Author Archives: baaska baaska

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.07.29/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ 

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, тулгамдсан асуудлын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 573 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж буй бөгөөд бэлтгэл ажил 57 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм.

Үүнд:

-Дулааны V цахилгаан станц барих талбайн үнс чөлөөлөх ажил 20 хувьтай явж байна. Дэд бүтцийн трассын нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25 ААН газраа бүрэн чөлөөлсөн.

-Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын III ээлжийн ажил 21 хувьтай. 2027 оны 12 дугаар сард ашиглалтад оруулна.

-Улаанбаатар хотын 17 байршилд 18.9 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил 62.5 хувийн гүйцэтгэлтэй.

-3053 шугам тоноглол, цахилгаан дамжуулах, агаарын шугамын засвар үйлчилгээ 97.1 хувийн гүйцэтгэлтэй.

-Орон сууцны хороолол дундах шугам сүлжээг шинэчлэх ажлыг 19 байршилд хийж, 15 км шугам, сүлжээг шинэчилсэн.

-Ус тогтдог 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам угсралт 72 хувь,  үерийн ус зайлуулах далан сувгийн ажил 55 хувьтай.

-2026-2027 оны өвөл зам талбайн хальтиргаа гулгаанд 11,025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцөлнө.

-2027 оны хаврын улиралд нөөцийн мах бэлтгэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг 2 удаа зарлаж, 20 ААН оролцон 11590 тонн мах бэлтгэх хүсэлт ирүүлснийг зээлийг судлахаар арилжааны банкуудад хүргүүлсэн

-Улаанбаатар хотод боловсролын салбарт 131 арга хэмжээ, эрүүл мэндийн салбарт 23 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгааг тус, тус онцоллоо.

Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг 8 дугаар сарын 15-ны өдрөөр бүрэн дуусгавар болгох бол гэрт ойрхон сургууль буюу “Хотхоны бага сургууль” байгуулах ажил эхэлсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва онцоллоо. Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Өнөө жил халаалтын улиралд 435 борлуулалтын цэгээр 280, 000 тонн хагас коксон түлш, 120,000 тонн сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд борлуулна. Усан халаалтын зуух эзэмшиж буй аж ахуйн нэгж, айл өрхүүд түүхий нүүрснээс татгалзаж, мидлинг ашиглаж эхэлсэн. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүрэгт 800 өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх, Азийн хөгжлийн банктай хамтран Баянзүрх дүүргийн 303  айл өрхийг шахмал түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажил эхэллээ.

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжлүүлэх чиглэл өглөө

Төв, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бусад аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Улмаар, аймаг бүрд тулгамдаж буй асуудлыг шийдэх чиг үүргийг салбарын сайдуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгов.

Тухайлбал,

-Архангай аймгийн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, Өндөр-Улаан сумын цахилгаан дамжуулах модон шугамыг үе шаттай төмөр бетон тулгуурт шилжүүлэх, зарим сумын ЭМТ, аймгийн Мал эмнэлгийн газарт тулгарч буй автомашины асуудлыг шийдвэрлэх

-Төв аймагт хүнсний ногооны зоорь агуулах, нэмэгдүүлэх, ургац хураалтад шаардагдах түлшний асуудлыг шийдэх, Хүннү хотын эдэлбэр газраас Дулааны цахилгаан станцыг шинээр барихад зориулан 30 га газар шийдвэрлэх

-Завхан аймгийн Дулааны цахилгаан станцын ажлыг хэвийн үргэлжлүүлэх, зүүн аймгуудаас хадлан бэлтгэхэд зориулж газар олгох, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, зарим сумдын Эрүүл мэндийн төвд автомашин шийдвэрлэх

-Баянхонгор аймгийн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, ДЦС-ын ажлын хэвийн явуулах, хадлан бэлтгэх газрын зөвшөөрөл шийдэх

-Өвөрхангай аймагт баригдаж буй ДЦС барих төслийг хэвийн үргэлжлүүлэх, Дорнод аймгаас хадлан тэжээл бэлтгэх газар шийдэх, зарим сумдын ЭМТ-ийн автомашины асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох сайдуудад тус, тус үүрэг болголоо.

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Шатахууны хангамжийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс Ойрх Дорнод дахь мөргөлдөөн дахин хурцадмал байдалд шилжсэнтэй холбоотойгоор сүүлийн 10 хоногт тогтмол өсөж, 100.34 ам.долларт хүрсэн ч мөн сарын 24-ний өдрөөс бага зэрэг буурч, 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 87.89 ам.доллартай тэнцэж байна.

Монгол Улсын гол ханган нийлүүлэгч ОХУ-ын тухайд “Шатахууны тухай хууль”-ийг баталж, шатахуун, онгоцны түлшний экспортод бүрэн хориг тавих, худалдан авалтын хязгаарлалт тогтоож эхэлжээ. Гэсэн ч “Роснефть” компани өмнө нь байгуулсан гэрээний дагуу 2026 оны 03 дугаар сараас хойш АИ-92 автобензинийг тонн тутмыг 705 ам.доллароор нийлүүлж ирсэн ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн 3 сар дарааллан 30-аас дээш хувиар нэмэгдсэн учраас тогтмол үнийг дахин хэлэлцэх нөхцөл байдал үүсчээ. Нийлүүлэгч талтай хэлэлцсэний үр дүнд 07 дугаар сараас ОХУ-ын дотоодын биржийн үнэд суурилсан үнээр нийлүүлж эхлээд байгаа юм. Улмаар, дотоодын зах зээл дээрх АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэн бол дизелийн үнэ 100-150 төгрөгөөр буурчээ.

Монгол Улс 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 37 мянган тонн буюу 17 хоног, дизель түлш 91 мянган тонн буюу 23 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.

Өнөөдрийн байдлаар 18 ААН-ийн 22ш 250 мянган тонны шатахууны агуулах барих арилжааны банкны зээлийн шийдвэр албажиж, хариуцлагын гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажил эхэлснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Төслүүдийн барилга угсралтын ажил харилцан адилгүй буюу 5-85 хувьтай явагдаж байна. 4-12 сарын хугацаанд бүрэн ашиглалтад орж дуусна.

“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо хуралдсан бөгөөд чуулганы үр дүнгийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

2026 оны 7 дугаар сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын статустайгаар оролцжээ. Чуулганд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Франц улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил, БОУАӨЯ, ГХЯ, ССАЖЗЯ, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, үндэсний шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцов.

Чуулганаар Монгол Улсаас “Дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн 1972 оны Конвенцын дагуу “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд” соёлын өвийн зүйлийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр дэвшүүлэн, бүртгүүллээ. Монгол Улс өмнө нь 6 өвийг “Дэлхийн соёлын өв”-д бүртгүүлсэн байдаг.

Засгийн газраас цаашид шинээр бүртгүүлсэн Хүннүгийн дурсгалууд өвийн цогцолбор бүхий газрууд буюу Ховд аймгийн Манхан, Архангай аймгийн Өндөр-Улаан, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянцагаан, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад улсын хамгаалалтын бүсийг тогтоох, өвийн үндсэн газар нутгаас гадна эргэн тойрныг хамгаалах, хилийн зааг зурвасыг баталж, газар олгохыг хориглох юм.

“ЮНЕСКО”-гийн шаардлагын дагуу дараагийн 5-10 жилд хамгаалах, сэргээн засварлах, судалгаа шинжилгээ хийх тухай “Нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г Засгийн газраас эцэслэн батлах шийдвэр гарлаа. Түүнчлэн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг тогтмол хүргүүлэх, “ЮНЕСКО”-гийн зөвлөх байгууллага болох “ISOMOS”-ын шинжээчид ажиллах боломжийг хангах, зардлыг шийдэх, хадгалалт, хамгаалалтаас гадна соёлын өвийн үнэ цэнийн талаар нутгийн иргэдэд ойлгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.29/ Монголбанкны Ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцэн, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэдээс ирүүлсэн 300 орчим саналын дийлэнх нь төрийн үйлчилгээний хүндрэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийн дарамттай холбоотой асуудлыг хөндсөн байна. Эдгээрээс хамгийн олон давтагдсан нь Зээлийн мэдээллийн сан, иргэдийн нэрлэж заншсанаар “Хар жагсаалт”-тай холбоотой асуудал байсныг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Улсын Их Хурал иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлээ бүрэн төлсөн иргэдийг удаан хугацаанд сөрөг бүртгэлд үлдээдэг тогтолцоог халж, олон улсын жишигт нийцсэн зээлжих чадварын онооны тогтолцоог хуульчилсан. Гэвч бодит хэрэгжилт хангалтгүй, хууль, журмыг бүх банк, санхүүгийн байгууллага жигд мөрдөхгүй байгаа талаар иргэдээс санал, гомдол ирсээр байгааг УИХ-ын дарга тодотгов.

Иймд Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг бодитой хангаж, иргэдийн зээлийн мэдээллийг үнэн зөв, шуурхай шинэчлэх, зээлжих чадварын онооны тогтолцоог ил тод, шударгаар хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкинд дараах үүргийг өглөө. Үүнд, мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд хуульд заасан хугацаанд мэдээллээ шинэчилж байгаа эсэхэд нэгдсэн хяналт шалгалт хийх, зээлжих чадварын оноог мэдээллийн өөрчлөлттэй уялдуулан шуурхай шинэчилдэг тогтолцоог бүрдүүлэх, бага дүнтэй болон бүрэн төлөгдөж хаагдсан зээлийн мэдээллийг хадгалах хугацааг дахин судалж шинэчлэх, иргэд өөрийн зээлийн мэдээлэл болон оноонд нөлөөлсөн хүчин зүйлсийг нээлттэй харах боломжийг бүрдүүлэх, алдаатай мэдээллийг нэг цонхны зарчмаар цахимаар залруулдаг тогтолцоог нэвтрүүлэх, зээл олгохоос татгалзсан үндэслэлийг иргэнд тайлбарладаг нийтлэг шаардлагыг мөрдүүлэх, онооны тогтолцооны хэрэгжилтийн талаар улирал тутам олон нийтэд мэдээлэх, Зээлийн мэдээллийн санд зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэдээллийг бүртгэдэг болохыг үүрэг болголоо. Мөн дээрх арга хэмжээний хэрэгжилт болон шаардлагатай хууль, журмын өөрчлөлтийн саналыг 30 хоногийн дотор танилцуулж, бодит үр дүн гарган ажиллахыг Монголбанкны удирдлагад үүрэг болголоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Зээлийн мэдээллийн тогтолцоо нь иргэнийг насан туршид нь эдийн засгийн дарамтад байлгах бус, санхүүгийн сахилга бат, төлбөрийн чадварыг шударгаар үнэлдэг тогтолцоо байх ёстой хэмээгээд, Улсын Их Хурал иргэдийнхээ дуу хоолойг сонсоод өнгөрөхгүй, тодорхой хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтийг нь шаардаж ажиллана хэмээн онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн 71 асуудлаар 16 удаа асуулт, Улсын Их Хурлын 40 гишүүн 129 асуудлаар 27 удаа асуулга тавьжээ.

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан саналыг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар асуултын хариуг 1 удаа, асуулгын хариуг 2 удаа хэлэлцжээ.

Тодруулбал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаарх асуултын хариуг сонсон хэлэлцсэн бол Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хандсан Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонсон хэлэлцсэн байна.

Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын  гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Ц.Мөнхбат, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг хэлэлцжээ.

Улсын Их Хурлын гишүүний асуулга, асуултыг хандсан байгууллагаар нь авч үзвэл Монгол Улсын Ерөнхий сайдад 19 удаа, Боловсролын сайдад 6 удаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдад 3 удаа, бусад байгууллагад 1-2 удаа хандаж асуулга, асуулт тавьсан байна.

ch02Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороодын хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын нийт 51 удаагийн тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 425 гишүүн 1104 асуулт асууж, үг хэлсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар “Сэлбэ” орон сууцжуулах төслийн талбайд өнөөдөр ажиллалаа.
Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл болон спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.

Төслийн нийт гүйцэтгэл 36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 машин, механизмтай ажиллаж байна. Дөрвөн багц ажлын хүрээнд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалтад долоон ААН ерөнхий гүйцэтгэгчээр шалгарчээ. Бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаагаараа онцлогтой. Төслийн газар чөлөөлөлт 96 хувьтай байна. 2027 онд төслийн орон сууцны хэсгийг ашиглалтад оруулах бол 2028-2030 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал төслийн талбайд ажиллах үеэрээ борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулахыг албаныханд үүрэг болголоо. Ингэхдээ ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглахыг даалгав. Мөн эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжинэ гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээний энэхүү загвар төсөл нь цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад жишиг болно. Энд иргэдийн өдөр тутмын хэрэгцээт бүх үйлчилгээг цогцоор нь шийдсэн байх юм. Мөн нийт 58.11 га талбайд ногоон байгууламж байгуулна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эдийн засгийн тусгай бүс байгуулснаар бизнес эрхлэгчид татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг эдэлж, үйл ажиллагаа явуулахад таатай болно” гэв.

“Сэлбэ” орон сууцжуулах төсөлд оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зорилгоор барилгын салбарын орчин үеийн дэвшилтэт материал, технологийн шийдлүүдийг нэвтрүүлж буй. Тухайлбал, цэвэр усны дотоод шугам сүлжээг зэс хоолойгоор бүрэн шийдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг бууруулах гурван давхар шилэн цонх, бат бөх метал фасад, өндөр үзүүлэлттэй шилэн хөвөн дулаалгыг ашиглаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх луу өдөр

Аргын тооллын 7 сарын 29. Лхагва (Буд) гараг (2026)
Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 15, жил өдөр хөх луу, мэнгэ 6 цагаан, суудал ус, од элдэв тэнгэртэн-20, идэр барилдлагат. Сарын цээр өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:24-20:32.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 07-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн баруун хагаст бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17…+22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34…+39 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +23…+25 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр зуншлагын байдал долоодугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 10 орчим хувьд муу, 40 гаруй дунд байна.

Үүнд,Баянхонгор, Өвөрхангайн зарим, Говь-Алтай, Завхан, Дундговь, Өмнөговь, Дорноговийн цөөн сумдын нутгаар муу. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөлийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтий, Дорноговийн зарим, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн ганц нэг сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс,

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал нутгаар үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 07-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэрлэн голын сав газар, Дарьгангын тал нутгаар +36…+41 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Төрийн тэргүүн нарын хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Эмомали Рахмон Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жил Ази, Европыг холбосон Торгоны замын зангилаа үзэсгэлэнт сайхан танай оронд эрхэм Ерөнхийлөгч Таны урилгаар анхны төрийн айлчлал хийснээ эргэн дурсахад таатай байна.

Хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл юм.

Таны энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 34 жилийн хугацаанд эрхэм Ерөнхийлөгч Таны манай улсад хийж буй хоёр дахь төрийн айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны  нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал гэдгийг  онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн 11 баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

Тэгвэл Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны манай улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлалаар худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучууд, спорт, аялал жуулчлал, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн “Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Бид харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, Тажикистан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хөвөн даавуун бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Монголын өндөр чанартай ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамтын ажиллагааны шинэ боломж бий болгохоор санал нэгдлээ.

Айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны бизнес форум зохион байгуулсан нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хоёр улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхэд хувь нэмэр оруулах Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулах саналыг сайшаан дэмжиж байна.

Мөн зам тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг бүрдүүлэхэд хоёр талын тээврийн асуудал хариуцсан яамд нягт хамтран ажиллахаар тогтлоо.

Энэ оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Сайд нарын уулзалтад Тажикистаны талыг өндөр түвшинд оролцохыг урилаа.

Соёлын солилцоог өргөжүүлэх өргөн боломж байгааг эрхэм Ерөнхийлөгч Таны энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Тажикистаны соёл, урлагийн хүндэтгэлийн тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн тод харууллаа.

“Чингис хаан” үндэсний музей, Тажикистаны Үндэсний музей хооронд түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн судалгаа хийх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирлоо.

Усан цахилгаан станцын арвин туршлагатай Тажикистан Улсын туршлагаас суралцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.  

Монгол, Тажикистаны төрийн тэргүүн нарын санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040” хөтөлбөрийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад бодит хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

Манай улсаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд санаачилдаг тогтоолуудыг Тажикистан Улс тогтмол дэмжиж хамтран зохиогчоор нэгддэг бөгөөд Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн анхны гишүүн орнуудын нэг Тажикистан Улс нь энэхүү чухал санаачилгыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье.

Энэ оны 08 дугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Тажикистан Улсыг өндөр түвшинд оролцохыг урьж байна.

Энэ бага хурлын үеэр манай улс “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн асуудлаарх Олон улсын эвсэл” байгуулах санаачилга гаргахаар төлөвлөж байгааг Тажикистан Улс дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.

Энэ айлчлалаар бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд Монгол, Тажикистаны хөгжил цэцэглэлт, ард түмнүүд хоорондын найрамдал, нөхөрлөл, сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

Манай хоёр ард түмний ахан дүүсийн найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭМОМАЛИ РАХМОН:

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Бид бүхнийг сайхан эх орондоо халуун дотноор, элгэмсэг сэтгэлээр хүлээн авч байгаа эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд, Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид найрсаг Монгол Улстай найрамдалт харилцаагаа улам бүр бэхжүүлэх болон харилцан сонирхсон бүх асуудлаар хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгч байна.

Албан ёсны яриа хэлэлцээ үр дүнтэй боллоо. Хоёр улсын харилцааны үндсийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэж байна. Хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ чиглэл, механизмыг тодорхойлоход онцгой анхаарлаа.

Боловсруулах үйлдвэр, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, мал аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Энэ чиглэлээр хийж байгаа чухал алхмын нэг нь хоёр улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтарсан бизнес форум юм. Энэ форум болон  Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Манай улс энэ чиглэлээр  шаардлагатай бүх арга хэмжээг авч, хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.

Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал үндэс суурь гэдэгт санал нэгдлээ. Шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэг, залуучуудын бодлого, аялал жуулчлал, биеийн тамир, спорт болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо харилцан нотоллоо. Монгол Улсад “Тажикистаны соёлын өдөр”-ийг зохион байгуулсныг сайшаан тэмдэглэлээ.

Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байна.

Хэлэлцээний үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцож, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бодит гарц эрэлхийлэх зорилгоор түншлэлээ бэхжүүлэхэд анхаарлаа.

Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр онцгойлон ярилцлаа. Энхийг эрхэмлэдэг манай улс дэлхийн улс орнуудын бат бөх, тогтвортой байдал, зөвшилцөл, харилцан ойлголцлыг тууштай дэмжиж ирсэн. Саяхан манай улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2027-2036 оныг “Ирээдүй хойч үеийн төлөө энх тайвныг бэхжүүлэх 10 жил болгон зарлах тухай” тогтоолыг баталсан билээ. Энэ санаачилгыг манай бусад түнш орон, түүний дотор Монгол Улс дэмжсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох асуудал нь хэлэлцээний анхаарлын төвд байлаа.

Ирэх сард Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурлыг манай улс дэмжиж байна. Энэ хурлыг байгаль орчныг хамгаалах салбар дахь даян дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ хэмээн үзэж, Монгол Улсын хүчин чармайлтыг өндөр үнэлж байна.

Олон улсын тавцанд, тэр дундаа манай улсын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэвшүүлдэг санаачилгуудыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байна.

Өнөөдрийн албан ёсны хэлэлцээ харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлтэй болж өнгөрсөнд сэтгэл хангалуун байна. Яриа хэлэлцээ бидний найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байна.

Монголын найрсаг ард түмэнд энх тайван, тогтвортой байдал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Миний анд нөхөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Таны улсынхаа хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байгаагаа илэрхийлье.

Үзэсгэлэнт сайхан Монгол Улсын хөгжилтэй дахин танилцаж, сайхан сэтгэгдэл төрснөө онцлон тэмдэглэе. 17 жилийн өмнө ирж байсантай харьцуулахад Монгол Улс, Улаанбаатар хот хөгжин цэцэглэж байгаа нь илт байна. Миний анд нөхөр, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Та улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гаргаж байгааг дахин хэлье. Танай сайхан улсад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар усны ослын 84 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 45 иргэний амь насыг авран хамгаалж, 104 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ.

Усны ослын тохиолдол Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгуудад зонхилон бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас  50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна. Амь насаа алдсан иргэдийн дийлэнх нь Туул гол, Хөвсгөл нуур, Буйр нуур, Орхон голд энджээ.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна. Иймд, иргэд, аялагч  та бүхэн аялал, зугаалгаар хол, ойрын замд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, баталгаат зам гарцаар гарах, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Э.Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Ерөнхийлөгч Э.Рахмон халуун дотноор хүлээн авч буй Монголын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр улсын улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Мөн дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг өндөр үнэлж, цаашид харилцааг шинэ агуулгаар баяжуулан, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс нь Төв Азийн орнуудтай, тэр дундаа Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ.

Энэ удаагийн айлчлалаар худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр  Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурж буйг сайшаан тэмдэглэлээ.

Хэлэлцээний үеэр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Тажикистан Улсын “2030 он хүртэлх Үндэсний хөгжлийн стратеги”-тай уялдуулан, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, логистик, байгаль орчин, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний салбарт Төв Азийн бүс нутагт тэргүүлэх байр суурь эзэлдгийг онцолж, энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.

Ногоон шилжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний интеграцчлалийг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.

Зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломж бүрдүүлэх чиглэлээр холбогдох яамд хамтран ажиллахаар боллоо.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд “Транзит Монгол” болон Тажикистаны “Транзит улс” стратегийг Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх эрмэлзлээ харилцан илэрхийллээ.

Хөдөө аж ахуй, мал аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тохирлоо.

Монголын ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдэгт санал нэгдэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэ оны 09 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулах “КАРЕК” хөтөлбөрийн Сайд нарын уулзалт нь бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон салбарыг хамарсан томоохон санаачилгуудын хэрэгжилтийг хангах суурь бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцолж, уг уулзалтад тажикистаны талыг өндөр түвшинд оролцохыг урилаа.

Айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны Бизнес дугуй ширээний уулзалт зохион байгуулсан нь бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулж,  Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнэ, нэхмэл эдлэлийг харилцан зах зээлдээ нийлүүлж эхлэхээр тохиролцлоо.

Төрийн тэргүүн нар Тажикистаны “Feel the friendship” брэндийг “Go Mongolia” брэндтэй уялдуулан аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, биеийн тамир, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусыг харилцан сургах, нэн ялангуяа мал аж ахуй, усны эрчим хүч, усжуулалтын чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг бүс нутаг болон олон улсын тавцанд хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тажикистан нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайшаалаа.

Мөн Монгол Улсад ирэх сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д тажикистаны талыг оролцохыг дахин урилаа.

Төрийн тэргүүн нар “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040”, “2030 он хүртэлх Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” зэрэг үндэсний санаачилгуудыг уялдуулах нь тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа