Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 1 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12-р сарын 1-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Завхан голын эх, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Увс нуур болон Байдраг, Идэр голын хөндийгөөр -7…-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 0…+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 0 градус орчим  байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

42 дахь удаагийн “Болор цом”-ын эзэн тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас утга зохиол, ном хэвлэлийн салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлээ болгон Монголын уран зохиолоор бүрэлдсэн оюун санааны баялгийг хамгаалах, хөгжүүлэх, Монгол Улсын нэгдмэл байдлыг хангахад уран зохиолын үүргийг нэмэгдүүлэх хүрээнд бодлогын ажлуудыг хийж байна.

Энэ хүрээнд Монгол хэлний яруу баялаг, үгээр урлахуйн ур чадварыг илэрхийлэх үндэсний уран зохиолыг хөгжүүлэх Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” 42 дахь удаагийн яруу найргийн наадмыг зохион байгуулахад Монголын Зохиолчдын эвлэлийг дэмжин хамтран ажиллалаа.

Энэ жилийн яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалтад 198 хүн шүлгээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 28 яруу найрагч шалгарч, түүнээс шилдэг тавд яруу найрагч На.Батболд, А.Лхагва, Д.Нямдорж, Л.Торой, Ч.Ууганбаяр нар шалгарч дэд байрт яруу найрагч Л.Торой шалгарсан бол На.Батболд гутгаар байрын эзэн болж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт А.Лхагва “Морин хуурын хэл” шүлгээрээ тэргүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.                       

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд  анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчимд том оврын машин, механизм олноор байршдаг учраас хөрс бохирдож, тухайн орчимд амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсгэж байсан. Тиймээс нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус байршилд үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй тохиролцон газрыг чөлөөлж, ирэх хавраас тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Энэ талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатараас тодрууллаа.

Тэрбээр “Гурвалжингийн гүүрний урд хэсэгт “Тэхийн зогсоол” нэртэй том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн байрлаж байсан газрыг чөлөөлсөн. Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр үүрэг өгсний дагуу Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарч, биелэлт хэрэгжиж байна. Том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцэж, тохиролцож тухайн орчмын иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс газрыг чөлөөлсөн. Ирэх хавраас чөлөөлсөн газарт шаардлагатай тохижилтын ажлыг хийнэ. Харин том оврын машин, механизмын түрээсийн үйлчилгээг СХД-ийн 22-ын товчооны Авто худалдааны төвийн эзэмшлийн газарт нүүлгэж байна. Харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажиллах учраас нэг техникийг өдрийн 5000 төгрөгийн түрээстэй байршуулахаар тохиролцсон” гэв.

Ингэснээр Улаанбаатар хотын төвийн байршилд том оврын машин механизмын түрээсийн үйлчилгээг үзүүлэхгүй, төвлөрсөн цэгээс үйлчилгээ авахаар болж байна. Цаашид Гурвалжингийн гүүр орчмын төмөр замаа дагасан байршилд том оврын техникээр ачаа зөөвөрлөдөг аж ахуйн нэгж, байгууллагын агуулахуудыг хотоос зайтай байлгахад шат дараатай арга хэмжээ авах юм.

Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн хэмжээнд өнгөрсөн жилтэй харьцуулахад ажиллах хүч болон техник хэрэгслийн тоо 3 дахин өссөн байна. Тодруулбал, 2023 онд тус дүүрэгт зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 4 компани үйл ажиллагаа явуулж байсан бол 2024 онд 12 компанийн 600 гаруй ажилтан, албан хаагч цас орсон үед зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана

Энэ оны 11  дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038  тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

Тодруулбал, МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн

  • 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
  • 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.

Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин тахиа өдөр

-Аргын тооллын 11 дүгээр сарын 29. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 29, улаагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал уул, од эрхтний тэргүүн-15, түлэх барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:18-17:02.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Үхэр, могой, тахиа, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалгандорших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, сайн үйлийг эхлэх, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, үс засуулах, морь уралдах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, эд, мал худалдах, малын үс, ноос хяргах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргах муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр өдөртөө нутгийн төв хэсгээр дулаан байна.

2024 оны 11-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3…-8 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +2…+4 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.

Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.

Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.

Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.

Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.

Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.

Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.

Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн  форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.

Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.

Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.

Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.

Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.

Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.

Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. 

Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад  ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.

Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.

Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.

Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна. 

Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.

Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.

Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.

Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.

Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.

Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.

Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.

Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.

Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.

Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн. Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны  төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.

Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан бич өдөр

-Аргын тооллын 11 дүгээр сарын 28. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын 28, улаан бич, мэнгэ 2 хар, суудал ус, од салхины эх-14, хотол чуулган барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:16-17:03.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хулгана, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлдөрх, цонхонд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Санасан зөв ажил хэрэг бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, хувцас өмсөх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, явган шуургатай, хүйтэн байх тул замын халтиргаа гулгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -5…-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар +1…-4 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0…-2 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратегийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан  нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эрэлтийг огцом өдөөж зах зээл дээрх байрны үнийг нэмэгдүүлсэн, зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдийг хамруулсан. Хөтөлбөрийн зээл авах өргөдөл хоёр жил гаруй хүлээх дараалал үүссэн. Хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна. Түргэн шийдвэрлэхээр барилгын нийлүүлэлт хэрэгцээг гүйцэхгүй учраас үнэ өсөж, зөвхөн борлуулагч талд ашигтай байдал үүсэхээр байна гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ.
Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, мөн залуучуудын урьдчилгаа төлбөрийн хуримтлалыг урамшуулах зорилгоор банканд зөвхөн орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгосноор залуу өрхийг дэмжих боломжтой зэрэг саналыг  тавьсан байна.
“Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөө 2025-2029” -г Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулж батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин даалгав.
 
Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарна
Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан,
-Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах,
-Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх болон малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах,
-Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах,
-Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, хүнсний ногооны механикжуулалт, хадгалалтын нөхцөлийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийн уялдааг хангасан цогц бодлогыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд тус салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл улсын хэмжээнд 90 орчим хувьтай байна.

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа