Author Archives: baaska baaska

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,480 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай, хамгийн залуу нь  22 настай байна.

“Алдарт эх” одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус харин хүн амаа өсгөх, эх, үрсээ дэмжих төрийн бодлого гэж үздэгээ төрийн тэргүүн хэлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар “Алдарт эх”-ийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлж олгох болсныг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин туулай өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 22. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын 25, цагаагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал огторгуй, могойг хүлэгч-25 од, үл зохилдох барилдлагат өдөр. Бага хар, овоо тахих, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:32.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, өвчин эмнэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, суурь тавих, даллага авах, хурим хийх, төрөл садан болох, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, үзмэр үзэх, ажилчин шүтүүлэх, ан гөрөө хийх, улайны үйл, хиншүү хярвас гаргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 20 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2025 оны 05-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6…+11 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндйигөөр +21…+26 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг-

Эрхэм зочид оо,

Өнөөдөр бид Монгол Улсын ардчилал, тэгш эрх, оролцоонд суурилсан нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн чухал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү чуулганд эмэгтэйчүүд оролцож байгаа боловч эмэгтэйчүүдийн эрхийн тухай, эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлын тухай төдийгүй нийт иргэд, нийгмийн тулгамдсан асуудал, улс орны тогтвортой хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд төр засгийн дээд болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллын дэмжих бодлого, үйлдлийн шинэ хандлагыг эхлүүлэхэд чиглэгдэж байгаагаараа онцлогтой байна.

Шинэ зуунд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, тэр дундаа шийдвэр гаргах түвшний оролцоо нэн чухал, дэлхий нийтийн хандлага болсон байна. Энэ чиг хандлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан сонгуулийн холимог тогтолцоог сонгож, нам эвслээс сонгуульд нийт жагсаалтаар нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь, тойрогт нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан зоримог алхмыг бид өнгөрсөн жил хийсэн. Үр дүнд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 1341 хүний 38,7 хувь буюу 520 нь эмэгтэйчүүд байсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон төдийгүй, 32 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдож парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4 хувь болсон нь мөн дээд амжилт бөгөөд Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн оролцооны түвшнээрээ тэргүүлж эхэлсэн. Энэ нь улс төрийн ухаалаг зөвшилцөл, зөв үйлийн төлөөх зоримог шийдлүүдийн эерэг дүн байсан. Өнөөдрийн энэ чуулган манай парламентын эмэгтэй гишүүдийн манлайлал, санаачилга, идэвхтэй оролцооны хүчээр болж буй бөгөөд олсон амжилтаа бататгаж, орон нутагт шинэ давлагаа, шинэ хөдөлгөөн эхлүүлэх алхам хийж байгаад талархалтай байна.

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээс харахад аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 17,9 хувь, сум, дүүргийн ИТХ-ын 28,8 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүнийг парламентын үзүүлэлттэй харьцуулахад аймаг, нийслэлийн түвшин доогуур байгаа ч сум, дүүргийн түвшинд 3 хувиар дээгүүр байна. Хэдийгээр орон нутгийн ИТХ-ын эмэгтэй гишүүдийн тоо аажмаар нэмэгдэх хандлагатай байгаа боловч тэднээс удирдах түвшинд сонгогдсон нь тун цөөн байна. Тухайлбал 21 аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга нарын 3 нь, 9 дүүргийн ИТХ-ын даргын нэг нь, 330 сумын ИТХ-ын даргын 41 нь эмэгтэй төлөөлөгч байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд заасан квотоос 1-2 дахин доогуур үзүүлэлт байна. Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцоо гэдэгт иргэдийн Хурлын төлөөлөгчөөс гадна засаг захиргааны бүх шатны удирдлагад томилогддог улс төрийн албан тушаалтан болох Засаг дарга, орлогч дарга нар мөн хамаардаг. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тайлангаас үзэхэд энэ оны байдлаар засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн Засаг даргын 23 хувь, хорооны Засаг дарга нарын 47 хувь, сумын Засаг даргын 13 хувь, дүүргийн Засаг дарга нарын 11 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин аймаг, нийслэлийн түвшинд нэг ч эмэгтэй Засаг дарга томилогдоогүй байгаа нь өмнөх үеэсээ ч ухарсан үзүүлэлт болж байна. Дээрх тоон мэдээнээс үзэхэд Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд заасан квотыг ганцхан нийслэлийн хорооны Засаг даргын томилгооны түвшинд хангасан байх бөгөөд орон нутгийн бусад бүх шатны Засаг дарга, орлогч даргын албан тушаалд томилогдсон эмэгтэй улстөрчдийн үзүүлэлт квотоос доогуур байна. Энэ бол хууль хэрэгждэггүйн нэг тод жишээ мөн. Тиймээс бид эхлээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцооны үзүүлэлтийг хуульд заасан хэмжээнд хүргэх ёстой. Тэгээд бид цаашаа явах болно.

УИХ-ын сонгуульд нам эвслээс нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квот 2024 онд 30 хувь байсан. Тэгвэл хуульд заасны дагуу 2028 оны сонгуулиар 40 хувь болгохоор зорилт тавин ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг ч эргэж харах цаг нь болсон гэж үзэж байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нь зөвхөн тоон үзүүлэлтээр төдийгүй чанарын үзүүлэлтээр бас тодорхойлогддог. Тэд нийгмийн эмзэг бүлгийн дуу хоолойг төрийн бодлогод тусгах, орон нутгийн хөгжлийг илүү хүртээмжтэй тэгш болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь бидний хамтын зорилт байх болно. Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарын бодлого илүү хүртээмжтэй, тэгш, хүний эрхэд суурилсан болдог нь олон улсын болон үндэсний судалгаагаар нотлогдож байна. Энэ чуулганд парламентад суудалтай бүх нам, эвслийн удирдлага оролцож, бодлого байр сууриа танилцуулж байгаа нь асуудалд ач холбогдол өгч буйн илэрхийлэл төдийгүй Та бүхэнд үзүүлж байгаа хүндэтгэл юм. Мөн БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Нийгмийн оролцоог дэмжих сан”-гийн тэргүүн, эрхэмсэг хатагтай Абэ Акиэ нар Та бүхэнтэй мэндчилж, туршлага сургамжаасаа хуваалцах болсонд талархаж, хүндэт зочдод Та бүхний өмнөөс болон хувиасаа талархал дэвшүүлж байна.

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тодорхой тусгасан. Энэ хүрээнд орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг бодитойгоор нэмэгдүүлэх нь зөвхөн жендэрийн тэгш эрхийн асуудал биш, харин ард нийтийн амьдралын чанар, шийдвэр гаргалтын хүртээмж, олон түмний итгэлийг нэмэгдүүлэх үндэс суурь нь болно. Иргэдийнхээ итгэл дэмжлэгээр орон нутгийнхаа шийдвэр гаргах түвшинд сонгогдож, томилогдсон улстөрч эмэгтэйчүүд Та бүхэн улс төрийн намын харьяалал, үзэл бодол, итгэл үнэмшлийн ялгаанаас давж, нийтийн тусын тулд нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж, эмэгтэй удирдагч, улстөрчдийн ёс зүй, ажил хэрэгч манлайлал үзүүлэн иргэдэд ээлтэй шийдвэр гаргахад оролцоогоо нэмэгдүүлэн тэдний дуу хоолой болж ажиллах нь хувь иргэний үүрэг төдийгүй Монголын нийт эмэгтэйчүүдийнхээ өмнөөс хүлээсэн нийгмийн хариуцлагатай үүрэг юм. Иймд бид эмэгтэйчүүдийнхээ улс төрийн оролцоо, манлайллыг өргөжүүлэхийн тулд нэгдүгээрт, квот, сургалт, сүлжээг бодлогын түвшинд дэмжих болно. Хоёрдугаарт,  орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, байгууллагууд эмэгтэйчүүдийн оролцоог бодлогын түвшинд дэмжиж ажиллах, гуравдугаарт, тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй залуу охид, эмэгтэйчүүд, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодлого шийдвэрт тусгах зэрэг өргөн хүрээнд олон чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай.

Үүний тулд УИХ-ын даргын хувьд гишүүдийнхээ оролцоо дэмжлэгтэйгээр нийгмийн олон бүлгийн эмэгтэйчүүдэд хамааралтай, тухайлбал залууст хандсан “Нээлттэй парламент”, ахмад үеэс туршлага суралцах “Эксперт” хөтөлбөр, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжсэн “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн өнөөдрийн энэхүү “Бид эмэгтэйчүүд” чуулганаас гарах шийдвэр, Та бүхний санал бодолд үндэслэн улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллах болно. Энэ ташрамд, өнгөрсөн хугацаанд парламентад суудалтай улс төрийн намууд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтарч Монгол Улс дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодитой хамтран ажилласныг дурдах нь зүйтэй. НҮБ-ын зүгээс анх удаагаа үйл ажиллагаа явуулж байгаа улсынхаа улс төрийн намуудтай хамтарсан Санамж бичгийг байгуулж, олон улсын байгууллагуудыг оролцуулж, бодит хувь боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх алхмыг хийсэн байдаг. Энэ ажлын үр дүн өнөөдөр Та бүхэнтэй уулзаж буйн нэг том эхлэл суурь байсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Өнөөдөр энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн Олон улсын байгууллагын төлөөлөгч нарт талархал дэвшүүлж байна. Бидэнд хуулиар эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгөхөөс гадна Монгол Улсынхаа нийгэм, ёс заншил, уламжлал зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог бодитой дэмждэг байх үзэл хандлагыг суулгахад илүү төвлөрч ажиллах шаардлага байгаа нь харагддаг. Ялангуяа, орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно. Та бид хамтдаа томоохон өөрчлөлтийг авчирч чадна гэдэгт итгэж байна. Эмэгтэйчүүд сонгогдож ажиллаж байгаа орчин болгон илүү үр дүнтэй, ажил хэрэгч, илүү өргөн цар хүрээгээр харсан шийдвэр гаргаж чаддаг байх болно гэдэгт огт эргэлздэггүй.

Өнөөдрийн “Бид эмэгтэйчүүд” чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Төрийн ордон

2025.05.21

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны 05 дугаар сарын 21-ний 22:00-аас 2025 оны 05 дугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны 05 дугаар сарын 22-ны 22:00-аас 2025 оны 05 дугаар сарын 24-ны 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 grandd

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан  Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн нисгэгч Рословын Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Р.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний нөөцийг бэлтгэн бэхжүүлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Гавьяат нисгэгч цолоор:
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Доржийн Жигжид,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад дайчин, нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Галхүүгийн Сарангэрэл,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Тээвэр, байлдааны нисдэг тэрэгний эскадрилийн сургагч багш, нисгэгч, хурандаа Намжилцэрэнгийн Очирбат,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ахмад ажилтан багш, нисгэгч Рэнцэнгийн Доржготов,
Нисэхийн гавьяат техникч цолоор:
  • Нисэхийн инженер, нисэхийн профессор багш, дэд хурандаа Буриадын Гомбосүрэн,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Цэндийн Чимэддорж,
  • Зам тээврийн яамны Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны ахлах шинжлэн шалгагч Хандын Наранхүү,
  • “Хүннү эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пүрэвжалын Мөнхжаргал,
  • “Оранж эйр” ХХК-ийн нислэгийн аюулгүй байдлын менежер Ёндонгийн Энхтөр,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш, доктор, профессор, бэлтгэл хурандаа Батзоригтын Эрдэнэбат,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан Манжийн Дагва,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга асан Доржготовын Мягмарсүрэн,
  • Иргэний нисэхийн үндэсний төвийн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Терминал үйлчилгээний хэсгийн дарга Паламын Нарантуяа,
Сүхбаатарын одонгоор:
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн албаны ахмад ажилтан, дэд хурандаа Зулын Юра,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн багш, нисэх механикч, бэлтгэл дэд хурандаа Сэрээнэнгийн Энхтайван,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн инженер, бэлтгэл дэд хурандаа Банзайн Заяажаргал,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисэх буудлын дарга асан, бэлтгэл дэд хурандаа Зундуйн Ганхуяг,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн инженер, бэлтгэл дэд хурандаа Жамбалсүрэнгийн Цогтдорж,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн орлогч-штабын дарга, дэд хурандаа Жадамбын Цэнгэлбаяр,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн агаарын хөлгийн дарга Чимэдцэрэнгийн Хуяг,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудитын газрын дарга Содномцэрэнгийн Мөнхнасан,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ахмад ажилтан Рэнцэнхорлоогийн Отгонжаргал,
  • Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн журам зохиолт, шалгалтын нислэгийн албаны дарга Гаваагийн Түвшинбаяр,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Бүхээгийн шалгагч багш Самданшаравын Оюун,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолооч Сэнгээгийн Гансүх,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Цаг уурын техник хэрэгслийн инженер Чадраабалын Мажигсүрэн,
Цэргийн гавьяаны одонгоор:
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн байлдааны удирдлагын офицер, бэлтгэл хошууч Шаравдоржийн Хосбаяр,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Холбоо радио техникийн хангалтын ротын радио маркерын байрны дарга, ахлах ахлагч Пүрэвжавын Туяа,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар Аэродромын шалган нэвтрүүлэгч, ангийн бэлтгэл офицер Балдангийн Ариунтуул
Алтан гадас одонгоор:
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ерөнхий нислэгийн удирдагч Батаахүүгийн Ганбаатар,
  • “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн Нисэх буудлын үйл ажиллагаа удирдлагын газрын дарга Авидын Азбилэг,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн аюулгүй ажиллагааны байцаагч Мөнхбаярын Мөнхцэцэг,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны эрүүл мэндийн хяналтын байцаагч Өлзийбүрэнгийн Оюунтуяа,
  • Иргэний нисэхийн үндэсний төвийн Аэродром, гэрэл суултын албаны ерөнхий инженер Жаргалын Батбаяр,
  • “Гесон” ХХК-ийн Нислэг үйлдвэрлэлийн албаны агаарын хөлгийн дарга, багш, нисгэгч Төмөрбаатарын Оюунбаатар,
  • “Хүннү эйр” ХХК-ийн Агаарын хөлгийн хамтран нисгэгч, сургалтын дадлага хариуцсан мэргэжилтэн Хүрэлчулууны Энхжин,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн хяналтын деспитчер Гэлэгжамцын Энх-Амгалан,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн номын санч Даваадоржийн Долгорсүрэн,
Цэргийн хүндэт медалиар:
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хүний нөөцийн хэлтсийн ахлах офицер, хошууч Эрдэнэсайханы Хаш-Эрдэнэ,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албаны дарга, хошууч Александрын Баасанпүрэв
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн радиолокаторын постын захирагч, ахмад Даваасамбуугийн Лхагважав
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн онгоц, нисдэг тэрэгний пуужин урьдчилан бэлтгэх байрны дарга, нисэхийн зэвсгийн техникч, хошууч Сэнгээгийн Гансүх,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн захирал Баярсайханы Золбоо,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Бүхээгийн сургагч, шалгагч багш Ичинхорлоогийн Түвшинбилэг,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Наранцогтын Туяа,
  • “Оранж эйр” ХХК-ийн Агаарын хөлгийн инженер, техникийн захирал Баянбекийн Болд нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Барилгын ажил хийж байгаад нэг иргэн унаж, амь насаа алджээ

Энэ оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд “Баригдаж байгаа барилгын 11 давхраас хүн унаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Уг иргэн нь тухайн барилгын компанид эхний өдрөө туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байгаад ийнхүү харамсалтайгаар амь насаа алджээ.

Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд та бүхэн аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар Марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ

“Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтэд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт 23 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлжээ. Гүйгчдийн тал хувь нь буюу 14 мянга нь эрүүл мэндийн гүйлтийн төрөл болох 5 км-т бүртгүүлсэн байна.

Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 2100 гаруй хүн бүртгүүлсэн нь энэ төрөлд гүйх хүмүүс өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм. Бүтэн марафон болох 42 км-ийн зайд 322 хүн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 2727 хүн бүртгүүлжээ.

Өнгөрсөн жил гэр бүлийн гүйлтэд нийт 1400 гаруй хүн бүртгүүлж байсан бол энэ жил 3500 гаруй хүн бүртгүүлсэн нь мөн л өмнөх оныхоос энэ төрөлд гүйгчдийн тоо хоёр дахин өссөн тоо юм. Тусгай олимпын төрөл 500 метр, 800 метрийн зайд 130 хүн бүртгүүлжээ.

“Улаанбаатар Марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.

  • Спортын төв ордон (1 давхарт) – /1,5км, 5км, 10км, 21км, 42км/
  • Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг) – /1,5км, 5км, 10км, 21км, 42км/
  • Соёлын төв өргөө (захиргааны хаалга, тасалбар олгох хэсэг) – /1,5км, 5км/
  • Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир спортын хороо – /1,5км, 5км/
  • Энгэрийн дугаар олгох цэгүүдийн цагийн хуваарь:
  • Хангарди ордон 8:00-19:00
  • Спортын төв ордон 9:00-19:00
  • Соёлын төв өглөө 11:00-19:00

“Улаанбаатар Марафон 2025” өдөрлөг энэ сарын 24-ний Бямба гарагт болно. Та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо автомашингүй өдрийг эрүүл мэнддээ зориулж, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг  улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс тогтоосны дагуу 2025 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн бөгөөд төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан “Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт Улаанбаатар хотод 1854, улсын хэмжээнд 4106 иргэн бүртгүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалт өгөх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллаж байна.

2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт тавдугаар сарын 21-26-ны өдрүүдэд нийтдээ ажлын дөрвөн өдөр үргэлжилнэ. Өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх боломжийг бүрдүүлсэн. Нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна. Бидний зүгээс шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирэхийг үргэлж анхааруулдаг. Учир нь хоцорсон тохиолдолд тухайн улирлынхаа дараагийн ээлжид ахин өгөх боломжгүй болдог. Иймээс хариуцлагатай байхыг шалгалт өгч буй иргэддээ анхааруулж байна” гэв.

Энэ жилийн эхний улирлын төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1681 иргэн бүртгэгдсэнээс 1195 иргэн шалгалт өгч, ерөнхий мэдлэгийн шалгалтад 625 (52%), монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 531 (44%), дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 504 иргэн тус тус тэнцэж, 504 иргэн буюу 42,2 хувь нь нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсад авлигын эсрэг чиглэсэн хуулиуд мөрдөгдөж байгаа ч бодит үр дүн гаргах тал дээр хүндрэлтэй байгааг олон улсын судалгаанууд илэрхийлсээр байна. Тухайлбал, Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индексээр манай улс 180 улсаас 2022 онд 6 байраар ухарч 116-д, 2023 онд өмнөхөө оны эрэмбээс 5 байраар ухарч 121-д эрэмбэлэгдсэн байна.

Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах нь үнэлгээнд ахиц гаргах нэг алхам болох юм.

Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох нь даамжирч, иргэдийн боломжийг хязгаарлан, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт тэгш бус байдлыг үүсгээд байна. Энэ нь улс орны эрсдэлийг нэмэгдүүлэн олон улсын байгууллагуудын үнэлгээнд муугаар нөлөөлж, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулахад хүргэж байна.

Авлига, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлоогүй байдал,  нийтийн албан тушаалтны гэмт хэрэг үйлдэж олсон болон хууль  бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах, хураан авсан хөрөнгө, орлогыг хадгалах, захиран зарцуулах, захиран зарцуулснаас олсон орлогын үр дүнтэй зарцуулалт, түүнд хяналт тавих, төрийн албан хаагчийн хууль бус ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин, тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй, авлигын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах хууль тогтоомжгүй байгаа нь цаашид авлигыг улам даамжруулах эрсдэлтэй байна.

Иймд шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилгоор Авлигын эсрэг багц хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан юм.

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх,  аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарын стандартыг сайжруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, Монгол соёлын өвийг дэлхийд таниулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, дөрвөн улирлын болон хил орчмын аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт шинээр ажлын байр бий болгох, цаашлаад гадаад валютын орох урсгалыг бодитой нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Аж ахуйн нэгж, байгууллагуудад зургаан хувийн хүүтэй,  зургаа хүртэл жилийн хугацаатай, нийт хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2028 он хүртэл олгоно. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд 2030 он гэхэд жилд ирэх жуулдын тоо одоо байгаагаас 623 мянгаар нэмэгдэж хоёр сая жуулчин хүлээн авах, найман мянга гаруй ажлын байр шинээр бий болж, нийт нэг тэрбум ам.долларын валютын орлого Монгол Улсад нэмэгдэнэ.

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр: 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Хамтарсан Засгийн газар мега төслүүдээ эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж эхнээсээ үр д үнд хүрч байгааг Тэргүүн Шадар сайд онцоллоо.

Төслүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл болон салбараар ангилан авч үзвэл “Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх”, “Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” , “Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх”, “Нийгмийн дэд бүтцийг сайжруулах” гэсэн үндсэн дөрвөн ангилалд хуваасан.

Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:

–       Экспортын орлогыг хоёр дахин

–       Тээврийн зардал 50 хувиар буурч,

–       Евро-Азийг холбосон шинэ гарц бий болно.

Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:

–       Ган, төмөрлөгийн үйлдвэрлэлийн суурь түүхий эд, стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болж,

–       Шатахууны  дотоодын хэрэгцээний 50-60 хувийг хангаж,

–       Нефть-химийн шинэ салбар, технологийн дэвшил бий болох боломжтой болно.

Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:

–       Уул уурхайн бүсийн эрчим хүчний хангамж тогтворжиж,

–       Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд горимын тохируулгын эх үүсвэр бий болж,

–       Жил бүр 45-50 сая долларын импортын төлбөр хэмнэж, хямд үнэ бүхий цэвэр эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах боломж бүрдэнэ.

Одоогоор хэрэгжиж эхэлсэн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл, Газрын тос боловсруулах цогцолбор, Ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нүүрс хими-Кокс химийн цогцолбор төслийн Хөх нүүрсний үйлдвэр зэрэг таван төсөл байна.

Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав

Ноолуур бэлтгэлийн явц, ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр хуралдааны тэмдэглэлээр зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан ноолуурын худалдан авалтыг дэмжиж, жилийн 12 хувийн хүүтэй, 500.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний энгийн вексель гаргахыг даалгасан. Энэ хүрээнд ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоо, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ноолуур бэлтгэлийн явц, бизнесийн орчин, түүхий эдийн худалдан авалт, дотоод гадаад зах зээлийн чиг хандлага, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцжээ.

Үйлдвэрлэгчдээс баруун бүсийн ноолуурын эргэлтийн хөрөнгийн хэмжээ дутагдалтай талаар болон үнийг тогтворжуулах, малчдаас ноолуур худалдан авах, векселийг хэрхэн мөнгөжүүлэх, түүхий эдийг барьцаалах зэрэг асуудлыг хөндсөн байна.

Монгол Улс ноолуурын салбарт анх удаа түүхий эдийн 50 хувийг бэлтгэж эхэлсэн бөгөөд цаашид түүхий эдийг 100 хувь бэлтгэн авах, ноолуурын үнийг тогтвортой барих, үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж, үүсэх хүндрэлийг эрсдэл багатай даван туулах талаар ярилцаж, салбарын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэхэд талуудын хамтын ажиллагаа чухал байгааг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд онцоллоо.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцана.

Айлчлалын үеэр Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчлах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа