Author Archives: baaska baaska

Шар өвс, хог хаягдлыг шатаахгүй байхыг анхааруулж байна

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж, иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна.

Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, метроны төслийг гүйцэтгэж буй БНСУ-ын “Духуа инженеринг” ХК хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар метро төслийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхээр ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд “2+2” хөтөлбөрөөр суралцуулж, эхний ээлжид 200 оюутныг сургахаар харилцан тохиролцоод байна. Тэгвэл өнөөдөр мэргэжилтнүүдийг бэлтгэх ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ын Халла их сургуулийг зорилоо.

Тодруулбал, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл хөтөлбөрөөр Механик инженер, тээврийн сургуулийн багш О.Эрдэнэ-Очир, Э.Уранбаяр, метроны удирдлага, хяналтын инженерчлэл хөтөлбөрөөр Ж.Азжаргал, Б.Дэлгэрмаа, метро барилгын инженерчлэл хөтөлбөрөөр Барилга, архитектурын сургуулийн багш Н.Саранчимэг, М.Цас-Оргилмаа, метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл хөтөлбөрөөр Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш А.Сундий, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн багш Б.Энх-Амгалан нар БНСУ-ын Халла их сургуульд мэргэжил дээшлүүлнэ.

2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС нь метроны удирдлага, хяналтын инженерчлэл, метроны барилгын инженерчлэл, метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл гэсэн дөрвөн шинэ бакалаврын хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.

Улаанбаатар хотын метро төслийн инженерүүдийг тусгайлан бэлтгэснээр авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн тээврийн хэрэгслийн сонголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнчлэн Монгол Улс, БНСУ хооронд хамтарсан боловсролын тогтолцоог бий болгож, сургалтын системийг нэвтрүүлэх, багшлах боловсон хүчин бэлтгэх, “Духуа инженеринг” ХК-д дадлага хийх зэрэг боломжийг багш, суралцагч нарт олгож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гал түймрийг бүрэн унтраалаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.03.25/ 08:36 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.
Дуудлагын дагуу НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсан.
Алба хаагчид гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, 09:30 цагт бүрэн унтраалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Малчин, Зүүнхангай, Зүүнговь, Завхан, Давст, Бөхмөрөн, Баруунтуруун, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Жаргалантад 16-20 см, бусад нутагт 1-15 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур баруун аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс хүйтэн, бусад нутагт дунджаас 1.1-6.2 градусаар дулаан, хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин могой өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 25. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын 26, харагчин могой, мэнгэ 2 хар, суудал шороо, яруу эгшигт-21 од, түлэх барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:45-19:12.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 8 градус дулаан

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Завханы нутаг, Увсын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Ховд, Дундговь, Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиу хэмжээний нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

                                                 2025 оны 03-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                          цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4…+9 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. +7…+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +6…+8 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор Төрийн ордонд зохион байгуулж байна. .

Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, усны нөөцийн жигд хуваарилалтыг шийдвэрлэх арга зам, мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, хайлалт, өөрчлөлт, ирээдүйн хандлага болон усны салбар дахь төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа,  цаашдын зорилтыг хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр ган гачиг, усны үер, мөстлийн  хайлалт эрчимжин, усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж, хязгаарлагдмал усны нөөц, ус ашиглалт, бохирдол зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна.

Тухайлбал Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбай 1940 оноос хойш 40 орчим хувиар багасжээ.

Тиймээс Ерөнхийлөгч, мөнх цас, мөсөн голыг хамгаалж, мөстлийн хайлалтын усыг хуримтлуулах, цаашид үүсэх боломжит нууруудыг тооцоолох, мөстлийг хайлуулахгүй хадгалах технологи нутагшуулах, усны бохирдлыг бууруулах, бохир усыг цэвэршүүлэх, дахин ашиглах тогтолцоо нэвтрүүлэх ёстой гэж үздэгээ хэллээ.

Мөн усны салбарын зорилт, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарынхны санал, санаачилга, манлайлал, төр, засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал байгааг тэмдэглэлээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” хөдөлгөөн хэрэгжиж байгаа.

Одоо усны салбарт “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.

Мөн уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд амласан модоо эрчимтэй тарьж, ургуулах нь чухал байгааг санууллаа.

“Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганаар хэлэлцсэн асуудал болон “Нэг нуур, Нэг сум-333 нуур”, “Дусал бүр” уриалгыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зэргийг хэлэлцэн зөвлөмж гаргана.

Чуулганд усны салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 1,200 гаруй хүн оролцож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэрэмжлүүлэг

Өчигдөр буюу энэ оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Цагаан худгийн даваа гэх газарт автомашинд хүн дайруулж, нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай “А” нь уулын уруу өнхөрч байсан Hyundai Porter маркийн автомашиныг зогсоох гэж байгаад дайрагдаж, нас барсан байж болзошгүй байна.
Иргэд, жолооч Та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд богино хугацаанд хэрэгжих 27 байршлын долоон төсөл арга хэмжээг танилцууллаа. Тодруулбал, замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттай өргөтгөж, гэр хороололд нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт авто зам барьснаар Улаанбаатар хотын түгжрэл 31.7 хувиар буурах тооцоолол бүхий төслийг нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөл танилцуулав.

ШУТИС-ийн механик инженер, тээврийн сургуулийн доктор, дэд профессор М.Дэлгэрнасан:

-Улаанбаатар хотын иргэдийн зорчилт хөдөлгөөнийг эрдэмтэд судалж үзэхэд, Таван шараас 3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармаг гэсэн үндсэн 5 цэгээс зорчилт эхэлж, төгсдөг. Энэхүү зорчилтын урсгалыг сайжруулахын тулд тээврийн холбоос замуудыг нэмэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, авто замуудыг нийтийн тээвэр чөлөөтэй зорчих боломжтой байдлаар өргөтгөх юм бол түгжрэлд нөлөө үзүүлнэ гэж судлагдсан. Харин өнөөдөр авто зам, авто зогсоолыг зөвхөн автомашинд тохиромжтой байдлаар бариад байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тодруулбал, Таван шар-3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармагийн авто замуудын тодорхой эгнээг өргөтгөж, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчууулахаар төлөвлөлөө. Яармагаас Үйлдвэр комбинат хүртэлх 0.8 километр орчим авто замыг өргөтгөнө. Хойд талаас зорчих хөдөлгөөн болох Долоон буудлаас төв талбай хүртэлх 8.1 км, Офицероос Шархад хүртэл 3.3 км замыг өргөтгөнө. Ингэснээр иргэдийн зорчих урсгал чөлөөтэй болж, түгжрэлд эерэг нөлөө үзүүлэх юм.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор М.Буяндэлгэр:

-Яармагаас хотын төв рүү нийтийн тээврээр чөлөөтөй зорчихын тулд бүхэлдээ гурван эгнээ замтай байх шаардлагатай. Жишээлбэл, Яармагийн зам Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн гүүр өнгөрөх хүртэл гурван эгнээтэй үргэлжилж, цааш “Мишээл экспо”-ийн гэрлэн дохио хүртэл хоёр эгнээтэй болдог. Харин “Мишээл экспо”-ийн гэрлэн дохио өнгөрөөд гурван эгнээ замаар зорчиж байснаа “Номин”-ийн гэрлэн дохионоос АПУ хүртэлх 300 орчим метр зайд хоёр эгнээгээр зорчдог. Энхтайваны гүүрний доогуурх эргэлт хэсэг хоёр эгнээ замтай. Эдгээр хоёр эгнээ замыг үе шаттай өргөтгөж гурван эгнээ болгох, улмаар өргөтгөсөн хэсгээр нийтийн тээврийг чөлөөтэй зорчуулахыг зорино.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Наурызын баяр-2025” арга хэмжээ төв талбайд маргааш болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр -2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. Энэ үеэр

  • Казах үндэстний урлагийн болон жүжигчилсэн тоглолт
  • Казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн
  • Кураш бөхийн барилдаан
  • Үндэсний тоглоом наадгай
  • Хоол амталгаа,
  • Гар урлалын үзэсгэлэн худалдаа,
  • “Монгол банхар”-ын хүрээ зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна.

Монгол Улс олон үндэстэн ястнаас бүрдсэн нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, өвийг хадгалан ирсэн арвин түүхтэй ард түмэн. 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан байдаг. Эдүгээг хүртэл хэдэн зуун жил хадгалагдаж, үе дамжин өвлөгдсөөр ирсэн Казах түмний дахин давтагдашгүй соёл, уламжлал, ахуй амьдралын онцлогийг олон улсын жуулчид төдийгүй нийслэл хотын иргэд маргааш үзэж сонирхох боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд ажиллалаа.

“Оюу толгой” ХХК 2022 онд гүний уурхайг нээж, өнгөрсөн онд 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийсэн байна. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50 хувиар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ.

2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл оргил үедээ өдөрт 17,000 цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.

1,300 метрийн гүнд дэлхийд тэргүүлэх бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн монгол залуус, гадаадын мэргэжилтнүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Энэ бүтээн байгуулалт уул уурхайн салбарт сайн жишиг болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Оюу толгойн уурхайн үйлдвэрлэл, олборлолт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх өндөр технологийг нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байгаа нь уурхайн нийт хамт олны хүч хөдөлмөр, хүчин зүтгэл гэдгийг онцоллоо.

Цаашид илүү олон аж ахуйн нэгж, иргэн, баялаг бүтээгчтэй хамтран ажиллаж, тэдний бизнесийг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Оюу толгойн ордоос олборлож байгаа зэс ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмэр. Энд үйлдвэрлэсэн зэсийн баяжмал дэлхий дахинд салхин сэнс, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн амин чухал орц гэдгийг хэллээ.

“Рио Тинто” групп Оюу толгойд 2023 оны байдлаар 17 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. 2010 оноос хойш 12 их наяд төгрөгийн татвар төлсөн.

2024 оны дөрөвдүгээр улиралд 1,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, нэг их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ.

Өмнөговь аймагт гэхэд л 2010 оноос хойш 4.9 их наяд төгрөгийн бараа үйлчилгээ авч, 354 төсөлд 187 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн Ханбогдын хөгжлийг дэмжих хурдасгуур сан байгуулан 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байна.

Оюу толгойд 20 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд, үүнээс 25 хувь нь Өмнөговь аймгийн иргэд юм. Нийт ажилчдын 23 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ирэх 10 жилд энэ тоог 50 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

2014-2024 оны байдлаар Оюу Толгой төсөл манай улсын нийт экспортын орлогын 17 орчим хувь, эрдэс бүтээгдэхүүний экспортын 20 хувь, гадаад валютын нөөцийн 44 хувийг бүрдүүлсэн байна.

2024-2051 онд энэ төслөөс манай улсын хүртэх нийт өгөөж 11.9 тэрбум ам.доллар болох юм.

Тус компани “Өмнийн говийн гүний уурхайн институт” байгуулж, уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх чадвартай, дотоод, гадаадын боловсон хүчин бэлтгэж эхэлжээ.

“Оюу толгой” ХХК 20 сая гаруй мод тарьж, ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Оюу Толгойн гүний уурхайд ажиллах үеэр “Оюу Толгой” ХХК “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг танилцууллаа.

Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан.

Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн болон доройтсон газрыг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөр хэрэгжүүлэн 63.5 сая мод тарина. Мөн ойн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, техникийн туслалцаа үзүүлэх замаар 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулах юм.

Энэ хүрээнд 2022 оноос хойш 20.5 сая модыг бодитоор болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, ургуулаад байна.

Мөн:
·        Ханбогд, Цогт-Овоо суманд жилд 750,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулсан,
·        Энэ онд Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд тус бүр 250,000-500,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулна,
·        Богд уулын тусгай хамгаалалттай газрын 70 га талбайд 175,000 мод тарьсан,
·        2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг хөндийд уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон 400 га талбайг нөхөн сэргээсэн,
·        2024 онд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд 215 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн,
·        1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 48 багц тоног төхөөрөмжийг Ойн газарт хүлээлгэн өгсөн байна.

“Рио Тинто Монгол” компани 300 мянга гаруй га газарт агаараас хор  цацаж, 750 сая модыг хөнөөлт шавжаас хамгаалсан.

Цаашид говийн бүсийг усаар хангах зорилгоор “Хэрлэн тооно” төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Компани 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх зорилт тавьжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин үхэр өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 21. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 22, шарагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, хонгорцог-17 од, шид барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:53-19:06.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин хонь, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Өндөр суудалд суух, их хэрэг үүсгэх, цэрэг хөдөлгөх, туг дарцаг хийсгэх, бузарыг дарж, дайсагнах үйл, ном унших, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, арилжаа наймаа хийх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, мал гаргах, шинэ малгай, хувцас өмсөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, нүүдэл хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

21, 22-нд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2025 оны 03-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +5…+10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +14…+16 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа 

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Тухайлбал,төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах зорилгоор төрийн өмчит компаниудын 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтаас мега төслүүдээс бусад төслийг эрэмбэлж, зарим зардлыг хойшлуулах зохицуулалт хийх, хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг шийдвэрлэх, “Ханги-Мандал” чиглэлийн төмөр замын холболтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж, алтны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, БНХАУ-ын талтай экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.

Мөн мах, гурил, хүнсний ногоо зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой өсөлтийг хангаж, үнийн өсөлтөөс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгаж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Сангийн сайдаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийж, шаардлагатай асуудлаа хэлэлцүүлэн ийн шийдвэрлүүлж байх юм байна.

Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолын хавсралтад заасан байршилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, төлөвлөгөөний биелэлтийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус үүрэг болголоо.

Байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ногоон зээлийг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр, байшин дулаалах, хийн болон цахилгаан халаагуур, бусад дэвшилтэт технологиор гэр, орон сууцаа халаах айл өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг холбогдох банк, санхүүгийн байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хөнгөлөлтийг гэр, байшин дулаалах, хийн болон цахилгаан халаагуур, бусад дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд зарцуулахыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалж, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж холбогдох шийдвэр гаргахаар тогтлоо.

Дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц, барилгын дулааныг эргүүлэн ашиглах пассив стандартыг баримтлах асуудлыг 2026 оны төсвийн төсөлд тусгахаар боллоо.

“Нийслэл хотод 200 мянган өрх нүүрс түлж байна. Эхний ээлжинд 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд эдгээр айл өрхөд 100 мянган төгрөгийн татаас олгоно” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ярилаа.

Товч мэдээ

  • Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийг 14 хоног тутам хуралдуулж, зөвлөлийн шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа