Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

5-р сарын 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны 05-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст халж Монгол-Алтайн уулархаг нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +16…+21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говь, талын нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +28…+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +26…+28 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСУ-д Монгол Улсын 56,403 иргэн оршин сууж байна

БНСУ-д 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гадаадын 2,713,682 иргэн оршин сууж байгаагаас Монгол Улсын 56,403 иргэн байна.
Хүйсийн хувьд Монгол Улсын иргэдийн 25,753 нь эрэгтэй, 30,650 иргэн нь эмэгтэй байна.
Эдгээрээс хамгийн олон монгол хүн оршин сууж байгаа визний төрлийг дурдвал,
?С3 богино хугацааны аяллын визээр 15,622
?D2 гадаад оюутны визээр 11,758
?D4 хэлний бэлтгэлд 5,978
?F3 дагалдан визээр 4,464
?Е9 мэргэжлийн бус ажиллах хүчний визээр 3,980 иргэн оршин сууж байна.
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яам
500561557_1270538534435046_422443561306572591_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

“МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,

1. “МОНГОЛ, АВСТРИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”

Талууд НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндсэн зарчмууд болон хүний эрх зэрэг олон улсын эрх зүйг дээдлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг бататгах, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдолтой тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг үр дүнтэй хангах, тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөөх нийтлэг үүрэг, амлалтаа нотоллоо.  

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим болон “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг Австри Улсын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд чиглэсэн тууштай бодлого, үйл ажиллагаатай уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээ тунхаглалаа.           

2. “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

монголын талаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,

Хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх, Монгол болон Австри Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрх зүйн нөхцөл бүрдлээ. 

3.“ДИПЛОМАТ ПАСПОРТ ЭЗЭМШИГЧДИЙГ ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,

Хоёр улсын дипломат паспорт эзэмшигч иргэд 180 хоногийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэнэ. Хэлэлцээр нь хилийн чанадад зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх,  “Хүчирхэг Монгол паспорт” зорилтын хүрээнд Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. 

4. “ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭДИЙГ БУЦААН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

монголын талаас Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,

Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу гаргах эрх зүйн орчин бүрдэж, шилжилт хөдөлгөөнийг хууль ёсны дагуу болгох хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 

5. “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН САНГИЙН ЯАМ ХООРОНДЫН ЭРМЭЛЗЛИЙН ЗАХИДАЛ”-д

монголын талаас Сангийн сайд Болдын Жавхлан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,

Австрийн Засгийн газартай байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр дууссантай холбоотойгоор дараагийн хэлэлцээр байгуулах эрмэлзлийг бататгалаа. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтийг эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт  зарцуулах чиглэлээр хамтран ажиллана.

6. “ШИНЭЛЭГ ТЕХНОЛОГИ, УУЛ УУРХАЙ, АШИГТ МАЛТМАЛ, ШИЛДЭГ ТУРШЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ХОЛБООНЫ САНГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,           

Уул уурхай, ашигт малтмалын салбарт шинэлэг технологи, шилдэг туршлага судлах, нэвтрүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтарна.

Судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг бий болгох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хаягдал боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөлт, барилга, үйл ажиллагааг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэх, тогтвортой эрчим хүчний технологи хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, жижиг, дунд үйлдвэрүүдийг цахимжуулах, уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь инженерийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан Ажлын хэсэг байгуулна. 

7. “ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор Содномсамбуугийн Дэмбэрэл, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн,

Шинэчилсэн хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрийн тоо нэмэгдэж, салбарын хүний нөөц чадавхажна.   

8. “ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ 2025-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ПРОТОКОЛ”-д

монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор Содномсамбуугийн Дэмбэрэл, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн,

Эрдэмтэн, судлаач солилцох “Мобилити” төсөл хэрэгжүүлэх бөгөөд  хамтарсан судалгаа хийх замаар мэдээлэл, сайн туршлага солилцож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрдэмтэн, судлаачдын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлнэ.   

9. “МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ВЕНИЙН ХӨГЖИМ, УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ”-т

монголын талаас Консерваторын захирал Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, австрийн талаас Венийн хөгжим, тайзны урлагийн их сургуулийн ректор Улрике Зих,

Монгол-Австрийн хөгжмийн зохиолчдын бүтээл, сонгодог хөгжмийн багш, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл, эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал зохион байгуулах, австрийн хөгжим судлалын эрдэмтэн судлаачидтай хамтран морин хуур, цуур болон угсаатны хөгжим судлалын төсөл хэрэгжүүлнэ. Шинэ заах арга зүй, урлан тоглолтын шинэ хандлагуудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх боломж бүрдэнэ. 

10. “МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИРАН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

монголын талаас “Чингис хаан” үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн нар гарын үсэг зурлаа.

Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, түүхэн баримт, материал, цуглуулгатай харилцан танилцаж, шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд өнөөдөр (2025.05.26) бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа Бүгд Найрамдах Австри Улсын Төрийн тэргүүний манай улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд анх удаа хэрэгжиж буйг онцолж, айлчлалын үр дүнд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Тэрбээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолж, Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо, парламентын засаглал, чөлөөт эдийн засгийн замналыг Австри Улс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.

Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд үүнд парламент дахь бүлгүүд хоорондын олон талт харилцааг идэвхжүүлэх, цаашдын хамтын ажиллагаа, хэлхээ холбоог эрчимжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгож, эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа тодотгов. Түүнчлэн парламентын засаглалыг бэхжүүлж, хүний эрхийг хангасан, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон нийтэд ойлгомжтой иж бүрэн хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх санал тавилаа. Хоёр улсын парламентад Монгол-Австрийн парламентын бүлэг байгуулагдсан бөгөөд Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, дэд даргаар Б.Батбаатар, Х.Болормаа, гишүүдээр Ж.Алдаржавхлан, Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, М.Нарантуяа-Нара, С.Одонтуяа нар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг энэ сарын 29-ний өдөр буюу пүрэв гарагт эхлүүлнэ. Тодруулбал, эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх юм.

Эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтыг газар зүйн байршлаар нь хэлбэл, 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц барина. Дашрамд дуулгахад, 158 га талбайд нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тухайлбал 6.7 км авто зам, цахилгаан холбооны 5.3 км шугам, дулаан хангамжийн 9.7 км шугам, ус хангамж, ариутгах татуургын 19.7 км шугам, 2.4 км үерийн усны хамгаалалтын далан суваг, 1000 метр куб усан сан, 3 гүүр, дулааны станц, мэдээлэл холбооны төв, бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг байгуулж, 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг зэргийг ашиглалтад оруулаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Төрийн тэргүүн нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан уламжлалт найрсаг харилцааны ололт, амжилтыг бататгаж,  харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Талууд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Дэд бүтэц, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, ус, хог хаягдал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжсэн санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо.

Австри Улсын ойн засаглал, уур амьсгалд тэсвэртэй ой мод тарих, ойн менежментийн туршлагад тулгуурлан усны нөөцийг хамгаалах, ойн хомсдол, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Уул уурхай, ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх, ноу-хау болон технологи нэвтрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ нотоллоо.

Аялал жуулчлалын бүс нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уулын болон өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, боловсрол, сургалт зохион байгуулж, туршлага солилцохоор боллоо.

Шинжлэх ухаан, судалгааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Австри Улсад дээд боловсрол эзэмшүүлэх, хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хамтын хувь нэмрээ оруулахаа нотоллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дуучин Ц.Мөнхбат найзуудаа найрын ширээний ард урьжээ

 Рок, попын ертөнцөд ХАЙРЫН ДУУЧ хэмээн цоллогддог дуучин Ц.Мөнхбат найзуудаа найрын ширээний ард урьжээ. Томоохон найр болох нь уу, энэ хаврын ШОУ болох нь уу? гэлтэй.

Найз гэдэг таны зовлонг хугасалж, жаргалыг тань нэмдэг хүн байдаг. Тэгвэл дуучин Ц.Мөнхбат найзуудын нэгэн сайхан дууг өлгийдөн авчээ.

Хүндлэл эрхэм найз минь чи
Хүн байхыг таниулсан …
Нартын амьдрал ганцхан шүү, найз минь
Найрын ширээ заслаа шүү хэмээн найзууддаа зориулжээ.

“Чиний хайранд”, “Чамайгаа санахаар”, “Хайр гэрэлтсэн харц” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан уран бүтээлийн эзэн Ц.Мөнхбат ийнхүү уран бүтээлдээ эргэн орлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар ажиллаж, 86 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.05.19-05.25/ нийслэлийн 9 дүүрэг, 18 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 86 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Нийт дуудлагын 95 нь объектын гал түймэр, 2 нь ой, хээрийн гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 1 нь газар хөдлөлт, 1 нь хүчтэй салхи шуурганы  дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ энэ сарын 25,26-ны өдрүүдэд болж байна. Уг фестивальд “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын уран бүтээлчид оролцож, Монгол Улсын үндэсний соёл, урлагийг сурталчилж байна.

Мөн Бээжин, Бангкок, Жакарта, Вьентьян, Веллингтон, Хаккайдо, Лима зэрэг 10 хотын 110 гаруй уран бүтээлчид оролцож, өөрсдийн улс, үндэстний соёл, урлагийг сурталчилж байгаа нь онцлог юм.

Дашрамд, Улаанбаатар болон Сөүл хотууд 1995 онд анх найрсаг харилцаа тогтоосон түүхтэй юм. Энэ онд хоёр хотын  ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой  энэ жил тохиож байна. Хоёр хот соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин хонь өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 26. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 29, хөхөгчин хонь, мэнгэ 3 хөх, суудал хий, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:02-20:36.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, андгай тавих, чуулах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, тээрэм босгох, цэрэг хөдөлгөх, морь уралдаж эхлэх, эд юм өгөх, арилжаа хийх, эд, мал худалдах, малын үс, ноос хяргах, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, мал гаргах, шарил шатаах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар халж хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 05-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16…+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +23…+25 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хайлаастын авто замыг хэсэгчлэн хааж өнгө асфальтбетон хучилтын ажил хийнэ

Чингэлтэй дүүрэг, 13,15,16-р хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км урт авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд гурван хэсэгт хэсэгчлэн хааж засварлана.
Зам хаах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 22 өдөр 23:00 цагаас
Зам нээх хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 26 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар
nm

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Алтанцэцэг: Өмгөөлөгчийн ажлын үр дүн үйлчлүүлэгчийн харцнаас мэдрэгддэг

Ажил мэргэжил нэгт нөхөд нь, ард олон түүнийг “Баянзүрхийн” Алтаа өмгөөлөгч, “Хүн амины хэргийн” Алтаа өмгөөлөгч хэмээн тодотгон ярьдаг, хүндэлдэг.

Тэрбээр өмгөөлөгч болоод удаагүй байхдаа өрх толгойлсон эмэгтэйн архичин хүүхэд согтуугаар охин дүүгээ зодоход төрсөн дүү нь хутгалчихсан хүн амины хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахдаа “сэтгэл санаа цочирдсон” гэдэг үндэслэлийг гаргаж, тэнсэн харгалзах ял оноолгож байсан гэдэг. Үүнээс хойш эрүүгийн маш олон хэрэгт өмгөөлөл хийж, баримт түшиглэсэн нотолгоо, гаргалгаа, шийдлээрээ ялалт байгуулж, үйлчлүүлэгчдээ баярлуулж, дээрх тодотголыг өөрийн авьяас билэг, нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болгож чадсан эрхэм юм.  

Энэ хүн бол Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Монголын Өмгөөлөгчдийн холбооны тэргүүний өмгөөлөгч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүрэнхорлоогийн Алтанцэцэг.

22 настай залуухан бүсгүй тэртээх 1977 онд Өмгөөллийн байгууллагатай ажил амьдралаа холбож, бусдын ээдрээтэй зангилаат олон асуудалд оюун мэдлэг, зүрх сэтгэлээ зориулж ирсэн алтан он жилүүдээ өнөөдөр эргэн дурсч байна.

Бусдын төлөө төрсөн гэмээр эгэлгүй сайхан сэтгэл, харц нь үргэлж гийж, зүрх нь дандаа  гэрэлтэж, үйлс нь үргэлж бүтэж, үйлчлүүлэгчээ гэсэн халуун сэтгэл оршин байдаг энэ эрхмийн амьдрал, замнал, дурсамж дурдатгал туйлын баярлам, бахдам билээ.

Угаас ажил амьдралын ухаан тэлсэн дотоод мэдрэмж өндөртэй, хайлган цайлган хүмүүс эргэн тойрондоо үлгэрлэл, хүндлэлтэй, ажлаараа ч амьдралаараа ч бусдыг баясгаж явдаг жим зураг юутай үнэн билээ.  

-Өмгөөлөл хэмээх буянтай байгууллагаар овоглож насан туршийн ажил амьдрал амьдралаа цогцлоож яваа таны 40 гаруй жилийн өмнөх он цагт эргэн очъё. Тухайн цаг үеийнхээ манлайлал явсан гэж хэлэхэд ч хилсдэхгүй болов уу?

-Тийм ээ, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч болж 30 гаруй өмгөөлөгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан мартагдашгүй үеэ өнөөдөр эргэн дурсахад таатай байна. Анх Цэвээн дарга, дараа нь Зэвгээ дарга… гээд миний бие есөн даргын нүүр үзжээ.

Намайг өмгөөлөгч болоод удаагүй байхад Өмгөөлөх байгууллагын 50 жилийн ой болж энэхүү хүндтэй баяраараа Хууль зүйн тэргүүний ажилтан болж маш их баярлаж билээ. Нийслэлийн хэмжээнд нэг өмгөөлөгчид дөрвөн байгууллага хуваарилж өгч гэрээгээр хуулийн зөвлөгөө өгөөд тухайн газраасаа ажлын хөлсөө авдаг гээд жинхэнэ ажил амьдрал буцалдаг байлаа.

Шүүхүүдээс эрүү, иргэний хэргийн захиалга өгч энэ хүрээнд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга өмгөөлөгчдийг томилдог зарчимтай байсан. Миний хувьд Нийслэлийн Нийтийн хоол худалдаа удирдах газар, Авто тээврийн болон хангамжийн байгууллагууд зэрэг дөрвөн салбарт хуулийн зөвлөгөө өгч, байнгын давтамжтайгаар ачаалал их байсан үе.

-Тэр үед ямар төрлийн хэрэг зонхилон гардаг байв. Дээр нь ажлын онцлог гэвэл багагүй зүйлийг өгүүлэх болов уу?

-Өнөөдөртэй харьцуулахад эрүүгийн хэрэг тийм ч олон гардаггүй, харин социалист өмчийн гэмт хэрэг олон гардаг байсан. Тухайлбал, ажилтан хүн 3-аас дээш өдөр ажлаа тасалсан тохиолдолд ажлаас халж, эрүүгийн хэргийн зөрчил гэж үздэг  байв.

Ялангуяа, Нийтийн хоолны газрын өмч хамгаалах асуудал дээр өмгөөлөгч их ажилладаг байлаа. Цаг тухайд нь мэдээ өгч ажлаа дүгнүүлнэ, гурван жил тутамд болдог атестатчиллын шалгалтад бэлтгэхийн тулд гадаад дотоодын үйл явдлын талаар уншиж судлах зэргээр хувь өмгөөлөгчийг өсч хөгжих, өсгөн бойжуулахад маш их анхаардаг байсанд одоо ч баярлаж явдаг.  Ямар хуулинд шинэчлэлт оров, ямар хууль хүчингүй болов гэдгийг системчлэн үзэж өмгөөлөгчдөд танилцуулдаг байлаа.

Бямба гариг болгон цуглаж ажлаа ярьдаг маш эмх цэгц, зохион байгуулалттай байсан. Бид ганцхан өмгөөллөөр хязгаарлагдахгүй намар хадланд явна, хавар төл бойжуулалтад явна, чулуу хүртэл цуглуулж хашаа барина. Эдгээр ажлын үр дүнд эв нэгдэлтэй, эвсэг нөхөрсөг хамт олон бүрддэг юм билээ.

1990 оноос Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, хувиараа өмгөөлөл хийж эхэлсэн. Энэ хүрээнд бидний 5 өмгөөлөгч “Баян зүрх” товчоог байгуулж, нэг хүн 30-40, миний хувьд зарим үед 60 хүнд үйлчилдэг байсан үе ч бий. Үйлчлүүлэгчийнхээ төлөө ажилладаг өмгөөлөгчийн ажил нөр их хөдөлмөр шаарддаг, байнга л хэргээ бодоостой, зүүдлээстэй. Ажилдаа умбан суудаг байлаа даа.

Хуулиа сайн мэдэх, хүний төлөө шударга ажиллах, хуулиа хэрэгжүүлэх ёс зүйг маш өндөрт өргөж явах ёстой, өмгөөлөгч хүн. Харилцаа хандлага зөв, бусдыг ойлгож асуудалд хандана гэдэг өмгөөлөгч хүний маш том үйл явц, зарчим. Урьдчилан тухайн хэрэгтэйгээ маш сайн танилцаж, нөхцөл байдлыг сайн судалсан, дотор хүнтэйгээ маш сайн ажиллаж ярилцаж, бүхий л дүрэм журмаа сайн мэдэж, мэдэрсний үндсэн дээр шүүх хурал дээр, тухайлбал, эрүүгийн хэрэг дээр прокурор, мөрдөн байцаагчийн олон процесс дундаас үйлчлүүлэгчдээ хөнгөлөлт үзүүлэх өнцгийг олно гэдэг ур чадвар шаарддаг.

Өмгөөллийн үг хэлэхдээ үгээ онож ямар үед зөөлрүүлж, ямар үед хатуу талаас нь хэлэх вэ гэдгээ маш сайтар ялгах хэрэгтэй. Шүүх хурал дээр хэргээ тултал яриад өмгөөллөө сайн хийгээд гараад ирэхэд үйлчлүүлэгчийн ар гэрийн хүний харцнаас их зүйл уншигддаг.

Аль болох үйлчлүүлэгчээ гомдолгүй үлдээхийг өмгөөлөгч хүн сайн ухамсарлах ёстой. Тэдний үйл хөдлөл, биеийн хэлэмжээс санаа бодол нь ойлгогддог учраас сайн өмгөөлөгч гэдэг нэрийг олж авахын тулд хэрэгтэйгээ сайн танилцаж, түүний төлөө бүхий л эрдэм чадлаа зориулж, өмгөөллийн ажлыг сэтгэл хангалуун  явуулах учиртай.

 -Өмгөөлөгч хүн мэргэжлийн ур чадвараас гадна зан суртахууны хувьд ямар байх ёстой вэ?

-Өмгөөлөгчийн ажил хүнд олон зүйлийг өгдөг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч хүн ямар байх ёстой юм, юунаас болж алдаа гаргаж байна вэ гэдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрдэг ажил. Тийм учраас олон жил ч бай, цөөн ч бай өмгөөлөгчийн сэтгэл зүй бусад хуулийн байгууллагуудтайгаа харьцуулж үзэхэд маш өөр.

Энэ насны өндөрлөгөөс харж байхад бид цагийг ягштал барьж сурчээ. Хоёрдугаарт, ажлын төлөвлөлт. Одоо ч энэ зарчмаасаа хазайгаагүй. Миний амьдралын замд харилцаа хандлагаас улбаатай нэг их муудаж маргасан хүн өнөө хэр нь байдаггүй.

Хүүхэд бага нас, оюутан ахуй цаг, ажлын гараан дээр гарсан цагаасаа хамтдаа ажилласан хүмүүс гээд бидний дунд маш олон жилийн нөхөрлөл бий. Яагаад ч юм хүмүүс надад итгэж, амьдралдаа тохиолдсон зовлон жаргалыг нээлттэйгээр ярих дуртай байдаг юм. Энэ бүхэнд нь зөвлөн тусалж явдаг даа.

Ердөө л хүн хүндээ хайртай байвал энэ хорвоо зөөлөрч энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлтнүүд олширно гэсэн үг. Тэр дундаа хүн шиг хүн байх хамгаас чухал. Үг яриа, үйл хөдлөл, хандлага зөв байвал үйл нь зөв гэдэг маш үнэн. Монголын Өмгөөлөгчдийн холбооны хамт олны дунд 22 настайдаа орж ирж энэ л замаар замнаж өнөөдрийг хүрлээ. Хүнд хэзээ ч хувирч хувьсдаггүй орхигддоггүй зан гэж байдаг юм байна. Ер нь хүн нүүрнээсээ л уншигддаг учраас бусдын буруу зөв аль алиныг тэвчээртэй сонсч, сэтгэл зүйгээ бэлэн байлгах ёстой.

-Өмгөөллийн домог болсон арвин туршлагын эзэд та бүхний араас олон залуус замнаж яваа. Тэдний сайн сайхан тусын тулд үнэт сургаал, сэтгэлийн үгсээсээ  хайрлахгүй юу?

-Миний бие өмгөөллийн байгууллагадаа туйлын хайртай. Шүүх хурал дээр өмгөөлөгчдөө сайхан ярихад өмнөөс нь бахархаж баярлаж суудаг. Хүний хувь заяаны асуудлыг шийдэхэд дотоод хүч гэж зайлшгүй байдаг юм байна. Тийм учраас эдүгээ 73 нас хүртлээ өмгөөлөл хийлээ. Одоо ч иргэд маань зөвлөгөө авсаар л.

Олон хүнтэй уулзуулдаг цар хүрээ өндөртэй маш сайхан ажил. Улс орныхоо хөгжлийг дагаад залуучууд маань маш хурдан мэргэшиж, ур чадвар өндөртэй болж байгаа нь сайшаалтай. Үүнээс улбаатай сүүлийн үеийн шүүх хурлуудаас харахад олон залуу илтгэгч гарч ирж байна. Өмгөөлөгчийн яриа, дуу авиа, эсвэл дуугай байх гээд өмгөөлөгч хүн хувийн тактикуудаа хэрэглэж байх ёстой. Энэ утгаар залуучууд мэдлэг чадвар, хууль хэрэглээ, утга агуулга, онол практикийн хувьд  өөрчлөгджээ.

Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон, эрх чөлөөгөө хасуулсан хүмүүстэй ажилладаг үнэ хөлстэй ажилд маш нухацтай, гярхай, чамбай, зөв голдрилоор хандаж байх ёстой гэдгийг хэлмээр байна.

-Үргэлж сэтгэлдээ бодож явдаг, хэлэх дуртай үг тань юу байдаг бол?

-Өмгөөлөгчид хоорондоо эв нэгдэлтэй, хандлага харилцаа сайн байх ёстой. Хоёрдугаарт, мэтгэлцээний зарчмаар хуулиар заасан эрх үүргээ биелүүлж явахад эсрэг талын өмгөөлөгчөө шүүх хурал дээр муу хэлж, өөлөх нь үнэхээр байж боломгүй, зохимжгүй асуудал. Мэтгэлцээний зарчим хууль зүйн үндэслэлтэй хуулиар заагдсан байдаг.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Манай Өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгчдөө мэргэшүүлж, чадавхжуулж, хөгжүүлэх тал дээр олон ажил зохион байгуулж байгаад баяртай байгаа. Жишээ нь, хороодууд байгуулагдаж байгаа нь маш дэвшилтэт ажил. Хамт олонтой байж хүн хөгжинө, хүмүүжинэ, сэтгэл санаа өөдрөг нэгдмэл байна.

Нөгөө талаас маш том зохион байгуулалт ч энд оршиж байгаа. Өмгөөллийн ажил маш  буянтай, түүнийг дааж амьдрах нь ухааны цараа далайц юм  Тийм учраас үе үеийн өмгөөлөгчдөдөө эрүүл энх байвал болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй, эзэмшсэн мэргэжлээ өндөрт өргөж, ахмад залуу үеийн холбоогоо улам бэхжүүлж яваарай гэж чин сэтгэлийн угаас хүсье.

Ярилцсан Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа