Author Archives: baaska baaska

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ

Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газраас хяналтын камерыг ашиглан гудамж замын хяналт шалгалтыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдрүүдэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй 1785 хүнд холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 2574 хүнд холбогдох арга хэмжээг авч, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ.

Иргэн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Хэрвээ татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана.

Мөн торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлах” хуулийн зохицуулалт хэрэгждэг байна. Иймд жолооч та бүхнийг тээврийн хэрэгслийн албан татвар, торгуулиа хугацаанд нь төлж байхыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

2026 оны 04-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус,  бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +6…+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +5…+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +4…+6 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав

Улсын хэмжээнд он гарсаар (2026.01.01-03.31) гурван сарын байдлаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1568 хүний амь нас, 303 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 975 нь гал түймэр, 190 нь бусад /усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах/, 10 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 24 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 15 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эмэгтэйчүүдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөн, спортыг хөгжүүлэх, Олимпизмыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алдарт Эх-2026” спортын VIII наадам дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадамд шатар, дартс, теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын таван төрөлд 18 багийн 500 гаруй оролцогч өрсөлдөхөөр бэлтгэлээ хангажээ.

Энэ удаагийн спортын наадамд “Шонхорууд”, “Арга Билэг”, “Марта”, “Цоглог”, “Яргуй”, “June Angels”, “Долоон Бурхан”, “Нархан”, “Diamonds”, “ГооДаль”, “Ягаан цэцэгс”, “Super Stars”, “Багануур”, “Налайх”, “Дархан”, “Бор-Өндөр”, “Арвайн гэгээ”, “Нарны эх” зэрэг багууд оролцох юм.

Спортын VII наадмын шилжин явах цомын эзэн “Яргуй” баг энэ удаагийн наадмыг нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлогтой. Мөн энэ жил Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор аймгийн багууд оролцож байгаа нь наадам орон даяар хүрээгээ тэлж байгааг харуулж байна.

“Алдарт Эх-2026” спортын VIII наадмын ерөнхий шүүгчээр “Залуус” клубыг үүсгэн байгуулагч, Монголын волейболын холбооны улсын шүүгч Т.Мягмарсүрэн ажиллах бол ерөнхий зохион байгуулагчаар “Алунгоо Эх” ТББ, “Алдарт эх” цахим нэгдэл, ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын Олимпын хороо ажиллаж байна.

667035934_1006446425038824_2497238669796722523_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ

Өдгөө 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.

Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулна. Хамгийн богино зайд буюу 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хураамж 5000 төгрөг (гэр бүлийн гишүүн бүр 5000 төгрөг) байна. Мөн эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэхүү төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг байх юм. Гүйлтийн 10 км-ийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 50 мянган төгрөг байна.

Хагас марафон буюу 21 км-ийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 70 мянган төгрөг байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насныхан болон тусгай хэрэгцээт иргэд гүйх бөгөөд 90 мянган төгрөгийн хураамж төлж бүртгүүлэх боломжтой. Мөн тусгай олимпын төрөл болох 500 метр, 800 метрийн гүйлтэд оролцогчид төлбөрийн хураамж төлөхгүй бүргүүлж оролцоно.

Энэ жилийн хувьд бүртгэлийн хураамжаа төлсний дараа НӨАТ-ын баримт автоматаар үүсэх тул зай, төрлөө солиулах, засуулах боломжгүй.

Түүнчлэн 1.5 км болон 5 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг дараах байршлуудад тавдугаар сарын 1-15-ны 09:00-17:00 цагийн хооронд олгоно.

  • Нийслэлийн Биеийн тамир, спортын газар – Утас: 70002785
  • Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70141983
  • Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 11450511
  • Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70213435
  • Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70491280
  • Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70233601
  • Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 11344783
  • Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 11315651
  • Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70176348
  • Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 77773113

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллах үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Багануур” ХК-ийн уурхайчид, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

48 жилийн турш төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээг тасралтгүй хангаж, иргэдийн ая тухтай амьдрал, орон нутаг, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Багануур” ХК улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 47 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 52 хувийг дангаараа хангадаг.

Өнгөрсөн онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 37.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ олон жил хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулан 2.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

Улсын төсөвт 105 тэрбум, Нийгмийн даатгалд 19 тэрбум, Үндэсний баялгийн санд 126 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

Энэ жил 4.8 сая тн нүүрс олборлох бөгөөд 2028 он гэхэд олборлолт 8 сая тн болж нэмэгдэнэ гэдгийг гүйцэтгэх захирал Т.Отгонболд хэллээ.   

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 255 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тн хөх нүүрс, 82 мянган тн нам температурын давирхай үйлдвэрлэж, 40 мВт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ.

Ингэснээр орон нутагт 400 гаруй ажлын байр бий болох тооцоо гарсан байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж, ургуулаад байгаа. “Багануур” ХК хөдөлгөөнд нэгдэн 520 орчим мянган мод, бутны суулгацыг Мод үржүүлгийн газартаа бойжуулж, 2 тэрбум төгрөгийг нөхөн сэргээлт зэрэгт зарцуулжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Японы хөнгөлөлттэй зээлийн 23.5 тэрбум төгрөгийг тус компанийн технологийн автомашин, механизмын 27 хувийг шинэчлэхэд зарцуулах шийдвэр гаргаж байсан юм.

Компанийн хамт олон төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааг дэмжиж,  “Хүнсний хувьсгал”,  “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрт бодит хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

  Мөн эх орныхоо гал голомтыг бадраах хөгжил цэцэглэлтийн тулгуур болж,  уурхайчин хэмээх нэрээр овоглон, мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж, уул уурхайн салбарын хөгжлийг өнөөгийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Монголын төр, засаг ямагт үнэлж ирснийг тэмдэглэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх бар өдөр

Аргын тооллын 4 сарын 10. Баасан (Сугар) гараг (2026)
Хаврын дунд цагаагчин туулай сарын билгийн 23, өдөр хөх бар, мэнгэ 8 цагаан, суудал мод, од элдэв тэнгэртэн-20, шид барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:13-19:34.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин бич, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, нохой, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
Үс засуулах, гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, равнай үйлдэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, газар хагалах, тариа ногоо тарих, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.

2026 оны 04-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +7…+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +4…+6 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ

“Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах 1 сарын хугацаатай сургалт өгнө” хэмээн иргэдийг залилсан гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б нь “Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах 1 сарын хугацаатай сургалт өгнө” гэх нэрийдлээр нэр бүхий иргэдээс нийт 6,754,000 төгрөг залилж хохирол учруулжээ.
Дээрх хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж, холбогдох ажиллагааг явуулж байна.
Иргэд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн аливаа сургалт, үйлчилгээний талаар мэдээлэл авахдаа тухайн этгээд, байгууллагын үйл ажиллагааг бодит эсэхийг сайтар нягталж, гэрээ, баримтгүйгээр төлбөр төлөхөөс татгалзаж, холбогдох баримт бичгийг нотариатаар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа

Монгол Улсын Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцаллаа.

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга бол эдийн засгийн сорилттой энэ цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд онцлоод зарим барилгад сард 16 удаа шалгалт очсон байна. Шалгалтынх нь 50 хувь нь торгож байгааг шүүмжлээд төрийн зүгээс үзүүлэх хүндрэл, чирэгдлээс чөлөөлж, бизнес эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэлээ. Харин хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ төр хэрэгжүүлнэ гэв.

Салбарын хяналт шалгалтын нийт 31 чиглэлийг 11 яам, 3 агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлж,  улсын хэмжээнд нийт 1713 улсын байцаагч 112 хууль, 3600 гаруй дүрэм, журам, 4500 гаруй стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

2024, 2025 онд хийгдсэн шалгалтуудаас харвал нэг байгууллагад жилд 30 гаруй удаа очиж шалгажээ.

Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө

Төрийн байгууллагад байгаа 3000 сул орон тоонд  хүн нөхөж томилохгүй, царцааж байгааг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд анхааруулаад төрийн албанд халаа, сэлгээ хийхгүй байхыг “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ.

Төрийн албаны 3000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож, царцаана. Ойролцоогоор 26 яамтай тэнцэх орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэх ажээ.

Төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоо Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй. Өнөөдрийн тогтоолоор төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглолоо. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэж хуульчилсан ч төр мэдээллээ хоорондоо солилцдоггүй асуудал байсаар байна. Иймд хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 Төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих eCabinet dashboard”-ыг хэрэглэх, шаардлагатай мэдээллээ авч байх ёстойг Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагуудад даалгаж Засгийн газрын гишүүд манлайлж ажиллахыг Ерөнхий сайд уриалав.

Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гаригт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг өнөөдрийн тогтоолоор олголоо.

Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч нарт Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт нэг сая.тн-с багагүй хүчин чадал бүхий Ган үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар барьж байгуулахаар ажиллаж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам.доллар байхаар тооцоолжээ.

“Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах хэмжээний хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно.  Гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар цементийн өртөг хоёр дахин буурна. Барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг бууруулах, импортын хамаарлыг багасгах, 1700 орчим байнгын ажлын байр бий болгох аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн болж байна” гэж сайд Г.Дамдинням хэллээ.

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, ой, хээрийн гал түймэр, хүчтэй салхи, шуурга зэрэг байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд улсын нөөцөөс нэн шаардлагатай бараа, материал болон аймаг, нийслэл дүүрэгт газрын тосны бүтээгдэхүүн олгох, тэдгээрийг тээвэрлэн хүргэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. Улсын хэмжээнд 2026 он гарсаар нийт 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 63 хүн амь насаа алдаж, 61 хүн гэмтжээ. Байгаль, цаг уур, улирлын онцлог, шинж чанартай холбоотой хаврын улиралд шар усны үер, ой хээрийн гал түймэр, хүчтэй салхи шуурганд өртөж, иргэд, аж ахуй нэгж байгууллага амь, нас эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэй өндөр байдаг.

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул ой, хээрийн гал түймэр зэрэг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комисс сэрэмжлүүлж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Налайх дүүргийн иргэдтэй уулзсаны дараа Төв аймагт ажиллалаа.

Ерөнхийлөгчийг төв талбайд аймгийн удирдлагууд, Зуунмод цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн байдал, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, санаачилсан хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг хэллээ.

Гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин, түүхэнд  үлдэх төрийн айлчлалууд болж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн, монголчуудын баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулж байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа.

Төв аймагт бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байна. Тухайлбал, 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станцын 300 МВт хүчин чадалтай эхний 2 блок нь төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж байгаа.

Батсүмбэр суманд 150 хүүхдийн суудалтай бага сургуулийг ашиглалтад оруулж, аймгийн төвд 2,200 хүний суудалтай “Tuv arena” хүүхэд, залуучуудын ордон барихаар зураг, төслийг нь боловсруулжээ.

Улаанбаатар – Зуунмод чиглэлийн буюу Хөшгийн хөндийн  авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажил эхэлсэн бол Угтаалцайдам, Цээл, Заамар чиглэлийн 122 км авто замыг улсын чанартай авто замд холбох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа биет болон биет бус өвийг судлах, хадгалах, сурталчлах зорилгоор “Монголын археологи, угсаатны үндэсний музей”-г Зуунмод хотод байгуулах шийдвэр гаргасан. Музейн барилгын ажил 80 хувьтай, ирэх онд ашиглалтад орох гэж байна.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэснээр гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэж, төмс, хүнсний ногоо, үр тариа, малын тэжээлийн хэрэгцээг өөрсдөө бүрэн хангадаг болжээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 5 үйлдвэр, 26 цех ашиглалтад орж, Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 192 тэрбум төгрөг давсан байна.  Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар өссөн гэсэн үг юм.

Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор хонь ноослох улсын аварга шалгаруулах “Алтан хайч-2025” анхдугаар тэмцээнийг зохиож, цаашид улам өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Төв аймаг “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Төлөвлөгөөний дагуу төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар мод тарьж ургуулан, тохижилт, ногоон байгууламж бий болгож байна.

Аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, иргэд “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрт нэгдэн, ажлын байр бий болгож, орон нутаг, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 орчим нь Төв аймгийнх.

Боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын үр шим улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч, хүчирхэг Монгол Улсын үндэс суурь болох учиртайг Ерөнхийлөгч хэлж, хүүхдүүдийн багш нар, эцэг, эх, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь баяр хүргэлээ.

Тэрбээр мөн аймгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэргэлэн сумын сургуулийн захирал асан Ламжаагийн Баасанцэрэн, Батсүмбэр сумын сургуулийн багш Уртнасангийн Болормаа нарт Гавьяат багш, “Монгол туургатан” театрын морин хуурч, хөөмийч Гомбодоржийн Эрдэнэбаатарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа.

Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч дүүргийн иргэдэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн байдал, санаачилсан хууль, түүний дотор чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, чадамжийг  сайжруулах нь төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг хэллээ.

Үүнд Налайх дүүргийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолж, талархал илэрхийллээ.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байгааг дурдлаа.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 4,000 тн буюу 330 сая ам.долларт хүрч, гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 550 мянган хос гутлаар нэмэгдсэнийг хэллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагийн 10 гаруй нь Налайх дүүргийнх юм.

Эдгээр хүүхдүүд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

Налайх дүүрэгт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тухайлбал төсвийн 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 79 Мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, хувийн хэвшлийнхэн 50 Мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц барих гэж байна.

7,850 га талбайд байгуулсан “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, хөнгөн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болох юм.

Налайхын үйлдвэр технологийн паркад 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 үйлдвэр, барилга ашиглалтад орж, иргэдийг ажлын байраар хангаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нийт 2042 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 798, гэмт хэргийн шинжтэй 193 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 15 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
69

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа