Author Archives: admin

Брэд Питт: “Хүмүүс биднийг алдартай, баян юм чинь зовлон үздэггүй байх гэж боддог

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт нэгэн ярилцлагандаа ингэж ярьжээ.

Тэрбээр “Хүмүүс биднийг алдартай, баян юм чинь зовлон үздэггүй байх гэж боддог. Гэхдээ бид яг л бусадтай адил. Бид бүгд хүмүүс. Эхнэр маань хүндээр өвдсөн. Тэр үүнээсээ болоод, мөн ажил хэргийн, хувийн, хүүхдүүдийн асуудлаас болоод байнга л бухимдуу байх болсон юм. Тэр бараг 15 кг жин хасаж, 35 настай байхдаа 40 кг орчим л жинтэй болсон. Эхнэр минь маш их турж, үргэлж л уйлдаг болсон байлаа. Тэр харваас аз жаргалгүй байв. Толгой, зүрх хоёр нь тасралтгүй өвдөж нуруу, хавирга хоёрынх нь завсраар дарагдсан мэдрэлийн судлууд нь байнга хатгуулж байсан. Шөнө ч унтаж чадахаа больсон тэрээр үүрээр багахан нойроо авч, өдөр нь маш амархан ядардаг болсон байсан.

Бидний харилцаа ч бас салалтын даваан дээр ирлээ. Нүднийх нь доогуур уутанцар үүсэж, гоо сайхан нь хаашаа ч юм өөрийг нь орхин одож байгааг хараад тэр өөртөө анхаарал ч тавихаа больсон юм. Кино зураг авахаас татгалзаж, ямар ч дүр ирсэн “Үгүй” гэсэн хариулт өгч байлаа. Миний ч бас итгэл алдарч, удахгүй бид хоёр тийш болох нь дээ гэж бодогдох болсон… Гэхдээ тэр үеэс эхлэн би ч бас тэмцэхээр шийдсэн юм.

Угаасаа л, би хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйн дэргэд байна. Дэлхийн эрчүүд, эмэгтэйчүүдийн тэн хагасынх нь шүтээн болсон тэр эмэгтэйн дэргэд өглөө бүр сэрж, мөрөөр нь шөнө бүр тэврэх боломж ганцхан надад л байна. Тиймээс би түүнд байнга баглаа цэцэг бэлэглэж, үнсэж, урам магтаалын үгээр тэтгэж эхэлсэн. Би эхнэртээ дандаа бэлэг авч өгөн, түүний л төлөө амьдрахаар шийдсэн. Олон нийтийн арга хэмжээн дээр ч би зөвхөн түүнийхээ тухай л ярьдаг боллоо. Амьдралынхаа бүхий л хэсгийг зөвхөн түүн лүү чиглүүлсэн юм. Найз нөхдийнхөө дэргэд ханийгаа үргэлж магтдаг болсон. Итгэх үгүйг чинь мэдэхгүй юм, гэхдээ тэр үүнээс хойш цэцэг шиг дэлгэрч эхэлсэн юм. Эхнэр минь өмнөхөөсөө ч илүү болсон. Тэр буцаад жин нэмж, бухимдахаа больж, өмнөхөөсөө ч илүүгээр намайг хайрлаж эхэлсэн. Түүнийг намайг тэгж их хайрлах юм чинээ би санаагүй шүү.

Тэгээд л би нэг зүйлийг ухаарсан юм: Эмэгтэй хүн бол эр хүний тусгал юм байна. Хэрвээ чи түүнийг чадах бүхнээрээ хайрлаж чадвал, тэр өөрөө хайр болон хувирдаг юм байна.” хэмээн ярьжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Баяр Англи Улсад элчин сайдаар сууж магадгүй

УИХ-ын сонгуулийн үеэр сураг нь гарч, тэгсхийгээд чимээ алдарсан хүн бол Ерөнхий сайд асан Санжийн Баяр. Тэгвэл түүнийг тун ойрын үед ИБУИНВУ-д суух Элчин сайдаар томилох гэж буй гэнэ. С.Баяр өмнө нь ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан. Улмаар өнөөгийн эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байв. Тэр утгаараа ИБУИНВУ-д Элчин сайдаар суух сонголтыг өөрөө хийсэн гэж байна.

Өдгөө тус улсад Н.Тулга Элчин сайдаар сууж байгаа. Тэрбээр 2013 оны аравдугаар сард томилогдон очсон бөгөөд Элчин сайдын албыг гурван жилийн хугацаатай хашдаг хуулийн дагуу хугацаа нь дуусаж буй юм. Харин түүний оронд Элчингээр очих Санжийн Баяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг алсаас ажиглаж, 2020 оны сонгуулийн өмнө эх нутагтаа эргэж ирэх бололтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Найман цэцэрлэгийн хичээл хугацаандаа эхлэхгүй

НМХГ-аас 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах хяналт шалгалт явуулж байна. Шалгалтын явцад есдүгээр сарын 01-нд үйл ажиллагаа нь засварын ажлаас шалтгаалан эхэлж чадахгүй цэцэрлэг, сургуулиуд байгаа нь тогтоогджээ.

Тухайлбал Баянгол дүүргийн 86, 77, 11, 95, 242, Хан-уул дүүргийн 35, 46, Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгүүд хугацаанаасаа хоцорч нээлтээ хийнэ. Баянгол дүүргийн 38,73, Хан-уул дүүргийн 32, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулиудын барилгын ажил энэ хичээлийн жилд ашиглалтанд орох боломжгүй байна.

Түүнчлэн улсын хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан сургууль цэцэрлэгийн цогцолборууд нь цэцэрлэгийн гал тогоо, сургуулийн цайны газрыг нэг байхаар шийдвэрлэж өгсөн нь хүндрэл учруулж байна. Учир нь ерөнхий боловсролын сургуулиуд цайны газартай Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх, цэцэрлэг нь гал тогоотой, тогтсон цагийн хоол өгөх ёстой, 2 өөр статустай байгууллага юм. Түүнчлэн гал тогооны тоног төхөөрөмжийг ажиллуулахад 380 в-ийн цахилгааныг шийдвэрлэж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Мөн хэрэглээний ус зөөврийн байгаа нь хүндрэлтэй байгаа аж.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн барилгын засварын ажил нь тендер хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалан жил бүр оройтдог дутагдал энэ жил ч гарсаар байна. Шалгалт үргэлжлэн явагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хэрэгжүүлэх шаардлагатай болон шаардлагагүй төслүүдийг дахин нягтлахаар болжээ

Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн  хурлаар  “Төсвийн хөрөнгө оруулалтаар  болон концессын гэрээ”-ээр хийгдэж байгаа ажлын талаар Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга  С. Баярбаатар мэдээлэл хийсэн юм.

2016 онд нийслэлд 240.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн.  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр  187 тэрбум,  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 18 тэрбум,  замын төсвийн хөрөнгөөр 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байсан боловч  Засгийн газрын тогтоолын дагуу цаашид хэрэгжүүлэх ажил болон  зогсоох ажлын жагсаалтыг гаргалаа.

Тухайлбал, Гэр  хороололын дахин төлөвлөлтийн  инженерийн  шугам сүлжээ, авто замын  зураг төсөл, угсралтын ажил, нийгмийн чиглэлтэй ажлуудыг нэрлэж байна. Концессын  гэрээгээр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  хурал болон Тэргүүлэгчдийн тогтоолоор  139 төсөл хэрэгжүүлж байна.

5 салбарт хуваан хэрэгжүүлж байгаа дээрхи төслүүдээс  31 төсөл нь гэрээгээр хэрэгжсэн. 3 төсөл нь хэрэгжиж дууссан гэдгийг мэдээллээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил болон концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа ажлуудтай газар  дээр нь очиж танилцан, цаашид үнэхээр хэрэгжүүлэх шаардлагатай төсөл болон боломжгүй төслүүдийн жагсаалтыг дахин нягталсны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С. Батболд  Монгол Улсын  Засгийн газрын  тогтоолыг  хэрэгжүүлж, Захирамж гаргах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн эмнэлгийг бөмбөгджээ

Сирийн Алеппо хотноо байрлах хүүхдийн эмнэлэгт агаараас цохилт өгсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. “Уг ажиллагааны үеэр 24 хүн амиа алдаж, 30 хүн гэмтсэн” талаар Сирийн Хүний эрхийн байгууллагын төлөөлөгч НҮБ-д явуулсан тайландаа дурьджээ. Амиа алдагсдын 16 нь хүүхэд гэнэ. Алеппо хотыг хэн бөмбөгдсөн гэх асуудал нууц хэвээр байна.

Засгийн газар уг хэргийн ард сөрөг хүчний дэмжигчид бий хэмээн мэдэгдэж, “Хуулийн дагуу хариуцлага тооцох болно” гэсэн байна. Харин сөрөг хүчин “Хүүхдийн эмнэлэг байрлах тус бүс нутагт “Аль Нурса” бүлэглэл хяналтаа тогтоосон. Мөн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн оноос Алеппо хотноо хяналтаа тогтоохыг санаархах болсон” гэж мэдээлжээ.

Уг халдлагаас долоо хоногийн өмнө мөн Алеппо хотноо байрлах эмнэлгийг олон улсын цэргийн эвсэлд багтах нэг гүрэн агаараас бөмбөгдөж, таван хүүхэд амиа алдсан билээ. Пентагон уг хэргийг шалгаж буй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Х.Баттулгыг “Улсын баатар”-т тодорхойлжээ

Өнгөрсөн бямба гарагт Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өндөрлөлөө. Тус хурлаар “Рио-2016” Олимпийн тайланг хэлэлцсэнээс гадна МЖБХ-ны зарим тамирчин, дасгалжуулагчыг төрийн одон медальд тодорхойлов.

Тодруулбал, тус холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг Улсын баатар, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Д.Сумъяа нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор болсон байна.

Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Ч.Базарсүрэн нарыг гавьяат дасгалжуулагч цолд тодорхойлохоор санал нэгджээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Халдлага үйлдэгчийг баривчлав

Индонезийн Хойд Саматрад байрлах “St Yoseph” гэх католик сүмийн гадна 18 настай залуу террорист халдлага үйлджээ. Уг хэрэг өчигдөр 14.00 цагийн орчимд болсон байна. Залуу сүм рүү хэд хэдэн удаа гал нээсний дараа биедээ бэхэлсэн тэсрэх бөмбөгөө дэлбэлэхийг санаархсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Уг халдлагын улмаас тус сүмийн лам болон нэг эмэгтэй шархтсан гэнэ. “Хохирогчдын биеийн байдал хэвийн байгаа” хэмээн Цагдаагийн газраас мэдээлжээ.

Цагдаагийнхан шуурхай ажиллаж террорист этгээдийг баривчилжээ. Залуу биедээ суурилуулсан тэсрэх бөмбөгөө дэлбэлэх гэсэн ч тэслэгч нь гацсан хэмээн гэрчүүд мэдээлсэн байна.

Цагдаагийн газраас “Сүмийн гадна амиа егүүтгэхээр санаархсан этгээд хэт даврагч Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин болохыг тогтоосон. Тэрбээр өнгөрсөн оноос тус бүлэглэлтэй холбоо тогтоож, саяхан захиалга хүлээн авсан” гэж мэдээлсэн байна. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” өнгөрсөн нэгдүгээр сард Жакарта хотноо цуврал халдлага зохион байгуулж, дөрвөн хүний аминд хүрчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн энэ оны төсвийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдах юм байна.

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд хуралдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын байнгын хороод хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны наймдугаар сарын 26-ны өдрийн хурлаар шинэчлэн батласан УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Бусад.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж сэрүүснэ

08 дугаар сарын 29-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 30-наас 09 дугээр сарын 03-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

   30, 31-нд нутгийн зүүн хагаст, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30, 31-нд говь, талын нутгаар, 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зөвхөн зургаан сард АСЕМ-тай холбоотой 538 сая төгрөгийн удалдан авалт хийжээ

Энэ онд төсвийн зарлага нийт дүнгээр 2,3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Төсвийн зарлага ийнхүү нэмэгдсэн шалтгаан нь юу вэ?

Энэ жил сонгууль, АСЕМ, олимп давхацсан. Эдгээр зардал төсвийн зарлагад нөлөө үзүүлсэн байх магадлалтай.

АСЕМ-д төрөөс бараг л мөнгө зарцуулаагүй хэмээн мэдэгдэж байсан ч шилэн дансны сайтан дээрх Гадаад хэргийн яамны зарцуулалтын тайланг харвал тийм биш ажээ.

АСЕМ-тай холбоотой зөвхөн зургаадугаар сард худалдан авсан таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүний үнэ нь 538 сая төгрөгийг давжээ.

Үүнээс гадна автомашины худалдан авалтад ч багагүй мөнгө зарцуулсан байна.

АСЕМ-д зориулан худалдан авсан автомашинууд болох 52 ширхэг приусыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлж байна.

Харин хоёр ширхэг 581 сая төгрөгийн бенц автомашиныг Төрийн тусгай хамгаалалтын албанд шилжүүлсэн гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Цогтбаатар:Ардчилсан нам улс төрийн хатгаа өвчин тусчээ

Ардчилсан нам улс төрийн хатгаа өвчин тусчээ. Хатгаа өвчин амь насанд халгаагүй гэдэг боловч, хурц үедээ маш аюултай. Нэг мөсөн богино хугацаанд хэнийг ч залуу, хөгшин гэхгүй дуусгана. Харин халуун сэргэг дээр нь юунаас болсон, учир шалтгаан, оношийг бодитой тогтоож чадвал, эмчилгээ авна, түргэн эдгэнэ.

Улс төрийн хатгаа өвчнийг эмчлэгч субъект нь бидний ойлголтоор тодорхой. Нэгдүгээр эгнээнд мэдээж, зүрх сэтгэлтэй, эрэлхэг зоригтой, тууштай, ардчиллын үр дүнгээр мөнгө, хөрөнгө, албан тушаал хүсч яваагүй ардчиллын партизанууд. Манайхан хот, хөдөөгүй, нийсэл, аймаг, сумгүй партизануудаа мөнгөгүй, ядуу, архичин гэдгээр шоовдорлож, дэндүү гэмээр аашилсан даа. Түүнд тэд маань хэзээ ч гомдож байгаагүй, гомдох гэдэг үгийг ч мэдэхгүй хүмүүс. Тэд маань хамгийн үнэнийг хэлж, жагсаал цуглаан, тэмцэл болоход хэнээрч хэлүүлэлтгүй хамгийн түрүүнд хүрээд ирчихсэн байдаг. Өөрчлөлт, шинэчлэлийг тэд л дуугарч эхэлсэн. Аргагүй шүү дээ. Тэд ардчиллын бүтээгдэхүүн. “Ардчиллын бренд”. Нэг яриа байдаг, ардчилсан үзэл санааг хэн сайн хамгаалагч вэ гэхэд, ардчиллын буянаар гадаадад боловсрол эзэмшсэн залуугаас амьдрал үзсэн, залуу сэтгэлгээтэй партизан нь дээр” гэж. Мөн “Жор мэдэхгүй эмчээс, зовлон үзсэн чавганц” дээр гэж бидний өвөг дээдэс маань мөн ч ухаалаг, логиктэй хэлсэн байдаг. Хоёрдугаарт, ардчиллыг үнэн голоосоо дэмжиж ирсэн, монголын ард түмний дуу хоолой, үе үеийн ардчилсан үзэл санааг дэмжигчид, ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд. Гуравдугаарт, өнөө цагийн залуучууд. 90-ээд оны залуучуудын зүрх сэтгэл, одоогийн үеийн залуучуудын сэтгэлгээ хоёр алд дэлэм шиг зөрүүтэй. Бидний үеийн залуучуудын сэтгэлгээ ил тод, нээлттэй байдал, эрх чөлөөн дээр тулгуурласан бол өнөө үеийн залуучуудын сэтгэлгээ баялагийн тэгш хуваарилалт дээр тулгуурлаж байна.

2000 онд Их ялагдлын дараа ардчилсан хүчний 5 нам нэгдэж АН-ыг байгуулсан. АН-ын Үндсэн дүрэм сайн болсон гэж мөхөс би ойлгодог. Үндсэн дүрмийн талаар товчхон дурьдахад, анхан шатны байгууллагаа дэмжсэн монголын улс төрийн түүхэнд шинэчлэлийг авчирсан үйл явдал болсон. /Бидний энэхүү шинэчлэлийг МАН мөн дүрэмдээ агууллагыг хэрэгжүүлсэн байдаг./ Аймаг, сум, нийслэл, хороодын үүрүүдээс, бүх гишүүдээс ҮЗХ-ны гишүүдийг сонгоно. Жилдээ 25 хувь нь шинэчлэгдэх ротаци заавал хийгдэнэ. Өөрөөр хэлбэл цус сэлбэнэ. Гэтэл сүүлийн 7 жилд Үндсэн дүрмээс ротацыг авч хаяснаар гэрийн бүлийн намын тогтолцоо бий болох эрх зүйн орчиныг бүрдүүлсэн. Ингэж бид, өөрсдөө, ардчиллаас ухрах шийдвэр гаргасан түүхтэй.

АН-ыг шинэчлэх залуучуудыг харахад сэтгэл дундуур зүйл байна. Шударга, товчхон хэлэхэд, зүрх сэтгэлтэй нь цөөхөн байна. Нэг зүйлийг сануулахад, АН-ын шинэчлэлийг өөрчлөлт нэрээр, хэн нэгний захиалгаар, эдгээр залуучууд хийх, оролдлого төлөв байдал, магадлал өндөр байна. Ард талд нь нөгөөх фракцууд гарцаагүй зогсож байна. Хэн нэгний хүүхэлдэй болж байгаагаа зарим нь маш сайн мэдэж байна, зарим нь мэдэхгүй байна. Иймд Бид, өнөөгийн залуучуудыг эрх чөлөөний баримт бичиг, эх сурвалж, “Магна Харт”-ыг унш! гэж зөвлөмөөр байна. Ардчиллын лидерүүдийн зарим хэсэг нь уг номыг уншаагүй өөрсдийгөө ардчиллагчид гээд тууж явсаар өнөөг хүрсэн гашуун үнэнийг эргэцүүлж үзвэл зүгээр.

Бид, өмнө нь хальт, хэсэгчилж сонсож байсан бөгөөд саяхан “Сионы мэргэдийн протоколь” гэдэг номыг бүрэн эхээр уншлаа. Энэхүү онолоор, чимээгүйхэн алгуураар манай дэлхий ертөнц явж байна уу даа гэж бодогдох боллоо. Ойрхоны жишээ, хойд хөршид, “Октябрийн хувьсгал”-ыг энэхүү онолоор хэрэгжсэн байх төсөөлөлтэй байна. Ардчиллын ил тод, нээлттэй байдлыг дэвэргэж, хэтэрхий анархи байдал руу оруулж, аливаа улс орны төрийн засаглалын байдлыг сулруулах гадны нөлөө чимээгүйгээр нэвтрэн орж, биднийг хооронд нь, өөрөөр хэлбэл улс төрийн намуудын хоорондын зөрчлийг хурцатгах, фракц хоорондын тэмцлийг туйлшруулах бодлого аяндаа явагдаад байж мэдэх юм гэж хардлага төрж байна. …Энэ бүхэн бүх дэлхийг нөмрөх, хэдхэн гэр бүл дэлхийг эзэмших тал руу гулсан орж байж болох юм. Монголын ардчиллыг аль ч нам /МАН, АН/-ын гэх тодотголтой хэдхэн гэр бүлийн баяжих хэрэгсэл болж хувирчихвий гэдэгт эмзэглэж байгаагаа нуух юун. Үүнийг хуурамч ардчилал гэж хэлээд байх шиг. Бид, ардчилалд байнга суралцаж байх ёстой. Ардчиллыг тогтоогоод орхидог зүйл биш. Харин гуйвуулагчид, бялдуучид бидний дэргэд байсаар байна. Тэд мөнхийн сүүдэр. Ардчиллыг үзэн ядуулах үйл ажиллагаа эхлүүлсэнд хамаг учир байна. Ардчиллаа хамгаалахын тулд АН-ыг шинэчлэх, өөрчлөх нийгмийн шаардлага гарч байна. Төрд биднийг төлөөлж олон жил эрх мэдэлд хүрсэн нөхдүүд маань ухамсарлах хэрэгтэй. Зарим үед өөрсдөө татгалзах улс төрийн соёлыг үзүүлэх цаг болжээ. Хувь хүний хувьд улс төрийн соёлыг түгээхийг эрмэлзэж ирсэн бөгөөд 2008 онд төрийн албанаас анх удаа татгалзсанаар 2012 оны сонгуулийн хуулинд биеллээ олж, 2015 онд жирийн гишүүдээс анх удаа фракцаас татгалзсан. Зарим улс төрийн лидерүүд уулзалт, ярилцлага, зөвлөгөөн, семинари зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Энэ бүхэн маань улс төрийн хувьд ч, аж амьдралын хувьд эрсдэлтэй алхам байсан бөгөөд үүнийг ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын тулд өөрийгөө золиослох зайлшгүй хийх шаардлага гарсан юм.

Эрх барьж байгаа МАН-ын дотоод асуудлыг мэдэхгүй байж шүүмжлэх тийм зохимжтой биш байх. Яагаад гэвэл үзэл бодол өөр. Тэдний онол нь ойлгомжгүй, мөн ч олон удаа өөрчлөгдсөн байдаг. Зүүний, төв үзэл санаа гээд…, бүр сүүлдээ нэг хэсэг ардчилсан үзэл санааны дотор өвөрт орчихсон, таньтай хамт гээд бүх олон нийтийн байгууллагуудынхаа өмнө төлд нийгмийн ардчилсан гээд тодотгоод яваад байсан шүү дээ. Ардчиллыг та нар өмчлөхгүй, бид хамтдаа гээд хөл, толгойгоо нийлүүлэх юм болсоныг бид мартаагүй байх.

Бид өөрсдийгөө авч үзвэл, ардчиллынхныг гурав хувааж үзэж болох юм. Энэ бол хувь хүний бодол. Туйлын ойлголт биш. Нэгдүгээрт, ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйлсийг ойлгосон, мэдэрсэн, зөвхөн эрх чөлөөг хүссэн, өөрсдийгөө золиослоход бэлэн ардчиллын өөрийн бүтээгдэхүүнүүд, хоёрдугаарт, ягаарсан ардчиллагчид, өөрөөр хэлбэл социализмыг өөрчлөх үзэл санаатай орж ирсэн, тохиолдлын хүмүүс, хурган дарга нарын хүүхдүүд, гуравдугаарт, бэлэнчлэх сэтгэлгээтэй, хүний бүтээсэн зүйлийг өөрсдийн болгож чаддаг, хувиа хичээсэн ардчиллагчид. Гуравдугаарх нь бүр аймшигтай нөхөд. Тэд ардчиллыг булшилж мэднэ. Хэнийг ч, юу ч болгож чадах хүмүүс. Тэмээг ямаа, ямааг тэмээ болгож чадна. Тэднээс болж, ардчиллын нэр хүнд бодож байгаагүйгээр хурдтайгаар нийгмийн хар ангал руу унаж байна. Өмнөх нийгэм шиг ангиар ялгаварлаж, ад шоо үзэж, гүтгэж доромлох сэтгэлгээгээр бус үзэл бодлын, онол арга зүйн талаас нь урьдчилан сэргийлэх, болгоомжлох, сургамж авахад бидний сэтгэлгээний агуулга оршино. Тэд баяжсан. Өөрийн санхүү, бизнесийн бүлэглэлтэй, дөрөв дэх засаглал хэвлэл мэдээлийн хэрэгсэлтэй, хүн харахад үзэгдэхгүй…үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. За байз, сэдвээсээ халтирчихлаа. Энэ талаар дараа ярилцъя.

Монголчууд бид гадныхныг шүтэх сэтгэлгээтэй хүмүүс. Тэд юу ярина, итгэнэ. Монголчууд нь хэлэхээр итгэж өгдөггүй муу зуршилтай хүмүүс. 90-ээд оноос тэр сэтгэлгээ арилсан гэж бид, бодож байлаа. Үгүй юм байна. Мэс засал хийгээд ч засагдахгүй. Эргээд үсэрхийлж төлжинө. Нэг үе дуусч байж өөрчлөгдөх байх. Мөн урвагч сэтгэлгээтэй. Түүхээс авч үзвэл халхчууд бид, тухайлбал, зарим халх ноёдууд урваж шарваж Тусгаар тогтнолоо алдах шахсан. Барга ноёд, түшмэдүүд зүрх сэтгэлээрээ Их Монгол Улсыг байгуулахын төлөө тууштай тэмцэж байсан. Ямар сайндаа гурван улсын Хиагтын гэрээ байгуулах үед Манлайбаатар Дамдинсүрэн /Монголын анхны жанжин, 60 гаруй тулалдаанд өөрийн биеэр оролцсон анхны түүхэн хүн/ цэгц шулуун, эрс шийгэмгий байсан учир Хиагтын гэрээ гацаж байсан ба Богд хааны дуудаж ирүүлсэнээр гурван улсын Хиагтын гэрээ үзэглэсэн түүхтэй. Энд хэн нэгнийг товойлгохыг хүссэнгүй. Бодит түүхийг тодруулах гэж бичлээ. Зарим хүмүүс өөр байр суурьтай байхыг үгүйсгэхгүй, харин би хувь хүний итгэл үнэмшлээрээ хандаж байгаа юм.

Өнөө цагийн монголын улс төрийн нөхцөл байдлаас харахад, “фракц” гэж хадны мангаа бий болжээ. Түүгээр дамжихгүй бол эрх мэдэл, албан тушаалд очих ёсон үгүй. Нам, фракц солих нь хүүхдийн чихрийн цаас солихтой адил болжээ. Нэг намаас нөгөө намд шилжих, нам дотроо фракцаас фракц руу тэнүүчлэх нь голын ус шиг урсгал нь зөөлөн, үр дүн нь аймшигтай. Энэ нь зарим хүмүүсийн хувьд улс төрийн амьдрал бөгөөд улс төрийн бахархал нь болжээ. Энэхүү улс төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэнийгээ хамгийн “сайн улс төрч” гэж бид, өөрсдийгөө дөвийлгөж, нэрлэцгээнэ. Фракцийнхан бие биенийхээ дээр гарах гэсэн тэмцэл өрнөсөөр. Монголын улс төрийн намуудын удирдлагууд, улс төрийн урамшууллыг баруун, солгойгүй өгнө. Үүнийгээ султан хаан шиг ойлгож, “Би л та нарыг албан тушаалд томилож байна гээд л… /бэлэг өгч байгаа юм шиг аашилна/ надаас өөр бурхан байхгүй гэж омогшино. Хамгийн аймшигтай нь нэг фракцийн нөхдөө, бусад улс төрийн намуудын гишүүдээс илүүгээр үзэн ядна, алахаас бусад бүх үйлдлийг ичгүүр, сонжуургүй гүйцэтгэж, бахаа хангана. Харин хүлээн авсан фракц нь албан тушаалаар шагнана. “Улс төрийн баатар” болгоно. Үүнийг дахин хэрэгжүүлсэн залуу халаа, залгамжлагч болж, цүнх барьж, пуужиндаж мөнгөний том эргүүлэгт эцэж цуцалтгүй орно. Гадна талаас харсан зарим жирийн залуучуудын шүлс нь гоожиж, нам дагахаас өөр замгүй юм шиг ойлгож, зарим нь даган баясаж, улаан хамгаалагчийн дүрд эцэж цуцахгүй зүтгэнэ. Нэг инээдэмтэй жишээ дурьдахад нөгөө султан хаан, ноёноосоо албан тушаал авсан, бялдууч агентлагийн дарга, түшмэл нөхөр, ажилтнуудаа гадаадад явуулахдаа нөгөө дэмжигч даргадаа бэлэг заавал авчирхыг инээж, тоглож байгаад шаардана. Өөрөө төрөөс их мөнгө хулгайлж чадвал, ноёндоо машин өгөхөөс сийхгүй, мөн сүүлдээ тэр ноёнгийн авгайд нь хүртэл 9911…дугаартай утас бэлэглэж алиална. Энэ бол пуужиндаж албан тушаал хүртэгчдийн богинохон жишээ. Авилгал, албан тушаалын хэнээрхэл 2000 оноос эхтэй. Түүнээс манай нөхдүүд гарамгай суралцсан. Одоо үзэл бодлын ялгаа арилжээ гэж ойлгогдохоор байна. Монголын улс төрийн аль ч намын нөхөд баруун, зүүнээ мэдэхээ больсон. Үүнийгээ улс төрийн намууд глобальчлагдсан, дэлхий нэг дээвэрт орсон гэж сайрхан онолдоно. Шударга хэлэхэд, “Бид” ийм л болжээ. Сүүлдээ хэнийг ч сонсохгүй, жижиг, хурган дарангуйлагчид болцгоосон. Дарангуйлагч болсоноо мэдэхгүй явна. Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд гээд… яриа болгоныхоо эхэнд заавал хэлнэ. Энэ чинь юу болж байнаа. Намын дайчин туслагч гээд эвлэлийн нөхдийг сургасан коммунизмын онол АН-д хэрэгжиж эхэллээ гэж үү. Даан ч дээ.

Монголын улс төрийн намуудын нялхсын өвчнийг өнгөцхөн дурьдахад иймэрхүү урт хугацаатай адал явдлаар дүүрэн үргэлжилж байна. Үнэн бодит байдал, хэд хэдэн асуудлыг хөндлөө.

Улс төрийн хатгаа өвчнөө ангаах хариуцлагатай үүрэг Ан-ын мянга, мянган гишүүдийн өмнө тулгараад байна.

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд багтсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн хэлэлцүүлэг өрнөж байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд ямар асуулт асууж, ажлын хэсэг хэрхэн хариулж байгаа талаар хүргэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуув. Тэрээр “Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр өгч болохгүй юу?” гэлээ.

Энэхүү асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж тусгасан. Эхний ээлжинд зорилтод бүлгийнхэнд олгоод, үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөж олгохоор төлөвлөөд байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Монгол Улс 4 их наяд төгрөгийн төсвийн алдагдал энэ онд хүлээх гэж байна. Энэ бол улсын төсвийн тал хувь нь. Дээр нь өр зээлээ төлөх хугацаа дөхөж байна. Энэ их өрийг яаж төлөх вэ?

Ерөнхий сайд хэмнэх танах тухай ярьж байна. Энэ нь зарим талаараа зөв ч гэлээ боломжит орлогоо ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй. Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Газрын баялаг ард түмний өмч гэдэг эрхээ эдэлж чадахгүй байна. 900 мянган тонн газрын том импортоор авч байгаа гэтэл 1 сая гаруй тонн газрын тосны түүхий эд гадагш гаргаж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Үнэхээр өр төлбөр төлөх цаг ойртсоор байна. Засгийн газрын барьж байгаа бодлого бол дотоодын валютын нөөцөд халдахгүй, хямд эх үүсвэрээр өрийг солих бодлого барьж байна. Хямд эх үүсвэрээр өрийн эх үүсвэрийг олохын тулд гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан байх ёстой. Тэр ч утгаараа хөрөнгө оруулагч нартай уулзаж төсөл хөтөлбөр ярьж байна. Дээр нь яамдуудад хоёроос гурван төсөл барьж ажил гэдэг үүрэг даалгавар өгсөн. Өмнө нь 10-20 төсөл барьчихаад сууж байдаг байсан. Үүнийг болиулсан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өмнөх Засгийн газрын алдааг ярих юм бол хэрээ хэрээний харыг гайхав гэдэг болно. Тэгж ярих юм бол хадгаламж зээлийг хоршог хэдэн мянгаар нь дампууруулаад, нэг хүн гадаадад очиж казино тоглоод явж байсан асуудлыг ерөөсөө ярихгүй юм. Ардчилсан нам ганцаараа дампууруулчихсан юм шиг юм яриад байх юм. Би өөрөө амьд гэрч байна шүү. Яриад байвал ярих асуудал зөндөө бий шүү.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өргөн барьсан Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дахин газар хөдлөж амь үрэгдэгсдийн тоо өссөөр байна

Италийн нийслэл Ром хотоос холгүй уулархаг бүс нутагт өнгөрсөн мягмар гаригт (2016.8.23) 6.2 магнитудын газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн голомтод ойр орших хот, тосгод ихээр нурж сүйдсэн байна. Аврах ажиллагаа үргэлжилж байх зуурт өчигдөр дахин 4.3 магнитуд газар хөдөлснөөс амь үрэгдэгсдийн тоо 250-д хүржээ. Нурангид дарагдаж гэмтсэн 300 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ. Аврах ажиллагаанд 5000 гаруй хүн оролцон өдөр, шөнөгүй ажиллаж байна.

Италийн геофизик, галт уулын судалгааны үндэсний институтын мэдээлснээр газар хөдлөлтөөс хойш өчигдрийг хүртэлт 200 орчим удаа их бага чичирхийлэл мэдрэгдсэн гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа