Author Archives: baaska baaska

Шүлэгч, өмгөөлөгч П.Наранхүү: “Би өмгөөлөгч хүн” шүлэг миний нэрийн хуудас

Говьсүмбэр аймгийн салбар зөвлөлийн дарга П. Наранхүү  2010 оноос Шүүхэд байгууллагаа төлөөлөн оролцож байсан бол 2016 оноос бие даан хүний төлөө гэсэн сэтгэлээр үйлсийн сайхныг бүтээж, өмгөөллийн гал тогоонд “буцалж” яваа билээ.

Тэрбээр бусдын  зовлонг сонсч, хувь заяаг нь  шийддэг учраас тухайн өмгөөлөгчөөс маш их сэтгэл зүтгэл, эрч хүчийг шаарддаг.  Ингэж  ажиллаж  чадваас “аль аль талдаа ялалт байгуулан, хоригдсон хүнээ чөлөөлүүлж, хүнд нөхцөлд орсон нэгэнд боломж  олгож, үйлчлүүлэгчдийн зүгээс баяр баясгаланг мэдрэх агшин л хамгийн гоё, баяртай мөч байдаг даа” хэмээн мэргэжлийнхээ сайхнаар бахархаж явдаг  нэгэн.

Энэхүү буянтай ажилд оюутан ахуй цагаас нь хөтөлж, хөглөж, өмгөөлөгч болох замыг минь нээсэн Цэндсүрэнгийн Гансүх  гэж ачтан бий. 20 гаруй жилийн турш өөрийгөө гэсээр ирсэн эрхэм багшийнхаа ачийг  хэзээ ч мартдаггүй  нь Наранхүү өмгөөлөгчийн хүндлэл, мөн чанар гэлтэй. Уран бүтээлч сэтгэлтгээтэй, өмгөөлөгч залуугийн бас нэгэн тодотгол буюу хобби нь дуу хуур, яруу найраг сонирхож туурвих юм.

Энэхүү онгод авьяасандаа хөтлөгдөн 2017 онд Говьсүмбэр аймгийнхаа  салбар  зөвлөлийн 25 жилийн ойгоор шүлгийн уралдаан,эрдэм шинжилгээний бага хурал, өмгөөллийн үг өгүүллийн уралдаан зарласан байна. Тус уралдаанд тэрбээр  өмгөөлөгч хүний ажил амьдрал, онцлогийг харуулсан “Би өмгөөлөгч хүн”шүлгээрээ  тэргүүн байр эзэлж байв.

Дараа нь шүлгээ Монголын Өмгөөлөгчдийн холбооны 90 жилийн ойн арга хэмжээн дээр уншиж, мөн хоёрдугаар байрт шалгарсан гээд чин  сэтгэлийн угаас ундарсан уг  бүтээл  “мориор” бол хол давхисаар буй.

Би өмгөөлөгч хүн

Аавын бэлгэдэж хайрласан утга төгөлдөр нэрээ
Алтан ургийн хэлхээ өндөр дээдсээр овоглодог юм болохоор
Алдрай биенд заяасан төгрөг энэ амьдралаа
Аврал эрсэн хэнд ч харамлах учиргүй өглөгтэй юм гэж бодсон
Би төөрөг гийсэн өмгөөлөгч хүн

Тэнхлэг тааруулж эргэх хүний энэхэн амьдралд
Тэнхээ алдан бэдрэх төөрөг хувь заяанд
Түшиг эрж, хань горьдон мэгдэх тэрхэн мөч орчилд
Тусламж бэлхэн сэтгэлтэй түмний нэг нь явах
Би сэтгэл тээсэн өмгөөлөгч хүн

Хаа холоос намайг л гэж хамаг итгэлээн өвөртлөөд
Халгах зовлон, түүртэх бэрхшээлээ үүрээд
Хандсан үгээ хэлж, алив үнэнээ тоочиход
Хаана, хэнд ч, хэзээ ч үл задлан нууцалдаг
Би итгэл даасан өмгөөлөгч хүн.

Үнэн худлыг дэнслэх шүүхийн ариун сүмд
Үйлийн учгийг тайлах учир шалтгааны хуулиар
Үүрэг дүүрэг тээсэн халз өөдөө тулаанд
Үйрэн үймэн шимшрэвч ухрах замгүй орох
Би тэмцэл дүүрэн өмгөөлөгч хүн

Хуурай, нойтон гэхгүй ах дүү олноо өөдөө яваасай гэсэндээ
Хуудуу дүүрэн хорвоод өмөг дутаж гомдоод гундчих вий гэсэндээ
Худлын өмнө хатуурхаж, үнэний өмнө бөхийхөөр
Хуульчийн хүлээх үүргийг нийгмийн өмнө амласан
Би тангараг өргөсөн өмгөөлөгч хүн

Ямар нэгэн сэжим буюу, шинэ санаа олохыг уран бүтээлийн гол шугамаа болгохыг зорьдог учраас түүнд сэдвийн хүрээ өргөн аж. Сайн бүтээл эзнээ дууддаг гэдэгчлэн  тус аймгийн  СГЗ, хөгжмийн зохиолч  Дашням гэх авьяастантай уран бүтээлийн ганзага нийлснээр  25 жилийн ойгоор дээрх дууны аялгуу төрж дуу болон эгшиглэжээ.

Дараа нь 30  жилийн ойгоор цоо шинээр дуулагдсан тус  дуу одоогоор мэргэжил нэгтнүүддээ хараахан хүрч амжаагүй байгаа ч он цагийн шалгуураар мөдхөн түгнэ  гэсэн ерөөлийг зохиогчдоо өргөе.

Ийнхүү салбар зөвлөлийнхөө галыг алдахгүй, өмгөөлөл, уран бүтээлээ хослуулан яваа Наранхүү өмгөөлөгч  2024 онд  өмгөөллийн ажлыг сурталчлах талаар  ялангуяа хүүхэд залуучууд болон  иргэддээ чиглэсэн олон хүртээмжтэй, дэвшилтэт  ажил хийхээр төлөвлөжээ. Ингээд Монголынхоо нийт өмгөөлөгчдөд Говь- сүмбэр аймгийнхаа салбар зөвлөлийн нэрийн өмнөөс амжилт бүтээл арвин, өмгөөллийн их зам нь дардан байг” хэмээсэн өмгөөлөгч залуугийн ерөөлийн үгстэй, түүний уран бүтээлийн өнгө аяс, үзэл бодлын ертөнцөөр цөөн хором аялсан минь энэ буюу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бизнес эрхлэх эрх зүйн орчны талаарх эрдэм шинжилгээний хурал болно

Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын 96 жилийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монгол Улсын Их сургууль, “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм хамтран хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчдийн дунд “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг  2024 оны 05 сарын 22-нд  МУИС-ын номын санд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  захирал, доктор, профессор  Б.Амарсанаа “Бизнес ба арилжааны эрх  зүйн хөгжлийн чиг хандлага” сэдвээр, доктор, дэд профессор С.Болормаа “Бизнес ба хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчлэл” сэдвээр Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,  доктор З.Сүхбаатар ”Бизнесийн хэлцэл, түүний мөн чанар” сэдвээр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан, Монголын Хуульчдын Холбооны анхны ерөнхийлөгч, өмгөөлөгч Д.Батсүх “Бизнес ба Хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдвээр, доктор, өмгөөлөгч Г.Давааням  “Бизнес эрхлэх эрх зүйн орчны Хууль зүйн шинжилгээ” сэдвээр, өмгөөлөгч Б.Халиун “Бизнес ба Зөвшөөрлийн тогтолцоо” сэдвээр, өмгөөлөгч Т.Энхбулгантамир, Э.Эрдэнэцэцэг нар “Гарааны бизнесийн эрх зүйн орчин, анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл хэлэлцүүлнэ.

Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зөвхөн хуульч, өмгөөлөгч нарт төдийгүй бизнес эрхлэгчид, иргэдэд нээлттэй тул сонирхсон хүмүүс хүрэлцэн ирж оролцон, бизнес эрхлэх хууль эрх зүйн орчин, сайжруулах арга замын талаар саналаа илэрхийлэх боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна

Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг бөгөөд үүний 44 хувь нь нийслэлд 51,5 хувь нь орон нутагт, 4,5 хувь нь гадаад улс оронд амьдарч байна.
Мөн залуучуудын 44,5 хувь нь дотоодын ажиллах хүчийг бүрдүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарын 29,8 хувийг, уул уурхайн салбарын 45,2 хувийг нь, барилгын салбарын 44,6 хувийг, харилцаа холбооны салбарын 60,9 хувийг, боловсролын салбарын 34,2 хувийг, эрүүл мэнд, нийгмийн салбарын 40,1 хувийг тус тус 34 хүртэлх насны залуучууд эзэлж байна.
Салбар бүрт ажиллаж, хөдөлмөрлөж буй залуу мэргэжилтэн, албан хаагчдыг дэмжих тусгайлсан бодлого, үйл ажиллагаа дутмаг байдаг учраас тухайн ажлын байран дээр хөгжих, дэвших боломж хязгаарлагдмал байхын зэрэгцээ бусад салбартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа уялдуулдаггүй сул талтай. Ийм учраас салбар бүрийн залуу албан хаагчдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах хэрэгцээ шаардлага ихээхэн тулгарч байсан билээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл нь 2021 оны 01 дүгээр тогтоолоороо улсын болон орон нутаг, төрийн бүх шатны байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудад залуучуудын сайн дурын үүсэл, санаачилгаар нэгдсэн Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулах шийдвэрийг гарган одоогийн байдлаар 21 аймаг, 8 дүүрэг, 56 сум, 124 хороо, Төрийн захиргааны байгууллагуудын дэргэд 78, Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд 133, сонирхлын 3 зөвлөл нийт 436 зөвлөл байгуулагдан 7000 гаруй залуучуудыг нэгтгэн ажиллаж байна.
Залуучуудын хөгжлийн зөвлөл нь тухайн бүс нутаг, салбар, байгууллагын залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын албанаас залуучуудын өмнө үүрэг хүлээгчид, аймаг, нийслэл, дүүргийн болон төрийн захиргааны төв болон түүний дэргэдэх залуучуудын хөгжлийн зөвлөлүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон “YOUTH MONGOLIA” залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулганыг 2024 оны 5-р сарын 17-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулах гэж байна.
Тус чуулганаар Healthy Mongolia, Stay In Mongolia, E Mongolia, Go Mongolia, Youth Mongolia гэсэн 5 дэд сэдвийн хүрээнд залуучуудын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, цахим ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудад гарц шийдлийг тодорхойлох, залуучуудын эвлэлдэн нэгдэх, оролцох, хөгжих, Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах, дэмжих жишиг хөтөлбөрийг хамтдаа хэлэлцэн боловсруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн амыг өсгөж, ард түмнийхээ хөгжил дэвшилд хүч нэмсэн ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай гэдгийг хэлэв.

Монгол төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжиж байгаа төрийн бодлогын бодит илэрхийлэл гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг дуулгав.

Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

1949 онд хуралдсан Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос олон улс тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Монгол Улс 1952 онд энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэж анх тэмдэглэсэн бөгөөд 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд дахин “Хүүхдийн баяр” болгож нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. Иймд:

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

-Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах

-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх

-Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх

-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр зорчих

-Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж гол, усны ослоос сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн үр тарианы тэжээлийг тусламжаар олгосон.

Тус тусламжийг ОХУ-аас татан авах, аймгуудад хүлээлгэн өгөх, удирдлага зохицуулалтаар хангах арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулж, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хүлээлгэн өглөө.

Тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотноо болж, тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актад гарын үсэг зурсан юм.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг,  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын ерөнхийлөгч, Засгийн газрын дарга ЦЫДЕНОВ Алексей Самбуевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд ДАРЕЕВ Галсан Евгеньевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эдийн засгийн сайд КОЧЕТОВА Екатерина Николаевна болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч хүч үзэж байгаа билээ.

Дөнгөж сая тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялсанаар алтан медаль хүртлээ. Тэд өмнө нь гурав барилдахад Б.Баасанхүү хоёрт нь ялж байжээ. Тэрбээр жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 28 дахь медаль, зургаа дахь алтан медалийг хүртэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 55 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийт 1843 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1491, гэмт хэргийн шинжтэй 87 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 23 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
55

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх бич өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 20. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 12, хөх бич, мэнгэ 5 шар, суудал ус, тэргүүн дагуул-13 од, үл зохилдох барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Өчүүхэн дүүрэн улирал-21:19.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:08-20:30.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
–Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 28 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор +21…+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Оюутан цэрэг-2024” сургалтад 1088 оюутан хамрагдаж байна

9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Оюутан цэрэг-2024” сургалтад хамрагдаж буй оюутнуудтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар уулзлаа.

Энэ онд  4000 гаруй оюутан бүртгүүлж, 1088-ыг нь “Оюутан цэрэг” сургалтад   хамруулжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 8000 гаруй оюутан, суралцагч “Оюутан-цэрэг” сургалтаар бэлтгэгдсэн байна.

Оюутнууд сайд нартай уулзах үеэр энэ сургалтад хамрагдсанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж, төрийн албанд ажиллах боломжтой болохын зэрэгцээ, бие-сэтгэл-оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал чадвар эзэмших, үг дааж сурах, зөв хандлага төлөвшилтэй болох, цэрэг эх оронч үзлийг өөртөө шингээж авч байгаа талаараа хэлж байсан. Мөн үндсэн хичээлийн сургалтын хөтөлбөр, төлбөрийн хөнгөлөлт, зээлд хамрагдах боломж зэрэг сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оюутнуудад хандан  хэлсэн үгэндээ “Оюутан цэрэг сургалтад хамрагдсан оюутнууд төгсөөд төрийн албанд маш сайн гүйцэтгэлтэй, хувийн хэвшилд манлайлагч болж ажиллаж байгаа судалгаа гарсан. Ажил олгогчид шинэ ажилтан авахдаа хувь хүний хүмүүжил, төлөвшил, багаар ажиллах чадвар зэрэг зөөлөн ур чадварыг харж авдаг болсон. Тэгвэл “Оюутан цэрэг” сургалт энэ бүх ур чадварыг олгож байгаа. Тиймээс та бүхэн бусад оюутнуудаас илүү боломж, чадварыг энэхүү сургалтаар олж авч байгаа гэж найдаж байна.

Үндсэн хуульд заасан иргэнийхээ цэргийн алба хаах журамт үүргээ сайн биелүүлж байгаа Та бүхний цаашдын цэргийн бэлтгэл сургалтад амжилт хүсье” гэлээ.

Өнгөрсөн жилийн олон улсын оюутны эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд оюутан, суралцагчдын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тогтоохоор санал асуулга, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж байв. Түүний үр дүнд автобусаар зорчих карт, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, шалгалтын үеэр ашиглах 24 цагийн номын сан, “Е-Монголиа” дахь оюутны цахим бүртгэл, цагийн ажил, “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутны тоог нэмэх  зэрэг тулгамдаж буй 10 асуудлыг тодорхойлсон.

Монгол Улсын Засгийн газар  “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 111 дүгээр тогтоол  баталсан бөгөөд тус тогтоолын 3 дугаар заалтаар “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутны тоог 1500-д хүргэхээр тогтсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

35 дахь удаагийн Номын баяр эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.

Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Номын баярын арга хэмжээ “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

“Номын баяр”-ын арга хэмжээнд монголын зохиолчдоос гадна  гадаадын  алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор монголын уншигчид  зохиолчидтой биечлэн уулзах сайхан боломж тохиох болсон билээ.

Номын баяр бол зөвхөн ном худалдах биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр 60 гаруй шинэ оролцогчид нэмэгдсэн бөгөөд уг баярыг дунджаар 250 мянган хүн зорин ирдэг байна.

Энэ өдрүүдэд “Шилдэг уншигч-анги, хамт олон”, “Шилдэг сурагч хүүхэд”, “Шилдэг ном”, Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг номын сан”-д олгодог нэрэмжит шагналаа УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулах юм.

Мөн Номын баярыг зорьж ирсэн уншигчид Парламентын номын сангаас дэлгэсэн монгол төрийн түүхийг илтгэх ном, судалгаа, түүх, бичиг соёлын үнэт сан хөмрөгтэй танилцах боломжтой хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа