Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 2 градус дулаан

                                 Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

                                          2024 оны 09-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

                                                             цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 мерт, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-10 метр. +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +0…+2 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилттой уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөр, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, “Монголд зочлох жил”, “Залуучуудын жил”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин”, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлогын төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан.
Хамтарсан Засгийн газрын “ХУРДТАЙ  ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг удирдлага болгон“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн 4 үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “УРТ ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ” зорилгыг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Эдийн засгийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөгжлийн бэрхшээлтэй 650 хүн хиймэл гар, хөлтэй болно

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслөөр хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл гар, хөл үнэ төлбөргүй хийж өгч эхэллээ. Төсөл 2024 оны 9 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 9-ний хооронд хэрэгжих юм.
БНЭУ-аас ирсэн мэргэжилтнүүд Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллан, өдөрт 15 хүнд хиймэл гар, хөл хийж өгөхөөр төлөвлөжээ.
Жайпур фут нь олон улсад хэрэгждэг хүмүүнлэгийн төсөл юм. Энэхүү төслийг 1975 онд сайн санаат хүмүүсийн тусламж, хандиваар эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон орны хөгжлийн бэрхшээлтэй 2.2 сая иргэнд хиймэл гар, хөл хийж өгчээ. Манай улс энэ төслийг хэрэгжүүлж буй 45 дахь орон болж байна.
Жайпур фут төслийн багийн ахлагч Сатиш Чанд Мехта нээлтийн үеэр “Хиймэл хөл, гар хийх технологи нь байнга шинэчлэгдэж байдаг. Тиймээс энэ арга туршлагаасаа танай улсын протез, ортопедийн үйлдвэрийн ажилтнуудад зааж, мэргэжлийн зөвлөгөө өгөхөд бэлэн” гэлээ.
Монгол Улсад 111,2 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байдгийн 21 мянга гаруй нь хөдөлгөөний бэрхшээлтэй.
Салбар яамнаас боловсруулж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуульд туслах технологи, хиймэл эрхтний асуудлыг тодорхой тусгаж өгсөн.
Хиймэл гар, хөлийг дунджаар 3-4 жилийн хугацаанд солих хэрэгтэй болдог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд нөхөн сэргээх үйлчилгээг тухай бүр авч чаддаггүй, протез, ортопедийн үйлдвэрийн үйлчилгээний хөлс өндөр, нийгмийн халамжийн сангаас гурван жил тутамд протез, ортопедийн үйлчилгээний хөлс олгодог ч чирэгдэл их зэрэг бэрхшээлийн талаар ярьж байсан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн нэр, төрөл, жишиг үнийг нэмэгдүүлэх, протезийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэлд шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Энэ төслийн үйл ажиллагааг зохион байгуулахаар ГБХНХЯ, ЭМЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвөөс нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг энд ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Боловсролын яам, харьяа агентлагийн мэргэжилтнүүд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд дөрвөн өдөр ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.
Энэ дагуу өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр яам болон агентлагийн удирдлагуудын хамт тус төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Иргэд тэтгэвэрт гарсан багш нар болон энэ мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудыг багшаар ажиллуулахыг дэмжиж буйгаа хэлж байв.
Ахмад багш Ж.Цэдэндорж ЕБС-ийн хөтөлбөр явцуу хүрээнд сургалтын чанар тааруу байна. Ахлах ангийн сурагчдад системтэй мэдлэг олгож чадахгүй байгааг шүүмжлээд, сурах бичгийн чанарт онцгой анхаарахыг сайдаас хүслээ.
Тус төвд өнгөрсөн наймдугаар сарын 20-наас есдүгээр сарын 26 хүртэлх хугацаанд боловсролын салбартай холбоотой 620 гаруй санал хүсэлт, гомдол ирснийг яам, харьяа агентлагуудад шилжүүлснээс 50 гаруй хувийг нь шийдвэрлэжээ. Үүнээс цэцэрлэг, сургуулийн хүртээмж, бүртгэл, багш, ажилтнуудтай холбоотой санал гомдол дийлэнх хувийг эзэлж байна.
Боловсролын яам, харьяа агентлагийн холбогдох мэргэжилтнүүд ирэх сарын 01 хүртэл Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо.

2024 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болсон 36 дахь удаагийн “Номын баяр”-ын хамгийн хүндтэй шагнал болох “Мэргэн ном” цомыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж баяр хүргэлээ.

“Номын ертөнцийн гавьяатан”-аар “Аргун” хэвлэлийн газар, “Мэргэн уншигч”-аар номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Номын жор“ клуб тодорлоо.

Мөн “Номын баяр”-т сайн дурын ажилтнаар оролцсон, анги, хамт олноороо ном худалдаж авдаг, ном шимтэн уншдаг хүүхдүүдийн төлөөлөл гарын бэлэг гардлаа.

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах болсон юм.

Энэ удаагийн баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцсон байна.

Баярын үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл, урлагийн тоглолт болсон юм.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж, соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан.

Энэ хөдөлгөөнийг “Номын ертөнц” клубын хүүхдүүд үндэсний хэмжээнд манлайлан зохион байгуулахаар болжээ.

Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ. Тодруулбал,

  • Архивчдын гудамж буюу Нисэхийн аюулгүйн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын 1.7 км авто замыг есдүгээр сарын 27-ны 22:00 цагаас хааж, 30-ны 06:00 цагт нээнэ.
  • Хувьсгалчдын гудамж буюу 7 дугаар хорооны уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх 1.1 км авто замыг есдүгээр сарын 27-ны 23:00 цагаас хааж, 30-ны 06:00 цагт нээнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх морь өдөр

-Аргын тооллын 9 дүгээр сарын 27. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 25, хөх морь, мэнгэ 1 цагаан, суудал мод, од найралт эх-7, түлэх барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:45-18:39.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Нохой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, мод таслах, тангараг тавих, сайн үйлийг эхлэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авах, үс засуулах, ажилчин шүтүүлэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 09-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3…+8 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +8…+13 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. +14…+16 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Ян Танд чин сэтгэлийн баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Миний бие Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох бүрдээ НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг Монголын нэрт уран бүтээлчийн бүтээсэн “Ухамсар” хэмээх баримлыг зорин очих дуртай байдаг.

Энэхүү баримал дээр очих бүрд бид бүхэн хүн төрөлхтний түүх, ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлагатай, ухамсартай, нэр төртэй байх ёстой гэдгийг эргэцүүлэн бодох гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг юм.

Гүн утга төгөлдөр энэхүү баримлыг дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийг баталсан, Парисын уур амьсгалын хэлэлцээр хэмээх зорилтыг дэвшүүлсэн түүхэн цаг үеийн бэлгэдэл болгон бүтээсэн.

 Энэ удаа очиход энэхүү гайхамшигт бүтээл Та бидний ирээдүй хойч үеийнхээ төлөө дэвшүүлсэн зорилт, амлалтын хариуг нэхэх мэт дүнсийн зогсож харагдлаа.

Харамсалтай нь, бид бүхний баталсан эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэх цаг хугацаа хаяанд ирчихээд байхад Та бидний хийсэн ажил, олсон ололт, хүрсэн үр дүн хангалтгүй хэвээр байна.

Энэхүү бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шинэ эрч хүч өгч, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг санаачлан зохион байгууллаа.

Хоёрхон хоногийн өмнө болсон энэхүү дээд түвшний уулзалтаар тогтвортой хөгжил, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэлийн асуудлаарх бидний бодлого зорилт, хамтын ажиллагааны чиглэл, хамрах хүрээг хэлэлцэн тогтоолоо.

Уулзалтаар хэлэлцэн батлагдсан “Ирээдүйн төлөө гэрээ”, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” зэрэг баримт бичгийг боловсруулахад Монгол Улс идэвх санаачилгатай оролцсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Харин одоо эдгээр санал санаачилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө Та бид хичээн зүтгэж, дэлхийн улс орнууд хамтран ажиллах шаардлагатай байна.

Үүнийг улс орнуудын төр, засгийн тэргүүн, төлөөлөгчид гүнээ ухамсарлан дэмжиж, энэхүү хүндэт индрээс үзэл бодол, байр сууриа илэрхийлж буйд баяртай байна.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эдүгээ хүн төрөлхтний амьдрал техник, технологийн дэвшил, цахим хөгжлийн эринд асар хурдтай хувьсан өөрчлөгдөж, харилцан хамааралтайгаар хөгжин дэвжиж байна.

Гэвч хэт явцуу ашиг сонирхол, хэт туйлширсан үзэл суртал, үл итгэлцэл, үл ойлголцол, үл хүндлэл оршин буйгаас дэлхий ертөнцийн олон газар зөрчил тэмцэл, зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан тасрахгүй, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсээр байна.

Монгол Улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг.

Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоохын тулд эрин үеийнхээ өөрчлөлт, хэмнэлийг мэдэрсэн зөв зүйтэй шийдлийг олж, бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлага олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө зүй ёсоор тавигдаж байна.

Энэ жил дэлхийн 60 гаруй улс оронд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явагдаж, дэлхийн хүн амын бараг тал хувь нь сонголтоо хийсэн их сонголтын жил болж байна.

Монгол Улсад ч гэсэн парламентын ээлжит сонгууль хуулийн хүрээнд амжилттай сайн явагдсаныг дотоод, гадаадын ажиглагчид, олон улсын байгууллагууд сайшаан дүгнэснийг дурдахад таатай байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулахыг ямагт зорьж ирлээ.

Энэ хүрээнд Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улс орнуудтай дипломат харилцаа тогтоосон бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.

Тиймээс манай улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх тухай НҮБ-ын дүрмийн зарчмыг хэлбэрэлтгүй сахиж, санал зөрөлдөөн, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ сөргөлдөөн бус дипломат яриа хэлэлцээ, дайсагнал бус эв нэгдэл, талцал хуваагдал бус хамтын үзэл санааг чанд баримтлан, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалж байна.

Монголчууд бид аливаа асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг эртнээс эрхэмлэж, бас эрэлхийлж ирсэн түүхтэй ард түмэн билээ.

Олон зууны тэртээгээс Их Монгол Улс хөрш зэргэлдээ, хол ойр, холбоотон, сөргөлдөгч аль ч улстай харилцахдаа элч төлөөлөгч илгээх, хүлээн авах, гэрээ хэлэлцээр байгуулах, найрамдах, зөвшилцөх зэрэг улс төр, дипломатын аргуудыг хэрэглэж, асуудлыг эвээр зохицуулахыг эрмэлздэг байсан нь эдүгээ ч Монголын төрийн гадаад бодлогын гол зарчим хэвээр байна.

Үүний түүхэн нотолгоо бол элч төлөөлөгчийн итгэмжлэл, өнөө цагийн дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ” байсан бөгөөд монголчууд бидний өвөг дээдэс тэртээх XIII зуунаас улс хоорондын харилцаанд анх удаа хэрэглэж ирсэн түүхтэй.

Энэхүү түүхэн “Гэрэгэ” өнөөдөр ч НҮБ-ын төв байранд түүхэн үнэт дурсгал болон хадгалагдаж байгаа бөгөөд 2000 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан хэлэхдээ “Гэрэгэ бол монголчуудаас дэлхийн хамтын нийгэмлэгт өгсөн үнэт өв юм. Монголчуудын өвөг дээдсийн мэргэн ухаанаас өнөөгийн бидэнд суралцах зүйл их байна” хэмээн үнэлсэн байдаг.

Манай өвөг дээдсийн эв эеийг сахин, эв найртайгаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг энэхүү үзэл санаа нь өнөөгийн энх тайван, тогтвортой байдлыг  сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг илтгэж байна.

Эдүгээ цаг үед дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал гүнзгийрч, дайны гал дүрэлзэж, цөмийн зэвсгийн аюул занал сэргэж, сэдэрч болзошгүй байгаа нь хүн төрөлхтнийг ихээхэн түгшээж байна.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг өргөжүүлэх чиглэлд гаргасан дэлхийн улс орнуудын хамтын хүчин чармайлт талаар өнгөрөх учиргүй.

Монгол Улс цөмийн аюулыг зайлуулахад бодит хувь нэмэр оруулж, цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд цөмийн зэвсгээс ангид байх бодлого, үйл ажиллагааг цаашид ч тууштай даган мөрдөж, дэмжихээ дахин нотолж байна.

Манай улс энх тайван, тогтвортой байдлыг хангах, ялангуяа цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж, уг асуудлаар НҮБ-ын хүрээнд тусгай чуулга уулзалт зохион байгуулахыг санал болгож байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайрлан хүчин зүтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагч “цэнхэр дуулгатнуудын” үүрэг оролцоог Монгол Улс өндрөөр үнэлж, энэ үйлсэд бодит хувь нэмрээ оруулж ирлээ.

Олон улсын терроризм, хэт даврагчдын хэрцгий үйлдэл, дүрвэгсдийн тооны өсөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж цэнхэр дуулгатнууд улам бүр хүнд хэцүү нөхцөлд, нарийн төвөгтэй үүрэг даалгавар биелүүлэх боллоо.

Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулагч, цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн, энгийн ажилтнууд зэрэг 4,370 гаруй хүн үүрэг гүйцэтгэх явцдаа амь насаа алдсаныг бид огт мартаж болохгүй.

Монгол Улс харьцангуй цөөн хүн амтай хэдий ч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагч цэрэг дайчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирлээ.

Тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөрийн дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд эдүгээ манай энхийг сахиулагчдын дунд эмэгтэй алба хаагчдын тоо 11 хувийг эзэлж байна.

Энэхүү санаачилгыг НҮБ-ын Энхийн ажиллагааны газар болон бусад цэрэг хандивлагч улс орнууд бүх талаар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга, хүндэт зочид төлөөлөгчид өө,

Сүүлийн жилүүдэд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил эрс хурдсаж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэв маягт мэдэгдэхүйц нөлөөлж, цаашид соёл иргэншлийн хөгжлийг сууриар нь өөрчилж болзошгүй хүчин зүйлд тооцогдох боллоо.

Үүнтэй уялдуулан олон улсын тавцанд мэдээлэл, харилцаа холбооны технологи, хиймэл оюуны талаар эрчимтэй хэлэлцэж эхэлсний дотор бидний саяхан баталсан “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” цаг үеэ олсон, чухал алхам боллоо.

Манай улс мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн явахыг зорьдог бөгөөд уг асуудлаарх НҮБ-ын тогтоол, баримт бичгүүд, олон улсын эрх зүйн бусад хэлэлцүүлэгт чухал ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна.

Энэ оны гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей анх удаа хиймэл оюуны найдвартай, аюулгүй байдлыг хангахыг гишүүн орнууддаа уриалсан тогтоол баталсан нь нэн чухал алхам болж байна.

Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд эдийн засгийн төрөлжилт, эрчим хүч ба цахим шилжилтийг дэмжих бодлого баримтлах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох чадварыг сайжруулах, нийгмийн суурь үйлчилгээ, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлж, ажил эрхлэлт, хүнсний хангамж болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд түлхүү анхаарал хандуулж байна.

Нөгөө талаас дэлхий нийтийн өрийн хуримтлал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хөгжиж буй орнуудын өрийн үйлчилгээний төлбөр нь авч буй зээлийн хэмжээнээсээ хэтэрч, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх төсвийн орон зай улам хумигдсаар байна.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгуудын хүрээнд зөвхөн өрийн тогтвортой байдлыг хангах бус, олон улсын санхүүгийн тогтолцоог уг үндсээр нь шинэчлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг бүрэн дэмжиж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

XXI зууны эхний жилүүдэд дэлхий дахиныг бүхэлд нь хуваасан үзэл суртал, системийн зөрчил түүх болж, цэрэг дайны уламжлалт аюул занал алсран холдож, харин уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, терроризм, цахим гэмт хэрэг, дүрвэгсдийн асуудал зэрэг уламжлалт бус аюул занал анхаарал татах хандлагатай байлаа.

Гэвч энэ нөхцөл байдал сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөн, уламжлалт аюул занал урьдын адил дахин сэргэж, дэлхий нийтийн аюулгүй байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх боллоо.

Өөрөөр хэлбэл аюул заналын уламжлалт болон уламжлалт бус төрлүүд давхцан, хамрах хүрээ нь нэмэгдэж буйд дэлхийн улс орнууд онцгой анхаарч, хамтын хүчин чармайлтаа улам илүү бэхжүүлэх шаардлагатай болж байна.

Ялангуяа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь байгаль, цаг уур, эдийн засгийн хүрээнээс хальж хүний нийгмийн эмзэг асуудал, нөөц баялгийн төлөөх маргааныг хурцатгах, шилжилт хөдөлгөөнийг өдөөх зэргээр олон тооны шууд ба дам аюул, эрсдэл дагуулах боллоо.

Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл хүн төрөлхтөнд хөгжих, эс хөгжихийн тухай бус, харин орших, эс оршихын сонголт тулгарахыг үгүйсгэх аргагүй.

Тиймээс та бид нөхцөл байдалд нухацтай дүгнэлт хийж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн асуудал, сорилтуудыг даван туулахдаа эрин үеийнхээ дэвшилд суурилсан ухаалаг шийдэл, шинэ технологийг нэвтрүүлж, сайн туршлагаа харилцан хуваалцаж, хамтран ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монголчууд бид нүүдэлчдийн үр сад бөгөөд энэ онцлог өв соёл, уламжлалаа өнөө ч хадгалж, эрхэмлэн дээдэлж ирсэн.

Нүүдлийн соёл иргэншлийн эх сурвалж нь чухамдаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, үр шимийг нь зөв зохистой хүртэх, хүн байгалийн зүй тогтлыг хадгалан хамгаалах ногоон хөгжлийн үзэл санаа юм.

Энэ нь ногоон хөгжлийн ирээдүйн талаар монголчууд бидэнд уламжлалт арга ухаан, санал санаачилга багагүй байна гэсэн үг юм.

Тиймээс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, чиглэлдээ нийцүүлэн “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал,” “Эрүүл монгол хүн”,  “Цахим Монгол” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Эдгээр нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд олон улс, бүс нутгийн түвшинд бидний оруулж буй хувь нэмэр гэж үзэж болно.

Мөн энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байгааг дуулгахад таатай байна.

Олон улсын хамтын нийгэмлэг, гишүүн улс орнууд биднийг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Манай улс Төв Азийн өндөрлөгт орших өвөрмөц байрлал, эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй орны хувьд ижил төстэй байрлал, нийтлэг сорилт бүхий улсуудын асуудалд онцгой анхаарч, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэхэд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Монгол Улс 2023-2024 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх Засгийн газар хоорондын хороог Австри Улсын хамт даргалж, төгсгөлийн баримт бичгийн төслийг гишүүн улсуудаар амжилттай хэлэлцүүллээ.

Ирэх 12 дугаар сард Ботсвана Улсад болох бага хурлаар батлагдах Үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь ДГХБО-ын хөгжлийг дараагийн 10 жилд залж чиглүүлэх тодорхой зорилго, арга хэмжээнүүдийг тусгасан шинэлэг агуулга бүхий баримт бичгийн төсөл болсонд баяртай байна.

Иймээс бид ДГХБО-ын НҮБ-ын Гуравдугаар бага хуралд дээд, өндөр түвшинд оролцож, тус бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санал, санаачилгаа бүтээлчээр хэлэлцэхийг ДГХБО-ууд болон транзит улсууд төдийгүй НҮБ-ын нийт гишүүн улсууд, хөгжлийн түншүүдэд уриалж байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Бээжин хотноо 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудлаарх НҮБ-ын IV бага хурлаас “эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх, хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх” хэмээн тунхаглаж, хүйсийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан билээ.

Монголчууд бид эртнээс эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэдэг соёл, уламжлалтай бөгөөд монгол хатад, эмэгтэйчүүд улс орныхоо төр, нийгмийн үйл хэрэгт чухал оролцоотой явж ирсэн түүхтэй билээ.

Энэ сайхан уламжлал, түүх соёлын улбаа улам бэхжин хөгжиж, Монгол Улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Ази тивдээ тэргүүлэгчдийн нэг байсаар ирлээ.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуульдаа эмэгтэйчүүдийн тэгш эрх, сонгох, сонгогдох эрхийг Ази тивдээ анхлан баталгаажуулсан бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн үндэсний хэмжээний байгууллага байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ түүхэн ойн босгон дээр 2023 онд нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэл хийсэн.

Үүний үр дүнд саяхан болсон парламентын ээлжит сонгуулиар нийт гишүүдийн 25.4 хувь нь эмэгтэй гишүүд сонгогдож, Ази тивийн дундаж үзүүлэлт болох 21.2 хувийг давлаа.

Мөн манай улс нийслэл Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор амжилттай зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалтад таван тивийн улс орнуудын төр, засаг, олон улсын байгууллагын удирдагч, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын манлайлагч эмэгтэйчүүд хуран цуглаж, тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд эдийн засаг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, түүнчлэн боловсрол, спорт, соёл, урлагийн талбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон бүтээлч санал санаачилга дэвшүүлж, туршлагаа хуваалцан, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсныг цохон тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын мөрөөр болон жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр цаашид ч идэвхтэй ажиллах болно.

Эрхэм хүндэт чуулганы дарга, хүндэт зочид төлөөлөгчид өө,

НҮБ-ын Ерөнхий Ассамблей бол даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх үзэл санаа, хүсэл эрмэлзлийн дуу хоолойг түгээх хамгийн чухал, эрхэм хүндтэй индэр юм.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тэгш шударга төлөөлөлтэй, хүртээмжтэй, ил тод, үр дүнтэй, ардчилсан, хариуцлагатай тогтолцоо болгон шинэчлэхийн төлөөх гишүүн улсуудын хүсэл эрмэлзэл, хүч чармайлтыг Монгол Улс тууштай дэмжсээр ирсэн.

Мөн бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжих болно.

Манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.

Иймд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд төр, засгийн тэргүүн, эрхэм хүндэт төлөөлөгч Та бүхэн онцгой манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна.

Мөнх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.”

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдрийн байдлаар дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар дараах дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал,

  • Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна.
    • Хойд эгнээг есдүгээр сарын 24-ны 23:00 цагт хаасан бол 27-ны 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх юм.
    • Урд эгнээг маргааш буюу есдүгээр сарын 27-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ.
  • Долоон буудлын эцсээс Дамбын пост хүртэлх авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг маргааш буюу 27-ны 06:00 цагт нээнэ.
  • Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй.
    • Урд эгнээг есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагт нээнэ.
    • Хойд эгнээг өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны 23:00 цагт хааж, 28-ны 06:00 цагт нээнэ.
  • Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хаасан бөгөөд 29-ний 06:00 цагт нээнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дашнямтай өдөр

-Аргын тооллын 9 дүгээр сарын 26. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
–Билгийн тооллын 24, харагчин могой, мэнгэ 2 хар, суудал уул, од өглөгт охин-6, хотол чуулган барилдлагат өдөр. Дашням, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:44-18:41.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлдүүд, хойморт орших болой.
–Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 20 градус дулаан

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.                                          2024 оны 09-р сарын 25-ны 20 цагаас 09-р сарын 26-ны 20 цаг хүртэлх

                                                  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7…+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0…-2 градус хүйтэн, бусад хэсгээр +5…+7 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өршөөлийн аян зарлагдлаа

Хууль бусаар оршин суухын эсрэг тэмцэх 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр буцаах “Өршөөлийн сар” зарлагдлаа.
Хэрэгжих хугацаа: 2024 оны 9 сарын 30-аас 11 сарын 30-ныг хүртэл
Энэ хугацаанд сайн дураар нутаг буцсан тохиолдолд торгуулиас чөлөөлөх, хилээр ахин нэвтрэх хязгаарлалтыг түдгэлзүүлэх юм.
Сайн дураар нутаг буцах бол явах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдлээ хийнэ.
Мэдэгдэл хийхэд шаардагдах бичиг баримт: Гадаад паспорт, сайн дураар нутаг буцах мэдэгдлийн маягт
Хэрэв та сайн дураар нутаг буцах гэж байгаа бол дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Хууль зүйн яамны гадаад мэдээллийн төвийн 1345 лавлах утас болон www.hikorea.go.kr вебсайтаас авах боломжтой.
Холбоотой мэдээлэл, зөвлөгөөг манай төвийн 02-2266-8228, 02-2266-9229 дугаарын утсаар аваарай.
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын алба

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа