Author Archives: baaska baaska

Кимбаб хийх арга

Орц: будаа 80гр, ким 1.5гр, даршилсан манжин 15гр, лууван 15гр, огурцы 13гр,  сыр 3гр, өндөг 30гр, канжан\үхрийн мах амтлагч\ 1.6  гр, элсэн чихэр 1гр, сармис 0.5гр, гүнждийн тос 0.3гр, нунтаг улаан перц бага зэрэг, давс бага зэрэг.
Хийх дараалал
01.агшаасан будаагаа халуун дээр нь давс бага зэрэг, гүнждийн тосоо хийж холино
02. татсан махныхаа шүүсийг шүүгээд амтлагчаар амталсаны дараа хайруулан   тавганд тос хийн махаа хуурна.
03. луувангаа нарийхан хэрчинэ. Тэгээд хайруулан тавганд тос халаан хэрчсэн лууванг хийж давс жаахан цацаад хуурна
04. Огурцыг урт хэрчээд давс цацсаны дараа  шүүсийг нь шахна.
05. Өндөгөө халсан хайруулын тавгандаа дэлгэж шараад жаахан давс цацна. Гаргаад урт нарйинхан хэрчинэ.
06. Кимбаб ороогч хэвэн дээрээ кимээ дэвсээд агшаасан будаагаа тарааж өгсний дараа  махаа тавина. Дээр нь амтат манжин, лууван, огурцы, өндөгөө тавьж орооно.
07. Идэхэд тохиромжтой  хэмжээтэй  хэрчинэ. Ингээд үхрийн махтай кимбаб бэлэн боллоо.

 Кимбаб ороогч хэвэн дээрээ кимээ дэвсээд агшаасан будаагаа тарааж өгсөний дараа сырээ тавина. Дээр нь амтат манжин, лууван, огурцы, өндөгөө тавьж орооно.
Өндөгтэй кимбаб
Кимбаб ороогч хэвэн дээрээ кимээ дэвсээд агшаасан будаагаа тарааж өгсөний дараа  махаа тавина. Дээр нь амтат манжин, лууван, огурцы, өндөгөө тавьж орооно. Хайруулын тавганд тосоо хийн өндөгөө хийгээд хайрна. Өндөгөө бүрэн болохын өмнө бэлдэж тавьсан кимбабаа өндөг дээрээ тавиад орооно. Ингээд өндөгтэй кимбаб бэлэн боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар морь өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 18. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 10, хар морь, мэнгэ 7 улаан, суудал төмөр, харцага-11 од, үл тохирох барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:10-20:27.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин хулгана, гахай, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлдхананд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, амраг садан бололцох, багш шавь барилдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, замд гарах, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж,

нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +11…+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр +13…+15 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан. аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-ний 014-р анги, “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр”, “ULE” ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Бадрах Өглөө” ХХК, “Дрем агчисгаз” ХХК, “Шилдэг зам” ХХК, “Их Богд” дэвжээний бөх, улсын начин Өлзийсайханы Батзул үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Ц.Бямба-Отгон, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “ТЭЦ-4” ТӨХК, “Импро” групп, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.
Долоод аймгийн арслан Д.Батбаатар, аймгийн арслан Н.Амгаланбаатар, аймгийн өсөх начин Д.Төрбаяр нар үлдэв.
Маргааш буюу тавдугаар сарын 18-нд 13:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Онцгой байдлын байгууллага 20 жилийн хугацаанд 76200 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 37.0 мянган иргэний амь насыг авран хамгаалжээ

Онцгой байдлын байллагын түүхт 20 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын удирдлагууд болон нийт бие бүрэлдэхүүн, Хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх , Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар болон бусад албаныхан оролцсон юм.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын үе үеийн ахмадууд, нийт албан хаагч нарт түүхт 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, 2004 онд Онцгой байдлын байгууллагыг Олон улсын чиг хандлага, өөрийн улсын онцлогт нийцсэн оновчтой бүтэц зохион байгуулалттай болгон үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах хариуцлагатай үүрэг даалгаврыг биелүүлж, өнөөдрийн Онцгой байдлын албыг хөл дээр нь босгоход хүчин зүтгэсэн үе үеийн сайд нар, Шадар сайд нар, Онцгой байдлын газрын дарга, удирдлагуудад түүхт ойн баярын халуун мэндийг хүргэсэн юм.
Түүхт 20 жилийн ойн Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Онцгой байдлын албаны хүндэт генерал, офицер, ахлагч нар болон нийт бие бүрэлдэхүүнд 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд, Онцгой байдлын албаны үе үеийн эр зоригтнууд бол Өвөл зун, өдөр шөнийг ялгалгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цас бороо, гал түймэр, үер ус, өвчин тахлыг сөрж, бусдын амь амьдралыг аврахын төлөө өөрийгөө золин тэмцсээр ирсэн та бүхэндээ түүхт 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Онцгой байдлын байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг дээшлүүлэхэд зориулж 2024 онд 32,0 тэрбум төгрөгийг Монгол Улсын Шадар сайдын багцад тусгуулан шийдвэрлүүллээ. Мөн 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар гамшгийн зарлан мэдээлэх системийг шинэчлэн сайжруулсан нь гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, гамшгийн хор хөнөөлийг бууруулахад томоохон алхам болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Мөн алба хаагчдын цалин хөлсийг 2022 онтой харьцуулахад дунджаар 55 хувиар, түүний дотор ахлагч бүрэлдэхүүний цалин, хөлс дунджаар 63 хувиар нэмэгдлээ.
Ийнхүү та бид хамтран, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, хэлэхийг бус хийхийг, амлахыг бус авран хамгаалахыг, сэрээн сэрэмжлүүлэхийг зорьж ажилласан сайхан түүхтэйгээр хорин жилийн ойгоо угтлаа.
Ирж буй он жилүүдийг ч бас баатарлагийн түүх, бахархлын замнал болгон бүтээж чадна. Эх орон, ард түмнийхээ халуун итгэл, хайр хүндэтгэлийн эзэд болсон Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг өргөжин тэлж, үйлс зорилго нь биелэн төгөлдөржиж, сүлд хийморь нь өөдөө байж, сүр хүч нь мандан бадрах болтугай” гэсэн юм.
Онцгой байдлын байгууллага нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд 76200 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 37.0 мянган иргэний амь насыг авран, аюулгүй байдлыг хангаж, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгө хамгаалсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна

Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж, төл бойжилт 92.4 хувьтай байна.

Төллөвөл зохих 23.2 сая эх малын 55.6 хувь буюу 12.9 сая эх мал төллөөд байна.

Бүсээр нь авч үзвэл, баруун бүс 67.5, зүүн бүс 32.9, төвийн бүс 43.9, хангайн бүс 56.4 хувьтай мал төллөлт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна

Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг бөгөөд үүний 44 хувь нь нийслэлд 51,5 хувь нь орон нутагт, 4,5 хувь нь гадаад улс оронд амьдарч байна. Мөн залуучуудын 44,5 хувь нь дотоодын ажиллах хүчийг бүрдүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарын 29,8 хувийг, уул уурхайн салбарын 45,2 хувийг нь, барилгын салбарын 44,6 хувийг, харилцаа холбооны салбарын 60,9 хувийг, боловсролын салбарын 34,2 хувийг, эрүүл мэнд, нийгмийн салбарын 40,1 хувийг тус тус 34 хүртэлх насны залуучууд эзэлж байна.
Салбар бүрт ажиллаж, хөдөлмөрлөж буй залуу мэргэжилтэн, албан хаагчдыг дэмжих тусгайлсан бодлого, үйл ажиллагаа дутмаг байдаг учраас тухайн ажлын байран дээр хөгжих, дэвших боломж хязгаарлагдмал байхын зэрэгцээ бусад салбартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа уялдуулдаггүй сул талтай. Ийм учраас салбар бүрийн залуу албан хаагчдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах хэрэгцээ шаардлага ихээхэн тулгарч байсан билээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл нь 2021 оны 01 дүгээр тогтоолоороо улсын болон орон нутаг, төрийн бүх шатны байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудад залуучуудын сайн дурын үүсэл, санаачилгаар нэгдсэн Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулах шийдвэрийг гарган одоогийн байдлаар 21 аймаг, 8 дүүрэг, 56 сум, 124 хороо, Төрийн захиргааны байгууллагуудын дэргэд 78, Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд 133, сонирхлын 3 зөвлөл нийт 436 зөвлөл байгуулагдан 7000 гаруй залуучуудыг нэгтгэн ажиллаж байна.
Залуучуудын хөгжлийн зөвлөл нь тухайн бүс нутаг, салбар, байгууллагын залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын албанаас залуучуудын өмнө үүрэг хүлээгчид, аймаг, нийслэл, дүүргийн болон төрийн захиргааны төв болон түүний дэргэдэх залуучуудын хөгжлийн зөвлөлүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон “YOUTH MONGOLIA” залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулганыг 2024 оны 5-р сарын 17-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулах гэж байна.
Тус чуулганаар Healthy Mongolia, Stay In Mongolia, E Mongolia, Go Mongolia, Youth Mongolia гэсэн 5 дэд сэдвийн хүрээнд залуучуудын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, цахим ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудад гарц шийдлийг тодорхойлох, залуучуудын эвлэлдэн нэгдэх, оролцох, хөгжих, Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах, дэмжих жишиг хөтөлбөрийг хамтдаа хэлэлцэн боловсруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 нь байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу 216,989 өрх нь гэр хорооллын бүсэд амьдарч байна. Энэ нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлээд байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг  эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх, анхаарал хандуулах шаардлагатай байна.

Улсын хэмжээнд 29.1 мянган айлын орон сууц олон нийтийн нээлттэй зар дээр борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц байна. Мөн 2024-2025 онд нэмэлтээр 37.3 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байгаа нь 2024-2025 онд нийт 66.4 мянга айлын орон сууцны нийлүүлэлт үүсэхээр байна.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл нь төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас бий болж буй орон сууцны нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хадгалах, үр өгөөжтэй ашиглах, зорилтот бүлгийн иргэдийг хүртээмжтэй хамруулах тогтолцоог бий болгох болон 2013 оноос Монголбанкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх, тус хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнд нийцүүлэн цаашид тогтвортойгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд

Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.

Тэрбээр үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын баталгаа болсон нийт бие бүрэлдэхүүн, ахмадууд, тэдний гэр бүлд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдгийг хэллээ.

Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно гэдгийг тэмдэглэлээ.

“Цар тахалтай тэмцэх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн нь гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус албаны 20 жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үнэлгээ” гэв.

Цаашид алба хаагчдын амь нас, аюулгүй ажиллагааг мэргэжлийн түвшинд хангахад бүх талаар онцгой анхаарах ёстойг онцоллоо.

Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Үүрэг гүйцэтгэх чадавх, арга тактик, стратеги төлөвлөлт, бэлэн байдал, бэлтгэл, сургалтаа сайжруулан, техник хэрэгсэл, үйл ажиллагаандаа технологийн дэвшил нэвтрүүлж, алба хаагчдын аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөл, боломж бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт.

Газар хөдлөлтийн гамшиг, цар тахал болон аюулт үзэгдэлтэй тэмцэх үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хамтдаа богино хугацаанд бүрдүүлэн бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Улсын Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын залгамж болж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Онцгой байдлын ерөнхий газрыг  Сүхбаатарын одонгоор шагналаа.

Анх 120 салбар нэгжтэй байсан онцгой байдлын алба өнөөдөр 190 салбар нэгжтэй, агаараас эрэн хайх, аврах ангитай болон өргөжиж, техник хэрэгслийн хангалт 40 гаруй хувиар нэмэгдээд байна.

Өнгөрсөн 20 жилийн  хугацаанд 37 мянга гаруй иргэний амь нас, аюулгүй байдал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

АХЛАХ АХЛАГЧ Д.ТЭМҮҮЖИН “ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” ГАРДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжинд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”, 20 сая төгрөг гардууллаа.

Ахлах ахлагч Д.Тэмүүжин Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 3,400 орчим удаагийн дуудлагад ажиллаж, 2,056 хүний амь нас, 256 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Тэрбээр 2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “ANMMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр 16 улсын 3,000 гаруй алба хаагчийн дунд зохиосон 10 км гүйлтийн аварга, улмаар Монгол Улсын батальоны шилдэг ахлагч болж байжээ.

Д.Тэмүүжин Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиодог “Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн”-д гурван удаа мөнгөн медаль хүртсэн.

2002 оноос улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, 53 алт, 27 мөнгө, 16 хүрэл медаль хүртэн, 2018 онд гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн хэмжээнд “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд тус хөдөлгөөний үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох, хорт зуршил,  архи тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа өргөжин нийслэлийн хэмжээнд хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч, тусламж үйлчилгээ өргөжин өвчлөл эндэгдэл буурах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцолсон. Ийнхүү өнөөдөр Сүхбаатар дүүргээс “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн эхэллээ. Арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зөв зохистой хооллолт, хорт зуршлаас татгалзах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдралын буруу зуршилтай холбоотой халдварт, хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа болохыг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Өвчин туссаных нь дараах үр дагавартай нь тэмцэх бус түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч бодлогоо тодорхойлж ажиллах шаардлага бий. Бидний зүгээс иргэдийн архи тамхины зохисгүй хэрэглээг бууруулж зөв дадалд хэвшүүлэх, эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажил арга хэмжээг хэрэгжүүлж, зохион байгуулж ажиллаж байна” хэмээлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Пунцагийн Батаахүү,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чимэддоржийн Батчулуун,
  • Булган аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржготовын Ууганбаяр,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Пүрэвдоржийн Хатанболд,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Түмэнбаярын Даваадорж нарыг шагналаа.
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Түвшингийн Бадрал,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Жавзангийн Цогтоо,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Сэнгээгийн Цогтбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Жадамбын Амарсанаа,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дондовцэрэнгийн Ууганбаатар,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Шаазангийн Алтанчимэг,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ядамсүрэнгийн Отгончимэг,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 185 дугаар ангийн нөөцийн барааны нярав, ахлах ахлагч Дуламжавын Лувсан,
  • Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Сумъяагаравын Цог-Эрдэнэ,
  • Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Батсайханы Өлзий-Орших,
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Захиргаа, цэргийн алба хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Пүрэвсүрэнгийн Чинзориг,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Мягмарсүрэнгийн Батсайхан,
  • Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч Энхбаярын Энхбат,
  • Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Гончигийн Отгонбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Дэмиддагвын Батсүмбэр,
  • Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Амарсанаагийн Отгонжаргал,
  • Үндэсний аврах бригадын аврагч-холбоочин, ахлах ахлагч Цогтбаатарын Саранчимэг,
  • Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Баасангийн Батбаяр,
  • Архангай аймгийн Онцгой газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Отгонцэрэнгийн Саранцэцэг,
  • Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Насанбуянгийн Буян-Эрдэнэ,
  • Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Энхбатын Мөнхбаатар,
  • Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Лхагвын Нямбадрах,
  • Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Нарангийн Эрдэнэбаяр,
  • Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч жолооч-холбоочин, ахлах ахлагч Цогтбаатарын Ууган-Эрдэнэ,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн сантехникийн ажилтан Дугарын Сумъяа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.

2021 онд эхэлсэн ажлын явц 56 хувьтай байгаа бөгөөд ирэх онд бүрэн дуусаж, туршилт, тохируулгын ажил эхэлнэ. Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгах, харилцааны бэлгэ тэмдэг болох энэ төсөл нийслэлчүүд, байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг усаар найдвартай хангах, улмаар ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойг Ерөнхийлөгч хэллээ.

Мөн төслийг цаг хугацаанд нь хэрэгжүүлж байгаа төр, засгийн болон дотоод, гадаадын хувийн хэвшлийн бүх байгууллага, ажилчдад амжилт хүсэв.

Үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Ингэснээр нийслэлийн ус хангамж 50 гаруй хувиар нэмэгдэнэ.

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Р.БУАНГАН:

Энэ төслийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, хөрөнгө оруулах үүргээ биелүүлж байгаа Засгийн газар, яамд, БНТУ-ын МАПА групп болон туслан гүйцэтгэгч компаниуд, Монголын мянганы сорилтын сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад байгууллагад талархал илэрхийлье. Хоёр орон, ард түмний найрамдлын түншлэлийн илэрхийлэл болсон энэ төсөл Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийгмийн хамгийн том баримжаат төслүүдийн нэг. Энэ бол монголчуудын  ахуй амьдралыг сайжруулах, байгаль орчныг  хамгаалах, нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг АНУ  дэмждэгийн нотолгоо юм.

2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпео нар Мянганы сорилтын II Компакт гэрээг батлан Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан түүхтэй.

Энэ дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорац 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Монгол Улсын Засгийн газар 111.7 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.

Талууд “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах”, “Усны салбарын тогтвортой байдлыг хангах” гурван төслийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний дотор багтаан бүрэн хэрэгжүүлж дуусах юм.

Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр барьж, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулан, үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах дэвшилтэт технологи бүхий лаборатори  байгуулна.

Тухайлбал Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж Дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ. Ингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх бөгөөд цаашид саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломж бүрдэх юм.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.ЭНХГЭРЭЛ:

Бид нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон салбарт жишиг болох энэ төслийг төлөвлөсөн хугацаанд нь бүрэн хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Энд нийтдээ 3,500 хүн ажиллаж байгаагийн дийлэнх нь монголчууд. Бид 2021 оноос өнөөг хүртэл хугацаанд дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдээс 20 гаруй тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн худалдаж аваад байна.

“Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах”, “Усны салбарын тогтвортой байдлыг хангах” төслийг цогцоор нь хэрэгжүүлснээр усны салбарын дэд бүтэц, хууль эрх зүй, бодлого, зохицуулалт сайжирч, хотын ус хангамж 80 орчим хувиар нэмэгдэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.

  • Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох
  • Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс эхлэн уух
  • Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтад хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох
  • Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух
  • Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх хэрэгтэй. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.
  • Гүйлтийн өдөр гэмтэл, холгохоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх
  • Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх
  • Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уух

Гүйгчдийн хувьд калори чухал боловч шингэн бүр илүү чухал. Гүйлтийн үед макро элементүүд (уураг, нүүрс ус, өөх тос) булчингуудыг энергиэр хангах үүрэгтэй. Харин ус бол илүү олон чухал үүрэгтэй. Ус хоол боловсруулах, хэрэгтэй байгаа шим тэжээлүүдийг эд эсүүдэд зөөвөрлөх, хүчил төрөгчийг булчингуудад шахах, боловсруулагдсан хаягдал дайвар элементүүдийг гадагшлуулах мөн халууцсан биеэс дулааныг гадагшлуулж арьсанд шахах сэрүүцүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс усаа багадуулбал dehydration буюу шингэнгүй болох осолтой. Мөн цэрийтлээ уугаад байвал хамаг хужир эрдсээ зайлаад гаргах эрсдэлтэй. Тиймээс марафон гүйлтийнхээ үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух хэрэгтэй.

Та 1-2 цагийн дасгал хийхэд хөлсөөр иодын 50 хувийг ч алдаж болно гэдгийг мэдэх үү? Тэгвэл та бүхэн гүйх үедээ болон дуусаад “Хужирт Йода”-гаар эрдсээ нөхөхийг зөвлөж байна. Хагас болон бүтэн марафонд гүйгчид усны ширээ байгаа газрыг газрын зургаас хараарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нийт 2095 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1662, гэмт хэргийн шинжтэй 92 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 56 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 22 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
51

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа