Author Archives: baaska baaska

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна.

 Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын одоогийн байдлыг үнэлэхэд 4 аймгийн 10 сум цагаан зудын, 10 аймгийн 40 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгаа юм.

Цаашид буюу энэ нэгдүгээр сарын урьдчилсан мэдээгээр нутгийн төв болон баруун хагаст буюу зудын эрсдэл ихтэй бүс нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин зүүн хагаст дунджийн орчим, хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа тул цаашид өвөлжилт улам хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин тахиа өдөр

–Аргын тооллын 1 дүгээр сарын 4. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 5, харагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал шороо, од чөдөр-23, шид барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:13.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Харин туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, модны үйл, нүүдэл хийх, хүнийг ханаж, төнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдах, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйл муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 12 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

4-7-нд уулархаг нутгуудаар ялимгүй цас орно.

2025 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,

Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газраар -1…-6 градус,

бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -12…-14 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа
2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2025 оны эхний 100 хоногт багтаан тодорхой үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгавар гарч, Засгийн газрын гишүүдэд үүрэг даалгавар өглөө.
Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа. Үүнд,
-Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулах,
-“Хүннү-ухаалаг хот” дагуул хот байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,
-Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудын барилга угсралтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх,
-“Дулааны II цахилгаан станц”-ыг өргөтгөх, шинээр “Дулааны V цахилгаан станц” барих асуудлыг судалж танилцуулах,
-Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх төслийн эдийн засгийн үр ашигийг судалж, хэрэгжүүлэх,
-Гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох дулаалгын төсөл хэрэгжүүлэх,
-Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг шинээр болон өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон салбар бүрд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгав. “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулж, гурван Шадар сайд ахалж, холбогдох сайд нар ажиллахаар тогтлоо.
Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болон бусад томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”, ОХУ-аас БНХАУ руу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой, “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, ”Зөөвч овоо”, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Говийн бүс нутгийг усжуулах , “Атрын IV аян”, “Шинэ Хархорум” хот зэрэг төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарч үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо.
 
Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ
Нийслэл Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцууллаа.
Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.  Орц гарц цөөнтэй, хотын замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, Азийн авто замын сүлжээг нэмэгдүүлнэ, Улаанбаатар хотыг тойрон гарах боломжийг бүрдүүлнэ, зорчих хурд 80-100 км/ц байхаар тооцжээ.
Энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендер зарлаж, гуравдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын өнөөгийн нөхцөл байдал, ирэх гурван жилийн зорилтыг хэлэлцлээ
Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, ирэх гурван жилийн зорилтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан болон 2024 оны гүйцэтгэлээр ашигтай ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК-уудын үйл ажиллагааны талаар танилцуулжээ.
Уул уурхай, иргэний агаарийн тээвэр, банк санхүүгийн салбарын эдгээр таван компани, үйлдвэрийн газар 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар нийт  15 их наяд 304 тэрбум төгрөгийн орлого олж, есөн их наяд 247 тэрбум төгрөгийн зардал гарган дөрвөн их наяд 504 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган хүн ажиллаж байна.
Эдгээр компани, үйлдвэрийн газар 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө эзэмшиж, 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олж, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Нэгдсэн дүнгээр таван их наяд шахуу төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч нийт цэвэр ашгийн дүнгийн 4.75 их наяд төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Төрийн банк” зэрэг таван компани, үйлдвэрийн газар,  380 тэрбумыг нь  бусад 51 компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ. 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөг байна.
Засгийн газраас Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эрхзүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд Төрийн өмчит компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, бүтээмжтэй, үр өгөөжтэй явуулах тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

МУ-ын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.

“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах бөгөөд үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болголоо.

Мөн зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг дэмжиж, шинэлэг шийдэл, инноваци, технологи шингээсэн, стандартад нийцсэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв E-Mongolia системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харах боломжтой юм байна. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар бич өдөр

-Аргын тооллын 1 дүгээр сарын 3. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 4, хар бич, мэнгэ 2 хар, суудал гал, од тооно-22, идэр барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:12.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах маш сайн. Харин бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, эвлүүлэх, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэл, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 13 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.

2025 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газар, Дорнодын тал нутгаар -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -13…-15 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

Гэр бүлээрээ, хамт олноороо, анд найзуудаараа 2024 оны амжилт бүтээл, ухаарал сургамжаа дүгнэж, 2025 онд хийх ажлаа төсөөлөн төлөвлөж, он солигдох торгон агшныг хүлээж буй эрхэм Монголчууддаа, хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол ахан дүүс Та бүхэндээ, ажил амьдралаараа Монгол Улстай холбогдсон хүн бүрд шинэ оны баярын мэнд дэвшүүлж байна.

Та бид хамтдаа хил хязгаар хаалттай, түлш шатахууны хомсдолтой ковид, дайн зэрэгцсэн шинэ жилийг угтаж байсан.

Гэсэн ч боомтын сэргэлтийн бүтээн байгуулалтын ажлууд жигдэрч, агаарын тээвэр либеральчлагдаж, ковидын өмнөх үетэй харьцуулахад аялал жуулчлал сэргэж, жуулчдын тоо хоёр дахин өссөн.

Та бид хамтдаа Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схем Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж, Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд зарлагдаж, Тавантолгойд онц байдал тогтоогдож, төрийн сангууд цахим системд ил болж, иргэдийн мэдэх эрх хангагдаж, жагсаал цуглаантай шинэ жилийг угтаж байсан.

Гэхдээ Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, гадаад бондуудын өрүүд төлөгдөж, зээлжих зэрэглэл сайжирч, Үндсэн хуулиар 126 гишүүнтэй шинэ парламент сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэж, ардчиллын хоёрдахь давалгаа эхэлсэн.

Эрхэм Монголчууд аа!

2024 он Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэх онцлог үйл явдлаар баялаг жил болон өнгөрч байна.

Шинэ тогтолцооны дагуу Монгол Улсын парламентын түүх 1992 оноос 2024 он, 2024 оноос цааш гэж бичигдэхээр болж байна. Шинэ парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Азидаа тэргүүлж эхэллээ.

Нийт 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон гишүүд байгаа нь улс төрд томоохон хэмжээний үе солигдох үйл явц 2024 онд болсныг харуулж байна. Шинэ парламент анх удаа улсын төсвийг алдагдалгүй баталж, олон жил гацсан хөгжлийн төслүүдийг дэмжиж эхэлж байгаа нь шинэ тогтолцоо ажиллаж байгаагийн эхний үр дүн гэж Ерөнхий сайдын хувьд харж байна.

Улс төрийн намууд хамтарч “Алсын хараа-2050”урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхийн тулд “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөр дэвшүүлж, хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах 14 мега төслийг зарласан.

Засгийн газар 100 хоногтоо багтаж, 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо.

34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн  хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц ашиглалтад орж чадлаа.

2003 оноос хойш 60 гаруй удаа хэлэлцээ хийсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээр, сүүлийн 20 гаруй жил мэтгэлцсэн Бадрах Энержи-Оронагийн уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурал батлах нэгдсэн шийдэлд хүрлээ.

2024 онд эдийн засаг таван хувийн өсөлттэй гарч, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно.

Цаашид Сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Газрын тосны үйлдвэрийн 4-р багц ажил, Хийн хоолойн төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийг шийдвэрлэх болно.

Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх жил болгон зарласан.

Энэ боломжийг ашиглаж, нийслэлчүүд Та бүхнийг газар чөлөөлөлтөөс эхлээд хүнд шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье.

2024 онд Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34 хувь Иргэдийн хадгаламжийн данс болон төвлөрлөө. Оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаж байна. Та бүхэн баялгийн сангийн өсөлтийг Е-Mongolia дээр тогтмол харах боломж бүрдсэн.

Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ.

Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ бол сүүлийн гурван жилийн Та бидний хамтын тэмцлийн үр дүн бөгөөд баялгийн ерөөл тогтолцооны хувьд эхлэх цэг юм.

Хамтарсан Засгийн газар ордны өрөөнд шигдэн суухгүйгээр олон нийтийн дунд, их бүтээн байгуулалтын төв цэгт Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.

Монгол Улсын хурдтай хөгжлийн төлөө эд эс бүхэн нэгдэж, уураг тархи бүхэн улайстал ажиллах болтугай!

Та бүхэндээ Шинэ жилийн мэнд дэвшүүлье!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Шинэ он гарах баярт агшныг сэтгэл догдлон хүлээн суугаа Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2024 он Монгол Улс болон дэлхий дахинаа онцлог үйл явдлаар дүүрэн өндөрлөж байна. Дэлхийн олон оронд парламентын сонгууль болж, парламентат ёс, ардчиллын хөгжилд ололт, сорилтын аль алиныг үлдээлээ.

Монголчууд бид Улсын Их Хурлын болон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулиа амжилттай зохион байгуулж, эрх зүйт ёс, ардчиллын төлөө байгаагаа олон улсад дахин нотлон харуулснаараа бахархах учиртай.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор Та бүхэн анх удаа 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулснаараа парламентат ёсны түүхэндээ нэгэн шинэ хуудас нээлээ.

Шинэ парламент улс төрийн таван нам, эвсэл болон нийгмийн олон бүлэг, салбарын төлөөллөөс бүрдэж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь Та бидний хамтын ололт, амжилт юм. Энэ үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Олон нийтийн өргөн хэлэлцүүлэг, улс төрийн намуудын удаа дараагийн нээлттэй зөвшилцөл зэрэг олон талт механизмыг ашиглан энэхүү дэвшилд хүрч чадсан. Нийгмийн зөвшилцөл, ойлголцол бол Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд чухал зарчим мөн гэдгийг онцлон тэмдэглэе.

Энэ удаагийн парламентын үнэт зүйл мөн үүнд чиглэж байна. Улсын Их Хурал ирэх дөрвөн жилийн стратегиа баталж нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тэргүүн эрэмбэд тавилаа. Тиймээс цаг үеийн шаардлагад нийцүүлэн хуулийг цаг алдалгүй, чанартай баталдаг болох, хууль ба журмын заагийг тодорхойлж зохистой харьцааг хангах, хуулийн биелэлтэд тавих хяналтыг тогтмолжуулах, парламентын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зэрэг олон чухал ажил биднийг хүлээж байна. Үүний гол зорилго бол хуулийн дор хүн бүр эрх тэгш байхад оршино.

Эх орон, элэг нэгт Монголчууд аа,

Манай ард түмэн амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн ерөөдөг билээ. Шинэ оныг угтах мөчид хүн бүр өөдрөг сайхан хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, гэрэл гэгээгээр дүүрэн байдаг нь энэ баярын гайхамшиг юм.

Та бүхний ерөөл биелж, хүн бүр эрүүл энх байж, хүүхэд багачууд элбэрэл хайраар бялхаж, өргөө гэр нь аз жаргалаар дүүрэн, ажил үйлс нь амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе. Айлчлан ирж буй 2025 оны шинэ жилийн баярын мэндийг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024-2025 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.

Мэндчилгээнд:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Он солигдож буй энэхүү торгон мөчид халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ шинэ оноо угтахаар баяр баяслаар дүүрэн, сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ жилийн баяр бол айл өрх, ард олноороо ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр дүүрэн байхын эхлэл болдог хүн төрөлхтний баяр билээ.

Улиран одож буй 2024 он монголчууд бидний хувьд төдийгүй дэлхий ертөнцийн хувьд түүхэн онцлог үйл явдлуудаар дүүрэн он байлаа.

Төрт ёсны аугаа түүхтэй, төв Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улс өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засгаа байгуулж байсан бахдам сайхан түүхтэй ард түмэн билээ.

Манай ард түмэн энэхүү түүхт ойн жил ардчилсан төр, засаг, парламентат ёсоо улам бататган бэхжүүлж, анхны 126 гишүүнтэй УИХ-ыг сонгон, төр, засгаа эмхлэн байгуулж, парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө Ази тивдээ тэргүүлсэн онцлог жил байлаа.

Энэ жил манай улсын эдийн засаг таван хувиар өсөж, гадаад валютын албан нөөц таван тэрбум ам.долларт хүрч, инфляц нэг оронтой тоонд хадгалагдаж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспортын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарлаа.

Мөн төсвийн сахилга батыг сайжруулах шинэ зарчим тогтоон, манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн жил боллоо.

Манай улсын гадаад харилцаа, гадаад бодлого олон улсын тавцанд улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр, дээд олон айлчлал болж, монголчууд бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа.

Энэхүү олсон ололт амжилтаа улам бататган, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, засаж сайжруулж, ажил үйлсээ улам эрчимжүүлж, шат шатандаа ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эрч хүчтэй, эмх цэгцтэй, эх оронч, эв нэгдэлтэй ажиллах нь монголчууд бидний ирж буй шинэ оны эрхэм зорилго байх учиртай.

Тиймээс бид Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Айл саахалт, анд нөхөд, халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ шинэ оноо сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэж, ирж буй ондоо эрүүл чийрэг, идэр жавхаатай, эрч хүчтэй, эв эетэй байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Он солигдож буй энэхүү торгон мөчид эх орныхоо дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө хүчин зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2025 онд айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхийд энх тайван тогтож, хүн төрөлхтөн амар амгалан аж төрөх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сайжруулсан шахмал түлшний чанар, орц найрлагыг БНХАУ, БНСУ, Япон улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна

Улаанбаатар хотын агаар бохирдлыг бууруулах зорилгоор шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Тодруулбал, УОК-ын даргын хувьд чиглэл өгч “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний чанар, орц стандартад нийцэж байгаа эсэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ямар найрлага байгааг шинжлүүлэхээр БНХАУ, БНСУ, Япон улсын итгэмжлэгдсэн лабораторид бүтээгдэхүүний дээжийг явуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон Англи улсын итгэмжлэгдсэн лаборатори болох SGS-д шинжлүүлж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолтыг Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаа 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагийн хооронд болно

Нийслэлээс жил бүрийн шинэ жилийн баярын өдрүүдэд, 9 дүүрэг болон Д.Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид иргэд Д.Сүхбаатарын талбайд цуглаж, хамтдаа шинэ оноо угтдаг болсон бөгөөд цугларсан иргэдэд зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” урлагийн тоглолтыг зохион байгуулж ирсэн. Энэ уламжлалын дагуу “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолтыг Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаа 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулна.

Шинэ жилийн баярын нэгдсэн тоглолтоос гадна төв талбайд тус өдрийн 18:00-24:00 цагийн хооронд дулаан тохилог дулаан асарт урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ эрхлэх, халуун хоолны явуулын цэгүүд ажиллаж, иргэд олон нийтэд хүргэнэ. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй газруудад улсын (ахлах) байцаагч, албан хаагчид хяналт тавьж, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллахаас гадна эмнэлгийн яаралтай тусламжийн баг бэлэн байдлыг ханган ажиллах юм.

Олон нийтийн үйл ажиллагааг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэн хүүхэд хамгааллын хөдөлгөөнт үйлчилгээ буюу шар хантаазтай мэргэжилтнүүд ажиллаж эрсдэлд өртсөн, эцэг эх асран хамгаалагчаасаа төөрсөн хүүхдийг нийслэлийн Соёлын төв өргөөний 1 давхар 104 тоотод түр байршуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, эцэг, эхэд нь хүлээлгэж өгөх юм.

Мөн иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах онцгой байдлын 70 алба хаагч гал унтраах зориулалтын 2 автомашинтай, он солигдох мөчид ёслолын буудлага хийх үеийн аюулгүй байдлыг хангуулан хамгаалалт, зохицуулалтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Д.Сүхбаатарын талбай болон баг тойруугаар 107, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 485 алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Түүнчлэн “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолт, шинэ жилийн баярын үйл ажиллагааны дараа 18 их багтаамжийн автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолуудаас 18 чиглэлд Шархад, Офицеруудын ордон, Жанжин клуб, Улиастай, Сэлбэ амралт, Толгойт, Улаанчулуут, Орбит, Зүүн салаа, Баруун салаа, 5 шар, Зайсан, Нисэх, Яармаг, 3,4 хороолол, Хайлааст, Чингэлтэй /Зүрх уул/, Баянхошуу чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулж баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн. Энэ хугацаанд Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр зам, Монгол Улс, Франц улс хамтран хэрэгжүүлэх “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэх шатанд орлоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ярилаа.
Ерөнхий сайдын албан даалгавар гарч дараагийн төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Эдгээрт Газрын тос боловсруулах цогцолбор, Зэс боловсруулах болон Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Гангийн үйлдвэр, Тавантолгойн дулааны станц, Говийг усжуулах төсөл, Атрын IV аяныг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Мөн 2025 оныг  “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Богдхан уулын туннель, Туулын хурдны зам, Ган татлагат гүүрийн төслийг хэрэгжүүлэхээр эрэмбэлсэн байна.

Төрийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулж баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдаан энэ сарын 24-нд болж тус хорооны ажлын албаны ажиллах журам, үндэсний хорооноос ойрын хугацаанд яаралтай хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж холбогдох яамдаас санал авах ажлыг зохион байгуулж байна. Мөн үндэсний хорооны гишүүн байгууллагуудад холбогдох үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдааныг 2025 оны эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийслэл Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ноцтой аюул учруулах нөхцөл үүсгэж байгаа тул дээрх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Эдгээр асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.  Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм. Утаа, түлш зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл солилцох, эдгээртэй холбоотой шийдвэрийг цаг алдалгүй гаргах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгууллаа.  Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийх юм.
Мөн нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос эрдэмтдийн зөвлөлийг байгуулж шийдлийг танилцуулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, автомашинаас агаарын чанарт үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, Евро-5 шатахууны талаар, дулаалгын шийдлүүд зэрэг тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна.
“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах туршилт хийж, туршилтын дээжийг гадаад орны итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлэх ажлыг зохион байгуулах,
Яндангүй бүсийн хил хязгаарыг тогтоож, хийн болон давхар шаталтат зууханд хамруулах айл өрхийн тоо, зураглалыг гаргаж дэд бүтцийн бэлтгэл ажлыг яаралтай  эхлүүлэх,
Сургуулийн амралт эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшингийн дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч, галлагааны горимыг баримталж, угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх талаар зөвлөмж сэрэмжлүүлэг тараах,
Улаанбаатар хотын 2019-2020 онтой харьцуулсан хэмжилтээр агаарын бохирдол ихэссэн шалтгаан нөхцөлийг тодорхойлох ажлын хүрээнд шахмал түлшний барьцалдуулагч, мидлингэд шилжилгээ хийж, дүгнэлт гаргах,
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах зэрэг ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлнэ
Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх талаар нийтлэг журам баталсан байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгов.
Уг журамд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн болон санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Үүнд:

1.Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах;

2.Байгаль орчинд ээлтэй дулаан, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

3.Гэр хорооллын бүсэд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, пассив барилгын стандарт болон ногоон санхүүжилтийн шаардлага хангахуйц бие даасан инженерийн шийдэлтэй хороолол барьж байгуулах;

4.Авто замын сүлжээг өргөтгөх;

5.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх;

6.Нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих зэрэг болно.
Татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг Сангийн яамнаас зөвлөмж болгосон загвараар боловсруулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа