Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд “Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааныг арваннэгдүгээр сарын 19-22-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
Уралдаанд нийт 40 гаруй албан хаагч идэвх санаачилгатай манлайлан оролцсоноос эхний гурван байрыг шалгаруулсан юм. Тодруулбал,
- Тэргүүн байранд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хүний нөөц, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн О.Билгүүнзаяа;
- Дэд байранд Хот байгуулалт, хотын стандартын газрын Зөвлөлийн хурал хариуцсан ажилтан Г.Содбилэг;
- Гутгаар байранд Нийслэлийн хяналт шалгалтын газрын Хууль, эрх зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сарангэрэл нар тус тус шалгарав.
НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр хөхөгчин хонь өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 8 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, явган шуургатай, хүйтэн байх тул замын халтиргаа гулгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны 11-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -9…-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -7…-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. -7…-9 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -8…-10 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улс тунхагласны барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүллээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа
Улс тунхагласны ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол зохион байгуулдаг уламжлалтай. Иргэний андгай өргөх 22 дахь удаагийн ёслол Төрийн ордонд болж, иргэний үнэмлэхээ гардаж буй 870 орчим 16 настан оролцож, үе тэнгийнхнээ төлөөлөн Иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар, Паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав болон албаны төлөөлөл оролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн энэ өдөр иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын эрх зүйт иргэн болж байгаад баяр хүргэн, үг хэллээ. Монголчууд бид Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Монголын Эзэнт гүрнийг байгуулсан баатарлаг түүхийн үргэлжлэл. Нөгөө талаар хоорондоо тэмцэлдэж, Их эзэн Чингис хааныхаа байгуулсан Монголын Эзэнт гүрнээ эвдрэлцүүлэн талцуулж, тусгаар тогтнолоо алдаж, Манж Чин гүрний эрхшээлд 200 гаруй жил тарчилсан гашуун түүх биднийх гэдгийг мартаж болохгүй. 100 жил гэдэг хувь хүнд урт хугацаа боловч улс орны хувьд түүхийн нэг л багц хуудас юм. Иргэн хүн улс орныхоо хөгжилд оролцож, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүх соёл, өв уламжлалаа хамгаалан дээдэлснээр зуун алгассан ч түүхэнд мөнхрөн үлддэг гэдгийг Ерөнхий сайд тодотгоод Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав болон Ардын хувьсгалыг манлайлагч, үе үеийн цогтой эх орончдын гавьяаг санууллаа.

“Монголчууд 1924 оны энэ өдөр анхдугаар Үндсэн хуулиараа Ардын эрхийг тэргүүнд тавьж, Ази тив дэх хоёр дахь Бүгд Найрамдах Улс болсон төдийгүй эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг нээсэн дэлхийн анхдагч орнуудын нэг болсон. Үндсэн хуулиар байгалийн баялаг ард түмний мэдэлд байхаар зааж, төрийн байгууллагуудыг ардчиллын үндсэн дээр сонгон байгуулах зарчмыг тусгаж, шашин шүтэх эрхийг нээлттэй үлдээж, шашны хэргийг төрийнхөөс тусгаарласан. Улмаар Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж, Монгол төрийн алтан соёмбот далбаа НҮБ-д мандсан. Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосон, Ази тив дэх ардчиллын Баянбүрд болжээ” гэв. Ерөнхий сайд 16 настнуудад хандан улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлдэг нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн байхыг уриаллаа.
Энэ жил 62,688 хүүхэд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардаж байна. Иргэний андгай өргөх ёслолыг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
“Номин талст” хамтлагийн дуучин, чөлөөт уран бүтээлч Амгалангийн Хаянхярваа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ. А.Хаянхярваа нь “Номин талст” хамтлагийн гишүүн бөгөөд “Номин талст” хамтлаг нь Монгол Улсын 21 аймгийг 3 удаа тойрч ард түмэндээ уран бүтээлээ хүргээд байна.
Түүнчлэн А.Хаянхярваа нь хамтлагийн гишүүдтэйгээ хамт Монгол Улсын 360 суманд давтагдсан тоогоор 300 гаруй тоглолт хийжээ. Тус хамтлаг нь 2000 оноос гадаад оронд, тухайлбал, АНУ, Англи, Солонгос, Япон, Европын Холбооны Улс, Хятад, Австрали Улсад ажиллаж, сурч байгаа монголчууддаа бүрэн хэмжээний тоглолтуудыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, уран бүтээлээ хүргэсэн.
“Номин талст” хамтлаг нь 1998 онд Монголын рок поп урлагийн дээд шагнал гардуулах Пентатоник наадам “Шилдэг дебют” хамтлаг, 1999 оны шилдэг хамтлаг, Алтан микрафон наадмын Олны таашаал шагналыг 2001, 2002, 2003, 2004 онд хүртсэн бөгөөд Hi Fi record Алтан пянзын эзэн (хамгийн олон цомог борлуулсан хамтлаг) болсон юм.
1997 онд СУИС-д элсэн орж, 2002 онд Дуулаач мэргэжлээр төгссөн. А.Хаянхярваа нь өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, бие даасан болон хамтарсан уран бүтээлийн тайлан тоглолтуудыг ард олондоо хүргэж ирсэн юм. Тухайлбал, 1998 онд “Гэрэл сүүдэр” тоглолт, 2000 онд “Ээждээ” цомгийн нээлтэд зориулсан тоглолт, 2004 онд “Нэмэх хасах цэнэг” тоглолт, 2005 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Үүр битгий цайгаасай” тоглолт, 2007 онд Ub palace-ийн концертийн их танхимд “Номин талст 10 жил” тоглолт, 2012 онд Номин талст хамтлагийн 15 жилийн ойд зориулсан тоглолт, 2014 онд “Номин талст 2014” цомгийн нээлтэд зориулсан Unplugged concert, 2023 онд “Хаянаа энд Дээгий” тоглолыг Улаанбаатар хот, Австрали, Солонгос, Япон улсуудад амжилттай зохион байгуулж, олон нийтийн талархлыг хүлээсэн юм.
Түүнчлэн А.Хаянхярваа нь Дэлхийн франчайз шоу болох “Masked singer Mongolia” шоуны ялагч, “That’s my gem” шоуны ялагч, “Яг түүн шиг” шоуны ялагч, “Түнэр харанхуй” шоуны ялагчаар тодорсон авьяаслаг нэгэн билээ.
Хамгийн сүүлд тэрбээр хамтлагийн гишүүдтэйгээ хамт 2024 онд Улаанбаатар хотноо Төв цэнгэлдэх хүрээлэнд “Night with us Номин талст энд Камертон” тоглолт зохион байгуулж, үзэгч, сонсогч, дэмжигчиддээ уран бүтээлээ хүргэсэн юм.
А.Хаянхярваа одоогийн байдлаар бие даан болон хамтлагийн гишүүдийн хамтаар “Гэрэл сүүдэр”, “Ээждээ 1”, “Ээждээ 2”, “Татах хүч”, “Номин талст 2014”, “Анхны захидал” гэсэн 6 цомог гаргаад байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
- Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед анхны хувийн аж ахуй нэгжийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарт олон зуун ажлын байр бий болгон, дээд боловсролтой мэргэжлийн хүний нөөц бэлтгэх үйлсэд манлайлж, Монгол Улсын түүх, ёс заншлыг судалж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, иргэдийг соён гэгээрүүлэх, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, эх орноо хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй “Их Засаг” их сургуулийн ректор, Ардын багш, доктор, профессор Намсрайн Ням-Осорт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- Монгол Улсын Их сургуулийн ахмад багш, профессор Сэрээтэрийн Лодойсамба,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
- Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөлийн тэргүүн, ойн салбарын ахмад ажилтан Ламжавын Доржцэдэн,
Гавьяат тээвэрчин цолоор:
- “Петровис трейдинг” ХХК-ийн ахмад тээвэрчин Найдангийн Ембүү,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Сүү” ХК-ийн ахмад ажилтан, технологич Санжийн Цэндсүрэн,
- Монголын сав, баглаа боодол, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Батнасангийн Болдбаатар,
Гавьяат багш цолоор:
- Удирдлагын академийн ахмад багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Дашзэвэгийн Сэржамц,
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, ахмад багш Жамбалдоржийн Эрдэнэчимэг,
- Дархан-Уул аймгийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19 дүгээр сургуулийн захирал Өнөрийн Дэлгэр,
- Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга, түүхийн ухааны дэд доктор Доржготовын Наранцэцэг,
Хүний гавьяат эмч цолоор:
- Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ахмад эмч Гүрбазарын Циенсүрэн,
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Мишигдоржийн Болдбаатар,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ахмад ажилтан Бат-Очирын Лхагвасүрэн,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан, “Хайрхан бүрд” төрийн бус байгууллагын тэргүүн Рэгзэнгийн Нямжав,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чулуунбатын Идэрчулуун,
Гавьяат жүжигчин цолоор:
- Монголын Үндэсний циркийн агаарын гимнастик, акробатын жүжигчин Мөнхболдын Мөнхтуул,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
- “Хан-Алтай” шатрын клубын дасгалжуулагч, олон улсын их мастер Дашзэгвийн Шаравдорж,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Их өрнөл” ХХК-ийн захирал Хайнзангийн Чоймпог,
- Монголын байгаль орчныг хамгаалах холбооны тэргүүн Нанзадын Бадамханд,
- Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Балганцэрэнгийн Баяр,
- “Номин талст” хамтлагийн дуучин, чөлөөт уран бүтээлч Амгалангийн Хаянхярваа,
Алтан гадас одонгоор:
- “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн их засвар хариуцсан инженер Халзангийн Эрдэнэбилэг,
- “Эм И Си” ХХК-ийн бетон арматурчин Сүхбаатарын Хүрэлсүх,
- “Майфловэр” шүдний эмнэлгийн захирал, Монгол Улсын зөвлөх эмч, клиникийн профессор Мишигдоржийн Майцэцэг,
- “Мишел Амазонка” ХХК-ийн захирал Чойгаалаагийн Янжиндулам,
- “Мишел Амазонка” ХХК-ийн бүтээлч захирал Чойгаалаагийн Нямханд,
- Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны олон улсын шүүгч Хүдэрчулууны Оюунтуяа,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын “ТомЁ” сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа,
- “Улаанбаатар” театрын гоцлол хөгжимчин Батбаатарын Гэрэлтуяа,
- Төрийн банкны Сансар тооцооны төвийн захирал Болдбаатарын Шижир нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.




Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн хэмжээнд 1128 зам талбайн үйлчлэгч 185 тусгай зориулалтын техникээр авто замыг цэвэрлэж байна
Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг 40 орчим байгууллагын 1128 гаруй зам талбайн үйлчлэгч, 185 тусгай зориулалтын техник хэрэгслээр цэвэрлэж байна. Зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 635.5 тонн давс, 10 тонн дайрга, 57 тонн бодис цацлаа. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг орчныхоо 50 метр газрын цасыг дагтаршиж, халтиргаа үүсэхээс өмнө цэвэрлэхийг уриалж байгаа бөгөөд нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажил өрнөж байна.
Арваннэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө цас орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллага бэлэн байдалд ажиллаж, 03:00 цагаас эхлэн нийтийн эзэмшлийн авто замуудад давс, бодис цацаж эхэлсэн. Зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллагын 139 үйлчлэгч, тусгай төхөөрөмжийн давс бодис цацагч 15 машин, 2 автогрейдр, явган замын цас үлээгч 22 төхөөрөмж зэрэг нийт 39 машин техник, хэрэгслээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна. Мөн 82 тонн давс, 10 тонн бодис цацаад байгаа бөгөөд 887 тонн давс, 342,5 тонн бодисын нөөцтэй байгаа юм.
Арваннэгдүгээр сарын 26-ны 11:00 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд зам, талбай хариуцсан хоёр байгууллагын зам талбайн 135 үйлчлэгч, тусгай зориулалтын 17 техник хэрэгслээр нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэн ажиллаж байна. Мөн 179 тонн давс цацаад байгаа бөгөөд замын хөдөлгөөний ачаалал буурсан үед цэвэрлэгээнээс гарсан хар цасыг ачиж тээвэрлэх юм.
Хан-Уул дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын ажилтан, албан хаагчид арваннэгдүгээр сарын 25-ны 22:00 цагаас эхлэн халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давсны машинаа байрлуулан, техникийн бэлэн байдлыг ханган жижүүрлэн хоносон. Шөнийн 01:30 цагаас эхлэн давс, бодис цацан ажиллав. Мөн Морингийн даваа, Айцын давааны замын хөдөлгөөн хэвийн, халтиргаа үүсээгүй бөгөөд явган замын цэвэрлэгээ, давс, бодис цацах ажлууд үргэлжилж байна.
Арваннэгдүгээр сарын 26-ны 08:30 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн 12 байгууллагын нийт 204 зам талбайн үйлчлэгч 25 давсны машин, 57 үлээгч төхөөрөмж, 4 явган замын моторт төхөөрөмж, 8 түрэгч хусагч зэрэг техниктэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна. Дүүргийн хэмжээнд нийт 127.5 тонн давс, 3 тонн бодис цацаж, 1645.5 тонн давс, 757 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага давс, бодис цацах 8 тусгай техник хэрэгсэл, 2 төхөөрөмж, цас шүүрдэгч 11 техник, нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй арваннэгдүгээр сарын 26-ны шөнийн 23:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсэг, явган хүний замын цасыг шүүрдэн хусаж арилгалаа. Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 35 тонн давс, бодис цацан авто замын нуухны цэвэрлэгээг техникээр гүйцэтгэж байна.
Дүүргийн хэмжээнд 90 км авто болон явган хүний замын цасыг шүүрдэгч техникээр цэвэрлэн, 120 км замд давс бодис цацаж, 1,800,000 ам.метр зам талбайн цасыг цэвэрлэлээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд өглөөний 08:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага давс бодис цацах 11 тусгай техник хэрэгсэл, 27 машин техниктэйгээр нийт 248 хүний бүрэлдэхүүнтэй авто замын зорчих хэсэг, явган хүний замын цасыг шүүрдэн хусаж арилгав. Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 112,2 тонн давс, 29 тонн бодис цацан авто замын нуухны цэвэрлэгээг техникээр гүйцэтгэж байна. Дүүргийн хэмжээнд 826 тонн давс, 1133 тонн бодисын нөөцтэй байна.
Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 5 байгууллагын нийт 143 ажилтан албан хаагч, 14 техниктэй ажиллаж, 363 мянган ам.метр талбай цэвэрлэлээ. Мөн 33 тонн давс, 9 тонн бодис цацаж цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт 624 тонн давс, 368 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 834 мянган ам.метр төв болон туслах замуудад 8 зам талбайн мэргэжлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Инженер техникийн ажилчид 15, зам талбайн үйлчлэгч 218, бичил гар төхөөрөмж 47, давс бодис цацах шүүрдэх тусгай зориулалтын машин механизм 11 ажиллаж, 87 тонн давс 2 тонн бодис цацаж цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүхэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,
УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм төрийн түшээд ээ,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Та бүхэнд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Чин зоригт, эх оронч өвөг дээдсийн баатарлаг тэмцлийн үр дүнд 1911 оны Цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн монголын ард түмний чинхүү хүсэл тэмүүлэл биеллээ олж, улмаар тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх Ардын хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхтэй билээ.
Энэхүү түүхэн үйл хэрэг бол ноёд язгууртан, лам хувраг, эгэл ард бүх нийтээрээ эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн үндэсний эв нэгдлийн хүч байсан юм.
Тусгаар тогтнолын төлөөх мохошгүй тэмцэл 13 жилийн туршид зогсолтгүй үргэлжилсний үр дүнд 1921 оны 7 дугаар сарын 11-нд Ардын хувьсгал ялж, хожим 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Монгол Улсын 14 дүгээр оны модон хулгана жилийн өвлийн дунд сард монгол түмний хувь заяаг эргүүлсэн XX зууны нэгэн сод үйл явдал болсон нь Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, Үндсэн Хуулийг батлан, Бүгд Найрамдах засгийг дэлхий дахинд тунхаглан зарласан явдал билээ.
Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуулийг боловсруулан батлах бодлогыг хэрэгжүүлж байсан бөгөөд 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн даалгавраар Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж байсан түүхтэй.
Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн 1914-1915 онд дэлхийн улс орнууд, түүн дотроо өрнөдийн улс орнуудын хууль эрх зүй, төрийн байгууламж, засгийн хэлбэр, улс тус бүрийн онцлогийг үндсэн хуулиар хэрхэн зохицуулж буй харилцааг судалж “Улсын эрх” хэмээх бүтээлийг туурвисан байдаг.
Тэрбээр Герман, Австри-Венгер, Англи, Итали, Бельги, Голланд, Дани, Швейцар, Испани, Португал, Орос, Япон зэрэг улс орны Үндсэн хууль, Үндсэн хуулийн эрх зүйг судалж байсан нь анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах үндэс суурь, чухал алхам болсон төдийгүй эдүгээ ч үнэ цэнээ алдаагүй байна.
Хожим 1921 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Ардын түр Засгийн газрыг байгуулсан тогтоол, Засгийн газрын 1921 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудад Үндсэн хууль боловсруулах тухай тус тус заасан байдаг.
Мөн 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын XXI хурлаас Хууль цаазыг зохиох тухай шийдвэрийг гаргаж, урьдын Автономит Засгийн үед зохион төлөвлөж байсан хууль зүйлийн бичгүүдээс авах гээхийг ялган салгаж, Европын олон улсын хууль дүрмийг харгалзан шинэчлэн зохиох комиссыг Шүүх яамны Тэргүүн сайд Магсаржаваар ахлуулан байгуулсан бөгөөд тус комиссыг 8 сар орчим ажиллуулаад үзэл баримтлалын зөрүү гарсан хэмээн үзэж татан буулгасан байна. Энэ хугацаанд уг комисс дэлхийн улсуудын Үндсэн хуулиуд болох Америк, Англи, Бельги, Голланд, Япон, Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулиудыг орчуулан бэлтгэх зэрэг олон ажлыг хийсэн байжээ.
Түүний дараагаар 1924 оны 9 дүгээр сард Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг байгуулан ажиллуулсан байна.
Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухай үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерны нөлөө, түүний төлөөлөгч Элбэгдорж Ринчино, Турар Рыскулов зэрэг хүний шахалт, дарамт орсон нь үнэн хэдий ч анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг билээ.
Эдгээр түүхэн баримтуудаас дүгнэн үзвэл анхдугаар Үндсэн хуулийг Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн төсөлд тулгуурлан, Ерөнхий сайд Д.Бодоо, Жамсрангийн Цэвээн нарын санал, төслийг харгалзан үзэж, тухайн үеийн хувьсгалын удирдагчдын манлайлал дор боловсруулсан болох нь тод харагдаж байдаг.
Эрхэм хүндэт нөхөд өө,
Хүний нийгмийн хөгжил гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.
Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандах, засварлах, гоёчлох, туйлшрах, эсхүл ердөө л бусдад таалагдах үүднээс хандах зэрэг нь нэн осолтойг бид бодууштай.
Буруу замаар орж будилах, алдахын эхлэл чухамхүү эндээс үүддэг гэдгийг өнөө цагийн төрийн түшээд, төрийн албан хаагчид ямагт санаж явах учиртай.
Түүхэн үйл явдлыг тухайн цаг үеийнх нь нөхцөл байдал, онцлог, шалтгаан хийгээд үр дагавар, зайлшгүй ба санамсаргүйн хэлхээ холбоонд авч үзэх нь хамгийн зөв зарчим, арга зүй мөн билээ.
Чухам энэ зарчмаар анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг бид дүгнэн цэгнэх ёстой.
XX зууны эхэн үеийн дэлхий дахины улс төр, геополитикийн нөхцөл байдал, ялангуяа манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээ төвөгтэй байлаа.
Монголын эрх баригчид Зөвлөлт, Хятадын удирдагчидтай уулзахдаа Монгол Улс тусгаар байдлаа ямагт хадгалах бөгөөд Дундад Иргэн Улсын нэг хэсэг болохыг хэзээ ч, хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр, итгэл төгс эрс шийдэмгий илэрхийлж байсан нь түүхэн үнэн юм. Түүх түүхээрээ л үлддэг.
Ийм эгзэгтэй цаг үед Монгол төрийн удирдагч, зүтгэлтнүүд улс төр, дипломатын уран хурц нүүдэл хийж, тусгаар тогтнолоо баталгаажуулан, улс гэрээ мандуулах арга эвийг эрэлхийлж, энэхүү эрхэм зорилгоо алхам алхмаар бататгасаар байсныг түүх гэрчилдэг.
Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын зоригт хөвгүүд Ардын намыг анх байгуулж, улмаар эх оронч бүх хүчнийг тэмцэлд уриалан дуудаж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн нь өөрийн газар нутагтаа эзэн суух гэсэн монголчуудын чин хүслийн биелэл, мөнх тэнгэрийн таалал байлаа.
Гэвч энэ бол их зохиолч Д.Нацагдоржийн өгүүлсэнчлэн “зөвхөн нарыг хэвээр үлдээж, хуучны хэв ёсыг үндсээр нь эвдэх” их өөрчлөлтийн эхлэл байв.
Хуучныг халж, шинэ засаг төрийг эмхлэн байгуулна гэдэг амар бүтэх ажил биш байлаа.
Дэлхийн аль ч улсын түүхэнд ноёрхогч байсан анги сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байсан түүх байдаггүй. Харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайнаар шийдэгдсэн гашуун түүх, сургамж цөөнгүй бий.
Харин тухайн үеийн манай нам, төрийн зүтгэлтнүүд иргэний дайнд хүргэлгүйгээр “чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ” хэмээн түмэн олонд тунхаглан зарлаж, аль болох тайван замаар засаг төрийн эрхийг шилжүүлэхийг хичээсэн нь туйлын ухаалаг бодлого байсан юм.
Нийслэл хүрээг чөлөөлсний дараа Богд хаантай тангаргийн гэрээ байгуулж, төрийн нүсэр албыг Ардын Засгийн газарт, түмэн олон, лам хувраг, шашны хэргийг хэмжээт эрхт хаанд үүрүүлэхээр тохиролцож чадсаны хүчинд 1921-1924 онд томоохон ардчилсан өөрчлөлтүүдийг харьцангуй тайван аргаар хэрэгжүүлсэн юм.
Мөн Ардын Засгийн газар 1923 оны нэгдүгээр сард “Нутгийн захиргааны дүрэм” хэмээх Үндсэн хуулийн шинжтэй баримт бичгийг баталж, нутгийн захиргааг 10 гэр, баг, сум, отог, хошуу, аймаг гэсэн бүтэцтэй болгож, тус бүрд хурал байгуулах, угсаа залгамжлах ёсыг устгаж, аливаа тушаалтныг сонгуулийн журмаар тавих болсон нь одоогийн хэллэгээр эрх зүйн шинэтгэлийн эхлэл болсон юм.
Дээр дурдсан олон чухал арга хэмжээг Ардын Засгийн газар 1921-1924 онд авч хэрэгжүүлж чадаагүй байсан бол Улсын анхдугаар Их Хурлыг зарлан хуралдуулж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг тунхаглан зарлах нөхцөл бүрдэхгүй байсан хэмээн судлаачид дүгнэн үздэг юм.

Эрхэм төрийн түшээд ээ,
Ардын Засаг анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийг жинхэнэ ардчилсан зарчмаар сонгох, тэдгээрийн бүрэлдэхүүнд халх дөрвөн аймаг, их шавь болон дөрвөд, казах, буриад, алтайн ба Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг ястан угсаатны төлөөллийг заавал оролцуулахад онцгой анхаарч, багагүй хугацаа зарцуулжээ.
Шат шатны хурлын үр дүнгээр, өндөр босгыг давж сонгогдсон төлөөлөгчид Их Хурлын ажилд туйлын идэвхтэй оролцсон бөгөөд төрөө дээдлэх ёс, түмнээ төлөөлөх хариуцлагыг гүнээ ухамсарлан хорин өдөр амралтгүй хуралдан, их үйлсийг бүтээсэн түүхийг өнөөдөр ч эрхэм гишүүд Та бүхэн гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй.
Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Цэрэндорж 1924 оны 11 дүгээр сарын 25-нд танилцуулж, 77 төлөөлөгч хоёр өдөр зүйл тус бүрээр хэлэлцэн Улсын анхдугаар Их Хурлаар буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны үдийн хойно 4 цаг 17 минутад 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй.
Энэ бол төрт ёсны өнө эртний түүхтэй монголчууд бидний хувьд анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон гайхамшигт үйл явдал байлаа.
Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, өнөөгийн бидний амьдралд хэрхэн уялдаж буй талаар цөөн хэдэн зүйлээр тэмдэглэн хэлье.
Үүнд:
Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн хуулиар улс орныхоо бүрэн эрхт байдлыг тунхаглан зарлаж, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан юм.
Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс” хэмээж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэхээр заан, “1921 оны хувьсгалаас өмнө монголын эрх баригчдын гадаадтай байгуулсан гэрээ бичгүүд, зээлсэн мөнгө, өр төлбөр бол гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул цөмийг устгасанд тооцно, мөн гадаад улсуудтай харилцах, улс төрийн ба худалдааны гэрээ бичиг тогтоох, концесс ба монополын эрх олгох, устгах, улсын хил хязгаарыг өөрчлөх, байлдах, найрамдах, цэргийн хүчнийг байрлуулах зэрэг явдлыг улсын дээд эрхийг барих газруудын эрхлэн шийтгэх зүйлс мөн” хэмээн тогтоохын зэрэгцээ, Анхдугаар Үндсэн хуулийн оршил хэсэгт “Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн залж хадгалах, Хаант Засгийг халж, цаашид Бүгд Найрамдах Засгийг тогтоон Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн Хурлаар сонгогдсон Засгийн газар хадгалах”-аар заасан байдаг.
Мөн улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухалчлан үзэж байсан бөгөөд Үндсэн хуульд улсын орлого, зарлагыг төсөвлөсөн дансанд нэгтгэж, улсын төсвийг үр ашигтай захиран зарцуулах хатуу чанд сахилгыг тогтоож өгсөн байна.
Түүнчлэн улс орноо батлан хамгаалах өөрийн гэсэн хүчнийг буй болгохыг зорьж Үндсэн хуулиар тогтоож байсан нь өнөөгийн Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” хэмээх заалтаар уламжлагдан хэрэгжиж ирснээс харж болно.
Хоёрдугаарт, Анхдугаар Үндсэн хуулийн бас нэгэн томоохон ололт нь анх удаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тогтоож өгсөн явдал юм.
Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээнэ” гэж тунхаглан, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдохоор заасан нь Ази тивдээ анхдагч ардчилсан Үндсэн хууль болсон юм.
Тэгвэл ардчилсан гэгдэх барууны орнуудаас эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг 1944 онд Франц, 1948 онд Баруун Герман, 1971 онд Швейцар, 1974 онд Португал, 1975 онд Грек, 1976 онд Испани нээж өгсөн бол анхны бичмэл Үндсэн хуулийг баталсан АНУ хүйсээр үл ялгаварлан эмэгтэй, эрэгтэй хүн адил цалин хөлс авах тухай хуулийг 1963 онд баталж байсан түүхтэй.
Анхдугаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа өнөөгийн парламентад ч тусгалаа олж эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарсны үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсныг энэхүү түүхэн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Гуравдугаарт, Үндсэн хууль нэгэнт улс төр, эрх зүйн баримт бичиг болохын хувьд анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын гадаад бодлого, түүний хэтийн чиглэлийг оновчтой тодорхойлж чадсан.
Тухайн үеийн нам, төрийн удирдагчид гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал улам хүндэрч байсан аянгат цагийн амаргүй, эгзэгтэй үед улс төр, дипломат харилцаанд өчүүхэн боловч алдаа гаргахгүйг хичээж туйлын хянуур болгоомжтой хандан анхдугаар Үндсэн хуульдаа “Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь одоогийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журамт ба эв хамт ёсыг эрмэлзэх тул бидний жинхэнэ ард улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилготой нийцүүлж явуулбал зохино.
Мөн цагийн байдлыг хянаж, ямар ч гадаад улстай харилцан найрамдаж болох боловч бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд бий ахул бүхий л хүчээр эсэргүүцнэ” хэмээн энх тайванч гадаад бодлого явуулахаа дэлхийн улс түмэнд анх удаа зарлан тунхаглаж байсан түүхтэй юм.
Энэхүү бодлого нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүйн дээр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын эх үндэс болон одоо ч өргөжин бэхжиж байна.
Түүнчлэн тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхэд хэн нэгэн этгээд халдах аваас шууд эсэргүүцэн тэмцэнэ, ямар нэгэн буулт, яриа хэлцэл хийхгүй гэдэг жанжин шугамаа тууштай илэрхийлж чадсан байдаг.
Тухайн үеийн түгшүүрийн харанга дэлдсэн эгзэгтэй нөхцөл байдалд адгаж бачуурч, сандарч тэвдэлгүй, хийх алхмуудынхаа ээлж дарааллыг нарийн зөв тооцож, алсыг харсан байр сууриа тодорхойлж чадсан энэхүү гадаад бодлого нь цаг хугацааны олон сорилт, шалгуурыг амжилттай даван туулсан бөгөөд үүнийг Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн 1961 он хүртэлх түүхэн үйл явдлууд нотлон харуулдаг юм.
Хожим “баруунтан” хэмээн буруутсан тэр үеийн удирдагчид Зөвлөлт Орос Улстай харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Монголыг гадаад гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх боломжийг эрэлхийлж байсан түүхтэй.
Герман, Англи, Америк, Япон зэрэг орны элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа тогтоох хүсэлтэйгээ илэрхийлж, Германд Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээж, Франц, Герман улсад Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын 40 орчим хүүхэд, залуусыг сургахаар илгээсэн зэрэг нь тэрхүү бодлогын тод илрэл юм.
Харамсалтай нь, анхдугаар Үндсэн хуулийнхаа заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байсан хүмүүс түүхийн ээдрээ, нугачаатай он жилүүдэд хэлмэгдсэнээр бусад улс оронтой харилцаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого нэг хэсэгтээ зогссон юм.
Дан ганц Зөвлөлт Орос Улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байх нь хангалтгүй, бусад улс оронтой ч хэлэлцээр хийх ёстой, үлгэрлэвээс Швейцар лугаа адил төвийг сахисан улс болохыг эрмэлзэх ёстой гэсэн Жамсрангийн Цэвээн, мөн Монгол Улстай харилцахаас татгалзаагүй л бол дэлхийн бүх оронтой ойртон нөхөрлөх гэсэн Догсомын Бодоо, Балингийн Цэрэндорж, Анандын Амар, Цэрэн-Очирын Дамбадорж, Наваандоржийн Жадамба зэрэг тухайн үеийн нам, төрийн зүтгэлтнүүдийн баримталж байсан байр суурь өнөөгийн Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогын үндэс суурийг тухайн үед томьёолж байсан гэж үзэж болох юм.
Дөрөвдүгээрт, Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаар Ази тивийн Үндсэн хуультай анхны улсууд болох Япон, Иран, Афганистан зэрэг улстай хамт бичигдэж, Ази тивд Үндсэн хуульт ёсыг хөгжүүлж ирсэн тэргүүлэх улс орнуудын дотор зүй ёсоор багтдаг хэмээн Үндсэн хуулийн эрдэмтэн, судлаачид дүгнэн үздэг.
Энэхүү анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад Зөвлөлт Орос Улсаас туслалцаа, дэмжлэг авсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас үүдсэн бодит үнэн бөгөөд энэ нь нэг талаасаа манай орны эрх зүйн тогтолцоо эх газрын эрх зүйн бүлээс улбаатай болсны нэгэн нотолгоо юм.
Анхдугаар Үндсэн хуулиар Хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалыг тогтоосон нь манай улсын өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн үндэс суурь, өнөөгийн ардчилсан Монгол орны төрийн байгууламжийн үндсэн хэлбэр болон хөгжин бэхжиж байна.
Ийнхүү анхдугаар Үндсэн хууль нь үндсэн хуульт ёсны үзэл санааг түүчээлэн хөгжүүлэх зам мөрийг тавьж, нийгмийн өөрчлөлт, цаг үеийн онцлогийг тусгасан 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлан гаргах хөрс суурь болсон байна.
Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууллын тогтолцоог хуульчлан бэхжүүлж ирснээрээ онцгой ач холбогдолтой, нийтлэг шинжтэй бөгөөд тухай цаг үеийн улс орны хөгжил дэвшилд өөр өөрийн түүхэн үүргээ зүй ёсоор биелүүлж ирсэн түүхтэй.
Монгол оронд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэнд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд монголчууд бид үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны шинэ тогтолцоонд шилжиж чадсан нь манай улсын түүхийн бас нэгэн онцгой үйл явдал байсан.
Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж, баталсан үйл явц нь монголчууд бидний үндэсний их зөвшилцөл, үзэл санааны дэвшил байсан юм.
Ардчилсан шинэ Үндсэн хууль нь Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурь болсон билээ.
Энэхүү Үндсэн хуулийн үр дүнд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, иргэний нийгэм, ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс зэрэг ардчилсан нийгмийн үндэс суурийг бэхжүүлж чадсан.
Монгол Улсын үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхэн хөгжил нь аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд суурилан төр, засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж, туршлага, бидний түүх, өв соёл, үнэт зүйл болсон юм.
Монголын ард түмний Үндсэн хуульт ёсны энэхүү баялаг түүх нь зөвхөн манай ард түмний түүх, өв соёл төдийгүй хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны түүхийн салшгүй нэг хэсэг юм.
Өнгөрсөн зууны түүхийг товчилж хэлбэл, бидний өвөг дээдэс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарлан, даян дэлхийд улс орноо хүлээн зөвшөөрүүлж, Хүннү гүрэн, Их Монгол Улсын гал голомтыг сэргээн бадрааж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байлаа.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт, 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн хийгээд 1990-ээд оны ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт зэрэг сүүлийн хоёр жаранд тохиосон манай улсын нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны гайхамшигт өөрчлөлтүүд нь агуу түүхт Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, хамтын хүчээр сэргэн мандсан эх оронч үзэл санааны ялалт байсныг энэхүү түүхт ойн баярын өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,
Одоогоос 100 жилийн өмнө монголчууд бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо сонгож, улсынхаа бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан бол Монгол Улстай сайн харилцаа тогтоохыг хүссэн бүх оронтой найрамдан нөхөрлөх өвөг дээдсийн чинхүү хүслийг эдүгээ цагт биелүүлж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан гэдгийг баярын энэ өдөр хэлэхэд таатай байна.
Үе үеийн чин зоригт, эх оронч өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил дэвшлийг өнөө цагт өртөөлөн, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Та бидний эрхэм үүрэг, түүхэн хариуцлага билээ.
Иймд цаашид бид шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон ардчилсан төр, засаг, парламент ёсоо бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө төр, засаг, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгэм, ард түмнээрээ хамтран хүчин зүтгэх учиртай.
Эрх зүйт төртэй улсад үндэсний эв нэгдлийн хүчээр Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуулиараа үндэсний эв нэгдлээ хангадаг жамтай.
Эв нэгдэл үгүй бол улс үндэстэн оршин тогтнож, хөгжин дэвжих боломжгүй юм.
“Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээх Их эзэн Чингис хааны билиг сургаалыг ямагт санаж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ бататган бэхжүүлэн, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно гэдгийг монгол хүн бүр зүрх сэтгэлдээ тээж явах учиртай.
Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний улс үндэстэн, тусгаар тогтнолоороо бахархах үндэсний их бахархлын өдөр мөн.
Энэ бахархлын эзэн нь эрх чөлөөт Монголын ард түмэн билээ.
Учир иймээс манай ард түмэн эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хүчин зүтгэхийг төрийн тэргүүн ард түмэндээ уриалж байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
- Монголын циркийн урлагийн шинэ хөтөлбөр, үзүүлбэр найруулан, урын санг нь баяжуулж, монголын циркийн урлагийн түүхэнд анх удаа тэнцвэрт нугаралт хийн, дэлхий дахинаа сурталчлан таниулж, үе үеийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн сургаж, циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны гишүүн байгууллага “Хүн сарнай” уран нугаралтын төвийн тэргүүн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбууд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Гавьяат багш цолоор:
- Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахмад багш Ламжавын Норжин,
- Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан Дашбалын Батбаяр,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн ахмад багш Батмөнхийн Цэрэндулам,
- Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, профессор Дамбын Гэрэлмаа,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- Боловсролын яамны ахмад ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Дондогжалын Мөнх-Очир,
Гавьяат эдийн засагч цолоор:
- “Сөүл нүдний төв” ХХК-ийн нягтлан бодогч, Зенитчдийн холбооны тэргүүн Буяндэлгэрийн Дарьцэцэг,
- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Орхон аймгийн Соёл, урлагийн байгууллагын ахмад ажилтан Дашийн Цэрэнбат,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Завхан аймгийн Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын жолооч Дашнамжилын Шатарбат,
Хүний гавьяат эмч цолоор:
- “Энэрэлт манал” эмнэлгийн ерөнхий эмч Аюурзанын Уранчимэг,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
- “Монгол эм импекс концерн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Болормаа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- “Их засаг” олон улсын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн зөвлөх профессор Бүдрагчаагийн Дашдаваа,
- Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ахмадын хорооны дарга Раднаабазарын Эрдэнэцэцэг,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
- Байгаль орчны салбарын ахмад ажилтан Батгомбын Отгонсүрэн,
Гавьяат уурхайчин цолоор:
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Минсэлийн Болдбаатар,
Гавьяат тамирчин цолоор:
- Монголын шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин Намжилын Мишигсүрэн,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Архангай аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Бүдрагчаагийн Долгоржав,
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны их эмч, ангаах ухааны доктор Энхжаргалын Баясгалан,
- Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ерөнхий диспетчер Гармаагийн Ганзориг,
Алтан гадас одонгоор:
- Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Лувсангийн Заяа,
- “Өү Кутюр Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Дэмбэрэлсүрэнгийн Отгонжаргал,
- Голомт банкны Бүртгэл тооцооны газрын захирал Ёндонгийн Пүрэвбат,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын “ТомЁ” сургуулийн физикийн багш, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Бадам-Очирын Пунсалдулам,
- “Мөнгөн тулга цамхаг” ХХК-ийн ерөнхий захирал Сүхбаатарын Баттулга,
- “Дулааны 3 дугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн щит ба бутлагчийн машинч Ёндонгийн Цэцэгдэлгэр
- Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны хөнгөн атлетикийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Чулуунхүүгийн Шинэцэцэг,
- Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Баасансүрэнгийн Жавхлантөгс,
- “Хаан хуур” сургалтын төвийн морин хуурын багш Цэгмидийн Батгэрэл,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Монголын ой, тогтвортой байдал эмэгтэйчүүд” холбооны гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Баясаа,
- “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн Баатарын Даваасамбуу,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын “Олонлог академи” сургуулийн математикийн багш Гантөмөрийн Батбаяр нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медадь хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ГССҮТ алсын зайн оношилгоо, эмчилгээ нэвтрүүлнэ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНСУ-ын Бусан хотын “Good Gang-an” эмнэлгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийлээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ болон шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологийг танилцуулж, гэмтэл согогийн чиглэлээр хамтарч хийх томоохон ажлуудын талаар санал солилцсон байна.
Тухайлбал, цаашид “Good Gang-an” эмнэлэгтэй хамтран телемедицин буюу цахим зөвлөн туслах үйлчилгээгээр дамжуулан алсын зайн оношилгоо эмчилгээ хийх, нарийн мэргэжлийн үзлэг, мэс засал, сургалт зохион байгуулахаас гадна эмч мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад тогтмол хамруулж ажиллахаар боллоо.
Ташрамд дуулгахад, өнгөрсөн тавдугаар сард хийсэн уулзалтаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Г.Отгонтөгс богино хугацааны сургалтад хамрагдаж, мэдрэлийн мэс засал эмчилгээний чиглэлээр мэдлэг туршлагаа ахиулсан юм гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчдад Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдлын талаар хичээл орлоо
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд улс орон даяар ерөнхий боловсролын бүх сургуулийн хичээлийн эхний цагт “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийг заасан. Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах, дунд, бага ангийнханд заасан Үндсэн хуулийн хичээлийг сурвалжиллаа.
Тус сургуулийн 12б ангийн ангийн багш Б.Болорцэцэг, 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдлын талаар тайлбарлаж, Үндсэн хууль бол монгол хүн бүрийн дархлаа буюу Монгол Улсын 3,5 сая иргэдийн эв найртай, хамтдаа эрх үүргээ биелүүлэн амьдрах алтан гадас од юм хэмээн тодотгов. Мөн хүн бүр хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй хэмээгээд, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаарх Үндсэн хуулийн заалтуудыг танилцуулж, Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой, тусгаар тогтнолын баталгаа сэдвээр сурагчидтай санал солилцов.
Тус сургуулийн 5в ангийн багш Ц.Цэрмаа, Үндсэн хууль бол улсын гол хууль буюу бүх хуулийн үндэс суурь юм. Энэ хууль нийгмийн суурь харилцааг зохицуулдаг талаар танилцуулаад 4 удаагийн Үндсэн хуулийн ач холбогдлыг тайлбарласан. Мөн ардчилсан Үндсэн хуулийг хэрхэн баталсан, түүний үр шимээр өнөөгийн ардчилсан нийгэм, засаглал тогтсон талаар харилцан ярилцав.
Бага анги буюу М.Оюун-Эрдэнэ багштай 2б ангийнхны хичээл аливаа юм бүхэн дүрэм, журамтай байж эмх цэгцтэй болдог тухай ойлголтоор эхэлж, улмаар хүүхэд бүр өөрийн мэдэх нэг хуулиа нэрлэх, хууль гэж чухам юу болох талаар харилцан ярилцсан. Мөн Үндсэн хууль ба үүрэг, миний эрх, чиний эрх, бидний эрх зэрэг сэдвээр сурагчид санал, бодлоо илэрхийллээ.
Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зарим сурагчдаас “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийн дараа сэтгэгдлийг нь сонсов.
М.Мөрдорж /11 дүгээр ангийн сурагч/
Өнөөдрийн хичээлээр Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнолын баталгаа хэмээн бүрэн гүйцэд ойлгож авлаа. Тэртээ 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, манай улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш 13 жилийн дараа Үндсэн хуулиа боловсруулан баталсан түүхтэй. Тусгаар тогтнох үйл хэрэг амаргүй байсан. Хоёр хөрш гүрнээрээ хүлээн зөвшөөрүүлэх, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаа хамгаалах, засаг захиргаагаа тогтоох зэрэг улс орноо төвхнүүлсэн тэр цаг үеийн эх орончдоор бахархаж байна.
Э.Амартүвшин / 12 дугаар ангийн сурагч/
Бид түүх, нийгмийн хичээлээр Үндсэн хуулийн үзэл санаа, улс орны тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө зэрэг сэдвийг суралцсан. Харин өнөөдрийн хичээл Үндсэн хуулийн ач холбогдол, ард түмний эв нэгдлийг хангах зэрэг асуудлыг тусгайлан зааснаас гадна Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын дархлаа зэргийг ойлгож мэдлээ.
Б.Мишээл /9 дүгээр ангийн сурагч/
Үндсэн хууль гэж сонссон боловч, тодорхой сайн мэдлэггүй байжээ. Өнөөдөр Үндсэн хуулийн талаар хичээл орсноор манай ангийнхан тус хуулийн талаар илүү сайн мэдлэгтэй боллоо. Дэлхийн улс бүхэн Үндсэн хуулиараа тусгаар тогтнолоо баталгаажуулж, ард иргэдийнхээ эрхийг хамгаалдаг гэдгийг ойлгож авлаа. Манай аав, ээж хоёр жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдрөөр Монгол Улсынхаа түүхийн талаар ярьж өгдөг.
В.Хантүшиг / 9 дүгээр ангийн сурагч/
Үндсэн хуулиа бид дээдлэн сахиж, ёсчлон биелүүлэх ёстой. Тусгаар тогтносон Монгол Улсын суурь хууль учраас бусад хуулийн эхлэл гэж ойлгодог. Үндсэн хуулиараа улс орны тусгаар тогтнолоо тунхаглаж, иргэдийнхээ эрхийг хамгаалж чадсанаараа үнэ цэнэтэй гэдгийг ойлгож авлаа.
Б.Хансүлд /5в ангийн сурагч/
Анхдугаар Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн 11 цагт батлагдсан. Үндсэн хууль батлагдсанаар Монгол Улс улс шиг улс болж, дэлхийн улс орнуудтай харилцаа тогтоож чадсан гэж ойлгодог. Маргааш бид гэр бүлээрээ өвөөгийндөө очиж, монгол хоолоо хийж иднэ
А.Хүчгүр /2б ангийн сурагч /
Хуулийг баримтлах ёстой гэж ойлгосон. Жишээлбэл, замаар гарахдаа ногоон гэрлээр гарч, улаан гэрлээр зогсох ёстой гэдэг дүрмийг бид баримталдаг. Хэрэв энэ дүрмийг баримтлахгүй бол бүх юм эмх замбараагүй болно. Бас сурагч хүн сурах үүрэгтэй. Хүн бүр суралцах эрхтэй. Хүүхдүүд бид эх орноо хайрлах, хамгаалах ёстой. Маргааш анхны Үндсэн хууль баталсан баярын өдөр учраас монголчууд гэр бүлээрээ баярлаж, амарна.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа











Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
