Author Archives: baaska baaska

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж,  өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, худалдан авах ажиллагааны явц, “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын явц,  авто зогсоолын нэгдсэн бодлого, үйлдвэрлэл, технологийн паркуудад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай хуралдааны үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Гуравдугаар сарын 6 болон 17-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр нийт 58 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 88.8 хувьтай байна. Нийт 58 үүрэг даалгавраас хангалтгүй буюу 30 хувьтай үргэлжилж буй 3 үүрэг даалгавар байгаа бол эрчимжүүлэх шаардлагатай 9 үүрэг даалгавар байгааг хэлж байв.

Өнөөдрийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлэх,
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж гарах “Паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам” болон “Паркийн нэгжээс паркийн удирдлагад төлөх хураамжийн хэмжээ, түүнийг төлөх журам”-ын төслийг боловсруулж холбогдох яамдад хүргүүлэх,
  • Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, хэрэгжилтийг тогтмол танилцуулах,
  • Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд соён гэгээрүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах, зэрэг ажлуудаа эрчимжүүлэх,
  • Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өгсөн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин гахай өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 31. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 2, шарагчин гахай, мэнгэ 5 шар, суудал хий, шийдэм-0 од, үл зохилдох барилдлагатай өдөр. Хутганы ир, модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:33-19:20.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 6 градус дулаан

                               Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж,

зөөлөн цасан шуурга шуурна.

 2025 оны 03-р сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

          цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн зүүн хагаст баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур +5…+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур +3…+5 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

             Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг тоймлон танилцуулъя.

Хэвлэмэл байдлаар дэлгэрэнгүй тайлан тараагдаж, Засгийн газрын гишүүд асуултад хариулах тул тайлант хугацааны логик холбоос талаас тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

Монголчууд бид шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жилийн амжилт ололт, алдаа оноогоо нэгтгэн дүгнэж, шинэ 30 жилийн хөгжлийн бодлогыг сонгуулийн циклийг давж урт хугацаагаар төсөөлөхийн тулд олон улсын нийтлэг жишигт тулгуурлан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг улс төрийн намууд, холбогдох яам, агентлагийн мэргэжилтэн, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагын 1,500 гаруй эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэйгээр боловсруулан ажиллаж,

Монгол Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлэснээс хойш таван жил өнгөрч, 2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” энэ жил цогц байдлаар үнэлэгдэх хугацаа дөхөж байна.

Тайлант таван жилийн хугацаанд цар тахал, ОХУ-Украйны дайн зэрэг олон улсын геополитикийн нөхцөл байдал нэн тогтворгүй байсан ч хөгжлийн бодлогод тусгагдсан суурь асуудлууд шийдвэрлэгдэж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021-2024 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр хэрэгжилт 67.0 хувьтай гэж дүгнэж байна.

Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг анх удаа шалгуур үзүүлэлттэйгээр боловсруулагдаж, таван жилийн үнэлгээ гарч байгаа тул төрийн байгууллагуудын тоон мэдээлэл, аргачлал зөрөх асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Гэвч энэ нь цаашдын зөв үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх суурь болно гэдэгт итгэлтэй байна.

Бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй болгох, хяналт, мониторинг, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор Засгийн газрын бүтцэд (DME – Design, Monitoring and Evaluation) буюу Хяналт, үнэлгээ хариуцсан Засгийн газрын гишүүн томилогдон ажиллаж байна.

Цаашид Хяналт, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг уялдуулан үнэлэх чиглэлээр олон улсын үнэлгээний цогц систем нэвтрүүлэх нь чухал болохыг онцлон хэлье.

            “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан.

Үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилтын хүрээнд

 Монгол түмний үндэсний бахархал, үнэт зүйлс, төрт ёс, түүхэн уламжлал, ирээдүйн хүсэл тэмүүллийн огтлолцол төв цэг бол Монголын Эзэнт гүрний түүх, Их Эзэн Чингис хааны үйл хэргийг биет болон биет бус хэлбэрээр сурталчлан таниулах бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах Чингис хааны музей, Өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia үндэсний брендингийн олон улсын сурталчилгаа, Нүүдэлчин ахуйг сурталчилсан соёлын арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрч Монгол Улсын талаарх ойлголт 57 хувиар нэмэгдэж, зөөлөн хүчний бодлогын индекс 14 байраар урагшилсан байна.

Хүний хөгжил зорилтын хүрээнд тайлант хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшгийн үе тохиолдсон ч Засгийн газар хүн амын 90 хувийг вакцинжуулснаар 20-40 мянган хүний амь насыг эрсдэлээс хамгаалж, 1.3 жилийн өмнө хатуу хөл хориог цуцалсан улс орнуудын нэг болж цар тахлыг эрсдэл багатай даван туулсан.

Орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэг, оношилгоонд 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн салбарт сүүлийн таван жилд өмнөх 10 жилд хийгдсэнтэй тэнцэхүйц хэмжээний буюу 953.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Улсын хэмжээнд 2020-2024 онд 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэж Цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон.

Амьдралын чанар ба дундаж давхарга зорилтын хүрээнд

Засгийн газраас “Үндэсний баялгийн сан”-гийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулан уул уурхайн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд олгодог боллоо.

Хууль батлагдсанаас хойш төрийн өмчит уул уурхайн компаниудаас 495.6 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлжээ.

Энэ эх үүсвэрээр 5,000 орчим иргэний ипотекийн зээлийг санхүүжүүлжээ. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулж, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна.

Эдийн засаг зорилтын хүрээнд

Монгол Улс эдийн засгаа тэлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлал, зам, тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, 2023 онд 0.6 сая, 2024 онд 0.8 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1.5 тэрбум ам.долларт хүрлээ.

“Мянганы зам” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр үргэлжилсэн хатуу хучилттай автозамаар бүрэн холболоо.

Чойбалсан, Багануур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг 358 МВт-аар нэмэгдүүлсэн.

Ковидын үед эдийн засгийн өсөлт -4.6 хувь болсон байсан бол 2023 онд 7.4, 2024 онд 4.9 хувьтай байна.

Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгдсэн.

Нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 4,128 ам.доллар байснаас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 2023 оны байдлаар 6,008 ам.долларт хүрсэн, 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,890 ам.доллар болсон.

Fitch, S&P, Moody`s зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2024 оны зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж “B+, тогтвортой” хэмээн зарласан.

Засаглал зорилтын хүрээнд

Парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор улс төрийн намууд зөвшилцөж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн.

2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар анх удаа улс төрийн таван нам, эвсэл парламентад суудалтай болж, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4 хувьд хүрсэн нь Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт болсон.

E-Mongolia платформыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлснээр тус систем 1.95 сая хэрэглэгчтэй, 1,263 үйлчилгээ цахимаар үзүүлж, лавлагаа, тодорхойлолт авах дундаж хугацаа таван секунд болсон.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшилсан бол иргэдийн цахим оролцооны индексээр 2024 онд өмнөх оноос 20 байраар урагшилж, 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Ногоон хөгжил зорилтын хүрээнд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангах эрхзүйн цогц шинэчлэл хийхээр ажиллаж байна.

Мөн биологийн төрөл зүйлийг хамгаалах, экосистемийг хадгалахын тулд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөх, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгах зорилго тавин ажиллаж байна.

Мөн мод тарих болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын шинэ менежмент нэвтрүүлэх зэрэг ногоон хөгжил болон хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт хийсэн Аж ахуйн нэгжид борлуулалтын орлогын нэг хүртэл хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийг хэрэгжүүлж, хувийн хэвшлийг идэвхжүүлэх, оролцоог хангаж байна.

Амар тайван, аюулгүй нийгэм зорилтын хүрээнд

Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгохын зэрэгцээ хууль, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, амьдралын таатай байдлын үзүүлэлтүүдийг дээшлүүлж, нийгмийн эрсдэлийг бууруулах зорилт дэвшүүлсэн нь хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалын тулгуур зарчмын илэрхийлэл юм.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гудамж, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, камержуулалтын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Бүс, орон нутгийн хөгжил зорилтын хүрээнд

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулж, Улсын Их Хурлын сонгуулийг бүсчилж, томсгосон тойргоор зохион байгуулсан.

Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд бүтээн байгуулалтын үе шатанд импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн

o   Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө.

o   НӨАТ-ыг дөрвөн жилийн дараа төлнө

o   Үйл ажиллагааны үе шатанд ирээдүйн таван жилийн орлогод төлөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгоно

Ингэснээр одоо Аж ахуйн нэгжүүд 12-13 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байгаа бол бүсийн хөгжлийн зорилгод нийцсэн төслүүдийг орон нутагт хэрэгжүүлвэл төлөх татварыг буцаан олгох замаар нэг хувь болгох боломж бүрдүүлээд байна.

Улаанбаатар ба дагуул хот зорилтын хүрээнд

Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийг зорьж, 2020 оноос хойш хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн 12.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Мөн 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг шийдвэрлэх жил”-ээр зарлаж, Ерөнхий сайдын шууд удирдлагад Нийслэлийн шуурхай штаб байгуулсан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн 24 төслийг үр шаттай хэрэгжүүлэхээр эрэмбэлээд байна. Энэ хүрээнд Туулын хурдны зам, Багахангай-Хөшигийн хөндийн төмөр зам, метро, трамвай, дүүжин тээврийн замын ажлууд, нийслэлийн тулгамдсан асуудлууд шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Засгийн газраас “20 минутын хот” үзэл баримтлал, түүнтэй уялдсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

Монгол Улсын Их Хурлын 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан ’’Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр’’ нь үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт 2024 оны сүүлийн хагас жилийн байдлаар дунджаар 34.0 хувь  байна.

“Хурдтай хөгжлийн төлөө зориг” хамтарсан Засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулснаас хойш хагас жилийн хугацаанд:

•       21 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын төслийг хөдөлгөж чадлаа,

•       1997 онд хайгуулын судалгаа нь эхэлсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа,

•       1964 оноос судалгааг эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн гэрээг байгууллаа,

•       Бөөрөлжүүт, Чойбалсан, Багануур зэрэг эрчим хүчний төслүүдийг гацаанаас гаргаж, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлэхээр боллоо.

Хөгжлийн мега төслүүдээ гацаанаас гаргаж, урагшлуулах олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөл, эрх зүйн реформ хэрэгжүүлэх хууль, тогтоомжийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, чуулганаар нээлттэй хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх болно.

Засгийн газрын төвлөрөх дараагийн мега төслүүд нь Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын хийн хоолойн төсөл, төмөр замын баруун, зүүн коридорын төслүүд байх болно.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцүүлэхээр танилцуулж байна гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

МҮБХ ба “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор” , “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг 2025.04.19-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товлолоо.
Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.
Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд зориулж олон гэнэтийн бэлэг бэлдэж байгаагийн дотор супер азтан тодруулж автомашин бэлэглэхээр болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр сарын эхний долоо хоногт ерөнхийдөө хоног хоорондын өөрчлөлт багатай, температурын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, салхины хурд харьцангуй их байх магадлалтай байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар харьцангуй дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байна.

Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын тогтворгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай үеүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулахын зэрэгцээ агаар мандал дахь нарийн ширхэглэгт тоос тоосонцорын агууламж нэмэгдэх тул нийт иргэд эрүүл мэнддээ онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Ховдын зүүн хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.  Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан бич өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 28. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 29, улаан бич, мэнгэ 8 цагаан, суудал ус, шувуун хошуут-24 од, түлэх барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:39-19:16.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтнээ харш гараг.
-Лам болох, багш шавь болох, бурхан, сахиус, гал тахих, залбиралд үйлдэх, даллага авах, эрдэм сурах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, гүү барих, морь уралдуулах, малын хашаа, хороо барих, газар хагалах, тариа ногоо тарих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, эм хүртэх, найруулах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл оёж, хатгах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хариулга хийх, төмөр урлах үйл, даллага авах сайн. Үс засуулах, морь уралдуулах, малын үс, ноос хяргах, мал гаргах, ан гөрөө хийх, хиншүү гаргах, бузар, бэлбэсний үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, худалдаа хийх, худаг малтах, хурим хийх, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 7 градус хүйтэн

                                       Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай хүйтэн байна.

                           2025 оны 03-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
                                  цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -6…-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. -5…-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -6…-8 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлнэ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал М.Адилсайхан нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлэх, төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлд ГССҮТ-тэй хамтарч ажиллахаар болсон байна.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж эхэлснээр улсын лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал төвлөрлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэмт шинжилгээний хурал Төрийн ордны “Чингис хаан” танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, морин хуур бол хүн төрөлхтний соёлын нандин өв, монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил, монголчуудын ахуй, сэтгэлгээний онцлогийг бүрэн илэрхийлдэг хөгжмийн зэмсэг гэдгийг тэмдэглэв.

Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн монголчуудын дуу хуур, бүжиг наадам, ардын баяр цэнгэлд голлох байрыг эзэлж ирсэн бөгөөд монгол ардын уртын дуу, үлгэр тууль, ардын бий, биелгээг морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг нь үүний нотолгоо мөн хэмээн онцоллоо.

Иймд монгол үндэстний хөгжмийн зэмсэг, морин хуурыг уламжлан хөгжүүлэхэд төр засгаас анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаар зарлигаар морин хуурыг “Үндэсний хөгжмийн зэмсэг” болохыг зарлаж, улмаар 2008 оны 11 дүгээр сард “Уламжлалт морин хуур хөгжмийн урлаг” нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж,

  • Ерөнхий боловсролын сургуулиуд, дотоод гадаад дахь соёлын төвүүдэд морин хуурын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
  • Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэх, морин хуур хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэл урлалыг дэмжин хөгжүүлэх,
  • Монгол айл өрх бүр морин хуурыг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах,
  • Морин хуурын олон улсын наадмыг тогтмол хугацаанд зохион байгуулж байх талаар чиглэл өгсөн билээ.

Түүнчлэн морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохоор 2024 оны 05 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулж, морин хуур хөгжмийг хөгжүүлэх, зааж сургах, үйлдвэрлэх хүний нөөц, материаллаг баазыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг нь дэмжин хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах зэрэг ажлыг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж эхлээд байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн үгэндээ дурдлаа.

Морин хуур хөгжмийг сурталчлан таниулах, судлан шинжлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхэд “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эрдэм шинжилгээний хурлаар Ардын багш, Соёл урлагийн их сургуулийн зөвлөх профессор, доктор С.Дуламын “Хуурч болох зан үйлийн мета домог зүй”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улсын дэсийн бодисын бус соёлын өвийг өвлөн тээгч, морин хуурын их багш, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Чи Булагийн “Морин хуурын үүсэл, хөгжил”, яруу найрагч, Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн “Морин хуур-монгол соёлын ой санамж”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Багшийн их сургуулийн доктор, профессор Хөгжилтийн “Хялгасан хуурын эрт ба эдүгээгийн тухай” зэрэг нийт 16 илтгэл хэлэлцүүлэв.

Хуралд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн газрын удирдлагууд, Шинжлэх ухааны академи, Соёлын өвийн үндэсний төв, морин хуур судлаач, урлаач, багш, эрдэмтэн, докторууд, зохиолчдоос гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох төлөөллүүд оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн Хүй 7 худагт болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээн гуравдугаар сарын 29-нд Хүй 7 худагт зохион байгуулна. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, эмнэг хангал булгиулах төрлөөр авхаалж самбаагаа сорино. Уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна. Түүнчлэн хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдааныг зохион байгуулах юм. Бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулах онцлогтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх морь өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 26. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 27, хөх морь, мэнгэ 1 цагаан, суудал төмөр, тооно-22 од, рашаан барилдлагатай өдөр. Овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:43-19:13.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин хулгана, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Үс засуулах, сүмийн тахил тахилга засах, бурхан, гал тахих, багш шавь болох, бурхан, луст залбирах, насны хүчийг арвижуулах, буян хишгийн даллага авах, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, бичиг зурхай зурах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майханы суурь тавих, газар хагалах, тариа ногоо тарих, мод таслах, замд гарах, худалдаа хийх, өөрийн амьдралд тустай ажил хийх, хөрөнгө оруулах, нууц зөвлөгөөн хийх, эм найруулах, усан засал, садан бололцох, зүүн зүгт одох, тангараг няцах, хаах, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, ан гөрөө хийх сайн. Бэрийн үйл, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нүүдэл хийх, анд бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авах, эд, мал худалдан авах, хөрөнгө исгэх, үр цацах, хүүр түлэх муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 6 градус хүйтэн

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

26-ны өдөр Төв аймаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатар, Дундговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар цасан шуурга шуурна. Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

26-ны өдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

                                            2025 оны 03-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                          цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг,төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа