа. CAREC-ийн 4b болон 4c чиглэлийн тодорхой хэсгийг сайжруулахаас гадна одоогийн байгаа хатуу хучилттай замын арчилгаа үйлчилгээ нь цаашид шинэ зам барихаас илүү чухал ач холбогдолтой юм.

Орон нутгийн автозамын хувьд?

Ихэнх аймаг сум багийг аймгийн төв юм уу улсын чанартай замтай холбож замаа сайжруулах төлөвлөгөө бий. Хөдөөгийн иргэд боловсрол, эрүүл мэндийн зайлшгүй үйлчилгээ, зах зээлд хүрэх, хөдөө аж ахуйн бус ажил эрхлэлтэнд хүрэх боломж тун тааруу бөгөөд үүний тулд муу замаар хол зайд аялах шаардлага гардаг. Ижил төстэй бусад оронд жилийн туршид ашиглах бололцоотой автозамын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хямд өртөгтэй зам барих арга технологийг хэрэглэх, нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг зохистой байршуулахаас гадна алслагдсан нутаг оронд хүрэх зайлшгүй агаарын тээврийн үйлчилгээг хослуулан ашигладаг. Энэ талаар судлаж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болно.

Автомашины тоо нэмэгд­сэн­­тэй холбоотой осол зөрчил гарах, орчны бохирдол тул­гамд­сан асуудал болоод бай­гааг хаа хаагүй ярьдаг. Энэ талаар таны бодол юу вэ?

Авто тээврийн хэрэгслийн тоо ялангуяа Улаанбаатар хотод сүүлийн таван жилд ихээхэн нэмэгджээ. Нийслэл хотод 1000 хүнд ногдох автомашины тоо ойролцоогоор 215 байгаа (Казахстан, ОХУ-ынхтай ижил) бөгөөд ирэх 10 жилд 1000 хүнд 400 болж  хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах явдал тулгамдсан асуудал байсаар байгааг улсын хэмжээнд зам, тээврийн ослоор нас барагсдын тооноос харж болно.

Замын цагдаагийн газрын мэдээгээр 2015 онд  429 байсан нь 100.000 хүн амд 14.3 буюу 100.000 тээврийн хэрэгсэлд 54.3 орчим ногдож байгаа нь хөгжингүй орнуудынхаас тав дахин их байгаа юм. Үндэсний хэмжээний хөдөлгөөний аюулгүй байдлын хангах хөтөлбөрөө хэрэгжүүлэх, тээврийн хэрэгслийн ашиглалтын дүрэм журмаа мөрдүүлэхэд ЗТХЯ, Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах нь нэн тэргүүний асуудал болж байна.

Шинэ төмөр замын төслүүд эхнээсээ хэрэгжиж, алдаа онооны дээр урагшилж байна. Энэ ажлыг урагшлуулах чиглэлээр ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Төмөр замын сүлжээ нь Улаанбаатар төмөр замын (УБТЗ) эзэмшилд ашиглагдаж байгаа өргөн царигийн (1520 мм) 1816 км төмөр замаас бүрддэг. Үүний гол шугам нь хойд талдаа  ОХУ-ын хилээс өмнө талдаа Хятадын хил хүртэл үргэлжлэх 1115 км урттай Транс Монголын замналын (CAREC-ийн 4b коридор)  хэсэг юм. Энд мөн 98 км урттай Болд төмөр Ерөө голын төмрийн хүдрийн ордтой холбосон хувийн төмөр зам бий. Өнгөрсөн жил Төмөртэйгээс Хандгайт хүртэл 23 км төмөр замыг манай инженер техникийн ажилтан, ажилчид өөрсдийн хүчээр барьж байгуулан ашиглалтад өглөө.

Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг 2010 оны зургадугаар сард УИХ-ын 32 дугаар тогтоолоор баталсан. Шинэ төмөр замын шугамыг барих ажлыг Монголын төмөр зам (МТЗ) ТӨХК зохион байгуулах үүрэгтэй. “Баавгай агнах гэж байгаа бол туулайн мөрөнд бүү саат” гэсэн үг бий.

Аар саар бэрхшээлд сааталгүй, төлөвлөсөн том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй байна. Нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг экспортонд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой стандартын царигийн (1435 мм) 267 км урт төмөр замыг Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл барих ажил үргэлжилж байна. Хөөт-Бичигтийн төмөр замыг барих ажлыг удахгүй эхлүүлнэ. Мөн баруун бүсэд шинэ шугам барихаар төлөвлөж байна. Тухайлбал, Нарийнсухайтын төмөр замыг барихаар ажиллаж байгаа. 2015 оны наймдугаар сард  Хойд төмөр зам ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 547 км урттай Овоотын нүүрсний уурхайгаас Эрдэнэт хүрэх төмөр зам барихаар концессийн гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн Улаанбаатар хотын өмнүүр тойрч гарах Богдхан төмөр замын шинэ шугам барих ажлыг Азийн хөгжлийн банктай хамтран судлан хэрэгжүүлж, төмөр замын байгууламжуудыг шилжүүлэн байрлуулж, шинэ нисэх буудал болон шинэ төмөр замын орчимд шинээр ложистикийн терминал  барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. УБТЗ-ын тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг шинэчлэх болно. “Юмыг цагт нь хийвэл сайн. Амжаагүй бол хожимдсон ч гэсэн хий” гэсэн үг бий. Тиймээс бид бүх нөөц бололцоогоо ашиглаж төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Зам, тээврийн салбарт бас нэгэн чухал байр суурь эзэлдэг салбар бол агаарын тээвэр. Иргэний нисэхийн дэд салбарт шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд байна вэ?

 Иргэний нисэхийн салбар нь агаарын навигаци, нисэх буудал, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах зэрэг төрөлжсөн үйл ажиллагааны цогц болохын хувьд эрх зүйн шинэчлэлийг шат дараатай хийж гүйцэтгэх нь чухал байна. Улсын Их Хурлаас 2013 онд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан бодлогын баримт бичигт тусгагдсан асуудлуудыг ажил хэрэг болгох, салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхийн тулд салбарын хууль тогтоомжийг шинэчлэх асуудал зүй ёсоор тулгарч байна. Иймд эхний ээлжинд иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж, бодлогын баримт бичигтэй уялдуулан цогц байдлаар бодлогын шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хувьд одоогоор 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд барилгын ажил төлөвлөгөөний дагуу 2017 оны 1 дүгээр сард дуусгавар болно. Үүнтэй холбогдуулан тус нисэх буудлыг ирэх онд амжилттай ашиглалтад оруулах, мөн одоогийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хүндрэлгүйгээр шинэ нисэх буудалд шилжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг зорчигчдын урсгалаас хамааруулан нэмэгдүүлэх, нисэх буудлуудын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг нэвтрүүлэх, олон улсын нөөц нисэх онгоцны буудал байгуулах зэрэг асуудал зүй ёсоор тулгарч байна.

Агаарын навигацийн үйлчилгээний хувьд шинэ техник технологийг үе шаттай нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийснээр Монгол Улсын дээгүүр нисэн өнгөрч буй олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааны үзүүлэлтийг сайжруулах зорилго тавин ажиллах болно.

Түүнчлэн агаарын тээврийн салбарын зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, дотоодын агаарын тээвэрлэгчид, тэр дундаа үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтыг бүрдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сүүлийн үед Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудал эрчимтэй яригдаж байгаа. Хөрш орнуудтайгаа тээврийн харилцаагаа хөгжүүлэх эхний алхам юу байх бол?

Өнгөрсөн зургадугаар сард хөрш гурван орны төрийн тэргүүн нар Ташкентад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон төсөл  боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дамжин өнгөрөх автотээврийг хөгжүүлэх үүднээс энэ сарын 18-24-ний хооронд БНХАУ-ын Тяньжин боомтоос эхлэн Монгол Улсыг дамжин ОХУ-ын Улаан-Үүд хот хүртэл олон улсын туршилтын автотээврийг эхлүүлээд явж байна.

Зам, тээврийн салбарт олон төсөл хөтөлбөрүүд хэрэг­жүүлэхээр төлөвлөж бай­гаа юм байна. Цаашид ямар бод­лого, зарчим барьж ажиллах вэ?

Зам, тээврийн хөрөнгө оруулалтын аливаа шийдвэр эдийн засгийн үр ашигтай байдалд суурилах ёстой. Гэхдээ үндэсний эрх ашиг, нийгмийн зайлшгүй шийдэх асуудлыг онцгойлон авч үзэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь цаашдын засвар, арчлалтын тогтвортой бодлоготой уялдсан байх, тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхэн чөлөөтэй ижил тэгш оролцох, өрсөлдөх боломжтой байх нь чухал юм. Мөн төрийн өмчтэй тээврийн компаниуд татаасгүй үйл ажиллагаа явуулах, дотоодынхоо техникийн болон боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх болон аливаа төсөл хөтөлбөр нь орчиндоо ээлтэй, аюулгүй, эрчим хүчний хэмнэлтэй байх зэргийг гол зарчим болгон ажиллана.

Мэргэжлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажил­лаж эхэлсэн. Та энэ салбарын мэргэжлийн хүн мөн үү?

Тээврийн салбарын үндсэн мэргэжлийн хүн. Тээврийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тээврийн эрдэм шинжилгээний институтэд мэргэжлээрээ судалгаа шинжилгээний ажил хийхээс ажлынхаа гарааг эхлүүлсэн дээ. Ачаа тээврийн удирдах газар, Далайн тээврийн Тяньжин дахь төлөөлөгчийн газар, сүүлд нь “Монголын төмөр зам” ТӨХК-д  компанийн Гүйцэтгэх захирлын албанд ажилласан. Бүгд л зам, тээврийн салбартай холбоотой ажил даа. Мөн ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд мэргэжлээрээ багшилж, Тээврийн удирдлага, менежментийн чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааны байршлууд

Нийслэлийн замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулах, иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс нийслэлийн төвийн 6 дүүргийн 33 байршилд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм.

Зөвхөн Нарантуул захад л гэхэд энэ төрлийн худалдааны 140 цэг ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэр, материалын чанараасаа шалтгаалаад 81300-123700 төгрөгийн үнэтэй байна.

Хичээлийн жилийн өргөтгөсөн худалдаа:

  • Баянгол дүүрэгт “Арк” зочид буудал, “Тод өнгө” ХХК, Номин их дэлгүүр, Номин супемаркет, Байгаль-Эн цогцолбор, Оргил худалдааны төвд,
  • Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбай, “Хоум плака-2”, Яармагийн худалдааны төв, Оргил төв, Номин хайпермаркет, дүүргийн Соёлын төвийн гадна талбай,
  • Сүхбаатар дүүрэгт Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай, Улаанбаатар их дэлгүүр, Метромолл, Аса цирк, Сарны титэм,
  • Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн үйлдвэрийн урд талбай, 16-р хорооны үйлчилгээний төв, Номин, Макс, Миний сүлжээ дэлгүүр,
  • Баянзүрх дүүрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна талбай, Дүнжингарав, Тэнгэр бөөний төв, E-mart, Амгалангийн Оргил худалдааны төв,
  • Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Улсын их дэлгүүр, Алтай төв, Peace mall МТОТ ХХК-ийн гадна талбайд гарч байгаа бөгөөд есдүгээр сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Залуучуудын ДАШТ-нд манай баг тамирчид оролцох боломжгүй боллоо

Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос Монголын багийг тодорхойгүй хугацаагаар олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан тухай МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж өнгөрсөн долоо хоногт жиргээгээр мэдээлснийг бид хүргэсэн билээ. Тэгвэл энэ шийтгэлийн дагуу чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-д оролцохбайсан манай эрэгтэй, эмэгтэй багийнхан явж чадахааргүй болоод байна. Уг нь тэд онгоцны зардал болох 32 сая төгрөгийг төлсөн бөгөөд өнөөдөр Улаанбаатараас нисэж, маргааш ОХУ-ын Эрхүү хотоос Франц улсыг зорих байжээ.

МЧБХ-д өгөх шийтгэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ёс зүйн хороогоор орж шийдэгдэх аж. Тиймээс тус холбооны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт яаралтай хуралдсан бөгөөд шийдвэрийн талаар МЧБХ одоохондоо албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Залуучуудын ДАШТ энэ сарын 30-нд буюу маргааш эхэлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-ны даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

10.30-18.00 цагт: 6, 7, 12, 17, 18-р хороо 10-р хороолол, 4-р хороолол 8, 17, 18, 18А, 38, ХД-67, 71, 76, 86, 86А, 42, 55-1, 55-2, К-102-108, Элеганс тауны 44А, B, С, D, F байр, Монгени цогцолбор сургууль, МҮОНРТ болон тэдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

10.30-18.00 цагт: 15-р хороо Өнөр хорооллын 19, 20, Москва хорооллын 44-р байр, ОСНААУГ-ын БТТ, 1, 12-р цэцэрлэгүүд, Сити шоп-79, Өнөр-19, Өнөр-20 СӨХ-үүд, Сансар кабелийн телевиз болон тэдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11.00-18.00 цагт: Цагаан шонхор, Эрхэт сүлд, Монголиа Вояаж, Сандей, Морин нуур, Ди Си Би, Тахианы ферм, РЭС бетон зуурмаг, Хийт констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Баян” суманд шүлхий өвчин гарчээ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар  Төв аймгийн  “Баян“ суманд гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчний өнөөгийн  нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар  нийслэлийн Засаг даргын орлогч  Ж.Батбаясгалан  мэдээлэл хийж,  нийслэлийн Онцгой байдлын газрын дарга,  Цагдаагийн удирдлага, Мэргэжлийн хяналтынн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Төв аймгийн  Баян сум нь  нийслэлийн  Багахангай дүүрэгтэй хаяа залгаа.  Шүлхий өвчин гарсан голомт нь тус дүүргээс 18 километрт оршдог байна. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд  Ж. Саульегаар ахлуулсан ажлын  хэсэг ажиллаж байна.  Малын гоц халдварт ”Шүлхий “ өвчнийг нийслэлд  оруулж ирэхгүй байх  талаар  холбогдох бүхий л арга хэмжээг авч,  халдваргүйжүүлэлт, ариутгалд шаардагдах хөрөнгийн судалгааг гаргах ажлын хэсгийг ахалж,  амралтын өдрүүдэд  Багахангай дүүрэгт ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын  орлогч Ж. Батбаясгаланд өглөө.

“Шүлхий” өвчин гарсан голомтод өнөөдрийн байдлаар  14 хот айлын  5 мянга гаруй  толгой мал бий.  7 сарын  28-ны өдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  захирамж гаргаж,  гоц халдварт “Шүлхий“ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн юм. Энэ үүрэг даалгаврын дагуу салбар хариуцсан орлогч  нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд мэдээлэл хийсэн юм.

Вакцинжуулалтын ажил уг бүс нутагт эрчимтэй хийгдэж байна. Багахангай дүүрэгт  350 үхэрт  вакцин хийсэн.  Голомтын бүсэд  21 албан хаагч, 6 автомашин ажиллаж байна.  Амралтын өдрүүдэд ажлын хэсэг  Багахангай дүүрэгт ажиллаж,  тус дүүргийн онцгой байдлын комисс хуралдаж, шаардагдах хөрөнгө мөнгө, ариутгалын бодис, хүн хүчний асуудлаар  нийслэлийн Онцгой байдлын комиссын хуралдаанд танилцуулна.  Нийслэлийн Онцгой комиссын хурлыг ирэх даваа гарагийн  9 цаг  30 минутад хийх тов гаргалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Токио-2020”-ийн медалийг хаягдал цахилгаан бараанаас ялгаж авсан үнэт металлуудаар хийнэ

ТОКИО. /Nikkei Asian Review/. Цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Япон улс 2020 оны Токиогийн Олимпын медалиудыг эвдэрч, хэмхэрсэн болон хэрэглээнээс гарсан хэдэн сая цахилгаан бараанаас ялгаж авсан түүхий эдээр хийхээр төлөвлөж байна.

Японд жилд хэдэн сая цахилгаан бараа болон төхөөрөмж хог дээр хаягддаг аж. Ийм хаягдлуудаас 2020 оны Токиогийн зуны Олимп болон Паралимпын медалиудыг бүгдийг нь хийхэд хүрэлцэхүйц хэмжээний үнэт металл гарна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа аж. Японы Олимпын хороо мэдэгдэхдээ “бид хаягдал цахилгаан хэрэгслээс алт, мөнгө болон зэсийг ялган авч Олимпын медалиудыг хийхийг зорьж байна” гэв.ТОКИО 2020    01

Ашигт малтмалын нөөц багатай Япон улс нь техник технологи болон цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай юм. Албан ёсны мэдээнээс үзвэл, дэлхийн нийт алтны 16 орчим хувь болон мөнгөний 22 хувь нь Японд үйлдвэрлэсэн ахуйн хэрэглээний электрон бараанд агуулагдаж байдаг гэнэ.

Өөр ямар ч улсад, тэр байтугай экспортлогч орнуудад ч үнэт металлын ийм их нөөц байхгүй ажээ.2014 онд 143 кг алт, 1566 кг мөнгө болон 1112 тонн зэс бүхий цахилгаан бараа Японы хог дээр хаягдсан байна. Өөрөөр хэлбэл, “Лондон-2012”-ын бүх медалийг хийгээд хангалттай илүү гарах хэмжээний үнэт металлыг япончууд 2014 онд хог дээр хаяжээ.

Лондоны Олимпын бүх медалийг хийхэд 9.6 кг алт, 1210 кг мөнгө болон 700 кг зэс орж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа