Author Archives: baaska baaska

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.23-29/  нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амь насыг авран хамгааллаа.

 Нийт дуудлагын 70 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурван нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

СБД: Шинэ жилийн өдрүүдэд ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллана

Шинэ жилийн баярын амралтын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарлаа.

2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20:00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороод, дэргэдэх хэлтэс албадад ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрээр томилогдсон ажилтнууд хуваарийн дагуу ажиллах юм.

Мөн гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, томилгоот аж ахуйн нэгж, байгууллага, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, ХҮТ-5, ХҮТ-8 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний харьяа Зүүн түгээх төв, Аврах, гал унтраах 34, 74 дүгээр ангиуд гамшиг ослын үед ажиллах бэлтгэлийг хангуулж, байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгалаа.

Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хэлтэс, албадын дарга, захирал, эрхлэгч нар гар утсаа байнга нээлттэй байлгаж, шаардлагатай тохиолдолд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, дүүргийн Шуурхай штабын 70070117 дугааруудад мэдээлэл хүргэж ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа хүртээж, баяр хүргэлээ. 

  • Уламжлалт анагаах ухааны салбарт хэрэглэж байгаа ургамал, амьтан, эрдсийн түүхий эдээс шинэ эмийн бэлдмэл гарган авах технологи боловсруулах, уламжлалт эм найрлагын шинжлэх ухааны мөн чанарыг тогтоох, эмийн шинэ эх үүсвэрийг эрэлхийлсэн судалгааны ажил гүйцэтгэж, хүдрийн заарын түүхий эд, уламжлалт Ноцог-6, технологийн шинэчлэл бүхий Халифорте, Колсаурин эмийн технологийн судалгаа хийж, инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон чанар, аюулгүй байдлыг судлан тогтоож эмнэлзүйн практикт нэвтрүүлэн, эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулсан Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Уртнасангийн Мядагбадам,
  • Монгол оронд газрын гүний дулааны нөөцийг үнэлэх, хэрэглээнд нэвтрүүлэх судалгааг анх удаа цахилгаан соронзон онолын арга зүй, практик хэмжилтийн шинэлэг технологиудыг хослуулан гүйцэтгэж, галт уулын бүс нутагт геотермаль системийн гүний тогтоцыг тодорхойлсон геосудлалын шинэ үр дүн гаргаж, газрын ховор элемент, газрын тос болон ашигт малтмалын ордуудын геофизикийн хайгуулын шинэлэг арга зүйг эх орондоо хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлж, геофизикийн салбарт бодит хувь нэмэр оруулсан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Эрдэнэчимэгийн Батмагнай,
  • Анагаах ухааны салбарт хэрэглэдэг эм, эмийн бүтээгдэхүүн, түүний эмчилгээний үр нөлөө, өвчний эмгэг жамын механизмыг тайлж шинэ эмчилгээний арга, аргачлал боловсруулахад нөлөө бүхий суурь судалгааны чиглэлүүдийн нэг хэсэг болох яс болон мэдрэлийн эдийн эмгэгүүдийн шалтгааныг тогтоох чиглэлээр үр дүнтэй судалгаа хийж, олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 10 гаруй бүтээл хэвлүүлж, бүтээлүүд нь олон улсад 230 удаа эшлэгдэн, судлаачийн чансааг илэрхийлэх h-index нь 8-д хүрсэн амжилт үзүүлсэн АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн физиологийн тэнхимын багш, доктор Эрхэмбаатарын Мөнхсоёл нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтэд болон тэдний гэр бүл, хамт олонд амжилт хүсэж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэндийг хүргэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Мэргэжилтнүүд ослын улмаас үүссэн эвдрэлийг шуурхай хянан засварлаж, энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлж эхлээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буйгаас гадна Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Тиймээс цаашид Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийгдэхгүй болохыг мэргэжилтнүүд хэллээ.

Харин шинээр баригдсан цахилгаан станцууд төвийн системд эрчим хүч хэрхэн нийлүүлж буй талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын эрчим хүчийг 200 МВт-аар нэмэгдүүлэх томоохон зорилгыг 2024 онд тавьж байсан. Нэг жилийн хугацаанд энэхүү зорилгодоо хүрч чадлаа. Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станцын туршилтын галлагааг энэ сарын 25-ны орой 09:00 цагаас хийж эхэлсэн бол төвийн эрчим хүчний системд цаад тал нь энэ сарын 29-нд эрчим хүчийг нийлүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл төлөвлөсөн хугацаанаасаа өмнө эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлж чадлаа. Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станц эрчим хүчний хэмнэлттэй горимоор буюу шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагт ачаалал хуваалцаж байгаа онцлогтой” гэв.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд эрчим хүч нийлүүлэхийн тулд түр схемээр нүүрс татан зуухны галлагааг хийж, агаарын хөргүүрийн конденсаторын системийн угаалгыг дуусгасны дараа зуух, турбин, генератор болон бусад туслах тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай бүх хэмжилт, тохиргоо туршилтуудыг технологийн горим, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэн явуулсан байна.

Дашрамд, Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй. Эхний блок ийнхүү төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Э.Батмагнай хүртлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын Дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харъяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харъяат, Улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, Улсын начин Э.Батмагнай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харъяат, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг Улсын начин Э.Батмагнайд гардуулж, баяр хүргэв. Мөн үзүүрлэсэн болон их шөвгийн бөхчүүдэд дурсгалын зүйл гардууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар луу өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 30. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 30, шар луу, мэнгэ 6 цагаан, суудал ус, од онгоц-18, рашаан барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:08.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 12 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орно.

2024 оны 12 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар -1…-6 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан.
Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар /2024.12.25/ шийдвэрлэлээ.
2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалин 6 хувиар нэмэгдэнэ.
Ингэснээр төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Гавьяат багш цолоор:
  • Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан, багш Гарьдын Дагва,
  • МУИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн ахмад багш, доктор, профессор Цэвэгжавын Цэвээн,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 86 дугаар сургуулийн ахмад багш Сандуйжавын Билэгмаа,
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх, доктор, дэд профессор Даваасүрэнгийн Түмэнжаргал,
Гавьяат хуульч цолоор:
  • Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч Балдангийн Шатар,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Жанцангийн Бат-Ирээдүй,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Хэнтий аймгийн Батноров сумын Соёлын төвийн захирал асан Ичинхорлоогийн Буянхишиг,
  • Монголын “Саран ээж” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Данзангийн Лхамсүрэн,
  • Найруулагч, Гэрлэх ёслолын ордны захирал Маруушийн Уянга,
  • Монголын үндэсний музейн захирал Бямбажавын Сарантуяа,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн зөвлөх багш, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Данзангийн Энхцэцэг,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
  • Орхон аймаг дахь Байгаль хамгаалах зөвлөлийн дарга, ойжуулагч Жанчивдоржийн Баярсайхан,
  • “Эко Монгол эрдэнэ” МСҮТ-ийн захирал, дэд профессор Лувсаннамжилын Эрдэнэтөгс,
Хүний гавьяат эмч цолоор:
  • АШУҮИС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд,
  • Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ахмад эмч, клиникийн профессор Жалцангийн Янжмаа,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Толгой, хүзүү, чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Дамбын Чулуунбаатар,
  • “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Хөхөөгийн Оюунгэрэл,
  • “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Цэлээжавын Батболд,
  • “Бид” эмнэлгийн эрхлэгч, чих, хамар, хоолойн их эмч Долоонжингийн Итгэл,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
  • Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын захирал, хүний их эмч Дашдоржийн Атармаа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга асан Маанийн Оюунбат,
  • Хэнтий аймгийн Засаг дарга асан Чойжингийн Эрдэнэбаатар,
  • Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооны дарга Балжингийн Отгонбаяр,
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Базаррагчаагийн Батболд,
Гавьяат барилгачин цолоор:
  • Барилга хөгжлийн төвийн хэлтсийн дарга асан, Монгол Улсын зөвлөх инженер Ламжавын Баярсайхан,
  • “Мишээл групп” ХХК-ийн ерөнхий инженер, Монгол Улсын Зөвлөх инженер Намбарын Нямдорж,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Пүрэвийн Батболор,
  • “Платинум Ланд” ХХК-ийн зөвлөх Ёндонжунайн Гажидмаа,
Гавьяат жүжигчин цолоор:
  • УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин Ганзоригийн Батчимэг,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
  • Монголын хоккейн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хоккейн багш дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Арслангийн Мэргэн,
Гавьяат тамирчин цолоор:
  • Гардан тулааны дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Мөнх-Эрдэнийн Баттүшиг,
 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын ахлах референт Бархасын Ганзориг,
  • Ахмад багш Балганы Бадрал,
  • “Номадс турс экспедишнс” ХХК-ийн ахлах менежер Пүрэвжавын Гантулга,
  • Морин хуур болон сонгодог хөгжмийн мастер урлаач Дамчаагийн Түвшинтөр,
  • УИХ-ын Тамгын газрын референт Базарын Ариунзаяа,
  • “Эрчим инженеринг” ХХК-ийн захирал Махбалын Батболд,
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан, жолооч Цэрэнгийн Цэдэн,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтсийн ахлах инженер Лхамсүрэнгийн Батсүх,
  • “Монгол хаан” театрын гоцлол бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор,
Алтан гадас одонгоор:
  • “Интернэйшнл медикал центер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Яндагийн Нямтогтох,
  • “Говь” ХК-ийн сүлжмэлийн үйлдвэрийн мастер Дашийн Болормаа,
  • “Араг” продакшны хөтлөгч, продюсер Жүгдэрнамжилын Бадамханд,
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Ядамсүрэнгийн Гэрэлчулуун,
  • Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бямбажавын Монголхүү,
  • “Газар шим үйлдвэр” ХК-ийн үйлдвэрийн дарга Чүлтэмийн Оюунбилэг,
  • “Булигаар” ХК-ийн технологич Санжсүрэнгийн Оюунсүрэн,
  • “Контейнер хаус” ХХК-ийн захирал Лувсанцэрэнгийн Баярцэнгэл,
  • Эрдэс баялагийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Чимэд-Осорын Сувдаа,
  • “Блю инфинти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хишгээгийн Мөнхцацрал,
  • АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Мэдээгүйжүүлэг хагалгааны сувилагч Чойсүрэнжавын Нарандэлгэр,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын татварын улсын байцаагч Балгансүрэнгийн Баянжаргал,
  • “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын Цахим засаглалын хэлтсийн дарга Хатанбаатарын Энхманлай,
  • “Фортиус” фитнессийн багш, дасгалжуулагч Мандалбаярын Алтанжаргал,
  • “Инновэйшн инвестмент” ХК-ийн гүйцэтгэх захирал Гомбодоржийн Эрдэнэмөнх,
  • “Цэгц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батмөнхийн Баярсайхан нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт хүслээ.

Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан бар өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 28. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын 28, улаан бар, мэнгэ 8 цагаан, суудал төмөр, од гар од-16, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:06.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, бэлбэсний үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, үс засуулах, үхэгсдийн үйл, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдах, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 12 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

29-ний өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны 12 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлшиж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс болон Цэцэг нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -16…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 1…-4 градус, говийн бүс нутгийн хойд, Дорнодын тал нутгаар -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ.  Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. -11…-13 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээвэр дараах 18 чиглэлд үнэгүй үйлчилнэ

Энэ сарын 31-нд төв талбайд “Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно. Нийтийн тээврийн автобус 00.30 цагт 18 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ.
?А зогсоол буюу Зүүн чиглэлд-Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос /Ленин клуб/ хөдөлнө.
-МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”
-МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”
-МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”
-МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”
-МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”
?В зогсоол буюу Баруун болон урд чиглэлд-Д.Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс хөдөлнө.
-МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”
-МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”
-МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”
-МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”
-МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”
-МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар
”? Урд чиглэлд
-МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”
-МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”
-МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”
?С зогсоол буюу Хойд чиглэлд -Соёлын төв өргөөний үүднээс хөдөлнө.
-МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”
-МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”
-МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”
-МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу”
йсэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024 оны 12 дугаар сарын 27-ноос 2025 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2025 оны 1-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Арванхоёрдугаар сарын 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 29-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 26-31 хэм, бусад хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа