Author Archives: baaska baaska

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг улираан дэвшүүллээ

НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь  МАН-ын бүлгээс  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр,  холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх 4 жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулан, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-д нийцүүлэн, нийслэлийн хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай, давхардалгүй, хүртээмжтэй, бүх нийтийн оролцоог хангасан байх зарчмуудыг баримтлан боловсруулж, батлуулах болно” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төв талбайд жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийг шинээр нээлээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын иргэд, жуулчдад хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор жуулчны мэдээлэл сурталчилгааны төвүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд “Жуулчны мэдээллийн төв”-ийг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Тус мэдээллийн төвийн байгууламж гаднаа бөмбөрцөг дугуй хэлбэр бүхий орчин үеийн шийдэлтэй, 4 улирлын турш ашиглаж болох дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй зөөврийн байгууламж бөгөөд үндэсний онцлогийг тусгасан байхаар төлөвлөж “Орд гэр” ХХК-тай хамтран угсармал модон араг бүтэцтэйгээр байгуулсан.

Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв нь анх 2013 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхний салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдөр байнгын үйл ажиллагаатай 3, улирлын чанартай 3, ХБНГУ-д нэг нийт 7 салбартай ажиллаж байна. Жил ирэх тусам жуулчдын тоо ихсэж байгаатай холбоотойгоор чанартай үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээр зорьжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 2022 онд 6 байршилд “Жуулчны мэдээллийн төв” ажиллуулж 15 мянган хүнд, 2023 онд 7 байршилд 16,950 хүнд , 2024 онд 7 байршилд ажиллуулж 3 дугаар улирлын байдлаар 16,180 хүнд үйлчилжээ. Нийт 48,130 гадаад, дотоодын иргэд, жуулчдад мэдээлэл, зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүллээ.

Дээрх мэдээллийн төвүүдээр дамжуулан гадаадын жуулчид дараах үйлчилгээг авах боломжтой

  • Хот орчимд аялах маршрут
  • Хотод үзэж сонирхох газрын мэдээлэл
  • Нэг өдрийн хотын аялал
  • Нийтийн тээврийн маршрут /Нисэх онгоцны буудлаас хот руу орох/
  • Орон нутгийн нийтийн тээврийн маршрут, ажиллах цагийн хуваарь, байршил
  • Валют арилжааны газруудын байршил, ажиллах цагийн хуваарь
  • Улаанбаатар хотын үзвэр, үйлчилгээний газруудын мэдээлэл, байршил, ажиллах цагийн хуваарь
  • Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдийн байршил, ажиллах цагийн хуваарь
  • Нисэх буудал, гадаад дотоодын нислэгтэй холбоотой мэдээлэл
  • Татваргүй бараа худалдан авсны дараах буцаан олголтыг хэрхэн авах зааварчилгаа, барааны жагсаалт
  • Зочид буудал, дэн буудал, guest house-уудын байршил, үнийн мэдээлэл, утасны дугаар
  • Жуулчны бааз, амралтын газруудын байршил, ажиллах цагийн хуваарь, үнийн мэдээлэл
  • Эвент арга хэмжээний мэдээлэл
  • Аялал жуулчлалын газруудын мэдээлэл, ажиллах цагийн хуваарь, утасны дугаар
  • Орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудын мэдээлэл, утасны дугаар
  • Үүрэн телефоны газруудын байршил, дата сим авах боломжтой газруудын байршил, ажиллах цагийн хуваарь
  • Такси үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл, лавлах утасны дугаар
  • Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл, утасны дугаар
  • Яаралтай үед холбогдох газруудын мэдээлэл, утасны дугаар
  • Жуулчдын ашиглаж болох аппликейшнууд зэрэг мэдээллийг өгөх юм.

Дотоодын иргэдэд үзүүлэх нэмэлт мэдээлэл:

  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн мэдээлэл байршил
  • Е-mongolia ашиглах зааварчилгаа
  • Мэдээллийн лавлах утасны жагсаалт,
  • Үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах талаар мэдээлэл өгөх юм.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж эхэллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд “Иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдаж дууссан аймаг, нийслэлийн холбогдох нутаг дэвсгэрийн шилжин суурьших хөдөлгөөнийг 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээж,  бүртгэл хэвийн хийгдэж хэллээ.

Харин сонгуулиар нэмэлт санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн сонгуулийн нутаг дэвсгэрт хамаарах иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

Иймд иргэн та Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойр байрлах төв, цэг, нийслэлийн үйлчилгээний цэг болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /https://e-mongolia.mn/-ээр дамжуулан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх боломжтой гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан улсыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 116 дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.07-10.13/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 116 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 105 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн болон ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 29 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 76.6 хувьтай байлаа. Зөвлөгөөний эхэнд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа авто замын түгжрэл, ачааллыг бууруулахын тулд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах, гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох, “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, E-Police аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэн, хуулийн этгээдэд урамшуулах олгох, зарим уулзвар замуудын хөдөлгөөн, зохион байгуулалтыг шинэчлэх гэсэн өргөн хүрээний ажлууд хийх талаар танилцууллаа.

Эдгээр ажлын үр дүнд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд тохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бий болгож, авто замын түгжрэлийг бууруулахад үр нөлөөгөө үзүүлэх юм. Жишээлбэл, хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгосноор авто замын уулзваруудын камержуулалт бодит цагийн өгөгдөл боловсруулж уулзваруудын гэрлэн дохиог удирдах боломж бүрдэнэ.

Мөн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотод тулгамдаж байгаа авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулав. Энэ хүрээнд авто замын түгжрэл, ачааллыг бууруулах чиглэлээр урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх бодлого, хууль эрх зүйн хүрээнд 17, техник технологи, судалгааны хүрээнд 12, бусад ажлын хүрээнд 5, нийт 34 арга хэмжээний ажлын саналыг холбогдох байгууллага, газруудаас авч, нэгтгэн боловсруулж буй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч М.Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо – Энх тайван, хөгжлийн үндэс суурь” сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ.

Айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулж, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжим анх удаа Ашхабад хотноо эгшиглэлээ.

Мөн “Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг амжилттай зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоосон нь цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

1992 онд Монгол Улс болон Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд анх удаа хэрэгжсэн энэхүү дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой айлчлал болж өндөрлөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин гахай өдөр

-Аргын тооллын 10 дугаар сарын 14. Даваа (Сумьяа) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 12, цагаагчин гахай, мэнгэ 2 хар, суудал хий, од чөдөр-23, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:10-18:05.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, туулай, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, тээрэм босгох, андгай тавих, чуулах, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, ном сонсох, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явах муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 2 градус дулаан

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд :

Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрч, салхитай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1…+4 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0…+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 0…+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0 градус орчим байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цас орж шуурах тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

Өнөөдөр буюу 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, 14-нд ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг хааж, шинэчилнэ

Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

arhiv

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийв.

2. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар (цаашид “Талууд” гэх) албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар найрсаг, ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд санал солилцов.

3. Төрийн тэргүүн нар Монгол Улсаас тус улсад анх удаа хэрэгжүүлж буй дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж буйг онцлон тэмдэглэв.

4. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, туркменистаны төр, Засгийн газар уг арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсныг онцлон тэмдэглэв.

5. Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Туркменистаны Тусгаар тогтнолын цогцолборт цэцэг өргөв.

6. Монгол, Туркменистаны улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор холбогдох яам, байгууллага хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах, туршлага солилцох, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийн хэрэгжилтийг ханган ажиллахаар тогтов.

Төрийн тэргүүн нар Хоёр талын хамтын ажиллагааны Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын комисс байгуулах асуудлыг судлахаар тохиров.

7. Талууд харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, Монгол Улсын Их Хурал, Туркменистан Улсын Үндэсний Их Хурал (Межлис)-д тус тус найрамдлын бүлэг байгуулж, харилцан айлчлал, хамтарсан хурал, семинар, арга хэмжээг зохион байгуулахаар тогтов.

8. Улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцааг өргөжүүлэхэд Монгол Улс, Туркменистан Улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа тэргүүлэх үүрэгтэйг тэмдэглэж, хоёр улсын 2015 онд байгуулсан Гадаад харилцааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зөвлөлдөх уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулахаар тохиров.

9. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын “Мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр” болон “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулсныг талууд сайшаав.

10. Энэ хүрээнд Монгол Улсаас Туркменистан Улсад ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Туркменистан Улсаас Монгол Улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хивс, хивсэнцэр зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийн талаар судлахаар тогтов.

11. Хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх хүрээнд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатайг талууд онцлов.

12. Энэ хүрээнд талууд “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулав.

13. Талууд хүрээлэн буй орчныг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудалд онцгой анхаарч, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын цөлжилттэй тэмцэх туршлагатай уялдуулан хамтран ажиллахаар тохиров.

14. Талууд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон орчин цагийн ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хот төлөвлөлт, байгуулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, байгуулалтын хүрээнд “Аркадаг” хотын бүтээн байгуулалтын талаар туршлага судлах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

15. Олон улсын хамтын ажиллагаа, энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлын төлөөх Туркменистан Улсын баримталж буй төвийг сахих бодлогыг монголын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв.

16. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг өндрөөр үнэлж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг туркменистаны тал дэмжихээ илэрхийлэв.

17. Талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын ач холбогдлыг тэмдэглэж, тээвэр, худалдааны саад, тотгорыг арилгах асуудлыг судлахаар тогтов.

18. Ашхабад дахь НҮБ-ын Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны Төв Азийн бүсийн төв, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг талууд онцлов.

19. Үүнтэй холбогдуулан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т оролцох асуудлыг туркменистаны тал ойрын хугацаанд судлахаар болов.

20. Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдал, хар тамхины хууль бус наймаа, терроризм, экстремизмтэй тэмцэх болон хүмүүнлэгийн чиглэлээр хоёр талын хүрээнд болон НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй буйгаа талууд нотлов.

21. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

  1. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”;
  2. “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”;
  3. “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  4. “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  5. “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”;
  6. “Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”;
  7. “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.

22. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон туркменистаны ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Ашхабад хот, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Г.Бердымухамедов-той уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангулы Бердымухамедов-той уулзлаа.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Туркменистан Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах болон хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Туркменистаны Халк Маслахат буюу Ардын зөвлөл нь үндсэн хуулийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч бие даасан байгууллага юм.

Халк Маслахат нь Үндсэн хууль, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх бүрэн эрхтэй байгууллага юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа