Author Archives: baaska baaska

Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Киргиз Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

Хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсон асуудлууд, тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил урагшилж буйг сайшаав.

Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Киргиз Улсаас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхлоо илэрхийлж,  оюутан залуусыг харилцан сургах, соёлын өдөрлөг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв.

Талууд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Н.Шакиев энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа  “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавина. Энэ удаагийн айлчлал нь Киргиз Улсын Парламентын даргын түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав

НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Орон Сууны бодлогын газар, Нийслэлийн орон сууцны корпораци, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Аум ба Лий түншлэлийн төлөөлөл болон Кореа Их сургуулийн Сэжонг кампус дахь Хот судлалын тэнхимийн төлөөлөл оролцон, Нийслэлийн түрээсийн орон сууцны бодлогын талаар хэлэлцсэн юм.
Энэ үеэр зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Аум ба Лий түншлэл түрээсийн орон сууцны байгууллага, түүний менежментийн санал, түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулж, танилцуулав. Мөн талууд төслийн хүрээнд нийслэлийн орон сууцны өнөөгийн нөхцөл байдал, түрээсийн орон сууцны төсвийн талаар хамтран судалгаа хийхээр төвлөсөн бөгөөд уг судалгааны бичиг баримт нь улс, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн суурь мэдээлэл болох тул нэн хэрэгцээтэй гэдгийг онцолсон юм. Тэрчлэн түрээсийн орон сууцны бодлогыг урт хугацаагаар төлөвлөж, бодлогын тогтвортой хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд талууд нийслэлийн орон сууцны судалгааг нарийвчлах саналуудын боловсронгуй болгохоор шийдвэрлэхээр тохиролцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8.0…10.0 см цастай байна

Өнөө өглөөний /2024.04.24-25/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0.0-10.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8.0…10.0 см, бусад хэсгээр 0.0-6.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Харин өнгөрсөн хоногт /2024.04.24/ баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар 0.0-7.0мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дундговь аймгийн Говь-Угтаал, Увсын Зүүнхангайд 7.0мм,Архангайн Цахир, Өвөрхангайн Зүүнбаянд 5.0 мм, бусад нутгаар 0.0-4.1 мм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 04 дугаар сарын 24-ний өдөр нийт 1862 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1486, гэмт хэргийн шинжтэй 82 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 63 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
56

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин хонь өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 25. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
–Билгийн тооллын 17, шарагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал огторгуй, эрхтний тэргүүн-15 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:44-19:56.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, сүм дуган, балгадын суурь тавих, нүүх, арилжаа наймаа хийх, нохой авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, мал гаргах муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 5 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 04-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -2…+3 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3….+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -1 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд зориулж 25 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, техник, бааз суурийг нэмэгдүүлэхэд шаардлагатай 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгах, Онцгой байдлын чадавхыг нэмэгдүүлэхээр гал түймэртэй тэмцэх нэгж бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүллээ.
Тэрбээр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулах үеэрээ “Үндэсний гамшигтай тэмцэх, сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сүүлийн жил гаруй хугацаанд стандарт боловсруулж, Монгол Улсын хэмжээнд гарч болзошгүй аюулыг бууруулахтай холбоотой хэд хэдэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар манай улсын Онцгой байдлын салбарт ажиллаж буй нийт албан хаагчдын тоог хүн амын тоотойгоо харьцуулахад 60 хувь, машин механизм 40 хувийн дутагдалтай байгаа бөгөөд 10 алба хаагч тутмын гуравт мэргэжлийн хувцас хэрэглэл ноогдож буй гэсэн судалгаа бий. Иймд цаашид үндэсний хэмжээнд нийт 130 гаруй анги, нэгжийг нэмж байгуулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдыг сургах, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэлээ.
Онцгой байдлын хувцас хэрэглэл, техник хэрэгслийг шинэчлэх ажлыг энэ долоо хоногоос нийлүүлж эхлэх талаар Шадар сайд танилцууллаа. Эхний ээлжид гал унтраахад хэрэглэх дрон, робот ашиглах ялангуяа гал сөнөөгч, аврагчдын хувцас хэрэгслийг олон улсын шаардлагад нийцүүлэхээр ажиллаж эхлээд байна. Мөн зарлан мэдээлэх системийг шинэчлэх 30 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хангай зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, барилгын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавилаа

Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. Үүнээс улбаатай гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан болж ирсэн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Хангай” зочид буудлын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбаатар хот сүүлийн 30 жил эмх замбараагүй болж, төлөвлөлт буруу хийгдэж нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдааг засахаар үе шаттайгаар ажиллаж байна. Уг барилга хувьчлагдаад 30 жил болсон. Даанч өнгөрсөн хугацаанд эзэнгүй мэт явж иржээ. “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал байгаа. Нэгдүгээрт, татварын асуудал. Хотын төвийн барилгууд, жишээ нь Энхтайваны гүүрний урд байдаг Хаан Банкны байр жилд 1.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ барилга харин тэг. Хоёрдугаарт, аюулгүй байдал хангагдахгүй, гэмт хэрэг зөрчлийн үүр болж буй. Мэдээж ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байх, түүгээрээ дамжуулан эрх чөлөөгөө эдлэх байх эрхтэй. Гэхдээ үүнийгээ дагаад хувийн өмчийн татвараа төлдөг хариуцлагатай байх үүрэгтэй. Мөн хувийн өмч нь бусдад аюултай орчин бий болгох ёсгүй.

Уг барилгын түүхийг авч үзвэл 2010 оноос хойш барилгын үндсэн балгас болсон өндөр хэсгийн бүртгэлийн дугаарыг нь салгаад тусгай гэрчилгээтэй болсон хэдий ч улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй буюу өдийг хүртэл татвар төлөөгүй гэсэн үг. Гэвч барилгын доод давхарт нь Б.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар өмчлөгчөөр бүртгүүлэн, бизнес эрхэлж буй. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчхээд ямар ч татварын системд бүртгэлгүй, татвараа 30 жил төлж ирээгүй.

2005 онд уг барилгын эргэн тойрны газар нь “Буян Холдинг” ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд 2010 онд уг барилгыг нэг давхар болон зочид буудлынх нь хэсгээр салгаж, бүртгэлийг нь өөрчилсөн байгаа юм. Уг үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн үнэлгээ хийгдэж, бүртгэгдээгүй болохоор татварын өрийг шууд тооцоход хэцүү” гэдгийг онцолсон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 ны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрх зүйн эдгээр шинэчлэл нь “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу чиглэх ёстойг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр онцоллоо.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар
-Улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаанд оролцох эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт хэрэгжиж, хууль хоорондын уялдаа хангагдаж,  хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ;
-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах асуудлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ;
-Улсын зэрэглэлтэй 4 /Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 38 хотыг /нийслэлд 8, аймгуудад 30/, мөн дагуул хоёр хотыг байгуулж, бие даан хөгжүүлнэ;
-Хот, тосгон нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс тусдаа өөрийн удирдлагатай, санхүү, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөл бүрдэнэ;
-Хот, тосгон өөрийн оршин суугчдадаа төрийн үйлчилгээ буюу гагцхүү засаг захиргааны нэгжээр дамжин хэрэгжих үйлчилгээг хот, тосгоноор дамжуулан хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна;
-Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхойлсон бүсчилсэн хөгжлийн болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав) их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хурдасгуур төв”-д хариуцуулж, шаардагдах нэмэлт зардлыг Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын хөдөлмөрийг  хорших, малчдын хоршоог олноор байгуулах, хоршоодыг төрөөс дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх нь зүйтэй гэж үзэж  “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг боловсруулжээ.
Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох  шаардлагатай байгааг 2020 оны  коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар танилцуулав
Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
-“Монгол Улсад зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо, гамшгийн бэлэн байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх,
-Улсын нөөцийн хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэх,
-Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн сургалт, хөгжлийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын төсвийг үе шаттай нэмэгдүүлэх
-Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын 50-70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Цаашид салбарын албан хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцны хөтөлбөрт үе шаттай хамруулах,
-Онцгой байдлын байгууллагын аймаг, орон нутаг дахь гал унтраах, аврах ангийн зарим барилгыг шинэчилж барих нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх
-Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт гал унтраах, аврах анги, эрэн хайх, аврах салбар бүлгийг шинээр байгуулах асуудлыг үе шаттай шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Товч мэдээ
·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Улаанбаатар хот, аймаг, сумд болон улсын чанартай зам дагуу байршилтай, шатахуун түгээх 592 станцын стандартад нийцээгүй нүхэн жорлонг ариун цэврийн эко байгууламжаар шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-т даалгав.
·      Хүн малын халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг  ирэх  тавдугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, БОАЖ, ХХААХҮ-ийн сайд нарт тус тус үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжлэн явагдана

Сүхбаатар дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 2024 оны 04 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдахаар боллоо. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна. Байршлуудыг танилцуулбал: 11 дүгээр хороолол 32-ын тойргийн чөлөөлсөн талбай, 18 дугаар хороо Бэлх захын гадна талбайд, 19 дүгээр хороо АНУ дэлгүүрийн гадна талбайд тус тус зохион байгуулна.

440333119_840529301446990_4958797242778498776_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон 2024 оны 04 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана. Мөн хоёр орны харилцааны түвшнийг ахиулахад чиглэсэн баримт бичигт талууд гарын үсэг зурна.

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 11 жилийн дараа хийж буй айлчлал юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг албадан авчирлаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа шүүхийн шатнаас гадаад улсад оргон зайлсан.
Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдөр түр хаагдана

Монгол, ОХУ-ын хилийн Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан авто замын таван боомт 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна.

Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана.

Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.

ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүд тохиож байгаа тул ийнхүү боомтуудыг түр хаана.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа