Author Archives: admin

Д.Ганбат: Шинэ нисэх буудлыг бүс нутгийн өрсөлдөх чадвар бүхий зангилаа төв болгон хөгжүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнориг хүлээн авч уулзан, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар Нарийн бичгийн дарга Накао, ЗТХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батболд, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нар оролцсон юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат зам, тээврийн салбарын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл” нь Монгол Улс, Япон Улс хоорондын эдийн засаг, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан бүтээн байгуулалт болж  төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэлж байв. Тиймээс энэхүү  Шинэ нисэх буудлыг бүс нутгийн өрсөлдөх чадвар бүхий зангилаа төв болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа дуулгалаа.

Мөн Япон Улс, БНХАУ хоорондын агаарын тээврийн салбарын зах зээлд Монгол Улс оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-аар дамжин Япон Улс руу нислэг үйлдэхэд Японы талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.  Уулзалтын үеэр Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол-Орос-Хятадыг дамнасан, далайд хүрэх тээврийн коридоруудыг цогцоор бүтээн байгуулах төслүүд хэрэгжих тул Японы тал Монгол Улсад хэрэгжих төмөр зам, авто замын томоохон төслүүдэд зах зээлийн зарчмын дагуу төслийн санхүүжилт хийх, барилгын ажилд оролцох зэргээр хамтарч ажиллах бололцоо байгааг ч илэрхийллээ.Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд баригдах Зүүн чиглэлийн буюу Таван толгой – Сайншанд, Сайншанд – Хөөт – Чойбалсан чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих төслүүдийг санхүүжүүлэх боломжийг дахин судалж үзэхийг хүслээ.

Япон Улс бол далайн тээврийн салбарт тэргүүлэгч орнуудын нэг. Тиймээс сайд Д.Ганбат Япон Улстай далайн тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж, энэ салбарыг шинэ шатанд гаргах саналыг хэлж байв.

Элчин сайд Шимизү Такэнори дээрх саналуудыг хүлээн авч, тээврийн салбарт хоёр улс шинэ түвшинд хамтран ажиллах боломжтой онцлоод “Монгол Улс уул уурхайн баялагийг гаргалгүйгээр хөгжих боломжтой. Үүний тулд гадны хөрөнгө оруулагчдыг татаж Засгийн газраас бодлоготойгоор уялдаа холбоотой хамтран ажиллах хэрэгтэй” гэв. Мөн тэрээр JICA /Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага/–тай хамтарч, техник технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг онцлоод, Японы тээврийн салбарынханд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ шатанд хамтран ажиллах саналыг уламжлахаа илэрхийллээ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон улсын банкируудын төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалтын талаар санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд олон улсын банкируудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “GE Capital” группыг үүсгэн байгуулагч Ким Тэннер, Soros and Electrum-ийн өмчийн стратегич Хэнри Парк,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар нар оролцов. Уулзалтаар Банк санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаа талаар санал солилцов.

“GE Capital” группыг үүсгэн байгуулагч Ким Тэннер “Улаанбаатар хоттой хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Юуны түрүүнд танай хоттой сайтар танилцаж, ямар салбарт хөрөнгө оруулалт хийх талаар зөвлөлдөх хэрэгтэй” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Юуны өмнө Улаанбаатар хотыг зорин ирсэнд талархалаа илэрхийлье. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед цагаа олж уулзаж байгаадаа баяртай байна. Хөрөнгө оруулалт дутаж байгаа салбарын талаар судалж, Улаанбаатар хотод гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оюутан цэргүүд өнөөдөр тангарагаа өргөнө

“Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлсэн бөгөөд сурлагын чанар болон бусад нөхцөл байдлыг нь харгалзан 49 их, дээд сургуулийн 1000 оюутан залуус хамрагдаж байна.

Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан бол цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалтууд зургадугаар сараас эхэлсэн. Ингэхдээ нийслэлд 750 оюутныг БХИС-ийн Сургалтын төвийг түшиглэн, баруун аймгийн 150 оюутан Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний ангид, зүүн аймгуудын 100 гаруй оюутан Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний ангид бэлтгэж байна.

Тэгвэл сургалтын хөтөлбөр дуусч буй учраас энэ оны оюутан цэргүүд өнөөдөр 10.30 цагт “Чингисийн талбай”-д эр цэргийн тангарагаа өргөнө. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд төр, засгийн удирдлагууд, БХЯ, БСШУЯ, ЗХЖШ, Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийн удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл оролцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Галзуу үнэг хүн рүү дайрчээ

Энэ сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Улаан багт галзуу үнэг хүн рүү дайрч хазсан хэрэг гарчээ. Хазуулсан иргэн Ц-г тус аймгийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй юм байна.Үнэгийг устгаж, шинжилгээ хийхэд галзуу өвчтэй болох нь тогтоогджээ. Тус багт сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Хязгаарлалтын бүсэд 28 өрхийн, 92 хүн, 5600 толгой мал байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ж.Батзандан:Ардчилсан нам сүүлийн 10 жил цус сэлбэхээ байж, шударга гишүүдээ намаасаа хөөдөг болсон

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тэрбээр энэ үеэрээ : “Ардчилсан дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын талаар хоёр сарын хугацаанд үндэсний хэлэлцүүлгийг хийх ёстой. Хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүргээр хийх ёстой. Наймдугаар сарын 25-нд товлосон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар Ардчилсан намын даргыг сонгохыг эсэргүүцэж байна. Тийм учраас хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Ирээдүйн Ардчилсан нам ямар байх ёстой вэ гэдгээ гишүүд, дэмжигчидтэйгээ ярилцмаар байна. Аймаг, дүүрэг бүрт маргаашнаас очиж хүмүүстэй уулзана. Ардчилсан нам сонгуульд ялагдсан олон шалтгаан бий. Хамгийн том ялагдал хүлээсэн гол шалтгаан нь сүүлийн найман жил Ардчилсан намыг удирдсан хүмүүс намын гишүүддээ үзэл санаа, үнэт зүйлийн талаар нэг ч удаа яриагүй.

Тэр ч бүү хэл баруун, зүүн гэж битгий ярьж бай гэж загнадаг байсан. Ардчилсан нам таван фракцын нэгдэл, таван өөр байх ёстой гэж загнадаг байсан. Үүнээс болж үзэл санаагүй, үнэт зүйлгүй болсон. Ийм нам бол үхсэн хүнтэй л адил. Ийм үзэл санаагүй байдал нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон.

Тиймээс шинэчлэл хийхээр зорьж байгаа юм бол үзэл санааны шинэчлэлийг хийх ёстой. Үзэл санаа зарчмаа илүү тодорхой харсан шинэчлэл рүү явах ёстой гэж би үзэж байна.

Ардчилсан намын ялагдлын бас нэг шалтгаан нь фракц нэртэй чөтгөрийн тойргоосоо сүүлийн 10 жил салж чадаагүй. Нэг фракц нь нөгөө фракцаа ялахын тулд, нөгөөх нь нэгийгээ дийлэхийн тулд дотроо дайтсаар өрсөлдөгчдөө ялагддаг.

Фракцын талаар бодлого гаргах ёстой. Фракцын зодооныг тас цохисон цоо шинэ дүрэм журмыг гаргах талаар бодлого боловсруулж байна.

Мөн Ардчилсан нам сүүлийн 10 жил цус сэлбэхээ байж, шударга гишүүдээ намаасаа хөөдөг болсон. Дундговийн Мөнхбаяр шиг, Дарханы Наранбаатар шиг шударга, зарчимтай залуусыг гадуурхдагаасаа болж Ардчилсан нам ялагдсан.Намд гадуурхагдсан, мөнгө өгөөгүйнхээ төлөө нэр дэвшиж чадаагүй, фракцад хамрагдаж чадаагүйнхээ төлөө гадуурхагддаг Ардчилсан намын гишүүдээсээ уучлалт гуймаар байна.

Наймдугаар сарын 25-нд болох Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд фракцын дарга нар оролцоод, Ардчилсан намын даргыг сонгох гэж байна. Ийм байдлаар сонголт хийвэл нам шинэчлэгдэж чадахгүй” гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпийн үеэр болсон хөгжилтэй15 үйл явдал

1912 оноос өмнө цэвэр алт, мөнгөөр хийгдсэн медаль гардуулдаг байжээ. Алтан медалийн сорьц нь 99 хувь байсан гэнэ. Харин 1914 оноос  алтадсан медаль өгөх болсон.

1960 оны Олимпод Ефиопийн гүйгч Абебе Бикила марафон гүйлтэнд түрүүлэхдээ хөл нүцгэн гүйжээ.
1896 оны Олимпод санхүүгийн хүндрэлийн улмаас цэвэр алтан медаль гардуулж чадаагүй. 1-р байр эзэлсэнд нь эртний Грекийн лаврын навчит зүүлт мөнгөн медаль, 2-р байр эзлэгсэдэд хүрэл медаль гардуулсан бол 3-д орсон тамирчдад ерөөсөө ямар ч медаль өгөөгүй.
1900 оны Олимп хамгийн муу бэлтгэл зохион байгууллаттай болсон. Хамгийн том будлиан нь тамирчид хэд хэдэн улсын нэрийн өмнөөс зэрэг гарч өрсөлдөж байсан.
1968 оны Олимпод Шведийн таван төрөлтийн тамирчин Ханса-Гуннар Лильенвал тэмцээнд согтуу ирээд баригдан хасагдсан.
1900 оны хамгийн зохион байгуулалт муутай Олимпийн үеэр Холландын завины багд нэг гишүүн дутахад гудамжинд таарсан анхны хүүг чихэр шокаладаар хууран багтаа оруулж тэмцээнд орлцуулсан тохиолдол гарсан.
1904 оны Олимпод Америкийн гүйлтийн тамирчин Лорц замын ихэнхи хэсгийг машинаар туулаад үлдсэн дөрвөн кмыг л гүйж барианд орсон нь илэрч хасагдаж байжээ.
1912 оны Стокгольмын Олимпод уран зохиолын төрөл шинээр орж ирсэн. Оролцогчид зохиох найруулах уран гоё бичих төрлөөр өрсөлдөж байжээ. Энэ төрлийг Олимпийн наадамын эцэг Пьер де Кубертены лоббигоор оруулсан агаад гайхалтай нь өөрөө оролцоод аварга болсон.
Усанд сэлэлтийн төрлөөр Олимпоос таван алтан медаль авсан Жонни Вайсмюллер кино урлагт хүчээ үзэн Тарзаны дүрийг бүтээж байсан.
1912 оны Олимпийн сонгомол барилдааны төрөлд Оросын нэрийн өмнөөс барилдаж байсан герман бөх Мартин Клейн болон Финийн Аоьфред Асикейнен нарын барилдаан бүхэл бүтэн 11 цаг үргэлжилж байжээ. Эцэст нь герман бөх ялсан ч туйлдаа хүртэл эцэж ядарсан тул дараагийн тойргийн барилдаандаа гарч чадалгүй хасагджээ.
2000 онд Олимпийн тосгоныхон 75 мянган ширхэг бэлгэвч хэрэглэсэн бол 2008 онд 100 мянга хүрсэн байна. Харин энэ удаагийн Олимпийн үеэр зохион байгуулагчид Олимпийн тосгонд 450 мянган ширхэг бэлгэвчийн нөөц бүрдүүлсэн гэж мэдэгдсэн.
1986 онд Харвардын Их сургуулийн оюутан Жэймс Конноли Олимпод оролцохын тулд сургуулийн удирдлагаасаа чөлөө хүсэхэд хэрвээ явах юм бол бүрмөсөн хасна гэсэн хариу авчээ. Жэймс их сургуулиа хаяад Олимпод оролцон гурвын харайлтад алтан медаль авч алдаршин эх орондоо ирсэн. Түүнийг ирэхэд сургууль нь хамгийн өндөр тэтгэлэгээр буцан орж суралцахыг урихад бардам аварга эрс татгалзсан гэдэг.
Энэ явдал бас л зохион байгуулалт муутай 1900 оны Олимпийн үеэр болжээ. Парижид аялж явсан америк бүсгүй Маргерэт Эббот гольф тоглодог байсан тул шууд тэмцээнд оролцон түрүүлжээ. Харин нутагтаа ирээд Олимпийн аварга болсоноо мэдсэн гэдэг.
1984 оны Олимпийн өмнө МакДоналдьс  компани Америкийн баг 33-ээс дээш тооны алтан медаль авбал үйлчлүүлэгчдээ үнэгүй дайлна гэж зарласан. Гэсэн ч энэ удаагийн Олимпод улстөрийн шалтгааны улмаас америкчуудын хүчтэй өрсөлдөгчид болох ЗХУ, социалист зүүн Герман зэрэг улс оролцохоос тагалзсан тул Америкийн баг бүр 83 алтан медаль авчээ. Харин МакДональдс амласан ёсоороо үйлчлүүлэгчдээ үнэгүй дайлаад тухайн үедээ тун их алдагдалд орсон гэдэг.
NUUTS.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт” сэдэвт анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод иргэдийн саналыг тусгах зорилгоор цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт” сэдэвт анхны хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Хатанбаатар, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр болон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов.Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “ Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө санал бодлоо илэрхийлэхээр цаг зав гаргаж ирсэн иргэддээ талархал илэрхийлье. “Аз жаргалтай хот”-ыг бий болгохын тулд ирэх дөрвөн жилд нийслэлд ямар ажил хийх хэрэгтэй байна вэ, мөн өмнөх эрх баригчдын хэрэгжүүлж байсан ажлуудаас алийг нь зогсоож, ямар ажлыг нь үргэлжлүүлэх вэ гэдгийг Та бүхнээс асууж, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод иргэдийнхээ саналыг тусгахаар ажиллаж байгаа юм. Нийслэлийн иргэд Та бүхэн бидний олж хараагүй олон чухал саналыг ирүүлж байна. Бид үүнийг нэгтгэж, тухайн иргэнд тулгамдаж байгаа асуудлуудыг нэг бүрчлэн гаргана. Тиймээс иргэдийгээ энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байна “ гэлээ.

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Хатанбаатар танилцууллаа. Тус хөтөлбөрийг Амьжиргааны түвшинг дээшлүүлж, хамгаалах, Эрх зүйн орчин бүрдүүлэлт, Санхүү, бизнес, хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Байршил суурьшлын зохицуулалт, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн таван чиглэлд хуваан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 45 цэцэрлэг, сургууль, 3 эмнэлэг, 4 спорт цогцолбор 2 усан бассейн, 5 соёлын ордон байгуулж,  боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир, спорт, ахуйн  үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх таатай  нөхцөлийг бүрдүүлж, агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2020”  төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ. Мөн Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн эрүүл мэнд, соёл амралтын тохилог орчин бүрдүүлж, элэгний өвчлөл, хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх юм.нийслэл 3

Мөн авто зам барих, өргөтгөх, шинэчлэх ажлыг үргэлжлүүлж, Баруун, Зүүн 4 замын уулзварт давхар зам бүхий олон түвшний огтлолцол байгуулж, 5 дугаар цахилгаан станц, Багануур  цахилгаан станцын эхний ээлж, цахилгааны “Их  тойруу  сүлжээг  ашиглалтад оруулж олон түвшний  хоёр огтолцол, бага оврын 2 цэвэрлэх байгууламж барьж, гэр хорооллыг хөгжүүлэх шинэ үзэл баримтлал боловсруулж  хэрэгжүүлнэ. Түүнчлэн “Нэг өрх-нэг орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй мянган айлын орон сууцыг дэс дараатай шинэчлэх зэрэг ажлыг гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөөнд тусгасан гэдгийг танилцуулав.Иргэд Улаанбаатар хотын хөгжлийн төлөө иргэдийн дуу хоолойг сонсож байгаад талархал илэрхийлээд, саналаа хэллээ.нийслэл 4

Тухайлбал, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аз жаргалтай иргэдийг хэрхэн бий болгох, иргэдийн соёл, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх, эрүүл мэндийн салбарыг шинэчлэх, хүүхдүүдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, агаар, хөрсний бохирдол, хог хаягдлыг багасгах, хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах, газар өмчлөлийг хүртээмжтэй болгох, хорооллын дундах зам, талбайг засах, орон сууны дулаалгыг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Насанбаярын гэх тодотголтой шүүх хурал хойшлогдлоо

Мүүний шашны гаж урсгалыг дэлгэрүүлсэн, эс дэлгэрүүлсэн гэх маргааны “Цэрэнтурс” компанийн захирал Э.Цэрэндолгор, БСШУЯ-ны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга Б.Насанбаяр нарыг шүүх хурал өнөөдөр 09.00 цагт товлогдоод байсан. Тэгвэл шүүх хурал наймдугаар сарын 26-ныг хүртэл хойшилжээ. Учир нь өнөөдрийн шүүх хуралд Б.Насанбаяр болон түүний өмгөөлөгч ирээгүй байна. Шүүх хуралд ирээгүй шалтгаанаа Б.Насанбаяр “Өөрөө хоолны хордлогод орсон, өмгөөлөгч нь хөдөө орон нутагт ажилтай яваа” гэж тайлбарлажээ. Тиймээс шүүхээс Э.Цэрэндолгорт хурлыг хойшлуулах хүсэлт тавьсныг тэрээр зөвшөөрсөн байна.

Энэ талаар Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудастаа “Монголд Мүүнийхэн тодотголтой гаж урсгалын хамгийн том төлөөлөгч болох Б. Насанбаяр өөрийн нэр төр хохирсон гэж нэхэмжилж байна. Энэ бол Монгол дахь гаж урсгалынхны нөлөөг нийтэд илчилсэн иргэн Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн шүүх ажиллагаа. Насанбаяр ажил албаа алдан хохироогүй ба өөрөө өөрийгөө Мүүнтэй холбоогүй намайг гүтгэлээ, би хохирлоо хэмээн цацсаар өөрийгөө хүнд байдалд оруулсан хүн. Ахин 14 хоног хүлээх нь… Миний харсан хагас дутуу авсан баримт 860 хуудас боловч цаана нь өшөө олон баримт нэхэмжлэгч гаргаж. 2016.08.11 10.53 минут” хэмээн бичжээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Газар, Хууль Зүйн яаманд ирсэн бүх мэдээлэлээр, мөн олон тооны гэрчүүд гэрчилж баталсаар байхад Насанбаяр нь сонгуультай холбоотойгоор намайг гүтгэсэн хэмээн илтэд худал цуу тарааж, иргэн Цэрэндoлгoрын эсрэг гүтгэлэг хийсээр байгаа. Тэрээр ажлаа хийсээр байгаа болно. Ард нь том нам, улс төр бүлэглэл, фракци, хөрөнгө мөнгө хуульчид үйлчилдэг байж болно. Гэхдээ үнэнд гүйцэгдэх өдөр ирж л таараа. Дашрамд хэлэхэд та яагаад дуугай болчихов? Мүүнийхэн яасан бэ? гэх улсуудад. Би дуугуй болоогүй. Хууль зүйн яамны гаргасан дүгнэлт, тайланг шинэ засгийн газрийн бүрэлдэхүүн танилцан арга хэмжээ авах тэр өдөр холгүй хэмээн итгэж суугаа. 2016.08.10” гэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ургац хураалтыг найман сарын 15 наас эхлүүлнэ

Улсын хэмжээнд долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхэн үе хүртэлх хугацаанд хэт халсан нь зарим газар тариалалтыг механик болцтой болгоход нөлөөлсөн гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ. Мөн энэ жил цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор ургац хураалт, хадлан хадах ажлыг эрт эхлүүлэх төлөвтэй байгаа талаар онцлов.

Өмнөх жилүүдэд наймдугаар сарын 25-аас ургацын балансыг гаргаж эхэлдэг байсан бол энэ жил наймдугаар 15-аас баланс тогтоож эхлэхээр болсон аж. Үүний дараагаар авах ургацын тоо хэмжээ тодорхой болох юм.   Манай улсын хувьд энэ жил хаврын тариалалтыг хугацаанд нь буюу тавдугаар сарын 8-аас эхлүүлж, нийт 490.9 мянган га-д тариалалт хийсэн юм. Үүнээс үр тариа 375.3 мянган га-д, улаанбуудай 353.4 мянган га-д, төмс 14.2 мянган га-д, тэжээлийн ургамал 25.3 мянган га-д, эмийн ургамал 4.2 мянган га-д, жимс, жимсгэнэ 317 га-д тус тус тариалсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

SIM карт ашиглан жуулчдыг хянана

Таиландын Үндэсний радио телевизийн хороо тус оронд аяллаар ирж буй жуулчдад орон нутгийн SIM карт худалдан авахыг санал болгосон байна. Энэ картын тусламжтайгаар цагдаагийнхан уг жуулчны аяллын маршрутыг мөрдөн хянаж байх боломжтой болох аж. Энэ нь аюулгүй байдлын үүднээс авч үзвэл, маш чухал шаардлага гэж эрх баригчид мэдэгдсэн байна.Энэ шаардлага нь аялагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад туслах бөгөөд мөн визийн журмыг зөрчигсдийг илрүүлэхэд туслах аж. SIM картын тусламжтайгаар гадаадын иргэдийг мөрдөн хянаж, шаардлагатай тохиолдолд албадан гаргах юм байна.

Өнөөгийн байдлаар, тус улсад очсон гадны аялагчид зөвхөн буусан буудлынхаа хаягийг мэдээлэх үүрэгтэй бөгөөд зочид буудлын ажилтнууд өдөр бүр цагдаад мэдээлэл өгдөг юм байна. Харин энэхүү SIM картны үйлчилгээг нэвтрүүлснээр тэдний цагдаад гаргаж өгдөг мэдээллийн механик ажиллагаа бөайхгүй болох юм байна.Энэхүү шинэ журам нь зөвхөн жуулчдад үйлчлэх юм байна. Энэ онд гэхэд, Таиланд улсад 19 сая жуулчид ирж буцаад байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Иргэд БСШУС-ын яаманд цаасан мөнгө худалджээ

Иргэн О.Отгонбаатар, Д.Зандаахүү нар Юань гүрний үед холбогдох цаасан мөнгө, мөнгөн зоосыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яаманд худалджээ. Тус үзмэрүүдийг БСШУСЯамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр Үндэсний музейд  хүлээлгэн өгсөн байна.

 БСШУСЯ, иргэн О.Отгонбаатараас Юань гүрний үед холбогдох цаасан мөнгө, иргэн Д.Зандаахүүгээс Сасанидын хаант үлсын үед холбогдох мөнгөн зоос 200 ширхэгийг тус тус худалдан авчээ.Худалдан авсан дээрхи үзмэрүүдийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгийг баяжуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Риод буудалцаан болж хоёр хүн амиа алджээ

Рио Де Жанейро хотын захын хорооололд буудалцаан болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.Хэсэг этгээд цагдаагийн албан хаагчийн автомашин руу гал нээсэн аж. Уг машиныг жолоодож явсан цагдаагийн ажилтан шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн бол хэргийн газрын ойролцоо явж байсан хоёр иргэн амиа алдсан гэнэ.  Уг хороололд хар тамхичид олноороо амьдардаг юм. Цагдаагийнхан уг хорооллыг байнга хяналтадаа байлгадаг бөгөөд өчигдөр хэсэг этгээд зөрчилдөж, харилцан буудалцжээ.

 “Рио”-гийн олимптой холбогдуулан нийслэл хотыг 80 мянган цагдаа хамгаалж байна. Цагдаагийнхан олимпийн наадмын аюулгүй байдлыг хамгаалахаас гадна ядуусын хорооллын иргэд болон гэмт хэрэгт холбогдож байсан иргэдийг хяналтадаа байлгадаг юм.Мөн олимпийн нээлтийн өдөр хэсэг иргэд жагсаал зохион байгуулах үеэр нэг иргэн тэнэсэн суманд оногдож амиа алдсан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Уран дархны урлагийг дэмжих тухай зарлиг гаргалаа. Ерөнхийлөгчийн зарлигт “

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 1, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг болох нь:

1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэнг 3 жил тутамд нэг удаа, долдугаар сарын эхний 15 хоногт зохион байгуулж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн бус байгууллагад даалгасугай.

2 Монгол үндэстний сонгодог өв-уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх; уг салбарт идэвхтэй ажиллаж буй иргэдийг хөхиүлэн дэмжиж байхыг холбогдох төрийн байгууллагад даалгасугай.

3 Монгол уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, судлан шинжлэх үйлсэд идэвх, санаачилгатай ажиллахыг шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад уриалсугай” хэмээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийн хамгийн өндөр настай хулсны баавгай

Даваа гарагт Хонконгийн амьтны хүрээлэн, тус хүрээлэнгийн 4 аварга том хулсны баавгайн төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Тэдний нэг нь болох Жиа Жиа хулсны баавгай 38 нас хүрч, дэлхийн хамгийн өндөр настай хулсны баавгайгаар дахин тодорлоо.

Амьтны хүрээлэнгийн дөрвөн хулсны баавгайн төрсөн өдөрт зориулж мөсөөр бялуу хийж өгсөн байна. Хамгийн өндөр настай хос болох Жиа Жиа, Ань Ань баавгайнуудад тоорын хэлбэртэй бялуу өгсөн бол, Юин Юин болон Лэ Лэ нарт одны хэлбэртэй бялуу бэлдэж өгчээ. Жиа Жиа, Ань Ань хоёрын хувьд амьтны хүрээлэнд амьдарч буй дэлхийн хамгийн өндөр настай хулсны баавгайнуудад тооцогдож байгаа юм. Жиа Жиа баавгай 2015 оны 7-р сард дэлхийн хамгийн өндөр настай хулсны баавгайгаар тодорч байжээ. Харин энэ жил 38 нас хүрч буй түүний насыг хүнийхтэй харьцуулбал 114 нас хүрч байгаа гэсэн үг юм. Даваа гараг мөн Лэ Лэ нэртэй хулсны баавгай 11 нас хүрсэн байна. Тэр энэ жилээс эхлэн Юин Юин нэртэй баавгайтай хамт амьдарч байгаа юм. Амьтны хүрээлэнгийн дарга Сюзаннэ Жэндроны хэлснээр тэд өнгөрсөн 4-р сард хээлтүүлгэнд оржээ. Энэ үеэр Юин Юин баавгайд хоёр ч удаа хиймлээр үр тогтоосон байна. Түүнд одоо жирэмслэлтийн эхэн үеийн шинж тэмдгүүд илэрч байгаа боловч, дийлэнх хулсны баавгайнуудад энэ төрлийн хуурамч шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг байна. Амьтны хүрээлэнд, хүний асаргаанд байдаг хулсны баавгайнуудын хувьд хээлтүүлгэнд орох нь ховор тохиолдолд тооцогддог учраас шинэ хулсны баавгай мэндлэх, хулсны баавгайн төрсөн өдрийг тэмдэглэх зэрэг нь ихээхэн ач холбогдолтой үйл явдлуудад тооцогддог байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа