Author Archives: baaska baaska

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар 2025 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Испани Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 11 жилийн дараа монголын талаас хэрэгжиж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр харилцаа, хамтын ажиллагаа олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно.

Монгол Улс, Испанийн Хаант Улстай 1977 оны 7 дугаар сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй албан ёсны уулзалт хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй өнөөдөр /2025.04.28/ Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Эрхэмсэг ноён Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, Үндэсний Ассамблейн даргын түвшинд хэрэгжиж буй энэхүү албан ёсны айлчлалд Улсын Их Хурлын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно “Стратегийн түнш” БНСУ-тай хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 35 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, үүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Байнгын хороодын хэлхээ холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.

a2Түүнчлэн, хоёр улсын бат бэх итгэмжит харилцаа, иргэд хоорондын ойр дотно найрамдал, нөхөрлөлд тулгуурлан цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол, Солонгосын улс төрийн итгэлцэл, харилцааны эрх зүйн үндэс батжин бэхжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтвортой үргэлжилж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Тэрээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгааг нотолж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн салбарын хүрээнд БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцлийг бүрдүүлэх тал дээр Үндэсний Ассамблейн зүгээс анхаарч, дэмжиж ажиллана гэв.

Хоёр улсын иргэдийн зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хоёр оронд оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө талууд нягт хамтран ажиллахаа илэрхийлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов хэмээн Улсын ИХ Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй албан ёсны айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

“Гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг улам  хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

02Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.

Эрхэмсэг ноён Ү Вон Шиг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ. Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Н.Болормаа: Үйлчлүүлэгчийнхээ хүсээд байгаа үр дүнд нь хүртэл ажиллах юмсан гэж зорьдог

Ажилдаа дуртай,  сэтгэлтэй, итгэлтэй, гэрэлт ирээдүйгээ мэргэжлийнхээ сайхнаар тодотгож яваа Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч Н.Болормаатай ярилцлаа. Цаг ямагт суралцаж ирсэн  тэрбээр өмгөөллийн ажлаа туйлын чамбай, цэгцтэй явуулж, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг олонтаа хүлээсээр ирсэн нэгэн. Энэ ч утгаар энгийн элдэв баг маскгүй, хэнтэй ч амархан хэл үгээ ойлголцох чадах хэмжээнд өөрийгөө төлөвшүүлж  чадсан түүнтэй ярилцаж суухад ямар их гэгээлэг, эвсэг, хүнлэг бүсгүй вэ гэдгийг төвөггүйхэн олж харсан билээ. Энэхүү эрч хүч, хичээнгүй зангаараа гадны хуульч, өмгөөлөгчидтэй хамтарсан өмгөөллүүд нь  амжилт дагуулсаар байгаа билээ.    

-Мэргэжил, мэдлэг хүнийг чимдэг. Иймд та хуулийн салбартай хувь заяагаа хэдийнээс холбох болов?

-Цаг хугацаа гэдэг амархан юм даа. Нэг л мэдэхэд 20 жилийг ардаа үдсэн  байна шүү дээ. Миний бие анх Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хятад хэлний багш мэргэжлээр дүүргээд, дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2004 оноос эхлэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч болсон тэр цагаас тасралтгүй  өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж  байгаа.

-Таныг гадны өмгөөлөгчидтэй хамтарч  өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулдаг гэж сонссон. Ихэвчлэн ямар чиглэлээр өмгөөлөл хийж байна вэ?

-Эрүү, иргэний хэрэг дээр ихэвчлэн ажилладаг. Энэ хугацаанд олон хэрэг маргаан дээр ажилласан. Түүнээс онцолбол, Хойд солонгосын уламжлалын нэгэн эмч зүү тавих эмчилгээ хийсний улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгагдсан байдаг. Энэхүү хэрэгт хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, гэм буруу дээр нэлээн маргаж ажилласан. Анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ч Улсын дээд шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой 2019 оны 12 дугаар 25-ий өдрийн 01 дугаартай Улсын дээд шүүхийн тайлбар гарсан байдаг.  Мөн тухайн үед нэлээн дуулиан шуугиан дагуулж байсан О.Цэнгэл гэж харьяалалгүй өвөрмонгол иргэний холбогдсон эрүүгийн хэрэг дээр ажиллаж анхан шатны шүүхээс цагаатгуулж байсан.  Түүнчлэн хамгийн олон оролцогчтой  хамгийн олон өдөр үргэлжилсэн гэх тодотголтой “Хөгжлийн банкны” хэрэг, сүлжээний гэгдэх  Хөвсгөлийн “Бэлтэс”мөрөн” ХХК, “Жи тайм” зэрэг сүлжээтэй холбоотой олон хохирогчтой залилангийн хэргүүд дээр хохирогч нарын эрх ашгийг хамгаалж ажилласан.

Одоо БНХАУ-ын Бээжин хотын нэгэн хуулийн фирмийн  Ли Фэнг Циан гэдэг өмгөөлөгчтэй нэг хэрэг дээр хамтран ажиллаж байна. Миний хувьд хятад хүмүүсийн хэрэг маргаан дээр ажиллалаа гэхэд заавал дэргэдээ орчуулагч дагуулж явах шаардлагагүй ойлголцоод явдаг нь  давуу тал болж өгдөг болов уу. Хуулиндаа өмгөөлөгч, орчуулагч хоёр хэргийн хоёр өөр оролцогч учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  мэргэжлийн орчуулагч оролцуулдаг.

-Өмгөөлөгч болгон өөрийн гэсэн арга барил, онцлогтой байдаг даа?

 -Миний хувьд үйлчлүүлэгчээ маш сайн сонсдог. Ингэж аливаа үйл явдал, процесыг өөрөөр нь маш сайн яриулснаар ямар зарчмаар ажиллах вэ гэсэн гарц гаргалгаа гардаг юм. Эхний нэг, хоёр удаагийн уулзалтаар хэр үнэн бодитой ярьж байна вэ гэдгийг мэдэж аваад түүнийгээ бусад баримттай харьцуулж үзээд дүгнэлтээ гаргадаг. Зөвхөн үйлчлүүлэгчийнхээ  үгэнд итгээд  байвал өрөөсгөл. Хүн болгон л өөрийгөө хамгаалж ярьдаг  бөгөөд хэрэгтэйгээ танилцаад нотлох баримтуудаа судлаад үзэхээр бодит байдал өөр байх тохиолдол олон байдаг.

-Зарим нэг хуулийн тал дээр танд бодогдож явдаг зүйл байдаг уу?

Эрүүгийн хуулинд ял шийтгэл гэхээс  илүүтэй засрал хүмүүжил,   хэргийн бодит  нөхцөл  байдлаас хамаарч  шийдвэрлэгдэх хэдий  боловч   хэргийн  хөнгөн, хүнд  хэргүүдээс  хохирогч, яллагдагч  сэжигтэн   нарыг   өөр хооронд    нь   эвлэрлүүлж  тэднийг хүн  ёсоор   бие бие хүндэтгэх   зан харьцаанд   оруулах  нь өмгөөлөгчдийн зүгээс нийгмийн   харилцааг  эв нэгдэлтэй    байлгахад   чухал үүргийг   гүйцэтггэдэг гэж үздэг.  Олон  жилийн  практикаас  харахад   бие биедээ буулт  хийх,  уучлалт   гуйх  зэргээр  эв зүйгээр   шийдвэрлэгдэж  байгаа   хэргүүд нь    аль аль талдаа   зөв шийдвэр байдаг  юм.     Эрүүгийн  хуулинд    талууд  эвлэрэн хэлэлцсэн тохиолдолд хөнгөн хэргүүд хэрэгсэхгүй болдог байсан хуучин   заалтуудыг сэргээн  оруулж өгөөсэй гэж бодож  явдаг   юм.

-Нэгэнт өмгөөлөгчтэй уулзсаных өмгөөлөгчийн ёс зүйн талаар асуухгүй өнгөрч боломгүй?

– Үйлчлүүлэгчээсээ  олж авсан мэдээ мэдээлэл, нууцтай холбоотой асуудлыг хугацаагүй жилээр хадгалахаас гадна  үйлчлүүлэгчдээ хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлүүлэх талаар урьдчилан амлалт өгөхийг хориглосон байдаг. Гэтэл сүүлийн үед хүмүүс “Би ……… өмгөөлөгчтэй уулзлаа, хэргийг маань шийдүүлж чадна, хэрэгсэхгүй болгож чадна,  ялгүй гаргаж өгч чадна гэж байна.Та  миний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож чадах уу. Чадна гэвэл таныг өмгөөлөгчөөр ажиллуулья” гэх зүйл ярьж ирэх нь ихэссэн. Би “Танд амлаж чадахгүй ээ.Энэ нь хуулиар хориотой. Эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг юм” гэдгийг тайлбарлаад л явуулдаг. Зарим нь эргээд ирдэг л юм. Анх  өмгөөлөгч болж байхдаа ахмад өмгөөлөгчдийнхөө үгийг сонсоод зөвлөгөө аваад туршлагажаад явдаг байлаа. Мөн ёс зүйн талаар ч бидэнд маш ихийг зааж сургасан даа. Гэвч өнөөдөр өмгөөллийн үйл ажиллагааг  бизнесийн салбар гэж харах болсонд жаахан харамсдаг. Миний хувьд зарим үнэхээр төлбөрийн чадваргүй хүмүүсийн хэрэг дээр үнэ төлбөргүй ажиллаад хууль зүйн туслалцаа үзүүлдэг.

-Таны ажилдаа баримталдаг зарчим?

-Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай ажиллана гэсэн зарчимдаа үнэнч явна.

– Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

 Хятад өмгөөлөгчтэй ажиллаж байгаа хэргийн хүрээнд харж байхад Хятад улсад ял эдэлж байгаа монгол хүн ч олон  байдаг юм байна. Монгол Улсын иргэд БНХАУ руу  хувийн болон бизнесийн чиглэлээр байнга зорчдог, олон аж ахуйн нэгж БНХАУ-ын хуулийн этгээдтэй хамтран ажиллаж байгаа зэрэг хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд монгол, хятад хуульчид их хэрэгцээтэй болж байгаа юм.Тийм учраас миний бие энэ харилцаагаа өргөжүүлээд өөрийн хамтран ажилладаг өмгөөлөгч нараа оролцуулаад харилцаагаа улам бэхжүүлж ажиллах  юмсан гэсэн зорилготой л ажиллаж байна даа.

Мөн хятадын хуулийг судлах зорилго давхар тавьсан байгаа. Манай  улс   БНХАУ-тай  эрх зүйн  туслалцаа үзүүлэх   гэрээтэй   бөгөөд  тус гэрээг  1989 оны 8 сарын 31-ний  өдөр  байгуулсан   юм. Тус эрх зүйн  туслалцаа  үзүүлэх   гэрээг    судлахад  иргэний эрх,  гэр  бүлийн  эрхзүй,   эрүүгийн   эрх зүйн    чиглэл гэх мэтээр   төрөлжсөн    байдаг   юм  билээ .

-Юунаас сайхан мэдрэмж, баяр баяслыг авдаг вэ?

– Хэрэг маргаанаа санасандаа хүртэл шийдүүлэх юмсан гэдэг зорилгодоо хүрсний дараа ажил хийсний ач гавьяа минь гарлаа гэж  баярладаг. Ер нь хүний амьдралд баярлах, бахдах  зүйл  олон  байдаг  шүү дээ.

-Хобби, сонирхол гэвэл ?

-Сүүлийн үед аялах дуртай болоод байгаа. Ажлаасаа хэсэг хөндийрөөд нүд хужирласан зүйлүүдийг  харан баясах үнэхээр сэтгэл сэргэм. Угтаа аялал  олон стрессийг тайлдаг гайхамшигтай зүйл юм.

– Хэлэх дуртай үг тань?

-“Ажил хийвэл дуустал”… гэдэг үүднээс аль болох үйлчлүүлэгчийнхээ хүсээд байгаа үр дүнд нь хүртэл ажиллах юмсан гэж зорьдог доо.

Д.Нэргүй

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дашнямтай өдөр

Хаврын адаг цагаан луу (их) сар, 9 улаан мэнгэ, гал суудал
-Аргын тооллын 4 дүгээр сарын 28. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 1, улаагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал огторгуй, гоё хүүхэн-1 од, үхэх барилдлагат өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:39-20:00.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

4-р сарын 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

 2025 оны 04-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Өнөөдөр /2025.04.25/ Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилж, хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна

Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны нийтийн эзэмшил, явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Тодруулбал, нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Ажил гүйцэтгэх гэрээг есөн багц ажилд байгуулсан бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хийж байна.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот төлөвлөлт судалгааны институт, холбогдох хяналтын инженерүүд, дүүргийн менежерүүд, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл, НЗДТГ-ын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар дулааны улиралд иргэдэд саад учруулахгүйгээр авто замын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан явган замын тохижилтыг гүйцэтгэх чиглэл өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх хулгана өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 25. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 27, хөх хулгана, мэнгэ 7 улаан, суудал гал, могойг хүлэгч-25 од, идэр барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:45-19:56.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин морь, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, хүүхэд үрчлэн авах, өлөг тавих, архи уух, анд бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нохой тэжээх, хутга мэс ирлэх, эвлүүлэх, морь уралдуулах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, хиншүү хярвас гаргах, улаан идээ авах, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 14 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

4-р сарын 25-ны өдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилж, хүчтэй шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

4-р сарын 25-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

 2025 оны 04-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +13…+15 градус дулаан, үдээс хойшдоо сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +15…+17 градус дулаан, үдээс хойшдоо сэрүүснэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +13…+15 градус дулаан, үдээс хойшдоо сэрүүснэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.

Улсын Их Хурлаар баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх  бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.

 Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн товлолын дархлаажуулалтын хамралтын байдалд эрүүл мэндийн байгууллагатай хамтран хяналт тавьж, нөхөн дархлаажуулалтыг дэмжих, анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус үүрэг болголоо.

Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх

Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгалаа.

Татан буугдсан байгууллагуудын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэгт шилжуулэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зуй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгалаа.

 Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана

Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1977 тонн ноолуур бэлтгээд байна. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.

Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа