Author Archives: baaska baaska

Б.Пүрэвдорж начны нэрэмжит 128 бөхийн барилдаан болно

Гуравдугаар сарын 22-ны Баасан гарагийн 13:00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг гуравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Үзэгчид https://www.ticket.mn/event/2033-ээс тасалбараа захиалан авах боломжтой.
Тус барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус 1,5 сая төгрөгийн бай шагнал гардана.
Бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэтхэг Улсын Засгийн газраас 20 мянган ам.доллар хандивлав

БНЭУ-ын Засгийн газар, Монгол Улсад нүүрлээд буй зудын гамшгийн хор уршгийг арилгах, зудын нөхцөлд байгаа малчин өрхөд тусламж, дэмжлэг үзүүлэх хандивт нэгдэж буйгаа илэрхийллээ. Тус улсын Засгийн газар 20 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг хандивын дансанд шилжүүлэх юм. Энэхүү хандивыг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Санжиив Кумар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд өнөөдөр /2024.03.19/ гардуулан өгөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 21, 22-нд зарим нутгаар хур тунадас орж, 21-нээс 24-ны өдрүүдэд явган шуурга шууран, 23-наас хүйтрэхийг анхааруулж байна.

Иймд иргэд, малчид,  жолооч нарт анхааруулахад,

-Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

-Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх

-Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх

-Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх

-Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх

-Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

428664016_953002580159305_3330894123410726796_n

Эх сурвалж: ОБЕГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган консорциум болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК  гурван талт санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын “Keumkang-ThreeENC” консорциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах ажлыг санхүүжүүлэн, боловсруулахаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Лаг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг дуусгаж, Улаанбаатар хотын удирдлагуудад хүлээлгэн өглөө. Уг ТЭЗҮ-г боловсруулахад БНСУ-ын группуудын нэгдсэн холбооноос 90 сая вон, “Keumkang-Three ENC” консерциум 210 сая воны санхүүжилт хийсэн байна.

Мөн ТЭЗҮ-г боловсруулахдаа хатсан лагийг шатааснаар үйлдвэрийнхээ эрчим хүчийг шийдээд зогсохгүй ойролцоох барилга байгууламжуудыг эрчим хүчээр хангах, мөн шатаасны дараа гарах үнсийг цементтэй хольсноор барилгын сайн чанарын материал хийх боломжтойг тооцжээ. Тодруулбал, хоногт 2500 тонн бохир ус хүлээн авч цэвэрлэн, 200 тонн лагийг усгүйжүүлэн хатааж шатаахад 75 хувийн чийгшилтэй лаг буюу үнс бий болох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Монгол Улсын Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018, 2019, 2020, 2022, 2023 онд  нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2023 оны арваннэгдүгээр сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас нийт 493.0 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 59 орчим хувь буюу 288.4 мянган тэтгэвэр авагч бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302500 төгрөг болголоо.
Монгол Улсын Засгийн газар 2023 оны долдугаар сарын 01-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 12.8 хувиар нэмэгдүүлж 325,000 төгрөг, харин 2020 оноос хойш нэмэгдээгүй байсан асаргааны тэтгэмж 84,500 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 275,000 төгрөг болгосон. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний тэтгэмж 123,100 төгрөгийг мөн адил 275,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн юм.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6  мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Мөн 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгохоор болсон. Энэ тусламжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагдаж байна.
Асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/-ийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 65.9 мянган иргэн байна.
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.
Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн “Үндэсний баялгийн сан” бий болж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжих юм.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулна
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарт даалгав.
Хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлснээр;
1.Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ бий болж, малчдын орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ.

2. Орон нутгаас хот руу чиглэсэн хүн амын төвлөрлийг  сааруулж, Хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх боломж бүрдэнэ.

3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдал хангагдаж, малын чанар, үүлдэрлэг байдал сайжирч, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

4. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхтай, байгальд ээлтэй, ногоон аж ахуйн нэгжийн шалгуурыг  хангана.

5. Бэлчээр ашиглалт, малын тэжээл тариалалт, хашаа хорооны зохион байгуулалт сайжирна.

6. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд төрөөс олгож буй урамшууллын ач холбогдол, үр өгөөж дээшилнэ.
7. Малчдын санал, санаачилгад тулгуурласан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зах зээлийн зарчмаар явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
 
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна.
Ингэснээр асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц, дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх юм. Үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжинэ.
2024 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 20 байгууллагын халамж, асрамжийн 29 төвд 0-18 насны нийт 924 хүүхэд, залуус өсөж хүмүүжиж байна. 2021 оны Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр дансанд нь хуримтлуулдаг болсон юм.
 
Экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын нөөцийг нэмэгдүүлнэ
“Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсэг танилцуулга хийлээ.
Танилцуулгатай холбогдуулан хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн олон улсад экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын махны нөөцийг зохих хувиар нэмэгдүүлэх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох хүмүүмт үүрэг болголоо.

Товч мэдээ
·      Орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгав.
·      Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      2024 оны нэгдүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
·      Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа.
·      Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албыг Гадаад харилцааны яамны дэргэд байгууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр нийт 2168 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1800, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
57

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин хонь өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 20. Лхагва (Буд) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 11, харагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал хий, найралт эх-7 од, үхэх барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр. Хаврын хугас улирал-11:03.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:55-19:05.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөртул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Гахай, туулай, хонь, хулганажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 5 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

19, 20-нд ихэнх нутгаар дулаарна.

2024 оны 03-р сарын 19-ны 20 цагаас 03-р сарын 20-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -10…-15 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -14…-16 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -17…-19 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Тухайн үед тэрбээр тус компанийн удирдлагатай уулзаж, уг асуудалд хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 6000 айлын орон сууц бариулсан байдаг. Түүнчлэн нийслэл тухайн байгууллагын 49 хувийг эзэмшдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хотод хуваарилсан байна.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдаад байна. Үүнээс гадна 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд нийслэлд 32.7 сая төгрөгийн ногдол хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна” гэдгийг онцлов.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Та бүхэн өнгөрсөн хугацаанд хуулийг уландаа гишгэж, түмний мэдэлд байх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг бусдад шилжүүлж, барилгажууллаа. Нийслэлээс жил бүр цэнгэлдэх хүрээлэнд засвар хийдэг. Гэтэл тус байгууллага нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, олсон орлогоосоо нийслэлд ногдол хуваарилдаггүй. Нийслэлийн төсвөөр тохижуулсан талбайг дур мэдэн хашаалж, төлбөртэй зогсоол болгосон. Түүнээс гадна анх нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг байсныг 49 хувь болгосон, улмаар 2007 онд Т.Нямдаваа нь хүрээлэнг 100 хувь эзэмшдэг хэмээн бүртгүүлж, газраас нь хууль бусаар шилжүүлж эхэлсэн. Тиймээс нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнг өмчдөө буцаан авах ёстой гэдгийг хэлье. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тухайн байгууллагын олсон орлогод шалгалт оруулж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авна” гэв.

Мөн шилэн данс хөтөлдөггүй, үндсэн хөрөнгийн өөрчлөлтийн талаарх бүртгэл байхгүй зэрэг зөрчлийг арилгуулахаар төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулж, хяналт тавихыг үүрэг болголоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан арга хэмжээ, тэдгээрийн түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийн талаарх мэдээллийг цуглуулж эхэлсэнийг онцлоод “Газраас бусдад шилжүүлсэн зөрчлөөс гадна барилга барьсан компаниуд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудын хооронд ямар хэлэлцээр байсныг хуулийн байгууллагаар шалгуулна. Мөн газар авч, барилга барьсан хүмүүсээр газрын дуудлага худалдааны анхан шатны үнийг төлүүлнэ” гэв.

Ташрамд, дараах шийдвэрүүдийг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас бусдад шилжүүлсэн байна. Үүнд:

  1. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
  1. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40,000 ам метр газрыг үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20,000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.
  2. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 5-ны 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27,500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10,000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  3. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулаалтаар эзэмшүүлэхээр 40,000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн.  “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  4. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
  5. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.
  6. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямаг нэгэн үйл ажиллагаа яваалаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай  эзэмшүүлсэн.
  7. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-нд Биеийн тамир, спорт зориулалтаар 891 амметр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар  Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-өөр үйлчлүүлэх боломжтой

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, “Гүүд Нэйборс” Олон Улсын байгууллага хамтран 2017 онд хэрэгжүүлсэн “Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах” төслийн хүрээнд Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг “Шидэт толь” нэртэйгээр байгуулсан.
Энэхүү байгууллагын дэргэдэх гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн өрөөг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/21 дугаар тушаалын дагуу MNS6417:2013 стандартад нийцүүлэн тохижуулж, үйл ажиллагааг эрчимжүүлж байна.
Гэр бүлд зөвлөгөө өгөх төв нь хүүхэд, гэр бүлийн салбарын ажилтан, алба хаагч, хүүхэд, иргэдэд болон зорилтот гэр бүлд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, холбон зуучлах үйлчилгээг үзүүлэх юм. Иймд та бүхэн гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлээрэй.
Үйлчилгээ авахыг хүсвэл ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын байрны 102 тоотод ирэх боломжтой гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны ардын засгийн газраас хүргэсэн тусламж малчдын гарт хүрлээ

Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, олон давтамжтай, их хэмжээний цас орж, гамшгийн үнэлгээгээр сүүлийн 40 жилийн хугацаанд болоогүй зудын нөхцөл байдал үүсээд байгаа.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, мал аж ахуйн салбарт бэрхшээл учирч байгаатай холбогдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь зудын гамшгийн нөхцөл байдлыг даван туулах, хариу арга хэмжээ авахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

МУЗН тулгарч буй зудын хүндрэл, бэрхшээлийг даван туулахын тулд малчдад туслах хүмүүнлэгийн аяныг улс орон даяар төдийгүй олон улсын түвшинд идэвхтэй зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд дэлхийн олон улс орнууд тусламжийн гараа сунгаад байгаа.

БНХАУ-ын Засгийн газар сайн хөршийн хувиар эв санааны нэгдлээ илэрхийлж, 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлэхээр болсон.

Уг тусламжийн эхний ээлж болох 500 өрхөд малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багц, дулаан хувцас хэрэгсэл, бэлэн мөнгөний тусламжийг Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийн захиргааны удирдлагууд болон тус сумын малчдад хүлээлгэн өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нийт 2459 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 2046, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
86

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар морь өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 19. Мягмар (Ангараг) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 10, хар морь, мэнгэ 4 ногоон, суудал мод, өглөгт охин-6 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:57-19:03.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин хулгана, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Нохой, бар, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг,бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, мод таслах, тангараг тавих, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авах, замд гарах, хүнийг ханаж, төнөх, хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Видео мэдээ

Фото мэдээ

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013