Author Archives: baaska baaska

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг 6 дугаар сарын 1-ний өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулна. Үндэсний ёс зан заншлыг хүүхэд залууст сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, дугуйн тэмцээн, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын олон арга хэмжээ болохоос гадна морь унах эдлэх Монгол ахуйн соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлээрэй. Мөн хамтран зохион байгуулагч байгууллагуудын шагналын эзэн болох боломжтой. Мөн баярын арга хэмжээнд ирсэн хүүхдүүд дундаас супер азтаныг тодруулж ивээн тэтгэгч байгууллагын шагнал гардуулна.

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын скаутын холбоо, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, хамтран зохион байгуулагчаар Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, нийслэлийн Соёл урлагийн газар болон Хуйрнан шуугигч нэвтрүүлэг ажиллаж байна. Арга хэмжээ Хүй долоон худагт 09:30-18:30 цагийн хооронд болно.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, түүний гэргий Дорис Шмидауэр нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж Их тэнгэр цогцолборт дурсгалын мод тарилаа.

Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, гэргий Дорис Шмидауэр нар мөн энэ үеэр монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин тахиа өдөр

Зуны тэргүүн цагаагчин могой (бага) сар, 8 цагаан мэнгэ, шороо суудал.
-Аргын тооллын 5 дугаар сарын 28. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 1, улаагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал шороо, гөрөөсөн толгой-4 од, үл зохилдох барилдлагат өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:00-20:39.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан шүтээн тахих, лам болох, буян номын үйл, ном сонсох, даллага авах, хурим хийх, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, суурь тавих, угаалга, залбирах, өс дарах, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, малын үс, ноос хяргах, хатуу үйл ажил хийх, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь, Хэнтийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2025 оны 05-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6…+11 градус, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +13…+18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр +24…+29 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +24…+26 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тээврийн хэрэгсэл шатаж байсныг хяналтын камераар илрүүлж, галыг бүрэн унтраажээ

Энэ оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны автомашины зогсоолд байсан Приус маркийн тээврийн хэрэгсэл шатаж байсныг камерын хяналтаар илрүүлжээ.
“Улаанбаатар марафон-2025″ арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын алба хаагч нар шуурхай арга хэмжээ авч, галыг бүрэн унтраан иргэдийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Тээврийн хэрэгсэл бүрт гал унтраагуур байрлуулж, тогтмол шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүргийн 1, 4, 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Тодруулбал, авто замын урд эгнээг тавдугаар сарын 29-ний 22:00 цагаас хааж, 30-ны 22:00 цагт нээнэ.

Харин авто замын хойд эгнээг тавдугаар сарын 30-ны 22:00 цагаас хааж, 6 дугаар сарын 1-ний 06:00 цагт нээнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран Шангри-Ла зочид буудалд ”Дугуй ширээний бизнес уулзалт” зохион байгуулж байна.

Бизнес уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александр Ван дер Беллен нар нээж үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг онцоллоо.

Өндөр аж үйлдвэржсэн, Австрийн бизнес эрхлэгчдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт техник, технологи, инновац, хөрөнгө оруулалт стратегийн ач холбогдолтой 14 мега төслийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэгтэйг онцоллоо.

Цаашид Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7,200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжийг ашиглаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриаллаа.

Мөн ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох Монгол-Европын холбооны “Бизнес, хөрөнгө оруулалтын форум”-д оролцохыг урилаа.

Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийн хэлхээ холбоо, харилцан ойлголцол улам бэхжихийг хэллээ.

Хөдөө аж ахуй,  аялал жуулчлал, дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт Австри Улс туршлага, ноу-хау, шалгарсан шийдлүүдээ хуваалцахад бэлэн байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын эдийн засгийн эрчтэй өсөлт Австрийн илүү олон аж ахуйн нэгжийн сонирхлыг татаж, гүн гүнзгий, тууштай түншлэлийн суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Дугуй ширээний бизнес уулзалт”-д манай улсын 80 орчим, австрийн долоон салбарын 22 аж ахуйн нэгж оролцож байна.

Манай улс Австрид гянтболдын хүдэр, баяжмал, савхин хувцас, ямааны самнасан ноолуур, түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг.

Австриас техник, тоног төхөөрөмж, машин, механизм, хими, эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, автоматжуулалтын тоног төхөөрөмж импортолдог юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ: Нээлттэй ажлын байранд урьж байна

Эрхэм та “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахим хуудсаар зочилж, #нээлттэй_ажлын_байрны шинэ зарыг хүлээн авна уу.
Гэрээний хугацаа: 2025.06.14 – 2025.08.12 өдрүүд
✅ Удирдагч багш – 11 (арван нэг) орон тоо
✅ Хүмүүжүүлэгч багш – 9 (ес) орон тоо
✅ Тогооч – 3 (гурав) орон тоо
✅ Гал тогооны туслах ажилчин – 4 (дөрөв) орон тоо
✅ Зөөгч – 6 (зургаа) орон тоо
✅ Ачигч – 3 (гурав) орон тоо
⏰ Анкет хүлээн авах эцсийн хугацаа: 2025.06.02-ны өдрийг дуустал
Анкет бөглөх холбоос:

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинэ уран бүтээл: МУГЖ С.Жавхлан “Монгол тансаглал”

Үг, ая Самандын Жавхлан
”Монгол тансаглал”
Сүргийн хишигтэй дэндүү баян нутагтаа
Сүүний үнэртэй ариухан өргөөндөө
Хийцтэй цайгаа тогоонд боргилуулаад
Хөөрхий ээж минь аягалаад өгдөгсөн
Дахилт:
Ай хө, ай хө
Ээжийн чанасан цайны амтыг нь ээ
Най хө
Өвгөдөөс авшигтай тэнгэрлэг гэгээн хоймортоо
Өөдөсхөн жаалхан биднийгээ тойруулчхаад
Уур савссан махнаас галдаа дээжлээд
Ухаант аав минь хуваагаад өгдөгсөн
Дахилт:
Ай хө, ай хө
Хуваагаад өгсөн махны шимтэйг нь ээ
Най хө
Үлгэр туульс, хаадын алтан шашдирыг
Үдэш бүрийд өвөө минь хуучилдагсан
Хайрсан бин дээр зузаан өрөм тавиад
Хайлган эмээ минь эвийлээд өгдөгсөн
Дахилт:
Ай хө, ай хө
Эмээгийн холисон тосны үнэрийг нь ээ
Най ай хө
Нар шингээсэн ааруул ээзгий амин дэмтэй
Насны даатгал идээ шүүс нь эм тантай
Тараг айраг хоормог охь шидтэй
Тоолшгүй ихийг бидэндээ заяаждээ
Дахилт:
Ай хө, ай хө
Агуу Монголын тансаглал мину зээ
Ай ай хө
Агуу Монголын тансаглал мину зээ!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн тунадастай байх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагаас  гаргасан ирэх зургадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвлөөр агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн тунадастай бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн бол гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадастай байх тул цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг малчид, тариаланчид, ард иргэддээ анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар дулаан төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар бороо орно.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангай, Өвөрхангайн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.  Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаа, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-2ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо орох магадлалтай байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар бороо орох магадлал өндөр байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Өмнөговийн баруун, Говьсүмбэрийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар сэрүүн байх төлөвтэй байна. Түүнчлэн нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ

Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор НЗДТГ-аас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг тавдугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ. Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой. Аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн дэлхийн “Тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Хоёр улсын төрийн тэргүүний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Олон арван жилийн уламжлалт найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александер Ван дер Беллен Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны энэхүү айлчлал нь Австри Улсын төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд манай хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэе.

Австри Улс нэгэн жарны тэртээ манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон өрнөдийн анхдагч улс орны нэг бөгөөд бидний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилан нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улс Австри Улсыг манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг.

Энэхүү төрийн айлчлалаар бид Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 60 гаруй жилийн ололт, амжилтыг бататган бэхжүүлж, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Монголын талаас “Хархорум”, “Хүннү” хотын бүтээн байгуулалт, барилга угсралт, ус суваг, цэвэршүүлэх байгууламж, эрчим хүч, дэд бүтэц зэрэг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал тавилаа.

Бидний яриа хэлэлцээний дүнд “Монгол, Австрийн Хамтарсан тунхаглал” гаргалаа.

Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Мөн төрийн айлчлалын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Тухайлбал, “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх, Монгол болон Австри Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах чухал эрх зүйн нөхцөл бүрдэж байна.

Түүнчлэн Инновац, технологи, эрчим хүч, ашигт малтмал, эдийн засгийн хамтын ажиллагаа, Шинжлэх ухаан, хөгжмийн урлагийн салбарын хамтын ажиллагаа, Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг баримт бичгүүд байгууллаа.

Мөн Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар харилцан тохиролцлоо.

Уг хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, тээврийг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой юм.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй өргөжин хөгжиж ирсэн бөгөөд Австри Улсын Засгийн газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хорт хавдрын эмчилгээний төв, Цэргийн төв эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг зэрэг манай улсын эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж, хүн ардад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Монголчууд бид Австри Улсыг сонгодог хөгжмийн өлгий нутаг, дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн суут хөгжмийн зохиолч Моцарт, Шуберт, эцэг, хүү Штраус зэрэг алдартнаар мэдэх бөгөөд, энэхүү төрийн айлчлалын хүрээнд соёл, урлаг, хөгжмийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, багш, оюутан, судлаач нарыг харилцан солилцож, хамтран ажиллах болсонд баяртай байна.

Аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцож, хоёр орны их сургуулиудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Австри Улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Манай хоёр улс газарзүйн байршлын онцлог байдал, цаг агаар, байгалийн тогтоц, гадаад бодлогын байр суурь зэрэг олон зүйлээрээ ижил төстэй билээ.

Нэн ялангуяа байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийг дэмжих, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дээдлэх, далайд гарцгүй орнуудын хөгжлийн асуудал зэрэг бүс нутаг, олон улсын харилцааны олон чухал асуудлаар манай хоёр улс ижил төстэй байр суурь баримталдаг бөгөөд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхээ харилцан нотоллоо.

Ирэх 2026 онд тохиох “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад бид хамтран ажиллахаар боллоо.

Айлчлалын хүрээнд зохион байгуулах “Монгол, Австрийн бизнес форум” нь  хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг улам ойртуулж, эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам бүр  өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна.

Бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол Улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого болон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг Монгол, Австрийн нийтлэг үнэт зүйл даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таныг болон эрхэм хүндэт зочид төлөөлөгчид Та бүхнийг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДР ВАН ДЕР БЕЛЛЕН:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Монгол Улсад айлчлал хийхийг урьсанд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсад ийнхүү төрийн айлчлал хийж байгаадаа миний бие туйлын их баяртай байна.

Энэхүү айлчлал нь Австри Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд бидний Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм.

Түүнчлэн 30 гаруй жилийн тэртээ ардчилал, хуульт ёсыг эрхэмлэн дээдэлсэн Монгол Улсын замналыг манай улс үнэлэн сайшааж буйн нотолгоо юм.

Үзэсгэлэнт Монгол Улс газарзүйн хувьд биднээс алс хол, геополитикийн эрс ондоо, амаргүй нөхцөл байдалд байдаг хэдий ч Австри, Монгол Улс улс төр, нийгэм, олон улсын хамтын нийгэмлэгийн тогтолцооны нийтлэг үнэт зүйл, үзэл санаатай билээ.

Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэг томоохон сорилтуудтай тулгараад байна. Дэлхийн олон цэгт нөхцөл байдал хурцдаж, олон тооны зэвсэгт мөргөлдөөн, тэмцэл өрнөж, энгийн ард иргэдэд хохирол, зовлон учруулж байна.

Европт оршиж буйн хувьд ОХУ-ын Украины эсрэг хийж буй түрэмгий дайн бидний санааг хамгийн ихээр зовниож байна. Энэ нь нэг талаас аюулгүй байдалд, нөгөө талаас эрх чөлөө, ардчилал болон хүний эрх зэрэг бидний үнэт зүйлт тогтолцоонд заналхийлж байна.

Үнэт зүйлийг дээдлэн хүндэтгэх, ардчиллын суурь зарчимд тулгуурласан тогтолцоо тууштай оршин тогтнох баталгаа үгүй бөгөөд энэ нь асар их үнэ цэнтэйг бид бүхэн өөрийн улсын түүхээс сайн мэдэх билээ.

Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд бид дан ганцаар биш харин анд нөхөд, үзэл санаа нэгтэй түншүүдтэй хүч чармайлтаа нэгтгэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь нэн чухал байна.

Учир нь, гагцхүү хамтдаа байж, тухайлбал, худалдааны ойр дотно түншлэл, дипломат нягт харилцаа, бат бэх суурь үнэт зүйлс зэргээр хүчээ нэгтгэснээр бид илүү хүчирхэг байж чадна.

Дэлхий дахинаа нэн тулгамдсан асуудлыг гагцхүү хамтын хүчээр шийдэж чадна. Эдгээр нь үнэт зүйлээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах хүч чармайлтаа нэмэгдүүлэх, олон улсын худалдааны эргэлтийг тогтворжуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг бүх талын асуудалд хамааралтай юм.

Үүнтэй холбогдуулан НҮБ болон Вена хотноо төвтэй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд явуулж буй Монгол Улсын бодлого, үйл ажиллагааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Тухайлбал, Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь идэвхтэй оролцоо  нь онцгой үлгэр дуурайлал болж байна.

Олон талт хамтын ажиллагааны хүрээнд бид олон жилийн хугацаанд ойр дотно хамтран ажиллаж ирсэн. Бид хоёр талын хамтын ажиллагааг ч мөн эрчимтэй өргөжүүлж байна. Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр олон чухал хэлэлцээр, тунхаглалд гарын үсэг зурж байгаа нь үүний тод илэрхийлэл юм. Миний бие үүнд маш их баяртай байна.

Шинжлэх ухаан, соёлын салбарын харилцааны талаар мөн дурдахыг хүсэж байна. Эдгээр салбарын идэвхтэй, баялаг харилцаа энэхүү айлчлалын дүнд улам бүр батжин бэхэжнэ гэдэгт итгэж  байна.

Бидний энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө эдгээр салбарын өндөр түвшний төлөөлөгчид бидэнтэй хамт Монгол Улсад ирээд байгаа нь цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх онцгой чухал боломжийг бүрдүүлж байна.

Хурдацтай урагшилж буй өнөө цаг үед хамтдаа уулзаж, ярилцахын үнэ цэнийг чамлан орхигдуулж болохгүй гэж би боддог. Соёл, шинжлэх ухааны салбарын онцлог нь улс орнуудыг улам бүр ойртуулдгийг бид мэдэх бөгөөд үр шимийг нь мөн хүртэж байдаг.

Тиймээс энэ чиглэлээр үр дүнтэй санал санаачилга дэвшүүлж, яриа хэлцэл өрнүүлэхийг Та бүхэнд уриалж байна.

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд ихийг бүтээж, ололт амжилтаар дүүрэн байжээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Монгол Улс илүү их амжилтад хүрэх арвин их нөөц, бололцоотой. Үүнд би итгэл төгс байна.

Монгол Улсын энэхүү амжилтын замналд Австри Улс түнш улсын хувьд хамтдаа алхаж, худалдааны түнш, олон улсын харилцаан дахь хамтрагч, мөн судалгаа, шинжлэх ухааны салбарыг дэмжигч байж, бүхий л талаар хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

Ирэх жилүүдэд бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал үүнд тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Эрхэм хүндэт, Ерөнхийлөгч өө, бид бүхнийг найрсаг дотноор хүлээж авч, нэн өндөр хүндэтгэл үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан бич өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 27. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын 30, улаан бич, мэнгэ 2 хар, суудал гал, чөлөөт эх-3 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:38.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан сахиус тахих, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, эвлүүлэх, сайн үйлийг эхлэх, худалдаа хийх, эд, мал худалдан авах, худаг малтах, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ хувцас өмсөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, эм найруулах, замд гарах, улайн үйл, мал хөнгөлөх, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа