Author Archives: baaska baaska

Дипломат цол хүртээлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд дипломат цол хүртээлээ.

 Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг:

  • Бямбадоржийн Гомбо Ахмад дипломатч,
  • Ойдовын Нямдаваа Ахмад дипломатч,
  • Цэдэндамбын Батбаяр Ахмад дипломатч, 

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг:

  • Дамдины Балжинням Ахмад дипломатч,
  • Рагчаагийн Баасан Ахмад дипломатч,
  • Цогтын Нямсүрэн Ахмад дипломатч,
  • Дамбын Ганбат Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
  • Бархасын Дорж Гадаад харилцааны яамны Бодлогын газрын зөвлөх
  • Очирбатын Очирмаа Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын зөвлөх,
  • Воршиловын Энхболд Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх нарт хүртээв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон ноос, ноолуур, ноосон бүтээгдэхүүн, арьс ширний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Хас банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, М банк, Ариг банкны төлөөлөл оролцлоо.

Ирэх жил 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлттэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгаад байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.

Ингэснээр ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно.

Мөн ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр шинээр гарна.

Түүнчлэн арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3 мянга гаруй ажлын байр бий болох юм.

Манай улс жилд дунджаар 37 мянган тн хонины ноос, 10 мянган тн ямааны ноолуур, 2 мянган тн тэмээний ноос, 400 тн сарлагийн хөөвөр, 18 сая ширхэг арьс ширэн түүхий эд бэлтгэх нөөцтэй.

Ноос, ноолууран түүхий эдийн 70 гаруй хувийг нь угааж экспортлодог бол арьс, ширэн түүхий эдийн 40 гаруй хувийг л боловсруулж, үлдсэн нөөцөө  ашиглаж чадахгүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ирэх сард баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх хэдий ч хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч дунджаас 3-8°С хүйтэн байх төлөвтэй байна.

 Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах боловч шөнөдөө хүйтэн жиндүү байдал хэвээр хадгалагдана. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч нилээд чангарч олон жилийн дунджаас 3-6°С-аар хүйтэн байна. Бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булганы нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн жиндүү байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын темератур өдөртөө уярах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6°С хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 2-5°С хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-5°С хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бага зэрэг цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олголоо.

Тодруулбал, ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Д.Өрнөхбаяр, НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Уртнасан, 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч О.Батзаяа, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч П.Серикбол, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-холбоочин, дэд ахлагч Г.Энхдалай нарт дэмжлэг үзүүлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хийх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилтыг дэвшүүлсэн.

Тэтгэврийн шинэчлэлийг өнөөдрөөс бодитойгоор эхлүүлж, даатгуулагч бүр “ХАГАС ХУРИМТЛАЛЫН НЭРИЙН ДАНС”-тай боллоо.

Өөрөөр хэлбэл Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1.2 сая даатгуулагч бүр “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болж нийт 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлалт үүслээ.

Энэ хүрээнд 2024 оноос даатгуулагчийн нэрийн дансныг мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг үүсгэж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх 1.0%, даатгуулагчийн төлөх 1.0%, нийт 2.0%, мөн сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын 2.0%-ийн шимтгэлийг хуримтлуулж эхэллээ.

Цаашид даатгуулагч иргэдийг олон давхар тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн орчныг шинэчилнэ.

Даатгуулагч та “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-ын мэдээллээ төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системээр харах боломжтой.

Мөн нийгмийн даатгалын байгууллагын цахим систем portal.ndaatgal.mn цахим систем болон гар утасны “nDaatgal” aппликейшний “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” хэсгээс харах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дашнямтай өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 27. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 27, хөхөгчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал шороо, од эрхтний тэргүүн-15, түлэх барилдлагат өдөр. Дашням, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:05.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Харин хонь, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 14 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуурын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал болон цас багатай газраар -5…-10 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -13…-15 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Оюунтунгалаг: Өмгөөлөгч хүн бусдын итгэлийг дааж чадахуйц, хариуцлагатай, үнэн мөртэй, ёс зүйтэй байх ёстой

Ажлаа амжилттай, аз жаргалтайгаар хийж, хүсэл зорилгодоо хүрэхийн тулд сэтгэлийн гүн рүүгээ шагайж, өөрийгөө болон өрөөл бусдыг хөглөж явна гэдэг амьдралын нэгэн утга учир билээ. Тэдгээр хүмүүсийн төлөөлөл Өмнөговь аймгийн өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга, өмгөөлөгч Б.Оюунтунгалагтай ярилцлаа.

Тэрбээр 2010 оноос өмгөөлөгчөөр ажиллах хугацаандаа олон хүний өмнө тулгарсан асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлж, ажил мэргэжлийнхээ ёс зүйг өндөрт өргөж яваа чадварлаг өмгөөлөгч юм. Улмаар салбар зөвлөлөө удирдан манлайлж  2023 онд “Шилдэг салбар зөвлөл”-өөр шалгарсан билээ. Мөн өмгөөлөгч бүсгүй маань Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Өмгөөлөгчийн алдар медаль, тэргүүний өмгөөлөгч, Хуульчдын холбооны Хүндэт тэмдэгээр энгэрээ мялаасан юм.

-Одонтунгалаг өмгөөлөгчийгөө их чамбай өмгөөлөгч гэж хараад байгаа юм. Иймд та  хуулийн байгууллагууд дундаас өмгөөллийн салбарыг хэрхэн сонгох болов?

-Миний хувьд анхнаасаа өмгөөлөгч болохыг хүсээгүй ч өмгөөллийн салбарыг сонгосондоо үргэлж өөртөө талархаж явдаг. Тийм учраас  ажилдаа үнэхээр хайртай, дуртай. 2008 онд их сургуулиа төгсөөд аймгийнхаа Прокурорын газар туслахаар ажилд орохоор хэдэн хүмүүсийн хамт шалгалт өгсөн юм.    Энэ дундаас манай найз бид 2 тэнцэж үлдээд сүүлийн шалгаруулалт буюу ярилцлаганд орох болов. Гэтэл шалгалтын комиссын шийдвэрээр найзыг маань тэнцүүлээд намайг хасчихсан юм. Энэ тухайгаа тайлбарлахдаа “манай прокурорын туслах ажилтан няравын ажлаа давхар хийдэг учраас аж ахуйн ажилд эрэгтэй хүн хэрэгтэй гээд сонголоо” гэж билээ. Энэ үед  хүнийг хүйсээр нь ялгаварлаж  байгаа хуулийн байгууллагад гомдож байснаа нуугаад яахав. Гэвч өөрийгөө хэн бэ гэдгээ  харуулна даа гэсэн шарандаа  өмгөөлөгч болох шийдвэрийг гаргаж байлаа. Ингээд 2 жил Өмнөговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга байсан И.Олонмөнх өмгөөлөгчийнхөө туслахаар ажиллаж байгаад 2010 онд хуульчийн болон өмгөөлөгчийн шалгалтаа өгч “өмгөөлөгч” хэмээх халуун ам бүлд багтсан даа.

-Мэргэжлийнхээ  онцлог болоод давуу тал юунд оршдог гэж та боддог вэ?

-Биднээс үйлчилгээ авахаар ирсэн тухайн хүн сайн хүн үү, муу хүн үү гэдгээс үл хамааран өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн ч бай, хохирсон ч бай тэр бүгдэд өмгөөлөгч хүн ялгаваргүй хандаж, хуулийн бүхий л боломжийг эрэлхийлж хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг нь бидний  мэргэжлийн онцлог. Заримдаа найз нөхдийн зүгээс “чи ийм муухай хэрэг хийсэн хүн өмгөөлж байгаа юмуу, тийм хүнийг юуг нь өмгөөлдөг юм” гэж гайхах, хохирогч тал нь зэвүүцэх, харааж загнах хандлагуудыг гаргадаг ч  миний л ажлын чиг үүрэг учраас  энэ бүгдэд   ач холбогдол өгөлгүй ажлаа хийдэг дээ. Бас нэгэн онцлог нь удирдах албан тушаалтны дарамт шахалт гэж байдаггүй, хуулийн хүрээнд хэнээс ч хараат бусаар ажилладаг нь сайхан. Гоёор хэлбэл өөрөө өөртөө  дарга. /инээв/

-Ажил мэргэжлээсээ авдаг хамгийн том мэдрэмж?

-Тухайн хүнтэй гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн үеэс л тэр хүний асуудал биднийх болдог. Тиймээс хэрэг маргаанаа  үйлчлүүлэгчдээ ашигтайгаар шийдвэрлүүлэх нь үнэхээр гоё бахдам мэдрэмжийг төрүүлдэг. Мөн амжилттай шийдвэрлэгдэх боломжтой доо гэж  таамаглаж байсан хэрэг дээрээ ялагдах мэдрэмж. Яагаад ч юм, хэсэгтээ  гутраад, утгагүй ч юм шиг санагдаад явчихдаг юм. Тиймээс энэ мэдрэмжийг олон авахгүйн тулд өөрөөс шалтгаалах, чадах  бүхнээрээ  хичээж ажиллахыг зорьдог доо.

-Таны хамгийн сэтгэл хангалуун өмгөөлөл?

Үйлчлүүлэгчээ цагаатгуулсан, хэргийг нь хэрэгсэхгүй болгуулсан, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангуулсан гээд л өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлт, дүгнэлтийг шүүх, прокурор хүлээн авч шийдвэрлэсэн бүх хэрэг буюу өмгөөлөлдөө өмгөөлөгч хүн хамгийн сэтгэл хангалуун байдаг. Дээр нь үйлчлүүлэгчид  өмгөөлөгчдөө бүрэн итгэж байгаа байдал. Ийм хоёр талын итгэлцлэл,  өмгөөлөл, процесс ажиллагаа цаанаасаа л нэг сэтгэл дүүргээд,  эцсийн үр дүн нь үнэхээр “cool” байдаг нь сайхан.

-Танд иргэд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ. Улмаар шүүх хурал болгон ялалт байгуулна гэж үгүй. Үүний дараа үйлчлүүлэгчдийн хандлага харилцаа ямар байдаг вэ?

-Хууль зүйн зөвлөгөө авч буй иргэдийн ихэнхи нь “манай эхнэр, нөхөр гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгээд байна, гуравдагч этгээд нь утсаар болон чатаар намайг доромжлоод сал гээд байна, эхнэр, нөхөр маань байнга архи ууж, агсам тавьж зодоод, хардаад байна, цаад хүнд нь хуулийн хариуцлага тооцуулмаар байна” гэсэн гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлаар ханддаг. Эдгээр гэр бүлийн асуудлуудыг өөрийн өнцгөөс харахад “анхнаасаа төлөвлөлтгүйгээр гэр бүл болсон, эцэг, эх, эхнэр, нөхрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, зөвхөн өөрийнхөө тухайн агшины аз жаргалыг илүүд үзэх, нэгнийгээ үл хүндэтгэх, үл сонсох” зэргээс улбаалан хоорондын харилцаа нь хөндийрч, бие биенээ хуурах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг нөхцөл байдалд хүрсэн байдаг. Зөвлөгөө авахаар ирсэн тэд хэцүү байна гэдгээ олонтаа илэрхийлдэг ч аль  алиных нь үйлдэл давхар хүүхдийн эрх ашиг, сонирхлыг маш ихээр хохироож, зөрчиж байгаа гэдгийг төдийлөн мэддэггүй, тоодоггүй нь харамсалтай.

Иймд хүмүүсийн хоорондын нарийн нандин харилцааг тэр бүр хуулиар зохицуулах боломжгүй учир хүн бүр гэр бүл болж, эцэг эх болно гэдэг бол багадаа айл гэр болж  тоглодог байснаас өөр зүйл гэдгийг хатуу ухамсарлаж, гэр бүлийн тогтвортой харилцааг эрхэмлэн, хайр дүүрэн зөв орчинд хүүхдээ өсгөж хүмүүжүүлбэл ирээдүйн гэр бүл, эхнэр, нөхрийн төлөвшил, хүмүүжил, хоорондын харилцааны суурь нь бат бөх тавигдана гэдэг утгаар гэр бүлийн асуудалд ухаалаг, хариуцлагатай ханддаг баймаар байна.   Таны асуусанчлан  шүүх хурал болгонд  ялалт байгуулна гэж байхгүй, үнэхээр хичээснийг минь мэдэж байгаа, эрсдэл, нөхцөл байдлыг ойлгож байсан үйлчлүүлэгч нарын маань зүгээс харилцаа хандлага харьцангүй гайгүй байдаг. Маш ховор тохиолдолд бодит нөхцөл байдлыг тайлбарлаад ч ойлгохыг хүсдэггүй, бурууг бусдаас хайж, шийдвэр гаргасан субьектыг буруутган гомдоллох, эсрэг талаа хардах, хэрэг дууссаны дараа тааралдахаараа дуугарахгүй байх, өмгөөллийн үйлчилгээний  хөлсөө дутуу өгөх зэрэг хандлага гаргаж байсан.

-Таны өмгөөлж байсан хэргүүдээс сэтгэлд үлдсэн санасандаа хүртэл хамгаалж шийдвэрлүүлсэн ямар хэрэг маргаан байдаг вэ?

-Эргээд бодоход олон л хэрэг сэтгэлд үлдэж дээ. Эдгээрээс 2012 онд онц аюултай гэмт хэрэгтэнд тооцогдсон этгээд айлаас хулгай хийгээд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн, 10-15 жил хорих ял оногдуулах санкцтай хэрэгт /шүүхийн шатанд нь/ өмгөөлөгчөөр орж байсан юм. Тэр үед миний бие төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээтэй ажилладаг, одоогийнхоор улсын өмгөөлөгчийн ажлыг давхар хийдэг байсан юм. Тус хэргийн яллагдагчийн дүү гэх залуу надтай холбогдоод ах маань шоронгоос суллагдаад удаагүй дахиад хэрэг хийчихжээ, тэр нь хүнд хэрэг гэнэ, өмгөөлөгч авах мөнгөгүй болохоор та өмгөөлөөд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу  ахад нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болсон. Хэргийн материалтай танилцахад тухайн хүний хулгайлсан эд зүйлийнх нь үнэлгээ хэдийгээр 200 мянга орчим төгрөг байсан ч онц аюултай гэмт хэрэгтэнд тооцогдсон этгээд байсан тул зүйлчлэл нь хүндэрсэн байсан. Эхлээд тус хулгайлсан зүйлийнх нь үнэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /140400 төгрөг/ хүрэх эсэхийг нь шалгая гэж бодоод барилгын материалын дэлгүүр орж судлахад 100 мянгаас дээш янз бүрийн үнэтэй байсан. Иймд Улаанбаатар хот уруу үнэлгээний компанид хүсэлт гаргаж үнэлгээ хийлгүүлээд, барилгын материалын дэлгүүрээдээс баримт авч шүүхэд нотлох баримтаар гарган өгч, тэр үед голдуу үнэлгээ хийдэг байсан орон тооны бус зөвлөлийн дүгнэлтийг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж холбогдох хууль зүйн үндэслэлийг нь тайлбарлан мэтгэлцээд дахин үнэлгээ хийлгүүлэн үйлчлүүлэгчдээ холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулж байсан. Намайг тус хэрэгт өмгөөлөгчөөр ороход хүмүүс наадах чинь тодорхой хэрэг дээ гэж байсан ч хэрэгсэхгүй болгуулж шийдвэрлүүлсэн болохоор сэтгэлд үлдсэн байдаг.

Oyun1

-Ажил амьдралдаа баримталдаг зарчим буюу бодол ухаарал бэлэглэсэн ямар торгон агшин байдаг вэ?

-“Өөрийнхөө хайртай хүнд хэлэхгүй үг, хийхгүй үйлдлээ бусдад битгий хэлж, хийж байгаарай” гэсэн үг надад их таалагддаг юм. Давхар энэ үгээр амьдралдаа баримталдаг зарчмаа ч илэрхийлж болох байх. Та тухайн хүнийг таних эсэх, хайрлах эсэхээс үл хамааран бүх хүн хэн нэгний хувьд хамгийн чухал нэгэн байдаг учраас өөрийнхөө бусдаас хүсдэг хүндлэл, хайр гээд энэ  бүхнийгээ бусдад хүсч, тойрон хүрээлэгсдэдээ хэрэгтэй, чухал нэгэн байхын тулд өөрийн тусалж чадах хэмжээгээрээ гэр бүл, найз нөхөд, хүмүүст тустай амьдрах юмсан  гэж боддог.

-Хобби сонирхол?

-10-н жилийн сурагч байхаасаа их сургуулиа төгсөх хүртлээ сонингийн өгүүллэг, зөвлөгөө, гэмт хэргүүдийн сонирхолтой хэсгүүдээс нь хайчилбар хийж, цуглуулдаг байсан. Одоо надад хэдэн хавтас дүүрэн сонингийн хайчилбар байгаа,гэвч сүүлийн жилүүдэд цуглуулгаа нэмж баяжуулсангүй ээ. Бас түлхүүрийн оосор, бал, явсан газруудынхаа  мөнгөн дэвсгэрт гээд цуглуулга байна аа, байна. Эндээс хүн хоббигоосоо эрч хүч аваад, тайвшраад сэтгэл цэлмээд орчин солигдох мэт  гоё  болдог шүү.  Тиймээс байнгын асуудал үүссэн хүмүүстэй харьцдаг өмгөөлөгч нарын хобби сонирхол нь өөрсдийнхөө сэтгэл зүйг эмчлэх нэг хэрэгсэл нь болдог байхыг ч үгүйсгэхгүй.

-Ер нь өмгөөлөгч хүн хувь хүн, гаднах байдлаасаа ямар хүн байх ёстой гэж боддог вэ?

-Нэг цаанаасаа л ухаалаг, ёс суртахуунтай, хүндэлмээр эерэг хүмүүс байдаг даа. Миний хувьд өмгөөлөгч хүн тийм л байх ёстой гэж боддог. Жишээ нь “З.Сүхбаатар өмгөөлөгчийг  хувь хүн талаас нь сайн танихгүй ч тухайн өмгөөлөгчийн гадаад байдал оюунлаг, асуудалд ул суурьтай ханддаг, шударга, өмгөөлөгч хүнд байвал зохих зан чанаруудыг агуулсан хүн  харагддаг. Тэгэхээр өмгөөлөгч хүн хувь хүн болоод гадна талаасаа бусдын итгэлийг дааж чадахуйц, хариуцлагатай, үнэн мөртэй, ёс зүйтэй, тууштай байх нь чухал гэж бодож байна.

-“Би өмгөөлөгч хүн шүү” гэх мэдрэмж ямар үед төрдөг вэ?

-Өмгөөллийн үйл ажиллагаатай холбоогүй ажлаас гадуур нийгмийн харилцаанд оролцож байх үед хэн нэг хүн зөв биш үйлдэл хийхэд буюу үйлдлийнх нь үр дагавар муу байхаар бол “Би өмгөөлөгч хүн шүү” гэсэн мэдрэмж төрж, тус хүний зохисгүй үйлдлийг нь ярилцаж ойлгуулах, дахин тийм үйлдэл гаргахгүй байх талаас нь хэлж анхааруулах зэрэг зөв нөлөөлөл үзүүлэхийг хичээдэг.

-Аав ээж, гэр бүл, нутаг ус, найз нөхдийнхөө тухайд?

-Би монгол орныхоо өмнөд хил хязгаарт орших хамгийн том газар нутагтай, байгалийн асар их баялагтай, стратегийн ач холбогдол бүхий том том ордуудтай, олон зуун км үргэлжлэх өргөн их говиудтай, эртний түүх соёлыг багтаасан байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудтай, хамгийн дулаан бүсүүдийн нэг Өмнөговь аймагт төрж өссөн хүн. Гэр бүлийн тухайд аав, ээж 2 маань хоёулаа найман хүүхэдтэй айлын дундах  нь бөгөөд би ч бас эцэг эхээс 8-уулаа байсан бол гоё байхгүй юу. /инээв/. Гэхдээ л  намайг ямар ч нөхцөлд байгаагаар минь хайрладаг, хамгийн цайлган, хөөрхөн дүүтэй. Харин миний бүтээсэн амьдрал гэвэл оюутан ахуй цагаасаа үерхсэн залуутайгаа гэр бүл болж унаган нутагтаа сайхан хүүгийнхээ хамт гурвуулаа аз жаргалтай л ажиллаж, амьдарч байна. Гэр бүлийн хүнийг маань Э.Дөлгөөн гэдэг бөгөөд мөн эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч хүн. “Хаа ч явсан цуг” гэдэг шиг гэртээ ч тэр, ажил дээрээ ч ханьтайгаа дандаа хамт байдаг. Нэг салбарын хүмүүс болохоор бие биесийхээ дутууг нөхөх, ойлгох  дэмжих хөглөх гээд   амьдралын бүхий л сайн сайхныг  хуваалцсаар  явна даа.

-Өмгөөллийн замналд тань хамгийн тус дэм  болж яваа хүмүүсийн тухайд?

-Дөнгөж өмгөөлөгч болоод 2, 3-хан шүүх хуралд ороод байсан үед нэг шүүгч маань өөрийнхөө туслахад “Оюунтунгалаг өмгөөлөгч шүүх хурал дээр өмгөөллийн байр сууриа нэг л сайн илэрхийлж, хэлэх гээд буй санаагаа бидэнд ойлгуулж чадахгүй байх шиг байна” хэрэв үйлчлүүлэгчийнхээ хэргийг хэрхэн шийдвэрлүүлэх гээд байгаа хуулийн заалтыг нотлох баримтуудтайгаа холбож тайлбарлавал илүү  ойлгомжтой санагдаад байх юм” гэж хэлснийг туслах нь найзад маань хэлсэн нь өмгөөлөгч болоод удаагүй надад үнэхээр чухал зөвлөгөө байсан.  Маш их  ч  баярласан. Эндээс  дутуу дулимаг зүйлүүдээ ойлгож, олж харсан. “ТАЛАРХМААР БАЙГАА БИЗ”. Тийм учраас  бусдын шүүмжлэлийг сонсохоос хэзээ ч татгалздаггүй, харин ч тус болдог доо.

Д.Гэгээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо.

Д.Амгалан нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2022 онд магистрын зэрэг хамгаалсан. Мөн Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийг Төрийн захиргааны менежментээр төгссөн бөгөөд 2006 оноос өнөөдрийг хүртэл төрийн албанд ажиллаж буй чадварлаг мэргэжилтнүүдийн нэг юм.

Түүний ажлын туршлагаас танилцуулбал,
• 2005-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд дадлагажигч багш
• 2006-2008 онд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Хууль, эрх зүйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
• 2008-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
• 2013-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтэс, төв, тасгийн дарга
• 2016-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
• 2019-2022 онд Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
• 2021-2023 онд Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга, Захиргаа удирдлагын газрын дарга
• 2023 оноос Нийслэлийн ЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын даргаар ажиллаж, өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогдлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар өнөөдөр Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус сургууль цахилгаан шаттай болсноор давхар хооронд явахад бусдын туслалцаа шаарддаг байсан сурагчид өөрсдөө бие даан саадгүй зорчих боломжтой болох юм. Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн 609 дэх, Баянзүрх дүүрэгт хэрэгжих 24 дэх төсөл боллоо.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эхийн алдар” одонгийн мөнгө 400 мянга болж, 2 дахин нэмэгдлээ

2025 оноос “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болсныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдлээ.

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдээ дэмжих бодлогын нэг хэлбэр нь “Алдарт эх”-ийн одон, үүнийг дагалдах мөнгөн дэмжлэг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энхийг сахиулагчид сайн үйлсийн аяны хүрээнд нэг алба хаагчийг гэртэй болголоо

Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын  “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчид мөр зэрэгцэн ажиллаж байгаа нэг алба хаагчийг гэртэй болголоо.

Тодруулбал, энхийг сахиулагч алба хаагчид ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн сантехникийн слесарь Д.Сумъяад өргөө цагаан таван хана гэрийг бэлэглэсэн юм.

 Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид хуримтлал үүсгэн Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа  болон  ахмад ажилчидь иргэдэд гэр бэлэглэдэг сайн үйлсийн аяныг 2017 оноос хойш зохион байгуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилуулжээ

Чингэлтэй дүүрэгт 2022 оноос “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн Монгол Улсын телехяналтын тоног төхөөрөмжийн (MNS6423:2019) стандартыг хангасан 4 мегапиксел үзүүлэлттэй 145 ширхэг камерыг анх 61 цэгт байршуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 2539 камерыг 21 хороонд байршуулаад байсан юм. Тэгвэл тус дүүргийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камерыг байршуулах ажил дуусаж, Телехяналтын нэгдсэн камерын төвд холбожээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Дүүргийн 17 дугаар хорооны хэсгүүдэд камер суурилуулах ажил дууссан. Ирэх онд үлдсэн 18, 23 дугаар хороог камержуулснаар дүүргийн 24 хороо бүгд хяналтын камертай бүс болж байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Телехяналтын нэгдсэн камерын төвтэй холбогдон дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг хянаж, гэмт хэрэг зөрчлийн урьдчилан сэргийлэлт болон илрүүлэлт нэмэгдэх юм” гэлээ.

ЧД-ийн ЗДТГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа