Author Archives: baaska baaska

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр өмнөх зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээн дэх худалдан авах ажиллагааны явц, өвөлжилтийн бэлтгэл, Баруун эх үүсвэр болон Туул-1 коллекторын ажлын явц, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх зэрэг сэдвээр хэлэлцэж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 35 үүрэг даалгавар өгсөн, дундаж хэрэгжилт нь 78.6 хувьтай байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Долоодугаар сарын 5-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 40.6 хувийн хэрэгжилттэй байгаа”-г танилцууллаа. Түүнчлэн нийслэлийн худалдан авах ажлуудын хүрээнд шаардлагагүй, удаашралттай зарим ажлыг цуцлах, хөрөнгө оруулалтыг татаж, хэрэгцээт ажилд хөрөнгө оруулах, Ус сувгийн удирдах газарт Баруун эх үүсвэрийн төсөл болон ариутгах бохир усны “Туул-1” коллекторын байгууламжийн ажлыг урагшлуулах үүрэг чиглэлийг шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар өглөө.

Үргэлжлүүлэн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалын асуудалд онцгой анхаарах,
  • Сэлбэ, Дунд голын тохижилт, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг яаравчил,
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчлалт дүүргүүд рүү шилжээд удаж байна. Эдгээр ажилдаа дүүргүүд анхаар. Жишээлбэл, дүүргүүд наадмын хуушуурын зөвшөөрөл олгохдоо зөрчилтэй асуудал үүсгэсэн байвал АТГ-т шалгуулна.
  • Дэд бүтцийн төслүүд, сургууль, цэцэрлэг барих ажлыг яаравчил,
  • Зуслангийн зам дагуу элс, хайрга олборлож, газар ухаж сэндийчихийг зөвшөөрөхгүй,
  • Туулын хурдны замын газар чөлөөлөлтийг дуусгаж, Тойрог замын газар чөлөөлөх мэдэгдлийг өгч эхэл,
  • Явган замын ажлуудаа эрчимжүүлэх,
  • Гандан, Эх нялхас, Тасганы овоо, Дэнжийн мянга, Ногоон нуур орчимд 5000 айлыг дулаалж, янданг буулгах ажлыг эрчимжүүл,
  • Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой ач холбогдол өгч, баяр наадмын үеэр инженер хангамжийн байгууламжийн тасралтгүй ажиллагаа, үер ус, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг чанартай зохион байгуулах, хариуцлагатай жижүүр гаргаж, хариуцлагатай ажиллах зэргийг үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нарын төлөөлөгчид угтлаа.

Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцоно.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хаан ширээндээ заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (Үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито хаан сэнтийдээ заларснаас хойш 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улс, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилсан бөгөөд төрийн гурав дахь айлчлалаа Монгол Улсад хийж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин үхэр өдөр

-Аргын тооллын 7 дугаар сарын 7. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 12, улаагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал шороо, гар од-16 од, идэр барилдлагат өдөр. Бага халууны улирал-04:42.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:52.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, замд гарах, эхэлж ном сонсох, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, суурь тавих, угаалга хийх, залбирах, туг дарцаг хийсгэх, өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд юм өгөх, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ малгай, хувцас өмсөх, малын хашаа, хороо барих, малын үс, ноос хяргах, өс дарах, бузарыг дарж, дайсагнах үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

07-р сарын 07, 08-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

2025 оны 07-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17…+22 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

О.Одончимэг:Оюутнууд маань Практик сургалтын төвийн Хууль зүйн клиник хичээлийг сонгон сурч маш их хөгжсөнөөрөө бахархдаг

Залуу нас хүний амьдралын хамгийн гэрэл гэгээтэй, хүсэл  мөрөөдөл дүүрэн, асч дүрэлзсэн сайхан үе байдаг. Энэ л насандаа тэд өөрийгөө болон өрөөлийг хөглөдөгийн адил оюутан залуусын ирээдүйн замаа засахад нь эерэг өнгө түгээж, хөгжүүлж яваа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн туслах ажилтан О.Одончимэгтэй уулзаж ярилцлаа. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн залуу хүч тэрбээр уйгагүй, тууштай, хичээл зүтгэлтэй нэгэн юм. Энэхүү эелдэг, элгэмсэг, зөв харилцаа хандлагаараа оюутнуудынхаа талархлыг олонтаа хүлээж, хүрээлүүлж байгаа нь түүний бас нэгэн тодотгол гэлтэй. Ийнхүү эрх зүйч оюутнуудыг бэлтгэлцэж яваа энгийн, эгэлхэн, хэнтэй ч амархан хэл үгээ ойлголцож чадах хэмжээнд өөрийгөө төлөвшүүлж чадсан түүнтэй ярилцаж суухад ямар их гэгээлэг, эвсэг, хүнлэг бүсгүй вэ гэдгийг төвөггүйхэн олж харсан билээ.

-Хоёулаа яриагаа танай сургуулийн Практик сургалтын төв гэдэг ойлголтоос эхэлье?

-Намайг О.Одончимэг гэдэг. Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвд ажилладаг. Манай Хууль зүйн сургууль таван жилийн хөтөлбөртэй. Оюутнууд гуравдугаар курсээсээ эхлэн манай төвийн Хууль зүйн клиник хичээлийг сонгож судлах боломжтой байдаг. Энэ хичээлийг сонгон судалж буй оюутнуудыг Клиникч оюутнууд гэж нэрлэдэг. Клиникч оюутнууд маань ажлын 5 өдрөөр ажлын бүтэн цагаар иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Өөрөөр хэлбэл, оюутан бүр хичээлийн 1 цаг 30 минутад ээлжлэн цагийн хуваарийн дагуу ажилладаг гэсэн үг юм. Энэхүү хичээлийг эрүү, иргэн, захиргааны шүүхийн шүүгч багш нар удирдан заадаг. Практикт ажиллаж байгаа чадварлаг шүүгчдээс номын дуу сонсч, тэдний заавар удирдлаган дор зөвлөгөө өгнө гэдэг оюутнуудын хувьд хувь тохиол. Ер нь манай төв оюутнуудыг танхимаар эзэмшсэн онолын мэдлэгийг практикт бататгах зорилгоор маш олон арга хэмжээ, хөтөлбөр, сургалтад тогтмол хамруулж хөгжүүлэхийг эрмэлздэг. Би оюутнуудтайгаа өөрийн дүү шигээ санаж дотноор харилцахыг эрмэлздэг. Ингэж дотно харьцсанаар бидний дунд ямар нэг хана үүсэхгүй байж цаашлаад оюутан дүү нар маань ойлгомжгүй зүйлээ дор бүр нь лавлаж асууж мэдсэнээр тэдний суралцах процессыг амар хялбар  байлгадаг гэж  боддог. Бүх оюутнууддаа ижил тэгш хандаж, шаардлагаа ч мөн адил хэмжээнд тавьдаг. Жишээ нь, оюутнууддаа зөвлөгөө өгөхдөө юунд анхаарах, тухайн хүнийг хэрхэн угтан авах, хүн хоорондын харилцааны ёс зүй, дадлагажихдаа тухайн байгууллагын соёлыг мөрдөх, биеэ зөв авч явах, цаг баримтлах, хувцаслалт, харилцаа хандлага гээд олон талаар зааж сургаж, чиглүүлдэг.

– Оюутнуудтайгаа хамтдаа бужигнан шуугиж хамгийн их эрч хүч энерги авдаг нь лавтай. Энэ талаархи бодлоосоо хуваалцахгүй юу?

 – Тухайн хичээлийн жил дуусахад оюутнуудаасаа манай төвөөс клиникч оюутнуудад чиглэн зохион байгуулсан үйл ажиллагаа,хичээл удирдсан багшийн заах арга зүй, төвийн туслах ажилтан миний харилцаа хандлагын талаар санал асуулга авахад оюутнууд бүгд клиник хичээлийг сонгосноороо олон ур чадварт суралцсан, өөрийгөө нээн хөгжүүлсэн тухай болон надад талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн тохиолдол их байдаг. Оюутнуудын маань намайг бодитоор үнэлж, талархал илэрхийлсэн сэтгэгдлээс би дараа дараагийнхаа ажилдаа ажиллах эрх хүчийг авдаг.

448c7eed-3a9d-43c5-873a-d1aa42a04229

Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаагийн хамт

Хамгийн сүүлд манай төвийн Клиникч оюутнууд Монголын Эмнести Интернэшнлээс  зохион байгуулсан газар дахин төлөвлөтөд хамрагдсан хорооны иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх төслийн хүрээнд “Оюутан эрх зүйн хөтөч” вакум сургалтанд 10 оюутан хамрагдаж тухайн хорооны иргэдэд долоо хоног бүрийн Лхагва гараг бүр тогтмол зөвлөгөө өгч төслөө амжилттай дуусгасан. Энэ үеэр манай оюутнууд ямар их сэтгэлтэй юм бэ гэж үнэхээр бахархсан. Ямар нэг санаачилга гаргахад дуу нэгтэйгээр дэмжиж аль боломжит байдлаар бүтээлчээр ханддаг нь талархууштай. Оюутнуудынхаа туслалцаатайгаар аливаа ажилд хамтраад оролцохоор бие биенээ илүүтэй таньж эгч дүүс шиг болцгоодог. Ижил дасал болсон оюутнуудаа төгсөөд явахаар нэг хэсэгтээ эзгүйрээд хоосон оргиод явчихдаг юм.

 -Оюутнууддаа юуг зөвлөж сургадаг вэ?

-Манай төвийн эрхлэгчээр доктор, дэд профессор С.Болормаа багш маань ажилладаг. Багш маань оюутнууддаа зөөлөн ур чадварт суралцах талаар үргэлж захиж, өөрөөрөө үлгэрлэж явдаг мундаг хүн. Жишээ нь, оюутнуудыгаа хаана ч явсан багш нартайгаа мэндтэй устай байх, өөр хоорондоо зөв мэндэлж сурах, цагаа ягштал барих, цахим хэрэглээний зөв зохистой хэрэглээ, сургуулиа төгсөөд эрх зүйч, хуульч, шүүгч гээд шат дараалан өсч хөгжих учраас одооноос эхлэн гар утасныхаа хэрэглээнд анхаарч буруу үг хэллэг хэрэглэхгүй байх тал дээр анхаарна шүү хэлж ойлгуулдаг. Ер нь онолын мэдлэгийг хүн сурч болдог. Харин зөв хүн байхад суралцах тийм амар биш. Зөв хүн байх, жинхэнэ хүн байх гэдэг чинь хуульч хүний хамгийн том нэрийн хуудас.

8ef3ce2b-d030-47c8-ad0b-fd9dbdc4ff58

                                                    Ханьтайгаа хамт

– Таны энэ амьдралаас авсан хамгийн үнэт зүйл тань?

-Би нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Энэ амьдралдаа хийсэн миний хамгийн зөв сонголт бол “миний хань”. Ханьтайгаа учирсандаа маш их талархаж, ханиараа бахархаж явдаг. Эмэгтэй хүн ер нь сайн ханьтай учирснаар амар амгалан байж үргэлж гэрэлтэж, дэлбээлж, цэцэглэж, өнгө орж жавхааждаг юм байна гэдгийг өөрөөрөө ойлгож яваа. Бид гэр бүлийн эрүүл харилцаатай байдаг гэж боддог. Үүний илрэл нь хүүхдүүдийн маань хүмүүжил, хандлага зөв төлөвшил. Бидний эрүүл харилцаатай байгаагийн гол нууц нь ердөө маш сайн ярилцдагт л оршдог. Бие биенийхээ үзэл бодлыг сонсдог, хүлээн зөвшөөрдөг, хүндэтгэдэг. Ийм харилцаа манай гэр бүлд оршдог учраас хамтын амьдралынхаа 10 гаруй жилийн хугацаанд маргалдаж муудалцсан нь барагтаа л үгүй. Дандаа эрүүл сэтгэхүйгээр харьцсаар ирсэн. Халамжтай сайн ханьтай учраас би өнөөдөр хэний ч нүдэнд аз жаргалтай, гэгээлэг харагддаг болов уу.

-Хэлэх дуртай үг тань?

-Сэтгэлд минь үргэлж “зөв хүн байх ёстой” гэдэг үг уяатай байдаг. Бусдад тус болдоггүй юм гэхэд төвөг учруулахгүй амьдрах л хүний нэг төлөвшил, ухаан шүү дээ. Хүн ер нь ямар ч албан тушаалд очсон, ямар ч асуудалтай байсан нэг л зангаараа байх ёстой гэдгийг амьдралдаа баримталж, энэ талаар өөртөө болон үр хүүхдүүддээ үргэлж хэлж сургадаг.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин гахай өдөр

-Аргын тооллын 7 дугаар сарын 5. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 10, хөхөгчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал хий, салхины эх-14 од, үл тохирох барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:00-20:53.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин могой, гахай, хулгана, үхэр житнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин багш шавь барилдах, хурим хийх, бэрийн үйл, амраг садан бололцох, хүнийг ханаж, төнөх, замд гарах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, андгай тавих, чуулах, тээрэм босгох, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, хиншүү, бузар, бэлбэсний үйл, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно.

2025 оны 07-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +19…+24 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +23…+25 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна

Цаг уурын байгууллагаас гаргадаг бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу, 49 хувьд хэвийн буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Төвийн зарим нутгаар, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар муу. Говьсүмбэрийн нийт, Архангайн ихэнх, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Булган, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд зэрэг байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.7 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Хөвсгөлийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Өмнөговийн зарим, Архангай, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

Агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан хур тунадас олон жилийн дунджаас бага орсон тул бэлчээрийн ургамлын ургалтын байдал өмнөх арав хоногоос муудаж хэвийнээс гандуу болоход хүргэсэн байна. Ялангуяа говийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутаг болон газар тариалангийн бүс нутгаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын температур өдөртөө 30 градусыг давж халсны улмаас таримал болон бэлчээрийн ургамал гандах төлөвтэй болоод байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.

  • Зам хаах: 2025 оны 7 дугаар сарын 4-ний 23:00 цаг
  • Зам нээх: 2025 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 06:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу?

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Төрийн албан хаагчдын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Тэрбээр, төрт ёсны түүх хоёр мянганы тэртээгээс нааш Их Монголын Эзэнт гүрнээр өртөөлөн, Богд хаант Монгол Улс, Ардын засаг, Ардчилсан төрийн түүхийг бүтээсэн он жилүүдийн товчоонд нэгэн цоо шинэ хуудас бичигдсэн нь өдгөөгөөс гурван арваны тэртээ Монгол Улс Төрийн албаны тухай тусгайлсан хуультай болж, төрийн албаны төв байгууллага Төрийн захиргааны албаны зөвлөл байгуулагдсан үйл явдал мөн хэмээн онцлоод өнгөрсөн 30 жилийн хугацаанд мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэддээ чин шударгаар үйлчилдэг шинэ төрийн, шинэ тогтолцоог төлөвшүүлэх, төрийн алба хаагчийн үйл ажиллагааг эрх зүйгээр дархлан баталгаажуулахад Төрийн албаны зөвлөл томоохон үүрэг гүйцэтгэсэн. Цаашдаа ч эрхэм журамт энэ үүргээ Төрийн албаны зөвлөл нэр төртэй гүйцэтгэсээр байна гэдэгт огт эргэлзэхгүй байна гэв.

Мөн төрийн албаны үүрэг, үйлчилгээ, шинж төрх, ач холбогдлын шинэтгэл өчигдрөөр биш, өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай. Засгийн газар БҮТЭЭМЖТЭЙ ТӨР-ийг төлөвшүүлэх шинэтгэлийг эхлүүлэхээ зарласан гээд БҮТЭЭМЖТЭЙ ТӨР-ийн албан хаагчдад  тавигдах шаардлагуудыг сануулсан юм. Нэгдүгээрт, төрийн албан хаагчид аливаа асуудлыг тогтолцооны түвшинд буюу том зургаар хардаг байх ёстой. “Гал унтраах” байдлаар асуудалд хандах биш, уг шалтгаан, үр дагавар, орчин, хамаарлыг нэгтгэн дүгнэх аналитик сэтгэлгээ төрийн алба хаагчийн бусдаас ялгарах үндсэн шинж мөн. Хоёрдугаарт, хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой. Иргэдийн санал, хүсэлт, хандлага, зан үйл, сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг байвал Та иргэддээ хүлээн зөвшөөрөгдөнө. Төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг хүнд зориулан “урлах” нь чухал.

Гуравдугаарт, төрийн албан хаагч цахим орчинд ажиллах мэдлэгтэй, өгөгдөлд суурилан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагатай.

Дөрөвдүгээрт, асуудлыг иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил, бусад оролцогч талуудтай бодлогын түвшинд, нэг зүгт харж, нэгдмэл зүтгэлээр шийдвэрлэх ур чадвар төрийн алба, алба хаагчид амин чухал болж байна. Төрийн бодлого зөвхөн хууль тогтоомж, бичиг цаасаар хязгаарлагдахгүй, эдгээр шаардлагыг хангахуйц чадвар, мэдлэг, хандлагаар үр дүнд хүрнэ гэдгийг ямагт санаж, сахиж явахыг Та бүхэндээ хандан уриалъя гэв.

Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд, Монгол Улсын Засгийн газар төрийн албаны бүтээмж, үр ашгийг эрхэмлэж, шударга, тогтвортой, иргэн төвтэй, ёс зүйтэй, итгэл даах төрийн албаны тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө Та бүхэнтэй тууштай хамтран ажиллаж, аливаа сайн санаачилга, үр дүнтэй оролцоог дэмжин ажиллах болно хэмээв.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд болж байгаа “Төрийн албан хаагчдын үндэсний чуулган”-д оролцогсдод мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордууллаа.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Хүндэт зочид оо.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгын төлөө эрдэм чадлаа зориулан буй төрийн албан хаагчид та бүхэнд Монгол Улсын Төрийн албаны өдөр болон төрийн албаны төв байгууллага Төрийн албаны зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Их эзэн Чингис хааны үр хойч монголчууд бидний төрийн албаны түүхэн уламжлал Төв Азийн цээжинд нүүдэлчдийн байгуулсан анхны төрт Хүннү гүрнээс эхтэй.

Мянга мянган жилийн түүхтэй монгол төр үеийн үед эрдэм чадалтай, энэрэх сэтгэлтэй, үнэнч шударга шилдэг иргэнээ шилэн сонгож, тохоон томилж, төрдөө зүтгүүлж, түмэндээ үйлчлүүлж, өндөр үүрэг, өргөн хариуцлагыг оноож ирсэн түүхтэй.

“Эрдэмт хүн улсын чимэг, зүтгэлт хүн төрийн чимэг” хэмээх ардын сайхан үг бий. Монгол төрийн албаны түүх бол эрдэм мэдлэгтэй, чинхүү зүтгэлтэй монгол төрийн албан хаагч нэг бүрийн түүх мөн.

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Манай улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаар иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх эрх зүйн үндэс тавигдаж, 1994 онд Төрийн албаны тухай хуулийг баталж, биелэлт, хэрэгжилтийг нь зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, маргааныг хянан шийдвэрлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн албаны төв байгууллагыг байгуулж, өдгөө 30 жилийн ойтой золгож байна.

Анх Төрийн захиргааны албаны зөвлөл нэртэй байгуулагдсан Төрийн албаны зөвлөл өнгөрсөн 30 жилийн хугацаанд салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийгмийн өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх, холбогдох журам, стандартыг батлан мөрдүүлэх, төрийн албаны шинэтгэл, стратеги, хүний нөөцийн бодлогыг үр дүнтэй зохион байгуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

Энэхүү өндөр хариуцлагатай үүргийг чин сэтгэлээр, нэр төртэй гүйцэтгэж ирсэн үе үеийн Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье!

Цахим сонгон шалгаруулалт, албан тушаалын стандартчилал, хүний нөөцийн аудит, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, чадавхад суурилсан мэргэшлийн тогтолцоо, ёс зүйн шинэ механизмыг бүрдүүлэх их үйл хэргээр 30 жилийн ойгоо угтаж буй Та бүхэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Монгол төрийн албан хаагчид аа,

Төрийн алба бол аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалан бэхжүүлэх үндэс мөн.

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, тогтвортой хөгжил нь төрийн албан хаагч нэг бүрийн үүрэг хариуцлага, хичээл зүтгэлээс шууд хамааралтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн албаны хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлж, мэдлэг, чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах бодлого санаачилгыг тууштай дэмжиж, төрийн албыг улс төрөөс ангид, мэргэшсэн, тогтвортой, ард иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байхад онцгой анхаарч ирсэн.

Цаашид эх орноо хөгжил дэвшилд хөтлөх чадамжтай, зөв бүтэц, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоох, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэе.

Тэрчлэн Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний дүнг байгууллагын дотооддоо нээлттэй мэдээлж байхаар журамласнаа цаашид улам өргөтгөн олон нийтэд ил тод болгохоор ажиллаж байгаа нь сайшаалтай.

Ингэснээр төрийн албан хаагч үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэх, чадахуйн зарчимд үндэслэн албан тушаал, зэрэг дэв ахих, төрийн албан хаагчдын шагнал урамшуулал шударга хуваарилагдах болон төрийн улс төрийн албанд шилжин ажиллах албан хаагч төрийн албаны мэдлэг, ёс суртахууны бэлтгэл хангагдах зэрэг өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглэж байна. Энэ бол хэрэгжих ёстой зарчим мөн болно.

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Төрийн албан хаагчдын нэр хүндийг өсгөх, төрд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэхэд төрийн албан хаагчийн дотоод эв нэгдэл, харилцан итгэл, харилцан хүндэтгэл чухал үүрэгтэй.

Төрийн албан хаагч бүр монгол төр, ард түмэн, үндэсний язгуур эрх ашгийн төлөө хүчин зүтгэж буйгаа гүнээ ухамсарлаж, хов жив, гүжир гүтгэлгээс ангид, эв эетэй, төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, сахин хамгаалж, монгол төрийн түүхэнд зөв мөртэй, шударга үйлстэй байх учиртайг сануулъя.

Төрийн албан хаагчийн манлайллыг дээшлүүлэх, менежментийг сайжруулах, нээлттэй засаглал, цахим шилжилт, авлигаас ангид байх зарчим, стратеги, хүний нөөцийн бодлогыг төгөлдөржүүлэхэд энэ удаагийн чуулган үр дүнгээ өгнө гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ.

Гавьяат тамирчин цолоор:
  • Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл,
“Найрамдал” медалиар:  
  • Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тамирчдыг дасгалжуулан тоглолтын ур чадвар, арга зүйг сайжруулж, сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, Канад Улсын иргэн Паул Стефен Сирийг шагналаа.

Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхийд дуурсгаж, мөнгөн медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлээ. Мөн Олимп, Дэлхийн аварга болохыг ерөөж, тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүслээ.

Монголын сагсан бөмбөгийн холбоо эе эвээ хичээж, хүчээ нэгтгэн зүтгэсний дүнд тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Бахдам амжилтын цаана Монголын сагсан бөмбөгийн холбоо, багш, дасгалжуулагч, тамирчдын үүрэг, оролцоо, манлайлал чухал байсныг тэмдэглэлээ.

Улсынхаа нийслэлд Дэлхийн аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад бүх байгууллага, хамт олон,  хүмүүст талархал илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа