Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 2 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2024 оны 03-р сарын 18-ны 20 цагаас 03-р сарын 19-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр -2…-7 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -10…-15 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Интерполын шугамаар “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг дайчлан баривчилжээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б” гэгчийг “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь 2019 онд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэний Монгол гэрийг санаатай галдан шатааж, хүнийг алахаар завдсан гэх үйлдлээр шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой идэвхтэй хамтран ажилласны үр дүнд ийнхүү Монгол Улсад албадан авчирчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Чуулганд төр,  иргэний нийгэм, зарим аймаг, нийслэл, дүүргийн нийт 900 гаруй төлөөлөгч оролцож, 2022 онд зохион байгуулагдсан анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний үр дүнг хэлэлцэж, цаашдын авч хэрэгжүүлэх чиглэл, зорилгын талаар хэлэлцэн шийдлийг ХАМТДАА эрэлхийлж, нэгдсэн ЗӨВШИЛЦӨЛД хүрлээ.

Чуулганы төлөөлөгчид БИД,

  • Нийгмийн хөгжлийн үндэс болсон гэр бүлийн үнэт зүйл, нандин чанарыг уламжлан хадгалахад эрэгтэйчүүдийн үүрэг оролцоог онцлон тэмдэглэж,
  • Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцох, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх зарчимд үндэслэн,
  • Эрэгтэйчүүдийн хөгжил, оролцоог дэмжихэд салбаруудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх ач холбогдлыг анхааран,
  • Эрэгтэйчүүдийн дундаж  наслалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго, нийгмийн хөгжлийг хангах нэг арга зам болохыг хүлээн зөвшөөрч дараах ЗӨВЛӨМЖИЙГ хэрэгжүүлж ажиллахыг талуудад уриалж байна.

Нэг. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГУУДАД:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд:

–       Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих;

–       Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг эрчимжүүлж, зохистой ажлын байр бий болгох;

–       Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн чиг хандлагын дагуу мэргэжлийн ажилтан бэлтгэх ажлыг зохион байгуулах;

–       Гадаад улсад хөдөлмөр эрхлээд эх орондоо буцаж ирсэн иргэдэд ажлын байр бий болгох, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх;

–       Эдийн засгийн үйл ажиллагааны зарим салбарт эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог жигд хүртээмжтэй нэмэгдүүлэх;

–       Хорих ангид хоригдож байгаа иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулж, ур чадвар эзэмшүүлэн хорих ангиас гараад нийгэмших, хөдөлмөр эрхэлж ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх;

–       “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв”-ийн үйлчилгээг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх;

–       Эрэгтэйчүүдэд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүйн дагуу сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэх;

–       Хүүхэд хүмүүжлийн эерэг арга зүйг түгээн дэлгэрүүлж, гэр бүлд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах;

–       Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх эрэгтэйчүүдийн ойлголт, хандлагыг өөрчлөх, эрэгтэйчүүдийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах;

Эрүүл мэндийн яаманд:

–       Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх;

–       Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, өвчнийг эрт шатанд нь илрүүлж, эмчлэх;

–       Өсвөр насныханд тусгайлан эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах;

–       Аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн өрөө, кабинет байгуулах, улсын болон хувийн эмнэлгүүдээр үзүүлж буй эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төрөлжсөн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;

–       Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

–       Хорт буруу зуршилд автах, донтохоос урьдчилан сэргийлэх болон нөлөөллийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах.

Соёлын яаманд:

–       Зан үйлийн хэвшмэл ойлголтыг залруулах,  хорт буруу зуршлаас сэргийлэх соён гэгээрлийн арга хэмжээг эрчимжүүлэх;

–       Амьдралын зөв дадлыг олгох, соёлжуулах зорилгоор хорт зуршлын эсрэг тайз, дэлгэцийн бүтээлийг дэмжих;

–       Гэр бүлийн гишүүдийн харилцан хүндлэл, хамтын хариуцлагын талаар гэр бүл, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх;

–       Үлгэр жишээ аавууд, эрэгтэйчүүдийн сайн жишээг сурталчлах,  соён гэгээрүүлэх арга хэмжээнд татан оролцуулах;

Хууль зүй, дотоод хэргийн яаманд:

–       Гэмт хэрэг, зөрчил, архидан согтуурах, донтолтоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх;

–       Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа, тамхи худалдаалахгүй байх, согтуугаар жолоо барих үед нөлөөлөх цусан дахь спиртийн агууламжийн хувийг бууруулах хуулийг хэрэгжүүлэх;

–       Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас жил бүр тогтмол хугацаанд зам тээврийн хөдөлгөөнд аюулгүй оролцох талаарх мэдлэг,  ойлголтыг нэмэгдүүлэх, дадал хэвшил болгох чиглэлээр үндэсний хэмжээний аян, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, хэрэгжилт, үр дүнг олон нийтэд танилцуулж, тайлагнаж хэвших.

Боловсрол, шинжлэх ухааны яаманд:

–       Сургалтын байгууллагуудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн чадавхи, хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр насны эрэгтэй хүүхдийг сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэхэд сургах, тэдэнд үлгэр дуурайлал болохуйц зөв хандлагатай эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх;

–       Эрэгтэйчүүдийн боловсрол эзэмшилтэд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа хийж, судалгаанд суурилсан үйл ажиллагааг зохион байгуулах.

Батлан хамгаалах яаманд:

–       Гэрээт болон цэргийн хугацаат албанд буй, “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй залуучуудыг гэр бүлийн болон амьдрах ухаан, хувь хүний ур чадвар олгох сургалтад хамруулах.

Зам, тээврийн хөгжлийн яаманд:

–       Авто замын камерын хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих, бага насны хөвгүүдээр мотоцикл жолоодуулахгүй байх, “суррон” дугуйн жолоочид зориулсан зохицуулалт хийхэд анхаарах;

–       Зам тээврийн осолтой холбоотой эрэгтэйчүүдийн гэмтэл, нас баралтыг бууруулахад анхаарах;

–       Зам тээврийн болон үйлдвэрлэлийн ослын талаар олон нийтэд зарлаж, түүний хор хөнөөлийг бууруулах сургалт болон бусад олон талт нөлөөлийн ажлыг зохион байгуулах.

Жендэрийн Үндэсний Хороонд:

–       Дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, талуудын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах;

–       Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын шалтгаан нөхцөлийг илрүүлэх судалгааг хийж, дүн шинжилгээ хийж, тухайн судалгааны үр дүнд суурилсан зөвлөмж боловсруулж, эрэгтэйчүүдэд мэдлэг ойлголт өгөх ажлыг зохион байгуулах;

–       Номын сан, спорт заал, фитнесс, мөсөн гулгуурын талбай, иог, усан бассейн, хөгжлийн төвүүдийг олшруулах замаар гэр бүлийн чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх, улмаар эрэгтэйчүүдийн эрүүл амьдралын дадал хэвшүүлэх, хорт буруу зуршил, донтолтыг бууруулах;

–       Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход эрэгтэйчүүд, хөвгүүдийн оролцоог чухалчлах, бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх;

–       Гэр бүл салалтын шалтгаан нөхцөл, жендэрийн хэвшмэл хортой ойлголтын талаарх судалгааг хийж, дүн шинжилгээнд суурилсан ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх;

–       Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг илрүүлэх судалгаа хийж, сэтгэл зүйн асуудлуудыг гэр бүл болон өөрт нь хор хөнөөл багатай эерэг байдлаар шийдвэрлэх арга зүйг боловсруулж, эрэгтэйчүүдэд эзэмшүүлэх, сургалт, соён гэгээрлийн ажлыг өрнүүлэх;

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНД:

–       Эрүүл, илүүдэл жингүй байх уриалга, нөлөөллийн аян, арга хэмжээг эрчимжүүлэх;

Хоёр. ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД:

–       Аймаг, нийслэл, дүүрэг бүр эрэгтэйчүүдийн, хөвгүүдийн хөгжлийн тусгай хөтөлбөрийг Орон нутгийн хөгжлийн сангаас дэмжих, эрэгтэйчүүдийн хөгжил, оролцоог дэмжих арга хэмжээг төсөвлөх, хэрэгжүүлэх, холбогдох талуудтай хамтран ажиллах;

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Форензик ярилцлага хийх үндэсний сургагч багш бэлтгэж байна

Форензик ярилцлага нь тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтнээс хүн худалдаалах гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчийг сэтгэцийн гэмтэлд дахин орохоос сэргийлж, хүүхдэд ээлтэй, хохирогч төвтэй байдлаар ярилцах аргачлал бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, насанд хүрээгүй хохирогчид туслалцаа, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр гадаадын улс орнуудад хэрэгжүүлдэг шилдэг туршлага юм.

-Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг хэрэгжүүлэгч талууд хамтран форензик ярилцлага хийх “Сургагч багш” бэлтгэх сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

-Сургагч багш бэлтгэх сургалтад хүүхэд, гэр бүлийн салбарын болон цагдаагийн байгууллагын 25 ажилтан, албан хаагч хамрагдаж, сургалтыг АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хот дахь Хүүхэд хамгааллын төвийн мэргэшсэн нийгмийн ажилтан Кримсон Барокка, доктор Кэрри Ханнан болон Шаннон Вүүдс нар удирдан явуулж байна.

-УИХ-аас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгааллыг шинээр тусгасан бөгөөд уг сургалт нь хуулийн шинэчлэлтэй уялдаж байгаагаараа онцлог юм.

-Сургагч багш нар практикт Форензик ярилцлагыг нэвтрүүлэх, мөн аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн салбарын мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагт хаагдсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн нэгдүгээр үе шатанд Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монгол буюу нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлжээ. Өнөөдөр Үнэлгээний хороо хуралдаж, саналаа ирүүлсэн 20 компанид энэ сарын 25-ны өдөр хоёрдугаар үе шатны урилга хүргүүлэх юм. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу гуравдугаар сарын сарын 25-наас хойш ажлын 20 хоногт багтан энэ 20 компанийн нэг нь Улаанбаатар метроны зөвлөх үйлчилгээний багаар шалгарна. Улмаар тус баг Улаанбаатар хотын метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж гүйцэтгэх компанийн тендерийн жишиг баримтыг боловсруулж бидэнд хүлээлгэн өгнө. Үүний дагуу бид хоёрдугаар үе шат болох үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлах юм. Метроны төслийг сонгууль угтсан суртал ухуулга гэх зэргээр улстөржихгүй байхыг хүсэж байна” хэмээв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг гуравдугаар сарын 20-ны лхагва гарагт 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

Иргэн та иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх болон Монголын эрт, эдүгээ цагийн цэргийн түүх, өв соёлын тухай ном, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, илтгэл хэлэлцүүлэн, монгол цэргийн түүхэн замналыг залуу хойч үе, олон улсад сурталчлан таниулж, шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх сургамж судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Хайнзангийн Шагдар,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэх, салбарын төсөв, санхүү, бодлогын хэрэгжилтийг хангах, үр ашгийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол хурандаа” нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн, хурандаа Лувсандоржийн Чулуунбаатар нарыг шагналаа.
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, хурандаа Гомбосүрэнгийн Буянхишиг,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Улс төрийн бодлогын зөвлөх Жадамбаагийн Энхбаяр,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Төрбатын Наранхүү,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын төлөвлөлтийн мэргэжилтэн, хурандаа Адъяагийн Балжинням,
  • Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Доржнямын Шинэбаяр,
  • Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Цэндийн Мягмардорж,
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, цагдаагийн хурандаа Баахүүгийн Баяр,
  • Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Батцагааны Очирбат,
  • Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агроэкологийн төвийн сургалт эрхэлсэн орлогч, агрономич, бэлтгэл хошууч Сосорбарамын Дайрийбаатар,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
  • Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ядамжавын Түвшинбаатар,
  • Цэргийн төв эмнэлгийн Гар, сарвуу, бичил мэс заслын тасгийн дарга, Анагаах ухааны доктор, дэд хурандаа Агваан-Осорын Ганбат,
  • Монгол цэргийн музейн Жуковын дурсгалын музейн эрхлэгч тайлбарлагч, дэд хурандаа Доржсүрэнгийн Амартайван,
  • Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Наранхүүгийн Золбоо,
  • Дотоод хэргийн их сургуулийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Лувсандоржийн Оюунтуяа,
  • Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Дашдондогийн Лувсанландар,
  • Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Дашвэлийн Цогтбаатар,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • “Бөртэ” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын оёдолчин Сагарын Бурмаа,
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Бат-Өлзийн Галбадрах,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын холбооны ахлах офицер, дэд хурандаа Гантулгын Мөнхтүвшин,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Тусгай ажиллагааны удирдлагын төвийн төлөвлөлтийн ахлах офицер, дэд хурандаа Оюунчулууны Чулуунбаатар,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Тусгай архивын дарга, хошууч Ганбаатарын Сарантуяа,
  • Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн тэнхимийн дэд профессор, хошууч Ганбатын Хосбаяр,
  • Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн усны бэлтгэлийн сургагч багш, сургагч ахлагч Батчулууны Ганбаяр,
  • Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн цацраг хими, биологиос хамгаалах албаны нярав, ахлах ахлагч Нарангэрэлийн Цогзолмаа,
  • Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн тоног төхөөрөмжийн техникч, ахлах ахлагч Батсүхийн Түвшинзаяа,
  • Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн ажиллагааны ахлагч, ахлах ахлагч Одбаатарын Өлзий нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.

ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, бригадын генерал Дашживаагийн Ариунболд,
  • Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Хожгорын Лхагвасүрэн,
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
  • Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чулуунборын Гандирваа,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Тогоогийн Галбадрах,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Сүрэнжавын Ванчинхүү нарт хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цэргийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нийт 1757 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1444, гэмт хэргийн шинжтэй 95 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
42

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, сонсогч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа,

Эрхэм хүндэт ахмад дайчид, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд ээ,

Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа,

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын баталгаа болсон Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 103 жилийн ойн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Түүхт ойн баярын энэ өдөр, өвөг дээдсээсээ өвлөн үе дамжин хайрлан хамгаалж ирсэн тусгаар тогтнолын төлөөх монгол цэргийн ялалт, амжилтын дайчин түүхийг баяжуулж байгаа Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч сэтгэл хангалуун байна.

Баатарлаг түүхтэй монгол цэрэг, үе үеийн ахмад дайчид эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, их бүтээн байгуулалт, гадаад харилцаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх гээд нийгмийн бүхий л салбарт ямагт манлайлан зүтгэж ирснийг төр, засаг, ард түмэн өндөр үнэлдэг билээ.

Эдүгээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үндсэн үүргээ биелүүлэхээс гадна улс орноо хөгжүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үер ус, цас зудын гамшиг нүүрлэсэн хүнд цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үйлсийн тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах энхийг эрхэмлэсэн Монгол төрийн гадаад бодлогыг бодитойгоор хэрэгжүүлэн, даян дэлхийд энх амгаланг тогтоох ариун үйл хэрэгт хүчин зүтгэж, эх орон, ард түмэн, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн “Дэлхийн цэрэг” хэмээгдэх болсон цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдынхаа амжилт бүтээл, гавьяа зүтгэлийг бахархан тэмдэглэхэд таатай байна.

Эрхэм нөхөд өө,

Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэхэд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлага онцгой анхаарч, үр дүн, ахиц гарган ажиллаж байна.

Цаашид төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлдээ улам их амжилт гаргана гэдэгт Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч итгэл төгс байна.

Зэвсэгт хүчний нэр хүндийн илэрхийлэл, монгол цэргийн бахархал болсон цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг улам батжуулан бэхжүүлэх нь Төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний эрхэм үүрэг болохыг онцлон тэмдэглэж байна.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан ахлагчийн бүрэлдэхүүнийг чадавхжуулан хөгжүүлэх, тэдний гэр бүл, нийгмийн хамгаалал, ажлын орчныг сайжруулахад бодит ахиц дэвшил гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.

Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн, хоорондоо нягт уялдаа холбоотой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд эх оронч үзлийн эх ундарга, төрийн албаны үлгэр дуурайлал болсон Та бүхний хүчин чармайлт нэн чухал юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэ зууны түүхийн хуудсыг бичилцэж буй Та бүхний эх орноо батлан хамгаалах их үйлсэд өндөр амжилт хүсэж, гэр бүл, үр хүүхдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар бадартугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин могой өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 18. Даваа (Сумьяа) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 9, цагаагчин могой, мэнгэ 5 шар, суудал уул, хэрцгий охин-5 од, рашаан барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:59-19:02.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Тахиа, үхэр, могой, нохойжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлдхананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, их хэрэг үүсгэх, ном унших, газар малтах, нүүдэл хийх, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, эд, мал худалдан авах, малын үс, ноос хяргах, ном сонсох, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явах муу.Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 1 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны 03-р сарын 17-ны 20 цагаас 03-р сарын 18-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -2…-7 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус дулаан, бусад нутгаар +3…-2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -11…-13 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -16…-18 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын начин Л.Отгонбаатар түрүүллээ

Монгол цэргийн өдөр,Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл соёмбо сонингийн 100 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Сүлд” спорт хороо, УСУГ, “Агро нэгтгэл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Отгонбаатар түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Степ Гоулд” ХХК, “Цагаан сор” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Батжаргал, Б.Түмэндэмбэрэл, аймгийн заан Г.Мөнхбаяр нар үлдэв.
Нөгөөдөр буюу 03-р сарын 19-ний мягмар гарагт 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаантай. Шагналын сан өндөртэй тус барилдааны түрүү бөх “Соната-9” маркийн автомашин гардана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОХУ-ын Засгийн газраас үзүүлсэн 8500 тонн хүчит тэжээлийн эхний ээлжийг хүлээн авлаа

ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод байгаа цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон.

Энэ хүрээнд өнөөдөр /2024.03.17/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд ОХУ-ын хилийн боомт болох Хиагт хотод эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг хүлээлгэн өглөө. Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад буулгасан юм.

Буриад Улсын талаас өгсөн мэдээллээр, ОХУ-ын Монгол Улсад үзүүлж байгаа  хүмүүнлэгийн тусламж нь 8.5 мянган тонн хүчит тэжээл, тээвэрлэх 425 тээврийн машин ачааны тээврийн зардлын хамтаар нийт 166.6 сая рубль буюу 1.85 сая ам долларын тусламж болж байгаа бөгөөд хилээр татваргүйгээр, хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх ажлыг ОХУ-ын Засгийн газар шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовт хандаж “Манай оронд тохиолдсон хаваржилтын хүндрэлийг даван туулахад зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье. Эртнээс айл хөрш явсаар ирсэн, найрсаг дотно харилцаатай манай хоёр ард түмэн баяр хөөр, хүндрэл бэрхшээлтэй аль ч үед халуун сэтгэлээр харилцан тусалж ирсэн түүхтэй. Тэвдэж явахад тэвнээр туслах нь тэнхлүүн цагт тэмээгээр тусалнаас илүү үнэтэй. Бидний чин сэтгэлийн талархлыг ОХУ-ын Засгийн газар, ард нийтэд уламжлахыг хүсье” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа