Author Archives: baaska baaska

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ойн тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагч, хошууч генерал Батсуурийн Эрдэнэбатад цэргийн дээд цол хүртээсэн батламжийг гардуулав.

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Төмөрбаатарын Сүхболд,
  • Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Сүрэнжавын Хүдэрчулуун нарт хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цэргийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

“Монгол генералын өдөр” бол үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид байсаар ирсэн цэргийн дээд цолтнуудынхаа үйл хэрэг, алдар гавьяаг хойч үедээ алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн хэргийн өргөн мэдлэг, амьдралын баялаг туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

1990-ээд оны нийгмийн шинэчлэлийн ээдрээтэй цаг үед улсыг батлан хамгаалах, нийгмийг аюулаас хамгаалах салбарыг шинэчлэн байгуулж, ардчилсан тогтолцооны бие даасан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан генералуудад талархал илэрхийлэв.

Генералууд өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, албаа нэр төртэй хаан, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн хүч болж байгааг онцоллоо.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ гэдгийг хэлэв.

Мөн Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойгоор анхны эмэгтэй генерал төрсөн нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ чиг хандлага, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж буй эмэгтэй алба хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг монгол төр өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэв.

Офицер хүн, тэр дундаа генералууд амжилтыг цэрэгтээ, алдааг өөртөө үүрч явдаг манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байдгийг санаж, хойч үеэ бэлтгэх, тэднийг бүх талаар үлгэрлэн дагуулахад онцгой анхаарч ажиллах учиртайг захилаа.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэргийн манлай болсон генералуудад болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал хэмээх цэргийн дээд цол бий болгож, төр, цэргийн 11 хүнд олгосон түүхтэй.

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд 224 эрхэм энэ дээд цол хүртээд байна.

Тухайлбал Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Д.Гунгаа, Б.Цог, Ж.Гүррагчаа нарын БНМАУ-ын баатар 6, Ю.Цэдэнбал, Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш нарын Хөдөлмөрийн баатар 3, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаал хашсан 20 гаруй, сансрын нисгэгч 1, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал төрөн гарчээ.

Нийт генералын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол улсад генерал цол бий болсны 80 жилийн ой тохиож байна

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.

Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 80 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд 222 хүн генерал цол хүртээд байна.

Тухайлбал Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Д.Гунгаа, Б.Цог, Ж.Гүррагчаа нарын БНМАУ-ын баатар 6, Ю.Цэдэнбал, Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш нарын Хөдөлмөрийн баатар 3, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаал хашсан 20 гаруй, сансрын нисгэгч 1, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал төрөн гарчээ. Нийт генералын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой.

Харин Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, дэслэгч генерал Г.Дамдинсүрэн, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, хошууч генерал Г.Махбариад, хошууч генерал О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал О.Үржин, хошууч генерал Т.Бадрал, хошууч генерал Г.Ариунбуян, бригадын генерал Ц.Амгаланбаяр, бригадын генерал М.Энх-Амар, бригадын генерал Б.Ууганбаяр, бригадын генерал Л.Болдбаатар, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нарын алтан мөрдэст генерал цолтнууд төрөн гарсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэргийн сайд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
Бараалхалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйлд суурилсан Монгол, Британийн харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх баримт бичиг байгуулсныг сайшааж, Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон англи хэл, боловсролын салбарт Британитай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотойг тэмдэглэв.

Харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр хичээн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв.

Элчин сайд А.М.Готсурвэ хоёр орны харилцааг бэхжүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, 23 дугаар сургуулиар зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Pearson англи хэлний хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 5-6 дугаар ангийн 140 орчим мянган хүүхэд судалж байна. Ирэх хичээлийн жилд Pearson хөтөлбөрийг судлах сурагчдын тоог нэмэгдүүлнэ.

2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулиар сурагчдын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ирэх 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс 3 дугаар ангийн сурагчид англи хэл үзэж эхэлнэ. Мөн энэ хүрээнд багш нарыг бэлтгэх, давтан сургах юм. Англий хэлний хөтөлбөрийг хэрэгжилтийг ИБУИНХУ-ын Гадаад хэргийг сайд дэмжихээ илэрхийлж 3 жилийн хугацаанд 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Pearson англи хэлний хөтөлбөрөөс гадна тус улсын Кембрижийн их сургуультай манай улс боловсролын салбарт хамтран ажилладаг. Энэ хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Мөн дэлхийн хэмжээнд их дээд сургуулиудын эрэмбэ чансааг тогтоодог Times Higher Education байгууллагатай хамтран 2023 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын байгууллагуудын үндэсний эрэмбийг анх удаа тогтоосон. Хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилж тодорхой давтамжтайгаар эрэмбэ чансааг шинэчилж байх юм. Үндэсний үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэх зорилгоор бид Английн AQA байгууллагатай мөн хамтран ажилладаг.

Чевнингийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд манай улсаас Англи улсад 200 гаруй оюутан суралцаж төгсөөд байна. Тэтгэлгийн хэмжээ болон хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ мэтчилэн ИБУИНХУ болон Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна гэж БШУЯ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Үндэсний чуулганаар “Эх хэл-Бичиг соёлын үнэ цэн”, “Уламжлал ёс, соёл урлагийн үнэ цэн”, “Хөдөлмөр бүтээлийн үнэ цэн” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, энэхүү чуулган эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, эх түүх, өв соёл, үндэсний бахархлыг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Монгол цэрэг эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, эрүүлийг хамгаалах гээд нийгмийн бүхий л салбарт хүчин зүтгэж, сорилт, бэрхшээл бүхнийг нуруундаа үүрч, даван туулж ирснийг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд, “Нандигнан дээдлэх үндэсний өв соёл, үнэт зүйл”, “Эрхэмлэн хамгаалах үндэсний эв нэгдэл”, “Үндэсний язгуур эрх ашиг-Аюулгүй байдал”, “Монгол хүн-Монголын баялаг”, “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдээс гадна Монгол цэргийн нэгдсэн холбоо дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Цаашид хүүхэд, залуустаа эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох зорилгоор үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөө хэлж, үүнд холбооны удирдлага, гишүүдийн манлайлал, үүрэг, оролцоо, мэдлэг, туршлага чухал гэдгийг онцоллоо.

Монгол цэргийн нэгдсэн холбоог монгол цэргийн дайчин уламжлал, алдар гавьяаг алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн албаны нэр хүнд, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг бэхжүүлэх, хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зэрэг зорилгоор байгуулсан.

31 салбар холбоотой, 100 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй тус холбоо  тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үндэсний эв нэгдэл, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн байна.

Тухайлбал, “Хүн амын оюуны дархлааны асуудал”, “Үндэсний ой санамж”, “Эх оронч үзэл-Үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Бидний бахархал” төсөл, “Мянган мөрдэстэн”, “Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд оюутан залуусын ёс суртахууны манлайлал” зэрэг олон ажил зохион байгуулжээ.

Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагч, ахмадуудын эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 55 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 04 дугаар сарын 25-ны өдөр нийт 1761 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1394, гэмт хэргийн шинжтэй 96 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
55

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн .Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.

Талууд Монгол, Британийн найрсаг харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх суурь тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, органик хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хэрэгжүүлэхийн чухлыг онцолж, энэ чиглэлээрх санал, санаачилгыг дэмжихээ нотлов.

Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон 2010-2015 онд Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Хоёр улс 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал Британийн Гадаад хэргийн сайдын түвшинд 11 жилийн дараа болж байгаа юм.

Айлчлалын үеэр “Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д  сайд Б.Батцэцэг, Дэвид Камерон нар гарын үсэг зурсан байна.

Мөн ховор металл, геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтрах тухай баримт бичигт холбогдох яам, агентлагын удирдлагууд гарын үсэг зуржээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын хурлын танхимд хуралдлаа.
Хуралдааны өмнө Үндэсний хорооны гишүүд  “Мөнх-Хаан” В787-9 Dreamliner агаарын хөлгийг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцов. Энэхүү агаар шинэ хөлөг нь олон улсын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.
Хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэв.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудлыг төрөөс дэмжиж, хамтын түншлэлээр шийдвэрлэх, аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өглөө.
Хуралдаанаар “Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол батлав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан бич өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 26. Баасан (Сугар) гараг (2024)
–Билгийн тооллын 18, цагаан бич, мэнгэ 2 хар, суудал ус, гар од-16 од, шид барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:42-19:58. Бар, морь, нохой жилтэн хийморийн буулт.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хулгана, луу, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худалдаа хийх, ан гөрөө хийх, худаг малтах, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд явах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 6 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч,

Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 04-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -2…+3 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3….+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -2 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав

Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа