Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 19 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

5-р сарын 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно.

2025 оны 05-р сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +15…+17 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 цагийн хооронд доорх зураглалын дагуу  үйлчилгээ үзүүлнэ.

  • М:1А чиглэл: Таван шар – Мөнгөн завьяа чиглэлд өөрчлөлт орж Таван шар – Тэнгис кино театр хүртэл;
  • М:3 чиглэл: Архивын Ерөнхий газар – Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Архивын Ерөнхий газар – МУБИС – Ард кино театр хүртэл;
  • Х:19 чиглэл: Чингис хаан Олон улсын нисэх буудал – Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Чингис хаан Олон улсын нисэх буудал – 120 мянгатын автобусны буудал хүртэл;
  • Ү:30 чиглэл: Сүхбаатарын талбайн төв зогсоол – Натур худалдааны төв – Жанжин клуб чиглэлд өөрчлөлт орж Сүхбаатарын талбайн өмнөх зогсоолд зогсон, Хүнсний 1-р дэлгүүрээр буцаж эргэн Хүүхдийн соёл амралтын хүрээлэн – Натур худалдааны төв – Жанжин клуб маршрутаар явахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо

Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг өнөөдөр нээж, анхны зочдоо хүлээн авлаа.

Хүүхдийн өрөөг албан ёсоор нээх үедээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай дурдаж, тэр бүхнийг даван туулсны эцэст бид Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр өрөөгөө нээж байна гэлээ. Мөн тэрбээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камераар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталж, үүгээрээ хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратеги зорилгыг тодорхойлсны дагуу хүндээ ээлтэй байх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангахад чиглэсэн бүхий л арга хэмжээг Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм.

Тэрбээр Хүүхдийн өрөөний анхны зочид болсон Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Бахдал, нэгдүгээр ангийн сурагч Б.Бадмаараг, Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Амарбаяр, “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Эрдэнэбилэг, нэгдүгээр ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ нарт бэлэг гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн ордонд анх удаа нээгдэж буй тус өрөөг өв соёлоо сурталчилсан олон төрлийн тоглоом, үүний дотор оньсон тоглоомууд, мөн хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, өв уламжлалын номуудаар тохижуулсан байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэдэх өрөөнд тэднийг хүлээнгээ ном уншиж, тоглож наадах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Ичинхорлоо: Бид дурлаж сонирхсон мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас ажлаа жаргаж хийдэг

Өмгөөллийн салбарт жавхаа нэмж яваа залуу өмгөөлөгч “Алтаргана” хууль зүй товчооны хуульч, өмгөөлөгч С.Ичинхорлоо, А.Баттуяа нартай ярилцлаа.

Оюутан байх  үеэсээ хуулийн мэргэжлийг эргэлт буцалтгүйгээр сонгож амжилтын үүд хаалга, өөртөө итгэх итгэлээр жигүүрлэн яваа тэд  “Алтаргана” хуулийн фирмийнхээ хүрээнд хууль сурталчлан таниулах ажлыг олонтаа зохион байгуулж иргэдэд хүргэснээр иргэдийнхээ талархлыг олонтаа хүлээж байгаа билээ.

Хаанаасаа хаа хүрэхээ хэдийнэ тодорхойлж, тооцоолж, гэрэлт ирээдүйнхээ сайн сайхныг ажил мэргэжлээрээ тодотгож байгаа залуус тус багт ажиллаж байгаа нь бахдалтай  гэдгийг  энэ дашрамд хэлэх хэрэгтэй.

-Хоёулаа яриагаа таны өмгөөллийн замналаас эхэлье?

-2017 онд буюу оюутан байхдаа “Монгол өмгөөлөгч” хуулийн фирмд дадлага хийж өмгөөллийн салбартай анх танилцаж  байлаа. Эндээсээ өмгөөлөгч болоод ямар чиглэлээр ажиллах вэ гэдгээ ч давхар сонгож, хүсэл сонирхлынхоо дагуу маш гоё өмгөөлөгчидтэй танилцаад бүр ч ихээр урамшсан даа. Удалгүй дадлагаа амжилттай дуусаад, сургуулиа төгсөөд  Ц.Жавхлантөгс өмгөөлөгчийн туслахаар ажиллаж  маш олон зүйлийг зааж зөвлөж, ихийг сурч мэдсэндээ одоо ч баярлаж явдаг. Тэр цагаас өмгөөллийн салбартайгаа тасралтгүй холбогдож, найм дахь жилдээ буюу тодруулбал, “Алтаргана” хуулийн товчоонд ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байна.

-Өмгөөлөгч хүмүүсийг нийгмийн үлгэр дууриал гэдэг. Иймд таныхаар өмгөөлөгч гэдэг хүн хувь хүнийхээ хувьд ямар байх ёстой гэж боддог вэ?

– Өмгөөлөгч гэдэг үүднээс таньдаг бүхий л хүмүүс маань ямар нэгэн байдлаар харилцаж ханддаг. Энэ хүрээнд тухайн хүмүүст хэрхэн яаж туслах вэ, зөв гарц гаргалгааг нь  гаргах ямар боломж байна вэ гэдгийг хурдан шуурхай гаргаж өгөөд  боломжтой нөхцөлд хамтарч ажиллаад явдаг. Энэхүү дэвшилттэй аргад  сурахын тулд маш олон шүүхийн шийдвэр хэрэг маргаанд оролцож ахмад өмгөөлөгчдөөсөө асууж лавлан, зөвлөгөө авч мэдээллийг цуглуулсны үндсэн дээр тухайн байж болох хамгийн зөв гаргалгааг нь гаргаад түүндээ тууштайгаар ажиллахыг чин зорилгоо болгож  явдаг даа.

-Нийгмийн зүгээс өмгөөлөгчдөд  ямар байр сууринаас ханддаг вэ?

-Нэг үеэ бодвол өмгөөлөгч хэрэгтэй юм байна, зөвлөгөө авч байх ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа нь сайшаалтай санагддаг. Гэвч энэ бүгдийг тэр болгон мэддэггүй учраас манай “Алтаргана” хуулийн товчоо энэ тал дээр анхааруулж сэрэмжлүүлэг болгох үүднээс контент хийгээд иргэддээ үнэ төлбөргүй мэдээлэл өгч, рийл бичлэгээр хүргэснээр  хуульч өмгөөлөгч гэдэг бидний амьдралд хэрэгтэй юм байна гэсэн ойлголт төрж байгаа болов уу гэж үзэж байгаа. Иймд үйлчлүүлэгч болон үйлчлүүлэгч болохоор зорьж  ирж байгаа хүмүүсээс залуу хүн сайн ажиллаж чадах болов уу гэсэн эргэлзээ буюу насаараа дутуу үнэлэгдэж байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа мэт ойлголт ажиглагддаг юм.

-Залуу хүмүүс зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлөөр дүүрэн. Түүнд хүрэхийн тулд  өөрийгөө хэрхэн сорьж хөгжүүлсээр  яваа бол?

-Эмэгтэй залуу  хуульч өмгөөлөгчийн хувьд хүнд хэргийн маргаанаас айж эмээх асуудал байдгийг нуугаад яахав. Эрүүгийн өмгөөлөгчид ихэнхдээ цагдаа, прокурор зэрэг эрэгтэй хүмүүстэй ажилладаг.  Гэвч энэ тал дээр хийх ёстой ажлуудаа  хийгээд явж байгаа учраас харьцангүй боломжийн гэж үздэг. Тийм учраас хувь хүнийхээ хувьд бага гэж чамлалгүй өөрийгөө нээж  сурч мэдсэн зүйлээсээ бусдад таниулъя, хуулийг суртачилъя, хуулиа мэдэхгүйгээс болж хүмүүс ямар эрсдэлд ороод байна вэ, тэр дундаа  ЕБС-ийн хүүхдүүдэд анхнаас нь мэдлэг мэдээлэл олгоё гэсэн зорилгоор зөвлөн тусалж , мэдээлэл түгээхийг хичээж явна. Учир нь, өсвөр насны хүүхдүүдийн дунд маш их гэмт хэргийн холбогдогч, хохирогч болж улмаар хорих ял авч байгаад маш их сэтгэл өвдөж, эмзэглэдэг.

-Насанд хүрэгчид ч мөн эрх зүйн боловсрол дутмагаасаа болж боломжоо алдах тохиолдол их  байдаг шүү дээ?

– Тийм шүү, тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас авах ёстой зүйл, нэхэмжлэх ёстой зүйлээ шийдүүлж чадахгүй асуудал маш их гардаг. Энэ мэдлэгийг бид “Page” хуудасны бичлэгэрээ дамжуулан мэдээлэл өгдөг юм.

 -Хоёулаа нэлээд ажил ярилаа, ярианы сэдвээ жаахан  өөрчлөөд асуухад, хамгийн их баярлаж догдолсон мөчөөсөө хуваалцахгүй юу?

– Юуны өмнө дурлаж сонирхсон мэргэжлээрээ ажиллаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Оюутан байхдаа, сургуулиа төгсөөд ч шүүхийн шийдвэрүүдийг уншаад өсвөр насны хүүхдүүдийн холбогдоод байгаа хүчингийн гэх мэт хэргүүдийг уншаад судлаад байхаар өөрөө ч бас эмзэг болдог юм билээ. Энэ талаар ах дүү нарынхаа хүүхдүүд, ах эгч нартаа хүчингийн хэргийн хохирогч нь ойр дотных нь хүмүүс байдаг талаар  сэрэмжлүүлж хэлж зөвлөж тайлбарлахыг эрмэлзэж явдаг. Гэвч миний дүү нараар хязгаарлагдахгүй бусад хүмүүсийн хувьд ч мэдэх ёстой зүйл учраас манай Б.Агар-эрдэнэ захирал гадагшаа чиглэсэн ажлууд их хийдэг тул ЕБС-иуд  10-н жилийн хүүхдүүдэд энэ талаар зөвлөгөө мэдээлэл өгч байх үед их баярлаж догдолж байсан. Учир нь нэгэн үед хүсэл мөрөөдөл болж  байсан хуулийн чиглэлээр багшлах юмсан гэдэг нууцхан хүсэл төрдгийг нуух юун. Хүүхдүүдэд өөрийн зүгээс мэдээллэх, сэрэмжлүүлэх, зааж сургахыг хүсдэг зүйлээ ярьж байхдаа уйлж байсан, нулимс дуслуулав.

Өмгөөлөгч А.Баттуяа: Уурлаж уйлсан үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл зүйн онцлогийг сайтар судалж харилцах ёстой

battuya

-Үе тэнгийн залуучуудтайгаа хамт ажиллах нь сурч хөгжихөөс эхлээд мэдэрч мэдэх зүйл их байдаг даа?

– Миний хувьд 2019 онд их сургуулиа төгсөж, 2021 онд хуульчийн эрхээ, 2023 онд мэргэжлийн шалгалтаа амжилттай өгч өмгөөлөгчийн эрхээ авсан. Хувийн хэвшил болон төрийн захиргааны байгууллагад ажиллаж байх хугацаандаа би өөрийнхөө жинхэнэ хүсэл тэмүүлэл, үнэт зүйлсийг эрэлхийлж, “Би хаашаа чиглэж, ямар замаар явах ёстой вэ?” гэсэн асуултад хариу хайсаар ирсэн. Энэхүү өөрийгөө танин мэдэх үйл явцын үр дүнд өнөөдөр өмгөөлөгчийн ажил бол миний сонгох зам, үнэт зүйлстэй минь нийцсэн мэргэжил мөн гэдэгт би итгэлтэй болсон. Энэхүү мэдрэмжээрээ өмгөөллийн “Алтаргана” хууль зүйн товчоотой холбогдож өсч хөгжиж яваа өөрсдийн гэсэн карьер, үнэт чанартай, харилцааны болон мэргэжлийн ёс зүйн тал дээр маш өндөр ёс суртахуунтай эелдэг залуустай мөр зэрэгцэн нэгэн эд эс нь болж яваадаа туйлын баяртай байдаг. Ийм зөв хандлагатай, үнэ цэнтэй хүмүүстэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг бөгөөд энэ л орчинд би ажлаа сэтгэл хангалуун, урам зоригтойгоор хийдэг нь дэндүү сайхан.

-Өмгөөлөгчийн мэргэжлээсээ олж авч буй онцлог  давуу тал гэвэл?

– Өмгөөлөгчийн ажил нь зөвхөн хууль зүйн мэдлэгээр хязгаарлагдахгүй бөгөөд хүний сэтгэл зүй, харилцаа, ёс суртахуун, нийгмийн олон талт үзэгдлийг танин мэдэх, мэдрэх чадварыг ч давхар шаарддаг. Тийм учраас бид эрүүгийн, иргэний, захиргааны болон зөрчлийн хэрэг, мөн иргэн, компаниудын эрх зүйн асуудлаар консалтингийн үйлчилгээ үзүүлэн, өөрийн чадвар, боломжоо сорьж, мэргэжлийн хүрээгээ тэлэх боломжийг эрэлхийлэн хичээнгүйлэн ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаа надад олон шинэ мэдлэг, туршлага олгож, хувь хүний болон мэргэжлийн хувьд ихээхэн өсөн дэвшихэд дэм болж байгаа юм. Үүний гол зорилго нь цаашид мэргэшиж, өөрийгөө гүн гүнзгий танин мэдэхэд туслах явдал юм. Тэр хугацаанд туулж өнгөрүүлэх зам байгаа тул одоо байгаа болон ирэх бүх ажлаа өндөр түвшинд гүйцэтгэх гэсэн тодорхой үзэл баримтлал, зорилготой ажиллаж байна. Гэвч нэг зүйлийг онцлох нь зүйтэй—үйлчлүүлэгчдийн зүгээс “өмгөөлөгч авчих юм бол бүх асуудал ямар ч саадгүй шийдэгдэнэ” гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Ийм учраас би үйлчлүүлэгчидтэй гэрээ байгуулахаас өмнө тэдэнд “Таны асуудал өмгөөлөгч авлаа гээд шууд шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Би таны эрх ашгийг хуульд нийцүүлэн хамгаалж, боломжийн дээд түвшинд хүргэхийн төлөө чармайна. Гэхдээ танд ямар нэгэн үр дүнгийн баталгаа өгч чадахгүй гэдгийг анхааруулж, шаардлагатай мэдээллийг ойлгуулж, зөвшилцсөний үндсэн дээр ажил эхэлдэг” гэж тодорхой хэлдэг. Энэхүү журам надад ажилдаа илүү хариуцлагатай хандах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх давуу тал болдог. Мэдээж бидний хүлээн авдаг үйлчлүүлэгчид баярлаж хөөрсөн, инээж наадсан хүмүүс биш байдаг. Тиймээс үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн онцлогийг нарийн судалж, тэдэнтэй харилцахдаа онцгой анхаарал тавих хэрэгтэй болдог. Уйлсан, уурласан хүний сэтгэл санааг ойлгож, ямар үед нь зөөлрүүлэн, энэрч хандах ёстойг анхан шатны зөвлөгөөнөөс эхлэн онцлон анхаарч ажилладаг. Үйлчлүүлэгчдийн хувьд асуудал хэрхэн шийдэгдсэнээс үл хамааран өмгөөлөгч, хуульчийн зүгээс идэвх чармайлт, хичээл зүтгэлээ илэрхийлсэн тохиолдолд талархал илэрхийлэх хандлага давамгайлдаг. Харин ажлаа ойлгомжтой, хангалттай сайн хийхгүй бол тодорхой бус байдал үүсч, үйлчлүүлэгчийн сэтгэл дундуур байх нөхцөл бүрддэг. Иймд бид тогтмол мэдээлэл өгөх, харилцан ойлголцох тал дээр илүү анхаарч ажиллахыг зорьдог.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийлээ. Уг зохицуулалтт 6 дугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх юм.

Харин ирэх есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Энэ жил уг арга хэмжээг карнавал хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Тодруулбал, төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60 асар бүхий хотхоны төлөвлөлтөөр зохион байгуулж буй.

Баярын арга хэмжээний үеэр 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж замыг хаана. Тодруулбал,

  • Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
  • Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
  • “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаах юм.

Тус арга хэмжээний үеэр хүүхдүүдийн “Хүүхдийн ертөнц” парад болохоос гадна “Magic Mascot” энтертайнментын Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болно. Үүнтэй холбоотойгоор зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Тодруулбал,

  • “Хүүхдийн ертөнц” парад: 10:00-12:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбайг нар зөв тойроод эхэлсэн цэг хүртэл;
  • “Magic Dream” парад:
    • Нэгдүгээр тойрог: 10:30-12:00 цагийн хооронд “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвөөс Сүхбаатарын талбай хүртэл;
    • Хоёрдугаар тойрог: 13:00-14:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун урд талаас Сүхбаатарын талбайн зүүн урд тал хүртэл явна.

Мөн хүүхдийн баярын төв тайзны тоглолт нь “Шидэт хотын мөрөөдөл” нэртэйгээр болох бөгөөд тоглолтод урилгаар МУГЖ Т.Ариунаа, МУСГЗ С.Баттулга, реппер ThunderZ, охидын Wasabies хамтлаг, Foux хамтлаг, дуучин Davaidasha, Becca, Лууяа, Мичидмаа, Уянгадарь зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцоно.

Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 300 гаруй бие бүрэлдэхүүн болон “Монголын сайн дурынхны төв”-ийн 500 гаруй сайн дурын ажилчин ажиллана. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүнсний аюулгүй байдлын стандартыг мөрдүүлж ажиллах бөгөөд төв талбайд гар дээрх худалдаа, ил задгай хоол хүнс борлуулахыг хориглож буй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил эхэллээ. Тодруулбал эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, өнөөдөр 4400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалт болох 4400 айлын орон сууцыг 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд барих юм. Барилга угсралтын ажил эхэлж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд жилийн өмнө эхлээд эрх зүйн орчноо бэлдсэн. УИХ-аар Нийслэлийн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай анхдагч хуулийг батлуулсан. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө мөнгө босгох эрх зүйн орчноо бэхжүүлсэн.

Үүний дараа газар чөлөөлөх ажлаа эхлүүлж, олон улсын зах зээл дээрээс бонд босгож, санхүүгийн эх үүсвэрээ бэлдсэн. Зураг төсөв, ТЭЗҮ-ээ боловсруулаад өнөөдөр барилгын ажлаа эхлүүлж байна. Энэ богино хугацаанд чамгүй ажлуудыг амжуулсан баг хамт олондоо талархал илэрхийлмээр байна. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил гараанаас гарч байна. Сэлбийн бүтээн байгуулалт III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны том бүтээн байгуулалт болно. Өөрөөр хэлбэл нийтдээ 13 мянган айлын үйлчилгээтэй орон сууцны цогц төсөл болох юм. Бид энэ ажлыг 24 сарын хугацаанд барьж, гэр хорооллын агаар, хөрсний бохирдлоос ангижруулах зорилт тавьсан.

Энд баригдах орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор шийдэж байгаа. Мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Тухайлбал нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифт зэргийн эрчим хүчийг шийдэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Сэлбэ гол дээр хөв цөөрөм байгуулж үерийн усны тохируулга хийнэ. Хөв цөөрөмтэйгөө уялдуулж усны хаялга, борооны ус зайлуулах шугам, шуудууг нь угсарна.

Сэлбийн бүтээн байгуулалт хийгдэж буй орчимд өнөөдөр ерөнхий боловсролын 3 сургууль хичээллэж байгаа. Үүн дээр нэмээд гадаад хэл, техник, спортын төрөлжсөн хөтөлбөртэй 3 сургуулийг төслийн хүрээнд ашиглалтад оруулна. Харин сургуулийн өмнөх насны боловсролын тухайд 5 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын циркийг Сэлбэ хотод байгуулах талаар Соёлын яамтай зөвшилцөж, төлөвлөлтөө хийсэн гэдгийг онцоллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Балжиннямтай өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 29. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 3, шар нохой, мэнгэ 9 улаан, суудал төмөр, хэрцгий охин-5 од, үл зохилдох барилдлагат өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:59-20:40.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Харин луу, үхэр, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 20 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хагаст хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны 05-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +9…+14 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо

Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо.

Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов.

Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэв

Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан. Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.

Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэх юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Энэ журмын хүрээнд ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 36 хүртэлх сарын хугацаатай 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж, мөн санхүүгийн дэмжлэгийг 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр тус тус олгодог.

2020-2024 онд жижиг зээлд нийт 5,551 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 2,662 буюу 47.9 хувь нь хамрагджээ. Мөн хугацаанд санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 38,331 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 64.7 хувьтай тэнцэх 24,816 нь хамрагдсан.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас /ХЭДС/ жижиг зээл олгох үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой зарим асуудлууд энэхүү эрэлт хэрэгцээг бүрэн хангахад нөлөөлж байна.

ХЭДС-аас жижиг зээлийг дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, банктай байгуулах гэрээ, батлан даалтын гэрээ байгуулах зэрэг ажлыг  төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулахаар журамд заасан нь бодлого боловсруулах, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий яам зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцах, төвлөрөл, шат дамжлагыг нэмэгдүүлж байжээ. Журамд өөрчлөлт оруулснаар зээл дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн байна.

Мөн инфляцын түвшинтэй уялдуулан жижиг зээлийн хэмжээг хувиараа хөдөлмөр эрхлэгчид 20.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 40.0 сая хүртэл төгрөг олгохоор нэмэгдүүлснээр ажлын байр бий болгох, хадгалах өргөжүүлэх, эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой боллоо.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Нармандах : Хийлээ эгшиглүүлж тайвширдаг

Хөгжмийн хаан гэгддэг хийл хөгжмийг эгшиглүүлэн үүгээрээ өмгөөлөгчдийнхөө дунд овоглогдож яваа  өөдрөг, сэтгэл хөдөлгөм эрч хүчтэй, эрэмгий дайчин авьяаслаг бүсгүй бол өмгөөлөгч бол Б.Нармандах юм. Яагаад ч юм, энгийн хөгжилтэй түүнийг хараад баяр хөөр төрдгийн учир нь урлагийн хүний хөг аялгуут мэдрэмжээр өмгөөллийн ажлаа явуулж,энэхүү буянтай сайхан мэргэжлийнхээ гайхамшгийг жинхэнэ утгаар нь харуулж яваа нэгэн билээ. Энэ ч утгаар Нармандах өмгөөлөгчид үйлчлүүлэгчдийнх нь зүгээс  талархалтай хандаж хоёр талын хамтын сэтгэлээр хэрэг зарга нь амжилттай шийдэгдсээр  буй.  

-Таны анхны мэргэжил хийлч. Иймд хөгжимчин бүсгүй тэс ондоо хуулийн салбар руу хэрхэн урвах болов ?

– Баярлалаа. Миний үндсэн мэргэжил хийлч, хоёр дахь мэргэжил маань хуульч юм.

Энэ утгаараа өмгөөлөгчид дундаа “хийлч” хуульч гэсэн тодотголтой. Миний бие угаас  эрс шулуун, шударга бус байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй учраас мэргэжлийг нь л эзэмшихгүй бол гаднаас хөндлөнгөөс  оролцох ямар ч боломжгүй юм байна гэдгийг гүн ойлгосон.  Дээр нь  төрөлхийн зан характертэй минь ижил төстэй учраас хуульч мэргэжлийг сонгох шалтгаан болсон байх аа. Энэ утгаар өнөөдөр шударга байх үүргээ  нийгэмдээ тодорхой хэмжээгээр  гүйцэтгэж байгаа гэж үздэг.  Нэг хүн ч гэсэн шударга байдлыг зарчмаа, удирдамжаа болгоод явбал аяндаа л  нийгэм цэгцэрч цэвэршинэ шүү дээ. Одоо ч энэ зан маань  огт өөрчлөгдөөгүй.

– Тийм ээ, аливаад тууштай бүхнийг гэгээлэг байлгах хүсэл  тэмүүлэл дүүрэн, улмаар  сэтгэлийн дуудлагаар сонгосон мэргэжлээрээ хаана сурч боловсорсон бэ?

– 2012 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуулийг  Бизнесийн эрх зүйч мэргэжлээр төгсч хуульч өмгөөлөгч болоод  маш  их сэтгэл хөдөлж байлаа. Тиймээс энэ хугацаанд авсан хэргийнхээ ард амжилттай гарч,  үйлчлүүлэгчдийнхээ нэхэмжлэлийн шаардлагыг хангуулсан он жил байлаа. Нөгөө талаас бидний ажлын үр дүн хэсэг хугацааны дараа гардаг. Гэлээ ч урам зориг үргэлж л төрөөстэй.

-Таныг 2025 ондоо шинэ, шинэлэг зүйл олонтой, тэр бүхэнд өөрийгөө сорьж, илүү их хөгжилд тэмүүлж яваа гэж сонслоо?

– Сайхан асуулт байна. Өмнө нь дангаараа бие даан өмгөөллөө хийгээд цагийн менежментээ зохицуулаад явдаг байсан бол  2025 онд хуульчийн ажлаа урьдынхаас өөр зураглалаар төсөөлж төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл  хуулийн фирмтэйгээ үзэл бодлоороо нэгдээд илүү их эрч хүч эрмүүн хүсэл тэмүүлэлтэйгээр  ажлаа эхэлж байгаадаа баяртай байна. Энэ утгаар маш их төлөвлөсөн ажил бий, түүндээ хүрэхийн төлөө цуцашгүй хичээх болно. Миний нэг давуу тал  барьж авсан ажлаа дуусгаж байж санаа амардаг хүн л дээ.

– Өөртөө болон нийгэмд гэрэл гэгээ болон түүчээлж яваад нь дахин талархъя.  Иймд та ажил амьдралдаа  баримталдаг  зарчмуудаасаа дурьдахгүй юу?

-Ажил амьдралаа эхнээс нь зүлгэх мэт зөв хэмнэлийг нь  бариад ажиллаж амьдраад явбал санаачилж байгаа бүхэн маань утга учиртай, үлгэрлэлтэй бахархалтай байдаг юм уу гэж хувьдаа хардаг. Аав ээж маань  ч хүний  хэмжүүрээр ярих юм бол маш сайхан сэтгэлтэй, үргэлжийн бусдад тус дэмтэй явж ирсэн.  Энэхүү зөв хүнд байх эрхэм чанарууд нь хүссэн хүсээгүй  бидэнд өвлөгддөг  юм билээ. Үүнээс улбаатай ёс зүйгүй, шударга бус байдал,  бусдын боломжийг булаах, бусдын хувь заяанд нөлөөлөх байдал хуулиар ч хууль бусаар ч өнөөдрийн нийгэмд бий болсоор байгаа нь учир дутагдалтай санагддаг.

–Урлагийн хүн өмгөөлөл хийхийн онцлог, баяр жаргалтай мөчүүд?

-Ихэнхдээ л хууль өмгөөллийн чиглэлээр хүмүүстэй холбогддог л доо.Танилцаад хэсэг хугацааны дараа би бас  хийлч мэргэжилтэй,та надтай аль ч салбараар нь харьцаж болно шүү гэхэд гайхаад байдаг юм. Найз нөхдийн маань зүгээс ч “манай хийлч, хуульч гэж  нөхөрсгөөр хөгжилдөж, цоллоход нь” баяртай байдаг .Тиймээс Өмгөөлөгчдийн холбооныхоо мэргэшлийн өдрийн баярын хүндэтгэлийн хүлээн авалт, ойн баяр, шинэ жил гэх мэт  олон арга хэмжээнд хийлээ тоглож , мэргэжил нэгтнүүдээ баясгах дуртай.  Эндээс сайхан мэдрэмж, сэтгэл ханамжийг авдаг даа.

-Аливаа зүйл хоёр талтай. Өмгөөллийн ажлаа хийж явахад тохиолдох хүндрэл бэрхшээл гээд яривал?

-Өмгөөллийн ажил цэвэр туршлагын ажил. Өөрийн биеэр даван туулж сайн муу сөрөг талуудыг нь мэдэрдэг учраас сургуулийг нь дүүргээд шууд хийдэг гарын доорхи ажил биш. .Цаашилбал, хүний хувь заяаг шийдвэрлэхэд оролцох гээд  сайн хүнийг дагаж дадлагажиж суралцахад  энэхүү мэргэжлийн ур чадвар, сайн сайханд орших учиртай. Энэ бүгдийг ялаад үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалсны дараа өөртөө итгэх итгэл илүү ихээр төрдөг дөө.

– Ингэхэд таны өөрийнхөө дотоод мэдрэмжээ сонсч таньж сэтгэл ханамж авдаг зүйл тань юу вэ?

-Юуны өмнө намайг үргэлж баяр баясгалантай байлгадаг  хөгжимдөө дуртай. Сонгодог урлагийн томоохон төлөөлөл Улсын филармонид нэгэн үе ажиллаж байсандаа бахархдаг. Аялгуут симфони оркестри энд л эгшиглэж байдаг шүү дээ.

Ажлын стресс ядаргаагаа тайлахын тулд хөгжмөө тоглож тайвширдаг. 6 настайгаасаа зүрх сэтгэлийн дуудлагаар тоглож сурсан.учраас хэзээ ч орхиж болохгүй.  Хоёр мэргэжлээ хослуулаад цагийн, сэтгэлийн, амьдралын блансаа тохируулаад явж байна.

Хуульчийн ажил тэр  дундаа эмэгтэй хүнд ахадсан  гэж хэлж болно. Энэ л амаргүй албыг угийн  өрөвч зөөлөн хүн учраас үйлчлүүлэгчийнхээ  асуудлыг өөрийн асуудал мэтээр хүлээж авч, хүндээр тусгаж авах нь олонтаа. Наад зах нь  яавал энэ хэргээ хууль зүйн хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ талд шийдүүлэхэв, надад ямар гарц шийдэл боломж байна гэдэгт сэтгэлийн зовнил үүсдэг тал бий. Гэвч бахархууштай нь энэ бүгдэд дандаа  бусдыг баясуулж, баярлуулж байдаг урлагийн ажил маань тусалдаг.

Цэцэрлэгт байхаасаа урлагийн бүх номерт нь ордог байсан болохоор  эхлээд гэрийнхэн маань дэмждэг байсан бол сүүлдээ төвөгшөөдөг болсон./Инээв/ Ерөөсөө энэ хүүхдийг хүлээлгэж өгдөг газар нь өгье гээд Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгуулаад аз болж би тэнцээд сонгодог урлагийн хүн болсон түүхтэй. Ингэж багшийн гярхай нүдээр  итгэл өгдөг байсны үр дүнд  хүүхэд өөрөө их хөгждөг юм билээ. Өгсөн даалгавруудыг нь ч амжилттай биелүүлдэг байсан. Тийм учраас бага наснаас минь хөтөлж урлагийн замд оруулсан багш нартаа талархаж явдаг. Иймд багаасаа л зөв хүүхэд болох хүмүүжлийг олж төлөвших нь  амьдралд нэг их алдаад байдаггүй болов уу .

-Хамгийн хэлэх дуртай үг тань?

-“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх үгийг хэлэх дуртай. Зөв хичээлт заяа түшинэ гэдэгчлэн хичээж мэрийж байгаа хүнийг амьдрал шагнадаг жамтай. Иймд аль болох хүн  өөрөөсөө шалтгаалах ажлыг хийж чаддаг байх хэрэгтэй. Энэ утгаар хичээнгүй байх нь маш чухал учраас  энэ зарчмыг ажил амьдралдаа мөрдлөг болгож амьдардаг даа.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улс Туркменистан Улстай 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэлэнгэ аймгийн Ерөө, Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд орууллаа

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, эрсдэл болоод Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хноногийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 59 сум, нийслэлийн 3 дүүрэгт, нийт 98 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.7% өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65,768 га, хээрийн 565,569 га талбай, нийт 631,337 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин өнөөдөр /2025.05.28/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий  аймгийн 5 суманд гарсан 7 ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 288 алба хаагч, 12 автомашин, орон нутгийн мэргэжлийн анги, Байгалийн тусгай хамгаалалттай газрын 151 хүн, 30 автомашинтай, 17 морьтой нийт 439 хүн, 42 автомашин, 17 морьтой ажиллаж байна. Үүнээс Сэлэнгэ аймгийн Ерөө сум “Буурлын даваа” гэдэг энэ сарын 26-нд газар гарсан ойн түймэр, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Баруун голын даваа” гэдэг газар 27-нд  гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, бусад 5 түймрийг цурамд оруулахаар ажиллаж байна.

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгон зарласан энэ өдөр маргааш буюу тавдугаар сарын 29-нд тохиож байна. Тус өдрийн хүрээнд иргэн, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан “Хяналтын хуудас”-ыг nema.gov.mn сайтад байршуулсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах “Аюулгүй өрх” хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй.

 Тиймээс иргэн бүр өөрийн болоод ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхэд 2-3 минутыг зарцуулж, үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалж, ирээдүйдээ хөрөнгө оруулахыг уриалж байна.

Олон нийтэд зориулсан “Хяналтын хуудас” дэд системийг 2025 оны нэгдүгээр сарын 28-нд анх танилцуулсан бөгөөд өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд  улсын хэмжээнд 6018 байгууллага, 10684 өрх, 14146 иргэн буюу нийт 30.848 хүн хандаж, мэдлэгээ шалгаснаас Баянхонгор, Орхон, Завхан аймаг хамгийн өндөр хандалттай нь байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Хэлэлцээний үеэр ардчилал, хүний эрх, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа гүнзгийрүүлж, улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр зэргийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, аялал жуулчлал, технологи, оюутан солилцоо зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа Австрийн Ерөнхийлөгчийн хувиар анх удаа хийсэн айлчлалын хүрээнд талууд “Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал” гаргасан нь харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо.

Айлчлалын үеэр Засгийн газар болон байгууллага хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Тухайлбал, “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх, Монгол болон Австри Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрх зүйн үндэс бүрдлээ.

Өмнөх санхүүгийн хэлэлцээрийг үргэлжлүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Уул уурхай, инновац, эрчим хүч, ашигт малтмал, кибер аюулгүй байдал, шинжлэх ухаан, хөгжим, соёл, урлаг  зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр боллоо.

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран зохион байгуулсан “Дугуй ширээний бизнес уулзалт”-д манай улсын 80 орчим, австрийн долоон салбарын 22 аж ахуйн нэгж оролцлоо.

Талууд хөнгөн үйлдвэр, хүнс, эрүүл мэнд, ногоон бизнес, төмөр зам, барилгын салбарт хамтрахаар тохиролцож, Австриас хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүнээ экспортлох боломж нээгдлээ.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рийкен болон албаны бусад төлөөлөгч үдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа